Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2025/ДШМ/82 

 

 

 

 

 

  2025            12            11                                                         2025/ДШМ/82  

 

Э.Дт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Цэрэнханд даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, ерөнхий шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор М.Мөнхтайван,

Шүүгдэгч Э.Д, түүний өмгөөлөгч П.Амгаланбаатар,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ч, түүний өмгөөлөгч Д.Гансүх,

Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/439 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч П.Амгаланбаатарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Э.Дт холбогдох эрүүгийн 2434006810363 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, .... оны .... дугаар сарын ....-ны өдөр ..... аймгийн .....суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ........ ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт ........ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Г овогт Э Э.Д, регистрийн дугаар: ..............

2.Э.Д нь 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар-Дорноговь аймаг чиглэлийн засмал зам дээр буюу Төв аймаг, Сэргэлэн сум, Баянбүрд 1 дүгээр багийн нутаг Хоолтын даваа гэх газарт "Тоёота приус-30" маркийн "**** УНЭ" улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалтад заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэснийг зөрчиж зам тээврийн хэрэгслийн зүүн урд суудалд зорчиж явсан Ө.А-гийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

3.Төв аймгийн прокурорын газраас Э.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

4.Анхан шатны шүүх: “...шүүгдэгч Э.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авах ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Э.Д нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дт шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Шүүгдэгч Э.Дт шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн ялын шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Э.Д нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ч-д 28.833.350 төгрөгийн хохирол төлснийг дурдаж, шүүгдэгч Э.Дээс сэтгэл санааны хохирол 127.590.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ч-д олгож, Хаан банк дахь цалингийн зээл, "Нөмөр кредит ББСБ" ХХК болон "Нет капитал финанс корпораци" ХХК дахь цахим зээлийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ч нь тэжээгчээ алдсаны нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж,

Эрүүгийн 2434006810363 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Э.Д нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгч С.Г-д төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Дийн тээврийн хэрэгсэл  жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шүүхийн  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж,

Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

5. Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Амгаланбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.Д нь амь хохирогч Ө.А-ийн гуйлтаар түүний нагац эгч болон эхнэр хүүхдүүдийг нь Улаанбаатар хотоос Дорноговь аймаг руу авч явах замдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн. Шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаагүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж хохирогч талаас уучлалт гуйж, өөрийн бүх боломжоороо хохирол төлбөрт нийт 28,833,350 төгрөг төлсөн. Иймд эрүүгийн хариуцлагатай холбоотойгоор өмгөөлөгч миний зүгээс гаргасан хүсэлтийг анхан шатны шүүхээс хүлээн авч, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэсэнд талархаж хүлээж авсан.

Харин анхан шатны шүүхээс сэтгэцэд учирсан хохирлыг тооцохдоо хуулийг өөрөөр тайлбарлаж үндэслэлгүй гаргасан тул шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 6-д заасныг эс зөвшөөрч байна. Учир нь:

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам"-ын 1.1.-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргахад энэхүү журмыг мөрдөнө”, 1.3.-т “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргахад Шүүх шинжилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан зарчмыг баримтална”, 1.4.-т “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээ хийж, дүгнэлт гаргахад Шүүх шинжилгээний тухай хууль... энэхүү журмыг мөрдлөг болгоно”, 2.1.-т “Гэмт хэргийн хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, эд хөрөнгөө алдсанаас хохирогчид учрах эрүүл мэндийн хохирол, сэтгэцийн түр зуурын, эсхүл байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал  алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан тогтоосон энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан "Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт"-ээр шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ үүнд 2.1.5.Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл (Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих) гэмт хэргийг багтаасан”.

Харин 2.2.-т “Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ” гэж заасны дагуу 2025.05.06-ны өдрийн №1103 дугаартай шинжээчийн дүгнэлт гарсан.

Мөн 2.3.-т “Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны А/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан "Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар"-ыг танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана” гэсний дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ч-д танилцуулсан ба уг дүгнэлттэй маргаагүй болно.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40.1.-д “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн ...27.10 дугаар зүйл /Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/-д... заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана гэсний дагуу шинжээчийн дүгнэлт гарч сэтгэцийн хор уршгийн 4 дүгээр зэрэг гэж дүгнэсэн. Үүнээс гадна Улсын дээд шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал"-ын 3.1.2-т “хохирлын нөхөн төлбөр боломжит түвшинд буюу хор уршиг ба нөхөн төлбөрийн тэнцвэрт байдлыг хангах”, 3.2.-т “Сэтгэцийн эмгэгийн зэргийг Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан журмын дагуу Шинжилгээний байгууллага тогтооно”, 3.6.-т “Шинжилгээний байгууллага шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “ эрүүгийн гэмт хэргээс... Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл/ гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг "Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл"-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ гэж тус тус заасныг үндэслэн улсын яллагчийн зүгээс Сэтгэцэд учирсан хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 45 дахин нэмэгдүүлж 29,700,000 төгрөг гэж хууль, дүрэм журамд нийцсэн саналыг шүүх хурал дээр гаргасан боловч анхан шатны шүүх хүлээн аваагүй.

Мөн шүүгдэгч Г.Э.Д нь группт байдаг, хэл ярианы бэрхшээлтэй, эмнэлгийн хяналтад байдаг, улирал тутам эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг зэргийг харгалзан үзэлгүй сэтгэцэд учирсан хор уршгийн болон нөхөн төлбөрийн дээд хязгаар буюу 100 хувиар тогтоон шүүгдэгчээс гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож шийдвэрлэсэн. Хэдийгээр хүний амь насыг мөнгөн дүнгээр илэрхийлэх боломжгүй ч гэсэн Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж цаашид цалингаараа төлөх боломжгүй нөхцөл байдалд хүргэж байна.

Иймд дээрх хууль, дүрэм, журмыг баримтлан 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №2025/ШЦТ/439 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 6-д шүүгдэгч Э.Дээс сэтгэл санааны хохирол 127,590,000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ч-д олгож гэсэн хэсгийг сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг үндэслэн эсхүл Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 нэмэгдүүлэн тооцож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9-р зүйлийн 1.4-д зааснаар хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү....” гэв.

 

6.Шүүгдэгч Э.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би найздаа туслах гэж яваад амь насыг нь хохироосондоо одоо ч сэтгэл санаа минь тавгүйрхэж явдаг. Унаж явсан машины зээлийн үлдэгдэл 15,000,000 төгрөг байгаа. Уг машиныг дахин ашиглах боломжгүй болж сэлбэгт зарж 5,000,000 төгрөг олсныг талийгаачийн эхнэр С.Ч-ийн дансанд шилжүүлсэн. Талийгаачийн ар гэрээс оршуулгын зардалд 13,000,000 төгрөг нэхэмжилснийг ямар нэгэн баримтгүйгээр бүхэлд нь төлж барагдуулсан. Мөн сэтгэцэд учирсан хохирлоос бүх боломжоо шавхаж 15,000,000 төгрөгийг төлсөн. Цаашид ч талийгаач найзынхаа гэр бүл, үр хүүхдэд боломжоороо туслаад явахаа илэрхийлсэн. Манай гэр бүлийн зүгээс С.Ч-д таван ханатай гэр авч өгье гэж хэлсэн боловч байр авахуулна гэсэн. Надад ийм боломж байхгүй. Миний эрүүл мэнд, төлбөрийн чадвар болон хэрэг явдал болсон байдлыг харгалзан үзэж сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хуулийн дээд хэмжээгээр тогтоосныг бууруулж өгнө үү...” гэв.

7.Прокурор М.М шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон дүгнэлтдээ: “...шинжээчийн дүгнэлт болон сэтгэцэд учирсан хор уршгийг тооцон гаргах журмын дагуу шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй...” гэв.

8.Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгч П.А-ын гаргаж буй гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

9.Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ч-гийн өмгөөлөгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ч талийгаачтай 8 жил хамт амьдарсан. 9 сараас 4 хүртэлх насны гурван нялх хүүхэдтэй үлдсэн. Ажил хийх боломжгүй тул гурван хүүхдээ хараад хүүхдийнхээ мөнгөөр амь зогоож байна. Өөрийн гэсэн гэр орон байхгүй. Иймд анхан шатны шүүхээс сэтгэцэд учирсан хор уршгийг 127,590,000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү…” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч П.Амгаланбаатарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

1.Шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шүүх, шүүгч нь хуульд заасны дагуу тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянан үзэж тухайн хэрэг учрал болж өнгөрсөн цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдлыг тогтоох ба шүүгдэж буй этгээдийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл гэм буруутай эсэх болон хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудын талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийснээр шүүхээс гарч буй шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзнэ.

