| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Зүмбэрэл |
| Хэргийн индекс | 192/2025/08304/И |
| Дугаар | 192/ШШ2025/10565 |
| Огноо | 2025-12-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 192/ШШ2025/10565
| 2025 12 09 | 192/ШШ2025/10565 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.З даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х ХК,
Хариуцагч: Ч.С,
Хариуцагч: Ш.Т,
Зээлийн гэрээний үүрэгт 444,630,523.60 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Х.Х нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Зээлдэгч Ч.С, Ш.Т нар нь Х ХК-ийн ... тооцооны төвтэй 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр .... тоот зээлийн гэрээ байгуулан 360,000,0000 төгрөгийг жилийн 13.2 хувийн хувьсах хүүтэй, 180 сарын хугацаатай орон сууц худалдан авах зориулалтаар зээл авсан. Талуудын хооронд байгуулсан 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр .... тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр .... тоот үл хөдлөх хөрөнгө болон хөдлөх хөрөнгө барьцааны гэрээ байгуулан. Ч.С өмчлөлийн тоот хаягт байрлах, Эрхийн улсын бүртгэлийн .... дугаарт бүртгэгдсэн, улсын бүртгэлийн гэрчилгээний №... дугаартай, 146,4 м.кв талбайтай таван өрөө байрыг барьцаалуулсан. Зээлдэгчийн гаргасан хүсэлтээр .... тоот зээлийн гэрээнд 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр .... тоот гэрээгээр “Зээлийн хүү бууруулах хүсэлтээр зээлийн хүү тогтмол хүүтэй байх бөгөөд 9.6 байна. Банк өөрийн санаачилгаар жил бүрийн 6 дугаар сарын 30-ны өдөр өөрчлөн тогтоож болох бөгөөд хувьсах хүү өөрчлөгдөх эсэх талаар Банк 2 сарын өмнө энэхүү гэрээнд заасан хаягаар зээлдэгчид мэдэгдэнэ” гэж, 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр .... тоот зээлийн гэрээний хугацаа 186 сар гэж зээлийн гэрээний хугацааг 6 сунгаж, ... тоот гэрээгээр зээлийн гэрээний хугацаа 189 сар гэж дахин зээлийн гэрээний хугацааг 2 сараар эргэн төлөлтийн хуваарийг өөрчилж тус тус хугацааг сунгасан. Зээлдэгч Ч.С, Ш.Т нар нь 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ... тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 63,692,668.82 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 124,721,496.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,604,50 төгрөг нийт 188,416,769.35 төгрөг төлсөн байна. Зээлдэгч Ч.С, Ш.Т нар нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас 1281 хоногоор зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна. Иймд банк талуудыг хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.3.5, 6.1.9 дахь заалтууд болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн зээлдэгч Ч.С, Ш.Т нарт холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ... үндсэн зээлийн гэрээ болон 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр ... нэмэлт өөрчлөлт оруулсан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 296,307,331.18 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 138,353,743.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 9,891,448.70 төгрөг, нотариатын зардал 78,000 төгрөг, нийт 444,630,523.60 төгрөг гаргуулах, зээлийн төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд дараах барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргаж байна. Ч.С өмчлөлийн байрлах, Эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн, улсын бүртгэлийн гэрчилгээний .... дугаартай, дугаартай, 146,4 м.кв талбайтай таван өрөө байраар үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү.” гэжээ.
2. Хариуцагч нар хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн агуулгад дурьдсан зээлийн хүүгийн төлбөр болох 138,353,743.72 төгрөг болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болох 9,891,448.70 төгрөгийн тооцоолол болон тооцсон аргачлалыг нь холбогдох гэрээ, хуулийн дагуу хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Иймд, уг маргааныг шүүх хуралдааны журмаар хэлэлцүүлж, өөрийн байр суурийг тайлбарлаж, танилцуулах шаардлагатай гэж үзэж байна.” гэж маргажээ.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээ, мөн өдрийн үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, мөнгөн шилжүүлгийн баримт, 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн орон сууц захиалгын гэрээ, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, барьцаалбар, барьцаалбарын шилжүүлэг, .... дүүргийн бүртгэлийн хэлстийн лавлагаа, зээл хүсэгчийн анкет, зээл төлөх мэдэгдэл, зээлийн бүртгэлийн карт, Т.С, Ш.Т нарын ... банкны дансны хуулга, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариуцагч нараас итгэмжлэл, хариу тайлбар шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
4. Шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
5. Нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч Ч.С, Ш.Т нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 444,630,523.60 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар анхны нэхэмжлэлийн шаардлага 296,307,331.18 төгрөгийг зөвшөөрч, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн шаардлагыг буруу тооцоолсон үндэслэлээр эс зөвшөөрч, маргажээ.
6. Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон байна.
Нэхэмжлэгч Х ХК нь 2017 оны 02 дугаар сарын 23-ний өдөр Ч.С, Ш.Тнартай орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 360,000,000 төгрөгийг жилийн 13.2 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай олгосон болох нь зээлийн дансны харилцагчийн хуулга, мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /хэргийн 22, 59 тал/
Талууд 2017 оны 6 дугаар сарын 07, 2020 оны 12 дугаар сарын 10, 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр тус тус зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн хугацаа, эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулжээ. /хэргийн 19-28/
Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар хариуцагч Ч.Солонгын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай, 5 өрөө орон сууцыг барьцаалсан нь 2017 оны 02 дугаар сарын 23-ний өдрийн .... дугаар барьцааны гэрээ, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, барьцаалбараар тогтоогджээ.
Хариуцагч Ч.С, Ш.Т нар нь 296,307,331.18 төгрөгийн үндсэн зээл төлөхийг зөвшөөрсөн бөгөөд зээлийн хүү 138,353,743.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,891,448.70 төгрөг, нотариатын зардал 78,000 төгрөгийг эс зөвшөөрсөн боловч энэ талаарх татгалзлаа бичгийн баримтаар нотлоогүй байна.
7. Нэхэмжлэгч Х ХК нь 2017 оны 02 дугаар сарын 23-ний өдөр Ч.С, Ш.Т нартай орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 360,000,000 төгрөгийг жилийн 13.2 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай зээлдэгчид шилжүүлсэн тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” заасан зээлийн гэрээ Х ХК болон Ч.С, Ш.Т нарын хооронд байгуулагджээ.
8. Зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг ба энэ гэрээгээр зээлдүүлэгч 360,000,000 төгрөг шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн байна.
Бусдаас зээл авсан бол буцаан төлөх зарчим зээлийн гэрээний харилцаанд оршдог. Хариуцагч гэрээний дагуу зээлийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй болжээ.
Иймээс Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт “Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно.”, 452.2 дахь хэсэгт “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй.” 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.” тус тус зааснаар үндсэн зээл 296,307,331.18 төгрөг, хүү 138,353,743.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,891,448.70 төгрөг, нотариатын зардал 78,000 төгрөг, нийт 444,630,523.60 төгрөгийг нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч Ч.С,Ш.Т гаргуулахаар шаардах эрхтэй юм.
Хариуцагч Ч.С, Ш.Т нар нь зээлийн үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрсөн боловч хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн нь үндэслэл муутай байна.
9. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй”, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж заасан.
Х ХК болон Ч.С нар барьцааны гэрээ байгуулж үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлээр хангуулахаар тохиролцсон байх тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн байна.
Иймд Ч.С, Ш.Т нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн .... дугаартай, 5 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулна.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,763,521 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.С, Ш.Т нараас 2,763,521 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Ч.С, Ш.Т нараас 444,630,523.60 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Ч.С өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаартай, 5 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,763,521 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.С, Ш.Т нарас 2,763,521 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.З