Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 929

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Өлзийсайхан даргалж, тус шүүхийн хуралдааны “4” дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “С*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 

“Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 370 дугаар шийдвэрийн тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож; 

-“С*******” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV*******0 дугаар тусгай зөвшөөрлийг сэргээж өгөхийг Ашигт малтмалын газарт даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цогхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Энхтайван, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нарангэрэл нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч  “С*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“С*******” ХХК нь Төв аймгийн Бүрэн сумын нутагт орших Хархонхор талбайд ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулах ашиглалтын МV*******0 дугаар тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу эзэмшдэг бөгөөд уг талбайд Дулааны цахилгаан станцын төсөл хэрэгжүүлэхээр Техник эдийн засгийн үндэслэл, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ болон бусад шаардлагатай судалгааны ажлуудыг гүйцэтгэн нийтдээ 1.5-2.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байгаа билээ.

Гэтэл тус компанийн эзэмшлийн МV*******0 тоот тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасны дагуу ээлжит жилийн төлбөрийг төлөөгүйн улмаас мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн Кадастрын хэлтсийн  даргын  2015  оны  5  дугаар  сарын  14-ний  өдрийн  370  дугаар  шийдвэрээр цуцалсан болохыг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр тус газрын бичиг хэргээс хүлээн авч мэдсэн. 

Тус асуудлаар Ашигт малтмалын газарт 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 04 дүгээр албан бичгээр “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 6/2740 тоот мэдэгдлийг 2015 оны 6-р сарын 19-ний өдөр танай байгууллагын бичиг хэргээс хүлээж авлаа. Иймд дээрх мэдэгдлийн дагуу Хар хонхорын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн жилийн төлбөрийг хугацаа хэтрүүлсэн хоногийн алдангийн хамтаар төлөх хүсэлттэй байгаа тул хүлээн авч шийдвэрлэж өгөх талаар хүсэлт гаргасан боловч Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 6/5576 тоот албан бичгээр хүсэлтийн дагуу шийдвэрлэх боломжгүй тухай хариу ирүүлсэн. 

Мөн 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 05 тоот албан бичгээр Ашигт малтмалын газрын дарга Д.Үүрийнтуяад хүсэлт гаргасан боловч 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1/10024 тоот албан бичгээр боломжгүй талаар хариу ирүүлсэн. 

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэж заасны дагуу Ашигт малтмалын газраас тусгай зөвшөөрөл эзэмшигчид огт мэдэгдээгүй нь Ашигт  малтмалын тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Гэтэл Ашигт малтмалын газраас 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 1/10024 тоот албан бичгээр “тусгай зөвшөөрөл эзэмшигч компанид 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 6/2740 тоот албан бичгээр ашигт малтмалын 17500А дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн мэдэгдлийг хүргүүлсэн тухай” мэдэгдсэн нь үндэслэлгүй бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч огт хүлээн аваагүй, харин 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр тус газрын бичиг хэргээс хүлээн авч мэдсэн.

Мөн тус албан бичигт “Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6 дахь хэсэгт “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна” гэж заасан бөгөөд энэ хугацаанд танай компани төлбөр болон алдангийн аль алиныг нь төлөөгүй байна” гэж мэдэгдсэн нь огт үндэслэлгүй бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигчээс ашигт малтмалын 17500А дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай шийдвэрийг 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авснаас хойш буюу 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр үндсэн төлбөр 3.212.200 төгрөг, алданги 751.661 төгрөг, нийт 3.963.861 төгрөгийг төлсөн. 

Тус хуулиар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоногийн төлбөрийг алдангитай төлж болохыг хуулиар зохицуулсан байна.

Ашигт малтмалын газраас тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 370 дугаар шийдвэрээр цуцалсан тухайгаа тусгай зөвшөөрөл эзэмшигч компанид мэдэгдээгүй, үндэслэлгүй тухай нотлох баримтыг хүлээн авч хянаж үзээгүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 56.3, 56.4-т заасныг зөрчиж, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна.

Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т заасныг үндэслэн тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 370 дугаар шийдвэрийн тусгай зөвшөөрөл эзэмшигч компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож, МҮ*******0 дугаар тусгай зөвшөөрлийг сэргээж өгнө үү” гэв. 

Хоёр. Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

“...Төв аймгийн Бүрэн сумын нутагт орших “Өнжүүл-Хар” нэртэй 433.06 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын МV*******0 тоот тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 490 тоот шийдвэрээр “С*******” ХХК-д олгосон байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт “Тусгай

зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж зааснаар “С*******” ХХК нь МV*******0 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2015 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс өмнө урьдчилан төлөх ёстой байсан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар “С*******” ХХК-ийн хаягаар Тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 6/2740 тоотоор хүргүүлсэн бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төлбөр төлсөн тухайгаа нотлох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй байна.

“С*******” ХХК нь хуульд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй бол ...” гэсэн үндэслэлээр Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 370 тоот шийдвэрээр цуцалсан байна. Харин цуцалсан тухай мэдэгдлийг 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 6/3646 тоотоор хүргүүлж мэдэгдсэн байна.

Монгол Улсын дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Ашигт

малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 9 дүгээр тогтоолд “Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.4-д заасан “мэдэгдэнэ” гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр, эсхүл түүнийг утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно” гэж заасан ба “С*******” ХХК-д Тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 6/2740 тоотоор, Тусгай зөвшөөрөл цуцлалсан тухай мэдэгдлийг 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 6/3646 тоотоор мэдэгдэл хүргүүлсэн нь баримт бичиг хүлээлцэх дэвтрийн хуулбараар баталгаажиж байна.

Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т заасныг үндэслэн тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 370 дугаар шийдвэрийн тусгай зөвшөөрөл эзэмшигч компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож, “С*******” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын  МV*******0 тоот тусгай зөвшөөрлийг сэргээж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Нэхэмжлэгч “С*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “хариуцагч нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс бөгөөд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 370 дугаар шийдвэрийн тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож; “С*******” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV*******0 дугаар тусгай зөвшөөрлийг сэргээж өгөхийг Ашигт малтмалын газарт даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан  тул энэ хүрээнд маргааныг хянан хэлэлцлээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэл, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хэрэгт авсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 370 дугаар шийдвэрийн тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Төв аймгийн Бүрэн сумын нутагт орших Өнжүүл, Хар хонгор нэртэй газарт 443.06 га талбайд 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 490 дүгээр шийдвэрийг   үндэслэн ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр “С*******” ХХК-д олгосон  байх бөгөөд уг ашиглалтын тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 370 дугаар шийдвэрээр “...тусгай зөвшөөрлийн төлбөрийг ...хугацаанд нь төлөөгүй” гэсэн үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалжээ.

 

Нэхэмжлэгч “С*******” ХХК нь ашигт малтмалын ашиглалтын MV*******0 тоот тусгай зөвшөөрлийн 2 дахь жилийн төлбөрийг “хугацаанд нь” төлөөгүй, 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр нөхөн төлсөн  гэсэн үйл баримттай талууд маргаагүй бөгөөд харин:

нэгд, нэхэмжлэгч “С*******” ХХК нь “...хариуцагчаас нэхэмжлэгч компанид тусгай зөвшөөрөл цуцалсныг огт мэдэгдээгүй  нь Ашигт малтмалын тухай хуулийн 56.2 дахь хэсэгт заасан “мэдэгдэнэ” гэсэн  үүргээ хэрэгжүүлээгүй”  гэж, хариуцагч “...нэхэмжлэгчийн хаягаар “Тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдэл”-ийг 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 6/2740 тоотоор , харин “Тусгай зөвшөөрөл цуцалсан тухай мэдэгдэл”-ийг 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 6/3646 тоотоор тус тус “С*******” ХХК-д мэдэгдлийг хүргүүлсэн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан баримт бичиг хүлээлцэх дэвтрийн хуулбараар баталгаажина, ...хариуцагч хууль зөрчөөгүй.” гэж;

хоёрт, нэхэмжлэгч “...тус компанийн лицензийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Бямбажав нь 2015 оны 2 дугаар сараас эхлэн ажилдаа ирэхгүй байсан,  ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирэхгүй байсан тул ажлаас халсан. Тусгай зөвшөөрлийн хугацааг мэддэг хүн нь тэр хүн байсан, ...лицензийн асуудлыг бүхэлд нь хариуцдаг байсан учраас тусгай зөвшөөрлийн төлбөрийг хэзээ төлөх талаар мэдээлэлгүй байсан, ...төлбөр хэзээ төлөхийг мэдэхгүй байсан учраас хуулийн хугацаанд төлж чадаагүй,  ...иймд цуцалсан гэдгийг тухайн үед мэдэх боломжгүй байсан нь ...хүндэтгэн үзэх шалтгаан гэж ойлгож байна ” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...хүндэтгэн үзэх шалтгаан бус, ...уг тусгай зөвшөөрлийг хуулийн этгээдэд олгосон бөгөөд хэзээ төлбөр төлөхөө мэдэх үүрэг нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул “С*******” ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуульд заасан журмын дагуу цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй.” гэж маргажээ. 

1.1. Нэхэмжлэгч “С*******” ХХК-ийн “хүндэтгэн үзэх шалтгаан”-ы улмаас тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй гэх маргааны тухайд: 

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 34.6-д “…заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна”, 34.7-д “энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл ...тусгай зөвшөөрлийг цуцална” гэж тус тус зааснаас үзэхэд нэхэмжлэгч “С*******” ХХК нь өөрийн эзэмшлийн MV*******0 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2015 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс өмнө урьдчлан төлөх үүрэгтэй, энэ хугацааг алданги төлсний үндсэн дээр 30 хүртэл хоногоор хэтрүүлэх хууль зүйн боломжтой бөгөөд 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн дотор тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд Ашигт малтмалын тухайн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс тусгай зөвшөөрлийг цуцлах үүрэгтэй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан “...урьдчилан төлөх” зохицуулалтын агуулгыг маргааны үйл баримтад холбогдуулан тайлбарлавал, тусгай зөвшөөрөл эзэмшигч “С*******” ХХК нь тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрийг 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд хэдийд ч төлөх боломжтой байсан гэж үзэх үндэслэлтэй болно. Тодруулбал, уг заалт нь Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан “тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг хадгалах” хууль зүйн үүрэгтэй холбоотой зохицуулалт юм. 

Нэхэмжлэгч “С*******” ХХК-ийн лиценз хариуцсан менежер Б.Бямбажав нь 2015 оны 02 дугаар сараас эхлэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй тул тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хэзээ төлөхийг мэдээгүй, энэ хүн л мэддэг гэх тайлбар, мөн хэрэгт нотлох баримтаар авагдсан “С*******” ХХК-ийн захирал Б.Бат-Оюуны 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаар тушаалаар  “...Б.Бямбажав нь 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан тул хөдөлмөрийн гэрээг цуцалсугай.” гэсэн баримтаас дүгнэхэд дээр дурдсан шалтгаан нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийг тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуульд заасан хугацаанд нь төлөх үүргээс чөлөөлөх “хүндэтгэн үзэх шалтгаан” мөн гэж дүгнэх хууль зүйн үндэслэл болохгүй юм.

Харин ч нэхэмжлэгчээс үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан гэсэн үндэслэлээр лиценз хариуцсан менежер Б.Бямбажавыг уг компанийн ашигт малтмалын ашиглалтын MV*******0 тоот тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдэхээс нэг сарын өмнө хөдөлмөрийн гэрээг цуцалсан болох үйл баримт хэрэгт авагдсан дээрх баримтаар тогтоогдож байна. 

Мөн Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д “хүндэтгэн үзэх шалтгаан”-ыг заасан байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан Б.Бямбажавтай холбоотой тайлбар, түүний Хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай 2015 оны 02 дугаар тушаал болон тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2015 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн дотор төлөх ёстой байтал 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр төлж, хуулиар тогтоосон хугацааг 79 хоногоор хэтрүүлсэн байх үйл баримтууд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байх тул Татварын ерөнхий хуульд заасан “хүндэтгэн үзэх шалтгаан” энэ тохиолдолд хамаарахгүй.

Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөөгүй, ийнхүү төлөөгүй учир шалтгаан нь тухайн үед тодорхойгүй байсан байхад хариуцагч Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж, тусгай зөвшөөрлийг цуцалсныг буруутгах үндэслэлгүй байна.

1.2. Нэхэмжлэгч “С*******” ХХК-ийн “...хариуцагчаас тусгай зөвшөөрөл цуцалсныг мэдэгдээгүй, “мэдэгдэнэ” гэсэн хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй” гэх маргааны тухайд:

Нэхэмжлэгч “С*******” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуульд заасны дагуу жил бүр төлөх үүргээ биелүүлээгүйгээс Ашигт малтмалын 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7-д заасны дагуу тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөөгүй нь нэхэмжлэгчийн өөрийн хариуцлагагүй үйл ажиллагаанаас хамаарсан буюу хуульд заасан эрх, үүргээ шударгаар хэрэгжүүлээгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна. 

Учир нь Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуульд заасан хугацааны дотор төлөх үүрэгтэй, уг үүргийг зөрчсөн нь тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болох талаар Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан байх тул тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүйгээс үүсэх эрх зүйн үр дагаврыг нэхэмжлэгч “мэдээгүй” гэх үндэслэл хэрэгт нотлох баримтаар авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна. 

Мөн хариуцагчаас 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч “С*******” ХХК-д тусгай зөвшөөрөл эзэмшигч болсонтой холбоотой хүлээх үүрэг, үүсэх хууль зүйн үр дагаврыг мэдэгдсэн Мэдэгдлийг  хүлээлгэн өгсөн байна. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбараар “...тус хаяг нь “С*******” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч буюу С.Энхболдын гэрийн хаяг, ... /бөгөөд/ тухайн өдөр ямар нэг байдлаар гэртээ байхгүй байсныг үгүйсгэх аргагүй  боловч хариуцагчийн шуудангаар явуулсан 2015 оны 6/2740, 6/3646 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгүүдийг тухайн цаг хугацаанд тус тус гардаж аваагүй, харин 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээж авсан  бөгөөд нэхэмжлэгчид хугацаанд нь мэдэгдлүүдийг хүлээлгэн өгөх үүргээ хариуцагч биелүүлсэн бол тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөх боломжтой байсан  гэж маргаж байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл хариуцагч захиргааны байгууллагыг “...мэдэгдэх үүргээ биелүүлээгүй” гэж буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “С*******” ХХК-ийн нэхэмжлэлдээ хавсарган ирүүлсэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ  болон хэрэгт нотлох баримтаар авагдсан Хуулийн этгээдийн тодорхойлолт  зэргээс үзвэл:

нэхэмжлэгч нь “Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 45-99 тоот” гэсэн хаягаар бүртгэгдсэн, мөн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бүртгэлд  дээрх хаягийг хууль ёсны хаяг гэж тус тус бүртгүүлсэн болох нь тогтоогдож байна. 

Иймд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн “...тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрөө төлөх..., .../төлөөгүй тохиолдолд/ тусгай зөвшөөрөл цуцлагдах” талаар мэдэгдсэн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 6/2740 дугаар албан бичиг  болон 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн “...тусгай зөвшөөрлийн төлбөрийг ...алдангийн хамт төлөөгүй .../тул/ тусгай зөвшөөрлийг цуцалсныг мэдэгдэх” талаар мэдэгдсэн “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” 6/3646 дугаар  албан бичгүүдийг тус тус нэхэмжлэгч “С*******” ХХК-нд дээр дурдсан хаягаар хариуцагчаас шуудангаар хүргүүлсэн  нь хэрэгт нотлох баримтаар авагдсан баримтуудаар нотлогдож байна.

Харин “Монгол шуудан” ХК-иас шүүхэд ирүүлсэн албан бичигт “...Ашигт малтмалын газраас ...”С*******” ХХК, БГД-ийн 18-р хороо, 45-р байр, 99 тоот” гэсэн хаягаар ...бүртгэлийн дугаартай албан бичиг илгээсэн байна. Заасан хаягт ийм компани байхгүй тул ...бичиг хэргийн ажилтан н.Ариунаад буцаан гардуулсан болно.”   гэжээ. 

Түүнчлэн нэхэмжлэгч “С*******” ХХК-ийн захирал Б.Бат-Оюунаас 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Ашигт малтмалын газарт хандсан “...танай байгууллагаас манайд явуулсан 2015.04.20-ны өдрийн 6/2740 тоот мэдэгдлийг хаягийн зөрүүтэй байдлаас болон авч чадаагүй байсныг 2015.06.19-ний өдөр авсан болно. ...” гэсэн 04 дүгээр албан бичиг  болон хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбаруудаас дүгнэхэд:

Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ” гэж заасан, нэхэмжлэгч “С*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бат-Оюун нь хаягийн зөрүүтэй байдал болон хэрэв тусгай зөвшөөрлийн ээлжит төлбөр төлөх хугацааны дотор өөр хаяг дээр байх тохиолдолд энэ талаар төрийн захиргааны байгууллагад мэдэгдэх үүрэгтэй тул хариуцагч захиргааны байгууллагыг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, 56.4-т заасныг тус тус зөрчсөн гэж үзэхээргүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “С*******” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг эдлэхээс гадна, мөн хуулийн 35 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүргийг биелүүлэх болон тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх үүргийг хангаж ажилласнаар Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тусгай зөвшөөрөл эзэмших эрхээ хадгалах” нөхцөлтэй тул нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрөө Ашигт малтмалын тухай хуулийн  34 дүгээр зүйлийн 34.2, 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд төлөөгүй, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан үүргийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байх тул хариуцагчийн маргаан бүхий 2015 оны 370 дугаар шийдвэр нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх хууль ёсны үндэслэл тогтоогдохгүй байна.

Хоёр. “С*******” ХХК-ийн  ашигт малтмалын ашиглалтын MV*******0 дугаар тусгай зөвшөөрлийг сэргээж өгөхийг Ашигт малтмалын газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Нэхэмжлэгч “С*******” ХХК-ийн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, 56.4 дэх хэсэгт заасан заалтыг хариуцагч зөрчиж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэсэн нэхэмжлэлд дурдсан хууль зүйн үндэслэлээр хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийг буруутгах; мөн энэ үндэслэлээр Төв аймгийн Бүрэн сумын нутагт орших Өнжүүл, Хар хонгор нэртэй 443.06 га талбайд ашигт малтмалын ашиглалтын MV*******0 дугаартай тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмалын газарт даалгах хууль зүйн үндэслэлгүй болно. 

Иймд нэхэмжлэгч “С*******” ХХК нь хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбар, Үндэслэх хэсгийн нэгийн 1.1, 1.2-т дурдсан хууль зүйн үндэслэлээр Ашигт малтмалын тухай хуульд заасан эрх, үүргээ шударгаар хэрэгжүүлээгүй, мөн тусгай зөвшөөрөл эзэмших эрхээ хадгалах үүргээ “хүндэтгэн үзэх шалтгаангүй”-гээр биелүүлээгүй байна гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7, 35 дугаар зүйлийн 35.12, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг тус тус баримтлан “С*******” ХХК-ийн гаргасан “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 370 дугаар шийдвэрийн уг компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож, “С*******” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын МV*******0 дугаар тусгай зөвшөөрлийг сэргээж өгөхийг Ашигт малтмалын газарт даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48.1, Улсын  тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Л.ӨЛЗИЙСАЙХАН