2.Анхан болон давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан үзвэл, Э.Д нь 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатараас Дорноговь аймгийн чиглэлийн засмал зам дээр буюу Төв аймаг, Сэргэлэн сум, Баянбүрд 1 дүгээр багийн нутаг Хоолтын даваа гэх газарт "Тоёота приус-30" маркийн 52-15 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалтад "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэснийг зөрчиж зам тээврийн хэрэгслийн зүүн урд суудалд зорчиж явсан Ө.А-ийн амь насыг хохироосон нь хэргийн дараах үйл баримтаар хөдөлбөргүй тогтоогдсон байна. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт бэхжүүлэгдсэн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-11-22/, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /1хх-24/,

2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн “...Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1 дүгээр баг Улаанбаатар-Говьсүмбэр чиглэлийн А0101 автозамын 43 дахь км-ийн шонгийн ойролцоо Тоёота приус 30 маркийн ****УЕН улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хажуу руу орж онхолдсон” гэх зам тээврийн ослын газарт үзлэг хэмжилтийг 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хийхэд уг осол нь онхолдох хэлбэрээр гарчээ...” гэх замын цагдаагийн газрын зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-24/,

            Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ч-ийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн “...би Улаанбаатар хотоос гарахаас өмнө унтаад өгсөн. Унтаж байхад гэнэт машины урд хоёр суудал хэсэг рүү шидэгдэж сэрсэн. Сэрэхэд миний толгой гишгүүр хэсэг дээр байсан. Машинаас гартал машин асфальтан замаас гарчихсан шороон дээр байсан...” гэх мэдүүлэг /хх-44-45/,

            Иргэний нэхэмжлэгч С.Г-ийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн “...Налайх өнгөрөөд явж байхад унтсан. Би унтаж байгаад сэрэхэд машин дайвалзан, машины дугуй чирэгдэж, чахарч сонин чимээ гарахаар нь босох гэсэн боловч босож чадахгүй ухаан алдсан. Толгойны зүүн тал хэсэгт жоохон цус хуралттай байна гэж эмч нар хэлж байсан. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-44-45/, 

Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №229 дугаартай “...Амь хохирогч Ө.А-ийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр гавлын дух, баруун, зүүн зулай, чамархай ясны олон тооны цөмөрсөн, салсан нийлмэл хугарал, дагзны төвгөрийн дээд хэсгээр хөндлөн, дагзны төвгөрийн баруун, зүүн хажуу хэсгээр баруун, зүүн чулуулаг сэртэн хүрсэн салсан хугарал, тархины хатуу хальс дух, баруун, зүүн зулайн орой хэсгийн урагдал, баруун, зүүн тал бөмбөлгийн духны хэсэг, суурь хэсгийн тархины эд тархмал няцрал, баруун, зүүн зулай орой, дагз, суурь хэсгийн тархины эдэд тархмал аалзан хальсан доорх цус харвалт, баруун, зүүн ухархайн дээд хана, турк эмээл цөмөрсөн, салсан хугарал, турк эмээлээс баруун чулуулаг сэртэнгийн урдуур дайрч баруун чамархайн цөмөрсөн хугаралтай нийлсэн салсан, баруун чамархайн цөмөрсөн хугарлаас дагзны том нүхний араар хөндлөн дагзны төвгөрийн зүүн хажуугийн салсан хугаралтай нийлсэн шугаман, баруун зүүн хацар, шанаа ясны цөмөрсөн хугаралууд, хуйхны дотор гадаргуу, баруун, зүүн чамархайн булчинд тархмал цус хуралт, зүүн чихний дэлбэнгийн дээд хэсэг, ар хэсгээр бүрэн бус тасрал, шарх, зүүн шанаа, хацар, зүүн чихний ар хэсэг, тохойд шарх, дух, зүүн, баруун хацар, баруун өвдөг, шилбэ, зүүн өвдөг, мөрний ар, дал, бэлхүүсний нугалмын харалдаа нуруунд зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Амь хохирогч Ө.А- нь дээрх оношинд дурдсан гэмтлүүдийн улмаас гэмтлийн шокод орж нас баржээ. Амь хохирогч Ө.А-гийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 4. Амь хохирогч Ө.А- нь В (III) бүлгийн цусны харъяалалтай байна. Амь хохирогч Ө.А-ийн цусанд спиртийн агууламж илрээгүй болно...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 61-65 тал/,

            Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 6373 дугаартай “...шинжилгээнд “Э.Д 24 эр” гэж хаяглан ирүүлсэн “СА0000281950” хуруу шилний дугаартай цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Ирүүлсэн цусны дээжээс спиртийн агууламж илрээгүй” гэх дүгнэлт /хх-68-69/,

            2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Вендо ХХК-ийн “Тоёота приус 30 маркийн ****УЕН улсын дугаартай тээврийн хэрэгслийн  үнэлгээгээр тогтоогдсон дүн 13,123,400 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-83-84/,

2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 48-18/126 дугаартай “...Тоёота приус маркийн ****УЕН улсын дугаартай автомашины жолооч Э.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх шинжээчийн дүгнэлтийн маягт /хх-95-97/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 1103 дугаартай сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжээчийн дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо зөрүүгүй, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх ба хэргийг шийдвэрлэхэд нотлох баримтын хүртээмжтэй байдал хангагджээ.

3.Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж заасан “гэм буруугийн болгоомжгүй” хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэргийн төрөлд хамаардаг.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол...” хэмээн томьёолсон.

Харин энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол хүндрүүлэн зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

4.Өөрөөр хэлбэл, дээр дурдагдсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч Э.Д нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж байгаа өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан, үүний улмаас хохирол, хор уршиг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршигт хүрч тээврийн хэрэгслийн зүүн урд суудалд зорчиж явсан Ө.А-гийн амь насыг хохироосон байгаа тул прокуророос түүний үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

5. Анхан шатны шүүхээс хэрэгт авагдан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нэг бүрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь нягт, нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянан үзэж, шүүгдэгч Э.Дийн гэм буруугийн болгоомжгүй үйлдэл Ө.А-/8гийн амь нас хохирсонтой шалтгаант холбоотой гэж дүгнэн прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдал болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

6.Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний дотор ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэх юм.

7. Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.Дийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авах ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримталсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасантай нийцэхгүй байгаа тул Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүх үзэх үндэслэл болов.

7.1. Эрүүгийн хуульд  хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрөх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо  нөхөн  төлөхөө илэрхийлсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1,  1.2 дахь хэсэг болон мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, албадлагын арга хэмжээ авах”-аар тус тус заасан хуулийн энэ зохицуулалтыг өөр хооронд нь ялган ойлгож хэрэглэх юм.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж зааснаар эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан “...тэнсэх...” журмыг хэрэглэхээр нарийвчлан зохицуулсан.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас  учруулсан хохирлоо  нөхөн  төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан хуулийн зохицуулалт нь хүний эрх чөлөөг хязгаарлах хүнд төрлийн ялд тооцогдох хорих ял оногдуулахаар заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүний хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэхдээ сонгон хэрэглэх боломжтой заалт болно.

7.2. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах, Э.Дт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэхдээ “…шүүгдэгч Э.Дийн холбогдсон гэмт хэрэг нь ...сонгомол санкцтай гэмт хэрэг байна. Шүүгдэгч Э.Дт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, анхнаасаа буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг хувийн байдлыг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэлээ…” гэх дүгнэлт хийсэн атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан тэнсэж шийдвэрлэснийг хууль ёсны гэж үзэх боломжгүй байна. 

 

8. Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Амгаланбаатар “...анхан шатны шүүхээс сэтгэцэд учирсан хохирлыг тооцохдоо хуулийг өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, шүүгдэгчийн хохиролд төлсөн төлбөрийг хасаж тооцохгүй шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү....” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан.

8.1. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй” гэж заасан.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ч-ийн шаардсан оршуулгын зардал 13,533,350 төгрөгийг шүүгдэгч Э.Д төлж барагдуулсан байх ба энэ талаар маргаагүй байна.

8.2. Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан ба Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 511 дүгээр зүйлийн 511.5-д “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж тус тус заасан.

8.3. Гэхдээ Монгол Улсын нэрийн өмнөөс гаргах шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүйгээр бичигдсэн байхаас гадна таамаглалд бус гагцхүү тухайн хэрэгт хамаарал бүхий хуульд заасан арга ашиглаж цуглуулсан баримт сэлт, нотолгоонд үндэслэсэн байх ёстой.

8.4. Гэтэл анхан шатны шүүх амь хохирогч эрэгтэй байхад Үндэсний статистикийн хорооноос гаргасан монгол эмэгтэй хүний дундаж наслалт болох 67.3 жилийг суурь болгож, амь хохирогч Ө.А нь гэмт хэрэг болох үед 24 настай, түүнээс зөрүүг хасч 43.3 жил наслах боломжтой байсан мэтээр таамаглалд тулгуурласан тооцооллоор хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорын хэмжээг тогтоосон нь бодит байдлыг тогтоох эрүүгийн эрх зүйн нотолгооны зарчимтай харшилсан, хууль хэрэглээний буруу жишиг гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хөгшин, залуу, хүүхэд хэн ч бай хууль, шүүхийн өмнө эрх тэгш бөгөөд хүнийг ямарваа нэгэн хэлбэрээр ялгаварлан гадуурхахгүй байх зарчмыг үндэслэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорын төлбөрийг гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 99,000,000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч Э.Дээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн 15,300,000 төгрөгийг хасаж 83,700,000 төгрөг гаргуулах нь зүйтэй байгаа тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч хангав.

9. Мөн шийтгэх тогтоолын 4 дэх заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлахаар байхад процесс ажиллагаатай холбоотой хуулийн зохицуулалтыг баримталсан, түүнчлэн тогтоох хэсгийн 6 дахь заалтад амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ч-ийн иргэний нэхэмжлэлтэй холбоотой шаардлагыг шийдвэрлэхдээ баримталбал зохих хуулийн зүйл, заалтыг хэрэглээгүй орхигдуулсан, тогтоох хэсгийн 7, 8 дахь заалтад утга найруулгын алдаа гаргасан байгаа зэргийг залруулж магадлалын тогтоох хэсэгт заасны дагуу өөрчлөлт оруулан шийдвэрлэлээ.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/439 дугаар шийтгэх тогтоолын “Тогтоох нь” хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авах ял оногдуулсугай...” гэснийг,

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр жилийн хугацаагаар тэнссүгэй.” гэж,

4 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дт шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй...” гэснийг,

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Дт шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.” гэж,

6 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Э.Д нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ч-д 28.833.350 төгрөгийн хохирол төлснийг дурдаж, шүүгдэгч Э.Дээс сэтгэл санааны хохирол 127.590.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ч-д олгож, Хаан банк дахь цалингийн зээл, "Нөмөр кредит ББСБ" ХХК болон "Нет капитал финанс корпораци" ХХК дахь цахим зээлийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ч нь тэжээгчээ алдсаны нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай” гэснийг,

“...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Э.Д нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ч-д оршуулгын зардал болон сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд нийт 28,833,350 төгрөг төлснийг дурдаж, шүүгдэгч Э.Дээс сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 83,700,000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ч-д олгож, Хаан банк дахь цалингийн зээл, "Нөмөр кредит ББСБ" ХХК болон "Нет капитал финанс корпораци" ХХК дахь цахим зээлийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ч нь тэжээгчээ алдсаны нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.” гэж,

7 дахь заалтад “...Эрүүгийн 2434006810363 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Э.Д нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгч С.Г-д төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай” гэснийг,

“...Эрүүгийн 2434006810363 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Э.Д нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгч С.Г-д төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.” гэж,

8 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Дийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5/тав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай” гэснийг,

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Дийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5/тав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн хугацааг тоолсугай.” гэж өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Дийн өмгөөлөгч П.Амгаланбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        А.ЦЭРЭНХАНД

 

                             ШҮҮГЧИД                                       Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                                                         З.ТҮВШИНТӨГС