2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 192/ШШ2026/01339

 

 

 

 

 

2026 01 29 192/ШШ2026/01339

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүгч Ш.Оюунтуул, Х.Энхзаяа нарын бүрэлдэхүүнтэйгээр, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ...дугаар хороо, ....хотхон, ...дугаар байрны ...тоот хаягт оршин суух, ...ургийн овогт ...овогтой .../РД:..../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ...дүгээр хороо, .... байрлах И /цаашид *****гэх/-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 109,546,882 /нэг зуун есөн сая таван зуун дөчин зургаан мянга найман зуун наян хоёр/ төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ****-т даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Маргад-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Маралмаа нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл:

1.1. Миний бие ****-т 18 жил 4 сарын хугацаанд тасралтгүй ажилласан бөгөөд 2022.03.18-ны өдөр Санхүү, хөрөнгө оруулалтын газрын эдийн засагч албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Улмаар Санхүү, хөрөнгө оруулалтын газар нь хэлтэс болж өөрчлөгдсөн бөгөөд 2023.12.28-ны өдөр Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн эдийн засагч албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилллаж байсан. ****-ын даргын 2025.01.10-ны №25/03 дугаар мэдэгдэх хуудсаар миний эрхэлж байсан ажлын байр хасагдсан үндэслэлээр 2025.02.10-ны өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож цуцлахыг мэдэгдсэн.

Тус мэдэгдэх хуудсын дагуу байгууллага 2025.02.10-ны өдөр надтай байгуулслан хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгон тушаал гаргах байх гэж хүлээсээр 2025.02.12-ны өдөр хүртэл ажлаа хийж, 2025.02.14-ний өдөр ****-ын дарга Э.Т хандаж яаралтай тушаал гаргаж, хамтын гэрээнд заасан тэтгэмж олгуулах, тэгэхгүй бол ажилгүйдлийн тэтгэмж болон бусад тэтгэмжийн хувь хэмжээ дундаж хугацаанаас шалтгаалж буурах нөхцөл үүссэн талаар өргөдөл гаргасан. Миний өргөдөлд 2025.02.27-ны өдөр №70 тоот өргөдөл, гомдолд хариу өгөх хуудсаар тэтгэмж олгох боломжгүй тухай хариу өгсөн.

Байгууллага хүндэтгэх шалтлгаангүйгээр надтай байгууллсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, дуусгавар болгосон тушаал гаргахгүй явсаар 2025.03.21-ний өдрийг Б/46 дугаар тушаал гаргаж, надад 18 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн ч өнөөдрийг хүртэл тушаалаа биелүүлэхгүй намайг хохироосоор байна. Иймд Хөдөлмөрийн тухай хууль болон ****-т 2025-2026 онд хэрэгжих Хамтын гэрээ хэлэлцээрт заасны дагуу 18 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 97,555,322 төгрөгийг ****-аас гаргуулж өгнө үү.

1.2. Ажил олгогч мэдэгдэлд заасан хугацаандаа тушаал гаргалгүй 2025.02.12-ны өдөр хүртэл намайг тасралтгүй ажиллуулсан боловч 2025.03.21-ний өдөр тушаал гаргаж, 02 дугаар сарын цалин 1,577,350 төгрөг олгосон. Иймд ажлаас чөлөөлөх тушаал гарах ёстой байсан 2025.02.10-ны өдрөөс бодитоор тушаал гарсан 2025.03.21-ний өдрийг хүртэл хугацааны буюу 02 дугаар сарын үлдэгдэл цалин 2,648,060 төгрөг, улмаар 2025.03.21-ний өдрийг хүртэлх хугацааны цалин 3,647,671 төгрөгийн цалинг тус тус шаардаж байна.

1.3. Би ажил, албан тушаалаа алдаа дутагдалгүй, үр дүнтэй хашиж байсан учраас байгууллагын зүгээс миний ажлын үр дүнг үнэлж, үндсэн цалингийн 40 хувьтай тэнцэх хэмжээний үр дүнгийн нэмэгдлийг сар бүр олгодог байсан. Би ямар нэгэн алдаа дутагдал, зөрчил гаргаагүй, энэ тухай аливаа тушаал шийдвэр гараагүй. Гэвч *****нь 2025 оны 01 дүгээр сарын үр дүнгийн урамшууллал цалин болох 566,600 төгрөгийг ямар нэгэн үндэслэл, шалтгаангүйгээр олгоогүй тул хариуцагчаас 2025.01 сарын үр дүнгийн урамшуулал цалин 566,600 төгрөгийг гаргуулж өгнө үү.

1.4. Хариуцагч байгууллагын хугацаандаа тушаал гаргаагүй буруутай үйлдлээс шалтгаалж миний бие 2025 оны 02 дугаар сард дутуу ажиллаж, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн хувь хэмжээ буурч 15,156,326 төгрөг олгогдох байснаас 10,027,100 төгрөг олгогдож 5,129,229 төгрөгийг авч чадаагүй. Иймд хариуцагчаас тэтгэмжийн зөрүү төлбөр 5,129,229 төгрөгийн хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасны дагуу гаргуулахаар шаардаж байна.

1.5. ****-ын хөдөлмөрийн дотоод журмын 2.3-т зааснаар олговор тэтгэмжийг тооцохдоо сүүлийн 3 сарын цалингаас тооцно. Энд дутуу олгосон цалин гэж байхүй бөгөөд бүтэн авсан хугацаанаас тооцож гаргасан. Ц.М 2025.03.21-ний өдөр хүртэл ажиллаагүй тухай талууд хэн аль нь маргаагүй. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.5 дахь хэсэгт зааснаар ажилласан хугацаанд нь тооцож цалинг олгох ёстой. Мөн дутуу цалин гаргуулахаар шаардсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү...гэв.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын үндэслэл:

2.1. Зам, тээврийн сайдын 2024.12.27-ны өдрийн Зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн батлах тухай А/289 дугаартай тушаалаар тус газрын зохион байгуулалтын бүтэц, чиг үүрэгт өөрчлөлт орж Санхүү, хөрөнгө оруулалтын газрын эдийн засагч ажлын байр хасагдан, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасны дагуу 2025.01.10-ны өдөр 25/03 дугаар мэдэгдлийг хүргүүлсэн. 2025 оны батлагдсан төсөвт хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсантай холбоотой тэтгэмжийн зардал багтаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасан тэтгэмжийг олгох боломжгүй байсан. Гэхдээ 2025 оны төсвийн тодотголд дээрх тэтгэмжийн зардлыг тусгуулахаар саналаа хүргүүлсэн.

2.2. Нэхэмжлэлд дурдсан тэтгэмжийн хэмжээг эс зөвшөөрч байна. Учир нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021.12.06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3-д заасны дагуу ажилтны дундаж цалин хөлсийг сүүлийн 3 сарын дундажаар тооцох тул Ц.М 2024 оны 12 дугаар сарын цалин 6,457,940 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын цалин 4,476,740 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын цалин 2,931,447.39 төгрөг, нийт 13,866,127.79 төгрөгийн дундаж нь 4,622,042.60 төгрөг бөгөөд үүнийг 18 сард тооцож гарах 83,196,766.74 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Зөрүү 14,358,555.26 төгрөгийг яаж тооцож гаргасан нь ойлгомжгүй, буруу байна.

2.3. ****-аас нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн үүднээс түүний мэргэжил, мэргэшил, ажилласан жил, туршлага, нисэхийн салбарт удаан жил тогтвор суурьшилтай ажилласан байдлыг нь харгалзан, ажилтны эрх ашигт нийцүүлэн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын нягтлан бодогчийн сул ажлын байрыг санал болгож, 2025.02.28-ны өдрийн дотор хөдөлмөрийн гэрээ байгуулж, хамтран ажиллахыг мэдэгдсэн боловч Ц.М гэрээ байгуулаагүй, тушаал шийдвэр гарахаас өмнө ажлын байраа орхин явсан. Нэхэмжлэгч нь 2025.02.13-ны өдрөөс эхлэн тушаал, шийдвэр гарах өдөр хүртэл хугацаанд ажилдаа ирээгүй тул түүний нэхэмжлэлийн 2, 3 дахь шаардлагыг зөвшөөрөх боломжгүй.

2.4. Нэхэмжлэлийн 4 дэх шаардлагад хариуцагч байгууллагын буруутай үйлдлээс шалтгаалж 2025 оны 02 дугаар сард дутуу ажилласан, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн хувь хэмжээ буурсан гэжээ. ****-ын зүгээс түүний ажилласан хоногт тооцож цалин хөлсийг олгосон бөгөөд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 22 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журмын 7.1-д заасан үүргээ хэрэгжүүлсэн тул Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.6-д заасны дагуу 5,129,229 төгрөгийг хариуцагчаас шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.

2.5. Нэхэмжлэгч 2025 оны 01, 02 сарын цалин, үр дүнг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Үр дүнгийн урамшууллыг ****-ын журмын дагуу заавал олгох зохицуулалт байхгүй. Олгож болно, олгохдоо ажлын цаг ашиглалт, ажлын үр дүнг тооцож үзээд 40 хувь хүртэл хэмжээгээр олгох боломжтой байдаг. Гэм хорын хохирол гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн хувьд ажил олгогч хугацаандаа нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээ биелүүлсэн учраас хохирол учруулсан гэж үзэхгүй. Мөн Ц.М ажиллаагүй хугацааны цалин гаргуулахаар шаардах эрхгүй. Учир нь нэхэмжлэгч өөрөө ажлаа орхиод явсан. Тиймээс цалин хөлсний журмын дагуу ажилдаа ирсэн, ажлаа хийсэн бол цалин олгох боломжтой байсан...гэв.

3. Нэхэмжлэгч талын гаргасан баримтууд: Хөдөлмөрийн гэрээ /хх-5-12/, ****-ын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл /хх-13-16/, Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны шийдвэр /хх-17-20/, ****-ын даргын 2025.03.21-ний өдрийн Б/46 дугаар тушаал /хх-21-22/, Монгол улсын Зам, тээврийн яамны 2025.04.22-ны өдрийн 03/1818 тоот Өргөдөл шийдвэрлэх тухай албан бичиг /хх-23-24/, ****-аас Ц.М өгсөн 2025.02.27-ны өдрийн Өргөдөл, гомдолд хариу өгөх хуудас /хх-25/, ****-ын 2025.01.10-ны өдрийн 25/03 тоот мэдэгдэх хуудас /хх-26/, Ц.М иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-27/, Ц.М Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хх-28/, Ц.М 2025.03.07-ны өдөр ****-ын даргад гаргасан өргөдөл /хх-65/, Ц.М Худалдаа хөгжлийн банк дахь харилцах дансны хуулга /хх-66-69/, Тооцооны хуудас /хх-72/, ажил хүлээлцэх акт /хх-73-74/, ... цахим шууданд ... хаягаас ирүүлсэн цалингийн мэдээ бүхий имэйлүүд /хх-75-78/, Улсын дээд шүүхийн хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай тогтоолын хуулбар /хх-121/, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.08.13-ны өдрийн 06271 тоот шийдвэрийн хуулбар /хх-122-126/, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.10.13-ны өдрийн 01751 дугаар магадлалын хуулбар /хх-127-131/

4. Хариуцагч талын гаргасан баримтууд: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-32/, ажилтны ирцийн мэдээлэл бүхий хүснэгт /хх-50/, Ц.М 18 сарын тэтгэмжийн тооцоолол /хх-51/, ****-ын даргын 2025.01.15-ны өдрийн Журам шинэчлэн батлах тухай А/15 тоот тушаал, тушаалаар баталсан ****-ын цалин хөлсний журмын хуулбар /хх-91-102/

5. Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн баримтууд: ****-ын захиргаа, Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбоотой байгуулсан 2024.06.27-ны өдрийн ****, түүний харьяа байгууллагуудад 2024-2026 онд хэрэгжүүлэх хамтын гэрээ-ний хуулбар /хх-79-87/,

6. Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцохоор томилогдсон иргэн Х.Дэлгэрмөрөн шүүх хуралдааны товыг мэдсэн боловч тодорхой хүндэтгэн үзэх шалтгаан хэлэлгүйгээр ирээгүй боловч зохигч талууд иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг явууллаа.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

1. Нэхэмжлэгч Ц.М ****-аас 109,546,882 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгахаар шаардаж, нэхэмжлэлийн үндэслэлийг хариуцагч ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгсөн боловч мэдэгдэлд заасан хугацаанд тушаал шийдвэрээ гаргахгүй хугацаа хэтрүүлсний улмаас ажилгүйдлийн тэтгэмж дутуу авсан, ажлаас чөлөөлөгдсөний 18 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмжийг олгоогүй, ажлаас чөлөөлөх тушаал гаргаагүй ч ажиллах нөхцөлөөр хангаагүй учир тушаал гарах хүртэл хугацааны цалинг, үр дүнгийн урамшууллын хамт гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын бичилт хийхийг даалгахаар шаардана гэж тодорхойлсон.

2. Хариуцагч ****-аас нэхэмжлэлийн шаардлагаас Ц.М 18 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмжид 83,196,766.74 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй.

2.1. Татгалзлын үндэслэлийг нэхэмжлэгч нь 18 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг буруу тооцоолж 14,358,55.26 төгрөг илүү нэхэмжилсэн, ажиллаагүй хугацааны үр дүнгийн урамшуулал олгох боломжгүй, тушаал гараагүй байхад нэхэмжлэгч өөрөө ажлаа хаяж явсан учир тушаал гарах хүртэл хугацааны цалин олгох боломжгүй, *****хуулийн дагуу ажилтны нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээ биелүүлж байсан учир ажилгүйдлийн тэтгэмжид дутуу авсан гэх хохирлыг хариуцахгүй гэх агуулгаар тайлбарлан маргаж байна.

3. Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, зохигч талуудаас шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдлоо. Үүнд:

3.1. Ц.М нь ****-т 18 жил 4 сар тасралтгүй ажилласан ба түүнийг тус байгууллагын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын Эдийн засагчаар ажиллаж байхад ажил олгогчоос 2025.01.10-ны өдөр 25/03 тоот мэдэгдэх хуудсаар ажлын байр нь хасагдсан учир Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.4 дэх хэсгүүдэд заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2025.02.10-ны өдрөөр тасалбар болгон цуцлахыг мэдэгджээ. /хх-5-12, 26, 28/

3.2. Дээрх мэдэгдэх хуудаст заасан хугацаанд ажил олгогч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал гаргаагүйн улмаас Ц.М 2025.02.24-ний өдөр ****-ын даргад өргөдөл гаргаж, 2025.02.27-ны өдөр ажил олгогч 70 тоот өргөдөл, гомдолд хариу өгөх хуудас-аар хариу өгч, тус байгууллагын 2025 оны батлагдсан төсөвт хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсантай холбоотой тэтгэмжийн зардал багтаагүй учир Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасан тэтгэмжийг олгох боломжгүй болсныг мэдэгдэж, Ц.М Санхүү, хөрөнгө оруулалтын газрын нягтлан бодогчийн сул ажлын байрыг санал болгож, 2025.02.28-ны дотор хөдөлмөрийн гэрээ байгуулахыг мэдэгдсэн байна. /хх-25/

3.3. Нэхэмжлэгч уг хариуг хүлээн аваад 2025.03.07-ны өдөр дахин өргөдөл гаргаж хариуцагчийн санал болгосон ажлын байранд ажиллах боломжгүй талаар мэдэгдэж, 2025.01.10-ны өдрийн мэдэгдлийн дагуу Хамтын гэрээнд заасан тэтгэмж олгохыг хүссэн байна. Улмаар ажил олгогчоос 2025.03.21-ний өдөр Б/46 тоот тушаал гаргаж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг тушаал гарсан өдрөөр тасалбар болгон цуцлан, 18 сарын дундаж цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмжийг зохих журмын дагуу тооцож олгохыг Санхүү, хөрөнгө оруулалтын газарт зөвшөөрчээ. /хх-21-22/

3.4. Ажлаас чөлөөлөх тушаал 2025.03.21-ний өдөр гарч, энэ өдрөөс хойш 2025.03.24-ний өдөр Ц.М тооцооны хуудсаар ажлаа хүлээлгэж өгсөн байна. /хх-72-74/

3.5. Нэхэмжлэгч Ц.М Монгол улсын Зам, тээврийн яаманд хандаж гаргасан өргөдлийн дагуу 2025.04.22-ны өдрийн 03/1818 тоот Өргөдөл шийдвэрлэх тухай албан бичгийг ****-т хүргүүлж, Ц.М хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцалсантай холбогдох 18 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг шийдвэрлэх, өргөдөлд дурдсан Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Хатанбаатарын ёс зүйн асуудлыг судлан нягталж, зохих арга хэмжээ авч, эргэн мэдэгдэхийг мэдэгджээ. /хх-23-24/

3.6. ****-ын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс нь Ц.М гаргасан гомдлын дагуу 2025.04.21-ний өдөр хуралдаж 25/02 дугаар тэмдэглэлээр талууд харилцан тохиролцоогүй гэх үндэслэлээр дуусгавар болгож, ажил олгогчийн харьяалах сум, дүүргийн хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах эрхтэйг мэдэгдэж, улмаар Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо Ц.М гомдлын дагуу маргааныг 2025.05.25-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, талууд харилцан тохиролцоогүй гэх адил үндэслэлээр ажиллагааг дуусгавар болгон, нэхэмжлэгч нь 2025.05.30-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. /хх-13-20/

4. Талууд хөдөлмөрийн гэрээний хүчин төгөлдөр байдал, хариуцагч байгууллагад бүтцийн өөрчлөлт орж нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажлын байр хасагдсан, үүний улмаас ажил олгогч нь хугацаа зааж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах талаар ажилтанд мэдэгдсэн боловч мэдэгдэлд заасан хугацаанд тушаал шийдвэр гаргаагүй, нэхэмжлэгч мэдэгдэлд заасан хугацаанаас хойш ажиллаагүй, хөдөлмөрийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлсэн зэрэг үйл баримтын талаар маргаагүй.

4.1. Харин нэхэмжлэгчид олгогдох 18 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмжийг хэрхэн тооцох, хариуцагч тушаалыг мэдэгдэлд заасан хугацаанд гаргаагүйн улмаас тушаал гарах хүртэлх хугацааны цалин, 2025.01 сарын үр дүнгийн урамшуулал шаардах эрхтэй эсэх, тушаал хугацаандаа гараагүйгээс нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн хувь хэмжээ буурч нэхэмжлэгчид хохирол учирсан эсэх талаар маргалаа.

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 80.1.1 дэх хэсэгт зааснаар аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болох бөгөөд энэ тохиолдолд ажил олгогч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэх үүрэг хүлээхийг мөн хуулийн 80.4 дэх хэсэгт заасан байна.

6. *****нь хуулийн дээрх үндэслэлд нийцүүлэн Ц.М байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2025.02.10-ны өдөр цуцлах талаар 2025.01.10-ны өдөр мэдэгдэж, талууд энэ хугацаанаас гэрээ цуцлагдана гэж ойлгосон болох нь тэдний тайлбар, бичгээр гаргасан мэдэгдэл зэргээр тогтоогдсон.

6.1. Хариуцагч ****-аас мэдэгдэлд заасан хугацаанд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тушаал гаргаагүй бөгөөд нэхэмжлэгч Ц.М үргэлжлүүлэн ажиллах нөхцөлөөр хангалгүйгээр ажилтныг тодорхой бус байдалд байлгаж, улмаар 2025.03.21-ний өдөр тушаал гарган, нэхэмжлэгч 2025.03.24-ний өдөр ажлаа хүлээлгэж өгсөн байна.

6.2. Ажил олгогчоос хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, тэтгэмж олгох тухай 2025.03.21-ний өдрийн тушаалыг Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.5, 82 дугаар зүйлийн 82.1, 82.3, 83 дугаар зүйлийн 83.1, 83.3, 83.4, 83.6 дахь хэсэг, ****, түүний харьяа байгууллагуудад 2024-2026 онд хэрэгжүүлэх хамтын гэрээний 3.1.5, Хөдөлмөрийн дотоод журмын 3.30.15, 4.10, 8.3.5, ****-ын даргын 2024.12.31-ний өдрийн А/631 дугаар тушаалыг тус тус үндэслэл болгож, тушаал гарсан 2025.03.21-ний өдрөөр тасалбар болгон Ц.М үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, тухайн өдөрт багтаан ажлыг хүлээлцэж дуусгахыг комисст үүрэг болгож, Ц.М 18 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг зохих журмын дагуу олгохоор тус тус шийдвэрлэжээ.

7. Нэхэмжлэгч эхний шаардлагаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасан ажлын байр хасагдсан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжийг тушаалд заасан 18 сарын цалинтай тэнцэх хэмжээгээр тооцож, 97,555,322 төгрөг гаргуулахаар шаардсан.

Хариуцагч талаас нэхэмжлэгчийг уг шаардлагаа буруу тооцоолсон гэж тайлбарлаж, энэ нэхэмжлэлээс 83,196,766.74 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, 14,358,55.26 төгрөгийг илүү нэхэмжилсэн гэж тайлбарлан зөвшөөрөхөөс татгалзаж байна.

7.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт энэ хуулийн ...80.1.1...заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажилтанд нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй эсэхээс үл хамааран ажил олгогч дараах хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно гэж, 82.3 дахь хэсэгт Хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээрээр энэ хуулийн 82.1, 82.2-т заасан тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн олгохоор тогтоож болно гэж, Хамтын гэрээний 3.1, 3.1.5-д Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажилтанд ****, ИНҮТ, түүний харьяа салбар, нэгжид ажилласан жилээс хамааруулж ... 15-20 жил хүртэл ажилласан бол 18 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмж нэг удаа олгоно гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас нэг удаагийн тэтгэмжийг шаардах эрхтэй.

7.2. Хариуцагч хууль болон хамтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан Ц.М өргөдөл, ****-ын хариу өгөх хуудас, Монгол улсын Зам, тээврийн яамны албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогдсон ба хариуцагч тал уг тэтгэмжийг төлөх үүргээ биелүүлээгүй болохоо хүлээн зөвшөөрсөн боловч тооцоолол дээр маргаж байна.

7.3. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021.12.06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.3 дахь хэсэгт зааснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80.5-д заасны дагуу ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хүртэлх хугацаанд олгох олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно.

Хариуцагчаас нэхэмжлэгчид түүнийг ажлаас чөлөөлөх тушаал гарах ёстой байсан 2025.02.10-ны өдрөөр 2,931,447.39 төгрөгийн цалин олгогдож, түүнээс хойш цалин олговор олгогдоогүй байх бөгөөд хариуцагч тал нэхэмжлэгчийн сүүлийн 3 сарын цалинг тооцохдоо энэхүү цалинг 2025 оны 01 дүгээр сард олгогдсон 4,476,740 төгрөг, 2024 оны 12 дугаар сард олгогдсон 6,457,940 төгрөгийн цалинтай нийлүүлэн тооцож, нийт 13,866,127.79 төгрөгийн дундаж 4,622,042.60 төгрөгийг 18 сард тооцон бүгд 83,196,766.74 төгрөг төлөхийг зөвшөөрсөн.

7.4. Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.3 дахь хэсэгт заасан сүүлийн 3 сар гэх хугацааг нэхэмжлэгчид цалин бүтэн олгогдсон сүүлийн 3 сар болох 2024 оны 11, 12 дугаар сар, 2025 оны 01 дүгээр сарын цалингаас тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Учир нь ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5, 83 дугаар зүйлийн 83.3 дахь хэсгүүдэд заасны дагуу мэдэгдэл авсан ажилтнаар ажил үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгүүлээгүй ба энэ тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хүртэлх хугацааны цалинг олгоогүй буруутай эс үйлдэхүй тогтоогдож байна.

7.5. Нэхэмжлэгч Ц.М хариуцагч ****-аас 2024 оны 11 дүгээр сард 5,357,940 төгрөг, 2024 оны 12 дугаар сард 7,117,940 төгрөг, 2025 оны 01 дүгээр сард 5,703,416.40 төгрөгийн цалин олгогдсон болох нь нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тогтоогдсон. Иймд дээрх хугацааны цалин 18,179,269.40 төгрөгийн дундаж 5,419,765.50 төгрөгийг 18 сард тооцон нийт 97,555,322 төгрөг шаардсан нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн уг шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

8. Нэхэмжлэлийн дараагийн шаардлагаар ажлаас чөлөөлөх тушаал гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны буюу 2025 оны 02 дугаар сард авах цалингийн зөрүү 2648,060 төгрөг, 2025.03.01-ний өдрөөс тушаал гарсан 2025.03.21-ний өдрийг хүртэлх цалин 3,647,671 төгрөг, нийт дутуу авсан цалинд 6,295,731 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

8.1. Хариуцагч энэ нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэгч дээрх хугацаанд ажиллаагүй, ажлаа орхиж явсан учраас цалин төлөх үүрэг хүлээхгүй гэх агуулгаар тайлбарлан маргаж байна.

8.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5 дахь хэсэгт Энэ хуулийн 80.4-т заасны дагуу мэдэгдэл авсан ажилтнаар ажил үүргийг нь үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх шаардлагагүй, эсхүл боломжгүй гэж ажил олгогч үзвэл түүний дундаж цалин хөлснөөс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хүртэлх хугацаагаар тооцсон олговор олгож, ажиллуулахгүй байж болно гэж заасны дагуу тушаал гаргаж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хүртэлх хугацаанд ажилтанд цалин олгох үүргийг хариуцагч хүлээнэ.

8.2. Гэвч хариуцагч нь нэхэмжлэгчид хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах талаар хугацаа тогтоон мэдэгдсэн боловч хуулиар хүлээсэн тушаал шийдвэр гаргах үүргээ дээрх байдлаар биелүүлээгүйгээс ажилтан ажиллах нөхцөлөөр хангагдаагүй, цалин олговор аваагүй байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.5 дахь хэсэгт ажил олгогч ажилтанд энэ хуулийн 83.3-т заасан хугацааны цалин хөлсийг тооцож олгоно гэж, 83.3 дахь хэсэгт ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэртээ ажил хүлээлгэн өгөх хугацааг заана гэж тус тус заасны дагуу ажил олгогч нь ажилтанд ажил хүлээлцэх өдрийг хүртэлх хугацааны цалинг олгох үүрэгтэй тул нэхэмжлэгч Ц.М тушаал гарсан 2025.03.21-ний өдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас шаардсан нь үндэслэлтэй байна.

8.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж заасан ба нэхэмжлэгч ажиллаагүй хугацааны цалинд үр дүнгийн урамшуулал, хоолны мөнгийг оруулж тооцсон нь үндэслэлгүй болсон, гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж, үр дүнгийн урамшууллыг хассанаар 2025.02.12-ны өдрөөс хойш хугацааны цалин 1,514,708 төгрөг, 2025.03.21-ний өдрийг хүртэл хугацааны цалин 2,838,134 төгрөг, нийт 4,352,842 төгрөгийн шаардлагыг хангаж, илүү нэхэмжилсэн 1,942,889 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

9. Нэхэмжлэлийн дараагийн шаардлагаар 2025 оны 01 дүгээр сард олгогдоогүй үр дүнгийн урамшуулал цалин 566,600 төгрөг гаргуулахаар шаардсан. Хариуцагч тал уг шаардлагыг эс зөвшөөрч, үр дүнгийн урамшууллыг ажилтанд заавал олгох үүргийг ажил олгогч хүлээгээгүй, тухайн сард ажлын үр дүнгээ тооцуулаагүй учир хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж маргасан.

9.1. Үр дүнгийн урамшуулал нь ажилтны ажлын үр дүн, гүйцэтгэл эсхүл тухайн байгууллагын үйл ажиллагаанд оруулсан хувь нэмэр, онцгой чухал ажил гүйцэтгэсэн байдлыг үнэлэн олгож байгаа мөнгөн урамшууллыг хэлэх ба нэхэмжлэгч Ц.М 2025 оны 01 дүгээр сард ажил үүргээ бүрэн гүйцэтгэсэн, ажилтнуудад сар бүр үндсэн цалингийн 40 хувиар үр дүнгийн урамшуулал тооцож олгодог талаар зохигчид маргаагүй.

9.2. Хариуцагчийн зүгээс тайлбар, татгалзлаа нотлохоор ****-ын цалин хөлсний журмыг нотлох баримтаар гаргаж, уг журмын 4 дүгээр хавсралтаар батлагдсан Үр дүнгийн нэмэгдэл тооцох хуудас-ыг үндэслэн нэмэгдлийг олгодог талаар тайлбарласан боловч 2025 оны 01 дүгээр сард нэхэмжлэгчийн үр дүнгийн нэмэгдлийг тооцоогүй үндэслэл шалтгааныг баримтаар нотлоогүй. Иймд хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн уг шаардлагыг баримтаар няцаагаагүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн энэ шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэлээ.

10. Нэхэмжлэлийн сүүлийн шаардлаар Ц.М нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогчийн буруугаас шалтгаалж нийгмийн даатгалын сангаас олгогдох ажилгүйдлийн тэтгэмж 15,156,326 төгрөг олгогдохоос 5,129,229 төгрөгөөр дутуу олгогдсоныг хохиролд тооцож ажил олгогч ****-аас гаргуулахаар шаардсан.

10.1. Нэхэмжлэгч нь түүнийг ажлаас чөлөөлөх тухай гаргасан хариуцагч талын 2025.03.21-ний өдрийн тушаал гарснаас хойш Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газраас ажилгүйдлийн тэтгэмжид 2025.04.22-ны өдөр 2,902,595 төгрөг, 2025.05.22-ны өдөр 3,034,531 төгрөг, 2025.07.04-ний өдөр 3,034,531.45 төгрөг, 2025.08.11-ний өдөр 1,055,488.50 төгрөг, нийт 10,027,145 төгрөг авсан байна.

10.2. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт ...даатгуулагчийн ажилгүйдлийн тэтгэмжийг түүний шимтгэл төлж ажилласан сүүлийн 9 сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас энэ хуулийн 10.1-д заасан хувь хэмжээгээр тооцно гэж, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт Ажилгүйдлийн тэтгэмжийг даатгуулагчийг ажлаас чөлөөлсөн өдрийн дараагийн өдрөөс эхлэн ажлын 76 өдрөөр тооцож олгоно гэж тус тус заасан байна.

10.3. Хариуцагч *****нь нэхэмжлэгч Ц.М 2025.02.10-2025.03.21 өдрийг хүртэл хугацаанд хөдөлмөр эрхлүүлээгүй бөгөөд хөдөлмөр эрхлэх харилцааг дуусгавар болгох шийдвэр гаргаагүйн улмаас дээрх хугацаанд нэхэмжлэгчийн цалингийн орлого буурч, үүнээс шалтгаалан ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээ багассан байх боломжтой бөгөөд энэ талаар Монгол улсын Зам, тээврийн яамнаас Ц.М гомдлын дагуу ****-т өргөдлийг шийдвэрлэх талаар мэдэгдсэн албан бичигт дурджээ. /хх-23/

10.4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээнэ.

Маргаан бүхий энэ хэргийн тухайд нэхэмжлэгчид олгогдох ёстой байсан цалинг түүний эд хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй бөгөөд хариуцагч байгууллагын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай шийдвэр гаргах үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчид 5,129,229 төгрөгийн хохирол учирсан байна. Хариуцагч тал нэхэмжлэлийн уг шаардлагыг эс зөвшөөрч буй тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй, тушаал шийдвэрийг мэдэгдэлд заасан хугацаанд гаргаагүй талаар хүлээн зөвшөөрч байх тул эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийн уг шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

11. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт зааснаар ажил олгогч нь ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэг хүлээх тул Ц.М ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагч ****-т даалгах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5, 82 дугаар зүйлийн 82.3, 83 дугаар зүйлийн 83.3, 83.4, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч И 107,603,993 /нэг зуун долоон сая зургаан зуун гурван мянга есөн зуун ерэн гурван/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.М олгож, Ц.М ажилгүй байсан 2025.02.12-2025.03.21 өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагч Ит даалгаж, нэхэмжлэлээс 1,942,889 /нэг сая есөн зуун дөчин хоёр мянга найман зуун наян есөн/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.М нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 687,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч И 695,970 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.М олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА

ШҮҮГЧИД Ш.ОЮУНТУУЛ

Х.ЭНХЗАЯА