| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2018/0665/Э |
| Дугаар | 715 |
| Огноо | 2018-05-16 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ба.Эрдэнэбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 715
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,
Улсын яллагч Ба.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч Х.И, Н.У нарыг оролцуулан Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.И, Н.У нарт холбогдох эрүүгийн 1706018490558 тоот хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Үйлдсэн хэргийн талаар:
Х.И нь Н.Утай бүлэглэн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр "Дизель хүрээ" нэртэй захын үүдэнд иргэн Т.Алтансүхийн өмчлөлийн 08-57 убл улсын дугаартай сонато-7 маркийн автомашиныг 10.500.000 төгрөгөөр авна гэж хэлж аваад 2.000.000 төгрөгний урьдчилгаа өгч 8.500.000 төгрөг өгөлгүй автомашиныг нь бусдад зарж мөнгийг нь авч залилсан гэмт хэргийг үйлдсэн,
Н.У нь Х.Итай бүлэглэн 2017 оны 04 дүгээр сарын 03-нь; өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр "Дизель хүрээ" нэртэй захын үүдэнд иргэн Т.Алтансүхийн өмчлөлийн 08-57 убл улсын дугаартай сонато-7 маркийн автомашиныг 10.500.000 төгрөгөөр авна гэж хэлж аваад 2.000.000 төгрөгний урьдчилгаа өгч 8.500.000 төгрөг өгөлгүй автомашиныг нь бусдад зарж мөнгийг нь авч залилсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалхад шүүгдэгч Х.И, Н.У нар нь залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Т.Алтансүхийн мөрдөн байцаалтанд өгсөн:
"...2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр манай үеэл Бат-Амгалангийн нөхөр Ундрахбаяр надруу "би таниас урьдчилгаа 2.000.000 төгрөг өгөөд 10.500.000 төгрөгний машиныг чинь авмаар байна үлдэгдэл мөнгийг 14-21 хоногийн дотор барилгын ажил эхлэхээр өгнө" гэж хэлсэн. Маргааш нь ирээд яг энэ байдлаа хэлээд шаналгаад байхаар нь би үеэл дүүгийн нөхөр юм чинь гэж бодоод түүнд итгээд өөрийн зарах гэж байсан 2010 онд үйлдвэрлэсэн, БНСУ-аас орж ирсэн, номер дугаар аваагүй, саарал өнгийн автомашиныг түүнд өгөхөөр болоод, би түүнд 14-21 хоногийн дараа ахдаа үлдэгдэл мөнгөө өгөөд нэрээ шилжүүлж аваарай гэж хэлээд өөрийн нэр дээр машиныг шилжүүлж номер дугаар аваад түүнд "Дизель хүрээ" захын хашааны гадна өгсөн. Тэр найз Иын хамт явж байсан. Хэлсэн хоногоо дуусахаар нь Уын 96009991 дугаар руу залгаж хэлэхэд "мөнгө орж ирэхээр асуудалгүй өгнө та 7 хоног хүлээгээч гэж хэлсэн. Хэд хоногийн дараа дахиад ярихад нөгөө хэлдэг үгээ хэлж байсан. Би чи наад мөнгөө 2 хуваагаад төлчих, cap сарын зайтай гэж хэлэхэд "би мөнгийг бөөнд нь өгнө хоёрын хооронд цувуулаад яах юм бэ" гэж хэлсэн.
...2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр надруу танихгүй дугаар залгаад нэг эрэгтэй хүн яриад "Иын ах мөн үү, энэ дугаарыг И, У 2 өгсөн юм. Би машинаа таны нэрнээс өөрийн нэр дээр шилжүүлж авмаар байна. Тэр 2 танируу яриад нэрээ шилжүүлээд авчих гэсэн. Та Сансарын энд хүрээд ир" гэж хэлсэн. Асуухад "би машиныг тэр хоёроос 14.000.000 төгрөгөөр тооцож авсан нэрээ шилжүүлж авмаар байна" гэсэн.
Би Утай хадам ээжээр нь холбогдон байж уулзахад "би мөнгө төгрөгийг чинь өгч чадахгүй байна. Машиныг чинь зарсан үнэн. Зарсан хүнээсээ үлдэгдэл мөнгийг авч чадахгүй байна. Би тэр хүнд машиныг зараад 4 сая гаруй төгрөг авсан байгаа" гэж хэлсэн.
Надад анх хэлэхдээ "би өөрөө унаж хэрэглэнэ. Та ёстой такси үйлчилгээнд яваагүй сайн тэрэг өгөөрэй" гэж хэлэхээр нь би зарж байсан машинууд дундаас хамгийн сайныг өгөөд явуулсан. Бид хоёрын дунд ямар нэгэн гэрээ хэлцэл байхгүй. Би зөвхөн түүнд итгээд машиныг өгч явуулсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 30-31, 33/
Иргэний нэхэмжлэгч Л.Алтансувдын мөрдөн байцаалтанд өгсөн:
...төрсөн эгч Алтанцэцэгийн найз гэх Үүрээ 2017 оны 04 дүгээр сард уулзахад "чи машин авахгүй юм уу манай найзад Соната-7 гэдэг машин байна. Урьдчилгаа бага өгөөд cap сард 500.000 төгрөг төлөөд дуусгачих" гэхээр нь би сонирхоод "тэр хүнтэй чинь уулзмаар байна" гэхэд маргааш нь Үүрээ, У, И манай эгч 4 ирсэн. Машиныг үзэхэд И "12 сая төгрөгний машин байгаа, би өөрөө унах гээд Солонгост таксинд яваагүй энэ машиныг аваад 2 сая төгрөгний юм хийсэн. Чи 14.000.000 төгрөгөөр авахгүй юу" гэхээр нь зөвшөөрч уг автомашиныг авч тэр өдрийнхөө орой 2.000.000 төгрөгийг өөрийн гар утаснаас шилжүүлсэн.
Ихбаярын эхнэрийн данс болон Үүрээгийн дансруу нийт 7.550.000 төгрөгийг шилжүүлсэн. И надруу яриад манай ажилчид байгаа юм төрсөн өдөр нь болж байна, би цалинг нь өгөх юм чинь чи над дээр бичээд ууж идэх юмыг нь гаргаж өгөөд дараа нь тооцоог нь надад бичээд бай" гэж хэлээд удаа дараа найзуудтайгаа болон хүмүүстэй ирдэг байсан. Энэ ууж идсэн зүйлс 5 сарын дотор 5 сая гаруй төгрөг болсон. Баримт байгаа гарын үсэг зураад авдаг байсан. Бүх баримт нь өөрийнх нь гарын үсэг байгаа.
Машины үнэ нийт 14 сая төгрөгнөөс 13 сая төгрөгийг бэлнээр болон ууж идсэн зүйлээр тооцсон байгаа. Машины бичиг баримтыг үзээд Алтансүх гэдэг хүний нэр дээр байгааг мэдээд Иаас асуухад "манай Уын төрсөн ахынх нь нэр дээр байгаа. Машин зардаг хүн байгаа юм. Нэр шилжихэд асуудал байхгүй. Би хүнд худлаа хэлж үзээгүй, тэр бол асуудалгүй" гэж хэлсэн.
... би замын цагдаа дээр очоод машины дугаарыг шүүлгээд эзэмшигчийн утасны дугаарыг авч ярисан. Тэгэхэд тэр хүн "би наад машины чинь эзэн нь байна. Наад машинаа унаж ирээд нэрээ шилжүүлээд ав" гэж хэлэхээр нь би "энэ машин ямар учиртай юм бэ" гэж асуухад "наад машиныг чинь 2 сая төгрөг өгөөд удахгүй үлдэгдэлийг нь өгнө гэж хэлээд алга болсон" гэж хэлсэн. Тэгээд би тэр хүнтэй очиж уулзаагүй Иыг хайсан боловч олдоогүй..." гэх мэдүүлэг. /хх-ийн 38/
-хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, тээврийн хэрэгслийг хилээр нэвтрүүлсэн болон бусад баримт /хх-ийн 8-13/
-эд хөрөнгө битүүмжилсэн талаарх баримтууд /хх-ийн 19, 194-195/
-хохирогчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 24-26/
-иргэний нэхэмжлэгчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-н 45/
-Ж.Болортуяагийн дансны хуулга /хх-ийн 63-66/
-тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 96-97/
-хохиролын мөнгө хүлээн авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл “Т.Алтансүх”-д /хх-ийн 220-221/
-иргэний нэхэмжлэгч Л.Алтансувдын “Т.Алтансүхэд машины үлдэгдэл тооцоог дуусгасан тул цаашид элдэв асуудалгүй” гэх хүсэлт /хх-ийн 222/
-хохирогч Т.Алтансүхийн “Алтансувдаас 1.200.000 төгрөг Хаан банкны дансаар авсан нь үнэн. Цаашид машины тооцоо байхгүй” гэх тайлбар /хх-ийн 223/
Шүүгдэгч Х.Иын мөрдөн байцаалтанд өгсөн:
...Би Ут "надад 2 сая төгрөг байна. Хоёулаа дундаа унах машинтай болмоор байна. Гайгүй зээлээр хугацаатай өгөх машин зардаг хүн байна уу" гэж асуухад "манай хамаатны хүн машин зардаг би яриад үзье" гэж хэлээд тэр хүнтэйгээ холбоо бариад бид хоёр 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Да хүрээ зах дээр очиж уулзсан. Ингээд нэг машин авахаар болоод 2 сая төгрөгөө урьдчилгаа болгож өгөөд үлдсэн мөнгийг нь 14-21 хоногийн дотор өгөхөөр тохироод уг автомашинаа авсан. Үүрээ гэх эмэгтэйтэй уулзаад караокений хүүхэн Алтансувдтай танилцсан. Тэр хүн та хоёрын унаж яваа машиныг авчмаар байна, хэдээр өгөх үү" гэхээр нь би "11.500.000 төгрөгөөр авсан дээрээс юм хийсээ. Машинаа 14 саяас доош өгөхгүй" гэж хэлсэн. Тэгсэн тэр хүүхэн "болж байна урьдчилгаа 7 саяыг өгөөд дараа нь 7 саяыг өгье" гэхээр нь У бид 2 ярилцаад зарахаар болсон. 2 сая төгрөгийг манай эхнэр Болортуяагийн дансруу Алтансувд шилжүүлсэн. Тэгээд нөхөр нь намайг гэрт хүргэж өгөөд машиныг аваад явсан. Бид хоёр 10.500.000 төгрөгөөр авсан уг автомашиныг Алтансувд 14.000.000 төгрөгөөр авмаар байна гэхээр нь дундаас нь ашиг олох зорилгоор уг автомашиныг Алтансувдад зарж борлуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/
Шүүгдэгч Н.Уын мөрдөн байцаалтанд өгсөн:
2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр садангийн ах Алтансүхтэй би утсаар яриад "ах 2.000.000 төгрөгний урьдчилгаа өгөөд үлдэгдэлийг нь удаахгүй өгөхөөр машин байна уу" гэхэд "байна ирээд үзээд ав" гэж хэлсэн. ... найз Ихбаяртай хамт 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр очоод "би хувьдаа унана, замын ажил эхлэх гэж байна, мөнгө орж ирэхээр нь би үлдэгдэл 8.500.000 төгрөгийг 14-21 хоногийн дотор өгнө" гэж хэлээд тухайн өдрөө машиныг ахын нэр дээр шилжүүлээд автомашиныг авч явсан. Ихбаярын танил хүүхний дүү гэх Сувдаа нь "...би найман шаргын тэнд караоке ажиллуулдаг. Та нар хамгийн сайн машиныг унасан байгаа би 14.000.000 төгрөгөөр авъя" гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд үнэ мөнгийг нь тохиролцоод 14.000.000 төгрөгийг надад 2 хувааж өгөхөөр болсон. Ихбаярын эхнэрийн дансруу тэр хүүхэн 2.000.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь бас хэсэг хэсгээр нь шилжүүлсэн байсан. Иын эхнэрийн дансыг шалгаж үзэхэд 4 сая гаруй төгрөг шилжүүлсэн байсан. Сүүлд нөгөө машин худалдаж авсан хүүхэн Алтансүх ах руу ярихад "нэрээ шилжүүлмээр байна, би мөнгө төгрөгөө Ихбаяр, Ундрахбаяр хоёрт бүрэн төлсөн" гэж хэлсэн байдаг. Ингэж Алтансүх ах намайг машиныг цааш дамжуулж зарсаныг мэдсэн гэх мэдүүлэг /хх-ийн 35/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хавтаст хэргээс Х.И, Н.У нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68-69/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 88, 92/, хорооны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 98-99/, Н.Уын дипломны хуулбарууд, ОУХМ цолны үнэмлэхний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 101-103/, Х.Иын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 104/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Шүүгдэгч Х.И, Н.У нар нь 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэр Дизель хүрээ нэртэй захын үүдэнд иргэн Т.Алтансүхийн өмчлөлийн 08-57 УБЛ улсын дугаартай соната-7 загварын автомашиныг 10.500.000 төгрөгөөр худалдаж авна гэж урьдчилгаа 2.000.000 төгрөг өгч автомашиныг авч яваад 8.500.000 төгрөгийг өгөлгүйгээр автомашиныг бусдад зарж мөнгийг нь авч Т.Алтансүхийг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.
Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч нар нь өөрийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байх тул шүүгдэгч Х.И, Н.У нар нь бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүх шүүгдэгч нарт ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохиролоо төлсөн, тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл, нөхцөлд тооцож, уг байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х.И, Н.У нарыг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.И, Н.У нарт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.И, Н.У нарт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Х.И, Н.У нар нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