| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Сарантуяа |
| Хэргийн индекс | 192/2025/02009/И |
| Дугаар | 192/ШШ2025/10869 |
| Огноо | 2025-12-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 192/ШШ2025/10869
202*** 12 17 192/ШШ2025/10869
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн...дүгээр хороо, ...дугаар гудамж, хд-...дугаар байрны ...тоот хаягт оршин суух, ....ургийн овогт Т.Г /РД:..../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн ...дугаар хороо, Үйлдвэр, Туул гол .... тоот хаягт байрлах “Г ” ХХК /РД:.../,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн ...дугаар хороо, Үйлдвэр, Туул гол .... тоот хаягт оршин суух, ....ургийн овогт Б.А /РД:.../,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн ...дүгээр хороо, ЭсПиЭс бьюлдинг оффис, ..давхар ...тоот хаягт байрлах “О ” ХХК нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар гудамж, хд-82 дугаар байрны *** тоот дахь 4 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай Т.Г үндсэн нэхэмжлэл,
Т.Г орон сууцнаас албадан гаргуулах тухай хариуцагч Б.А сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мянган, хариуцагч “Г ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхсүлд, хариуцагч “О ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баярмагнай нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл:
“Г ” ХХК болон “О ” ХХК нар нь 2019 оны 0*** дугаар сарын 07-ны өдөр Үйлдвэрийн барилга байгууламжийн ажил гүйцэтгэх гэрээ, 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Барилгын ажил гүйцэтгэх гэрээ тус тус байгуулсан ба талууд харилцан тохиролцож, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр 2 дугаар гудамж, хд-82 дугаар байрны *** тоотод байрлах 153,*** м.кв бүхий 4 өрөө орон сууцыг барилгын ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт тооцохоор тохиролцсон байна. Улмаар “Г ” ХХК нь 2020 онд уг орон сууцыг “О ” ХХК-ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлж өгсөн.
“О ” ХХК нь тус орон сууцны эзэмших эрхийг шилжүүлж авсны дараа Т.Г надтай 2020 оны 0*** дугаар сарын 30-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, орон сууцыг миний эзэмшилд шилжүүлж өгсөн. Тухайн үед “Г ” ХХК-ийн захирал Б.А өөрийн биеэр байр доторх эд хогшил, гал тогооны тавилга, сандал ширээ, 00 өрөөний суултуур зэргийг авч чөлөөлөн, надад хүлээлгэн өгч, би өнөөдрийг хүртэл амьдарч байна.
Би худалдах, худалдан авах гэрээний дагуу “О ” ХХК-д орон сууцны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан ба тус компани нь “Г ” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээгээ дуусгавар болгосны дараа орон сууцны бичиг баримтыг шилжүүлж өгөхөөр тохирсон байсан. Учир нь “Г ” ХХК нь уг орон сууцыг банкны барьцаанд тавьсан байсан ба зээлээ чөлөөлөхөөр надад шилжүүлж өгнө гэж хэлсэн.
Гэтэл “Г ” ХХК-ийн захирал Б.А нь удаа дараа намайг тус байрыг чөлөөлөхийг шаардаж, дарамталсаар байгаа тул арга буюу шүүхэд хандаж байна. Хэрвээ “О ” ХХК болон “Г ” ХХК нарын хооронд маргаан үүссэн тохиолдолд хоорондоо асуудлаа шийдэх ёстой байтал надад хамаатуулж, миний худалдаж авсан орон сууцнаас намайг гаргахыг шаардаж байгаад гомдолтой байна.
Иймд “Г ” ХХК, “О ” ХХК нарын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ дуусгавар болсон бол миний “О ” ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу Т.Г намайг Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр 2 дугаар гудамж, хд-82 дугаар байрны *** тоот дахь 153,*** м.кв бүхий 4 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү.
Хоёр компанийн хооронд хийгдсэн гэрээний үүрэгт тооцож шилжүүлсэн байсан орон сууцыг нэхэмжлэгч Т.Г худалдаж авсан ба хариуцагч Б.А өөрөө нэхэмжлэгчид хүлээлгэж өгсөн байдаг. Гэтэл компани хоорондын өглөг авлагыг тооцсоноор нэхэмжлэгчид хүлээлгэж өгсөн байсан орон сууцыг буцаахаар болсон гэж байгаа нь үндэслэлгүй юм. Хэрвээ орон сууцнаас өөр барилгын материал буюу улсын бүртгэлд бүртгэдэггүй эд хөрөнгө байсан бол өнөөдөр “Г ” ХХК-ийн зүгээс ийм тайлбарыг өгөхгүй байх байсан. Иймд Т.Г үндсэн нэхэмжлэлийг хангаж өгнө үү...гэв.
2. Хариуцагч “Г ” ХХК, Б.А нарын хариу тайлбар, татгалзлын үндэслэл:
“О ” ХХК болон “Г ” ХХК нар нь 2019 оны 0*** дугаар сарын 07-ны өдөр Үйлдвэрийн барилга байгууламжийн гэрээ байгуулж, үйлдвэрийг 2021 онд ашиглалтанд оруулсан. 2020, 2021 оны 04 дүгэгэр сард Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж 2023 оны 09 дүгээр сард тус тус ашигглалтанд оруулсан.
Маргаан бүхий Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар гудамж, хд-82 дугаар байрны *** тоот дахь 153,*** м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг талууд анх 2020 онд Үйлдвэрийн барилга байгууламжийн гэрээ байгуулагдах үед “О ” ХХК-д гэрээний дагуу шилжүүлж өгөхөөр аман байдлаар хэлэлцэж байсан. Гэтэл “О ” ХХК-иас бартерын уг байрыг биш бэлэн мөнгө авахыг хүссэний дагуу бид бэлэн мөнгө шилжүүлж байсан боловч “О ” ХХК дахин байр авах хүсэлтээ аман байдлаар илэрхийлсэн.
Талууд 2023 оны 10 дугаар сард талууд сүүлийн байдлаар тооцоо нийлэхэд “Г ” ХХК-ийн хоёр гэрээний нийт төлбөрөөс давсан, илүү төлөлттэй болсон байсныг хоёр тал мэдэж хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурж баримтыг баталгаажуулсан. Иймээс маргаан бүхий орон сууцыг тооцоонд оруулах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Иймд уг орон сууцанд 2020 оноос хойш оршин сууж байгаа Т.Г 2023 оны 11 дүгээр сараас эхлэн Б.А өмчлөлийн орон сууцыг чөлөөлөхийг удаа дараа сануулсан боловч өнөөдрийг хүртэл чөлөөлөөгүй байна.
Нэхэмжлэгч Т.Г нь “О ” ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж орон сууцыг худалдаж авсан байх боловч уг гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байна. Учир нь үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлийн албанд бүртгүүлэх шаардлагатай. Хэрэв энэ шаардлагыг хангаагүй бол тухайн гэрээ хүчин төгөлдөр бус байх талаар хуульд тусгайлан заасан.
Уг орон сууцны өмчлөгчөөр Б.А бүртгэгдсэн байгаа ба тэрээр орон сууцыг бусдад дур мэдэн худалдаалах эрхийг “О ” ХХК-д олгоогүй. 2023 оны 10 дугаар сараас хойш “О ” ХХК-тай тооцоо нийлэх тухай удаа дараа албан тоот болон имэйлээр хүсэлт илгээсэн боловч тооцоо нийлээгүй ба асуудлыг шийдвэрлэх явцчг удаашруулж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.
Нэхэмжлэгч нь “Г ” ХХК болон Б.А нараас биш, харин “О ” ХХК-иас 260,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь “О ” ХХК нь тухайн орон сууцны өмчлөгч Б.А зөвшөөрөлгүйгээр түүний өмчлөлийн хөрөнгийг Т.Г худалдахаар гэрээ байгуулж шилжүүлсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн гэрээ байх тул хүчин төгөлдөр бус байна. Мөн орон сууц худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болдог онцлогтой. Иймд хүчин төгөлдөр бус хэлцлээс үүдсэн ямар шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжгүй тул Т.Г нэхэмжлэл үндэслэлгүй байна...гэв.
3. Хариуцагч “О ” ХХК-ийн хариу тайлбар:
Манай байгууллагын зүгээс нэхэмжлэгч Т.Г нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 0*** дугаар сарын 07-ны өдөр манай компани “Г ” ХХК-тай Орон сууцны барилга байгууламжийн ажил гүйцэтгэх гэрээ, Үйлдвэрийн барилга байгууламжийн ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулан, гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, үйлдвэрийн болон орон сууцны зориулалттай барилгуудыг хүлээлгэн өгсөн.
Нэхэмжлэлд дурдагдсан уг орон сууцыг манай байгууллагад Үйлдвэрийн барилга байгууламжийн ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт өгөхөөр “Г ” ХХК-тай 2019 оны 09 дүгээр сард харилцан тохиролцсон. Улмаар уг орон сууцыг манай компани 2020 онд иргэн Т.Г худалдах, худалдан авах гэрээ хийн зарж, төлбөрийг гэрээний дагуу авч, үл хөдлөх улсын бүртгэлийн гэрчилгээг “Г ” ХХК-ийн ажлыг хийж дууссаны дараа шилжүүлэхээр тохиролцсон. “Г ” ХХК-ийн захирал Б.А өөрийн биеэр тус орон сууцыг Т.Г суллаж хүлээлгэн өгсөн байдаг.
“Г ” ХХК-ийн зүгээс манайхтай хийсэн тооцооны хуудас дээр 2019 оны 09 дүгээр сарын 30-нд 260,000,000 төгрөгөөр бодож оруулсан боловч 2023 оны 0*** дугаар сарын 02-нд тооцоо нийлэх хуудас илгээхдээ “бартер больсон” болгож илгээсэн байсан. Хоёр компанийн хооронд хийсэн ажил гүйцэтгэх гэрээний дагуу явагдсан барилгын ажлууд нь цаг хугацааны хувьд дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын үеэр үргэлжилсэн ба энэ цаг үеийн нөхцөл байдлын улмаас талуудын хооронд байгуулсан гэрээний 3.4-т заасан нөхцөл байдал бий болсон. Гэрээнд тусгагдаагүй нэмэлт ажлыг гэрээний үүрэг хэрэгжих явцад талууд зөвшилцсөний үндсэн дээр гүйцэтгэсэн ба уг ажлын хөлс, санхүүжилт нь 100 хувь манай байгууллагаас гарч, ажил дууссаны дараа тооцоо нийлж, манай байгууллагад нөхөж төлөхөөр тохиролцсон.
Дээрх тохиролцооны талаар 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр талууд тооцоо нийлж гарын үсэг зурсан ба “Г ” ХХК нь уг нэмэлт ажлын дүн 681,953,871 төгрөгөөс 73,430,512 төгрөгийг эс зөвшөөрсөн ч энэ талаараа ямар нэг баримт ирүүлээгүй. Харин уг төлбөрийг төлөхөөс зайлсхийх зорилгоор удаа дараа ёс зүйгүй үйлдэл гаргасны нэг нь дээрх гэрээнүүдийн дагуу манайд төлбөрт тооцож өгсөн орон сууцыг буцаан гаргуулах шаардлагыг шүүхэд гаргасны дараа манай компанийн өмнөх захирал Р.Н хандаж “681,953,871 төгрөгөөсөө хасах юм бол орон сууцыг буцаан шаардсан нэхэмжлэлээсээ татгалзъя” гэх зэргээр ёс зүйгүй үйлдлүүд гаргасаар байна. Манай компани нь “Г ” ХХК-тай хийсэн ажил гүйцэтгэх гэрээг үндэслэн бараа материалын үнийн өсөлтөөс үүссэн хохирол, гэрээний нэмэлт ажлын төлбөр, гэрээнээс үүссэн алдангийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахаар хууль зүйн туслалцаа үзүүлдэг байгууллагад хандсан байгаа.
Уг маргаан бүхий орон сууц нь “О ” ХХК, “Г ” ХХК нарын 2019 онд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний төлбөр 3,4 тэрбум төгрөгийн тооцооны 260,000,000 төгрөгт тооцогдсон ба 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар энэ тооцоо хаагдчихсан байгаа. Энэ тооцоо нийлэх гэрээний дагуу “Г ” ХХК-ийн зүгээс тус компанийн захирал Б.А өмчлөлийн уг орон сууцыг хүлээлгэж өгсөн талаар дурдсан. Хэрвээ хоёр компанийн байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгтэй холбоотой тооцооны үлдэгдэл байгаа гэж үзвэл энэ талаар тусдаа шүүхээр шийдвэрлүүлэх бүрэн боломжтой. Хоёр компанийн хоорондын маргаанаас болж худалдах, худалдан авах гэрээний дагуу орон сууцыг худалдаж авсан иргэн хохирох ёсгүй...гэв.
4. “Г ” ХХК, Б.А нарын сөрөг нэхэмжлэл, үндэслэл:
Манай компани “О ” ХХК-тай байгуулсан гэрээний төлбөрийн талаар 2023 оны 10 дугаар сард тооцоо нийлж үзэхэд манайх илүү төлөлттэй байсан. Иймд маргаан бүхий орон сууцыг төлбөр тооцоонд оруулах боломжгүй өнхцөл байдал бүрдсэн тул 2023 оны 10 дугаар сард маргаан бүхий орон сууцанд оршин суух нэхэмжлэгч Т.Г орон сууцыг чөлөөлөх шаардлага тавьж эхэлсэн.
Улмаар 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр “Г ” ХХК-иас Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6*** дугаар зүйлийн 65.1.7, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд нэхэмжлэгч Т.Г маргаан бүхий орон сууцнаас албадан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна...гэв.
5. Нэхэмжлэгч Т.Г гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар, татгалзлын үндэслэл:
Миний бие орон сууцыг хүлээн авснаас хойш төлбөр тооцооны үлдэгдэлгүй бөгөөд сөрөг нэхэмжлэл гаргагч “Г ” ХХК-ийн захирал Б.А өөрийн биеэр байрыг чөлөөлж оруулсан ба байранд оруулсан цагаас хойш бид амьдарч байгаа. Байрныхаа урсгал зардлыг цаг тухайд нь төлсөөр байгаа бөгөөд гэнэт 2024 оноос “Г ” ХХК, захирал Б.А нар хамтран ажиллаж байсан “О ” ХХК-тай тооцоо нийлж чадаагүйн улмаас тус байр руу халдаж байгаад эгдүүцэж байна. Иймд “Г ” ХХК, Б.А нарын сөрөг нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү...гэжээ.
6. Нэхэмжлэгч талын гаргасан баримтууд: “О ” ХХК, Т.Г нарын хийсэн тооцоо нийлсэн акт /хх-4/, 2020 оны 0*** дугаар сарын 30-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ /хх-5-7/, Т.Г иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-8/,
7. Хариуцагч “Г ” ХХК, Б.А нараас гаргасан баримтууд: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл /хх-11-12/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-19/, Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн захирамжийн хуулбар /хх-45-46/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар /хх-47/, “Г ” ХХК-иас Т.Г шаардлага хүргүүлсэн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 82/24 тоот, 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 200/24 тоот албан бичгүүд /хх-48-49/, “Г ” ХХК-ийн захирал Б.А үйлдсэн үйлдвэрийн барилга болон сууцны барилгын гэрээт ажлын тооцоо /хх-50/, “Г ” ХХК, “О ” ХХК нарын 2019 онд байгуулсан ББ/19-01 тоот Үйлдвэрийн барилга байгууламжийн ажил гүйцэтгэх гэрээний хуулбар /хх-54-56/, хоёр байгууллагын 2019 онд байгуулсан ББ/19-02 тоот Орон сууцны барилга байгууламжийн ажил гүйцэтгэх гэрээний хуулбар /хх-57-59/, Б.А “Хаан банк” ХК-тай байгуулсан барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх-73-76/, “О ” ХХК, “Г ” ХХК-ийн үйлдвэр, орон сууцны барилгын гэрээт ажлын тооцооны нэгтгэл /хх-86/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 202*** оны 0*** дугаар сарын 16-ны өдрийн 0440*** дугаар шийдвэрийн хуулбар /хх-87-90/
8. Хариуцагч “О ” ХХК-ийн гаргасан баримтууд: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон дүрмийн хуулбар /хх-36-38/, “О ” ХХК, “Г ” ХХК нарын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хийсэн Тооцооны үлдэгдлийн баталгаа №1 /хх-62-63/,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Г үндсэн нэхэмжлэлийг хангаж, хариуцагч “Г ” ХХК болон Б.А нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэгч Т.Г нь хариуцагч “Г ” ХХК, Б.А , “О ” ХХК нарт холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлийг “Хүчин төгөлдөр гэрээг хүлээн зөвшөөрч өмчлөгч Б.А нь миний эзэмшилд хүлээлгэн өгсөн орон сууцанд өнөөдрийг хүртэл амьдарч байгаа. Гэвч үндэслэлгүйгээр тухайн орон сууцыг чөлөөлөхөөр шаардаж байгаа нь худалдах, худалдан авах гэрээний дагуу төлбөрийг бүрэн төлж авсан орон сууцаа өмчлөх эрхийг зөрчиж байна.” гэж тодорхойлсон.
2. Хариуцагч “Г ” ХХК, Б.А нар нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлийг “өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр орон сууцыг шилжүүлсэн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл учир өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхгүй” гэж тайлбарлан маргаж, тухайн хариуцагч нар нь нэхэмжлэгч Т.Г хууль бус эзэмшлээс Б.А өмчлөлийн хөрөнгийг чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гаргаж байна.
3. Хамтран хариуцагч “О ” ХХК нь нэхэмжлэгч Т.Г үндсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа талаар тайлбарлаж, нэхэмжлэгчид Худалдах, худалдан авах гэрээний дагуу орон сууцыг хүлээлгэж өгсөн, нэхэмжлэгч төлбөрийг бүрэн төлж барагдуулсан талаар тайлбарлав.
4. Хэргийн үйл баримт:
4.1. Маргааны зүйл болох орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр хариуцагч Б.А 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс хойш бүртгэгдсэн ба тус хөрөнгө нь “Хаан банк” ХК, “Г ” ХХК, Б.А , Г.Д нарын байгуулсан 202*** оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Барьцааны гэрээний дагуу зээлийн барьцаа хөрөнгүүдийн нэгээр бүртгэгдсэн, Б.А нь “Г ” ХХК-ийн захирал болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон. /хх-47, 73/
4.2. Хариуцагч “Г ” ХХК, “О ” ХХК нар 2019 оны 0*** дугаар сарын 07-ны өдөр ББ/19-01 тоот Үйлдвэрийн барилга байгууламжийн ажил гүйцэтгэх гэрээ, ББ/19-02 тоот Орон сууцны барилга байгууламжийн ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулж, гүйцэтгэгч “О ” ХХК нь захиалагч “Г ” ХХК-д 4,135.2 м.кв талбай бүхий 7 давхар үйлдвэрийн барилгыг 2,853,288,000 /хоёр тэрбум найман зуун тавин гурван сая хоёр зуун наян найман мянган/ төгрөг, 6,732.9 м.кв талбай бүхий 13 давхар орон сууцны барилга байгууламжийг 6,396,255,000 /зургаан тэрбум гурван зуун ерэн зургаан сая хоёр зуун тавиан таван мянган/ төгрөгийн тус тус хөлс авах нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож байгуулан, 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ашиглалтад оруулах комиссын дүгнэлт гарч ашиглалтад оруулжээ. /хх-54-59/
4.3. Дээрх гэрээнүүдийн төлбөрөөс 260,000,000 төгрөгийн төлбөрт тооцож “Г ” ХХК-ийн захирал Б.А өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар гудамж, хд-82 дугаар байрны *** тоот дахь 153,*** м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр “О ” ХХК-д хүлээлгэн өгсөн болох нь зохигчдын тайлбар, тооцооны үлдэгдлийн баталгаа зэрэг баримтаар нотлогдож байна. /хх-63/
4.4. Ийнхүү хүлээн авсан орон сууцыг хариуцагч “О ” ХХК нь 2020 оны 0*** дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч Т.Г байгуулсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу 260,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, Т.Г төлбөрийг төлж барагдуулсан байх бөгөөд гэрээний зүйл болох орон сууцыг хариуцагч Б.А нь нэхэмжлэгчид хүлээлгэж өгснөөр Т.Г өнөөдрийг хүртэл эзэмшиж байгаа болох нь зохигчдын тайлбар, гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдсон. /хх-5-7/
4.5. “Г ” ХХК болон “О ” ХХК нарын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгтэй холбоотой 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлж, нийт 9,937,251,750 төгрөг төлөхөөс 3,410,115,250 төгрөг төлж, 6,527,136,250 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа талаар тооцооны үлдэгдлийн баталгаа гаргаж, талуудын нягтлан бодогч нар гарын үсэг зурж баталгаажуулсан байх бөгөөд энэ тооцооны баталгаанд төлөгдсөн төлбөрийн 260,000,000 төгрөгт тооцож захирал Б.А өмчлөлийн орон сууцыг өгсөн талаар тусгагдсан байна. /хх-62, 63/
4.6. Харин хоёр компанийн хооронд төлбөрийн маргаан гарснаар 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ажлын тооцооллын нэгтгэл гэх баримтад “О ” ХХК-д өгсөн дүн 10,902,516,435.03 төгрөг, үүнд “300 саяын байрны бартер ороогүй дүн” гэж, илүү төлсөн дүн “288,999,345.03 төгрөг гэж тус тус зааж, уг баримтад Р.Н р, Б.А , А.М нар гарын үсэг зурж, “Г ” ХХК-ийн тамга дарагджээ. /хх-86/
4.7. Мөн захиалагч “Г ” ХХК нь 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр гэрээт ажлын тооцоо гаргаж, нийт хоёр гэрээний ажлын дүнд 11,500,925,751 төгрөг төлөхөөс 10,960,708,668.59 төгрөг төлж, төлөх дүн 540,217,082.41 төгрөг, хийгдээгүй ажлын тооцоо 197,637,600 төгрөг, “Г ” ХХК-ийн төлөх дүн 342,579,482.41 төгрөг байгаа талаар тооцож, захирал Б.А гарын үсэг зурсан байна. /хх-50/
4.6. Хариуцагч “Г ” ХХК-иас нэхэмжлэгч Т.Г 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 82/24 тоот, 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 200/24 тоот “Шаардлага хүргүүлэх тухай” албан бичгүүдээр “О ” ХХК-тай 2023 оны 10 дугаар сард тооцоо нийлж дууссан ба тооцоо нийлсэн актын дагуу маргааны зүйл болох Б.А өмчлөлийн орон сууцыг суллаж хүлээлгэн өгөхийг мэдэгджээ. /хх-48-49/
4.7. Хариуцагч “Г ” ХХК, Б.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэрэгт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 202*** оны 0*** дугаар сарын 16-ны өдрийн 191/ШШ2025/0440*** дугаартай шийдвэрийн хуулбарыг нотлох баримтаар гаргасан нь Т.Г нэхэмжлэлтэй “Г ” ХХК, Б.А , “О ” ХХК нарт холбогдох иргэний хэрэгт хамааралгүй байх тул шүүх уг баримтыг хэрэгт хамааралтай нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
5. Хариуцагч “Г ” ХХК, “О ” ХХК нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн ба уг гэрээний төлбөрийн 260,000,000 төгрөгт тооцон гэрээний гүйцэтгэгч “О ” ХХК-д шилжүүлэгдсэн “Г ” ХХК-ийн захирал Б.А өмчлөлийн 4 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Т.Г худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн үйл баримтын талаар зохигчид маргаагүй.
Харин тийнхүү орон сууцыг Т.Г худалдахдаа Б.А гаас зөвшөөрөл авсан эсэх, уг худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр хэлцэл мөн эсэх, Т.Г эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэхээр “Г ” ХХК, Б.А нар шаардах эрхтэй эсэх талаар зохигчид маргаж байна.
6. Т.Г болон “О ” ХХК нарын байгуулсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “худалдагч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэг хүлээнэ” гэж заасан үндэслэлд нийцсэн, гэрээний талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж, гэрээний гол нөхцөлийг тохиролцон тусгажээ.
6.1. Уг гэрээгээр “О ” ХХК-ийн 100 хувийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр 2 дугаар гудамж, хд-82 дугаар байрны *** тоот дахь 153,*** м.кв бүхий 4 өрөө орон сууцыг Т.Г 260,000,000 төгрөгөөр худалдах, төлбөрийг хувааж төлөхөөр тохиролцсон ба худалдан авагч Т.Г төлбөрийг худалдагч “О ” ХХК-д төлсөн байна.
6.2. Иймд Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж, 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ” гэж тус тус зааснаар Т.Г гэрээний зүйлийн өмчлөх эрх шилжих үндэслэл бий болсон байна.
7. Хариуцагч “Г ” ХХК, Б.А нарын зүгээс маргааны зүйл болж буй орон сууц хариуцагч “О ” ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө байгаагүй, өмчлөгч Б.А зөвшөөрлийг авалгүйгээр Т.Г худалдсан учир Орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байна гэж маргасан.
7.1. Хэдийгээр гэрээний зүйлийн өмчлөгчөөр хариуцагч Б.А бүртгэгдсэн талаар зохигчид маргаагүй боловч тэрээр уг орон сууцыг нэхэмжлэгч Т.Г эзэмшилд хүлээлгэн өгч, өөрийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх “Г ” ХХК-ийн “О ” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт тооцон хасуулж, хүлээлгэн өгсөн болох нь зохигчдын тайлбар, тооцоо нийлсэн акт, тус баримтын хавсралтаар тус тус тогтоогдсон.
7.2. Иймд “Г ” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага болох Б.А нь ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт тооцож өөрийн өмчлөлийн орон сууцыг Т.Г шилжүүлэхийг хүлээн зөвшөөрч, түүний эзэмшилд хүлээлгэн өгсөн үйлдлээрээ “О ” ХХК болон Т.Г нарын байгуулсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан “зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэж үзэх үндэслэлгүй байна.
7.3. Иймд нэхэмжлэгч Т.Г нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг болон 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт зааснаар хууль ёсны эзэмшигчийн хувьд тухайн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхтэй гэж дүгнэн, түүний гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
8. Хариуцагч “Г ” ХХК, Б.А нарын нэхэмжлэгч Т.Г холбогдуулан, түүний хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
8.1. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Т.Г маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн тул хариуцагч нарын сөрөг нэхэмжлэл хангагдах боломжгүй бөгөөд хариуцагч нар Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхгүй байна.
9. Харин 2019 оны 0*** дугаар сарын 07-ны өдөр “Г ” ХХК, “О ” ХХК нарын хооронд байгуулагдсан Үйлдвэрийн барилга байгууламжийн ажил гүйцэтгэх гэрээ, мөн өдрийн Орон сууцны барилга байгууламжийн ажил гүйцэтгэх гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг эдгээр гэрээний талууд жич нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх боломжтойг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11*** дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 106 дугаар зүйлийн 106.4, 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Г Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр 2 дугаар гудамж, хд-82 дугаар байрны *** тоот дахь 153,*** м.кв бүхий 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, уг орон сууцыг Т.Г хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай хариуцагч “Г ” ХХК, Б.А нарын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,457,950 төгрөг, хариуцагч нараас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 1,457,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА