2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 192/ШШ2025/10368

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.З даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Э” ХХК, 

Хариуцагч: “Х” ХХК,

Гэрээний үүрэгт 1.226.290.994 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, түүний өмгөөлөгч Ү.Ч, Б.Б, гэрч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Э ХХК нь Х ХХК-д холбогдуулан 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан ... тоот ... цогцолбор сургуулийн спорт комплекс болон ахлах, дунд бүлгийн хичээлийн байр барих ажлын ерөнхий гүйцэтгэгчээр ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1,226,290,994 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Э ХХК нь 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр нэр нь өөрчлөгдчихсөн байгаа Д ХХК-тай ... тоот ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Тухайн гэрээ байгуулах үед Д ХХК нь Э гэдэг нэртэй компани байсан. Энэ гэрээний гол агуулга нь ажил гүйцэтгэх гэрээ байсан. Захиалагч нь хариуцагч Х компанийн эзэмшлийн газарт ахлах, дунд бүлгийн хичээлийн байр болон спорт комплексын каркас угсралтын ажлыг хийж гүйцэтгэх агуулгатай гэрээ байсан. Энэ гэрээний гол нөхцөл спорт комплекс нь 8,065 м.кв талбай, ахлах, дунд бүлгийн хичээлийн байр 8,970.08 м.кв өөрөөр хэлбэл нийт 17,035.08 м.кв барилгын талбайн каркас угсралтын ажлыг хийж гүйцэтгэнэ. Метр квадратыг нь 250,000 төгрөгөөр хийж гүйцэтгэнэ гэсэн тохиролцооны дагуу Э ХХК барилгын ажлыг хийж гүйцэтгэж байсан. Ингээд барилгын ажлыг хийж гүйцэтгэж байх явцад 2023 оны 8 дугаар сард энэ Д ХХК-ийн үүсгэн байгуулагч гүйцэтгэх захирал Монгол Улсаас гараад явсан холбогдохгүй байна гэдэг энэ агуулгыг Х ХХК-иас хэлээд бид та нартай шууд гэрээ хийгээд ажлаа явуулъя. Өөрөөр хэлбэл, Э ХХК-тай шууд гэрээ хийгээд та нар манай энэ барилгын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж өгөөч. Өмнө нь Д компанитай байгуулсан гэрээг дүгнээд цааш нь үргэлжлүүлээд ерөнхий гүйцэтгэгчээр ажиллах санал тавьсны дагуу 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн гэрээ байгуулагдсан. Гэрээн дээр барилгын ажлын талбай болон үнийн дүнг гэрээгээр тохиролцсон. Өөрөөр хэлбэл, гэрээний 2.1-д нийт гэрээний үнийн дүн 4,542,000,180 төгрөг байна гэдгийг зааж өгсөн. Энэ нь ямар хэмжээний тухай яригдаж байгаа вэ гэхээр нийт 18,169 м.кв талбайн каркас угсралтын ажил гэрээний дагуу хийгдэх юм байна гэж дүгнэсэн. 18,169 м.кв ахлах, дунд бүлгийн хичээлийн байрны хэмжээ 8,971 м.кв байх юм байна. Спорт комплексынх 9,198 м.кв байна гээд каркас угсралтын ажил байсан учраас метр квадратыг нь 250,000 төгрөг гэсэн. Өмнөх Д адилхан нөхцөлөөр буюу метр квадратыг 250,000 төгрөгөөр хийж гүйцэтгэнэ гэдэг тохиролцоогоо гэрээндээ баталгаажуулаад дээрээс нь Х ХХК-тай байгуулсан гэрээгээр нийт 4 хавсралтыг талууд баталгаажуулсан. Талууд баталгаажуулахад хариуцагч Х ХХК-ийн тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан н.Н захирал болон Э ХХК-ийн захирал н.Б захирал гэрээг баталгаажуулж гарын үсэг зурж, тамга тэмдэг дарсан. Хавсралтыг дэлгэрэнгүй тайлбарлах шаардлагатай. Хавсралт-1 агуулга нь гэрээт ажлын нийт тоо хэмжээ, өөрөөр хэлбэл спорт комплекс болон ахлах, дунд бүлгийн хичээлийн байр нийт хэмжээ хэд вэ гэдгийг хавсралт-1 дээр баталгаажуулсан. Хавсралт-2 агуулга нь Д компанитай гэрээ байгуулах үе буюу 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн хооронд хийж гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ ямар байсан гэдгийг баталгаажуулсан. Хавсралт-3  бол цаашид хийж гүйцэтгэх ажлын хэмжээ, тоо хэмжээ, төсвийг баталгаажуулаад, хавсралт-4 нь хийсэн ажил, тооцоо нийлсэн акт өөрөөр хэлбэл гэрээ 4 хавсралт гэрээ байгуулагдсан. Х ХХК-тай байгуулсан гэрээний гол нөхцөл нь энэ гэрээний 3.2.21-д заасны дагуу Х ХХК та бүхэн нэгэнт эхнээс нь хийсэн учраас үргэлжлүүлээд хийж өгөөч гэдэг хүсэлт нь энэ гэрээн дээр туссан. Өөрөөр хэлбэл өмнөх гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр энэ гэрээний гүйцэтгэгчийн хийж дуусгасан ажлын тоо, ажилд тооцогдох хөлс, гэрээний төлбөрийг нөхөн төлж барагдуулъя гэж Х ХХК хэлсэн. Хавсралт-2 дээр Д ХХК-тай хийсэн ажлыг нийт дүгнэхдээ 7,647.91 м.кв барилгын ажлын каркасыг хийсэн гэдгийг дүгнэсэн. Ахлах, дунд бүлгийн хичээлийн байрыг 2,557.8м2, спорт комплексыг 5,091 м.кв, 7,647.91 м.кв гэрээнд заасан 250,000 төгрөгөөр үржүүлж 1,911,977,500 төгрөг байна. Энэ нь Д ХХК-тай хийсэн ажлын гүйцэтгэл байна гэдгийг талууд баталгаажуулсан. Мөн хавсралт-2 дээр баталгаажуулсан дүнгээс Д ХХК-аас авах авлагын дүн нь 1,136,665,994 төгрөг байна. Мөн 775,311,505 төгрөгийг Э ХХК хүлээж авсан гээд хавсралт-4 өөр баталгаажуулсан. Хавсралт3 дээр ямар агуулгууд байдаг гэхээр цаашид Хүннү кампус компанитай гэрээ хийснээр ямар ажлыг хийж гүйцэтгэх, 2 төрлийн ажлаа метр квадраттай нь зааж өгсөн. Өөрөөр хэлбэл ахлах, дунд бүлгийн хичээлийн байр 6,413м2 байна. Харин спорт комплекс 4,107м2 байна. Нийт 10,520м2 каркас угсралтын ажлыг цаашид хийнэ гэдгийг заасан. Мөн метр квадратыг нь 250,000 төгрөгөөр тооцоод хавсралт 3-ын доор цаашид хийх ажлын хэмжээ буюу төсвийг 2,630,202,500 төгрөг гэдгийг баталгаажуулсан. Миний дэлгэрэнгүй тайлбарлаад байгаа нь нэхэмжлэл гаргасан үндэслэлээ тодорхой болгохын тулд тайлбарлаж байна. Миний дурдсан цаашид хийх ажлын 10,520 м.квадратаас Х ХХК-тай гэрээ хийснээс хойш Э ХХК 3,662 м.кв ажлын каркас угсралтыг хийсэн. Ахлах, дунд бүлгийн хичээлийн байрны 1,650 м.кв, спорт комплексын 1,250 м.кв, спорт заалны талбайн 766 м.кв ажлыг хийсэн. Спорт заалны 766 м.кв талбайн хувьд Х ХХК заалны талбайн хэсэг учраас 766 м.кв дээр үнийн хувьд 250,000 төгрөгөөс жоохон буулгаж өгөөч гэдэг хүсэлтийг Э ХХК-д тавьж байсан. Э ХХК энэ хүсэлтийг нь хүлээж аваад 766 м.кв хэсэгт 187,500 төгрөгөөр болгоё гэдэг тохиролцоог талууд хийсэн. Энэ бууруулсан 766 м.кв талбайг 187,500 төгрөгөөр үржүүлж бодвол 143,625,000 төгрөг болдог. Өөрөөр хэлбэл, Х ХХК-тай гэрээ байгуулснаас хойш хийсэн ажлын дүнг танилцуулж байна. Ингээд үлдэх 3,166 м.квадратаас 766 м.кв хасахаар 2,900 м.кв 250,000 төгрөгөөр үржүүлээд 725,000,000 төгрөг өөрөөр хэлбэл, Х ХХК-тай гэрээ байгуулснаас хойш 861,625,000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн.  Дэлгэрэнгүй тайлбарлаж байгаа нь түрүүний дурдсан хавсралт-2, хавсралт-3 дээр Д ХХК-ийн авах үлдэгдлийн хэмжээг 1,136,000,000 төгрөг гэж тогтоосон байдагтай холбож тайлбарлахаас өөр аргагүй. Энэ гэрээ 8 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан. Харин 8 дугаар сарын 10-ны өдөр Д ХХК 20,000,000 төгрөгийг Э ХХК-д шилжүүлсэн учраас хавсралт 3-аар баталгаажуулсан дүн 20,000,000 төгрөгөөр багасаад 1,116,665,994 төгрөг болсон. Өөрөөр хэлбэл, өмнөх гэрээний дагуу аваагүй байсан буюу авлагын дүн 1,116,650,994 төгрөг дээр миний дурдсан Х ХХК-тай гэрээ байгуулснаас хойших дүн болох 868,625,000 төгрөгийг нэмээд нийт 1,985,290,995 төгрөг болсон. Х ХХК энэ гэрээг байгуулснаас хойш 759,000,000 төгрөгийг төлсөн байдаг. Э ХХК энэ төлсөн дүнг нь хасаад нэхэмжлэлийн шаардаж байгаа 1,226,290,994 төгрөг болсон. Миний тайлбарласнаар нөгөө 2 гэрээний дагуу үүссэн авлага нийлээд ийм болж байгаа. Өөрөөр хэлбэл, 1,226,290,994 төгрөг болсон. Гэрээний 3.2.21-д заасны дагуу нэгэнт Х ХХК өмнөх Д ХХК-тай хийсэн ажлын авч чадаагүй дүнг нөхөн төлье. Тэгээд ажлыг ерөнхий гүйцэтгэгчээр үргэлжлүүлээд хийгээч гэсэн. Энэ гэрээнийхээ дагуу үүсээд байгаа төлбөрийг төлөөгүй учраас шүүхэд хандаж 1,226,290,994 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Ингээд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.” гэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э ХХК нь Х ХХК-тай 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр гэрээ байгуулсан. Гэрээ байгуулаад 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Д ХХК-тай сургуулийн барилгыг барьж 100 хувь хүлээлгэж өгөх Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. Уг гэрээний дагуу би нийт хөрөнгө оруулалтын 30 хувийг эхний ээлжит санхүүжүүлэх үлдэгдэл төлбөрийг тодорхой хугацааны дараа ажлын гүйцэтгэлтэй холбогдуулан өгөх нөхцөлтөй байсан. Гэрээний дагуу 1,956,000 долларыг Д ХХК-д 10 удаагийн гүйлгээгээр шилжүүлж өгсөн. Шилжүүлж өгсөн шалтгаан нь тухайн үед ажил компанитай эхэлсэн. Ямар компанийг туслан гүйцэтгэгч хийлгэж байгаа мэдээлэлгүй. Талбай дээх ажил эхэлсэн байсан. Тэгээд 2024 оны 07 дугаар сарын үед наадмын дараа ажил зогссон. Удалгүй компани захирал н.С гэдэг хүн гадагшаа яваад ажил зогссон. Үүний дараа ажил зогсоод явах үед ... комплекс гээд барилгын суурийн ажил хийгдсэн. Зоорийн болон нэгдүгээр давхрын ажил хийгдсэн байсан. Сургуулийн барилгын тухайд суурийн болон нэгдүгээр давхрын ажил хийгдсэн. Тухайн үедээ компаниас өгсөн санхүүжилтын 10 тэрбум төгрөг болж байсан. Тухайн үеийн ажлын үнэлгээ бараа бүтээгдэхүүний баримжаагаас харвал 2-3 тэрбум төгрөгийн ажиллагаа явагдсан. Үүнээс хойш Д ХХК-ийн үлдээгээд явсан ажил дээр тухайн үед барилгын карказын ажил Х ХХК-тай үргэлжлүүлж, карказын ажил дуусгавар болгох гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсан шалтгаан нь карказ өөрөө барилгын үндсэн бүтэц байдаг учраас  карказын ажил хийсэн компани ерөнхий гүйцэтгэгч гэж явдаг. Тэгэхээр үндсэн бүтцийн ажлыг нэг компани хийсэн учраас өөр компаниар сольвол энэ хооронд ажил алдагдах, буруу хийсэн бол хэн нь буруу хийсэн нь мэдэгдэхгүй ийм эрсдэл байсан учраас бид Х ХХК-ийг үргэлжлүүлэн ажилуулж явсан. Нөгөө талд Д ХХК-ийн тухайн үеийн захирал байсан н.С хилээр гараад явсны дараа бид буцаж ирэхгүй гэдгийг мэдээд цагдаад өгсөн. Үүнтэй холбоотой манай компани залилуулсан гэсэн зүйлээр хэрэг шалгагдаад явж байна. Тухайн Х ХХК манай спорт комплекс барилгын 2 дугаар давхрын ажил буюу спорт заалны хэсэг, сургуулийн барилгын 1 дүгээр давхрын ажлын карказ угсралтын ажлыг хийсэн. Карказ угсралтын зардал дээр арматур болон бетоны зардлыг бид өөрсдөө компаниасаа гаргаад угсралтын ажлыг хийсэн байдаг. 11 дүгээр сарын сүүл болоод гадаа хүйтэрсэн учраас ажил зогссон. Тэрнээс хойш дараа жил үргэлжлүүлж ажиллахгүй болоод нэхэмжлэгч талд өмнөх төлбөрүүдээ манайхаас нэхэмжлэх байдалтай болсон. Тэрнээс хойш өөр гүйцэтгэгч сонгоод ажиллуулахаар болсон. Нэхэмжлэгч талын нэхэмжилж байгаа дүнг бүхэлд нь хүлээн зөвшөөрөгдөхгүй. Яагаад гэхээр Д ХХК-д 3,000,000 долларын урьдчилгаа төлбөрөө төлчихсөн. Ажил хийж байгаа хүний гэрээг өгсөн. Бид үргэлжлүүлж хийгээд түүндээ тохирсон төлбөрөө төлье гэдэг хүсэл зорилготойгоор энэ гэрээг байгуулсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Бид нар гэрээ байгуулагдснаас хойш хийгдсэн ажил дээр тодорхой хэмжээний үлдэгдэл  байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа шалтгаан нь бид ажлаа хүлээж аваагүй. Мөн бид хавар ажил дээр үзлэг хийлгэхэд тодорхой хэмжээний дутагдал доголдлуудыг засах шаардлагатай гэсэн дүгнэлт гарчихсан. Бид 2 талаасаа тооцоо нийлж засах ажил болон төлбөрийн үлдэгдлүүдээ хийж гүйцээгүй байгаа учраас дүн тодорхойгүй болохоор бид хүлээн зөвшөөрдөггүй. Нөгөө талдаа барилгын ажил 5 хувийн чанарын баталгааны хэсгийг авч үлддэг гэрээтэй. Тэгэхээр энэ хэсэг дээрээ хэдий хэмжээний дүн байна гэдгийг 2 талаасаа тооцоо нийлээгүй учраас бид нар нэхэмжлэлийн дүнг нь хүлээн зөвшөөрдөггүй. Үлдэгдэл ажлаа өөр компаниар гүйцэтгүүлсэн. Тухайн үед хоёр барилгын чанар байдалтай холбоотой тус тусад нь дүгнэлт гаргуулсан. Тэр дүгнэлтээр тухайн барилга ямар байдалтай үлдсэн гэдгийг харуулмсан зургууд байдаг. Хэргийн материалд өгсөн.” гэжээ.

3. Нэхэмжлэгчээс 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн ... дугаартай “... цогцолбор сургуулийн спорт комплекс болон ахлах, дунд бүлгийн хичээлийн байр барих ажлын ерөнхий гүйцэтгэгчээр гүйцэтгэх гэрээ”, түүний хавсралтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “Х” ХХК-нд хаягласан 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ... дугаар баримт бичиг, “Х” ХХК-ийн захирал Ч.Б хаягласан 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн ... дугаар баримт бичиг, “Х” ХХК-нд хаягласан 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ... дугаар баримт бичиг, “Х” ХХК болон “Э” ХХК-ийн хооронд хийсэн ... тоот гэрээт ажлын тооцоо гэх баримт, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, Барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл (ахлах сургууль), Барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл (спорт зал), Цутгамал төмөр бетон бүтээцийг арматурчилсан акт (сургуулийн суурь, сургуулийн шал, В1 давхар, зал шал, зал В1 давхар, зал 1 давхар), суурийн нүх ухсан акт, Бетон дүүргэгч, баригын физикийн лаборатори (ахлах сургууль, спорт зал)-ийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, бетон зуурмагийн чанарын гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хүмүүн цогцолбор сургууль, спорт залны чанарын гэрчилгээ нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Э ХХК-ийн худалдаа, хөгжлийн банкны дансны хуулга, хаан банкны дансны хуулга, барилгын ажлын тайлбар, барилгын зураг, Хариуцагчаас итгэмжлэл, хариу тайлбар, худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн журнал, шинжлэх ухаан технологийн их сургуулийн барилга, архитектурын сургуулийн реконстракшн төвийн захирлын зөвлөмж, Барилгын зөвлөх үйлчилгээний Б ХХК-ийн барилгын оношилгоо, Х ХХК болон Д ХХК нарын 2023 оны 3 дугаар 30-ны өдрийн хөрөнгө оруулалтын гэрээ, итгэмжлэл, ... дүүргийн прокурорын газрын 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ... дугаар хариу мэдэгдэх хуудас тус тус нотлох баримтаар шүүхэд өгсөн.

Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр Т.Б асууж, хүмүүн цогцолбор сургуулийн спорт комплекс болон ахлах дунд бүлгийн хичээлийн байрны карказ угсралтын ажилд үзлэг хийж, хариуцагчийн хүсэлтээр Э ХХК болон Д ХХК-ийн хооронд байгуулагдсан 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн ... дугаар гэрээг нэхэмжлэгчээс гаргуулжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

4. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

5. Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1,226,290,994 төгрөг гаргуулахаар шаардаж, үндэслэлээ хариуцагч компанитай 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр “... цогцолбор сургуулийн спорт комплекс болон ахлах, дунд бүлгийн хичээлийн байр барих ажлын ерөнхий гүйцэтгэгчээр гүйцэтгэх гэрээ” (цаашид .... дугаар гэрээ” гэх)-г байгуулж гэрээний дагуу ахлах, дунд сургуулийн барилгын 1 дүгээр давхар, спорт комплекс барилгын 2 дугаар давхрыг тус тус дуустал бетон угсралтын ажлыг гүйцэтгэж, ажлын хөлс нийт 2,780,602,500 төгрөг болсон ба үүнээс хариуцагч нь 1,554,311,506 төгрөгийг төлж, үлдэгдэл 1,226,290,994 төгрөгийг төлөөгүй гэж шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ гэрээтэй холбоотой асуудлаар хууль хяналтын байгууллагад гомдол гарган шалгуулж байгаа, мөн нэхэмжлэгч талаас гүйцэтгэсэн ажлыг хүлээлгэж өгөөгүй тул зөвшөөрөхгүй гэж маргажээ. 

6. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр “Э” ХХК болон “Д” ХХК-ийн хооронд ... дугаар “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдсан бөгөөд .. цогцолбор сургуулийн спорт комплекс болон ахлах, дунд бүлгийн хичээлийн байрыг хийж гүйцэтгэх, түүний хөлсийг төлөхөөр тохиролцжээ. /2 хх 108-110 тал/

Энэхүү гэрээгээр нэхэмжлэгч Э ХХК нь ... цогцолбор сургуулийн ахлах дунд бүлгийн хичээлийн байрны В1 давхрын 2577.80 м.кв талбай карказ угсралт, спорт комплексийн В1 давхрын 3024 м.кв талбай, 1 дүгээр давхрын 2016 м.кв талбай, Довжоо-1 18.9 м.кв талбай, довжоо-2 15.84 м.кв талбай, довжоо 4 15.37 м.кв, нийт 7647.91 талбайн карказ угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн бол Д ХХК-иас 795,311,505.60 төгрөг төлсөн болох нь зохигчийн хооронд 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн ... дугаар “... цогцолбор сургуулийн спорт комплекс болон ахлах, дунд бүлгийн хичээлийн байр барих ажлын ерөнхий гүйцэтгэгчээр гүйцэтгэх гэрээ”-ний хавсралт 2, нэхэмжлэгчийн дансны хуулгаар тогтоогдож байна./1хх 8, 2 хх 48-58 тал/

Улмаар барилгын карказ угсралтын ерөнхий гүйцэтгэгч Д ХХК нь үйл ажиллагаа явуулах боломжгүй болсны улмаас Э ХХК болон Х ХХК нарын хооронд 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ... дугаар “... цогцолбор сургуулийн спорт комплекс болон ахлах, дунд бүлгийн хичээлийн байр барих ажлын ерөнхий гүйцэтгэгчээр гүйцэтгэх гэрээ” байгуулагджээ. /1 хх 3-14 дэх тал/

Энэхүү гэрээний 1.3.4-т “барилгын зураг, төсөв, захиалгат ажлын үе шат, ажлын төлөвлөгөө болон энэ гэрээтэй холбогдох бусад материалууд болон энэхүү гэрээний хавсралтууд нь гэрээний салшгүй хэсэг байна. Үүнд: Хийж гүйцэтгэсэн ажлын тооцоо нийлсэн акт” зааснаар 4 дүгээр хавсралтаар Д ХХК-иас авах үлдэгдэл 1,136,665,994.40 төгрөгийг баталгаажуулсан бөгөөд гэрээний 3.2.21-т “өмнөх гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр энэхүү гэрээний гүйцэтгэгчийн хийж дуусгасан ажлын тооцогдох хөлс, гэрээний төлбөрийг нөхөн төлж, баталгаажуулахыг захиалагч буюу Х ХХК-ийн үүрэгт хамааруулахаар тохиролжээ.

Нэхэмжлэгч Э ХХК болон Х ХХК нар гэрээний 1 дүгээр хавсралтаар тодорхойлсон ... цогцолбор сургуулийн ахлах дунд бүлгийн хичээлийн байрны нийт 4,542,180,000 төгрөгийн өртөгтэй 18,168.72 м.кв талбайн барилгын карказ угсралтын ажлаас Д ХХК 7647.91 м.кв талбайн карказ угсралт, Эн ХХК 3666 м.кв талбайн карказ угсралтын ажил хийсэн болох нь гэрээний хавсралт, зохигчийн тайлбар, барилгын зураг, гэрчийн мэдүүлэг, үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна. /хэргийн ... тал/

Талууд дээрх байдлаар барилгын карказ угсралтын ажил гүйцэтгэхээр тохиролцсон боловч ... цогцолбор сургуулийн ахлах, дунд сургуулийн барилгын 1 дүгээр давхар, спорт комплекс барилгын 2 дугаар давхраас бусад ажлыг хариуцагч Х ХХК нь бусад этгээдээр гүйцэтгүүлж барилга угсралтын ажлыг дуусгажээ. Нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын бодит гүйцэтгэлийн талаар хариуцагч маргаагүй бөгөөд актаар баталгаажуулж, хүлээлгэн өгөөгүй гэжээ.

Дээрхээс гадна хариуцагч Х ХХК нь ... торгоны зам индустриал компанитай 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан байх бөгөөд энэхүү гэрээгээр хөрөнгө оруулагч ... торгоны зам индустриал компани нь газарт баригдах тус бүр 4 давхар бүхий 3 ширхэг сургуулийн барилгын ажлыг гүйцэтгэхэд эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр хөрөнгө оруулж гүйцэтгэлийг хариуцах, Захиалагч нь гэрээнд заасан журмаар хөрөнгө оруулалтыг буцаан төлөх, түүнтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахаар тохиролцжээ. /хэргийн ... тал/ Гэхдээ Дорнын сод торгоны зам индустриал компани барилгын ажлыг гүйцэтгээгүй бөгөөд түүний эрх, үүргийг бусад этгээдэд шилжүүлсэн зүйлгүй байх тул тэдгээрийн хоорондын хөрөнгө оруулалт, мөнгөн шилжүүлэг хэрэгт ач холбогдолгүй байдал тогтоогдсонгүй. 

7. Нэхэмжлэгч компани нь ... дугаар гэрээний дагуу барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж, захиалагч “Х” ХХК-нд хүлээлгэж өгөх, “Х” ХХК нь “Д” ХХК-нд төлбөл зохих 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл хөлс болох 1,136,665,994.4 төгрөгийг болон цаашид гүйцэтгэх ажлын хөлс, үнийг нэхэмжлэгч “Э” ХХК-нд төлөх үүрэг хүлээсэн тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.  Энэхүү гэрээний хамт Д ХХК-ийн төлөх байсан өр Х ХХК-д Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасны дагуу шилжжээ.

Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт “Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ.” зааснаар гаргасан саналыг нөгөө тал мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно.” зааснаар хүлээн авснаар зохигчийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ хүчин төгөлдөр болсон ба хэлцэл хийх эрмэлзлэлийн илрэлийг тодорхой бус буюу үндэслэлгүйгээс ойлгоогүй, эсхүл ийнхүү хүсэл зоригийг илэрхийлэхээс өмнө ойлгох боломжгүйгээ нөгөө тал мэдэгдсэн зүйлгүй тул хүсэл зоригийг болон хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гэрээний үр дагаврыг ойлгоогүй гарын үсэг зурсан гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

Мөн хариуцагч ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан талаар маргаагүйгээс гадна хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг шаардлага гаргаагүй тул Э ХХК болон Х ХХК нарын хооронд байгуулагдсан 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 23/04/03 дугаар “... цогцолбор сургуулийн спорт комплекс болон ахлах, дунд бүлгийн хичээлийн байр барих ажлын ерөнхий гүйцэтгэгчээр гүйцэтгэх гэрээ” гэрээ хүчин төгөлдөр үлджээ.

Түүнчлэн хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед нэхэмжлэгч компани барилгын тусгай зөвшөөрөлгүй гэсэн үндэслэлээр хэлцэл хүчин төгөлдөр бус гэж тайлбарласан тул талуудын зарчим болон мэтгэлцэх эрхийг хангах үндэслэлээр энэ талаар шүүхээс дүгнэлт хийх шаардлага үүсээгүй байна.

8. Хүчин төгөлдөр гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл, үр дагаврыг шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэгт “Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй.”, 355.6 дахь хэсэгт “Ажил дуусахаас өмнө захиалагч гэрээгээ цуцалсан бол гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчид орсон орлого, үр шимийг хасаж, учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.” зааснаар захиалагч буюу Х ХХК нь гэрээг цуцалсан байх ба гэрээнд заасан ажлыг гүйцэтгүүлэх, нэмэлт хугацаа тогтоолгүйгээр үлдэгдэл ажлыг өөр этгээдээр гүйцэтгүүлжээ. Иймээс ажил гүйцэтгэх гэрээний ирээдүйд гүйцэтгэх барилгын карказ угсралтын болон түүний төлбөр төлөх үүрэг дуусгавар болжээ.

Нэгэнт гэрээний үүрэг дуусгавар болсон, хариуцагч компани барилгыг өөр этгээдээр гүйцэтгүүлж угсралтыг дуусгасан байх тул бусдаар гүйцэтгүүлэх хүртэл ямар хэмжээний ажил гүйцэтгэсэн нь ач холбогдолтойгоос бус ажлын гүйцэтгэлийг баримтаар баталгаажуулсан эсэх нь ач холбогдол багатай байна.

Гэрээ цуцлагдах хүртэлх хугацаанд нэхэмжлэгч Э ХХК нь нийтдээ 11,313.91 м.кв талбайн карказ угсралтын ажил хийсэн ба үүнээс 7647.91 м.кв карказ угсралтын ажлын төлбөр нь Д ХХК-ийн өр шилжих байдлаар хариуцагч Х ХХК-д шилжсэн бол гэрээ байгуулагдсанаас хойш нэхэмжлэгч нь 3666 м.кв талбайн барилгын карказ угсралтын буюу 868,625,000 төгрөгийн өртөгтэй ажил гүйцэтгэжээ. Талууд гэрээгээр 1 м.кв талбайн карказ угсралтын ажлыг 250,000 төгрөгөөр тохиролцсон байх боловч нэхэмжлэгч спорт заалны 766 м.кв талбайн карказ угсралтын 1.кв талбайн үнийг 187,500 төгрөгөөр тооцож шаардлага гаргасныг хариуцагч үгүйсгээгүй боловч түүнээс өөр үнээр тохиролцсоноо нотлоогүй тул 868,625,000 төгрөгийн  /766*187,500+2900*250,000=868.625.000/ өртөгтэй ажлын үр дүн гарсан байна. Хариуцагч ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй гэж тайлбарлаж байх боловч ... цогцолбор сургуулийн ахлах, дундын сургуулийн барилгын 1 дүгээр давхар, спорт заалны 2 дугаар давхрыг дуусталх барилгын карказ угсралтын ажлын бодит гүйцэтгэлийн талаар хариуцагч маргаагүйгээс гадна барилгын зургийн хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй болно.

Энэхүү ажил гүйцэтгэх гэрээний дагуу хариуцагч Х ХХК нь 759,000,000 төгрөгийг төлснийг хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 868,625,000 төгрөгөөс хасвал 109,625,000 төгрөг төлөөгүй үлдсэн байна. Иймээс ажил гүйцэтгэх гэрээний дагуу 109,625,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэл бүрджээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 11 удаагийн гүйлгээгээр 759,000,000 төгрөг төлсөн талаар маргаагүй.

Хэдийгээр гэрээний 4.2.1-д “захиалагч ажлыг гэрээнд заасан хугацаа, нөхцөлийн дагуу өөрийн хөрөнгө, багаж, машин, техник хэрэгсэл, ажиллах хүчийг ашиглан, чанарын өндөр түвшинд алдаа дутагдал, доголдолгүй хийж гүйцэтгэн, захиалгат ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгнө”, 5.1.1-д “гүйцэтгэгч захиалгат ажлын гүйцэтгэлийн тайлан, ажил гүйцэтгэсэн актаа захиалагчид хүргүүлэх ба захиалагч ажлын тайланг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногт багтаан ажлын зураг болон бусад гэрээнд заасан нөхцөлүүдэд үндэслэн гүйцэтгэсэн ажлын хэмжээг хянан баталгаажуулан гүйцэтгэгчид мэдэгдэх ба энэ нь төлбөр төлөх үндэслэл болно” тус тус заасан боловч хариуцагч Х ХХК нь 759,000,000 төгрөгийн ажлын гүйцэтгэлийг баталгаажуулан төлбөр төлжээ. Иймээс хариуцагчийн ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй гэсэн тайлбар үндэслэл муутай болжээ.

Түүнчлэн хэргийн 62-198 талд авагдсан баримтууд буюу 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацааны баримтууд Э ХХК болон Х ХХК нарын хооронд байгуулагдсан 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн ... дугаар “.. цогцолбор сургуулийн спорт комплекс болон ахлах, дунд бүлгийн хичээлийн байр барих ажлын ерөнхий гүйцэтгэгчээр гүйцэтгэх гэрээ” гэрээнээс өмнөх хугацаанд хамаарах боловч энэ нь 3666 м.кв барилгын карказ угсралтын ажилтай хамааралгүй, 868,625,000 төгрөгийн өртөгтэй ажлын 759,000,000 төгрөгийг хариуцагч төлбөр төлж баталгаажуулсан тул ажлын үр дүн гарч, түүнийг хариуцагч компани хүлээн авчээ. Энэ талаарх ажлыг хүлээлгэн өгөөгүй, хийж гүйцэтгэсэн ажил тодорхойгүй, баримтгүй гэсэн хариуцагч талын тайлбар үндэслэлгүй бөгөөд нотлох баримт бүрдүүлэх замаар татгалзлын үндэслэлээ нотлоогүй байна.

Иймээс Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна.” 343 дугаар зүйлийн 343.3 дахь хэсэгт “Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ.”, 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт “гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно”, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д “гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүрэгтэй” тус тус зааснаар ... цогцолбор сургуулийн ахлах, дунд сургуулийн барилгын 1 дүгээр давхар болон спорт комплексийн 2 дугаар давхрын барилгын карказ угсралтын ажил хийгдсэнийг хариуцагч Х ХХК өмчлөлдөө шилжүүлсний үндсэн дээр үлдэх ажлыг бусдаар гүйцэтгүүлсэн тул гэрээнд тохиролцсоноор хөлсний зарим хэсэг болох 109,625,000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй байна.

Мөн хариуцагч компани нь шинжлэх ухаан технологийн их сургуулийн барилга, архитектурын сургуулийн реконстракшн төвийн захирлын зөвлөмж, Барилгын зөвлөх үйлчилгээний Б ХХК-ийн барилгын оношилгоо хийлгэсэн боловч Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2-т “Гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ”, 352 дугаар зүйлийн 352.2.2-т “доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх”, 352.4-т “Ажлын үр дүнг хүлээж авах үед түүний доголдлыг захиалагч мэдэж байсан боловч ямар нэгэн гомдол гаргаагүй бол тэрээр энэ хуулийн 352.2-т заасан шаардлага гаргах эрхээ алдана” гэж тус тус зааснаар доголдолтой холбоотой шаардлага гаргаагүй, ажлын үр дүнг хүлээн авсан тул шүүхээс доголдолтой холбоотой дүгнэлт хийх шаардлага үүсээгүй байна.

9. Мөн Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт “Эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болох бөгөөд энэ тохиолдолд энэ хуулийн 123.8-д заасан журам нэгэн адил үйлчилнэ.” зааснаар хариуцагч Х ХХК нь Д ХХК-ийн 1,136,665,994 төгрөгийн өрийг шилжүүлэн авсан боловч нэхэмжлэгч 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Д ХХК-иас шилжүүлсэн 20,000,000 төгрөгийг хасаж 1,116,665,994 төгрөг нэхэмжилснийг хангах үндэслэлтэй гэж гэж үзлээ.

Д ХХК-ийн өрийг хариуцагч Х ХХК шилжүүлэн авах хүсэл зоригийг үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгч Э ХХК хүлээн зөвшөөрсөн, үүнийг гэрээгээр болон хуулиар хориглоогүй байх тул 1,116,665,994 төгрөгийн өр Х ХХК-д хүчин төгөлдөр шилжжээ. Энэхүү гэрээнд Д ХХК оролцоогүй нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үндэслэл болохгүй бөгөөд түүний эрх, ашиг сонирхол хөндөгдөх үндэслэлгүй тул нэхэмжлэгч Э ХХК-ийн зөвшөөрсөн тохиолдолд өр шилжинэ.

Тухайлбал, гэрээний 3.2.21-т “өмнөх гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр энэхүү гэрээний гүйцэтгэгчийн хийж дуусгасан ажлын тооцогдох хөлс, гэрээний төлбөрийг нөхөн төлж, баталгаажуулахыг захиалагч буюу Х ХХК-ийн үүрэгт хамааруулахаар тохиролжээ.” заасныг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна.” заасан үгийн шууд утгаар тайлбарлавал талууд Д ХХК-ийн ажлын хөлсийг Х ХХК нөхөн төлж, түүнийгээ баталгаажуулахаар тохиролцжээ. Энэхүү өр төлбөрийг баталгаажуулсны дараа ажлын хөлсийг төлнө гэж тохиролцсон байдал тогтоогдсонгүй.

            10. Иймд ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 109,625,000 төгрөг, шилжсэн өр 1,116,665,994 төгрөг, нийт 1,226,290,994 төгрөгөөс гэрээний 2.2-т “Давхар бүрийн үе шатны ажлын гүйцэтгэлийн актыг үндэслэн үе шат тутамд ажлын гүйцэтгэлээс гүйцэтгэлийн баталгааны 5 хувийг суутгаж, 95 хувийн санхүүжилт олгоно” зааснаар 61,314,549 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 1,164,976,444 төгрөг хариуцагч Х ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгох үндэслэлтэй гэж үзлээ.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч гэмт хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох зорилгоор гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авснаас эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах хүртэл явуулж байгаа энэ хуульд заасан ажиллагааг хэрэг бүртгэлт гэнэ.” зааснаар нэхэмжлэгч Э ХХК-тай холбоотой эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байдал тогтоогдохгүй байх бөгөөд ... дүүргийн прокурорын газрын 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ... дугаар хариу мэдэгдэх хуудаст энэ талаар тусгагдаагүй байна.

            Хариуцагч компанийн Д ХХК, түүний гүйцэтгэх захиралд залилуулсан, тэдгээрт төлбөр шилжүүлсэн асуудлаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа нь зохигч талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүргийг үгүйсгэх, үүргийн маргааныг шийдвэрлэх үндэслэлд хамаарахгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х ХХК-иас 1,164,976,444 төгрөг гаргуулан Э ХХК-д олгож, үлдэх 61,314,549 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,289,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х ХХК-иас 5,982,832 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.З