2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 192/ШШ2025/10868

 

 

 

 

  

    2025              12            17                                              192/ШШ2025/10868

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн ...дугаар хороо, Баянгол ...дугаар гудамж ...тоот хаягт оршин суух, ...ургийн овогт Ц.Н /РД:..../-ын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хан-Уул дүүргийн ....дүгээр хороо, Яармаг, Наадамчдын зам ..., ...тоот хаягт байрлах “Х ” ХХК /РД:..../-д холбогдох,

            Нэхэмжлэлийн шаардлага: Ц.Н Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, М хотхоны Б блок, *** давхар, Ж загварын 41,1 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг “Х ” ХХК-д даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Саруултөгс, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Дагважанцан нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа хөтлөв.

Хариуцагчийн төлөөлөгч Б.П шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд “Х ” ХХК-ийн эзгүйд шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэх хүсэлт ирүүлсэн байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл:

            1.1. Миний бие Ц.Н нь 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “Х ” ХХК-ийн захиалан бариулж буй Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, М хотхоны Б блок, *** давхар, Ж загварын 41,1 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 78,090,000 төгрөгөөр, тус компанийн зөвшөөрлөөр “ХХ” ХХК-иас худалдаж авсан. Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээнд заасны дагуу орон сууцны төлбөрийг “ХХ” ХХК-ийн захирал П.Г Хас банкны ***тоот дансанд 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 100 хувь төлсөн.

            1.2. Хариуцагч “Х ” ХХК нь “ХХ” ХХК-д 2022 оны *** сарын 24-ний өдрийн ЗГ-MR-22/38 тоот Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж, нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан орон сууцыг “ХХ” ХХК-д худалдах, борлуулах эрхийг шилжүүлсэн байдаг. Уг орон сууц одоо ашиглалтад орох болсон ба 2025 оны 11 дүгээр сард захиалагч нарт орон сууцаа хүлээлгэн өгнө гэж тайлбарладаг.

            1.3. Хариуцагч “Х ” ХХК-ийн захирал Б.П улсын бүртгэлд бүртгүүлэх холбогдох баримт бичгийг болон урьдчилсан тэмдэглэгээ хийх албан бичиг өгөөч гэхэд өнөөдөр, маргааш гэж хойшлуулаад гаргаж өгөөгүй. Шүүхэд гаргасан хариу тайлбараар хариуцагч нь “ХХ” ХХК-тай байгуулсан гэрээ цуцалсан, орон сууцыг өгөхгүй гэх агуулгаар хариулсан байна.

            1.4. “ХХ” ХХК нь одоог хүртэл “Х ” ХХК-ийн уг барилга дээр ажлаа гүйцэтгэж байгаа. Түүнчлэн хариуцагч тал нь “ХХ” ХХК-тай байгуулсан гэрээг цуцалсан талаарх нотлох баримт хэрэгт гаргаж өгөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар тайлбар татгалзлаа баримтаар нотлоогүй.

1.5. Хариуцагч “Х ХХК”-ийн 2022 оны *** сарын 24-ний өдрийн албан тоотоор маргаан бүхий орон сууцыг гуравдагч этгээд, бусдад худалдахыг зөвшөөрч, тус зөвшөөрлөөр Орон сууц захиалгын гэрээгээр “ХХ” ХХК-иас Ц.Н шилжүүлсэн. Иймд хариуцагчийн тайлбар, татгалзал тогтоогдохгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж маргаан бүхий орон сууцын өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардлагатай бичиг баримтыг гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэнэ үү...гэв.

            2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын үндэслэл:

            2.1. Манай компани “ХХ” ХХК-тай 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр АГГ-22/16 тоот дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ, 2022 оны *** сарын 24-ний өдрийн ЗГ-MR-22/38 тоот орон сууц захиалгаар барих гэрээг тус тус байгуулсан. “ХХ” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээгээр заасан ажлыг огт хийж гүйцэтгээгүй тул Орон сууц захиалгаар барих гэрээний 6.5-д заасны дагуу хоёр тал харилцан тохиролцон зөвшөөрч цуцлан, гэрээнд заасан байруудыг буцаан авч, тус ажлыг манай компани өөрөө хийж гүйцэтгэн ажиллаж байна.

            2.2. Иймд манай компани нь Ц.Н нэхэмжлэлтэй тус 10 давхрын 41.1 м.кв талбай бүхий 2 өрөө Ж орон сууцыг “ХХ” ХХК-д өгөөгүй, тус иргэнд зарсныг мэдээгүй байсан тул тус иргэнд шилжүүлэн өгөх боломжгүй. Манай компани “ХХ” ХХК болон Ц.Н хоорондын маргаантай холбогдолгүй тул “Х ” ХХК-ийн төлөөлөлгүйгээр шүүхийн байгууллага нь шийдвэрлэж өгнө үү...гэжээ.

            3. Нэхэмжлэгч талын гаргасан баримтууд: “ХХ” ХХК, Ц.Н нарын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ /хх-6-7/, “Х ” ХХК-иас “ХХ” ХХК-д хүргүүлсэн 2022 оны *** сарын 24-ний өдрийн 22/50 тоот “Орон сууц худалдан борлуулах тухай” албан бичиг /хх-7 арын хуудас/, “ХХ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-8/, “Х ” ХХК, “ХХ” ХХК нарын 2022 оны *** сарын 24-ний өдөр байгуулсан Орон сууц захиалгаар барих гэрээ /хх-9-10/, Төлбөрийн баримт /хх-11/, Ц.Н Хас банк дахь харилцах дансны хуулга /хх-12/,

            4. Хариуцагч талын гаргасан баримтууд: “Х ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-19, 46/,

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            1. Нэхэмжлэгч Ц.Н нь хариуцагч “Х ” ХХК-д холбогдуулан тус компанийн захиалгаар баригдсан Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, М хотхоны Б блок, *** давхар, Ж загварын 41,1 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг “Х ” ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            1.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлийг “хариуцагчаас олгосон зөвшөөрлийн дагуу ХХ ХХК-иас Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрх шилжүүлэх гэрээний дагуу орон сууц захиалж, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан боловч хариуцагч үндэслэлгүйгээр орон сууцыг хүлээлгэж өгөхгүй, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримтыг өгөхгүй байна” гэж тодорхойлсон.

            2. Хариуцагч “Х ” ХХК нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлийг “тухайн орон сууцыг ХХ ХХК-тай байгуулсан Дотор заслын ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт тооцон Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж, шилжүүлэхээр тохиролцсон. ХХ ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс орон сууцнуудыг буцааж авсан, гэрээ цуцлагдсан, Ц.Н худалдсаныг мэдээгүй тул өгөх боломжгүй” гэж тайлбарлан маргажээ.

            3. Хариуцагч “Х ” ХХК-ийн төлөөлөгч Б.П нь бичгээр гаргасан хариу тайлбараар шүүх хуралдаанд оролцохгүй талаар илэрхийлж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн зүгээс хариуцагчийн эзгүйд, хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлүүлэхийг хүссэний дагуу шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

            4. Хэргийн үйл баримт:

            4.1. Хариуцагч “Х ” ХХК нь “ХХ” ХХК-тай 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр АГГ-22/16 тоот Дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, тухайн гэрээний ажлын хөлсийг орон сууцаар төлөхөөр харилцан тохиролцож 2022 оны *** сарын 24-ний өдөр ЗГ-MR-22/38 тоот Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулан, нийт 565,69 м.кв талбай бүхий 10 ширхэг орон сууцыг шилжүүлэхээр тохиролцсон байна. /хх-9/

            4.2. Улмаар “Х ” ХХК-иас 2022 оны *** сарын 24-ний өдрийн 22/50 тоот албан бичгээр Орон сууц захиалгаар барих гэрээгээр шилжүүлэх дээрх орон сууцнуудыг гуравдагч этгээдэд худалдахыг “ХХ” ХХК-д зөвшөөрч, орон сууц худалдахтай холбоотой бусад бүх асуудлыг тус компани хариуцахыг тодорхойлжээ. /хх-7 арын хуудас/

            4.3. “ХХ” ХХК нь ийнхүү бусдад худалдах зөвшөөрөл авсан 10 ширхэг орон сууцнуудыг нэг болох *** давхрын 41,1 м.кв талбай бүхий Ж загварын 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Ц.Н 78,090,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ байгуулан, Ц.Н төлбөрийг “ХХ” ХХК-д дансаар бүрэн төлж барагдуулсан байна. /хх-6-7, 11-12/

            5. Талууд “Х ” ХХК болон “ХХ” ХХК нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, гэрээний төлбөрийг “Х ” ХХК нь бартераар тооцож 10 ширхэг орон сууцыг “ХХ” ХХК-д шилжүүлсэн, тус орон сууцнуудыг бусдад худалдах зөвшөөрлийг “Х ” ХХК-иас “ХХ” ХХК-д олгосон, Ц.Н орон сууцны төлбөрийг “ХХ” ХХК-д төлсөн зэрэг үйл баримтын талаар маргаагүй.

            Харин маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд бүртгэхэд шаардагдах бичиг баримтыг “Х ” ХХК-иас гаргуулахаар нэхэмжлэгч Ц.Н шаардах эрхтэй эсэх, тус нэхэмжлэлийг хариуцах этгээд “Х ” ХХК мөн эсэх талаар маргаж байна.

            6. “Х ” ХХК, “ХХ” ХХК нарын байгуулсан Орон сууц захиалгаар барих гэрээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд тус гэрээний захиалагч “ХХ” ХХК нь гэрээний зүйлээс *** давхар 41,1 м.кв талбай бүхий Ж загварын 2 өрөө орон сууцтай холбоотой захиалагчийн эрхийг нэхэмжлэгч Ц.Н шилжүүлсэн байна.

            6.1. Дээрх гэрээний 5.2 дахь хэсэгт захиалагч “ХХ” ХХК-ийг “Гүйцэтгэгчээс зөвшөөрөл авснаас бусад тохиолдолд орон сууцыг хүлээн авах хүртэл хугацаанд орон сууцыг бусдад бэлэглэх, шилжүүлэх, худалдах, барьцаалах, түрээслэх, арилжих эрхгүй” гэж заажээ.

            6.2. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт “Шаардах эрх шилжих тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хүртэл үүрэг гүйцэтгэгч анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ” гэж, 123.8 дахь хэсэгт “Хууль буюу гэрээнд заасан хэлбэрээр хийх хэлцлийн хувьд шаардах эрхийг шилжүүлэхдээ уг хэлцлийг хийсэн хэлбэрээр шилжүүлнэ” гэж тус тус заасан бөгөөд гүйцэтгэгч “Х ” ХХК нь захиалагч “ХХ” ХХК-д захиалагчийн шаардах эрхийг бусдад шилжүүлж, гэрээний зүйл болох орон сууцнуудыг бусдад худалдахыг зөвшөөрсөн болох нь 2022 оны *** сарын 24-ний өдрийн 22/50 тоот Орон сууц худалдан борлуулах тухай албан бичгээр тогтоогдож байна.

            6.3. Гүйцэтгэгч “Х ” ХХК-иас ийнхүү гэрээний зүйлийг бусдад худалдах эрхийг захиалагч “ХХ” ХХК-д зөвшөөрсний дагуу маргаан бүхий орон сууц захиалагчийн эрхийг Ц.Н шилжүүлж, орон сууцыг худалдахаар тохиролцсоны дагуу нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж заасны дагуу орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримтыг хариуцагч “Х ” ХХК-иас шаардах эрхтэй гэж дүгнэн, энэ үндэслэлээр Ц.Н нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

            7. Хариуцагч “Х ” ХХК нь “ХХ” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдаж, орон сууцнуудыг буцааж авсан гэх тайлбар гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй болохыг дурдах нь зүйтэй.

            8. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, М хотхоны Б блок, *** давхар, Ж загварын 41,1 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Ц.Н тогтоож, уг хөрөнгийг өмчлөх эрхийг бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч “Х ” ХХК-д даалгасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Х ” ХХК-иас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Н олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

           

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.САРАНТУЯА