Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 303/ШШ2026/00143

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 220 мянгат, Чингисийн өргөн чөлөө, Моба ХХК-ийн байранд байрлах, ******* регистрийн дугаартай, 99999515 утасны дугаартай, ******* ХХК,

Хариуцагч: Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 1 дүгээр баг, Номгон эрх чөлөөний 3 дугаар гудамж, 307 дугаар байр, 1 тоот, Асгат минимаркет хаягт байрлах, 95033065 утасны дугаартай, ******* ******* ******* ХХК,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сум 1 дүгээр баг, Номгон, 3 дугаар гудамж, 307 дугаар байр, 1 тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, 95033065 95033065 утасны дугаартай, ******* овогт *******ын ******* нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн 21,336,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ХХК нь 2001 оноос ОХУ, Бразил, Украйн, Сингапур. Азарбежан, Хятад зэрэг улсаас чихэр, пичень экспортлон, чихрийн худалдаа эрхэлдэг бөгөөд борлуулагч нараараа дамжуулан МУ-ын ихэнх аймаг, сум, бүх дүүрэгт борлуулалт хийж ажилладаг. 2024 оны 8 сарын 16-нд ******* ******* ******* ХХК болон иргэн Д.******* нартай Бараа нийлүүлэх гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу манай компани 56,636,534 төгрөгийн үнэ бүхий 800 гаран хайрцаг бүтээгдэхүүн нийлүүлсэн. Бараа нийлүүлэх гэрээний 4.6-д "Борлуулагч нь тухайн сард худалдан авсан барааны төлбөрийг дараа сарын 6-ны дотор төлж дуусгана" гэж тохирсон боловч борлуулагч тал энэ үүргээ биелүүлээгүй. Удаа дараа төлбөр төлөхийг шаардсан боловч төлбөрийг төлөхгүй байхаас гадна барааны үлдэгдэл их байсан, борлуулж чадахгүй удсан тул талууд тооцоо нийлж, 23,312,878 төгрөгийн барааг буцааж авсан. Борлуулсан бүтээгдэхүүний төлбөр болох 22,323,534 төгрөгийг борлуулагч тал манай компанийн дансанд шилжүүлсэн. Одоогоор барааны үлдэгдэл төлбөр 11,000,000 төгрөг байна. Талуудын байгуулсан гэрээний 4.1-д Борлуулагч тал барааны төлбөрийг цаг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй үнийн 0.3 хувиар хоног тутамд алданги тооцно" гэж тохирсон. Нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар тооцож үзвэл алдангийн нийт хэмжээ 10.336.000 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232.3-т "Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй" гэж заасныг үндэслэн алдангид 5,500,000 төгрөг, Иргэний хуулийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно" гэж заасны дагуу 4,836.000 төгрөгийг хохирол гэж үзэж хариуцагч нараас гаргуулахаар шаардаж байна. Иргэний хуулийн 242.1-д заасны дагуу ******* ******* ******* ХХК болон Д.******* нар нь хамтран үүрэг гүйцэтгэгчид юм. Иймд гэрээний үлдэгдэл төлбөр болох 11,000,000 төгрөг, алданги 5,500,000 төгрөг, хохирол 4,836,000 төгрөг, нийт 21,336,000 төгрөгийг хариуцагч ******* ******* ******* ХХК болон Д.******* нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигч шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:

Энэхүү гэрээг нэг талаас ******* ХХК нөгөө талаас Баянхонгор аймаг Баянхонгор сум 1-р баг, Номгон эрх чөлөөний баг 3-р гудамж, 307-р байрны 1-р байр 1 тоот Асгат минимаркет хаягт орших ******* ******* ******* ХХК, иргэн Д.******* нар сайн дурын үндсэн дээр хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж хэлэлцэн тохиролцсоны дагуу байгуулж байна. Нэг. Ерөнхий зүйл ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй ******* ******* ******* ХХК, Д.******* нарт холбогдох Бараа нийлүүлэх гэрээний дагуу үүссэн төлбөр болон хохиролд 21,336,000 төгрөr гаргуулах тухай Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд хянагдаж буй иргэний хэрэгт талууд эвлэрэхээр тохиролцсон нь энэхүү гэрээг байгуулах үндэслэл болов. Хоёр. Гол нөхцөл 2.1 Нэхэмжлэгч тал 21,336,000 төгрөг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нарын хүсэлтийн дагуу хариуцагч нараас гаргуулах үнийн дүнг 15,000,000 төгрөг хэмээн бууруулж эвлэрч байна. 2.2 Хариуцагч ******* ******* ******* ХХК, Д.******* нар нь 15,000,000 төгрөгийг 5 сарын хугацаанд төлно. 2.3 Төлөлтийг: Өдөр бүр 100,000 төгрөг ******* ХХК-ийн хоот дансанд шилжүүлнэ. 2.4 Гэрээний 2.3-т заасны дагуу өдөр бүр төлж, сард 3,000,000 төгрөг ******* ХХК-ийн тоот дансанд шилжүүлнэ, төлнө. 2.5 Гэрээний 2.4-т заасны дагуу 5 сарын турш төлөлт хийж нийт 15,000,000 төгрөг төлнө. Гурав. Гэрээний хугацаа 3.1 Гэрээний эхний төлөлтийг Хариуцагч ******* ******* ******* ХХК, Д.******* нар нь 2026.2.1-ний өдрөөс эхлэн төлнө. 3.2 Гэрээний үргэлжлэх хугацаа 5 сар буюу 2026.7.1-нд сүүлийн төлөлтийг хийж төлбөр бүрэн дуусна. Дөрөв. Үүргийн зөрчил ба Албадан гүйцэтгэх үндэслэл 4.1 Хэрэв хариуцагч ******* ******* ******* ХХК, Д.******* нар нь гэрээний 2.3, 2.4- заасан үүргийг 1 сарын хугацаанд зөрчсөн тохиолдолд Эвлэрлийн гэрээнд заасан үүргийг зөрчсөн гэж үзнэ. 4.2 Эвлэрлийн гэрээг зөрчсөн тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар албадан гүйцэтгэх үндэслэл бүрдэнэ. Тав. Бусад зүйл 5.1 Гэрээнд талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. 5.2 Талууд эвлэрсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгч тал анх нэхэмжлэл гаргахдаа шүүхэд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувийг нэхэмжлэгч тал 50 хувийг хариуцагч тал хариуцаж төлнө. 5.3 Энэхүү гэрээний дагуу хүлээсэн үүргээ хариуцагч ******* ******* ******* ХХК, Д.******* нар бүрэн биелүүлснээр гэрээ дуусгавар болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ******* ******* ХХК, Д.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн 21,336,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 6,336,000 төгрөгийг татгалзаж, хариуцагч ******* ******* ******* ХХК, Д.******* нар нь нэхэмжлэлийн шаардлага 15,000,000 төгрөгийг сард 3,000,000 төгрөг төлж, 5 сарын хугацаанд хуваан төлөхөөр харилцан тохиролцсон болох нь зохигч талуудын 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд бичгээр гаргасан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.

Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 132,315 төгрөг, хариуцагч ******* ******* ******* ХХК, Д.******* нараас 132,315 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 6,336,000 төгрөгийг татгалзаж, хариуцагч ******* ******* ******* ХХК, Д.******* нар нь нэхэмжлэлийн шаардлага 15,000,000 төгрөгийг сард 3,000,000 төгрөг төлж, 5 сарын хугацаанд хуваан төлөхөөр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 132,315 төгрөг, хариуцагч ******* ******* ******* ХХК, Д.******* нараас 132,315 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Г.БАТЗАЯА