| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Сарантуяа |
| Хэргийн индекс | 184/2025/00224/И |
| Дугаар | 192/ШШ2026/01338 |
| Огноо | 2026-01-29 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 192/ШШ2026/01338
2026 01 29 192/ШШ2026/01338
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн ...дүгээр хороо, ...., ....тоот хаягт оршин суух, ....ургийн овогт ...О /РД:..../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн ...дүгээр хороо, Хилчин ...дугаар гудамж ...тоот хаягт оршин суух, ...ургийн овогт ...Э /РД:.../-д холбогдох,
Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх хөрөнгө, газрыг дундын өмчөөр тогтоолгож, өөрт ногдох хэсэг 57,119,304 /тавин долоон сая нэг зуун арван есөн мянга гурван зуун дөрвөн/ төгрөгийг Б.Э гаргуулах тухай Ц.О нэхэмжлэл,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Ц.О үндэслэлгүй хөрөнгөжсөн 27,562,097 /хорин долоон сая таван зуун жаран хоёр мянга ерэн долоон/ төгрөгийг буцаан гаргуулж, газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай Б.Э сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.О , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М , хариуцагч Б.Э , хариуцагчийн өмгөөлөгч Р.Б , гэрч Н.Г нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл:
1.1. Ц.О миний бие 2014 онд хамтран амьдрагч Б.Э той танилцаж, удалгүй хамтран амьдарсан. 2023 оноос Б.Э зан байдал өөрчлөгдөн шалтгаангүй намайг бусадтай хардаж хэрүүл маргаан үүсгэх, үг хэлээр доромжлох, гэрээс байнга хөөх зэрэг үйлдэл гаргах болсон. Энэ байдал нь засрахгүй байнга давтагдах болсон тул 2024 оны 09 дүгээр сараас тусдаа амьдарч байна.
Хамтран амьдрах хугацаанд 2018 онд Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, Хилчин ...дугаар гудамж ...тоот хаягт байрлах 0,7 хэмжээтэй газрыг 4,500,000 төгрөгөөр худалдаж авахад би 3,000,000 төгрөг гаргасан ба газрын өмчлөх эрхийн гэрчилгээ Б.Э нэр дээр гарсан. Бид худалдан авсан газар дээрээ 2020 онд 68 мкв, 3 өрөө амины орон сууц барьж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Б.Э бид хоёрын нэр дээр гаргуулсан.
Байшинг барих үед би 15,000,000 төгрөгийн цалингийн зээл авч, эцэг эхээсээ 10,000,000 төгрөг зээлж тухайн байшинг барьсан. 2021 онд ... УБД улсын дугаартай Тоёота Камри маркийн автомашиныг Нэткапитал ББСБ-аас 25,000,000 төгрөгийн зээл авч худалдан авсан ба зээлийн үлдэгдэл 25,000,000 төгрөгийг би Богд банкнаас өрхийн хэрэглээний зээл аваад бүрэн барагдуулсан.
1.2. Иймд Ц.О намайг дээрх хөрөнгүүдийн хамтран өмчлөгчөөр тогтоож, тус хөрөнгүүдээс өөрт ногдох хэсэг буюу газраас 4,000,000 төгрөг, байшингаас 30,000,000 төгрөг, машинаас 25,000,000 төгрөг, нийт 59,000,000 төгрөгийг хариуцагч Б.Э шаардсан. Харин шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 61,980,090 төгрөгөөс надад оногдох 60 хувь болох 37,188,054 төгрөг, ... УБД улсын дугаартай Тоёота Камри автомашины төлбөрт төлсөн 19,938,350 төгрөг, нийт 57,119,304 төгрөгийг хариуцагчаас шаардаж байна...гэв.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын үндэслэл:
2.1. Би Ц.О тэй гэр бүл болж хамт амьдраад 9 жил болсон ба бидний хамтын амьдрал үгүй болж тусдаа амьдарч байгаа. Хамт амьдрах хугацаанд миний бие 2019 онд Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороонд өөрийн 3,500,000 төгрөгөөр газар худалдаж авсан. Уг газар дээрээ 2019 оны 09 дүгээр сараас 68 м.кв хувийн орон сууц барьсан. Ц.О талаас байшин барихад ямар ч туслалцаа үзүүлээгүй. Би өөрөө группын зээл авч, өөрт байсан хуучин материалуудаа ашиглаж барьсан ба миний аав ээж, ах эгч, хүргэн ах, дүү бүгд мөнгөн болон биеэр тус нэмэр оруулсны хүчинд барьж дуусгасан.
2021 онд Камри маркийн автомашин худалдан авахдаа өмнө нь унаж байсан Приус-30 маркийн автомашинаа зараад, урьдчилгаа 14,000,000 төгрөгийг хийж, ББСБ-аас зээлээр авч, зээлийг 7 сарын хугацаанд төлсөн. ББСБ-ын зээлийг Ц.О 18,000,000 төгрөг авч хаасан. Харин түүнээс 25,000,000 төгрөг аваагүй. 2024 онд Ц.О г докторт суралцуулах гэж өөрийн машинаа зээлийн барьцаанд тавьж 3,500,000 төгрөг аваад одоо болтол төлж явна. Зээлийн нийт хэмжээ 4,300,000 төгрөг болсон байгаа. Ц.О байшин барихад зарцуулсан 13,092,600 төгрөг, машины зээл хаахад өгсөн 18,000,000 төгрөгийг буцаан өгөхөд татгалзах зүйл байхгүй.
2.2. Ц.О байшин барихад 61 хувийн хөрөнгө оруулаагүй. Шинжээчийн дүгнэлтээр үнэлэгдсэн үнэлгээнээс 21 хувийн оролцоотой буюу 13,000,000 төгрөгийн тусламж үзүүлсэн байх боломжтой. Тоёота Камри автомашин дээр үнэлгээний 50 хувийг нэхэмжлэгчид олгохыг зөвшөөрч байна. Харин 3 тоот дахь 0,5 га газрыг авахад 1,000,000 төгрөг оруулсан гэдэг дээр бол санал нийлэхгүй байна. Тэр газрыг би өөрөө, манай аав ээж надад авч өгсөн...гэв.
3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл: Би байшин барьж дууссанаас хойш 2025.01.06-ны өдөр хүртэл Ц.О Хаан банкны ...тоот данс руу нийт 42,172,900 төгрөгийг түүний хүссэнээр шилжүүлсэн бөгөөд Ц.О миний данс руу нийт 20,457,600 төгрөг буцаан шилжүүлсэн байна. Үүний зөрүү 21,715,300 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шаардаж байна. Энэ шилжүүлсэн мөнгөнд Ц.О зээлийг төлсөн мөнгөн дүн орсон. Иймд нэхэмжлэгчээс 27,562,097 төгрөг гаргуулах, Сонгионхайрхан дүүргийн .. дүгээр хороо, Хилчин ...дугаар гудамж 3 тоот хаягт байрлах 0,5 га хэмжээтэй газрын өмчлөгч Б.Э мөн болохыг тогтоолгохоор шаардсан. Сөрөг нэхэмжлэлээр шаардсан 0,5 га газар нь миний нэр дээр байгаа учраас уг шаардлагаасаа татгалзаж байна...гэв.
4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар, татгалзлын үндэслэл: Би Б.Э зээлсэн, өр төлбөрт авсан зүйл огт байхгүй. Учир нь 2016-2024 оны 10 дугаар сар хүртэл 9 жил хамт амьдарч, хоёр охинтой болсон. Энэ хугацаанд үр хүүхдээ тэжээн тэтгэх эцэг эхийн үүргийн хүрээнд гэр орондоо хоол хүнс, эд хогшил, үр хүүхдэдээ хувцас хунар авах зэрэг гэр бүлийн хэрэгцээнд зарцуулсан мөнгө тул 27,562,000 төгрөгийг үндэслэлгүй гэж үзэж байна. Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, Хилчин 3 тоот газар миний эзэмшлийнх биш, энэ хөрөнгөтэй холбоотой нэхэмжлэл гаргаагүй...гэв.
5. Нэхэмжлэгч талын гаргасан баримтууд: Ц.О иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-6/, Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /1-р хх-7/, Ц.О Хаан банк дахь харилцах дансны хуулга /1-р хх-154, 193-252, 2-р хх-1-34/, Ц.О Богд банк дахь харилцах дансны хуулга /1-р хх-155-160/, Ц.О Төрийн банк дахь харилцах дансны хуулга /1-р хх-161-166/, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.04.21-ний өдрийн шийдвэрийн хуулбар /1-р хх-167-169/, Ц.О нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1-р хх-170-171/,
6. Хариуцагч талын гаргасан баримтууд: Б.Э үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /1-р хх-18/, Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /1-р хх-19/, Автотээврийн хэрэгслийн цахим гэрчилгээний лавлагаа /1-р хх-20/, амины орон сууц барихад зарцуулсан зарцуулалтын хүснэгт бүхий тооцоо /1-р хх-22-26/, Ж ББСБ ХХК, Б.Э нарын 2024.03.01-ний өдөр байгуулсан Зээлийн болон Фидуцийн гэрээний хуулбар /1-р хх-26-29, 177-180/, Б.Э Хаан банк дахь харилцах дансны хуулга /1-р хх-30-36, 41, 56-87, 184-191, 2-р хх-35-106, 111-198/, ...ХХК дахь Б.Э зээлийн дансны хуулга, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /1-р хх-37-40/, Л.Д , Б.Э нарын 2021.12.01-ний өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний хуулбар /1-р хх-42-43/, фото зургууд /1-р хх-45-55/,
7. Хэргийн оролцогчдын хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн баримтууд: Шинжээч А хөрөнгө үнэлгээ ХХК-ийн 2025.05.23-ны өдрийн ШД-425/912053 дугаар дүгнэлт /1-р хх-120-150/, Н.Г шүүх хуралдаанд гэрчээр асуусан.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн нэг шаардлагаас хариуцагч татгалзсаныг батлан, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэгч Ц.О нь хариуцагч Б.Э од холбогдуулан хамтын амьдралын хугацаанд бий болсон газар, хувийн сууц, машин зэрэг хөрөнгүүдийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох, газар болон хувийн сууцнаас өөрт ногдох хувь 37,188,054 төгрөг, машины төлбөрт зарцуулсан 19,931,350 төгрөг, нийт 57,119,404 төгрөг гаргуулахаар шаардсан.
1.1. Нэхэмжлэлийн үндэслэлийг газрыг худалдаж авахад хувиасаа 1,000,000 төгрөг гаргаж, хувийн сууцыг барихад хариуцагчаас илүү мөнгө гаргасан ба шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон газар, хувийн сууцны үнэлгээнээс өөрийн хөрөнгө оруулсан 60 хувийг, автомашины үнэлгээ шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсоноос үл хамаарч өөрийн оруулсан хувь хөрөнгийг гаргуулна гэж тодорхойлов.
2. Хариуцагч нэхэмжлэлийн зарим шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлийг газар дангаараа Б.Э өмчлөлийн хөрөнгө бөгөөд Ц.О 1,000,000 төгрөг өгөөгүй учир хамтран өмчлөх эрхгүй, ногдох хэсгийг гаргуулахаар шаардах эрхгүй. Амины орон сууцны нийт үнэлгээний 21 хувь л нэхэмжлэгчид ногдох боломжтой. Тээврийн хэрэгслийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үнэлгээний 50 хувийг нэхэмжлэгч авах боломжтой гэж тайлбарласан.
3. Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргаж, 0,5 га талбайтай газрын өмчлөгч мөн болохыг тогтоолгох, хамтын амьдралын хугацаанд Ц.О д шилжүүлээд буцааж аваагүй 27,562,097 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
3.1. Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, Хилчин ...дугаар гудамж ... тоот дахь 0,5 га талбайтай газрын өмчлөгчөөр Б.Э бүртгэгдсэн байдаг учир 3 тоот дахь газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн уг шаардлагаас хариуцагч татгалзаж байгаа талаар тайлбарласан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч сөрөг нэхэмжлэлийн энэхүү шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
3.2. Мөнгөн төлбөр буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Э хамтын амьдралын хугацаанд Ц.О д дансаар нь нийт 42,172,900 төгрөгийг шилжүүлж, Ц.О 20,457,600 төгрөгийг буцаан шилжүүлсэн ба үлдэгдэл мөнгийг гаргуулахаар шаардана гэж тодорхойлсон.
4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлийг Б.Э гэр бүлийн хэрэгцээнд зарцуулах зорилгоор шилжүүлсэн мөнгийг буцаан гаргуулахаар шаардах эрхгүй гэх агуулгаар тайлбарлаж маргав.
5. Хэрэгт цугларсан бичмэл баримтууд, гэрчийн мэдүүлэг, зохигчдын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:
5.1. Ц.О , Б.Э нар 2014 оноос эхлэн иргэний гэр бүлийн бүртгэлд бүртгүүлэлгүй хамтран амьдарч, хамтын амьдралын хугацаанд охин Э.Амирлан, Э.Сондор нарыг төрүүлэн, хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2024 оны 09 дүгээр сараас тусдаа амьдарсан байна.
5.2. Тусдаа амьдарснаас хойш Ц.О нь Б.Э од холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгож тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх хүлээн авч, 2025.04.21-ний өдрийн 03145 дугаар шийдвэрээр охин Э.Амирлан, Э.Сондор нарыг эх Ц.О асрамжид үлдээн, хүүхдүүдэд тэтгэлэг тогтоож, эцэг Б.Э оор сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэжээ.
5.3. Зохигчид хамтын амьдралын хугацаанд Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, Хилчин ...дугаар гудамжны ... тоот дахь Ү-...улсын бүртгэлийн дугаартай 68 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьж, Ц.О , Б.Э нар хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн ба хувийн сууц байрлаж буй 514 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий газар хариуцагч Б.Э өмчлөлд бүртгэлтэй байна.
5.4. Дээрх хувийн сууцыг барьж бий болгоход оруулсан хөрөнгө оруулалтыг нотлох зорилгоор зохигчид өөрсдийн банк дахь харилцах дансны хуулга, фото зураг зэргийг нотлох баримтаар гаргаж, Н.Г гэрчээр асуулгасан.
Түүнчлэн зохигчид хамтын амьдралын хугацаанд 2021.12.01-ний өдөр Тоёота Камри тээврийн хэрэгслийг бусдаас 32,000,000 төгрөгөөр худалдан авч, төлбөрийн урьдчилгаа 9,600,000 төгрөгийг дансаар шилжүүлэн, үлдэх төлбөрийг Н ХХК-ийн зээлээр төлсөн болох нь Б.Э Л.Д той байгуулсан Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, 2020.12.01-ний өдрийн зээлийн гэрээний дансны хуулга зэргээр тогтоогдож байна.
5.5. Тээврийн хэрэгслийг худалдаж авахдаа Н ХХК-аас зээлсэн зээлийн төлбөрийг 2022.07.18-ны өдөр төлж дуусгаснаар дуусгавар болж, 2024.03.01-ний өдөр Б.Э нь Ж ББСБ ХХК-тай зээлийн гэрээ байгуулж 3,500,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, хувийн хэрэгцээний зориулалтаар авсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлж, тухайн тээврийн хэрэгсэл Ж ББСБ ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн, уг зээлийн гэрээ дуусгавар болоогүй нь зээлийн болон фидуцийн гэрээний хуулбар, тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ зэргээр тогтоогдсон.
5.6. Маргааны зүйл болох хувийн сууц, газар болон тээврийн хэрэгсэл зэрэг хөрөнгүүдийн зах зээлийн үнийг тогтоолгохоор А хөрөнгө үнэлгээ ХХК-ийг шинжээчээр томилсон. Шинжээч дүгнэлтдээ 202025.05.23-ны өдрийн байдлаар Тоёота Камри маркийн ... арлын дугаартай тээврийн хэрэгсэл 19,000,000 төгрөг, Г-...эрхийн дугаартай газар, Ү-...эрхийн дугаартай хувийн сууц зэргийг хамтад нь 61,980,090 төгрөгөөр тус тус үнэлж, нийт хөрөнгийг 80,980,090 төгрөг байхаар тогтоожээ. /1-р хх-157/ Мөн үнэлгээнд газрын эрхийн үнэ цэнийн тооцооллыг 5,275,182 төгрөг байгаа талаар тусгасан байна. /1-р хх-135/
Үндсэн нэхэмжлэлийн шаардлага:
6. Нэхэмжлэгч Ц.О үндсэн нэхэмжлэлийн эхний шаардлагаар маргаан бүхий хувийн сууц, уг сууц байрлаж буй газар болон тээврийн хэрэгслийн хамтран өмчлөгчөөр тогтоолгохоор шаардсан.
6.1. Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, Хилчин ...дугаар гудамж ... тоот хаягт байрлах 511 м.кв талбай бүхий газрыг хариуцагч Б.Э худалдан авч, 2020.01.31-ний өдөр өмчлөгчөөр бүртгэгдсэн бол тухайн газарт байрлах 68 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Ц.О , Б.Э нар хамтран өмчлөгчөөр 2020.01.31-ний өдөр бүртгэгдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Хувийн сууцны хамтран өмчлөгч Ц.О мөн болох нь нэгэнт тогтоогдсон, маргаангүй үйл баримт байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй юм.
6.2. Харин маргаан бүхий 514 м.кв талбай бүхий газрын хувьд нэхэмжлэгчээс газрын үнэ 4,500,000 төгрөгийн 3,000,000 төгрөгийг гаргасан, тээврийн хэрэгслийг авахад зээлсэн зээлийн төлбөрт 25,000,000 төгрөг төлж барагдуулсан зэрэг үндэслэлээр хамтран өмчлөгчөөр тогтоолгохоор шаардаж, өөрийн харилцах дансны хуулгуудыг нотлох баримтаар гаргаж, өөрийн ээж Н.Г гэрчээр асуулгасан.
Иргэний хуулийн ...дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно гэж заасан ба уг газар нь Б.Э өмчлөлд бүртгэлтэй болох нь Ц.О , Б.Э нарын хооронд дээрх газрыг хамтран өмчлөх талаар харилцан тохиролцож гэрээ хэлцэл хийгдээгүй байна.
Мөн зохигчид Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт зааснаар төрийн эрх бүхий байгууллагад гэрлэлтээ бүртгүүлээгүй учир тэднийг гэр бүл гэж үзэх боломжгүй бөгөөд хамтын амьдралтай байх үед бий болсон хөрөнгийг Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч гэж үзэхгүй.
Түүнчлэн, газрын төлбөрт 3,000,000 төгрөг гаргасан учир хамтран өмчлөгчөөр тогтоолгоно гэх нэхэмжлэлийн үндэслэлийг нотлохоор нэхэмжлэгч өөрийн дансны хуулгыг нотлох баримтаар гаргасан ба түүний Хаан банк дахь дансны хуулгад 2019.08.26-ны өдөр хариуцагч Б.Э 5007397990 тоот данснаас 8,000,000 төгрөгийг хашаа гэх гүйлгээний утгаар нэхэмжлэгч Ц.О д шилжүүлж, улмаар Ц.О тухайн өдөртөө 8,000,000 төгрөгийг 5006486554 тоот данс руу хашааны төлбөр гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн байна. Иймд нэхэмжлэгч Ц.О газрын үнэд тусгайлан 3,000,000 төгрөг төлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй буюу нэхэмжлэлийн үндэслэл нотлогдохгүй байх тул Ц.О ... тоот дахь 514 м.кв талбайтай газрын хамтран өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. /1-р хх-154/
6.3. Тээврийн хэрэгслийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хувьд: Хариуцагч Б.Э Тоёота Камри маркийн тээврийн хэрэгслийг 2021.12.01-ний өдөр иргэн Л.Д оос 32,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, төлбөрийн урьдчилгаа 9,600,000 төгрөг төлж, үлдэгдэл төлбөрийг Н ХХК-ийн зээлээр төлж барагдуулан, тээврийн хэрэгслийг өмчилж байгаад 2024.03.01-ний өдөр Ж ББСБ ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Фидуцийн гэрээ байгуулж, одоогоор уг тээврийн хэрэгсэл Ж ББСБ ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байна.
Нэхэмжлэгч Ц.О уг тээврийн хэрэгслийн хамтран өмчлөгчөөр тогтоолгохоор Иргэний хуулийн ...дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрх үүсээгүй буюу тухайн хөрөнгө нь Ц.О , Б.Э нарын хамтран өмчлөх дундын хөрөнгө биш байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
7. Үндсэн нэхэмжлэлийн дараагийн шаардлагаар хариуцагчтай хамтран өмчлөх газар болон хувийн сууцнаас өөрт ногдох хувь 37,188,054 төгрөг, машины төлбөрт зарцуулсан 19,931,350 төгрөг, нийт 57,119,404 төгрөг гаргуулна гэж тодорхойлон шаардсан.
7.1. Иргэний хуулийн ...дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт Дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 487 дугаар зүйлийн 487.1 дэх хэсэгт Дундаа хэсгээр өмчлөгчид харилцан өөрөөр тохиролцоогүй бол өмчлөгч бүр тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй бөгөөд өөрт оногдох хэсэгт ногдох үр шимийг өмчлөх эрхтэй гэж тус тус заасан байна.
Ц.О , Б.Э нар маргаан бүхий 68 м.кв талбайтай хувийн сууцыг хэн нь хэдэн хувийг хэсэгчлэн өмчлөх талаар тусгайлан тохиролцоогүй учир өмчлөгч бүр тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхийн хүрээнд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хувийн сууцны үнэ 56,704,908 төгрөгийн тал хувь болох 28,352,454 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзлээ.
Шинжээчийн дүгнэлтээр хувийн сууцыг газрын хамт 61,980,000 төгрөгөөр үнэлэхдээ газрын эрхийн үнэ цэнийн тооцоолол, дүнг 5,275,182 төгрөгөөр үнэлсэн байгааг нийт үнэлгээнээс хассанаар хувийн сууцны үнэлгээ 56,704,908 төгрөг болж байна.
Нэхэмжлэгч Ц.О нь хариуцагч Б.Э өмчлөлийн 514 м.кв талбай бүхий газар, Ж ББСБ ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байгаа Тоёота камри маркийн тээврийн хэрэгсэл зэргийг хамтран болон хэсэгчлэн өмчлөх эрхтэй этгээд биш байх тул эдгээр хөрөнгүүдээс ногдох хэсгийг шаардах эрхгүй байна. Харин хариуцагч Б.Э зүгээс шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 19,000,000 төгрөгийн 50 хувийг нэхэмжлэгч Ц.О д өгөхийг хүлээн зөвшөөрсөн тул энэ хэмжээгээр буюу 9,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Ц.О үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Б.Э 48,283,804 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас газар, хувийн сууц, тээврийн хэрэгслийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох, 8,835,600 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгов.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага:
8. Хариуцагч Б.Э нь нэхэмжлэгч Ц.О г үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэн, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хамтын амьдралын хугацаанд дансаар авсан 27,562,097 төгрөгийг буцаан төлөөгүй гэх агуулгаар тайлбарлаж, энэ хэмжээгээр нэхэмжлэгчээс гаргуулахаар шаардсан.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, Б.Э дансаар шилжүүлсэн мөнгө нь хамтын амьдралын хэрэгцээнд зарцуулагдсан, буцаан төлөх үүрэг хүлээгээгүй гэж тайлбарлан маргаж байна.
8.1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсэгт зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол буцаан шаардах эрхтэй.
8.2. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нотлохоор хариуцагч өөрийн дансны хуулгыг, тайлбар татгалзлаа нотлохоор нэхэмжлэгч мөн өөрийн дансны хуулгыг нотлох баримтаар гаргасан. Талууд тухайн мөнгөн дүнг харилцан дансаар шилжүүлэх хугацаанд хамтын амьдралтай байсан, шилжүүлсэн мөнгийг хоол хүнс, эд хогшил, үр хүүхдэдээ хувцас хунар авах зэрэг гэр бүлийн хэрэгцээнд зарцуулсан гэх нэхэмжлэгч талын тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй.
8.3. Хэдийгээр талууд дээрх байдлаар харилцан бие биедээ дансаар мөнгө шилжүүлдэг байсан нь тэдний дансны хуулгуудаар тогтоогдох боловч хариуцагчаас нэхэмжлэгчид шилжүүлсэн мөнгийг нэхэмжлэгч буцаан төлөх үүрэг хүлээсэн гэдгийг хариуцагч нотлоогүй, өөрөө хүсэж, сайн дураар шилжүүлсэн мөнгийг буцаан шаардаж буй уг шаардлага нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт хамаарахгүй байх тул нэхэмжлэгчийг 27,562,097 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг энэ үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн ...дугаар зүйлийн 108.1, 108.8, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Э 48,283,804 /дөчин найман сая хоёр зуун наян гурван мянга найман зуун дөрвөн/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.О д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, Хилчин ...дугаар гудамж ... тоот хаягт байрлах 514 м.кв газар, мөн хаягт байрлах 68 м.кв талбайтай хувийн сууц, ... УБД улсын дугаартай Тоёота камри маркийн тээврийн хэрэгслийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох, Б.Э 8,835,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.О 27,562,097 /хорин долоон сая таван зуун жаран хоёр мянга ерэн долоон/ төгрөг гаргуулах тухай хариуцагч Б.Э сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Э нь нэхэмжлэгч Ц.О д холбогдуулан гаргасан Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, Хилчин ...дугаар гудамж 3 тоот дахь 0,5 га газрын өмчлөгч Б.Э мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Э сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн хэсэгт давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 523,150 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295,761 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э 399,369 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.О д олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА