2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 192/ШШ2026/01927

 

 

 

 

 

2026 02 12 192/ШШ2026/01927

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Дадал сум, ... дүгээр баг, Баян-Овоо, Цагаан булаг ...дүгээр гудамж, ...тоот хаягт оршин суух, ....ургийн овогт А.Т /РД:..../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн ...дугаар хороо, Хангайн ...дүгээр гудамж, ...тоот хаягт оршин суух, ....ургийн овогт А.У /РД:..../-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: А.Х хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн газар, хувийн сууцыг чөлөөлүүлэх тухай А.Т үндсэн нэхэмжлэл, Газар болон хувийн сууцын хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох тухай хариуцагч А.Х сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У , хариуцагчийн өмгөөлөгч Б.Д нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

1.1. А.Т миний бие Сонгинохайрхан дүүргийн **дугаар хороо, Хангайн **дүгээр гудамжны **тоот дахь 689 м.кв талбайтай, нэгж талбарын ***дугаартай, гэр бүл, орон сууцны хашааны зориулалттай газар болон тус газар дээрх Ү-*** улсын бүртгэлийн дугаартай 273 м.кв талбай бүхий хувийн сууцны хууль ёсны өмчлөгч юм. Төрсөн ах А.Х гуйлтаар түүнийг өөрийн гэсэн орон байртай болтол нь уг хашаа байшиндаа түр хугацаагаар амьдрахыг зөвшөөрсөн. Хашаанд миний өөрийн эд хогшил, агуулах сав байдаг.

1.2. Би хөдөө аж ахуйн чиглэлээр тэжээл тарих зэргээр ихэнхдээ хөдөө байдаг тул хашаандаа ирж агуулах сав зэргээс эд зүйлээ авах гэхээр ах А.Х намайг оруулахгүй хөөж туун, айлган сүрдүүлдэг болсон. Ахтайгаа хэл амаа олох гэж хичээсэн ч хашаа байшинг чөлөөлж өгөхгүй хохироож байгаа тул А.Х хууль бус эзэмшлээс уг хөрөнгийг чөлөөлүүлэхээр шаардаж байна.

1.3. Уг газар болон хувийн сууц нь А.Т өмчлөлд бүртгэлтэй, одоогоор Хаан банк ХК-ийн барьцаанд бүртгэгдсэн байгаа. Хуулийн дагуу өмчлөх эрхтэй хөрөнгөө эзэмшихэд хариуцагч саад учруулж байгаа учир Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар шаардлааг гаргаж байгаа...гэв.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын үндэслэл:

2.1. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлд дурдсан хашаа, газрыг А.Т зээлийн барьцаа хүрэхгүй тул өвчтэй аав, ээжийг хүчээр дагуулан авч явж өөртөө шилжүүлж аваад банкны барьцаанд тавьсан. Аав минь энэ хаяг дээр оршин сууж байгаад 2020 оны 07 дугаар сард гэнэт бурхан болоод, ээжийн хүсэлтээр энэ гал голомтыг цаашид авч явахаар А.Х би энэ хаяг дээр амьдарч ирсэн.

2.2. А.Т өөс хашаа, газрыг буцаан авахад төлөөлөх итгэмжлэлийг ах Д.М эд ээж минь нотариатаар ороод өгч байсан ба А.Т эзэмшлийг дуусгахаар шилжүүлж авахаар шаардах байсан. Гэвч бидэнд зээлээс чөлөөлж өгөхгүй байсаар өв залгамжлалын 1 жилийн хугацааг өнгөрүүлж, дан ганц өөртөө шилжүүлж авсныг бид сүүлд мэдсэн. Энэ хашаа газар ганц А.Т эзэмшил биш, хууль бусаар эзэмшилдээ авсан учир би чөлөөлж өгөх үндэслэлгүй.

2.3. Уг хашаа байшинг А.Х шударгаар эзэмшиж байгаа. Харин нэхэмжлэгч А.Т анхнаасаа дүр үзүүлсэн хүчин төгөлдөр бус хэлцэл хийж, үүний үндсэн дээр өмчлөх эрхийг шилжүүлж авсан учир А.Х эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхгүй...гэв.

3. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

3.1. Сонгинохайрхан дүүргийн **дугаар хороо, Хангайн **дүгээр гудамж **тоот хаягт байрлах 689 м.кв талбайтай, ***нэгж талбарын дугаартай газрыг анх 2000 онд миний аав П.А , ээж А.Д нар 380,000 төгрөг, А.Х миний бие 170,000 төгрөгийг тус тус нийлүүлж 550,000 төгрөгөөр худалдан авч, тус газар дээр одоо байгаа Ү-*** улсын бүртгэлийн дугаартай 273 м.кв хувийн сууцыг төрсөн ах Д.М барьж өгөөд миний бие аав, ээжийн хамт амьдарч ирсэн.

3.2. Ээж А.Д маань амьд сэрүүн үедээ төрсөн ах дүүс болон том ах Д.М , Д.Б , Д.Т , Д.О нарт А.Х надад энэ газар, орон сууцыг өвлүүлж үлдээхийг захиж, Д.М ахад итгэмжлэл хийж үлдээсэн боловч өвийн хугацааг хэтрүүлснээс болж газрыг А.Т нэрээс шилжүүлж авч чадаагүй.

3.3. А.Т банкнаас зээл авахын тулд газрыг ээж ааваас шилжүүлэн авч, банкны барьцаанд тавьж зээл авсан. Түүнээс биш А.Т нь газар, орон сууцны хууль ёсны өмчлөгч биш, ашиглаж эзэмшиж байгаагүй, газар өмчлөх болон үл хөдлөх хөрөнгийг бүтээн байгуулахад хөрөнгө гаргаагүй, амьдарч байгаагүй, зөвхөн зээл авахын тулд өөрийн нэр дээр түр шилжүүлж авсан учраас тийнхүү шилжүүлж авсан гэрээ нь дүр үзүүлж хийсэн хэлцэл юм. Иймд А.Х намайг тухайн газар, хувийн сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү...гэв.

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар, татгалзлын үндэслэл:

4.1. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тус Сонгинохайрхан дүүргийн **дугаар хороо, Хангайн **дүгээр гудамж **тоот дахь 689 м.кв талбайтай, нэгж талбарын ***дугаартай гэр бүл, орон сууцны хашааны зориулалттай газар, 273 м.кв талбайтай хувийн сууцны хууль ёсны өмчлөгч А.Т би бөгөөд энэ хөрөнгө надад хуулийн хүрээнд шилжиж ирсэн.

4.2. Өөрийн ах А.Х эхнэрээсээ салсан, өөрийн гэсэн орон гэргүй байна, ахдаа туслаарай гэхээр нь тус хашаа байшиндаа сууж байгаад өөрийн гэсэн орон байртай болтол нь түр хугацаанд амьдарч байхыг зөвшөөрсөн. Энэ хашаанд миний өөрийн эд хогшил, агуулах сав цөм байдаг. Сөрөг нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү...гэв.

5. Нэхэмжлэгч талын гаргасан баримтууд: А.Т иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-3/, Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа /хх-4-5/, Газар эзэмших эрхийн лавлагаа /хх-6/, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж /хх-7/,

6. Хариуцагч талын гаргасан баримтууд: А.Х иргэний үнэмлэхийн хуулбар /хх-21/, А.Д гоос Д.М эд олгосон итгэмжлэлийн хуулбар /хх-22/, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025.05.20-ны өдрийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-23/, Д.М ийн тодорхойлолт /хх-42-43, 49-50/, А.О тодорхойлолт /хх-48/, Төрөл садангийн лавлагаа /хх-51-54/, Д.Б ын тодорхойлолт /хх-55/

7. Шүүхээс бүрдүүлсэн баримтууд: Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-66-69/

ҮНДЭСЛЭХ нь:

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч А.Т нь хариуцагч А.Х холбогдуулан, Сонгинохайрхан дүүргийн **дугаар хороо, Хангайн **дүгээр гудамж **тоот хаягт байрлах 689 м.кв талбайтай, нэгж талбарын ***дугаартай гэр бүл, орон сууцны хашааны зориулалттай газар, 273 м.кв талбайтай хувийн сууц үл хөдлөх хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардсан.

2. Хариуцагч А.Х нэхэмжлэлийг эс зөвшөөрч, тухайн газар, хувийн сууцны шударга эзэмшигч учир чөлөөлөхийг хүлээн зөвшөөрөхгүй, А.Т түр хугацаагаар банкнаас зээл авах зорилгоор дүр үзүүлэн хэлцэл хийж өмчлөлдөө шилжүүлэн авсан, шударга өмчлөгч биш учир шаардах эрхгүй гэх агуулгаар тайлбарлан маргаж байна.

3. Хариуцагч А.Х нь нэхэмжлэгч А.Т өд холбогдуулан сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндсэн нэхэмжлэлд дурдагдсан маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө болон газрын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохоор шаарджээ.

4. Нэхэмжлэгч А.Т сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ хүчин төгөлдөр гэрээний дагуу, хуулийн хүрээнд миний өмчлөлд шилжсэн гэж тайлбарлан маргасан.

5. Талууд маргаан бүхий газар, хувийн сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч бүртгэгдсэн болон эдгээр хөрөнгүүдийг хариуцагч эзэмшилдээ байлгаж, гэр бүлийн хамт амьдарч байгаа, уг хөрөнгө Хаан банк ХК-тай А.Т байгуулсан зээлийн гэрээний барьцаанд байгаа зэрэг үйл баримтын талаар маргаагүй. Харин газар болон хувийн сууцны хууль ёсны өмчлөгч хэн байх, хариуцагч уг газар, хувийн сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа эсэх талаар маргаантай байна.

6. Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчдоос гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

6.1. Сонгинохайрхан дүүргийн **дугаар хороо, Хангайн **дүгээр гудамж **тоот хаягт байрлах 689 м.кв талбайтай, нэгж талбарын ***дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байрлах 273 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаартай хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр анх 2008.04.14-ний өдөр А.Д , П.А нар бүртгэгджээ.

6.2. Улмаар 2019.04.04-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээний дагуу өмчлөх эрх тэдний хүү А.Т өд шилжиж, 2022.06.03-ны өдөр Н.БатБ хамтран өмчлөгчөөр бүртгэгдэн, 2022.08.02-ны өдөр хөрөнгийн хамтран өмчлөгчөөс Н.БатБ хасагдаж, энэ өдрөөс эхлэн А.Т өмчлөгчөөр бүртгэгдсэн байна.

6.3. Маргаан бүхий газар, хувийн сууцыг хариуцагч А.Х 2000 оноос хойш эзэмшиж, амьдарч байгаа талаар хариуцагч тал тайлбарлан, өөрийн төрсөн ах Д.М , А.О , Д.Б нарын тодорхойлолт, төрөл садангийн лавлагаа, ээж А.Д гоос хүү Д.М эд олгосон итгэмжлэл зэргийг нотлох баримтаар гаргасан.

6.4. Нэхэмжлэгч А.Т 2022.08.02-ны өдрөөс хойш өөрийн өмчлөлийн хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс шаардсан гэх байдал хэрэгт цугларсан баримтын хүрээнд тогтоогдгохгүй бөгөөд өөрийн өмчлөлийн хөрөнгийг 2025.01.29-ний өдрөөс Хаан банк ХК-д барьцаалсан болох нь Улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн лавлагаагаар тогтоогдож байна.

Үндсэн нэхэмжлэл:

7. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж зааснаар А.Т нь улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн өөрийн өмчлөлийн газар, хувийн сууцыг өөрийн ах, хариуцагч А.Х хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардсан.

7.1. Иргэний хуулийн 1**дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан ба хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт заасны дагуу улсын бүртгэлд бүртгэгдсэнээр Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгэгдсэнээр баталгаажна.

7.2. Нэхэмжлэгч А.Т 2019.04.14-ний өдөр маргаан бүхий газар, хувийн сууцны өмчлөгч, өөрийн эцэг П.А , эх А.Д нартай худалах, худалдан авах гэрээ байгуулж, газар болон хувийн сууцны өмчлөх эрхийг шилжүүлж авсан болох нь улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгч нь хуульд заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээний дагуу маргаан бүхий газар, хувийн сууцны өмчлөх эрхийг шилжүүлж авсан байх тул өөрийн өмчлөлийн хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

7.3. Хариуцагч А.Х 2000 оноос хойш дээрх газар, хувийн сууцыг эзэмшилдээ байлган, амьдарч байгаа талаар тайлбарлаж, өөрийн төрсөн ах Д.М , А.О , Д.Б нарын тодорхойлолт, төрөл садангийн лавлагаа, А.Д гоос Д.М эд олгосон итгэмжлэл зэргийг нотлох баримтаар гаргасан. Гэвч эдгээр баримтуудаар А.Х тухайн газар, хувийн сууцанд 2000 оноос хойш эзэмшилдээ байлгаж байгаа, А.Х нь эцэг П.А , эх А.Д нараас өвлөж авсан гэх хариуцагч талын тайлбар нотлогдохгүй байна.

7.4. Хариуцагч талаас нотлох баримтаар гаргасан 2020.10.05-ны өдрийн итгэмжлэлээр А.Д нь өөрийн нэхэмжлэлтэй А.Т өд холбогдох Сонгинохайрхан дүргийн иргэний хэрэгт нэхэмжлэгч талыг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг 3 жилийн хугацаатай олгожээ. /хх-22/

Энэ баримтаар тухайн маргаан бүхий газар, хувийн сууцыг А.Д нь А.Х өвлүүлэхээр олгосон итгэмжлэл гэж үзэх боломжгүй тул уг баримтыг үндэслэн гаргасан хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

7.5. Дээрх үндэслэлээр хариуцагч А.Х маргаан бүхий газар, хувийн сууцыг шударгаар эзэмшиж байгаа гэх тайлбар, татгалзлаа нотлоогүй тул түүний эзэмшлээс газар, хувийн сууцыг чөлөөлүүлэхээр нэхэмжлэгч А.Т шаардах эрхтэй.

Сөрөг нэхэмжлэл:

8. Хариуцагч А.Х сөрөг нэхэмжлэлээр нэхэмжлэгч А.Т ийг 2019.04.18-ны өдөр П.А , А.Д нартай дүр үзүүлсэн, хүчин төгөлдөр бус худалдах, худалдан авах гэрээ байгуулж өмчлөх эрхийг шилжүүлж авсан, А.Х хөрөнгийг өвлүүлэхээр ээж А.Д гоос ах Д.М эд итгэмжлэл олгож, бусад ах дүү нарт захиж үлдээсэн, 2000 оноос хойш эзэмшилдээ байлган амьдарч байгаа учир А.Х шударга өмчлөгч болно гэх агуулгаар тайлбарлан, маргаан бүхий газар, хувийн сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардсан.

8.1. Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна гэж заасан. Хуульд заасны дагуу тухайн эзэмшигч болон өмчлөгчийн хооронд эрх зүйн харилцаа үүссэн байхыг шаардахын зэрэгцээ өмчлөгчийн зөвшөөрлөөр **буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашигласан байх шаардлагатай.

8.2. Нэхэмжлэгч А.Т 2019.04.18-ны өдрөөс эхлэн өмчилсөн өөрийн хөрөнгийг хариуцагч А.Х эзэмшүүлж байсан талаар тайлбарласан ба түүний эзэмшлээс чөлөөлүүлэхээр 2025.10.09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж шаардсан. Үүнээс өмнө буюу 2000 оноос эхлэн эзэмшилдээ байлгасан гэх хариуцагчийн тайлбар баримтаар нотлогдохгүй байна. Иймд Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасны дагуу өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан А.Т өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн **дугаар хороо, Хангайн **дүгээр гудамж **тоот хаягт байрлах 689 м.кв газар, тус газарт байрлах 273 м.кв талбайтай хувийн сууцыг тус тус хариуцагч А.Х хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

2. Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн **дугаар хороо, Хангайн **дүгээр гудамж **тоот хаягт байрлах 689 м.кв газар, тус газарт байрлах 273 м.кв талбайтай хувийн сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай хариуцагч А.Х нэхэмжлэгч А.Т өд холбогдуулж гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Х 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Т өд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА