Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
Хэргийн индекс | 101/2021/00447/И |
Дугаар | 210/МА2022/00922 |
Огноо | 2022-05-13 |
Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2022/00922
М.Э.В ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2022/01100 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч М.Э.В ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Н.А -т холбогдох,
орон сууцыг чөлөөлөх гэрээний үүргээ гүйцэтгэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М , хариуцагч Н.А , гуравдагч этгээд Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/944 дүгээр захирамжаар Ашиглалтын шаардлага хангахгүй Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн зориулалттай 5, 16, 24 дүгээр байрны барилгажилтын төсөл боловсруулж, ажил гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчээр манай компани шалгарсныг батламжилж, Баянзүрх дүүргийн 16-р хорооны 5,16 болон 24 дүгээр байрны орон сууц өмчлөгч нартай гурван талт гэрээ байгуулах эрх олгосон. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.2.г-д заасны дагуу 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Хайрцагны 24 дүгээр байрны өмчлөгч Н.А , М.Э.В ХХК нарын 23/04/20-08 дугаартай гуравласан гэрээ байгуулсан болно. Гурван талт гэрээний 3.1, 4.2.6-д зааснаар Сууц өмчлөгч нь түрээсийн урамшууллаа хүлээн авснаас хойш өөрийн орон сууцыг 7 хоногийн хугацаанд суллаж өгөх үүрэг хүлээсэн. Гэтэл хариуцагч нь гэрээний 2.5-д заасны дагуу 400,000 төгрөгийг 24 сараар тооцон нийт 9,600,000 төгрөгийн түрээсийн урамшууллыг 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авсан атлаа орон сууцны барилгыг ашиглахыг хориглоно гэж заасныг зөрчин, гуравласан гэрээний дагуу орон сууцыг 7 хоногийн хугацаанд суллаж өгөх үүргээ биелүүлээгүй. Манай компанийн зүгээс Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.1-д заасны дагуу дээрх 24 дүгээр байрны нийт өмчлөгч оршин суугчидтай гуравласан гэрээ байгуулан тохиролцсон, мөн зүйлийн 14.7.3.в-д заасны дагуу орон сууцыг чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах нөхцөл бүрдсэн. Иймд Хот, суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээний дагуу ашиглалтын шаардлага хангахгүй болсон Баянзүрх дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Хайрцагны 24 дүгээр байрны 08 тоот орон сууцыг чөлөөлөхийг өмчлөгч Н.А т даалгаж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч талын хариу тайлбарын агуулга: Тус шүүхэд М.Э.В ХХК нь бусдыг төөрөгдүүлж, хууран мэхэлж хийсэн гэрээг үндэслэл болгон шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Учир нь хариуцагч Н.А 8 тоот байранд, хариуцагч Н.А ийн хүү Б.Даваагариг нь 7 тоот байранд амьдардаг. Гэрээг Н.А тэй байгуулахдаа гэрээний 2.2-д 8 тоот орон сууцны талбайг 33.67 м.кв гэж заасан, гэрээний 4.2.2-т 66.64 м.кв талбай гэж 7 ба 8 тоот байрыг нэгтгэн заажээ. Тэгэхээр 8 тоот байрыг чөлөөлөх шийдвэр гарвал 7 тоот байрандаа амьдарч болно гэж үзэх үү, эсхүл 7 ба 8 тоот байр гэж үзэх үү гэдэг нь эргэлзээтэй байна. Магадгүй нэхэмжлэгч тал хариуцагч талыг санаатайгаар хууран мэхэлж дээрх эргэлзээтэй гэрээ байгуулсан бол гэрээг бид хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжтой. Мөн М.Э.В ХХК нь уг төслийг хэрэгжүүлэхээр шалгарсан гэдэгт итгэхгүй байгаа гэжээ.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан ашиглалтын шаардлага хангахгүй болсон Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Хайрцагны 24 дүгээр байрны 8 тоот орон сууцыг чөлөөлж нэхэмжлэгч М.Э.В ХХК-нд хүлээлгэн өгөх гэрээний үүргээ хэрэгжүүлэхийг хариуцагч Н.А т даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.А ээс 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Э.В ХХК-нд олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Миний байрыг шүүхийн шийдвэргүйгээр Монголбанкны хүсэлтээр М.Э.