| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Зүмбэрэл |
| Хэргийн индекс | 102/2023/04540/И |
| Дугаар | 192/ШШ2025/10503 |
| Огноо | 2025-12-08 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 192/ШШ2025/10503
| 2025 12 08 | 192/ШШ2025/10503 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.З даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ф ХХК,
Хариуцагч: Б.М,
Хариуцагч: Б.А,
Хариуцагч: Б.Б,
Хариуцагч: Э.Б,
37,966,698.47 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Б.М, түүний өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Х.Х нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Зээлдэгч Б.М, Э.Б нар нь 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ... тоот зээлийн гэрээ байгуулан 15,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэйгээр 6 сарын сарын хугацаатайгаар зээлж авсан. Мөн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр .... тоот дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулсан. Мөн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ... тоот нэмэлт өөрчлөлтын байгуулан нэмэлтээр 15,000,000 төгрөг сарын 3.5 хувийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр дуусахаар гэрээнд өөрчлөлт оруулсан. 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр .... тоот нэмэлт өөрчлөлтийн гэрээгээр 12 дугаар сар буюу 2021 оны 9 дүгээр сарын 30-ны хүртэл зээлийн гэрээний хугацаанд нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. ... тоот Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож дараах эд хөрөнгийг барьцаалсан. 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ... тоот барьцааны гэрээгээр ... улсын бүртгэлийн дугаартай, Б.М, Б.Б, Б.А нарын 15 м.кв талбайтай нэг өрөө орон сууц 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар Зээлдэгч Б.М, Э.Б нар нь 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр дугаар ..., ..., ... тоот зээлийн гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл төлөх үүргээ зөрчин байх нь тус банк бус санхүүгийн байгууллагыг хохирож байна. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 12,540,000 үндсэн хүүгийн төлбөрт 11,460,569.09 нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2,347,424.28 төгрөг нийт 26,347,993.37 төгрөгийн өр төлбөртэй байна. Б.М, Э.Б нараас 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр дугаар .., .., ... тоот Зээлийн гэрээний үүрэгт нийт 26,347,993.37 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Б.М, Э.Б нараас 2019 оны 09 сарын 30 өдөр дугаар ..., ..., ... тоот Зээлийн гэрээний үүрэгт нийт 26,347,993.37 төгрөг төгрөг, улсын тэмдэгтийн хураамжын хамт гаргуулж өгнө үү. Мөн гэрээний Ү-Б.М, Б.Б, Б.А нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ... ... улсын бүртгэлийн дугаартай, 15 м.кв талбайтай нэг өрөө орон сууцаас барьцаа хөрөнгөөс хууль тогтоомжийн дагуу хангуулж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар зээлдэгч Б.М, Э.Б нар нь 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр дугаар ..., ..., ... тоот зээлийн гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл төлөх үүргээ зөрчин байх нь тус банк бус санхүүгийн байгууллагыг хохирож байна. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 12,540,000 үндсэн хүүгийн төлбөрт 11,460,569.09 нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2,347,424.28 төгрөг нийт 26,347,993.37 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан билээ. Нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш 671 өдөр өнгөрсан байна 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн хүртэл зээлийн гэрээний маргаан шийдвэрлэгдээгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу “26.2. Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх...” гэж заасны дагуу мөн”...453.1.Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй...” гэж заасны дагуу нэхэмжлэл шаардлагыг нэмэгдүүлж байна. Зээлийн гэрээний үүрэгт нийт 26,347,993.37 төгрөгийг үндсэн хүүгийн төлбөрт 9,682,254.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,936,450.85 төгрөг нийт 11,618,705.10 төгрөгөөр нэмэгдүүлж нийт нэхэмжлэлийн шаардлага 37,966,698.47 төгрөг болгож байна.” гэжээ.
2. Хариуцагч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анх Э.Б бид хоёр 2019 онд хувиараа хүнд машин механизмын түрээсийн үйлчилгээ явуулдаг компани байгуулаад Ф ХХК-аас 15,000,000 төгрөгийн зээлийг 6 сарын хугацаатай тухайн хүнд машин механизмынхаа засвар үйлчилгээ хийхээр зээл авсан. 2019 онд манайх үйл ажиллагаагаа явуулж байгаад 2019 оноос хойш манайх ковид гараад эхний зээлээ хугацаандаа төлсөн. Миний бие цусны өвчин, дээрээс нь системийн өвчин аваад эмнэлэгт байх хугацаанд ковид давхцаж гараад тэр үеэр миний эмчилгээ 7 хоногийн 2,800,000 төгрөгийн эмчилгээнд орж байсан учраас энэ зээлийг төлөх боломжгүй байсан. Тухайн үед эмчилгээ дуусаад ажил эхлээд дараа хавраас төлөөд эхэлнэ гэсэн тооцоололтой байсан ковид гараад ковидын үеэр манай дөнгөж эхэлж байсан бизнес зогсчихсон. Тэгээд тэр үед хүнд машин механизм авсан гээд байгаа нь манай Э.Б нөхрийн нэр дээр байсан. Салахдаа надаас бүх юмаа аваад явсан. Миний нэр дээр байсан байр, хүнд машин механизм бүгдийг нь аваад явсан. Би нэг удаа Э.Б хойноос нь хөөцөлдөж байж бүх төлөлтүүдийг төлүүлээд зээлийн гэрээг дахиад сунгасан. Надад 6 сарын хугацаа өгчих, би 6 сарын дотор энэ зээлийг дараад чиний байрыг чинь суллаад өгнө гэж Э.Б өөрөө надад хэлсэн. Тэгээд бид 2 хамт очиж зээлийн гэрээ сунгасан. Ажил төрөл яаж байна, зээлийг төлөөд өгөөч гээд Э.Б хэлсэн. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл өгөөд Э.Б хэлдэг. Би чиний эмчилгээний зардлыг эрүүл болгохын тулд төлсөн. Одоо мөнгөө өөрөө төл гэж хэлдэг. Заримдаа болохоор анхнаасаа би чамайг өрөнд оруулаад салах зорилготой байсан гэдэг. 2023 онд нэхэмжлэлийг би гардаж авсан. Тухайн үед 2023 онд Э.Б эрэн сурвалжлах захирамж гаргахын өмнө би нэхэмжлэгч талтай уулзаад үндсэн зээл болох 13,000,000 төгрөгийг би төлчихье. Тэгээд Э.Б шүүх хуралд оролцохгүй байгаа болохоор хүүний төлөлтийг Э.Б аваад өгөөч гэсэн. Үндсэн зээлээ төлье. Харин үндсэн зээлийн хүүний төлбөрийг Э.Б нэхэмжлээд авчих гэдэг саналыг тавьсан. Тэгсэн тухайн үед нэхэмжлэгч тал надад баттай зүйл хэлээгүй. Тэгээд энийг гэрчлэх хүн нь манай ээж байгаа. Дараа нь гадагшаа эмчилгээнд явах шаардлагатай болоод надад нуруу нугасны хавдар тусаад хавдар гэсэн өвчин 2024 онд илэрсэн бөгөөд би гадагшаа Солонгос руу эмчилгээнд явах болоод байраа зарах шаардлагатай болсон. Тэгээд би өөрөө нэхэмжлэгч тал руу утасдаад үндсэн зээл 13,000,000 төгрөгийг өгчихье. Шүүх дээр явж байя харин хүүгийн төлөлтийг Э.Б гаргаад миний байрыг суллаад өгөөч байраа зараад эмчилгээнд явах шаардлагатай болчхоод байна гэдгээ утсаар нэхэмжлэгч талд санал тавьсан боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би шийдэхгүй захиралуудтайгаа ярьж шийдье гэсэн. Тэгээд надад эргээд хариу өгөөгүй. Тухайн үед би эмчилгээгээ Монголдоо хийлгээд гадагшаа явах шаардлагагүй болоод одоо гайгүй болчихсон. Манай тал нэхэмжлэгч талын дансанд 9,300,000 төгрөгийг анх зээл авснаас хойш төлчихсөн. Тэгээд ковидын үеэр манай эрхэлж байсан бизнес дампуурсан. Э.Б надаас бүх юмаа аваад ахынхаа болон өөрийнхөө нэр рүү шилжүүлээд салаад явчихсан. Миний хувьд анх 2023 онд Э.Б эрэн сурвалжлах захирамж гарахаас өмнө 13,000,000 төгрөгийн үндсэн зээлийг нь төлье гэдэг саналыг тавьсан. Би 2020 онд өвдсөнөөс болоод хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдчихсан группд байдаг. Хоёр хүүхдээ өөрөө өсгөөд Э.Б хоёр хүүхэдтэйгээ уулздаггүй, мөнгөн тэтгэмж өгдөггүй тэр чигтээ явчихсан. Өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан 20,000,000 төгрөг байна. Би 20,000,000 төгрөгөө данс руу нь хийгээд өгье. Надад 6,000,000 төгрөг байхгүй. Би тэр мөнгийг нь хугацаа өгчихвөл сард бага багаар өгөөд дуусгачихъя гэдэг саналыг хэлсэн боловч нэхэмжлэгч тал зөвшөөрөхгүй байна.” гэжээ.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн ... дугаар зээлийн гэрээ, 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн барьцааны гэрээ, 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаар зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, зээл хүсэгчийн анкет, дотоод шилжүүлгийн маягт, Б.М хүсэлт, нэхэмжлэгч байгууллагын 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн мэдэгдэл, зээл төлөлтийн дансны хуулга, Б.М ... банкны дансны хуулга, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хариуцагч Б.М хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
4. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
5. Нэхэмжлэгч Ф ХХК нь хариуцагч Б.М, Б.А, Б.Б, Э.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 37,966,698.47 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, нэмэгдүүлсэн шаардлагыг гаргахад Б.М буруугүй тул хүлээн хүлээн зөвшөөрөхгүй, барьцааны гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргажээ.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон байна.
Нэхэмжлэгч Ф ХХК нь 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Б.М, Э.Б нартай зээлийн гэрээ байгуулж, 15,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлэхээр тохирсны дагуу хариуцагчид 15,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна./хэргийн 18 тал/
Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар хариуцагч Б.М, Б.А, Б.Б нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай, 15м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг барьцаалсан байна./хэргийн 10 тал/
Нэхэмжлэгч Ф ХХК болон хариуцагч Б.М, Э.Б нар 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, зээлийн гэрээний хугацааг сунгасан ба дахин 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гэрээний хугацаа сунгаж, эргэн төлөх хуваарийг өөрчилжээ. /хэргийн 13-15 тал/
Зохигчид зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 37,966,698.47 төгрөг болон гэрээний үүрэг зөрчигдсөн талаар маргаагүй.
7. Нэхэмжлэгч Ф ХХК нь 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Б.М, Э.Б нартай зээлийн гэрээ байгуулж, 15,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлэхээр тохирсны дагуу хариуцагчид 15,000,000 төгрөг шилжүүлсэн тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” заасан зээлийн гэрээ талуудын хооронд байгуулагджээ.
8. Зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг ба энэ гэрээгээр зээлдүүлэгч 15,000,000 төгрөг шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн байна.
Бусдаас зээл авсан бол буцаан төлөх зарчим зээлийн гэрээний харилцаанд оршдог. Хариуцагч нар гэрээний дагуу зээлийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй болжээ.
Иймээс Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт “Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно.”, 452.2 дахь хэсэгт “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй.” 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.” тус тус зааснаар үндсэн зээл 12,540,000 төгрөг, хүү 21,142,823.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,283,875.13 төгрөг, нийт 37,966,698.47 төгрөгийг нэхэмжлэгч Ф ХХК нь хариуцагч Б.М, Э.Б нараас гаргуулахаар шаардах эрхтэй юм.
Хариуцагч нар хариу тайлбар өгөөгүйгээс гадна хариуцагч Б.М анх нэхэмжилсэн 26,347,993.37 төгрөгийг хүлээн зөвшөөрч, хүү нэмэгдэхэд буруугүй учир нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэснээс бус нэхэмжлэгчийн гаргасан тооцооллыг үгүйсгээгүй болно. Хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх үндэслэл болохгүй тул Э.Б эрэн сурвалжилсны улмаас нэхэмжлэлийн шаардлага нэмэгдсэнд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй байна.
10. Мөн Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй”, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж заасан.
Дээр дурдсанчлан Ф ХХК болон Б.М, Б.А, Б.Б нар барьцааны гэрээ байгуулж үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлээр хангуулахаар тохиролцсон байх тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн байна.
Гэхдээ нэхэмжлэгч Ф ХХК нь Б.М, Э.Б нартай 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, зээлийн гэрээний хугацааг сунгасан ба дахин 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гэрээний хугацаа сунгаж, эргэн төлөх хуваарийг өөрчлөхдөө барьцаа хөрөнгийн өмчлөгч Б.А, Б.Б нарын зөвшөөрлийг аваагүй байна. Б.А, Б.Б нар нь 15,000,000 төгрөгийн 3.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлийн үүргийн гүйцэтгэлийг үл хөдлөх хөрөнгөөр баталгаажуулсан бөгөөд нэмэлт гэрээнд баталгаа гаргах зөвшөөрөл өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй, анхны гэрээний үлдэгдэл төлбөр 12,652,500 төгрөгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байна.
Иймд зээлдэгч Б.М, Э.Б нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Б.М, Б.А, Б.Б нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай, 15м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдсан үнээс 12,652,500 төгрөгиин хэмжээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулна.
Түүнчлэн үндсэн зээлийн гэрээний хөөн хэлэлцэн хугацаа дуусаагүй, түүний үүрэг дуусгавар болоогүй байхад түүний барьцаа гэрээний хөөн хэлэлцэх дуусах үндэслэлгүй тул энэ талаар хариуцагчийн татгалзал үндэслэлгүй муутай байна.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 560,738 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М, Э.Б нараас 560,738 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Б.М, Э.Б нараас 37,966,698.47 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ф ХХК-д олгож, барьцаа хөрөнгөөр 25,314,198 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 12,652,500 төгрөгийн хэмжээнд Б.М, Б.А, Б.Б нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн .... дугаартай, 15м.кв талбайтай, 1 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 560,738 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М, Э.Б нараас 560,738 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.З