| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Сарантуяа |
| Хэргийн индекс | 183/2023/01910/И |
| Дугаар | 192/ШШ2026/01351 |
| Огноо | 2026-01-29 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 192/ШШ2026/01351
2026 01 29 192/ШШ2026/01351
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ...дүгээр хороо, ...дугаар хороолол, Гааль ....тоот хаягт байрлах НН ХХК /РД:..../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн ...дугаар хороо, Н ...дүгээр байрны ...тоот хаягт оршин суух, ...ургийн овогт Ч.Г /.../,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, Н ...дугаар байрны ...тоот хаягт оршин суух, ...ургийн овогт Г.А /.../,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн ...дугаар хороо, Монел ...дугаар гудамж, ...тоот хаягт оршин суух, ...ургийн овогт С.О /.../ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 41,614,200 /дөчин нэгэн сая зургаан зуун арван дөрвөн мянга хоёр зуун/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Гарцаагүймөнх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг, хариуцагч С.О өмгөөлөгч Б.Адъяабаяр, хариуцагч Ч.Г итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Номинцэцэг, хариуцагч Г.А өмгөөлөгч Т.Эрдэнэбат нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл:
1.1. Манай компани Н ХХК-тай 2020.07.28-ны өдрийн НБГ20/07-28-01 дугаартай 769,500,000 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэтэл Н ХХК-ийн ерөнхий инженер Ч.Г , төслийн удирдагч Г.А , инженер С.О нар чи бидэнд туслаач, дотор нь ажилладаг болохоор өөрсдийн нэрээр гэрээ хийж болохгүй байна, бид нар С ХХК-тай тохироод ажил хийлгэх газраа үзүүлчихсэн, гэрээгээ бэлдчихсэн, энэ гэрээний ажлыг бид нар хариуцаад найдвартай хийчихнэ, чи ажлын хөлснөөс урьдчилгаа өгчих гэж гуйж ятгаад байсан.
1.2. Гуйгаад байхаар нь шиээд бэлэн болгочихсон НН ХХК-иас таазыг тусгаарлагч бодисоор шүрших ажлыг 101,250,000 төгрөгөөр гүйцэтгүүлэх 2020.10.16-ны өдрийн 18/20/20 дугаартай ажил гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зуруулж, компанийн дамгыг даруулсан. Үүнээс өмнө 2020.10.09-нд надаас 50,000,000 төгрөг авсан байсан. С.О нь С ХХК-д 2020.10.23-нд ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа гэж бичээд өгсөн. Манай компанид ажлын хөлсөнд 2020.10.09-нд 100,000,000 төгрөг, 2020.10.14-нд 150,000,000 төгрөг тус тус Н ХХК-иас дансаар шилжүүлсэн. Үүнээс 2020.10.09-нд 50,000,000 төгрөгийг, 2020.10.15-нд 125,000,000 төгрөгийг, нийт 175,000,000 төгрөгийг Н ХХК-ийн Ч.Г , Г.А , С.О нарт бэлэн мөнгөөр өгсөн.
1.3. Гэтэл тэд С ХХК-д 50,000,000 төгрөгөөс өөр мөнгө өгөөгүй байсан тул манай компанийг хариуцагчаар татаж шүүхэд нэхэмжлэл гаргасныг хянан хэлэлцээд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2022.05.18-ны өдөр 182/ШШ2022/...дугаартай шийдвэр гаргаж С ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгосон ч, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.08.24-ний өдрийн 210/МА2022/...дугаар магадлалаар 41,250,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 364,200 төгрөг, нийт 41,614,200 төгрөгийг НН ХХК-иас гаргуулан С ХХК-д олгохоор шийдсэн. Иймд манай компаниас С ХХК-д өгөх ажлын хөлс гэж 175,000,000 төгрөг авснаас 125,000,000 төгрөгийг нь хувьдаа завшиж ашигласан ерөнхий инженер Ч.Г , төслийн удирдагч Г.А , инженер С.О нараас 41,614,200 төгрөгийг гаргуулж өгнө үү.
1.4. Манай компани Н ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу 75,000,000 төгрөгийн ажил гүйцэтгээд гэрээ цуцлагдсан. Хариуцагч нар гуйгаад, шалаад байсан учраас би Н ХХК-иас урьдчилгаа авъя гэж гуйж байгаад 250,000,000 төгрөг аваад 175,000,000 төгрөгийг хоёр хувааж хариуцагч нарт өгсөн. Талууд ажил гүйцэтгэх гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлын талаар маргахгүй. Харин төлбөр тооцоо яаж хийгдсэн гэдэг нь хэрэгт авагдсан шийдвэр, магадлал, хариуцагч нарын гэрчээр өгсөн мэдүүлгүүд зэрэг баримтуудаас харагдаж байгаа. Иймд хариуцагч нараас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасны дагуу үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж шаардаж байгаа. Хариуцагч нарын гуйлтаар С ХХК-тай дүр үзүүлсэн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажлын хөлсөнд нь тооцогдох төлбөрийг хариуцагч нарт өгсөн боловч тэд С ХХК-д өгөөгүй байсан. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэнэ үү...гэв.
2. Хариуцагч Ч.Г хариу тайлбар, татгалзлын үндэслэл:
2.1. НН ХХК нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу С ХХК-д төлөх ёстой төлбөрөө надаас нэхэмжилж байгааг хүлээн звөшөөрөхгүй байна. Учир нь миний бие НН ХХК-тай ямар нэгэн байдлаар гэрээ хэлцэл байгуулаагүй, төлбөр мөнгө аваагүй, энэ талаараа тус шүүхэд гэрчээр асуугдахдаа тайлбарласан.
2.2. Харин НН ХХК болон С ХХК нь туслах гүйцэтгэгчийн гэрээг тусдаа байгуулсан бөгөөд энэ хоёр компанийг холбож өгсөн гэж ойлгодог. Тэгээд ч НН ХХК-ийн захирал Г.Гарцаагүймөнх, хариуцагч С.О нар нь хамаатны хүмүүс бөгөөд Н ХХК-ийн захирал н.Б нь хариуцагч С.О мөн хамаатан. Энэ гурван хүн хамаатан садны харилцан хамааралтай. Би дээрх гэрээт ажлын үеэр БНСУ-д эмчилгээ хийлгэж 3 сар болоод 2021.03 сард Монгол улсдаа ирсэн, хоорондын төлбөр тооцооны асуудалд нь хамааралгүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэгэнт тогтоогдсон үйл баримт байгаа буюу хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2.3. Мөнгийг хэнд нь ямар зорилгоор өгсөн гэдэг нь тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлага болон хууль зүйн үндэслэл тодорхойгүй байна. С ХХК-тай байгуулсан гэрээний үнийг гэрээ байгуулахаас өмнө өгсөн байна. 75,000,000 төгрөгийг л НН ХХК хийсэн ба зөвхөн мөнгө өгсөн, авсан гэдэг дээр ярьж байгаа бол үндэслэлгүй. Нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарлахдаа шүүхийн шийдвэр алдаатай гарсан гэж байна. Хүчин төгөлдөр шийдвэрээр шийдвэрлэгдсэн байгаа учир 117.1 байна. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу төлөгдөөгүй төлбөрийг хариуцагч нараас шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээнд Гарцаагүймөнхийн нэр бичигдээгүй байна. Иймд 65.1.5 заасан үндэслэл бий болж байна.
3. Хариуцагч Г.А хариу тайлбар, татгалзлын үндэслэл:
3.1. НН ХХК нь намайг хувьдаа мөнгө авч завшсан гэж гүтгэж, үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би тус компанитай ямар ч гэрээ хэлцэл байгуулаагүй ба тэдний өгсөн мөнгө нь бүгд НН ХХК-иас бусад хийгдэх ёстой байсан ажил буюу өрлөг, шавар, засал, материалын зардалд 100 хувь зарцуулагдсан. Тэгээд ч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал байсаар байтал биднээс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.
3.2. Би гэрчээр өгсөн тайлбартаа хувьдаа 10,000,000 төгрөг дотор хэрэглэсэн гэсэн тухайд тэр үедээ хэрэглэсэн боловч шаардлагатай ажил гүйцэтгэлийн үед нөхөж өөрөөсөө гарган гүйцэтгэлийн төлбөрт тооцуулж зарцуулсан. Иймд НН ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. НН ХХК хийсэн ажлаа хүлээлгэж өгөөгүйгээс үндсэн гэрээний үүдэлтэй маргаан үүсэж, гэрээ цуцлагдаад Ч.Г , Г.А , С.О нараас шаардаж байгаа нь үндэслэлгүй байна...гэв.
4. Хариуцагч С.О хариу тайлбар, татгалзлын үндэслэл:
4.1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Г.А , Ч.Г бид гуравт НН ХХК-иас 2020.10.09 болон 2020.10.16-нд бэлнээр олгосон нийт 175,000,000 төгрөгөөс 50,000,000 төгрөгийг 2020.10.16-нд С ХХК болон НН ХХК-ийн хооронд байгуулсан гэрээнд заасан ажлын урьдчилгаа болгон 2020.10.23-ны өдөр бэлнээр хүлээлгэн өгсөн. Уг хоёр компанийн байгуулсан гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэсний дараа ажлыг хүлээж аваад, үлдэгдэл 51,250,000 төгрөгийг өгөх ёстой байсан боловч НН ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Гарцаагүймөнх нь хөдөө ажлаар яваад эзгүй байсан тул 2021.03.01-нд С ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлыг би хүлээж авсан.
4.2. Энэ асуудлаас болоод Н ХХК-иас зөвшөөрөл авахгүйгээр С ХХК-тай гэрээ байгуулж, гэрээнд заасан зарим ажлыг гүйцэтгүүлсэн гэх асуудлаас болж Н ХХК нь НН ХХК-тай байгуулсан гэрээгээ цуцалж, үлдэгдэл төлбөр тооцоог хийгээгүй. Иймд би аргагүй байдалд орж өөрийн машинаа 10,000,000 төгрөгт тооцож С ХХК-д өгсөн. НН ХХК-иас авсан нийт 175,000,000 төгрөгөөс үлдэх 125,000,000 төгрөгийг 3,500 м.кв талбайтай нэгдсэн гаражийн дотор өрлөг, шавар, дотор заслын ажлын хөлсөнд уг ажлыг хийж гүйцэтгэсэн хувь хүмүүст төлж, зарцуулсан. 175,000,000 төгрөг бол дан ганц С ХХК-тай байгуулсан гэрээнд хамааралтай биш, Н ХХК, НН ХХК нарын хооронд хийсэн гэрээнд заасан бусад ажлыг хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд зарцуулсан гэсэн үг.
4.3. Н ХХК, НН ХХК-ийн хоорондын ажил гүйцэтгэх гэрээний үнэ 765,000,000 төгрөгийн 75,000,000 төгрөгийг НН ХХК-ийн хийсэн ажилд тооцож авсан гэдгээ нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарласан. 101,000,000 төгрөгийн үнэ бүхий ажил гүйцэтгэх гэрээг С ХХК-тай байгуулаад, гэрээгээр төлбөр төлөх хуваарийг тохиролцсон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү...гэв.