В ХХК авч, захиран зарцуулж зээлийн өрөнд өгч байгааг зөвшөөрөхгүй. М.Э.В ХХК-ийн иргэдтэй хийсэн гурван талт гэрээг хэд хэдэн удаа цуцлах талаар хүсэлт гаргахад хариу өгөөгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүх үндэслэлтэй шийдвэрлэсэн. Гэрээний 4.2.6-д сууц өмчлөгч нь түрээсийн урамшууллыг хүлээн авснаас хойш өөрийн орон сууцыг 7 хоногийн хугацаанд чөлөөлж өгөх үүргийг хүлээсэн. Гэтэл Н.А нь нөхөн олговрын түрээсийн төлбөр буюу 9,600,000 төгрөгийг авснаас хойш 7 хоногийн дотор чөлөөлж өгөөгүй 2 жилийн хугацаа өнгөрсөн. Үүнээс үүдэж 22 айл өрхийн 100 гаруй иргэдийн эрх ашиг сонирхол хөндөгдсөн ба Н.А ээс гадна 24 айл өрхтэй гэрээ байгуулахаас 22 айл өрхтэй гэрээ байгуулсан боловч Хайрцагны 24 дүгээр байрыг нурааж чадахгүй барилгын ажлаа эхлүүлээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
Давж заалдах гомдолд гаргасан гуравдагч этгээд Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б ын тайлбарын агуулга: Хот суурин газрыг дахин хөгжүүлэх үндсэн 5 хэлбэрийн төсөл байдаг. Түүний 1 нь ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулгаж дахин барилгажуулах төсөл байгаа. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн Хайрцагны 24, Төмөр замын 5, Сүүний 16 гэсэн 3 барилгад багц зарлахад М.Э.В ХХК шалгарч 2 барилга барьж ашиглалтад оруулсан. Хайрцагны 24 ажлаа гүйцэтгэх гэхээр Н.А тэй шүүхийн шатанд маргаж 2-3 жил болж байна. Тухайн орон сууцны 24 өмчлөгчөөс 22 айл өрх гудамжид гарсан нөхцөл байдалтай байгаа. Н.А , түүний хүү Б.Даваагариг нараас болоод гэрээ байгуулж чаддаггүй. Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн үндсэн зарчим нь нийтийн эрх ашгийн төлөө байдаг. Энэ төсөл хэрэгжихгүй байх тул Хот төслийг хэрэгжүүлэхийн төлөө бүх арга хэмжээг авч эвлэрэх арга хэмжээг удаа дараа уулзалт зохион байгуулсан боловч эцсийн үр дүнд хүрч чадаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан тул тус шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2.Нэхэмжлэгч М.Э.В ХХК нь хариуцагч Н.А т холбогдуулан орон сууц чөлөөлөх гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
3.Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/944 дугаартай захирамжаар ашиглалтын шаардлага хангахгүй Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн зориулалттай 5, 16, 24 дүгээр байрны барилгажилтын төсөл боловсруулж ажил гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчээр М.Э.В ХХК шалгарсныг батламжилж, шалгарсан компанид өмчлөгч болон Нийслэлийн Засаг даргатай гурван талт гэрээг батлагдсан загварын дагуу байгуулах эрхийг олгосон байна. /хх-30-31/
Уг захирамжийг үндэслэн эрх олгогч буюу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, төсөл хэрэгжүүлэгч М.Э.В ХХК-ийг төлөөлж ерөнхий захирал О.Хонгорзул, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Хайрцагны 24 дүгээр байрны 08 тоот орон сууцны өмчлөгчД.А нар 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 23/04/20-08 дугаартай Хот суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээ байгуулжээ. /хх-15-21/
Гэрээний үлгэрчилсэн загварыг Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7-д заасны дагуу Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 125 дугаар тушаалын гуравдугаар хавсралтаар баталсан байна. Талууд гэрээний хугацаа, шинээр олгох орон сууцны талбайн хэмжээ, нэмж авах талбайн 1 метр квадратын үнэ зэрэг нөхцлийг харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний талуудын чөлөөт байдлын зарчимд нийцжээ.
4.Хариуцагч тал бусдыг төөрөгдүүлж, хууран мэхэлж хийсэн гэрээ гэх татгалзлын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна. Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хуульд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байх тул энэ талаарх хариуцагчийн татгалзал, гомдлыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.
5.Талууд гурван талт гэрээгээр орон сууцны барилгыг буулган, шинээр орон сууцны барилга барьж сууц өмчлөгчийг шинэ орон сууцаар хангах, сууц өмчлөгчид шинэ орон сууц олгохдоо хуучин орон сууцны талбайн хэмжээг 5 м.кв-аар нэмэгдүүлэн шилжүүлэхдээ нэмэлт төлбөр авахгүй байхаар,
сууц өмчлөгч нь заасан хэмжээнээс илүү хэмжээгээр шинэ орон сууц авах хүсэлт гаргасан тохиолдолд нэмж авах 1 м.кв талбайн үнийг 1,500,000 төгрөгөөр тооцон хөнгөлөлт үзүүлэх,
төсөл хэрэгжүүлэх хугацаанд хуучин орон сууцнаас сууц өмчлөгчийг нүүлгэн шилжүүлэх,
сууц өмчлөгчийн байрлах байрны сар бүр төлөх түрээсийн урамшууллыг 400,000 төгрөгөөр тооцож олгох зэрэг ерөнхий нөхцөлийг харилцан тохиролцсон байна. Мөн сууц өмчлөгч нь түрээсийн урамшууллаа хүлээн авснаас хойш өөрийн орон сууцыг 7 хоногийн хугацаанд суллаж өгөх үүргийг хүлээжээ. /хх-18/
Нэхэмжлэгч М.Э.В ХХК нь дээрх гэрээний дагуу хариуцагчД.А т түрээсийн урамшуулалд 9,600,000 төгрөг өгсөн болох нь хэргийн 32-33 дахь талд авагдсан бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл, бэлэн мөнгөний зарлагын баримт зэрэг баримтуудаар нотлогдсон байна. Иймээс хариуцагчД.А нь гэрээний дагуу өөрийн 08 тоот орон сууцыг чөлөөлж өгөх үүрэгтэй. Энэ талаар анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг зөв хэрэглэсэн.
6.Хариуцагч Д.А нь нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа нэг үндэслэлээ ... 8 болон 7 тоот орон сууцыг нэгтгэн 66.64 м.кв орон сууц авахаар гэрээнд заасан, ...орон сууцны талбайн хэмжээг 67.4 м.кв-аар, 1 м.кв талбайг 1,600,000 төгрөгөөр тооцож, мөнгийг бэлнээр авах саналаа хэлсэн, хүлээж аваагүй гэж тайлбарлажээ.
Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гурван талт гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнэж, шийдвэрийн тогтоох хэсэгт уг заалтыг баримталсан нь оновчгүй болжээ.
Талуудын дээрх маргаанд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийн зохицуулалт хамаарна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Тодруулбал, Сууц өмчлөгч нь шинээр баригдах орон сууцнаас гэрээгээр тохирсон 66.64 м.кв талбайн хэмжээгээр орон сууц авах, уг хэмжээнээс илүү хэмжээ бүхий орон сууцыг сольж авах тохиолдолд гэрээний 2.4-т заасан буюу 1 м.кв талбайг 1,500,000 төгрөгөөр худалдан авах нөхцлийг харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулжээ. Харин ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж, чанар стандартын шаардлагад нийцсэн орон сууцны барилга барих түүнтэй холбоотой харилцаа нь ажил гүйцэтгэх гэрээний зохицуулалтад хамаарахаар байна.
Гэрээний 8.4-т талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр зөвхөн бичгээр гаргасан саналыг үндэслэн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж болохоор харилцан тохиролцжээ. ХариуцагчД.А гэрээний үнэ болон талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах саналаа бичгээр гаргаагүй, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар, Хайрцагны 24 дүгээр байрны оршин суугчидтай уулзалт хийх үед хүсэлтээ илэрхийлснийг гэрээнд өөрчлөлт оруулах санал гэж үзэх боломжгүй юм. /хх-54-55/
Мөн нэхэмжлэгч тал 8 тоот орон сууцны оронд 66.64 м.кв талбай бүхий шинэ орон сууц хариуцагчид өгөхөөр гэрээнд тусгасан талаар давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарлаж байна. Иймд хариуцагчД.А ийн 7, 8 тоот орон сууцны талбайн хэмжээг нэгтгэн гэрээнд заасан, ... орон сууцны талбайн хэмжээ болон үнэд өөрчлөлт оруулах хүсэлтийг хүлээж аваагүй гэх татгалзал, давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.
7.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул миний байрыг шүүхийн шийдвэргүйгээр Монголбанкны хүсэлтээр М.Э.В ХХК авч, захиран зарцуулж зээлийн өрөнд өгч байгааг зөвшөөрөхгүй гэх хариуцагчийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2022/01100 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 343 дугаар зүйлийн 343.1 гэснийг 243 дугаар зүйлийн 243.1 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Ч.ЦЭНД