Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 792

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч П.Болормаа,    

Нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,

Шүүгдэгч А.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журамаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.Гд холбогдох эрүүгийн 1706040530837 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Үйлдсэн хэргийн талаар:

А.Г нь согтуурсан үедээ 2017 оны 12 дугаар сарын 06-ны орой 22 цагийн орчим Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Тайга" төвийн орчимд иргэн Н.Содномдоржийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Гд холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1706040530837 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалхад А.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Н.Содномдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2017 оны 12 сарын 06-ны орой 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо ФМ 104,5 радиотой гудамжаар ах Шагдарсүрэнгийн гэрт очихоор ганцаараа алхаж явахад "Тайга" баарны орчим 1 залуу гал байна уу гэтэл би байхгүй гэтэл шууд мөрнөөс татаж бид 2 ноцолдож намайг газар унагаагаад зүүн нүд дух руу 4-5 удаа өшиглөж ухаан балартаад хэвтэж байтал нэг залуу намайг зүгээр үү гэж хэлж босгоход нөгөө залуу алга болсон байсан. Хэрэг болсон өдөр гадуур хүрэмний халаасанд байсан Скай вега 860, Скай 830 маркын 2 ширхэг цагаан өнгийн гар утас, иргэний үнэмлэхээ унагаж гээсэн байна лээ. А.Г миний хохиролыг бүрэн барагдуулсан гэх мэдүүлэг, /хх-ийн 28-30/

 

Гэрч Д.Энхсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Содномдоржийн дүү гэх залуу ахыг зодсон хүн ойрхон зочид буудлаар үйлчлүүлсэн байж болзошгүй тухай хэлж би Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд орших Тайга зочид буудлаар үйлчлүүлсэн хүмүүсийн мэдээллийг авч тухайн өдөр Г үйлчлүүлсэн байсныг тогтоож дээрх хүнийг эрүүгийн төлөөлөгчид хүлээлгэн өгсөн. Тэр залуу би тухайн үед согтуу байсан, Тайга буудлын ойролцоо үл таних нэг залуутай маргалдаж зодолдож байсан гэж хэлж байсан гэх мэдүүлэг  /хх-ийн 34/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын   21-ний өдрийн 116 дугаартай

Н.Содномдоржийн биед зүүн нүдний зовхинд цус хуралт, духанд зулгаралт  гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх  боломжтой. Гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох хурмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварын тогтонги алталтанд нөлөөлөхгүй болно гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39/,

 

Шүүгдэгч А.Гийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Сонсгож байгаа ялыг ойлгож мэдсэн. Хүлээн зөвшөөрч байна. 2017 оны 12 сарын 06-ны өдөр 19 цагийн үед найз Наранбаатарын хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд байрлах "Тайга" төвд байрлах зочид буудалд 0,75 литрийн архи хувааж ууж байгаад карокое бааранд орж Сэнгүүр пиво уугаад би шөнө 22 цагийн үед нэлээн согтож гадаа ганцаараа гарч тамхи татаад байж байтал хажуугаар зөрж явсан нэг залуу гал асууж би өгөөгүй. Тэгтэл нөгөө залуу надруу нэг юм хэлээд би юу гэнээ гээд бид хоорондоо маргалдаад намайг заамдаад авсан хоорондоо ноцолдож байгаад би гараараа нэг удаа нүүрэн тус газар нь нэг цохиод нөгөө залуу газар унаж би дээрээс нь нэг удаа өшиглөсөн. Би гар, хөлөөрөө 1 удаа цохисон. Надаас хохирол, эмчилгээ, унааны зардал гэж нийт 450.000 төгрөг нэхэмжилж би 450.000 төгрөг бэлнээр Содномдоржид өөрт нь өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 54/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс: хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 8/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 22-23/, хохирогч Н.Содномдорж Гээс 450.000 төгрөгний хохиролын мөнгө авсан тэмдэглэл /хх-62/,

А.Гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Шидэт-Од ХХК-нд ажилдаг болохыг тодорхойлсон баримт, Баянзүрх дүүргийн 2-р хорооны тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 45-48/, шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 64/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй байх ба тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл  прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас А.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч А.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч А.Ггийн иргэн Н.Содномдоржийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

А.Г нь уг гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна. 

 

Хохирогч Н.Содномдоржид учирсан, түүний нэхэмжилсэн хохиролыг төлж барагдуулсан болох нь нотлох баримтаар тогтоогдож байх тул А.Гг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, ажил эрхлэлтийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А.Гг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гг таван зуун жаран нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч А.Г нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БААСАНБАТ