| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Зүмбэрэл |
| Хэргийн индекс | 192/2025/06256/И |
| Дугаар | 192/ШШ2025/10763 |
| Огноо | 2025-12-15 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 192/ШШ2025/10763
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.З даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х.Н,
Хариуцагч: А ХХК,
Орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэх, алданги 7,906,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Н, түүний өмгөөлөгч Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, түүний өмгөөлөгч З.Б, гэрч Г.Г, А.Т, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Х.Х нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ” гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ. Мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” Мөн гэрээний 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт заасныг үндэслэн А ХХК-д холбогдуулан дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Х.Н миний бие 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр А ХХК-тай Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээгээр А ХХК нь надад 55 м.кв орон сууцыг 2025 оны 01 дүгээр улиралд багтаан шилжүүлэх миний бие орон сууцны үнэ болох 59,000,000 төгрөгийг төлөх үүрэг бүхий гэрээг хоёр талт гэрээ байгуулсан болно. Миний бие гэрээнд заасны дагуу 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өөрийн эзэмшлийн ... банкны ... дугаартай тоот данснаас ... тоот данс руу 29,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өдөр өөрийн эзэмшлийн ... банкны ... дугаартай тоот данснаас ... тоот данс руу 30,000,000 төгрөг шилжүүлэн гэрээгээр хүлээсэн үүрэг болох 59,000,000 төгрөгийг шилжүүлж гэрээний үүргээ 100 хувь биелүүлсэн болно. Гэвч А ХХК нь өнөөдрийг хүртэлх хугацаанд гэрээнд заасан 55 м.кв орон сууцыг хүлээлгэж өгөөгүй бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. А ХХК-иас удаа дараа гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг шаардсан боловч янз бүрийн шалтаг тоочин өнөөдрийг хүрсэн болно. Иймд А ХХК-иас 55 м.кв орон сууцыг гаргуулан өмчлөлд шилжүүлж, гэрээний 08 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт заасны дагуу 7,906,000 төгрөгийг гаргуулан олгож өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: “Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт “Дараахь нөхцөл байдал байвал энэ хуулийн 204.2, 219.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүй”, 226.1.1 дэх хэсэгт “Ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол” мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.” заасныг үндэслэн А ХХК-д холбогдуулан дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Х.Н миний бие 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр А ХХК-тай орон сууц захиалагчтай байгуулах гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээгээр А ХХК нь надад 55 м.кв орон сууцыг 2025 оны 01 дүгээр улиралд багтаан шилжүүлэх миний бие орон сууцны үнэ болох 59,000,000 төгрөгийг төлөх үүрэг бүхий гэрээг хоёр талт гэрээ байгуулсан болно. Миний бие гэрээнд заасны дагуу 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өөрийн эзэмшлийн ... банкны ... дугаартай тоот данснаас ... тоот данс руу 29,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өдөр өөрийн эзэмшлийн ... банкны ... дугаартай тоот данснаас .... тоот данс руу 30,000,000 төгрөг шилжүүлэн гэрээгээр хүлээсэн үүрэг болох 59,000,000 төгрөгийг шилжүүлж гэрээний үүргээ 100 хувь биелүүлсэн болно. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч А ХХК-д холбогдуулан 55 м.кв орон сууцыг хүлээлгэж өгөх нэхэмжлэлийг .... дүүргийн Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагчийн зүгээс тус орон сууцыг хүлээлгэж өгөх боломжгүй талаар шүүхэд ирүүлсэн хариу тайлбайртаа дурдсан тул 59,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилж байна. Мөн гэрээний 08 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт заасны дагуу 7,906,000 төгрөгийг гаргуулан олгож өгнө үү.” гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Х.Н нь .... дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд А ХХК-д холбогдуулан 55 м.кв орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэх, алдангид 7,906,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гаргасан байна. Хариуцагчийн зүгээс дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасныг үндэслэн энэхүү хариу тайлбарыг гаргаж байна. 55 м.кв орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэх шаардлагын тухайд нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Г.И байгуулсан гэх орон сууц захиалагчтай байгуулах гэрээ, мөн гэрээний дагуу орон сууцны төлбөрийг Г.И төлсөн тухай баримтыг хавсаргаж, нэхэмжлэл дахь үйл баримт гэх хэсэгтээ, Х.Н миний бие гэрээнд заасны дагуу 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өөрийн эзэмшлийн .. банкны ... тоот данснаас ... тоот данс руу 29,000,000 төгрөгийг, 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ... тоот данс руу 30,000,000 төгрөгийг тус тус шилжүүлж, гэрээний үүргээ 100 хувь биелүүлсэн гэжээ. Хариуцагчийн зүгээс орон сууцыг шилжүүлэх тухай шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэх шаардлага гаргасан этгээд тус орон сууцны өмчлөгч болох нь гэрээ, хэлцэл эсхүл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон, хууль ёсны өмчлөгч болох нь тодорхой байх ёстой. Гэвч нэхэмжлэгч Х.Н нь тус орон сууцыг өмчлөх эрхтэй эсэх нь түүний шүүхэд ирүүлсэн гэрээ, холбогдох төлбөр төлсөн тухай баримт, бусад үйл баримтаар тодорхой бус байна. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, мөн хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т “талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ” гэж хуульчилсан. Тодруулбал, нэхэмжлэгч нь манай компанийг хариуцагчаар тодорхойлж, нэхэмжлэл гаргах тохиолдолд Орон сууц захиалагчтай байгуулах гэрээг А ХХК- тай байгуулсан, тус гэрээний дагуу төлбөрийг хариуцагч компанид төлсөн байх шаардлагатай юм. Гэвч нэхэмжлэгч нь Г.И гэрээг байгуулж, төлбөрийг түүний дансанд шилжүүлсэн байдаг. Орон сууцны төлбөрийг компани хүлээж аваагүй, нэхэмжлэгчтэй Орон сууц захиалагчтай байгуулах гэрээг байгуулаагүй зэрэг ач холбогдол бүхий нөхцөл байдлаас дүгнэхэд манай А ХХК-д орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэн өгөх хууль зүйн үүрэг үүсэхгүй болно. Нэхэмжлэгч Х.Н гэрээ байгуулсан гэх Г.И нь манай компанид ажиллаж байхдаа компанийн нэр болон тамга тэмдгийг хууль бусаар ашиглаж, компанид байхгүй орон сууцыг бусдад худалдан борлуулсан байдаг. Үүнийг компанийн зүгээс 2024 оны 11 сард мэдсэн даруйд тус гаргасан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар ... дүүргийн цагдаагийн газрын .... хэлтэст холбогдох гомдлыг гаргасан. Улмаар цагдаагийн хэлтэсээс хүлээн авч, прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа болно. Мөн хариуцагч компанийн зүгээс Орон сууц захиалагчтай байгуулах гэрээний нэг тал болох Г.И компанийг төлөөлж бусадтай гэрээ, хэлцэл байгуулах эрх олгоогүй ба талуудын хооронд байгуулагдсан гэрээний талаар хариуцагч огт мэдэхгүй юм. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн нэгдсэн мэдээллийн санд “А ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд /гүйцэтгэх захирал/-ээр Б.Б бүртгэлтэй байдаг ба А ХХК-ийн дүрэм, бүтцэд санхүү хариуцсан захирал гэх албан тушаал байхгүй юм. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан орон сууцууд байгаа юм. Уг 2 орцны бүх орон сууц нь бусдад худалдан борлуулагдсан байгаа. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл тухайн орон сууцны өмчлөгч гэдгийг тогтоолгох гэж байгаа тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага тодорхой буюу дүүрэг, хороо, байр, орц, тоот зэрэг нь тодорхой байх шаардлагатай юм. 55 м.кв орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй байхад шүүх хэргийг шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүсэж байна. Монгол Улсын Дээд Шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн .... дугаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодорхойлоход анхаарах зарим асуудал нэртэй нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг ойлгомжтой тодорхойлох нь хэрэг зөвлөмжид хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулах нэг суурь бөгөөд энэ нь хэргийн болон шүүхийн харъяалал, оролцогчийн эрх зүйн байдал, маргааны талаарх шүүхийн дүгнэлт, нотлох баримтын үнэлгээ, хөөн хэлэлцэх хугацаа тоолох, улмаар шүүхийн шийдвэр биелэгдэх боломж зэргийг хангах нөхцөл болно гэдгийг анхаарах шаардлагатай талаар тусгасан байдаг. Орон сууц захиалагчтай байгуулах гэрээний 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт Орон сууцыг хүлээлгэн өгөх хугацаа энэ гэрээний 5.1.6, 6.3, 9.1-д зааснаас бусад шалтгаанаар хойшилсон, 2.2-т заасан хугацаа 30 хоногоос илүү хойшилсон тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,2 хувиар тооцож гүйцэтгэгч талд захиалагч төлнө... гэж заасан байна. Гэрээний 2.2-т тухайн орон сууцыг ашиглалтад оруулах хугацааг 2025 оны 1 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулна гэсэн байна. орон сууцны барилга нь өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй байгаа бөгөөд дээрх ашиглалтад оруулна гэх хугацаанд барилгын ажил явагдаж байсан болно. Компанийн зүгээс тухайн орон сууц 2025 оны 1 дугаар улиралд багтаж ашиглалтад оруулах боломжгүй бөгөөд уг хугацаа нь илт худлаа, зохиомол хугацаа юм. Мөн алдангийг хэзээнээс яаж тооцож 7,906,000 төгрөг гаргуулах шаардлага гаргаад байгаа нь ойлгомжгүй байна. Хариуцагч компани компани нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй, төлбөрийг хүлээж аваагүй тул Орон сууц захиалагчтай байгуулах гэрээний дагуу А ХХК-д алданги төлөх үүрэг үүсэхгүй болно. Иймд нэхэмжлэгч Х.Н 55 м.кв орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэх, алдангид 7,906,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж маргажээ.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, нэхэмжлэгчийн хаан банкны депозит дансны хуулга, 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн орон сууц захиалагчтай байгуулах гэрээ, хариуцагчаас итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн мөрдөгчийн тогтоол шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх зохигчийн хүсэлтээр А.Т, Г.Г нарыг гэрчээр асуужээ.
ҮНДЭСЛЭХ нь:
4. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
5. Нэхэмжлэгч нь 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн орон сууц захиалагчтай байгуулах гэрээнээс татгалзаж, алдангийн хамт 66,906,000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч А ХХК эс зөвшөөрч, гэрээ байгуулаагүй тул компани хариуцахгүй гэж маргажээ.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч А ХХК нь 55 м.кв орон сууцыг захиран зарцуулах эрхтэй талаар зохигч маргаагүй бөгөөд нэхэмжлэгч өмчлөгчөөр тогтоолгох шаардлагаа өөрчилж, гэрээнээс татгалзсан тул орон сууцны одоогийн өмчлөгчийн мэдээлэл шаардлагагүй болжээ.
Нэхэмжлэгч Х.Н нь А ХХК-ийн санхүү хариуцсан захирал Г.И 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр орон сууц захиалагчтай байгуулах гэрээ байгуулж, 55 м.кв орон сууцыг дотор засалгүй 59,000,000 төгрөг худалдан авахаар тохиролцжээ./хэргийн 9-13 тал/
Талууд дээрх гэрээний 8.4-т “...орон сууцыг хүлээлгэн өгөх хугацаа энэ гэрээний 5.1.6, 6.3, 9.1-д зааснаас бусад шалтгаанаар хойшилсон, 2.2-т заасан хугацаа 30 хоногоос илүү хойшилсон тохиолдолд гүйцэтгээгүй үнийн дүнгээс хоног тутам 0.2 хувиар тооцож гүйцэтгэгч тал захиалагчид төлнө” гэж тохирчээ.
7. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй.”, 101 дүгээр зүйлийн 101.6 дахь хэсэгт “Өмчлөгч энэ зүйлд заасан эрхээ бусдад шилжүүлж болох бөгөөд эрх шилжүүлэн авсан этгээд эд юмсын өмчлөгчийн зөвшөөрсөн зориулалт, өөрийн үйл ажиллагааны зорилго, дүрмийн дагуу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй” зааснаар хариуцагч А ХХК нь 55 м.кв орон сууцыг худалдаж, төлбөрийг Г.И ... банкны ..... дугаар дансанд шилжүүлэхийг зөвшөөрсөн байдал тогтоогдсонгүй.
8. Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэх бөгөөд тэрхүү хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно. Улмаар хүсэл зоригийн агуулгыг нөгөө тал зөвшөөрсөн тохиолдолд Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт “Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ” заасан хэлцэл байгуулагдана.
Гэтэл нэхэмжлэгч Х.Н гаргасан 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 55 м.кв орон сууцыг 59,000,000 төгрөгөөр худалдан авах санал хариуцагч А ХХК-д хүрээгүй, хүсэл зоригийн агуулгыг хариуцагч зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Тодруулбал, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна.” зааснаар зөвхөн гүйцэтгэх захирал, эсхүл түүнээс итгэмжлэл олгогдсон этгээд компанийг төлөөлөх бөгөөд санхүүгийн албаны дарга, бусад этгээд төлөөлөхгүй юм. Нэхэмжлэгч Х.Н нь компанитай гэрээ байгуулж байгаа тохиолдолд гүйцэтгэх захиралтай уулзах, түүнээс олгосон итгэмжлэлийг тодруулах, төлбөрийг хувь хүний дансанд тушаахгүй байх шаардлагатайгаас гадна анхааралтай, хариуцлагатай байх үүрэгтэй тул Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт “Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.” зааснаар нэхэмжлэгчийн энэхүү үйлдэлд хариуцагч компанийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Түүнчлэн компанийн захирлын өрөөнд Х.Н дагуулж орсон, компанийн тамгыг Г.И гэрээнд дарсан асуудал нь гүйцэтгэх захирал гэрээ байгуулсныг зөвшөөрсөн гэсэн үг биш юм.
Иймээс эрх бүхий этгээд л өөрийн эд юмсыг захиран зарцуулах эрхтэй байдаг тул хариуцагч А ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр байгуулсан 55 м.кв орон сууцыг 59,000,000 төгрөг худалдах, худалдан авахаар тохиролцсон Х.Н болон Г.И нарын гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” зааснаар хүчин төгөлдөр бус байна.
9. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.”, 56.6 дахь хэсэгт “Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө.” тус тус зааснаар хэлцэл хүчин төгөлдөр бус байх тохиолдолд хэлцлийн үр дагавар гэрээ байгуулсан этгээдүүдийн хооронд үүснэ. Өөрөөр хэлбэл, гэрээ байгуулсан Х.Н болон Г.И нарын хооронд хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагавар буюу авсан өгснөө буцаах харилцаа үүсэхээс бус гэрээнд оролцоогүй компани хариуцахгүй юм.
Иймд нэхэмжлэгч Х.Н нь хариуцагч А ХХК-тай гэрээ байгуулсан, тэрхүү гэрээ нь хүчин төгөлдөр тохиолдолд гэрээнээс татгалзах, түүний улмаас учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй тул дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 492,480 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй болжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул А ХХК-д холбогдох 66,906,000 төгрөг гаргуулах тухай Х.Н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 492,480 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.З