Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 215/МА2022/00019

 

 

Д.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Э даргалж, шүүгч Т.Ж, Ш.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 133/ШШ2022/00195 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан баг, Солонго хороолол 1- ... - ... тоотод оршин суух, ДМ76............ регистрийн дугаартай, А овогтой Д.Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын ... дүгээр сургуульд холбогдох тус сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Б/74 тоот тушаалыг хүчингүй болгох тухай иргэний хэргийг 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Б-ын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Э, түүний өмгөөлөгч Б.О, хариуцагчийн төлөөлөгч Ц.Ч, түүний өмгөөлөгч Ж.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.У нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэлийн шаардлага:

- Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын ... дүгээр сургуулийн захирлын 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Б/74 дүгээр “Химийн кабинетыг шилжүүлж, нэмэгдлийг цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгуулах

- 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацааны кабинет хариуцсаны нэмэгдэл хөлс 59,222 төгрөг гаргуулах

- Урьд эрхэлж байсан химийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох

- Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах

- Ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах

2. Нэхэмжлэлийн үндэслэл: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын ... дүгээр сургуулийн захирлын 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Б/74 дүгээр тушаалын эрх зүйн үндэслэлийг тодруулж, Д.Э миний ажил, үүргээ гүйцэтгэхэд байгууллагын удирдлагын зүгээс дарамт шахалтгүйгээр ажил үүргээ гүйцэтгэх үндэслэл буй эсэхийг тодруул, 301 тоот анги танхимыг хэн, ямар шалтгаанаар лацдаж, сурагчийн сурах, хөгжих эрхэд хөндлөнгөөс халдаж, миний хөдөлмөрлөх эрхийг хааж, ажлын байрны дарамт үзүүлсэн гэж үзэж байна. Би үүний учир шалтгааныг ойлгохгүй байна.

Д.Э миний бие боловсролын байгууллагад 15 жил, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын ... дүгээр сургуульд химийн багшаар ажиллах хугацаандаа сахилгын болон ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй.

Хөдөлмөрийн гэрээг 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шинэчлэн байгуулж, гарын үсэг зуруулсны маргааш нь буюу 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б/88 дугаар тушаал гарган ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчлийн талаар тусгаагүй байхад сахилгын ноцтой зөрчлийг давтан гаргасан гэж үзсэн нь үндэслэлгүй.

 

3. Хариуцагчийн тайлбарын агуулга, татгалзлын үндэслэл: Д.Э нь 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн химийн багшийн үүрэгт ажилд томилогдсон. Ажиллах хугацаандаа захирлаар ажиллаж байсан М.Э, Ч.С нартай тодорхойгүй шалтгааны улмаас хөдөлмөрийн гэрээ хийгээгүй цор ганц ажилтан юм.

Тус сургуульд 2021 оны 08 дугаар сард Боловсрол, шинжлэх ухааны яамны боловсролын шинэчлэл төслөөс Грийн Химистри XXК-иар дамжуулан 27 төрлийн урвалж бодисыг нийлүүлсэн.

Уг урвалж бодисыг нярав Ч.Д хүлээн авч сургуулийн агуулахад байршуулж байсан. Багш Д.Э нь уг бодисыг дур мэдэн нярав Ч.Д-аас авч химийн кабинетад байршуулсан нь хадгалалт хамгаалалтын горим зөрчсөн.

Багш Д.Э хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй учир нь хөдөлмөрийн харилцаа үүсч, хариуцлага хүлээх эрх зүйн үндэс бүрдээгүй, мөн удирдлагын зүгээс үүрэг чиглэл өгөөгүй байхад урвалж бодисыг дур мэдэн хүлээн авч, шаардлага хангахгүй өрөөнд хүүхэдтэй ойр байршуулсан учир хариуцаж байсан химийн кабинетыг эрх хэмжээний хүрээнд химийн багш Ж.Д-т шилжүүлэн өгсөн болно.

Нэхэмжлэлд дурьдсан асуудлууд нь ойлгомжгүй, гүжир гүтгэлгийн шинжтэй, хүний нэр төрд халдсан үг хэллэгтэй байна. Кабинетыг шилжүүлэх асуудал нь захирлын эрх мэдлийн хүрээнд шийдэгдэх сургуулийн дотоод асуудал.

Тус сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилийн ажлын төлөвлөгөөнд орсон “Үнэлгээнд суурилсан төлөвлөлт хийх арга зүй”-г нэвтрүүлж, багш бүр 2021-2022 оны хичээлийн жилд өөрийн заадаг судлагдахууны жилийн болон эхний бүлэг сэдвийн хөтөлбөрийг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор эцсийн байдлаар батлуулан сургалтын үйл ажиллагааг явуулах үүрэг даалгаврыг өгсөн.

Уг үүрэг даалгаврыг багш нар биелүүлэн жилийн болон улирлын төлөвлөлтөө батлуулсан боловч химийн багш Д.Э ганцаараа хөтөлбөрийн боловсруулалт хийгээгүй үлдсэн бөгөөд шинээр баталгаажуулаагүй хөтөлбөрөөр сургалтын үйл ажиллагааг дур мэдэн зохион байгуулсан.

Энэ нь ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.4 дэх заалтыг зөрчсөн. Ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7 дугаар бүлэг нь Бага, дунд боловсролын тухай хуулийн 22 дугаар зүйлийн дагуу боловсруулагдсан бөгөөд дээрх зөрчил уг хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх заалтыг давхар зөрчиж багшийн үүргийг биелүүлээгүй.

Ажлын байранд нэг мэргэжлийн залуу багш болох Ж.Д-ийг удаа дараа сэтгэл зүйн дарамтад оруулж, уг багш өөр сургуульд шилжих өргөдлөө өгсөн.

Хамт олны хурал дээр санал бодлоо илэрхийлсэн бүх багш нартай хэрэлдэж, үг хэлэх, санал бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хааж, ажлын байрны хүчирхийлэл үйлдсэн. Захирал Ц.Ч-ыг Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгсөн нэхэмжлэл болон байгууллагын ажилчдын фэйсбүүк группээр гүтгэж доромжлон, нэр төрд халдсан.

Боловсрол соёл урлагийн газраас сурагчдыг элсэлтийн ерөнхий шалгалтад амжилттай бэлтгэх зорилгоор 2020 онд зохион байгуулсан “Алтайн ЭЕШ” урьдчилсан сорилгод 12 дугаар ангийн 11 сурагчийг дарамтлан оролцуулаагүй.

Багш нарын гарын үсгийг хуурамчаар ашигласан нь батлагдсан бөгөөд эдгээр нь ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.13 дахь заалтыг давхар зөрсөн.

Байгууллагын захирал, менежерээс өгсөн үүрэг болох сургалтын хөтөлбөрийг шинэчлэн хугацаанд баталгаажуулан сургалтыг зохион байгуулах үүргийг биелүүлээгүй.

Багш Д.Э нь гэрийнхээ шалыг ч угааж үзээгүй гэх шалтгаанаар онцгой байдлын үеийн дэглэмийг зөрчиж, химийн кабинетыг сургалтад бэлэн байлгаагүй.

Химийн кабинетыг багш Ж.Д-т шилжүүлсэн захирлын тушаалтай танилцсан боловч кабинетыг хүлээлгэн өгөлгүй сургалтын үйл ажиллагааг тасалдуулсан нь ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.4.17 дахь заалтыг тус тус ноцтойгоор давтан зөрчсөн гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А овгийн Д.Э-ийг хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын ... дүгээр сургуулийн химийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын ... дүгээр сургуулиас 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 508,061 /таван зуун найман мянга жаран нэг/ төгрөг 86 /наян зургаа/ мөнгийг гаргуулан нэхэмжлэгч А овгийн Д.Э-т олгож, нэхэмжлэлээс үлдэх “2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А овгийн Д.Э-ийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 508,061 төгрөг 86 мөнгөнөөс 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын ... дүгээр сургуульд даалгаж, нэхэмжлэлээс үлдэх 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А овгийн Д.Э-ийн хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын ... дүгээр сургуулийн захирлын 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Б/74 дүгээр Химийн кабинетыг шилжүүлж, нэмэгдлийг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулж, 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацааны кабинет хариуцсаны нэмэгдэл хөлс 59,222 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын ... дүгээр сургуульд холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын ... дүгээр сургуулиас 86,091 /наян зургаан мянга ерөн нэг/ төгрөг гаргуулан улсын орлого болгож .....шийдвэрлэжээ.

 

5. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх нэхэмжлэгч Д.Э 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх “1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно...” гэжээ.

Хуулийн дээрх заалтаас үзэхэд ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоогдсон ажилтанд олгогдох дундаж цалин хөлстэй тэнцэх олговор тооцох хугацаа нь ажилгүй байсан хугацаагаар тодорхойлогдоно.

Нэхэмжлэгч Д.Э нь 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд Нийслэлийн Баянгол дүүргийн 28 дугаар сургуульд багшаар ажиллаж байгаа нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх бөгөөд уг үйл баримт маргаангүй байна гэж дүгнэсэн.

Д.Э-ийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон атлаа 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан “ажилгүй байсан бүх хугацаанд” гэснийг буруу тайлбарлаж, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын ... дүгээр сургуулийн захирлын 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Б/74 дүгээр “химийн кабинетийг шилжүүлж, нэмэгдлийг цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгуулж, 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 2021 оны 10 дугаар сарын 15-ныг хүртэл хугацааны кабинет хариуцсаны нэмэгдэл 59.222 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Гэвч хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын ... дүгээр сургуульд Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван тал хороо нь тус тус байгуулагдаагүй, байхгүй болохыг огт анхаарч үзэлгүйгээр хэт нэг талыг баримталсан үндэслэлгүй шийдвэрийг гаргажээ.

Анхан шатны шүүх нь ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсийг тооцохдоо Д.Э 7, 8, 9 дүгээр сарын цалингаас тооцсон нь буруу бөгөөд нэхэмжлэгч Д.Э нь 2021 оны 09 дүгээр сард листтэй байсан тул бүтэн ажиллаагүй, цалингаа бүтэн аваагүй учир уг хугацаанаас дундаж цалин хөлсийг тооцож олгосон нь үндэслэлгүй байна. Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын ... дүгээр сургуульд холбогдуулан урьд эрхэлж байсан химийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах, тус сургуулийн захирлын 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Б/74 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацааны кабинет хариуцсаны нэмэгдэл хөлс 59,222 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын ... дүгээр сургууль нь хариу тайлбартаа нэхэмжлэгч Д.Э нь сахилгын ноцтой зөрчил давтан гаргасан, эрх хэмжээнийхээ хүрээнд кабинетыг шилжүүлж, нэмэгдэл хөлсийг цуцалсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэжээ.

Хуулийн дээрх заалтаас үзэхэд ажил албан тушаалдаа эгүүлэн тогтоогдсон ажилтанд олгогдох дундаж цалин хөлстэй тэнцэх олговор тооцох хугацаа нь ажилгүй байсан хугацаагаар тодорхойлогдохоор байна.

 

Нэхэмжлэгч Д.Э нь 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд Нийслэлийн Баянгол дүүргийн 28 дугаар сургуульд багшаар ажиллаж байсан нь нэхэмжлэгчийн тайлбар нийгмийн даатгалын лавлагаагаар нотлогдож байх бөгөөд уг үйл баримт маргаангүй байна. Тиймээс анхан шатны шүүхийн энэ талаарх дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э-ийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон атлаа 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан “ажилгүй байсан бүх хугацаа” гэснийг буруу тайлбарлаж, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэж давж заалдах гомдлоо тайлбарлажээ.

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй” гэж заасан бөгөөд ажил хөдөлмөр эрхлэх асуудал нь хувь хүний эрхийн асуудал байна.

Хуулийн дээрх заалт болон Хөдөлмөрийн тухай хуулиас /1999 он/ үзэхэд ажил албан тушаалдаа эгүүлэн тогтоогдсон ажилтанд олгогдох дундаж цалин хөлстэй тэнцэх олговор тооцох хугацаа нь ямар нэгэн ажил эрхлээгүй байсан хугацаагаар тодорхойлогдож байна. Ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдөх явцад ажилтан сайн дураараа өөр ажил хөдөлмөр эрхэлж байсан хугацааг ажилгүй байсан хугацаанд тооцож олговор олгох нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч нь нэг эх үүсвэрээс буюу нэгдсэн төсвөөс санхүүждэг байгууллагад ажиллаж байсан байх тул анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв. 

 

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын ... дүгээр сургуулийн захирлын 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Б/74 дүгээр “химийн кабинетийг шилжүүлж, нэмэгдлийг цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгуулж, 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 2021 оны 10 дугаар сарын 15-ныг хүртэл хугацааны кабинет хариуцсаны нэмэгдэл 59.222 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэнтэй маргажээ.

 

Тухайн маргаан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт зааснаар шүүх хянан шийдвэрлэх хөдөлмөрийн ганцаарчилсан маргаанд хамаарахгүй байх ба Хөдөлмөрийн маргаан таслах комисс урьдчилсан байдлаар холбогдох тухайн салбар мэргэжлийн дээд шатны эрх бүхий байгууллагад хандах нь зүйтэй байна.

 

Анхан шатны шүүх нь ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсийг тооцохдоо Д.Э 7, 8, 9 дүгээр сарын цалингаас тооцсон нь буруу бөгөөд нэхэмжлэгч Д.Э нь 2021 оны 09 дүгээр сард листтэй байсан тул бүтэн ажиллаагүй, цалингаа бүтэн аваагүй учир уг хугацаанаас дундаж цалин хөлсийг тооцож олгосон нь үндэслэлгүй гэж маргажээ.

 

Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын дундаж цалин хөлс тодорхойлох журмын 6 дугаар зүйлд хэрэв дундаж цалин хөлс тодорхойлох хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар /өвчтэй, чөлөөтэй/ бүтэн ажиллаагүй тохиолдолд тухайн хугацаанд авсан цалин хөлсний нийлбэр дүнг ажилтны жинхэнэ ажилласан өдрийн тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлохоор заажээ.

 

Эмнэлгийн хуудсаар /1хх 140/ Д.Э 2021.09.06-наас 2021.09.19-н хүртэл ажлын 10 өдөр өвчтэй байжээ. 2021 оны 9 сард авсан цалин 784.002 төгрөгийг ажилласан 12 өдөрт хуваахад нэг өдрийн цалин 65334 төгрөг байна.  

 

2021 оны 7 сард нийт 1.163.484 төгрөгийн цалин авсныг тухайн сарын ажлын өдөр болох 22 өдөрт хувааж үзвэл нэг өдрийн цалин 52.886 төгрөг болж байна. /1163484:22=52886 төгрөг/ Мөн оны 8 сард 1329513 төгрөгийн цалин авсныг тухайн сарын ажлын өдөр болох 22 өдөрт хувааж үзвэл нэг өдрийн цалин 60.433 төгрөг болж байна. /1329513:22=60433 төгрөг/ Эдгээр 3 сарын хугацаанд нэг өдөрт дундажаар 59.551 төгрөгийн цалин авч байсан байна.  /65334+52886+60433=178653:3=59551/ Иймд ажилгүй байсан 10 өдрийн нэг өдрийн цалинг 59.551 төгрөгөөр тооцож үзвэл энэ 10 хоногийн хугацаанд нийт 595.510 төгрөг болж байх тул хариуцагч байгууллагаас уг мөнгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрийн бусад зүйл заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 133/ШШ2022/00195 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын: “508.061” гэснийг “595.510” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Д.Э нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.Э

              ШҮҮГЧИД                           Т.Ж

                                                   Ш.Б