| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Сарантуяа |
| Хэргийн индекс | 192/2025/11553/И |
| Дугаар | 192/ШШ2026/01263 |
| Огноо | 2026-01-28 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 192/ШШ2026/01263
2026 01 28 192/ШШ2026/01263
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн дүүргийн ...дугаар хороо, ...дугаар байрны ...тоот хаягт оршин суух, ...ургийн овогт ...А ,
Хариуцагч: Баянгол дүүргийн ...дугаар хороо, Энгельсийн гудамж-36, .... зүүн талд байрлах У ТӨХК /РД:2688476/,
Нэхэмжлэлийн шаардлага: У ТӨХК-ийн санхүүгийн тайланд бүртгэгдсэн жагсаалтаас Н.А д холбогдох 41,190,653 төгрөгийн авлагыг хасуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Амин-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Далайбаяр нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл: Миний бие У ТӨХК-д 1990 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн тасралтгүй 34 жил ажиллаж, энэ хугацаанд дулааны оруулгын слесарь, хэмжүүр тооцооны техникч, холболтын инженер, засвар шинэчлэлтийн инженер, ашиглалт, аюулгүй байдлын байцаагч инженер, хяналтын инженер зэрэг албан тушаалуудад ажиллаж, байгууллагынхаа хөгжил, үйл ажиллагаанд үр бүтээлтэй хувь нэмэр оруулж ирсэн. Компанийн зүгээс миний ажлын үр дүн, байгууллагад оруулсан хувь нэмрийг үнэлж 2011 онд нэг өрөө орон сууцаар шагнах шийдвэр гаргаж, нийт ажилчдын хурлын үеэр надад орон сууцны эрхийн бичгийг албан ёсоор гардуулсан. Ийнхүү У ТӨХК-иас Баянгол дүүргийн 2 дугаар хороо, ***байрны *** тоот 33,1 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 100 хувь буюу 41,190,653 төгрөгийг төлж, уг байрны өмчлөх эрхийн гэрчилгээг миний нэр дээр гардуулсан. Гэтэл 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр У ТӨХК-иас 01/1538 дугаар Авлага барагдуулах тухай мэдэгдэл ирүүлж, дээрх байрны үнийг тус компанийн 2024 оны санхүүгийн тайланд авлагаар бүртгэсэн тул 41,190,653 төгрөг төлөхийг шаардсан байгааг хууль ёсны үндэслэлгүй гэж үзэж байна.
Учир нь уг орон сууцыг тухайн үед компанийн шийдвэрийн дагуу ажилтныг шагнах зорилгоор үнэ төлбөргүйгээр надад олгосон, компанийн дотоод журам, эрхийн бичиг зэрэг баримтуудаар нотлогдож байна. Ижил нөхцөлд орон сууцаар шагнуулсан 28 ажилтан ижилхэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байгаа. Иймд хариуцагч байгууллагын 2024 оны санхүүгийн тайланд авлагаар бүртгэгдсэн жагсаалтаас Н овогтой А д холбогдох 41,190,653 төгрөгийн авлагыг хасаж өгнө үү...гэв.
2. Хариуцагчийн хариу тайлбар: Нэхэмжлэгч нь манай компанид 1990 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн дулааны оруулгын слесарь, хэмжүүр тооцооны техникч, холболтын инженер, засвар шинэчлэлтийн инженер, ашиглалт, аюулгүй байдлын инженер, хяналтын инженер зэрэг албан тушаалуудад ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэртээ гарсан. Тухайн үед манай компанийн зүгээс ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор жил бүр бизнес төлөвлөгөөндөө тусган орон сууцны байраар шагнаж урамшуулдаг байсан ба нэхэмжлэгч Н.А г үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай 34 жил ажилласныг үнэлж 2011 онд 100 хувийн хөнгөлөлттэй нөхцөлөөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, ***байрны *** тоотод байрлах 33,1 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг авах батламжийг гардуулсан. Ингэхдээ тухайн орон сууцыг хувьчлах тогтоол гарах хүртэл хугацаанд уг байрыг компанийн үндсэн хөрөнгийн балансад бүртгэлтэй байлгахаар болсон. Гэхдээ тухайн үед банкны зээлд хамрагдах болон бусад шаардлагаар орон сууцуудыг өмчлөх эрхийн гэрчилгээг эдгээр ажилтнуудад гарагж өгсөн байдаг. Манай компани тухайн 28 айлын орон сууцыг компанийн үндсэн хөрөнгийн бүртгэлээс хасуулахаар болж 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол гаргуулсан. Уг тогтоолын хүрээнд 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Эрчим хүчний яаманд асуудал шийдвэрлэх тухай, мөн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Үндсэн хөрөнгийг балансаас хасах тухай албан бичгүүдийг тус тус хүргүүлсэн.
Үүнтэй холбоотойгоор Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр тухайн 28 айлын орон сууцтай холбоотой асуудлаар хуралдсан боловч өмчлөх эрхийн гэрчилгээ тухайн ажилтны нэр дээр шилжсэн байгаа учир энэ асуудлаа хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлэх шаардлагатай гэх шийдвэрийг гаргасан байдаг. Дээрх шалтгааны улмаас манай компани тухайн орон сууцнуудыг өөрийн үндсэн хөрөнгөөс хасах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Ингээд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар компанийн балансад бүртгэлтэй 28 айлын орон сууцыг хууль хяналтын байгууллагад хандан шийдвэрлүүлэх, хөрөнгийг балансаас хасуулах арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг даалгасан. Үндэсний аудитын газраас манай компанийн 2023 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ***** дугаартай Үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэлд байгаа ажилтнуудад шилжүүлсэн орон сууцны төлбөрийн нөхцөлийг харгалзан авлага үүсгэх, зардлаар бүртгэх асуудлыг шийдвэрлэх зөрчил арилгах албан шаардлага өгсөн. Үүний дагуу манай компани үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 1,078,175,877.99 төгрөгийн орон сууцууд иргэдийн өмчлөх эрхээр үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэлтэй хөрөнгүүд бодитоор оршин байхгүй байгаа тул авлагаар бүртгэж залруулсан. Үүнтэй холбоотой нэхэмжлэгчид 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 41,190,653 төгрөгийг компанид буцаан төлж барагдуулах тухай албан бичгийг хүргүүлсэн. Уг албан бичгийг эс зөвшөөрч Н.А нь шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Иймд тухайн асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү...гэв.
3. Нэхэмжлэгч талын гаргасан баримтууд: Н.А гийн иргэний үнэмлэхийн хуулбар, У ТӨХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 01/1538 дугаар албан бичиг, Т ХХК-ийн Орон сууц эзэмших түр эрхийн бичиг №86, Т ХХК, Н.А нарын 2011 оны 02 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан захиалгын гэрээний хуулбар, мөн компанийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт гаргасан тодорхойлолтын хуулбар, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар, Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2014 оны лавлагаа, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
4. Хариуцагч талаас нэхэмжлэлд бичгээр хариу тайлбар гаргаж, бичмэл нотлох баримт гаргаагүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
1. Нэхэмжлэгч Н.А нь хариуцагч У ТӨХК-д холбогдуулан, тус байгууллагын 2024 оны санхүүгийн тайланд авлагаар бүртгэгдсэн жагсаалтаас өөрт хамаарах 41,190,653 төгрөгийн авлагыг хасуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2. Хариуцагч У ТӨХК нь нэхэмжлэлд гаргасан хариу тайлбараар ...тухайн орон сууцыг авах батламж гардуулаад, орон сууцыг хувьчлах тогтоол гарах хүртэл хугацаанд компани үндсэн хөрөнгөдөө бүртгэж авсан байсан. Уг хөрөнгө нь бодитоор компанид бүртгэлгүй тул санхүүгийн тайландаа авлагаар бүртгэсэн гэж тайлбарлан татгалзаж байна.
3. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд, зохигчдын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:
3.1. Н.А нь У ТӨХК-д 1990 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан байна. Хариуцагч байгууллагаас ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор үр бүтээл, тогтвор суурьшилтай ажилласан ажилчиддаа орон сууцны байраар шагнаж урамшуулдаг гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн бөгөөд 2011 онд Н.А д Баянгол дүүргийн 2 дугаар хороо, ***байрны *** тоот дахь 33,1 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 100 хувийн хөнгөлөлттэй нөхцөлөөр олгохоор батламж олгосон байна.
3.2. Батламжийн дагуу Н.А нь дээрх орон сууцыг барьсан Т ХХК-тай 2011 оны 02 дугаар сарын 08-ны өдөр захиалгын гэрээ хийж, хариуцагчаас төлбөрийг бүрэн төлж, улмаар 2012 оны 05 дугаар сарын 30-ны өдөр орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдэн өмчилж эхэлжээ.
3.3. Хариуцагч нь батламжаар олгосон уг орон сууцыг компанийн үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэх талаар нэхэмжлэгчтэй тохиролцоогүй, энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд хариуцагчаас нэхэмжлэгчид 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 01/1538 дугаар албан бичгээр түүнд олгосон орон сууцны үнийн 100 хувь буюу 41,190,653 төгрөгийг компанийн 2024 оны санхүүгийн тайланд авлагаар бүртгэгдсэн тул авлагыг барагдуулах мэдэгдэл хүргүүлсэн байна.
4. Талууд маргааны зүйлийн үндэслэл болж буй орон сууцны үнийг хариуцагч нь нэхэмжлэгчид 100 хувийн хөнгөлөлттэйгөөр олгосон, уг орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч бүртгэгдсэн зэрэг үйл баримтын талаар маргаагүй. Харин хариуцагч нь батламжаар олгосон хөнгөлөлт болох 41,190,653 төгрөгийг нэхэмжлэгчээс буцаан шаардах эрхтэй эсэх, талууд тийнхүү тохиролцсон эсэх талаар үндэслэл заан маргаж мэтгэлцлээ.
5. Талуудын хооронд үүссэн харилцааг тодорхойлоход ажил олгогч У ТӨХК-иас ажилтан Н.А д олгосон батламж ач холбогдолтой бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчид тухайн батламжид дурдагдсан орон сууцны үнийг 100 хувь олгох буюу хариу төлбөргүйгээр бэлэглэсэн гэж үзэхээр байна. Иймд тэдний хооронд Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт заасан бэлэглэлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.
6. Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлэх ба эд хөрөнгийг шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцно.
6.1. У ТӨХК нь Н.А д 100 хувийн хөнгөлөлттэй нөхцөлөөр 1 өрөө орон сууц авах батламж гардуулж, уг орон сууцны үнэ 41,190,653 төгрөгийг барилгыг барьсан Т ХХК-д шилжүүлэх хэлбэрээр нэхэмжлэгч Н.А д хариу төлбөргүйгээр бэлэглэсэн байх тул Н.А нь У ТӨХК-д уг төлбөрийг буцаан төлөх үүрэг хүлээхгүй.
7. Хариуцагч тал 41,190,653 төгрөгийг нэхэмжлэгч буцаан өгөх үүрэгтэй болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй байна. Иймд Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт заасныг баримтлан, У ТӨХК-ийн 2024 оны санхүүгийн тайланд авлагаар бүртгэгдсэн жагсаалтаас нэхэмжлэгч Н.А д холбогдох 41,190,653 төгрөгийн авлагыг хасахыг У ТӨХК-д даалгаж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
8. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 276 дүгээр зүйлийн 276.1 дэх хэсэгт заасныг баримтлан У ТӨХК-ийн 2024 оны санхүүгийн тайланд авлагаар бүртгэгдсэн жагсаалтаас нэхэмжлэгч Н.А д холбогдох 41,190,653 /дөчин нэгэн сая нэг зуун ерэн мянга зургаан зуун тавин гурван/ төгрөгийн авлагыг хасахыг хариуцагч У ТӨХК-д даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У ТӨХК-аас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.А д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА