Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2025/ДШМ/84

 

 

 

 

 

  2025            12            18                                                         2025/ДШМ/84

 

Х.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Цэрэнханд даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, ерөнхий шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Лувсанцэрэн,

Шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Г.Амартүвшин,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А, түүний өмгөөлөгч У.Хүрэлсүх /цахим/,

Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/475 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Г.Амартүвшин нарын гаргасан гомдлоор шүүгдэгч Х.Бд холбогдох эрүүгийн 2434004520519 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, Х.Б, ........, эрэгтэй, 40 настай, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, “............... ажилтай, ам бүл 4, 3 хүүхдийн хамт ............................. тоотод оршин суух хаягтай, регистрийн дугаар .....................,

урьд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 458 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн

2.Х.Б нь 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын 02 дугаар багийн нутаг Улаанбаатараас Дундговь аймаг явах чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын 95 дахь километрийн шонгийн ойролцоо иргэн Д.Б-ын эзэмшлийн ....УБХ улсын дугаартай Хино ренжер маркын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалтыг зөрчиж эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд эсрэг урсгалд орж өөдөөс ирж явсан иргэн Д.Агийн жолоодож явсан ......ӨМӨ улсын дугаартай Тоёота приус 41 маркын тээврийн хэрэгслийг мөргөж, тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 25 настай эмэгтэй Г.Т, 5 настай эрэгтэй О.О нарын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

3.Төв аймгийн прокурорын газраас Х.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

4.Анхан шатны шүүх: “...Шүүгдэгч Хорчин овогт Хүрэлбаатарын Х.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохирсон" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч Х.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 /найм/ жилийн хугацаагаар хасаж, 5 /тав/ жил хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Бд оногдуулсан 5 /тав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 /найм/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссаны дараа эхлэн тоолохыг дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бын цагдан хоригдсон 89 /наян ес/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 508 дугаар зүйлийн 1, 511 дүгээр зүйлийн 511.5-д тус тус зааснаар шүүгдэгч Х.Баас 217.800.000 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ад, иргэний нэхэмжлэгчээс нэхэмжилсэн 5.913.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгож,

Шүүгдэгч Х.Бд холбогдох 2434004520519 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг, шүүгдэгчээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 60.426.400 төгрөг, иргэний нэхэмжлэгчид 28.000.000 төгрөг төлснийг тус тус дурдаж,

Гэр бүлийн тухай хуулийн 66.1-д зааснаар насанд хүрээгүй Х.Бын Н, Х.Бын Х, Х.Бын О нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Улаанбаатар хот, ........... дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

5.Шүүгдэгч Х.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие нь ................ тоотод 3 хүүхдийн хамт амьдардаг.

2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотоос Дундговь явах замд санамсар болгоомжгүйгээс осол гаргаж, 2 хүний амь хохироосон гэмт хэрэгт холбогдсон. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшин харамсдаг. Гэмт хэрэгт холбогдсоноос хойш оршуулгын зардал, байрны түрээс, сэтгэл санааны хохирол, машин засварласан төлбөр зэргийг боломжоороо дор бүрд нь төлж байсан.

2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 2025/ШЦТ/475 дугаартай шийтгэх тогтоолоор 5 жилийн хорих ялаар шийтгэгдэж, 217,800,000 төгрөгийн хохирол төлбөрийг нэмж төлөхөөр шийдвэрлэсэнд гомдолтой байна.

2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр болсон анхан шатны шүүхээс тогтоосон хохирогчид учирсан сэтгэл санааны болон бусад хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Би анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирол төлбөрийг төлсөн гэтэл шүүх сэтгэцэд учирсан хохирлын тооцоог хэт ихээр гаргаж эрх зүйн байдлыг минь дордуулж байна. Би зөв тооцоолж, тогтоосон мөнгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Мөн Х.Б миний бие нь өрх толгойлсон эцэг бөгөөд насанд хүрээгүй 3 хүүхдийн хамт амьдардаг тул ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

6.Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Х.Бын хувьд гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудалд маргаагүй ба бодит байдлын талаар шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа мэдүүлсэн гэдгийг дурдах нь зүйтэй. Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар амь хохирогч хүү О.О дундаж наслалтыг 66 байхаар тодорхойлж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг тооцож 217,800,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь бодит байдалд нийцээгүй байна.

Учир нь 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 22 дугаартай шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч Г.Т, О.О нарын хууль ёсны төлөөлөгч Д.Агийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохдоо дөрөвдүгээр зэрэглэлд хамааруулсан байсан.

Иймд шүүгдэгч нь Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн хавсралтаар баталсан "Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалд"-д заасны дагуу дөрөвдүгээр зэрэглэл нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23-45,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоосны дагуу 45.99 дахин нэмэгдүүлснээр буюу нийт 30.350.400 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид өгсөн.

Гэтэл шүүх дээрх шинжээчийн дүгнэлтийг бус Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь заалтыг баримтлан сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг гаргуулж байгааг нь хуульд нийцсэн гэж үзэхгүй.

Хэрэв шүүх Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасан заалтаас “...нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно...” гэснийг баримтлан 217.800.000 төгрөгийг гаргуулж байгаа тохиолдолд өмнө нь гарсан шинжээчийн дүгнэлтийн сэтгэцэд учирсан хохиролд төлсөн 30.350.400 төгрөгийг хохирлоос хасаж тооцох ёстой гэж үзэж байна.

2. Шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийн тухайд:

Шүүх шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгтээ “...Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг ажлын 5 өдөрт багтаан завсарлуулж, шүүгдэгч Х.Б нь гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүхээс тогтоосон хохирлыг төлж барагдуулаагүй болохыг дурдах нь зүйтэй байна...” гэсэн нь шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа өмнө нь хохиролд төлсөн мөнгийг нарийвчлан салгаж дурдаагүй нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулсан шинжтэй байна.

Шүүгдэгчийн зүгээс оршуулгын зардал 21.076.026 төгрөг гарснаас 23.000.000 төгрөгийг өгсөн, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн орон сууц хөлсөлсөн зардал 9.000.000 төгрөг, сэтгэцэд учирсан хохиролд 30.353.400 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Г-ийн тээврийн хэрэгслийг анх авсан үнээр нь тооцож 28.000.000 төгрөг, мөн иргэний нэхэмжлэгч Д.Б нь хохирол нэхэмжлэхгүй гэсэн байдлуудыг огт дурдаагүй байна.

Шүүгдэгчийн хувьд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээсэн, маргаагүй, гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг төлж барагдуулсан, хор уршиг болох шүүхээс тогтоосон нөхөн төлбөрийг төлөхөө илэрхийлсэн, сургуулийн насны 3 хүүхэдтэй, ганц бие эцэг зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж түүнд оногдуулсан 5 жилийн хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү...” гэв.

 

7.Прокурор Б.Лувсанцэрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон дүгнэлтдээ: “...Сэтгэл санааны хохирлын мөнгөн дүнгийн хувьд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид аль ашигтай байдлаар нь шийдвэрлэх зохицуулалтыг хуульд заасан. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хүн амын дундаж наслалтын зөрүүгээр тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Харин шүүгдэгчийн зүгээс шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 4 дүгээр зэрэглэлийн хор уршигтай холбоотойгоор 140.000.000 төгрөгөөр тооцож, төлсөн 30.000.000 төгрөгийг хасаж тооцох тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасны дагуу зөвтгөн шийдвэрлэх боломжтой. Ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдлын тухайд анхан шатны шүүх хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд ял шийтгэлийг оногдуулж шийдвэрлэсэн тул Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй...” гэв.

8.Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Шүүхийн байгууллагаас тогтоосон мөнгөн дүнг эргэлзээтэй, ял шийтгэлийг багасгаж өгөөч гэж хүсэж байгааг ойлгохгүй байна. Монгол Улсын хууль, шүүхийн байгууллагаас тогтоосон мөнгөн дүн, ял шийтгэлийн хэмжээ нь хуульд үндэслэсэн шийдвэр. Би охин, зээ хүүгээ алдчихаад байна. Үүнийг ямар ч мөнгөөр нөхөн төлөх боломжгүй. Гэтэл 5 жилийн ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсэж байгааг зөвшөөрөхгүй...” гэв.

9.Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Агийн өмгөөлөгч У.Хүрэлсүх шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Хохирогч талаас нэхэмжилсэн нийт мөнгөн дүнгээс шүүгдэгчийн зүгээс төлсөн мөнгөн дүнг хасаж, үүний үндсэн дээр тооцоог хийж шийдвэрлэсэн. Мөн ял шийтгэлийг багасгах асуудлын хувьд анхан шатны шүүх хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд ял шийтгэлийг оногдуулсан бөгөөд үүнээс илүү бага ял оногдуулах хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Г.Амартүвшин нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд шийтгэх тогтоолд дараах өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

1.Шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шүүх, шүүгч нь хуульд заасны дагуу тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянан үзэж тухайн хэрэг учрал болж өнгөрсөн цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдлыг тогтоох ба шүүгдэж буй этгээдийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл гэм буруутай эсэх болон хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудын талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийснээр шүүхээс гарч буй шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзнэ.

2.Анхан болон давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан үзвэл, Х.Б нь 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын 02 дугаар багийн нутаг Улаанбаатараас Дундговь аймаг явах чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын 95 дахь километрийн шонгийн ойролцоо иргэн Д.Б-ын эзэмшлийн ....УБХ улсын дугаартай Хино ренжер маркын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалтыг зөрчиж эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замын эсрэг урсгалд орж иргэн Д.Агийн жолоодож явсан .....ӨМӨ улсын дугаартай Тоёота приус 41 маркын тээврийн хэрэгслийг мөргөж, тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 25 настай эмэгтэй Г.Т, 5 настай эрэгтэй О.О нарын амь насыг хохироосон нь дараах үйл баримтаар хөдөлбөргүй тогтоогдсон. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт бэхжүүлэгдсэн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-7-17/,

Хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Д.Агийн гэрчээр өгсөн “...Би 2024 оны 7 дугаар сарын 24-ний өглөө 10 цагийн орчим Өмнөговь аймгаас Улаанбаатар хот руу өөрийн төрсөн охин болох Г.Т болон 2 зээ хүү О.О, О.О нарын хамт дөрвүүлээ өөрийн ....ӨМӨ улсын дугаартай усан цэнхэр өнгийн Приус-41 маркийн тээврийн хэрэгсэлтэй гарсан. Гараад замдаа явж байгаад Төв аймгийн Баянцагаан сумын нутагт замаараа 1 танил айлаар орчхоод орой 21 цагийн үед хөдлөөд Улаанбаатар чиглэлд явж байсан. Тэр үед гадаа гэгээ тасарч байсан айлын гаднаас машины rэрэл acaагаад хөдөлсөн. Засмал зам дээр явж байтал бидний яаж байсан тал руу урсгал cөрөөд том оврын ачааны тээврийн хэрэгсэл яваад байсан. Би тэр машиныг урсгал сөрөөд яваад байхаар нь өөдөөс нь гэрлээрээ хэд хэдэн удаа шилжүүлээд дохиод байтал ямар нэгэн өөрчлөлт байхгүй өөдөөс орж ирээд тас буугаад мөргөлдсөн. Тэр үед би ухаан алдаж хэсэг хугацааны дараа ухаан ортол хүүхэд уйлж байгаа чимээ сонсогдсон. Хоёр хүүгийнхээ алийг нь уйлж байгаа юм бол доо гэж бодоод сэргэсэн. Тэгээд осолд орсноо мэдэж хүүхдүүдээ хартал хамгийн бага зээ хүү О.О хойд талын суудлын дор ээжийнхээ хөлд дээшээ хараад уйлж байсан. Би хажуу тийшээ хартал О.О зүүн урд талын суудал дээр байхаар татаад авах гэтэл гарахгүй байсан. Тэгээд би машины хаалгыг онгойлгож гараад хойд хаалгыг нээгээд хойноос бага зээ хүү О.О-ыг авч машинаас гаргасан. Тэр үед охин Т-г дуудтал толгой тархи нь цус болчихсон ямар нэгэн хариу өгөөгүй сэргэхгүй байсан. Би хөдөлгөж болохгүй юм байна гэж бодоод хөдөлгөөнгүй хэсэг зуур ухаан алдсан амьд байх болов уу гэж горьдож байсан. Тэгээд О.О-ыг тэврээд замын хүмүүсээс тусламж гуйхад замын машинууд зогсохгүй байж байгаад 1 машинтай 2 залуу зогсоод надад тусалж машины зүүн урд хаалгыг онгойлгож О.О-г гаргаж ирсэн. Тэр үед О ухаан алдсан ухаангүй байсан. Замын хүмүүс энэ хүүхдийг эмнэлэгт үзүүлэхгүй бол болохгүй юм байна гээд тусалж О-ийг замын хүний машинд суулгаад Төв аймгийн эмнэлэг рүү явуулсан. Тэгээд би охиноо гаргаж авах гээд хүмүүсийг туслаач гэхэд замын зарим хүмүүс ийм хүнийг хөдөлгөж болохгүй гэхээр нь би Т-г хөдөлгөлгүй түргэн ирэхийг хүлээсэн. Тэр осол болсон газар гар утасны сүлжээ байхгүй би утсаар ярих гээд замын машинд суугаад сүлжээ хайгаад явсан. Би осол болсон газраас Төв аймаг тал руу хэсэг явж байгаад сүлжээтэй газар ирээд нөхөр хүүхдэдээ мэдэгдсэн. Сүлжээ хайгаад явахаас өмнө нөгөө мөргөлдсөн том машины жолооч болох залуу бид нар дээр ирэхээр нь чи яагаад цагаан зураас даваад орж явж байгаа юм бэ гээд уйлсан. Тэгээд утсаар ярих гээд явах гэтэл мөргөлдсөн том машины жолооч би яадаг ч байсан танай хүүг харж байя та энэ хүмүүстэй яваад гэрийнхэндээ хэл гээд О.О-ыг тэврээд үлдсэн. Би утсаар ярьж хэл дуулгаад байж байтал өөдөөс цагдаагийн машин ирсэн тул цагдаагийн машинд суугаад буцаад хэрэг болсон газар ирсэн. Тухайн газарт ирэхэд нөгөө том машины жолооч залуу О.О-ыг тэврээд зогсож байсан..." гэх мэдүүлэг /1хх-54-55/,

          Төв аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 153 дугаартай “...Амь хохирогч О.О-ийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр тархины эдийн тархмал няцрал /их тархины баруун тал бөмбөлөг болон бага тархи хэлбэр дүрсээ хадгалахгүй/ баруун зулайн дэлбэнгийн тархины хатуу хальсан доорх цусан хураа. Их тархины баруун тал бөмбөлгийн зулайн дэлбэнгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт. Тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хурааг авах мэс заслын дараах байдал. Цээжний зүүн хөндийн хий хуралдалт. Зүүн бугалганы дунд хэсгийн далд зөрөөтэй хугарал. Нойр булчирхайн өмнөд гадаргын цус хуралт. Зүүн уушгины дээд дэлбэнгийн өмнөд гадаргын цус хуралт. Нүүрний зөөлөн эдийн зулгаралт. Хэвлийн зөөлөн эдийн зулгаралт. Их сэмжний дээд хэсгийн цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хүний хүчнээс давсан үйлчлэлээр үүсэх бөгөөд зам тээврийн ослын улмаас үүссэн байх боломжтой. …Амь хохирогч нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны цочмог дутагдалд орж нас баржээ..." гэх дүгнэлт /1хх-94-103/,

          Төв аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 144 дугаартай “...Гавлын зүүн өмнөд хонхорын ясны олон хэлтэрхий үүсгэсэн цөмөрсөн хугарал, цөмөрсөн хугарлаас баруун тийш турк эмээлийг дайрч суурь ясны баруун их далавч хүрч урдаас хойшоо, доороос дээшээ чиглэлээр үргэлжилж дагз ясны хайрс хэсэгт хүрсэн шугаман хугарал. Их тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн уушгины доод дэлбэнгийн гадна гадаргын цус хуралт. Баруун уушигны доод дэлбэнгийн гадна гадаргын цус хуралт. Голтын эрхтний ар хананы цус хуралт. Нүүрний зөөлөн эдийн шарх. Гадуур цус алдалт. Хүзүү хоолойн өмнөд гадаргын зөөлөн эдийн зулгаралт. Зүрх судас, амьсгалын цочмог дутагдал. Амь хохирогч Г.Т-ийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношинд бичигдсэн гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хүний хүчнээс давсан үйлчлэлээр үүсэх бөгөөд зам тээврийн ослын улмаас үүсэх боломжтой. Амь хохирогчийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр үхэлд шууд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогч нь хавсарсан хүнд гэмтлийн улмаас зурх судас, амьсгалын цочмог дутагдалд орж нас баржээ..." гэх дугнэлт /1хх-78-82/,

          Шинжээч С.Б-гийн 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 48/13, 24/246 дугаартай “Хэргийн материалтай танилцахад Hino Ranger маркын ....УБХ улсын дугаартай автомашины жолооч Х.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Toyota Prius маркын ....ӨМӨ улсын дугаартай автомашины жолооч Д.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Hino Ranger маркын ....УБХ улсын дугаартай автомашины жолооч Х.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалтыг зөрчсөний улмаас уг осол гарсан гэж үзэж байна..." гэх дүгнэлт /1хх-131-133/,

          Хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Д.Агийн өгсөн “...Талийгаач Г.Т нь 1999 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд миний 2 дахь охин болж төрсөн. …Миний зээ болох талийгаач О.О нь 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр төрсөн... Миний хувьд гомдолтой байна. Ослын улмаас миний эрүүл мэндэд өөрчлөлт гарсан. Зүрх судасны үйл ажиллагаа өөрчлөгдөж, даралт байнга ихсэж, ходоод маш их өвддөг болсон. Миний хувьд ажил хийж чадахгүй болсон. Би ажилгүй үеийн зардал, сэтгэл санааны хохирол, бусад гарсан буяны ажлын зардал, машины хохирлыг, мөн айдсаасаа болоод гэртээ зээ хүүтэйгээ байх боломжгүй болоод хүмүүс бараадаж төвд байр түрээсэлж байгаа түрээс, урсгал зардлыг төлүүлмээр байна..." гэх мэдүүлэг /1хх-32-33, 39/,

          Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 22 дугаартай "Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А /РД:........../-ийн сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас F43 дасан зохицохын хямрал, хүчтэй стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд оношлогдож байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна" гэх дүгнэлт /1хх-166-168/,

          Иргэний нэхэмжлэгч Б.Г-н "...Би үнэлгээгээр гарсан зардал болон ачилтын төлбөр, журмын хашааны төлбөр, мөн наашаа цаашаа явсан зардлаа буруутай хүнээс төлүүлж авмаар байна..." гэх мэдүүлэг /1хх-41/,

          “Вендо” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 49281 дугаартай ....ӨМӨ улсын дугаартай Тоёота приус 41 маркын тээврийн хэрэгсэлд ослын улмаас 11,793,200 төгрөгийн эвдрэл хохирол учирсан гэх үнэлгээний тайлан /1хх-140-142/,

          Иргэний нэхэмжлэгч Д.Б-ын “... надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй" гэх мэдүүлэг /1хх-44/,

          “Вендо” ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 48780 дугаартай ....УБХ улсын дугаартай Хино Ренжэр маркын тээврийн хэрэгсэлд 1,391,200 төгрөгийн эвдрэл хохирол учирсан гэх дүгнэлт /1хх-119-120/

          Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Г-ийн “...Миний хувьд лавлагаагаар гарсан мөнгөн дүнг буцаагаад улсад буюу Эрүүл мэндийн даатгалын сангийн 10030002008 дугаартай дансанд авч улсыг хохиролгүй болгомоор байна..." гэх мэдүүлэг /1хх-52/ зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий баримтуудаар нотолбол зохих байдал нотлогдон тогтоогджээ.   

3.Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж заасан “гэм буруугийн болгоомжгүй” хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэргийн төрөлд хамаардаг.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол...” хэмээн томьёолсон.

Харин энэ гэмт хэргийн улмаас хоёр, түүнээс олон хүний амь нас хохирсон бол хүндрүүлэн зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

      4.Өөрөөр хэлбэл, дээр дурдагдсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч Х.Б нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж байгаа өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан, үүний улмаас хохирол, хор уршиг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршигт хүрч хоёр хүний амь насыг хохироосон байгаа тул прокуророос түүний үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

5.Шүүгдэгч Х.Бд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаж, зөрчсөн зүйлгүй, шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйц буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн гэх зөрчилгүй байх ба хэрэг хянан шийдвэрлэхэд нотлох баримтын хүртээмжтэй байдал хангалттай бүрдсэн, үнэлэх боломжтой гэж үзлээ.

6.Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний дотор ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэх юм.

Анхан шатны шүүх прокуророос ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Х.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүхээс мэтгэлцэгч талуудын гаргасан санал, прокурорын дүгнэлтийг харгалзан хуульд заасан төрөл хэмжээний дотор буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 /найм/ жилийн хугацаагаар хасаж, 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулан, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, нийгмийн аюулын зэрэг зэргийг харгалзан үзэж дээрх ял шийтгэлийг оногдуулсан нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байгаа тул шийтгэх тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзлээ.

7.Шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Г.Амартүвшин нар “...хохирол хор уршгийг зөв тооцон гаргаагүй... оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан байна.

8.Шүүгдэгч Х.Б нь анх удаа болгоомжгүй гэмт хэрэгт холбогдсон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан хохирлоос тодорхой хэмжээний мөнгөн төлбөрийг төлж, үлдэх хэсгийг төлөхөө сайн дураар илэрхийлсэн байгаа ч Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т заасан хүндрүүлэх шинжтэйгээр үйлдэж, хоёр хүний амь нас хохирч, мөнгөн хэлбэрээр нөхөн арилгах боломжгүй хор уршигт хүргэсэн байна. 

Тиймээс анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч Х.Бд тухайн гэмт хэргийн төрөл, хэмжээний дотор буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 /найм/ жилийн хугацаагаар хасаж, 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь шударга ёсны зарчимд нийцсэн гэж давж заалдах шатны шүүх үзэж, оногдуулсан ял шийтгэлийг хэвээр үлдээв.

 

9.Харин мөрдөн шалгах ажиллагааны шатанд амь хохирогч нарын хууль ёсны төлөөлөгчөөр Д.А тогтоогдсон байх ба Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 22 дугаартай дүгнэлтэд "Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А /РД:............/-ийн сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас F43 дасан зохицохын хямрал, хүчтэй стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд оношлогдож байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна" гэжээ.

Гэтэл анхан шатны шүүх хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Д.Агийн сэтгэцэд учирсан гэм хорыг гаргуулахдаа дээрх шинжээчийн дүгнэлтийг буруу ойлгон үнэлж, амь хохирогчийн тоогоор бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн байхаас гадна шүүгдэгч Х.Бын сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд төлсөн төлбөр, хэрэгт хамааралгүй орон сууц хөлсөлсөн зардал болон оршуулгын зардлаас илүү төлсөн төлбөрийг хасаж тооцоогүй нь буруу болжээ.

 Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан ба Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 511 дүгээр зүйлийн 511.5-д “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж тус тус заасан.

Гэхдээ Монгол Улсын нэрийн өмнөөс гаргах шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүйгээр бичигдсэн байхаас гадна таамаглалд бус гагцхүү тухайн хэрэгт хамаарал бүхий хуульд заасан аргаар ашиглаж цуглуулсан баримт сэлт, нотолгоонд үндэслэсэн байх ёстой.

Иймд Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хөгшин, залуу, хүүхэд хэн ч бай хууль, шүүхийн өмнө эрх тэгш бөгөөд хүнийг ямарваа нэгэн хэлбэрээр ялгаварлан гадуурхахгүй байх зарчмыг үндэслэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорын төлбөрийг гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 99,000,000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч Х.Баас хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Д.Ад төлсөн 41,277,374 төгрөгийг хасаж, 57,722,626 төгрөгийг гаргуулахаар байхад 217,800,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзлээ.

Мөн шүүгдэгч Х.Б нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5-д “Гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй” гэж заасны дагуу амь хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Д.Ад 21,076,026 төгрөг төлсөн.

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасны дагуу амь хохирогчийн эцэг болох иргэний нэхэмжлэгч Б.Г-ийн эд хөрөнгөд учирсан 11,793,200 төгрөгийн хохиролд 28,000,000 төгрөгийн үнэ бүхий авто машин авч өгөн учирсан хохирлыг арилгасан, иргэний нэхэмжлэгч Д.Б нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдаж шийтгэх тогтоолын холбогдох заалтыг өөрчлөх нь зүйтэй.

10.Үүнээс гадна шүүгдэгч Х.Баас 5,913,000 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгож шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, Х.Бын Х, О нарын асрамжийн асуудлыг шийдвэрлэхдээ хуульд байхгүй заалт бичсэн,  шүүгдэгч Х.Б нь 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл нийт 88 хоног цагдан хоригдсон байхад 89 хоног гэж буруу тогтоосныг зөвтгөж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

11.Мөн шийтгэх тогтоолд шүүгдэгчийн биеийн байцаалттай танилцахдаа 33 настай гэж буруу бичсэн байгааг тэмдэглэв.

 

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Х.Бын шийтгэх тогтоол танилцуулснаас хойш буюу 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 59 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1.Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/475 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох нь хэсгийн 5 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бын цагдан хоригдсон 89 /наян ес/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай...” гэснийг,

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бын цагдан хоригдсон 88 /наян найм/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.” гэж,

 6 дахь заалтад “…Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 508 дугаар зүйлийн 1, 511 дүгээр зүйлийн 511.5-д тус тус зааснаар шүүгдэгч Х.Баас 217.800.000 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ад, иргэний нэхэмжлэгчээс нэхэмжилсэн 5.913.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгосугай...” гэснийг,

“…Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 508 дугаар зүйлийн 1, 511 дүгээр зүйлийн 511.5-д тус тус зааснаар шүүгдэгч Х.Баас 57,722,626 /тавин долоон сая долоон зуун хорин хоёр мянга зургаан зуун хорин зургаа/ төгрөгийг гаргуулж хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Д.Ад, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар иргэний нэхэмжлэгчээс нэхэмжилсэн 5,913,000 /таван сая есөн зуун арван гурван мянга/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгосугай.” гэж,

7 дахь заалтад “...Шүүгдэгч Х.Бд холбогдох 2434004520519 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг, шүүгдэгчээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 60,426,400 төгрөг, иргэний нэхэмжлэгчид 28.000.000 төгрөг төлсөнг тус тус дурдсугай...” гэснийг,

 “...Шүүгдэгч Х.Бд холбогдох 2434004520519 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг, шүүгдэгчээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оршуулгын зардал 21,076,026 /хорин нэгэн сая далан зургаан мянга хорин зургаа/ төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 41,277,374 /дөчин нэгэн сая хоёр зуун далан долоон мянга гурван зуун далан дөрөв/ төгрөг, нийт 62,353,400 /жаран хоёр сая гурван зуун тавин гурван мянга дөрвөн зуу/ төгрөг төлсөн, иргэний нэхэмжлэгчид 28,000,000 /хорин найман сая/ төгрөгийн үнэ бүхий авто машин авч өгөн эд хөрөнгөд гэм хор учруулсны хохирол 11,793,200 /арван нэгэн сая долоон зуун ерэн гурван мянга хоёр зуу/ төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, иргэний нэхэмжлэгч Д.Б нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.” гэж,

8 дахь заалтад ...Гэр бүлийн тухай хуулийн 66.1-д зааснаар насанд хүрээгүй Х.Бын Н, Х.Бын Х, Х.Бын О нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Улаанбаатар хот, ................ дүүргийн Засаг даргад даалгасугай...” гэснийг,

“Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар насанд хүрээгүй Х.Бын Н, Х.Бын Х, Х.Бын О нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Улаанбаатар хот, ................ дүүргийн Засаг даргад даалгасугай.” гэж тус тус өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Г.Амартүвшин нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Х.Бын 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 59 /тавин ес/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    А.ЦЭРЭНХАНД

 

                             ШҮҮГЧИД                                    Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                                                         З.ТҮВШИНТӨГС