2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 192/ШШ2025/10563

 

 

 

 

 

                                                         2025             12            09  

                                       192/ШШ2025/10563

              

 

                    

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.З даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н.С

Хариуцагч: Д ХХК,

Хариуцагч: Т.газар,

2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагварыг арилгуулан, үндэслэлгүйгээр шилжүүлсэн 177,400,000 төгрөгийг Т газраас, хүчин төгөлдөр бус хэлцэл хийсний улмаас учирсан хохиролд 89,941,800 төгрөгийг Д ХХК-иас гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э, түүний өмгөөлөгч Б.Ц, хариуцагч Д ХХК-ийн төлөөлөгч Г.Ө, хариуцагч Т газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, Д.Ж, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Х.Х нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н.С хариуцагч Д ХХК болон Т газар нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Нэхэмжлэгч нь Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв ...-ын захиалан бариулж буй тус байгууллагын ажилчдын орон сууцыг барьж байсан “Д ХХК-тай 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ... дугаар Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулан  70,96 м.кв талбай бүхий  орон сууцыг захиалан бариулахаар болж, гэрээний төлбөрт 177,400,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл уг гэрээг байгуулж, төлбөрийг шилжүүлсний дараа талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 56.1.1 дүгээр зүйл, 56.1.8 дугаар зүйлийг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь илэрсэн болно. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтыг зөрчсөн тухайд нэхэмжлэгч нь хариуцагчтай маргаан бүхий гэрээг байгуулахаас өмнө  “Д ХХК болон Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв ... нар нь 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Зам тээврийн хөгжлийн яам болон Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв ...-ын ажилтнуудыг орон сууцжуулах барилгын ажлын гэрээг байгуулж, орон сууцны барилгыг ажлыг эхлүүлээд  байсан ба энэхүү баригдаж байгаа барилга нь  орон сууц захиалгын гэрээ байгуулах үндэслэл болсон. Гэтэл хариуцагч нарын хооронд байгуулсан гэрээ болон түүний хийж гүйцэтгэсэн ажил нь хууль тогтоож зөрчсөн, холбогдох зөвшөөрөл аваагүйгээр хийгдсэн байдаг. Тухайлбал 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Нийслэлийн ерөнхий архитектор баталсан  орон сууцны барилгын  Архитектур төлөвлөлтийн даалгаварт барилгыг 9 давхар байхаар төлөвлөсөн байдаг.  Гэтэл хариуцагч нарын хооронд байгуулсан 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн ... болон Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв ...-ын ажилтнуудыг орон сууцжуулах барилгын ажлын гэрээгээр 10 давхар орон сууцны барилга гэрээнд тусгаж улмаар явцын дунд 12 давхар болгохоор харилцан тохиролцсон байсан. Энэ нь барилгын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн бөгөөд хариуцагч Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв ... нь уг гэрээнийхээ  2 дугаар зүйлийн 2.2-т заасан “...Барилга барих хүсэлт гаргах, Архитектур төлөвлөлтийн даалгаврыг боловсруулах, барилгын загвар зураг гаргах, батлуулах зэрэг Барилгын тухай хууль, нарийвчилсан журамд заасан захиалагчийн үүргийг биелүүлээгүй байсан ба Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т зааснаар Захиалагч нь барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 22, 23, 26 дугаар зүйлд заасны дагуу авч, түүнд заасан нөхцөлийг биелүүлэх үүргээ зөрчсөн байдаг. “Д ХХК нь нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахдаа  тухайн  барилгын 9 давхар байхаар төлөвлөгдсөн  архитектур төлөвлөлтийн даалгаврыг зөрчиж 11 давхарт орон сууцны захиалга авсан, мөн захиалагч болон гүйцэтгэгч нар нь батлагдсан зураг төсөлгүй, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй барилгын ажлыг эхлүүлсэн   байх бөгөөд эдгээр нь Барилгын тухай хуулийн 37.1.3 болон барилгын тухай хуульд нийцүүлэн гаргасан Барилгын норм ба дүрмүүдийг зөрчсөн үйлдэл болсон бөгөөд уг гэрээг нь дээрх хууль тогтоомжийг зөрчиж байгуулагдсан байсан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дах заалтыг зөрчсөн тухайд “Д ХХК нь  Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв ...-тай байгуулсан ажилтнуудыг орон сууцжуулах барилгын ажлын гэрээний 5 дугаар зүйлийн 5.7-д “нэрсийн жагсаалтад багтсан ажилтны гэрээнээс татгалзах эрхийг холбогдох хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хязгаарлах мөн жагсаалтад багтаагүй ажилтантай А талын зөвшөөрөлгүйгээр гэрээ байгуулах, харилцан тохиолцож орон сууц худалдан борлуулахыг /дамлах/ хориглоно” хэмээн тохиолцсон байсан. Гэтэл уг заалтыг зөрчин маргаан бүхий орон сууцанд нэмэлтээр захиалга авч нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан, энэ талаар  Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв УТҮГ-с зөвшөөрөл аваагүй гэж маргаж байгаа болно. Иймд нэхэмжлэгчийн  хариуцагч “Д” ХХК-тай байгуулсан 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ... дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ нь хууль зөрчиж,  зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 56.1.8-т  заасан хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах тухай талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн .... дугаар Орон сууц захиалан бариулах гэрээ нь  хүчин төгөлдөр бус хэлцэл тул хүчин төгөлдөр хэлцлийн үр дагаврыг дараах байдлаар арилгуулах шаардлага гаргаж байгаа болно. Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв ....-аас хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн 177,400,000 төгрөгийг  гаргуулах тухайд  нэхэмжлэгч нь хариуцагч “Д” ХХК-тай байгуулсан  Орон сууц захиалан бариулах гэрээний төлбөр болох нийт 177,400,000 төгрөгийг гэрээнд заасан журмын дагуу бүрэн төлсөн байдаг. Дээрх  барилгын захиалагч болох Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв ...-аас “Д” ХХК-тай байгуулсан “Зам, тээврийн хөгжлийн яам болон галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төлийн ажилтнуудыг орон сууцжуулах барилгын ажлын гэрээ”-г цуцалж, цаашид өөр гүйцэтгэгчээр барилгын ажлыг хийлгэхээр болсон. Уг гэрээ цуцлах хүртэл гүйцэтгэгч нь орон сууцны эхний 4 давхрын ажлыг гүйцэтгээд байсан бөгөөд ийнхүү гүйцэтгэхдээ нэхэмжлэгчийн 177,400,000 төгрөгийг зарцуулсан байдаг. Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын газраас гэрээг цуцлан "Д " ХХК-ийн гүйцэтгэсэн 4 давхрын барилгын ажлыг цаашид өөр этгээдээр гүйцэтгүүлэхээр болж, “Д ХХК-ийн гүйцэтгэсэн ажлыг бүхэлд нь Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын газар дангаараа өмчилж, нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн байдаг. Тодруулж хэлбэл тухайн барилгын ажилд нэхэмжлэгчийн мөнгөн хөрөнгө бодитоор шингэн орсон бөгөөд баригдсан 4 давхрыг дангаараа авч байгаа тохиолдолд барилгад хөрөнгө оруулсан этгээдийн хөрөнгийг, хөрөнгийн салган өгөх боломжгүй тохиолдолд үнийн дүнг буцаан өгөх нь зүйн хэрэг юм. Иргэний хуулийн 492 дугаар зүйлд "492.1.Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй", “492.1.1.хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон" хэмээн тус тус заасан байдаг. Иймд нэхэмжлэгчийн  орон сууцны барилгад бодитоор оруулсан 177,400,000 төгрөгийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв ...-аас  гаргуулах нь зүйтэй хэмээн үзэж байна.  Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд “Д” ХХК-иас нэхэмжлэгчид учирсан хохирол болох 89,941,800 төгрөгийг гаруулах тухайд нэхэмжлэгч нь “Д” ХХК-тай байгуулсан гэрээний төлбөрийг өөрийн .. банкны ... дугаартай нэг жилийн 9,6 хувийн хүүтэй хадгаламжаа цуцлан төлсөн байдаг. Ийнхүү нэхэмжлэгч нь өөрийн хадгаламжаа цуцлан гэрээний төлбөрийг төлснөөр 2022 оны 05 сараас нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан  2025 оны 06 сар хүртэл 38 сарын хүү болох 53,929,600 төгрөг, мөн орон сууц ашиглалтад оруулж, хүлээлгэн  хугацаа буюу 2022 оны 12 сараас 2025 оны 06 сар хүртэл нийт 30 сарын түрээсийн төлбөр болох 36,012,200 төгрөг, нийт 89,941,800 төгрөгийг бодит хохирол учирсан байдаг. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө хэмээн заасан байдаг. “Д” ХХК нь  Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв ...-тай байгуулсан гэрээний заалтыг зөрчин, тухайн орон сууцны архитектур төлөвлөлтийн даалгаварт заасан давхраас дээш нэмэлт давхарт захиалга авч  хүчин төгөлдөр бус гэрээг байгуулсан. Иймд “Д” ХХК хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол болох 89,941,800 төгрөгийг нөхөн төлөх үндэслэлтэй хэмээн үзэж байна. Иймд  “Д” ХХК болон Н.С нарын хооронд байгуулсан  2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ... дугаар Орон сууц захиалан бариулах гэрээг Иргэний хуулийн 56.1.1, 56.1.8 дугаар зүйлд зааснаар  хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулан, үндэслэлгүйгээр шилжүүлсэн 177,400,000 төгрөгийг хариуцагч Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв ..-аас, хүчин төгөлдөр бус хэлцэл хийсний улмаас учирсан хохирол болох 89,941,800 төгрөгийг хариуцагч “Д” ХХК-иас тус тус гаргуулж өгнө үү.” гэжээ.

2. Хариуцагч Д ХХК хариу тайлбартаа: “Тухайн үед Т газар нь Д ХХК-д барилга бариулж байсан. Манай захиалгын 4 давхар хүртэл барьж байх явцад Төмөр замын газраас өөрийн хүсэлтээр гэрээ хийж цуцласан. Үүний улмаас  өнөөдрийн асуудал бол бий болсон. Тухайн нэхэмжлэгчийн урьдчилгаанд өгсөн мөнгөнөөс манай компанид нэг ч төгрөг ороогүй. Ц ХХК руу бүтнээрээ орчихсон. Ц ХХК нь дансны хуулгаар барилгын үйл ажиллагаандаа тухайн үед орж ирсэн бүх мөнгөө зарцуулагдсан гэдэг. Бас дансны хуулгаа өөрөө гаргаад, дансны үлдэгдэл нь тэг болоод нотлогдчихсон байдаг. Өөрсдөө тийм тайлбар гаргаж өгсөн. Т газар нь тухайн үед гэрээгээ цуцлаагүй байсан бол манайх тухайн барилгыг бариад дуусгачихсан, ажилчид нь байранд орчихсон байх нөхцөл байдал үүсчихсэн байгаа боловч Төмөр замын газар нь гэрээ цуцлах байдал үүсчхээд байгаа юм. Тэгэхээр Т газрын санаачилгаар тухайн ажлыг зогсоосон учраас бол алданги, олох байсан орлого, түүнтэй холбоотой асуудлуудыг болохоор Т газар төлөх хариуцах үндэслэлтэй гэж үзэж байна. 9 давхар барилга барих байсан чинь 12 давхараар барьчихсан гэдэг болохоороо Т газраас тийм хариу тайлбар ирүүлээд байгаа боловч хавтаст хэргийн 46 дугаар талд 12 давхар болгож өгнө үү гээд удаа дараа хүсэлт явуулчихсан байдаг.  Хохирлын асуудал дээр манайх 89,000,000 төгрөгөөс 53,929,600 төгрөг хадгаламжид байх боломжтой мөнгө гээд хүүний зардлыг манайхаас хүлээн зөвшөөрч байгаа юм. Түрээсийн зарлагыг манайх ямар нэгэн байдлаар зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэвэл хэрвээ өнөөдрийн асуудал байхгүй байсан ч гэсэн гэнэтийн ямар нэгэн давагдашгүй хүчин зүйл гараад тухайн барилга хойшилсон байгаа үед тухайн барилгыг захиалагчийн хувьд түрээсээ төлөөд явах байсан байх гэж үзэж байна.” гэжээ.

3. Хариуцагч Т газар хариу тайлбартаа: “Анх манай байгууллага болон хариуцагч Д ХХК-ийн хооронд ... болон Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв ...-ын ажилтнуудыг орон сууцжуулах барилгын ажлын гэрээг 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан байдаг. Дээрх гэрээгээр 1262 м.кв /га/ өөрийн эзэмшлийн газар дээр орон сууцны барилга бариулах, нөгөө талаас хариуцагч Д ХХК нь евро стандартад нийцсэн, чанартай, бүрэн тохижилттой, 1 блок 10 давхар нийт 80 айлын орон сууцны хорооллын барилгыг барьж ашиглалтад оруулах, дэд бүтэц, гадаад талбай, нэвтрэх гарцыг засварлан тохижуулах, гэрээний хавсралтад заасан үнээр манайхаас цохолт хийсэн нэр бүхий ажилтнуудтай гэрээ байгуулж орон сууцыг худалдан борлуулах, зохих журмын дагуу хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон. Гэтэл барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх цаашлаад гэрээнд заасан хугацаанд барилгыг ашиглалтад оруулах, улсын комисст хүлээлгэн өгөх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэлгүй Д ХХК нь манай 80 захиалагч болох төрийн албан хаагчдыг хохироож өнөөдрийг хүрсэн. Манай талаас 2023 оны 04 дугаар сарын 06-ны өдөр гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлж суурь гэрээ болон орон сууц захиалан бариулах 80 захиалагчийн гэрээ тус тус цуцлагдсан. Д ХХК нь суурь гэрээний 5.4-т Орон сууц худалдан авах хүсэлт гаргасан ажилтнуудын нэрсийн жагсаалтыг хүлээн авч, борлуулалтын алба тэдгээр ажилтнуудтай гэрээ байгуулан захиалгыг баталгаажуулна" гэж заасны дагуу манай төв болон .., ... ...-ийн нэр бүхий 80 төрийн албан хаагчтай байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээний хүрээнд захиалагч тус бүрээс 30-100 хувийн урьдчилгаа төлбөр авч хөрөнгө босгож Зоорь, 1-4 давхрын барилга угсралтын ажлын гүйцэтгэсэн байдаг. Нийт 80 захиалагчаас 2,635,289,631 төгрөгийн хөрөнгийг оруулсан бөгөөд зоорь, 4 давхар каркасыг үнэлүүлж төсөв гаргуулахад 2,357,031,821 төгрөгийн ажил хийгдсэн болох нь тогтоогдсон. Иймд нэхэмжлэгчийн шаардаж буй үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх 177,400,000 төгрөг нь манай барилгын угсралтын ажилд зарцуулагдаагүй ба Иргэний хуулийн 492 дугаар зүйлд 492.1-т зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх боломжгүй байна. Хариуцагч Д ХХК нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын ажлыг эхлүүлж зоорь, 1-4 давхрын угсралтын ажлыг гүйцэтгэсэн болох нь холбогдох байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон нийтэд илэрхий үйл баримт байна. Үүнийг нэхэмжлэгч мэдсэн болохыг тэдний 2023 оны 11 сарын 16-ны өдөр гаргасан хүсэлтээс тодорхойлж болохоор байна. Дээрх дурдсан суурь гэрээний дагуу ажил эхлүүлэхтэй холбоотой баримт бичгийн бүрдлийг хангаагүй мөн архитектур төлөвлөлтийн даалгаварт заасан хэмжээнд байхгүй давхруудыг бусдад худалдан борлуулсан байна. Энэ нь эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т заасан залилах гэмт хэргийн шинжийг хангаж байгаа юм. Тодруулбал, тус орон сууц нь 10 давхраар төвлөгдсөн байхад 11, 12 давхар гэх нэрийдлээр энгийн иргэдийг хохироож орон сууц захиалгын гэрээ байгуулсан байдаг. 11, 12 давхарт манай ажилтнуудаас өөр иргэдэд байр худалдан борлуулах талаар хариуцагч Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв ...-т мэдэгдэж, зөвшөөрөл авч байгаагүй хуульд зааснаар зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. Дээрх давхруудад орон авсан гэх хэд хэдэн иргэд ...-нд хандаж гомдол гаргаж байсан нь албаны мэргэжилтнүүдээс нотлогдоно. Д ХХК-ийн дээрх үйлдэл нь 2021 оноос хойш үргэлжилсэн бөгөөд барилга угсралтын ажил зогсож 2023 онд суурь гэрээ цуцлагдсан ч түүнээс хойш захиалагчид мэдэгдэлгүйгээр мөн л иргэнийг хохироож 2024 оны 01 дүгээр сард орон сууц захиалгын гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөр авсан байна. Нэхэмжлэгч Н.С байрны төлбөрт төлсөн төлбөр Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв ....-ын дансанд ороогүй тул үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй төдийгүй уг төлбөр нь өөр компанийн дансанд шилжүүлэхээр гэрээнд тусгасан байгаа нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болохыг нотолж байна. Иймд Төмөр замын газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

4. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Н.С иргэний үнэмлэхийн хуулбар, 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээ, ... банк дахь Н.С эзэмшлийн ... тоот дансны хуулга, төлбөрийн баримт, ... банк дахь Б.Н эзэмшлийн ... тоот дансны хуулга, .... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн .... дугаартай захирамж, .... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн .... дугаартай шийдвэр, .... дүүргийн Цагдаагийн газрын .... хэлтсийн 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн албан бичиг, ... дүүргийн .... газрын 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн албан бичиг, хариуцагч Т газраас архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийн тоон давхаргын стандарт, Барилга бүрхэцийн харьцаа, давхар талбайн харьцааг тооцож төлөвлөлт хийх аргачлал, Галт тэрэгний зохицуулалтын нэгдсэн төв ..-ын 12 давхар, орон сууцны барилгын зоорь, 1-4 давхрын барилга угсралтын ажлын төсөв, түүний хавсралт, Зам, тээврийн хөгжлийн яам болон Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв ...-ын ажилтнуудыг орон сууцжуулах барилгын ажлын гэрээ, Д ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Д ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох асуудал хариуцагч, барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын хоорондын байгуулсан гэрээ, нэмэгдсэн өртгийн албан татвар суутгагчийн гэрчилгээ, Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв ...-ын 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн ... дугаартай албан бичиг, Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв ....-аас ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, .... Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан гомдол, .... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн .... дугаартай захирамж, ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн ..... дугаартай захирамж, ..... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн .... дугаартай захирамж, ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн .... дугаартай захирамж, ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн .... дугаартай захирамж, Зам тээврийн хөгжлийн яам болон Галт тэрэгний зохицуулалтын нэгдсэн төв ...-ын ажилтнуудыг орон сууцуулах барилгын ажлын гэрээ, орон сууцны захиалагчийн урьдчилгаа төлбөр төлсөн баримт материал, хариуцагч Д ХХК-иас Төрийн банк дахь Ц ХХК-ийн эзэмшлийн дансны хуулга, 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, Баянгол дүүргийн 2 дугаар хорооны 12 давхар барилга-ын гадна дулаан цэвэр усны шугамын ажлын үнийн санал Гадна 2-р хэлхээний дулаан, цэвэр усны шугам, 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Зураг төслийн ажлын гэрээ, 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, Каркасны угсралтын ажлын нийт ажлын хөлсний тооцоо тус тус шүүхэд гарган өгчээ.

Шүүхээс Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газрын 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн ... дугаартай албан бичиг, ... дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдөр ... дугаартай албан бичиг, ... дүүргийн ... байгуулалтын албаны 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн .... дугаартай албан бичиг, түүний хавсралт, Хот байгуулалт, хотын стандартын газраас ирүүлсэн Орон сууц, конторын барилга /загвар зураг/, түүний хавсралт, Д ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ... дугаартай албан бичгийг талуудын хүсэлтээр бүрдүүлжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

5. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

6. Нэхэмжлэгч Н.С нь хариуцагч Д ХХК болон Т газарт холбогдуулан 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагварыг арилгуулан, үндэслэлгүйгээр шилжүүлсэн 177,400,000 төгрөгийг Т газраас, хүчин төгөлдөр бус хэлцэл хийсний улмаас учирсан хохиролд 89,941,800 төгрөгийг Д ХХК-иас гаргуулахаар шаардасныг хариуцагч Д ХХК 53,929,600 төгрөг төлөхөөс бусдыг эс зөвшөөрсөн бол хариуцагч Т газар бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэгч Н.С нь 11 давхарт орон сууц захиалсан гэрээ нь манай байгууллагад хамааралгүй тул уг мөнгөө нэхэмжлэгч Д ХХК-аас гаргуулах нь зүйтэй гэж маргажээ. 

7. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримт, хэргийн оролцогчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 73 дугаар тогтоолоор Т газар байгуулагдсантай холбогдуулан Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв ...-ыг татан буулгажээ. Зохигч энэ талаар маргаагүй болно.

Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв ..-тай Д ХХК нь 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр .... дугаартай Зам тээврийн хөгжлийн яам болон Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв ...-ын ажилтнуудыг орон сууцжуулах барилгын ажлын гэрээг байгуулжээ./1хх 209-216 тал/

Уг гэрээгээр Д ХХК нь Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв ...-ын захиалгаар захиалагчийн албаны контор, үйлчилгээтэй орон сууцны төслийн  1262 м.кв хэмжээтэй Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв ...-ын газар дээр 1 блок 10 давхарт нийт 80 айлын орон сууц барих барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв ...-аас хүргүүлсэн нэрсийн жагсаалтын дагуу ажилтнуудтай гэрээ байгуулсны үндсэн дээр орон сууцыг худалдан борлуулах, нэрсийн жагсаалтад заасан ажилчдад худалдан борлуулахаар гэрээний талууд харилцан тохиролцжээ.

Энэхүү Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв ...-аас хүргүүлсэн 80 иргэний нэрсийн жагсаалт Н.С ороогүй болох нь талуудын тайлбар, 80 иргэний орон сууц захиалан бариулах гэрээ, гэрээний хавсралт, төлбөр төлсөн баримтаар тогтоогдож байна. /4 хавтас бүхий баримт/

Мөн Архитектур төлөвлөлтийн даалгаврыг Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр баталсан бөгөөд Архитектур төлөвлөлтийн даалгаврын 2 болон 4-т Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв ..-ын барилгын төрөл, давхрын тоог тухайлсан зураг төсөлтэй /зоорьтой/ 9 давхар барилга гэж баталсан байна./1хх 170, 2хх 29/ Зохигч барилгын ерөнхий захиалагч буюу өмчлөгч нь Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв ... талаар маргаагүй болно.

Гэтэл хариуцагч Д ХХК нь нэхэмжлэгч Н.С 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ... дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээг байгуулан 70.96 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны барилга бариулахаар харилцан тохиролцжээ. /1хх 7-9 тал/.

Гэрээний талууд 1м.кв талбайн үнийг 2,500,000 төгрөгөөр тооцож нийт 177,400,000 төгрөгийг Н.С Д ХХК-нд төлөхөөр тохиролцож, харин гэрээний үнийн дүн 177,400,000 төгрөгийг банкны тоот дансны эзэмшигч Ц ХХК-нд шилжүүлэхээр гэрээний 2.5-т заасан бөгөөд төлбөр төлөх хуваарийг гэрээний 21/089 дугаартай гэрээний хавсралт-2 заажээ. Үүгээр гэрээний нийт дүн болох 177,400,000 төгрөгийн 10,000,000 төгрөгийг 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр, 167,400,000 төгрөгийг 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн дотор бүрэн төлнө гэж тохиролцсон байна /1хх 10 тал/.

Улмаар нэхэмжлэгч Н.С нь гэрээний 2.5-т зааснаар Д ХХК-ний барилга угсралтын ажлын туслан гүйцэтгэгч Ц ХХК-нд 177,400,000 төгрөгийг дараах байдлаар шилжүүлжээ. Үүнд: Н.С ... банкны ... тоот данснаас Ц ХХК-ний .. банкны ... тоот данс руу 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 167,400,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь .. банкны төлбөрийн баримт, Н.С .. банкны .... тоот дансны хуулгаар тогтоогдож байна /1хх 11-19 тал/. Н.С эхнэр Б.Н тоот данснаас Ц ХХК-ний гүйцэтгэх захирал Б.Ц банкны тоот дансанд 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр 4,000,000 төгрөгийг, 71m2 гэсэн утгатайгаар шилжүүлсэн бөгөөд үлдсэн 6,000,000 төгрөгийг мөн Б.Ц шилжүүлэн нийт Ц ХХК-ний гүйцэтгэх захирал Б.Ц нийт 10,000,000 төгрөгийг төлсөн болох нь Б.Н тоот дансны хуулга болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбараар тогтоогдож байна /1хх 1,2,20 тал/. 

Дээрх нөхцөл байдлаас шалтгаалан Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв -ын 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн дугаартай албан бичгээр Д ХХК-нд мэдэгдэл хүргүүлж, Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвтэй Д ХХК нь 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр дугаартай Зам тээврийн хөгжлийн яам болон Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв ...-ын ажилтнуудыг орон сууцжуулах барилгын ажлын гэрээг цуцласан байна.

Тодруулбал, Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв ..-тай Д ХХК нь 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр .. дугаартай Зам тээврийн хөгжлийн яам болон Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв ...-ын ажилтнуудыг орон сууцжуулах барилгын ажлын гэрээний 1.1-т 1 блок 10 /зоорьтой бол 9 давхар/ давхар 80 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр тохирсон байхад гүйцэтгэгч Д ХХК нь барилгыг 12 давхар болгон барихаар иргэдээс 11, 12 давхарт орон сууцны захиалга авч байсан гэрээний ноцтой зөрчил илэрсэн байна. 

8. Д ХХК нь Н.С Орон сууц захиалан бариулах гэрээг байгуулан 70.96 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны барилга барихаар харилцан тохиролцсон тул тэдгээрийн хооронд иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” заасан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагджээ.

Нийтийн зориулалттай орон сууц нь зөвхөн нэг захиалагчийн хөрөнгөөр бий болдоггүй тул талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Үл хөдлөх эд хөрөнгө нь хууль болон гэрээнд зааснын дагуу хэн нэгний өмчлөлд бүртгэлтэй байдаг бөгөөд өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, өмчлөгчөөс бусад этгээд захиран зарцуулах эрхгүй тул орон сууцны өмчлөгч Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв ...-ын зөвшөөрөлгүй хийсэн хариуцагч Д ХХК болон нэхэмжлэгч Н.С нарын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ...дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл”, 56.1.8-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” тус тус зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзнэ. 

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.”, 56.6 дахь хэсэгт “Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө.” тус тус зааснаар хэлцэл хүчин төгөлдөр бус байх тохиолдолд хэлцлийн үр дагавар гэрээний талуудын хооронд үүснэ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Н.Сэргэлэн нь хариуцагч Д ХХК-тай хэлцэл хийсэн бөгөөд тэрхүү хэлцэл хүчин төгөлдөр бус байсны улмаас өгсөн мөнгөө буцаан авах, учруулсан хохирол нөхөн төлөх үүргийг Д ХХК хүлээхээс бус гэрээнд оролцоогүй Т газар хариуцахгүй юм.

 Хэдийгээр Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв ..-ын 10 давхар 80 айлын орон сууцыг хариуцагч Д ХХК ажил гүйцэтгэх гэрээний дагуу 4 давхар хүртэл зоорийн давхарын хамт барьсан, нэхэмжлэгч Н.С туслан гүйцэтгэгч Ц ХХК-нд шилжүүлсэн 177,400,000 төгрөг уг барилгын 1-4 давхар, зоорийн давхарт барилгын материал, барилгын угсралтын ажлын хөлсөнд шингээж, уг барилгын зоорийн болон 1-4 давхарт орсон болох нь Г.Б 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр баталсан Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв ...-ын Орон сууц, конторын барилга зураг төслийг зохиогч Э ХХК-ийн барилга зураг төслөөр, Г.Б 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ... дугаартай ... төлөвлөлтийн даалгаврын 4-т тухайлсан зураг төсөлтэй /зоорьтой/ 12 давхар... гэж, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Архитектур төлөвлөлтийн даалгавраар, Зам, тээврийн хөгжлийн Сайдын 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн ... дугаартай Нийслэлийн Засаг даргад дэмжлэг хүссэн албан бичиг болон түүний хавсралт 4 давхар барилгын карказ угсралттай фото зургаар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаартай Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт батлагдсан зураг төсөлгүйгээр ажил гүйцэтгэсэн барилгын ажлыг зогсоож зөрчлийн арга хэмжээ авсан талаарх албан бичгээр, Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв ...-ын 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн .... дугаартай Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт хүсэлт хүргүүлэх тухай албан бичгээр, Барилга Архитектур корпораци итгэмжлэгдсэн лабораторийн 2023 оны 04 дүгээр сарын 17 өдрийн .... дугаартай, 2023 оны 05 дугаар сарын 25 өдрийн ... дугаартай, 2023 оны 05 дугаар сарын 09 өдрийн ... дугаартай шинжилгээний дүнгүүдээр, тайлан Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв ...-ын 12 давхар орон сууцны барилгын оношилгоо, Э ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн .. дугаартай дүгнэлтээр, Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв ... нь Ю ХХК-тай 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ... дугаартай Барилга угсралтын ажилд хөрөнгө оруулж, ажил гүйцэтгүүлэх гэрээгээр, Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв ...-ын 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ... дугаартай Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газарт хүсэлт гаргах тухай албан бичгээр, Ю ХХК-тай 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ... дугаартай, 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн ... дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр хүргүүлсэн тайлангаар, Д ХХК-аас Б ХХК-тай 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ... дугаартай гадна шугам болон халаалт, ХХУ-ны тоноглол шугам өргөтгөх ажил гүйцэтгэх гэрээгээр, Д ХХК-аас Э ХХК-тай 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн  ... дугаартай Зураг төслийн ажлын гэрээгээр, Д ХХК-аас Ц ХХК-тай 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ... дугаартай Барилгын каркас угсралтын ажил гүйцэтгэх гэрээгээр, Ц ХХК-ийн .... банкны ... тоот дансны хуулгаар тус тус тогтоогдож байх боловч гэрээний үүрэг өөр өөр этгээдийн хооронд үүсжээ.

Тухайлбал, Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв .. болон Д ХХК нар 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр .... дугаартай Зам тээврийн хөгжлийн яам болон Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв ....-ын ажилтнуудыг орон сууцжуулах барилгын ажлын гэрээ, Д ХХК болон Ц ХХК-ын хооронд 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн .... дугаар ажил гүйцэтгэх гэрээ, Д ХХК болон нэхэмжлэгч Н.С 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ... дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ тус тус байгуулсан байхад Д ХХК болон нэхэмжлэгч Н.С 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр .... дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ хүчин төгөлдөр бус байсны үр дагаврыг Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв .. буюу Т газар хариуцах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгч Н.С Т газраас 177,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

9. Харин шүүхээс шийдвэр үр дагавар үүсгэх учир дээрх Д ХХК болон нэхэмжлэгч Н.С нарын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр .... дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагварыг арилгаж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” зааснаар хариуцагч Д ХХК-иас 177,400,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.С олгох үндэслэлтэй болжээ.

10. Нэхэмжлэгч Н.С нь хариуцагч Д ХХК-тай 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ... дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ-ний 8.2 дахь хэсэгт зааснаар гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн тал гэрээний үнийн дүнгийн 0.1 хувиар тооцон хоногт тутам алданги тооцохоор тохиролцсон гэж нэхэмжлэлдээ дурьдаж, алдангид 61,557,800 төгрөг, олох ёстой байсан орлогод 28,384,000 нийт 89,941,800 төгрөгийг хариуцагч Д ХХК-иас шаардсаныг хариуцагч 53,929,600 төгрөгийг зөвшөөрсөн тул хариуцагч Д ХХК-иас энэхүү төлбөрийг гаргуулах үндэслэлтэй болжээ. 

Харин нэхэмжлэгч 36,012,200 төгрөгийн түрээсийн төлбөр төлснөө нотлоогүй, ийм хэмжээний орлого олох байсан нь тогтоогдохгүй байх тул энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

11. Иймээс Т газарт холбогдох 177,400,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Д ХХК-иас 231,329,600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.С олгох үндэслэлтэй гэж үзлээ.

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,652,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д ХХК-иас 1,652,650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.С олгох нь үндэслэлтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.5, 56.6, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ... дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч Д ХХК-иас 231,329,600 төгрөг гаргуулан Н.С олгож, үлдэх шаардлага болон хариуцагч Т газарт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,652,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д ХХК-иас 1,652,650 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.