5. Нэхэмжлэгч талын гаргасан баримтууд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.08.24-ний өдрийн 210/МА2022/...дугаар магадлал /хх-3-6/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.18-ны өдрийн 183/ШШ2022/...дугаар шийдвэр /хх-7-11/, 2020.10.23-ны өдрийн мөнгөн орлогын баримтын хуулбар /хх-12/, НН ХХК, С ХХК нарын байгуулсан 2020.10.16-ны ажил гүйцэтгэх гэрээний хуулбар /хх-13-15/, Гүйцэтгэсэн ажил хүлээлцсэн актын хуулбар /хх-16/, Н ХХК, НН ХХК нарын байгуулсан 2020.07.28-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний хуулбар /хх-17-18/, Г.А , Ч.Г , С.О нарыг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрчээр асуусан тэмдэглэлийн хуулбар /хх-19-27/, Н ХХК, НН ХХК нарын байгуулсан 2020.07.28-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-28-35/, НН ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-37/,
6. Хариуцагч талын гаргасан баримтууд: Н ХХК-ийн захирлын 2020.09.20-ны өдрийн Б-20/92 тоот Ч.Г ийг ажлаас чөлөөлөх тухай тушаал /хх-193/, Ч.Г гадаад паспортын хуулбар /хх-194-195/
7. Шүүхээс бүрдүүлсэн баримтууд: Баянгол, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас ирүүлсэн: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлийн хуулбар /хх-90-94/, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан аштын шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлийн хуулбар /хх-95-106/, Хэрэг танилцуулсан баримтын хуулбар /хх-107/, Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хуваарилах тухай шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын хуулбар /хх-108/
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
1. Нэхэмжлэгч НН ХХК нь хариуцагч Г.А , Ч.Г , С.О нарт холбогдуулан 41,614,200 төгрөг гаргуулахаар шаардаж, нэхэмжлэлийн үндэслэлийг компаниас үндэслэлгүйгээр олж авсан 41,614,200 төгрөгийг хариуцагч тус бүрээс 13,871,400 төгрөгөөр гаргуулна. С ХХК-д ажлын хөлсөнд тооцож олгохоор өгсөн мөнгийг авч, тус компанид олгоогүйн улмаас шүүхийн шийдвэрээр НН ХХК төлбөр төлөхөөр болсон гэх агуулгаар тайлбарлаж тодорхойлсон.
2. Хариуцагч нар нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах байдлаар татгалзлын үндэслэлийг тайлбарлаж байна.
2.1. Хариуцагч Ч.Г НН ХХК-тай гэрээ хэлцэл байгуулаагүй, төлбөр мөнгө аваагүй, нэхэмжлэгч болон С ХХК-ийг холбож өгсөн, уг гэрээт ажлын үеэр БНСУ-д эмчилгээ хийлгэж байсан учир төлбөр тооцооны асуудалд хамааралгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага ойлгомжгүй, тодорхой бус, нэхэмжлэгчийг төлөөлөх эрх бүхий этгээд нэхэмжлэл гаргаагүй, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдсэн зүйлийг шаардаж байгаа учир хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл бий болсон гэж,
2.2. Хариуцагч Г.А НН ХХК-тай ямар ч гэрээ хийгээгүй, өгсөн мөнгө нь НН ХХК-иас бусдад хийгдэх ёстой байсан ажлын зардалд зарцуулагдсан, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр магадлал байсаар байхад дахин нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, гэрчээр мэдүүлэхдээ 10,000,000 төгрөг хэрэглэсэн гэсэн нь: мөнгийг хэрэглэсэн боловч нөхөж төлөөд гүйцэтгэлийн төлбөрт тооцуулж зарцуулсан гэж,
2.3. Хариуцагч С.О НН ХХК-иас бэлнээр авсан 175,000,000 төгрөгөөс С ХХК-тай байгуулсан ажлын урьдчилгаа 50,000,000 төгрөгийг өгсөн, энэ хоёр компанийн ажлыг хүлээлцсэний дараа үлдэгдэл 51,250,000 төгрөгийг өгөх ёстой байсан ч НН ХХК-ийн захирал хөдөө яваад эзгүй байсан учраас 2021.03.01-нд С ХХК-ийн ажлыг би хүлээж авсан. Н ХХК-иас зөвшөөрөл авахгүйгээр С ХХК-тай гэрээ байгуулсан үндэслэлээр гэрээ цуцлагдаж, үлдэгдэл төлбөр хийгдээгүй, 125,000,000 төгрөгийг бусад ажилд зарцуулсан гэж тус тус тайлбарласан.
3. Хавтаст хэрэгт цугларсан бичмэл баримтууд, хэргийн оролцогчдоос гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч НН ХХК нь 2020.07.28-ны өдөр Н ХХК-тай №НБГ-20/07-28-01 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, захиалагч Н ХХК-ийн хөрөнгө оруулалтаар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд баригдах үйлчилгээтэй 12 давхар орон сууцны хорооллын А8, С1 блокийн гаражийн хар шал, өнгөлгөө, шалны будаг, өрлөг, шавар, дотор заслын ажлыг 2020.12.01-ний өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэх, ажлын хөлсийн 65 хувь 500,175,000 төгрөгийг бэлнээр, 35 хувь 269,325,000 төгрөгийг бартераар тооцож захиалагч төлөх үүрэг хүлээсэн байна.
3.2. Гэрээт ажлын хугацаанд 2020.10.16-ны өдөр НН ХХК нь С ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, захиалгат барилгын 7,500 м.кв талбай бүхий таазыг БНСУ-ын HICOTE SP-2 дулаан, ус чийг, дуу чимээ тусгаарлах будгаар будах ажлыг С ХХК-иар хийж гүйцэтгүүлэх, ажлын хөлс 1 м.кв талбайг 13,500 төгрөгт тооцож нийт 101,250,000 төгрөгийг урьдчилгаа 50,625,000 төгрөгийг дансанд шилжүүлснээр гэрээ баталгаажих, ажил гүйцэтгэх явцад 30 хувь 30,375,000 төгрөг, ажил хүлээлцсэний дараа үлдэх 20,250,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ.
3.3. Хариуцагч Г.А , Ч.Г , С.О нар нь нэхэмжлэгч НН ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан захиалагч Н ХХК-д ажиллаж байсан бөгөөд тус компаниас НН ХХК-д гэрээний төлбөрт 2020.10.09-ний өдөр 100,000,000 төгрөг, 2020.10.14-ний өдөр 150,000,000 төгрөг, нийт 250,000,000 төгрөгийг дансаар шилжүүлж, тухайн төлбөрөөс НН ХХК нь өөрт 75,000,000 төгрөгийг авч, үлдсэн 175,000,000 төгрөгийг хоёр хувааж буюу 2020.10.09-ний өдөр 50,000,000 төгрөг, 2020.10.15-ны өдөр 175,000,000 төгрөгийг мөнгө шилжүүлсэн Н ХХК-ийн ажилтнууд болох Г.А , Ч.Г , С.О нарт бэлнээр хүлээлгэж өгсөн болох нь зохигчдын тайлбар, хариуцагч нарын Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрчээр мэдүүлсэн тайлбар зэргээр тогтоогдож байна.
3.4. С ХХК-ийн НН ХХК-тай байгуулсан гэрээний үүрэг буюу ажлын гүйцэтгэлийг 2021.03.01-ний өдөр Н ХХК-ийн техник хяналтын инженер, тус хэргийн хариуцагч С.О хүлээн авч, акт үйлджээ.
3.5. НН ХХК-иас хүлээн авсан 175,000,000 төгрөгөөс 50,000,000 төгрөгийг С ХХК-д С.О нь бэлнээр хүлээлгэн өгч, улмаар 10,000,000 төгрөгт тооцож тээврийн хэрэгсэл хүлээлгэн өгч, үлдэх төлбөрийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.18-ны өдрийн ...дугаар шийдвэр, уг шийдвэрийг хянасан давж заалдах шатны шүүхийн 2022.08.24-ний өдрийн ...дугаар магадлалаар тогтоогдож байна.
3.6. Хүчин төгөлдөр болсон дээрх шүүхийн шийдвэр, магадлалаар НН ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 41,250,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 364,200 төгрөгийг тус тус гаргуулан С ХХК-д олгож, тэдний байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай НН ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
4. Зохигчид НН ХХК-ийн Н ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэх ажлын тааз будах ажлыг С ХХК-иар дамжуулан гүйцэтгүүлж, нийт 175,000,000 төгрөгийг хариуцагч нар нь нэхэмжлэгч НН ХХК-иас бэлнээр авсан, уг мөнгөн дүнгээс 50,000,000 төгрөгийг С ХХК-д бэлнээр, 10,000,000 төгрөгт тооцож тээврийн хэрэгсэл шилжүүлсэн, мөн С ХХК-д гэрээний үлдэх төлбөрийг төлөөгүйн улмаас НН ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүргийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн зэрэг үйл баримтын талаар маргаагүй.
Харин С ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэгч НН ХХК нь хариуцагч нараас шаардах эрхтэй эсэх, Г.Гарцаагүймөнх нь нэхэмжлэгч НН ХХК-ийг төлөөлөх эрхтэй этгээд мөн эсэх, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан буюу хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдсон эсэх талаар тодорхой үндэслэлүүд зааж маргав.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдсон эсэх талаар дараах дүгнэлтийг хийлээ.
5.1. Хариуцагч талын зүгээс нэхэмжлэгч НН ХХК-ийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргасан Г.Гарцаагүймөнх нь тус хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй талаар улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдээгүй, мөн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй мөнгөн дүнгийн талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан учир хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдсон гэх агуулгаар тайлбарлаж, хэргийг хэрэгсэхгүй болгохыг хүссэн.
5.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана.
5.3. Хэрэгт нотлох баримтаар авагдсан маргааны зүйл болж буй гэрээнүүдэд нэхэмжлэгч НН ХХК-ийг төлөөлөн Г.Гарцаагүймөнх гэрээ байгуулж, шүүх хуралдаануудад мөн тус компанийг төлөөлөн оролцож байсан учир түүнийг НН ХХК-ийг төлөөлөх эрхгүй гэж үзэхээргүй байна. Мөн хариуцагч талаас энэ талаар гаргасан тайлбар, татгалзлыг баримтаар нотлоогүй, улсын бүртгэлийн гэрчилгээнд нэр бичигдээгүй байгаа нь Г.Гарцаагүймөнхийг тус компанийг төлөөлөх эрхгүй гэж үзэх үндэслэл болохгүй. Иймд энэ үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгохыг хүссэн хариуцагч талын хүсэлт үндэслэлгүй байна.
5.4. Хэргийг хэрэгсэхгүй болгохыг хүссэн дараагийн үндэслэл нь нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар буюу нэхэмжлэгчийн шаардаж буй 41,614,200 төгрөгийг НН ХХК-иас гаргуулан С ХХК-д олгохоор шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлал гарсан учир нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тохиолдол бий болсон гэж хариуцагч тал тайлбарласан.
5.5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасан.
5.6. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.18-ны өдрийн 183/ШШ2022/...дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.08.24-ний өдрийн 210/МА2022/...дугаар магадлалаар С ХХК, НН ХХК нарын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэн, ажил гүйцэтгэгч С ХХК-ийг гэрээний дагуу 2020.11.30-ны дотор хийх үүргээ биелүүлээгүй ч 2021.03 дугаар сард Н ХХК-д ажлын гүйцэтгэлийг хүлээлгэж өгснийг НН ХХК ажлын үр дүнг хүлээн авсанд тооцож, С ХХК гэрээний үүрэгт 50,000,000 төгрөгийг бэлнээр, 10,000,000 төгрөгт тооцон тээврийн хэрэгслийг С.Отгонбаатараас авсан болохыг түүний гэрчийн мэдүүлгийг үндэслэн тогтоож, 60,000,000 төгрөгийн төлбөр авч, 41,250,000 төгрөг аваагүй, үүнийг НН ХХК-иас шаардах эрхтэй гэж шийдвэрлэсэн байна.
5.7. Нэхэмжлэгч НН ХХК нь хариуцагч Г.А , Ч.Г , С.О нараас С ХХК-д ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд өгөхөөр хүлээн авсан мөнгийг бүрэн өгөөгүйн улмаас шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөх үүрэг хүлээсэн гэж тайлбарлан, уг шийдвэрийг үндэслэж тухайн гэрээний төлбөрт төлсөн гэж тооцоолж байсан 41,250,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 364,200 төгрөг, нийт 41,614,200 төгрөгийг хариуцагч нараас шаардана гэж тайлбарласан.
5.8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй бөгөөд С ХХК болон НН ХХК-ийн байгуулсан гэрээний үүрэг хүчин төгөлдөр болох нь тогтоогдсон.
Харин нэхэмжлэгч нь уг хүчин төгөлдөр гэрээний дагуу С ХХК-д олгохоор хариуцагч Г.А , Ч.Г , С.О нарт өгсөн мөнгийг тэд С ХХК-д бүрэн өгөөгүй учраас тус төлбөрийг гаргуулахаар шаардаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэлд хамаарахгүй юм. Иймд энэ үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох тухай гаргасан хариуцагч талын тайлбар, хүсэлт үндэслэлгүй байна.
6. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд тодорхой эрх зүйн харилцаа үүсээгүй, хариуцагч нарын гуйлтын дагуу нэхэмжлэгч нь тэдний ажил олгогч болох Н ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт авсан 250,000,000 төгрөгөөс 175,000,000 төгрөгийг С ХХК-тай байгуулсан гэрээний төлбөрт өгнө гэж ойлгон хүлээлгэн өгч, гэрээний төлбөрийг хариуцагч нар С ХХК-д бүрэн өгөөгүй болох нь тэдний гэрчээр өгсөн мэдүүлэг, хариуцагч С.О төлбөрийн үлдэгдлийг хүлээн зөвшөөрч С ХХК-д 10,000,000 төгрөгт тооцон тээврийн хэрэгсэл өгсөн зэрэг үйл баримтаар тогтоогдож байна.
6.1. Хариуцагч Ч.Г зүгээс НН ХХК, С ХХК нарын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хэрэгжих явцад Монгол улсад байгаагүй, Н ХХК-д ажиллаагүй гэж тайлбарласан ба тэрээр 2020.09.20-ны өдрөөр тасалбар болгон өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн болох нь Н ХХК-ийн захирлын тушаалаар нотлогдох боловч нэхэмжлэгчээс мөнгө хүлээн авах үед Монгол улсад байсан болох нь түүний гадаад паспортын хуулбараар мөн тогтоогдож байна. Тиймээс НН ХХК, С ХХК нарын ажил гүйцэтгэх гэрээ хэрэгжих хугацаанд Ч.Г Монгол улсад байгаагүй гэдэг нь түүний С ХХК-д НН ХХК-иас төлөх ажлын хөлсийг хүлээн аваад цааш өгөөгүй үйл явдалд хамааралгүй юм.
6.3. Түүнчлэн НН ХХК-иас авсан мөнгийг бусад туслан гүйцэтгэгч нарын ажлын хөлсөнд зарцуулсан гэх тайлбарыг хариуцагч нар гаргасан боловч уг тайлбарыг баримтаар нотлоогүй болно.
7. Иймд нэхэмжлэгч НН ХХК нь хариуцагч Г.А , Ч.Г , С.О нараас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсэгт Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол буцаан шаардах эрхтэй гэж заасны дагуу төлбөр 41,614,200 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзлээ.
8. Нэхэмжлэгч нь хариуцагч нараас дундаас нь 41,614,200 төгрөг гаргуулахаар шаардсан ба Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар хамтран үүрэг гүцэтгэгчид бөгөөд мөн зүйлийн 242.11 дэх хэсэгт заасны дагуу тэдгээрийн үүрэг тэнцүү байна.
9. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 366,021 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 366,021 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.А , Ч.Г , С.О нараас тус бүр 13,871,400 төгрөг буюу нийт 41,614,200 /дөчин нэгэн сая зургаан зуун арван дөрвөн мянга хоёр зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч НН ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 366,021 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.А , Ч.Г , С.О нараас 366,021 төгрөг гаргуулан нэхэмжлэгч НН ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА