| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2024/08084/И |
| Дугаар | 192/ШШ2026/01928 |
| Огноо | 2026-02-12 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 192/ШШ2026/01928
2026 02 12 192/ШШ2026/01928
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүгч Н.Батчимэг, Ш.Оюунтуул нарын бүрэлдэхүүнтэй, иргэдийн төлөөлөгч Э.Баттулгыг оролцуулан, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ...дугаар хороо, Дөрвөн уулын цэцэрлэг хороолол, ...дүгээр байрны ...тоот хаягт оршин суух, Жинчин ургийн овогт Ж.Б /РД:..../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн ...дүгээр хороо, Зүүн ард аюуш ..., ....тоот хаягт байрлах Л ХХК /РД:..../-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 10,799,929 /арван сая долоон зуун ерэн есөн мянга есөн зуун хорин есөн/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батзориг, нөхэмжлэгчийн өмгөөлөгч У.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга, хариуцагчийн өмгөөлөгч Б.Цэнд-Очир нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл:
1.1. Ж.Б би Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, **** тоотод оршин суугч бөгөөд Т захын урд №435 тоот автомашины гаражтай байсан. Энэ гаражийг 1993 онд Дүүргийн Өмч хувьчлалын комиссоос иргэн П.М №09 дугаартайгаар өмчлүүлж, үүнийг нь миний нөхөр Э.Б 1998 онд 1,500,000 төгрөгөөр худалдан авч, өнөөг хүртэл эзэмшиж, өмчилж ирсэн. Гэтэл Л ХХК нь өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр, намайг эзгүй байхад мэдэгдэлгүйгээр тухайн гаражийг нураасан нь миний өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдаж, бодитой хохирол учруулсан, хууль тогтоомжийг зөрчсөн ноцтой үйлдэл гэж үзэж байна.
1.2. Нэхэмжлэл гаргахад гаражийн зах зээлийн үнэлгээ 40-50 сая төгрөг байсан учраас хариуцагчаас 50,000,000 төгрөгийн хохирол шаардсан. Энэ нэхэмжлэлээ А хөрөнгө үнэлгээ ХХК-иар тогтоолгосон үнэлгээний тайлангаар тогтоогдсон үнэ болох 10,799,929 төгрөг болгон багасгаж байгаа. Иргэний хуулийн 90 дүгээр зүйл, 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар нэхэмжлэгч нь шударга эзэмшигч гэж үзэж байгаа. Б.Б нас барсны дараа эхнэр Ж.Б уг гаражийг өвлөн авч, эзэмшиж ирсэн. Тиймээс өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр гаражийг нураасан учир хохирлыг Л ХХК хариуцах ёстой...гэв.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын үндэслэл:
2.1. Нэхэмжлэлд дурдаж байгаа гараж бүхий газар нь манай компанийн эзэмшил бөгөөд бид хууль ёсны дагуу тухайн газар дээр барилга барих зөвшөөрөлтэй тул өөрийн эзэмшлийн газрыг чөлөөлөх үүднээс хэн нэгний өмчлөлийн биш гаражуудыг буулгасан. Харин нэхэмжлэгч Ж.Б нь яаж тухайн гаражийн өмчлөгч болсон нь тодорхойгүй, гаражийг яаж үнэлээд 50,000,000 төгрөгийн дүн гаргаад байгаа нь тодорхойгүй байхад шүүхэд худал утга агуулга бүхий ойлгомжгүй нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй.
2.2. Мөн гаражийг буулгахдаа бичлэг хийсэн ба тухайн үед гараж нь ямар нэг эд хөрөнгөгүй, хоосон байсан. Нэхэмжлэгч тал 20-30 жил ашигласан учраас үнийг нэхэх ёстой гэж байна. Хууль зүйн үндэслэлгүй нэхэмжллэл гаргаж шаардаж байгааг хүлээн авах боломжгүй. Манай компани Нийслэлийн засаг даргын 2023.10.25-ны өдрийн А/1245 дугаар захирамжаар газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрх олгогдсон. Хэрэгт баримт байхгүй байгаа ч гаражийн хаалган дээр чөлөөлөх тухай бичиг нааж мэдэгдсэн.
2.3. Манай байгууллага газрыг эзэмшиж эхэлснээс хойш тухайн газарт байрлах хууль бус гаражуудыг нурааж чөлөөлүүлэхээр Газрын албанд хандахад манайд хариу өгөхдөө газар эзэмшигч өөрөө газраа хамгаалах, арчлах үүрэгтэй гэх агуулга бүхий хариу өгсөн. Үүнээс хойш бид гараж эзэмшигч хүмүүстэй уулзаж, заримтай нь тохиролцоод явсан. Гэтэл нэхэмжлэгч нь бидэнтэй уулзалгүй, бүтэн жилийн дараа нэхэмжлэл гаргасан байгаа. Энэ хугацаанд бид зөндөө хүлээсэн.
2.4. Хөрөнгө эзэмшигч мөн бол хуулийн дагуу шударгаар эзэмшиж ашиглаж байгаа гэдгээ нотлох үүрэгтэй. Нотлоогүй байж өөр хүний эзэмшиж байсан хөрөнгийг үнэлүүлсэн харагдаад байна. Учир нь А хөрөнгийн үнэлгээ ХХК-ийн үнэлгээ хийлгэх захиалагч нь Ж.Б биш, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батзориг байна. Мөн үнэлгээ хийх үед гараж байхгүй болсон байсан бөгөөд зураг хараад үнэлгээ хийж болохгүй. Гараж нь үл хөдлөх хөрөнгө учраас улсын бүртгэлд бүртгэгдсэнээр өмчлөх эрх тодорхой болох хуулийн заалттай. Нэхэмжлэгч нь тухайн газрын эзэмшигч биш, харин хариуцагч эзэмшигч гэдэг нь тогтоогдож байгаа.
2.5. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу хариуцагч зориулалтын дагуу газраа эзэмшиж, ашиглаж байгаа. Гаражийг буулгах ажиллагаа 2024-2025 онуудыг дамнаж явагдсан. Тиймээс гараж буулгаж байгааг нэхэмжлэгч мэдэгдэх боломжтой, нийтэд илэрхий үйл баримт байсан. Иймд бид Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байна. Бид нэхэмжлэгчид гэм хор учруулаагүй...гэв.
3. Нэхэмжлэгч талын гаргасан баримтууд: Ж.Б ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-4/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар /хх-5/, Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны засаг даргын 1998.07.06-ны өдрийн тодорхойлолт, №9 тоот гараж худалдах гэрээний хуулбар /хх-6/, Эрхийн гэрчилгээ №499 гэх баримт /хх-7/, Э.Б нас барсны гэрчилгээ, Э.Б , Ж.Б нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-35/, А хөрөнгө үнэлгээ ХХК-ийн 2025.05.19-ний өдрийн ҮХХ-125/912300 тоот үнэлгээний тайлан /хх-69-83/,
4. Хариуцагч талын гаргасан баримтууд: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-10/, Аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээ /хх-11, 53-55/, Газрын кадастрын зураг /хх-12/, Л ХХК-ийн Баянгол дүүргийн газрын албатай байгуулсан 2023.11.16-ны өдрийн Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хуулбар /хх-56-59/, Л ХХК-иас Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн 2023.12.18-ны өдрийн 8 тоот албан бичгийн хуулбар /хх-60-61/, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2023.12.28-ны өдрийн 01-10/7271 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар /хх-62/, Л ХХК-ийн гаргасан газар тэгшлэхтэй холбоотой гарсан зардлууд /хх-84/, фото зураг /хх-85/,
5. Шүүхээс бүрдүүлсэн баримтууд: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025.03.17-ны өдрийн 1752 дугаар захирамжийн хуулбар /хх-93-94/, мөн шүүхийн 2025.07.30-ны өдрийн 0535 дугаар шийдвэрийн хуулбар /хх-134-152/, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.11.06-ны өдрийн 0710 дугаар магадлалын хуулбар /хх-153-156/
6. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт: Ж.Б нь уг гаражийг 27 жил ашигласан байна. Хариуцагч нь нэхэмжлэгчид дор хаяж 3 удаа мэдэгдсэн байх шаардлагатай. Үүнийг Ж.Б мэдээгүй байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэж байна...гэв.
Хэрэгт цугларсан бичгийн баримтууд, зохигч талын тайлбар, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг нэгтгэн дүгнээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
1. Нэхэмжлэгч Ж.Б хариуцагч Л ХХК-д холбогдуулан өмчлөлийн авто гаражийг нь зөвшөөрөлгүй нурааж хохирол учруулсан тул хохиролд 50,000,000 төгрөг гаргуулахаар шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг 10,799,929 төгрөг болгон багасгажээ.
2. Хариуцагч Л ХХК нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, нураагдсан авто гараж байрлаж буй газар тус компанийн эзэмшлийнх бөгөөд гаражийг нураах талаар мэдэгдсэн, нэхэмжлэгч гаражийн өмчлөгч болохоо нотлоогүй, гараж нураасан нь хариуцагчийн гэм буруугаас болоогүй гэх агуулгаар тайлбарлан маргаж байна.
3. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс Л ХХК-ийг гараж нураах талаар нэхэмжлэгч Ж.Б т мэдэгдээгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэсэн.
4. Хэргийн үйл баримт:
4.1. Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хорооллын хүнсний захын урд байрлах тоосгон гаражуудын №9 тоот гаражийг М.Ч нь тус хорооны иргэн Э.Б д 1998.06.08-ны өдөр 1,050,000 төгрөгөөр худалдаж, гэрээг талууд бичгээр байгуулсан байна. Тус хорооны засаг даргаас 1998.07.16-ны өдөр тодорхойлолт гаргаж, Э.Б **** тоот хаягт оршин суудаг, хүнсний захын урд байрлах №09 дугаар гаражийг худалдаж авсан болохыг мөн тодорхойлсон байна.
4.2. Гаражийг худалдаж авсан иргэн Э.Б нь нэхэмжлэгч Ж.Б ийн нөхөр байсан бөгөөд 2010.04.26-ны өдөр нас баржээ. Тухайн нураагдсан гаражийн зах зээлйн үнэлгээ 10,799,929 төгрөг болохыг А хөрөнгө үнэлгээ ХХК үнэлсэн.
4.3. Тухайн гараж байрлаж байсан Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, Таван-Эрдэнэ захын урд байрлах, нэгж талбарын ****дугаартай 1,100 м.кв газрыг Л ХХК-д Нийслэлийн засаг даргын 2023.10.25-ны өдрийн А/1245 тоот захирамжаар автомашины гаражийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, эрхийн улсын бүртгэлийн Э-****дугаарт бүртгэн гэрчилгээ олгосон байна. /хх-53-59/
4.4. Л ХХК нь өөрийн эзэмшлийн газар дээрх зөвшөөрөлгүй баригдсан гаражуудыг албадан буулгаж, газар чөлөөлж өгөхийг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас хүссэн байх бөгөөд тус албанаас хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй тухай хариу хүргүүлснээр Л ХХК 2024-2025 оны хооронд өөрийн зардлаар гаражуудыг нурааж, нийт 81,239,900 төгрөгийн зардал гарсныг тооцсон байна. /хх-60-62, 84/
4.5. Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны 13 иргэнээс Нийслэлийн засаг дарга, Хот байгуулалт, Хотын стандартын газарт холбогдуулан Л ХХК-д газар эзэмших эрх олгосон 2023.10.25-ны өдрийн А/1245 дугаар захирамжийн холбогох хэсгийг хүчингүй болгуулах, 2024.06.17-ны өдрийн 2024/00-220 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг буюу Л ХХК-д газар эзэмших эрх олгосон Нийслэлийн засаг даргын захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар шийдвэрийн энэ хэсгийг хэвээр үлдээжээ. /хх-134-155/
5. Зохигч талууд тухайн нураагдсан авто гараж байрлаж байсан газар хариуцагчийн эзэмших эрхтэй газар мөн бөгөөд гаражуудыг хариуцагч нураасан зэрэг үйл баримтын талаар маргаагүй. Харин нэхэмжлэгч нь нураагдсан гаражийн хууль ёсны өмчлөгч, эзэмшигч мөн байсан эсэх, гаражийг нураах талаар хариуцагчаас нэхэмжлэгчид мэдэгдсэн эсэх нь маргааны зүйл болж байна.
6. Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдох ба нэхэмжлэгч Ж.Б ийн нөхөр Э.Б нь 1998 онд маргаан бүхий гаражийг худалдан авч, энэ үеэс эхлэн эзэмшиж байгаад 2010 онд нас барж, үүнээс хойш эхнэр Ж.Б эзэмшиж байсан болох нь гэрээ, Баянгол дүүргийн засаг даргын тодорхойлолт, гэрлэлтийн болон нас барсны гэрчилгээ зэрэг баримтуудаар тогтоогдсон.
6.1. Ж.Б хэдийгээр гаражийг улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөгчөөр бүртгэгдээгүй боловч нөхөр Э.Б ийг нас барах хүртэл гаражийг хамтран эзэмшиж, нөхрөө нас барснаас хойш буюу 2010 оноос хойш Л ХХК-ийн нураасан 2025 он хүртэл хугацаанд эзэмшилдээ байлган ашиглаж байсан учир нэхэмжлэгчийг тухайн нураагдсан авто гаражийн өмчлөгч байсан гэж үзэх үндэслэлтэй.
7. Маргаан бүхий гараж байрлаж байсан газрыг хариуцагч Л ХХК 2023 оноос эхлэн эзэмшилдээ авч, 2024 оноос эзэмшлийн газар дээрх авто гаражуудыг нурааж эхэлсэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, албан бичгүүдээр тогтоогдсон.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх ... буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан байна.
8.1. Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцах урьдчилсан нөхцөл нь хариуцагч этгээдийн хууль бус үйлдэл, уг үйлдлээс нэхэмжлэгчид гэм хор учирсан байх, үйлдэл, хохирол хоорондоо шалтгаант холбоотой, тухайн этгээдийн санаатай эсхүл болгоомжгүй гэм буруу тогтоогдсон тохиолдолд гэм хорыг арилгах үүрэг үүснэ.
8.2. Хэрэгт авагдсан баримтууд, зохигчдын тайлбараас хариуцагч Л ХХК нь нэхэмжлэгч Ж.Б т мэдэгдэлгүйгээр түүний эзэмшлийн хөрөнгийг нураасан болох нь тогтоогдсон ба хариуцагч талаас мэдэгдэл өгсөн гэх тайлбараа баримтаар нотлоогүй тул хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй, энэ талаар гаргасан иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт зөв байна.
8.3. Маргаан бүхий нураагдсан авто гаражийн зах зээлийн үнэ 10,799,929 төгрөг болохыг А хөрөнгө үнэлгээ ХХК үнэлгээний тайлангаар тогтоосон бөгөөд хариуцагч тал тухайн үнэлгээг баримтаар няцааж маргаагүй тул энэ хэмжээгээр хохирлоо тодорхойлж шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л ХХК-иас 10,799,929 /арван сая долоон зуун ерэн есөн мянга есөн зуун хорин есөн/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Б т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л ХХК-иас 187,749 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Б т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА
ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
Ш.ОЮУНТУУЛ