Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/00939

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Я-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Н.Батзориг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2022/00787 дугаартай шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Э.Я-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ч.Д-д холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Ч.Д-тэй 2014 онд танилцаж, хамтран амьдарч, 2009 онд гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2017 онд том охин Д.М , 2020 онд бага охин Д.Ч нар төрсөн. Энэ хугацаанд Ч.Д- намайг 3 удаа маш хүндээр зодож гэмтээсэн. Нэг удаад нь би хэвлийд байсан хүүхдээ алдсан. Бие махбодын болон сэтгэл санааны хүчирхийлэл байнга үзүүлдэг. Ч.Д-тэй цаашид хамт амьдрах боломжгүй, гэрлэлтээ цуцлуулмаар байна. Хүүхдүүдээ өөрийн асрамжид үлдээж, тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

2. Хариуцагч талын хариу тайлбарын агуулга: Гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрөхгүй. Эвлэрэх хүсэлтэй байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт зааснаар С овогт Э.Я /***********/, Ж овогт Ч.Д /*********/ нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн охин Д.Ч , 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн охин Д.М нарыг эх Э.Я-ын асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн охин Д.Ч , 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн охин Д.М нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Ч.Д-өөс гаргуулан хүүхдүүдийг тэжээн тэтгүүлж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6 дахь хэсэгт зааснаар Э.Я-, Ч.Д- нар хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглож, гэрлэгчид хамтран өмлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Я-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ч.Д-өөс 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а.Хариуцагч намайг өмгөөлөгч авах, хэргийн материалтай танилцах, нэхэмжлэгчтэй эвлэрэх, хүүхдийн асрамжийн талаар мэргэжлийн байгууллагаар шинжээч томилуулах эрхүүдийг эдлүүлээгүй.

4.б.Шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцалсанд гомдолтой байна гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг зөрчөөгүй, хэргийн нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэжээ.

2.Нэхэмжлэгч Э.Я- нь хариуцагч Ч.Д-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. /хх 1-2/

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч буй үндэслэлээ эвлэрэх хүсэлтэй гэж тайлбарлажээ.

3.Э.Я-, Ч.Д- нар 2014 оноос хойш хамтран амьдарч, 2019 онд гэрлэлтээ бүртгүүлсэн, гэрлэгчдийн дундаас 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр том охин Д.М , 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр бага охин Д.Ч төрсөн болох нь хэргийн баримт, талуудын тайлбараар тогтоогджээ. /хх-1-2, 7, 8/

4.Нэхэмжлэгч Э.Я- нь гэрлэлтээ цуцлуулах үндэслэлээ нөхөр Ч.Д- бие махбодийн хүчирхийлэл үйлдэж, сэтгэл санааны дарамтад байлгадаг, хүүхдүүдийн дэргэд зоддог байснаас тэдний эрүүл мэндэд хохирол учирсан гэж тайлбарлан, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлсэн байна.

Цагдаагийн ерөнхий газрын төв архиваас тус газрын 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох санал, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн №26и/205 дугаартай албан бичиг, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн №26л/254 дугаартай албан бичиг, Захиргааны зөрчлийн мэдээлэл зэрэг нотлох баримтуудыг ирүүлжээ. /хх-25-30/ Анхан шатны шүүх хэрэгт цугларсан бичмэл баримт, зохигчдын тайлбар /хх-35-36/ зэрэг нотлох баримтуудыг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцласан нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсгийн заасанд нийцсэн байна. Учир нь хуулийн дээрх зүйл, заалтад гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлахаар заажээ. Иймд эвлэрүүлэх арга хэмжээ аваагүй гэрлэлт цуцалсан гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

5.Хариуцагч Ч.Д- анхан шатны шүүхэд хүүхдийн асрамж, тэтгэлэгтэй холбоотой тайлбар гаргаагүй байна. Анхан шатны шүүх хүүхдүүдийн нас, эх Э.Я- хүүхдүүдээ гэртээ хардаг /өөрөө өсгөж байгаа/ зэрэг нөхцөл байдлыг харгалзан 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн охин Д.М , 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн охин Д.Ч нарыг эх Э.Я-ын асрамжид үлдээж, эцэг Ч.Д-өөс хүүхдүүдэд тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэхдээ Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг зөв хэрэглэсэн байна.

6.Хариуцагч Ч.Д- давж заалдах гомдлын нэг үндэслэлээ өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах, хэргийн материалтай танилцах, шинжээч томилуулах эрхийг эдлүүлээгүй гэж тайлбарлажээ.

Хэргийн баримтаас үзвэл, анхан шатны шүүх 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэлийг хариуцагчид гардуулан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, үүргийг тайлбарлан өгч баримтад гарын үсэг зуруулсан байна. /хх-17-19/

Улмаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шүүгчийн захирамж гарсны дараа хариуцагчид хэргийн материалтай танилцуулсан баримт хэргийн 34 дэх талд авагджээ.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдааны үеэр хариуцагч нь өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах, мөн хүүхдийн асрамж тогтоолгохтой холбоотой шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй байна. Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг зөрчөөгүй байх тул хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2022/00787 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Ч.ЦЭНД