Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/00940

 

 

 

 

 

 

 

 

 

А.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Н.Батзориг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2022/736 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч А.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ш.Г.Т ХХК-д холбогдох,

 

Орон сууцны м.кв-ын зөрүү төлбөр 7,017,5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Б-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч А.Б-ын нэхэмжлэл, тайлбарын агуулга: Миний бие 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Ш.Г.Т ХХК-тай хамтран ажиллах, хот, суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээг тус тус байгуулж, өөрийн өмчлөлийн Ү-22******* дугаартай Хан-Уул дүүргийн 2-р хороо, БҮК-53 дугаар байрны 20 тоот 17 м.кв талбай бүхий, 1 өрөө орон сууцыг хүлээлгэн өгч, тус компанийн барих шинэ орон сууцнаас 20.73 м.кв талбай байрыг авахаар харилцан тохиролцсон. Хариуцагч компанийн барилга нь 2020 оны 04 дүгээр сарын эхээр ашиглалтад орж, 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр компанийн эрх бүхий ажилтан ирж түлхүүр гардуулж өгсөн. 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр компаниас ...орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулах материалаа ирж авна уу... гэж мэдэгдсэний дагуу очиж уулзахад хүлээн авах байр 18.5 м.кв хэмжээтэй байсан. Ингээд 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авсан байрандаа Б.Т ХХК-аар хэмжилт хийлгэж үзэхэд талбайн хэмжээ 16.72 м.кв байсан. Мөн орон сууцны м.кв-ын зөрүү төлбөрийг өгөх эсхүл гэрээнд заасны дагуу 20.73 м.кв бүхий орон сууцыг хүлээлгэж өгнө үү гэх хүсэлтийг баталгаат шуудангаар Ш.Г.Т ХХК-д явуулахад 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр гардаж авсан боловч хариу өгөөгүй. Иймд хариуцагч нь гэрээнд зааснаар 20.73 м.кв талбай бүхий орон сууц хүлээлгэж өгөх үүрэгтэй. Орон сууцны м.кв-ын зөрүү 4.01 м.кв талбайн төлбөр болох 7,017,5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Гэрээгээр талууд 1 м.кв-ын үнийг 1,750,0 төгрөг байхаар тохиролцсон гэжээ.

2.Хариуцагч Ш.Г.Т ХХК-ийн хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ш.Г.Т ХХК-аас 7,017,5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Б-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 127,230 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Г.Т ХХК-аас 127,230 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Б-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болмогц нэхэмжлэгч А.Б-ын шүүх хуралдаанд гаргаж өгсөн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Хот суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт 074/18-3 тоот гэрээг түүнд буцаан олгож шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а.Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхдээ шүүх хуралдааны товыг мэдэгдээгүйгээс хариуцагч талаас шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх, нотлох баримт гаргаж өгөх зэрэг эрхээ хэрэгжүүлж чадаагүй.

4.б.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн гол нотлох баримт болгосон Хот суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт 074/18-3 тоот гэрээний 2.4-т зааснаар 1 м.кв талбайн үнийг тогтоож шийдвэрлэсэн нь гэрээний заалтыг буруу ашиглаж нотлох баримтыг буруу дүгнэсэн гэж үзэхээр байна. Учир нь гэрээний 2.4-т 1 м.кв талбайн үнийг 1,750,0 төгрөгөөр тооцон хөнгөлөлт үзүүлнэ, 4.2.3-д 10 м.кв нэмж авах тохиолдолд 2.4-т заасан үнээр худалдан авах эрхтэй гэж зөвхөн ганцхан тохиолдолд энэ үнийг барихаар тогтоосон байхад дутуу баригдсан гэх талбайн үнийг нэмж авах үнээр орлуулан тооцсон нь буруу байна.

4.в. Нэхэмжлэгч А.Б- нь Цагаан орд хотхоны **А байрны ** тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг авсан эсэх, авсан бол хэдэн м.кв-аар гаргуулсан талаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодруулаагүй нь хэрэгт онцгой ач холбогдол бүхий үйл баримтгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн.

4.г.Мөн шүүхийн шийдвэрийн гол нотлох баримт, үндэслэл болгосон хамтран ажиллах гэрээг мөн буруу дүгнэсэн. Гэрээний 2.3-т зааснаар 5 м.кв талбайг нэмж олгох ёстой байсан гэж дүгнэсэн хэрнээ уг гэрээнд заасан 1 м.кв талбайн үнэлгээг хэрхэн тооцох зохицуулалтуудыг анхааралгүй гурван талт гэрээг баримтлан тогтоосон.

4.д.Талбайн хэмжээг дахин хэмжин тогтоосон гэх Б.Т ХХК нь барилгын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм журамд зааснаар орон сууцны дотор ашигтай талбайг хэмжин дүгнэлт гаргах тусгай зөвшөөрөл эзэмшигч биш болох нь хэрэгт авагдсан тус компанийн тусгай зөвшөөрлийн хуулбараас харагдаж байхад энэ байгууллгын хийсэн хэмжилтийг үнэлэн шийдвэрлэсэн нь буруу байна. Б.Т ХХК нь зөвхөн зураг төслийн эрхтэй компани байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

 

2.Нэхэмжлэгч А.Б- нь хариуцагч Ш.Г.Т ХХК-д холбогдуулан орон сууцны талбайн зөрүү төлбөр 7,017,5 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн Б.Т ХХК-аас орон сууцны талбайн хэмжилт хийх тусгай зөвшөөрөлтэй эсэх талаар холбогдох баримтыг гаргуулахаар шүүгчийн 183/ШЗ2022/03599 дугаартай захирамж гаргасан байна.

Уг шүүгчийн захирамжийн дагуу ирүүлсэн Б.Т ХХК-ийн улсын бүртгэлийн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээ зэрэг баримтуудыг хариуцагч талд танилцуулаагүй байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх зарчим хэрэгжсэн үзэх боломжгүй.

4.Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй баримтуудыг шийдвэрийн үндэслэл болгосон нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасанд нийцэхгүй байна.

Тодруулбал, 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 074/18-2 дугаартай Хамтран ажиллах гэрээний эхний нүүр хэрэгт 2 удаа авагджээ. Хэргийн 5 дахь талд байгаа баримтын гэрээний Үндсэн нөхцөл хэсгийн 2.1-д өмчилж буй үл хөдлөх эд хөрөнгийн талаарх мэдээлэл, 2.3-т 15,73 м.кв, ... 20.73 м.кв гэсэн тоон дүн тус тус бичигдсэн, 6 дахь талд авагдсан баримтын гэрээний Үндсэн нөхцөл хэсгийн 2.1-д өмчилж буй үл хөдлөх эд хөрөнгийн мэдээлэл, 2.3-т дээрх тоон дүн тус тус бичигдээгүй, эргэлзээтэй баримтууд байна. Уг баримтуудаас аль баримтыг нь анхан шатны шүүх үнэлж, талуудын хооронд үүссэн гэрээний харилцааг дүгнэсэн нь тодорхойгүй.

5.Мөн хэргийн 9-11, 47-49 дэх талд авагдсан 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Хот суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт 074/18-3 тоот гэрээ-нүүд тус тус авагдсан байна. 9-11 дэх талд байгаа гэрээний хувьд хэн хэнтэй ямар нөхцлөөр гэрээ байгуулсан нь тодорхойгүй, гэрээний 2.4-т нэмж авах талбайн төгрөгөөр тооцох дүн бичигдээгүй, 47-49 дэх талд буй гэрээний хувьд дээрх нөхцөлүүд харагдахуйц бус байдлаар бичигджээ. Эдгээр нотлох баримтууд нь хуулиар тогтоосон бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй тохиолдолд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан хэргийн нотлох баримтаас хасах ажиллагаа явуулах нь хэргийн оролцогчоос хуульд заасан шаардлага хангасан нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой байжээ. Иймээс гурван талт гэрээний 2.4-т заасныг буруу ашиглаж, нотлох баримтыг буруу үнэлсэн, хамтран ажиллах гэрээг буруу дүгнэсэн гэх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлтэй.

Давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасан заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны товыг мэдсэн болох нь шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтаар нотлогдож байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна. /хх 42/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2022/736 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ш.Г.Т ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн 127,230 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Ч.ЦЭНД