| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Сарантуяа |
| Хэргийн индекс | 183/2023/00488/И |
| Дугаар | 192/ШШ2026/00988 |
| Огноо | 2026-01-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 192/ШШ2026/00988
2026 01 21 192/ШШ2026/00988
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүгч А.Зүмбэрэл, Н.Хангал нарын бүрэлдэхүүнтэй, иргэдийн төлөөлөгч А.Азжаргалыг оролцуулан, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ....дүгээр хороо, Нүхтийн зам гудамж,.....тоот хаягт оршин суух, ...овогт ...О /РД:.../,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн ....дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, .... ХХК-ийн байр, ....тоот хаягт байрлах Б ХХК /РД:..../ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн ...дүгээр хороо, Нархан хотхон, ...байрны ...тоот хаягт оршин суух, ...овогт ...Д /РД:.../-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: С.Д гэм хорын хохиролд 176,543,850.69 /нэг зуун далан зургаан сая таван зуун дөчин гурван мянга найман зуун тавин/ төгрөг гаргуулах тухай Б ХХК-ийн, гэм хорын хохиролд 344,738,825 /гурван зуун дөчин дөрвөн сая долоон зуун гучин найман мянга найман зуун хорин таван/ төгрөг гаргуулах тухай Г.О нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч болон нэхэмжлэгч Б ХХК-ийн төлөөлөгч Г.О , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.П , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл:
1.1. Нэхэмжлэгч Г.О нь Б ХХК-ийн үүсгэн байгуулагч бөгөөд С.Д нь 2006 онд Г.О тай хувиараа харилцан тохиролцож Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Наран хотхоны ...байрны ...тоотод байрлах 86,6 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг Ж ХХК-иас орон сууцны захиалгын гэрээгээр худалдан авахаар тохирч, гэрээний үүрэг биелэгдсэний дараа 2013 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс хойш уг орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлэн авахаар харилцан тохиролцсон байсан.
Гэтэл С.Д нь дээрх өдрөөс өмнө 2010 онд Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст хандаж Г.О д залилан мэхлэгдсэн, миний худалдаж авсан орон сууцыг шилжүүлж өгөхгүй хохироож байна, Г.О нь Б ХХК-ийн захирал бөгөөд уг компанийнхаа үйл ажиллагаагаар их хэмжээний ашиг орлого олдог боловч мөнгө өгөхгүй хохироож байна гэх утгатай гомдол гаргаж, Г.О надад эрүүгийн хэрэг үүсгүүлэн 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл шалгуулсан учир компанийн хэвийн үйл ажиллагаа доголдож, би компанийнхаа үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд банк бус санхүүгийн байгууллага, хувь иргэнээс маш өндөр хүүтэй зээлийг өөрийн нэрээр авч, эргүүлэн төлж, компанийнхаа үйл ажиллагаанд зарцуулж асар их хэмжээний хохирол амссандаа маш их гомдолтой байна.
1.2. С.Д нь огт үндэслэлгүйгээр Г.О намайг онц хүнд гэмт хэрэгт гүтгэн 2010 оны 05 дугаар сараас 2012 оны 06 дугаар сар хүртэл 2 жил гаруй хугацаанд намайг шалгуулж, миний нэр төр алдар хүндийг гутаан надад эд материал, сэтгэл санааны асар их хохирол учруулаад зогсохгүй Улсын дээд шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн №400 тоот хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолоор Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №335 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн №249 тоот магадлалыг хэвээр үлдээн намайг цагаатгаж шийдвэрлэсний дараа дахин иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, Г.О миний болон Б ХХК-ийн бүх эд хөрөнгүүдийг шүүхийн журмаар битүүмжлүүлэн, бүтэн 9 жилийн хугацаанд нэхэмжлэгч нарт эд материалын болон сэтгэл санааны асар их хохирол учруулсан үйлдлийнхээ хариуцлагыг хүлээх үүрэгтэй гэж үзэж байна.
1.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд С.Д хүлээх хариуцлагын тухайд хуульчилсан. 2010-2022 он хүртэл хугацаанд эрүүгийн болон иргэний хэргүүдийн улмаас компанийн үйл ажиллагаа зогссон. Б ХХК-ийн сүүлийн 10 жилд орох борлуулалтын тайланг гаргаад 679,000,000 төгрөгийн алдагдалтай байснаас 2015-2018 оны 4 жилийн алдагдал 176,543,850 төгрөгийг Монголын татварын албанд өгсөн тайлангаар нотлуулж, энэ хэмжээгээр шаардаж байгаа. Компани үл хөдлөх хөрөнгүүдээ битүүмжлүүлчихсэн учраас хөрөнгөөр ашиг олох боломжгүй болж, банкнаас зээл авах боломжгүй болсон ба 6,5 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгөд зориулж зээл авсан юм. Нэхэмжлэгч Г.О өөрийн нэрээр авсан зээлүүдийн хүүгийн зөрүүгээр тооцож 344,738,825 төгрөг шаардаж байгаа. Энэ нэхэмжлэлийн шаардлагыг нотлохоор банк бус санхүүгийн байгууллагууд болон хувь хүмүүсээс авсан зээлийн гэрээ, буцаан төлж байсан баримтуудыг нотлох баримтаар гаргасан...гэв.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын үндэслэл:
2.1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарах баримтууд нь хариуцагчийн гэм буруугийн улмаас бий болсон хохирол гэж үзэх боломжгүй байна. Гэм хорын журмаар хохирол нэхэмжилж буй нөхцөлд хохирол үүсэх үндэслэл, үүссэн хохирол хоёрын хооронд бодит шалтгаант холбоо байх шаардлагатай бөгөөд үүнийг үйл баримтаар нотлох баримтууд байхгүй байна.
2.2. Маргааны агуулга нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.4-т заасан арга хэмжээ авсан. Б ХХК, Г.О нарын зүгээс тус захирамжид гомдол гаргаад захирамжийг шүүх хянаад 69.1.4-т заасан арга хэмжээг хүчингүй болгож, бусад хэсгийг хэвээр үлдээсэн.
Гэвч 3 дугаар хавтаст хэрэгт авагдсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн нотлох баримт хүргүүлэх албан бичигт дурдсанаар дээрх шүүгчийн захирамжийг хүлээж аваагүй, ажиллагаа явуулсан баримт байхгүй гэсэн албан бичиг ирсэн. Эд хөрөнгө битүүмжилсэн тухай тогтоол гэх баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байсан. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох ёстой.
2.3. Баянзүрх дүүргийн 49 дүгээр байрны зоорь 1, 2 дугаартай 620 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулахгүй байх эрхийг түдгэлзүүлсэн ажиллаагаа явуулсан байдаг. Энэ хөрөнгийг битүүмжилснээрээ тухайн нэхэмжлэлийн шаардлагаар шаардаж байгаа нэхэмжлэлийн үнийн дүнгээр хязгаарлагдана. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасантай холбоотой өөр ажиллагаа явуулаагүй учир энэ эд хөрөнгөөр дууссан. Гэтэл нэхэмжлэгч компанийн болон өөрийн бүх эд хөрөнгийг битүүмжилсэн гээд байгаа нь баримтаар нотлогдохгүй байна. Хэрэв бүх эд хөрөнгийг нь битүүмжилсэн гэж байгаа бол яагаад барьцаалаад зээл аваад байгаа нь ойлгомжгүй байна. Битүүмжилсэн эд хөрөнгийг барьцаанд авах боломжгүй. Барьцаанд байгаа хөрөнгийг битүүмжлэх мөн боломжгүй юм.
2.4. Гэм хорын хохирол гаргуулахаар шаардаж байгаа бол нэхэмжлэл нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлд хамаарах бөгөөд тухайн учирсан хохиролд хариуцагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс учирсан байх ёстой. С.Д нь эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх түүний нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоогүй. С.Д тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримт гаргаж өгөхийг Г.О д даалгах нэхэмжлэл нь хангагдсан байгаа. Г.О бусдаас зээл авч болно. Харин авсан зээлүүд нь хариуцагчтай хамааралгүй байна...гэв.
3. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт: Нэхэмжлэлийг хангах нь зөв гэж үзэж байна. Үндэслэлгүй нэхэмжилсэн 750,000,000 төгрөгөөс болж битүүмжилсэн барилгаас болж нэхэмжлэгч талд хохирол учирсан гэж үзэж байна. Хариуцагч тал хариуцлага хүлээх үүрэгтэй гэж үзэж байна...гэв.
4. Нэхэмжлэгч талаас гаргасан баримтууд: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.01.20-ны өдрийн 183/ШШ2022/...дугаар шийдвэр, Б ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн хуулбар, Б ХХК-ийн зээлийн хүү төлсөн тооцоолол, Г.О болон Б ХХК нарын бусадтай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээнүүд, зээлийн хүүгийн төлбөр төлсөн баримтууд, Г.О Хаан банк ХК дахь харилцах дансны хуулга, Б ХХК-ийн 2011-2014, 2015.10.25-ны байдлаар импортолсон барааны жагсаалт, Б ХХК-ийн 2013-2020 оны орлогын албан татварын тайлан, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.09.30-ны өдрийн 4-178/18311 тоот Г.О д хүргүүлсэн мэдэгдлийн хуулбар, Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2024.02.01-ний өдрийн 119 тоот, 2023.05.11-ний өдрийн 695 тоот тус тус Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн албан бичгийн хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст 2023.03.15-ны өдөр хүргүүлсэн 01-178/4925 тоот Өмчлөх эрх шилжүүлэх тухай албан бичгийн хуулбар, Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдлийн хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.06.16-ны өдрийн 183/ГХ2022/...тоот гүйцэтгэх хуудсын хуулбар, фото зургууд, хүнсний барааны жагсаалт, Аккредитив нээлгэх хүсэлт, Гадаад төлбөрийн даалгавар, Б ХХК, CIS Mongolia нарын 2011.03.12-ны өдөр байгуулсан Худалдах, худалдан авах гэрээ, 2011.05.01-ний өдрийн Хамтран ажиллах гэрээ, 2013.08.01-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээ, 2013.09.24-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээнүүдийн хуулбар, Б ХХК, Эс эс эм ХХК нарын 2014.04.01-ний өдөр байгуулсан Худалдах, худалдан авах гэрээний хуулбар,
5. Хариуцагч талаас гаргасан баримтууд: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015.05.22-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн хуулбар, мөн шүүхийн 2015.06.18-ны өдрийн гомдол хэлэлцэх шүүх хуралдааны тэмдэглэлийн хуулбар, мөн шүүхийн 2015.06.18-ны өдрийн 102/ШТ2015/...дугаар Гомдлыг хянан шийдвэрлэх тухай тогтоолын хуулбар, Шүүхийн тогтоол гардуулсан тухай баримтын хуулбар, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2021.01.26-ны өдрийн тэмдэглэлийн хуулбар, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021.01.26-ны өдрийн 001/ХТ2021/00081 дугаар С.Д нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай тогтоолын хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн 2024.01.22-ны өдрийн 01-178/1976 дугаар Өмчлөх эрх шилжүүлэх тухай албан бичгийн хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас АББСБ ХХК-д хүргүүлсэн 2023.08.15-ны өдрийн 4-178/15030 дугаар мэдэгдлийн хуулбар,
6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс бүрдүүлсэн баримтууд: Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн Хан-Уул дүүргийн шүүхийн 2010.05.10-ны өдрийн 456 дугаар шийдвэр, шүүх хуралдааны тэмдэглэлийн хуулбар, Эрүүгийн хэргийн тусгай архиваас ирүүлсэн Хан-Уул дүүргийн шүүхийн 2011.12.13-ны өдрийн 335 дугаар цагаатгах тогтоол, шүүх хуралдааны тэмдэглэлийн хуулбар, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012.03.27-ны өдрийн 249 дугаар магадлал, шүүх хуралдааны тэмдэглэлийн хуулбар, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол, тэмдэглэлийн хуулбар;
Тус шүүхийн тамгын газраас ирүүлсэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.01.20-ны өдрийн 183/ШШ2022/...дугаар шийдвэр, шүүх хуралдааны тэмдэглэлийн хуулбар, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015.05.22-ны өдрийн 102/ШТ2015/....дугаар Шүүх хуралдаан хойшлуулах тухай тогтоолын хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн 2025.07.02-ны өдрийн 04-189/15118 дугаар Нотлох баримт хүргүүлэх тухай албан бичиг, Г.О иргэний бүртгэлийн лавлагааны хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Г.О д хүргүүлсэн 2022.09.30-ны өдрийн 4-178/8311 дугаар, 2022.12.26-ны өдрийн 4-178/25030 дугаар албан бичгүүд, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн 2023.03.15-ны өдрийн 01-178/4925 дугаар, 2024.01.22-ны өдрийн 01-178/1976 дугаар албан бичгүүдийн хуулбар, Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2023.05.11-ний өдрийн 695 тоот, 2024.02.01-ний өдрийн 119 тоот албан бичгүүдийн хуулбар, Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдлийн хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас АББСБ ХХК-д хүргүүлсэн 2023.08.15-ны өдрийн 4-178/15030 дугаар, 2023.11.21-ний өдрийн 4-178/34135 дугаар албан бичгүүдийн хуулбар, АББСБ ХХК-ийн 2023.08.21-ний өдрийн 44/23 дугаар, 2023.12.11-ний өдрийн 66/23 дугаар албан бичгүүдийн хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүргүүлсэн 2023.09.06-ны өдрийн 2-178/16579 тоот Гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулах тухай албан бичгийн хуулбар, Шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудас, тэмдэглэлийн хуулбар, Өмгөөлөгч Д.Эрдэнэтөгсийн 2023.12.26-ны өдрийн 23/27 дугаар хүсэлтийн хуулбар, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2024.11.29-ний өдрийн 24-12/1084 дугаар тогтоолын хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн 2022.05.11-ний өдрийн 2-190/9924 тоот Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн албан бичгийн хуулбар, 2025.06.03-ны өдрийн 3/20760 тоот албан бичгийн хуулбар,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Г.О гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
1. Нэхэмжлэгч нар нь хариуцагч С.Д холбогдуулан гэм хорын хохирол гаргуулахаар шаардаж, нэхэмжлэлийн үндэслэлийг: С.Д нь үндэслэлгүйгээр эрүүгийн болон иргэний журмаар гомдол, нэхэмжлэл гаргаж, иргэний хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд Б ХХК, Г.О нарын бүх эд хөрөнгийг битүүмжилж, уг нэхэмжлэлийг нь шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Эд хөрөнгө битүүмжилсний улмаас Б ХХК бизнесийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болж 2022 онд үйл ажиллагаагаа зогсоосон, Г.О бүх хөрөнгийг битүүмжилснээс болоод банк бус санхүүгийн байгууллага болон хувь иргэдээс өндөр хүүтэй зээл авч банкнаас илүү өндөр хүү төлж хохирсон гэж тодорхойлсон.
1.1. Нэхэмжлэгч Б ХХК нь 2015-2018 оны хооронд нийт 176,543,850 төгрөгийн алдагдал учирсныг гаргуулахаар шаардсан бол нэхэмжлэгч Г.О нь банк бус санхүүгийн байгууллага, иргэдээс авсан зээлийн хүүг банкны зээлийн хүүгийн зөрүүгээр тооцож нийт 344,738,825 төгрөг гаргуулахаар шаардаж байна.
2. Хариуцагч тал нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлийг Шүүх С.Д нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлээгүй. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсныг Г.О , Б ХХК нар эс зөвшөөрч гомдол гаргаад, 69.1.1-т заасан арга хэмжээг хэвээр үлдээсэн. Нэхэмжлэгчийн нэг л хөрөнгийн эрхийг түдгэлзүүлсэн байсныг 2022 онд сэргээсэн, бүх хөрөнгийг битүүмжлээгүй, нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагчийн үйлдэлтэй шалтгаант холбоогүй, хариуцагчийн буруутай үйлдэл байхгүй гэж тайлбарлан маргав.
3. Хэргийн үйл баримт:
3.1. Хариуцагч С.Д нь нэхэмжлэгч Г.О , Б ХХК нарт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэн улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримт гаргаж өгөхийг Г.О д даалгах, Б ХХК болон Г.О нараас таун хаусны үнийн зөрүү 394,791,096 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
3.2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээрх нэхэмжлэл бүхий иргэний хэргийг хянаад 2022.01.20-ны өдрийн 183/ШШ2022/...дугаар шийдвэрээр С.Д Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, ...байрны ...тоот дахь 86,6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөх үүргээ биелүүлэхийг Г.О д даалгаж, таун хаусны үнийн зөрүү 394,791,096 төгрөгийг Б ХХК, Г.О нараас гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, шийдвэр хүчин төгөлдөр болжээ. /1-р хх-4/
3.3. Дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай С.Д гаргасан хүсэлтийн дагуу Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015.05.22-ны өдрийн 102/ШТ2015/....дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.4 дэх хэсэгт зааснаар Б ХХК, Г.О нарын эд хөрөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн 751,192,483 төгрөгийн хэмжээнд битүүмжилж, мөн нэхэмжлэлээр шаардсан хэмжээний мөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дансанд урьдчилан оруулах арга хэмжээ авсан байна. /3-р хх-100/
3.4. Уг шүүхийн тогтоолыг Б ХХК, Г.О нарын өмгөөлөгчөөс эс зөвшөөрөн гомдол гаргаж, мөн шүүхийн 2015.06.18-ны өдрийн 102/ШТ2015/...дугаар тогтоолоор нэхэмжлэлээр шаардсан хэмжээний мөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дансанд урьдчилан оруулах арга хэмжээ авсныг хүчингүй болгож, шүүхийн тогтоолын бусад хэсгийг хэвээр үлдээснээр Б ХХК, Г.О нарын эд хөрөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд битүүмжлэх арга хэмжээ авсан шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсон байна. /3-р хх-177/
3.5. Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн тогтоолын дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газарт Б ХХК, Г.О нарын өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй эсэхийг тодруулж, бүртгэлтэй тохиолдолд түдгэлзүүлэхийг 2015.06.03-ны өдрийн 3/20760 дугаар албан бичгээр мэдэгдэж, тус хэрэг шийдвэрлэгдсэний дараа 2022.05.11-ний өдрийн 2-190/9924 дугаар албан бичгийг Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлж, эрх түдгэлзүүлсэн байсан Б ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй Ү-2204032589 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 49 дүгээр байр, зоорийн болон 1, 2 дугаар давхарт байрлах үйлчилгээ гаражийн зориулалттай 620 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг сэргээхийг мэдэгджээ. /4-р хх-15-16/
3.6. Нэхэмжлэгч Г.О нь хамтран нэхэмжлэгч Б ХХК-ийн үүсгэн байгуулагч бөгөөд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд байна. Тэрээр хариуцагч С.Доржсүрэнтэй 2006.07.01-ний өдөр аман хэлцэл хийж, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, ...байрны ...тоот дахь 86,6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 50,000 ам.доллараар С.Д худалдах, С.Д нь төлбөрийг төлөхөөр тохиролцсон байна.
3.7. Талуудын хооронд энэхүү үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах тухай хэлцэлтэй холбоотой маргаан үүссэний улмаас С.Д нь Г.О д залилуулсан гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, улмаар тус эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн шүүх 2011.12.13-ны өдрийн 335 дугаар цагаатгах тогтоолоор Г.О ыг цагаатгаж, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012.03.27-ны өдрийн 249 дугаар магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолоор тус тус цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /2-р хх-196-199, 200-209/
3.8. Эрүүгийн болон иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад буюу 2010-2022 оны хооронд нэхэмжлэгч нар иргэд, хуулийн этгээдүүд болон хадгаламж зээлийн хоршоо, барьцаалан зээлдүүлэх газар, банк бус санхүүгийн байгууллага зэргээс зээл авч, зээлийн төлбөрийг төлж байсны зэрэгцээ зарим иргэдэд зээл олгож байсан болох нь нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргасан зээлийн болон барьцааны гэрээнүүд, зээл болон зээлийн хүүгийн төлбөр төлсөн төлбөрийн баримтуудаар тогтоогдож байна. /1-р хх-17-250, 2-р хх-1-32/
3.9. Шүүхийн тогтоолын дагуу Б ХХК-ийн өмчлөлийн үйлчилгээний зориулалттай 620 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, эрхийг түдгэлзүүлсэн болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн албан бичгүүдээр тогтоогдсон бөгөөд үүний улмаас Б ХХК-ийн үйл ажиллагаа доголдож, санхүүгийн хүндрэлд орсны улмаас үйл ажиллагаа явуулахаа болжь зогссон гэж тайлбарлан, уг тайлбараа нотлохоор 2015-2020 оны санхүүгийн тайлан, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлан, үйл ажиллагаатай холбоотой буюу импортын барааны жагсаалт, фото зургууд, мөн харилцагч нартай байгуулсан гэрээнүүдийг нотлох баримтаар гаргасан. Уг орон сууцны захиалгын гэрээг Г.О нь барилгын гүйцэтгэгч Ж ХХК-тай байгуулсан байсан учир орон сууц ашиглалтанд ороход өмчлчөх эрхийн гэрчилгээг 2007.10.25-ны өдөр өөрийн нэр дээр гаргуулан авч, тухайн орон
4. Талууд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотойгоор хянагдаж байсан иргэний хэрэгт Б ХХК, Г.О нарын эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 751,192,483 төгрөгийн хэмжээнд битүүмжлэхээр шүүх шийдвэрлэж, нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн талаар маргаагүй. Харин тухайн арга хэмжээг авсны улмаас нэхэмжлэгч Г.О , Б ХХК нарт хохирол учирсан эсэх талаар маргаантай байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 дахь хэсэгт Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд хариуцагч энэ хуулийн 69.1-д заасан арга хэмжээ авсны улмаас учирсан хохирлын талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж тус тус заасан.
5.1. Хариуцагч С.Д нь нэхэмжлэгч Г.О д холбогдуулан үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичиг гаргаж өгөхийг даалгах, Г.О , Б ХХК нарт холбогдуулан таун хаусны зөрүү мөнгө 751,192,483 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл гаргаж, Г.О , Б ХХК нар С.Д холбогдуулан үл хөдлөх хөрөнгийг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, нэр төр сэргээлгэж мөнгөн төлбөр гаргуулах зэрэг сөрөг нэхэмжлэл, бие даасан нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
5.2. Шүүх хэргийг хянан хэлэлцээд Б ХХК, Г.О нараас 751,192,483 төгрөг гаргуулах тухай С.Д нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад С.Д хүсэлтээр Б ХХК, Г.О нарын эд хөрөнгө буюу мөнгийг битүүмжлэх арга хэмжээ авахдаа дээрх нэхэмжлэлийн шаардлагад хамааруулан авсан болох нь баримтаар тогтоогдсон.
5.3. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авснаар нэхэмжлэгч Б ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж, үүний улмаас компанийн үйл ажиллагаа алдагдалд орсон болох нь тус компанийн 2015-2020 оны орлогын албан татварын тайлан, мөн хугацааг хамаарах санхүүгийн тайлангуудаар тогтоогдож байна.
5.4. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн зүгээс С.Д гаргасан үндэслэлгүй нэхэмжлэлийн дагуу хариуцагчийн эд хөрөнгийг битүүмжилсний улмаас хохирол учирсан байх боломжтой гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэсэн болно.
5.5. Хариуцагч тал нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрөн маргаж байгаа боловч тайлбар, татгалзлаа баримтаар нотлохоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч Б ХХК-ийн үйл ажиллагааны доголдолтой холбоотой гаргасан баримтуудыг нотлох баримтаар няцаагаагүй тул С.Дорсүрэнгээс 176,543,850 төгрөг гаргуулах тухай Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
6. Харин нэхэмжлэгч Г.О эд хөрөнгө буюу мөнгийг тухайн шүүхийн тогтоолын дагуу битүүмжлээгүй, бүх эд хөрөнгөө битүүмжлүүлсэн гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар түүний тайлбар үгүйсгэгдэж байх тул шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсны улмаас Г.О д хохирол учирсан гэж үзэх боломжгүй тул эдгээр үндэслэлээр С.Д344,738,825 төгрөгийн хохирол гаргуулах тухай Г.О нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
7. Шүүх нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэлийг бүрэн хангаж, нэхэмжлэгч Г.О нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,764,364 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С.Д176,543,850 төгрөгт тооцогдох тэмдэгтийн хураамж 1,040,669 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Д176,543,850 /нэг зуун далан зургаан сая таван зуун дөчин гурван мянга найман зуун тавин/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгож, хариуцагч С.Д344,738,825 /гурван зуун дөчин дөрвөн сая долоон зуун гучин найман мянга найман зуун хорин таван/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.О нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,764,364 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Д1,040,669 /нэг сая дөчин мянга зургаан зуун жаран есөн/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА
ШҮҮГЧИД А.ЗҮМБЭРЭЛ
Н.ХАНГАЛ