2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 192/ШШ2025/10347

 

 

 

 

 

                                                         2025             12            02  

                                       192/ШШ2025/10347

              

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.З даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.А,

Хариуцагч: Б.Ө,

Гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 177,404,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Х.Х нар оролцов.

   ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Б.А би иргэн Б.Ө 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 330 м.кв талбай бүхий паб, караокег гал тогоо тоног төхөөрөмжийн хамт 1 жилийн хугацаатайгаар үйлчилгээний зориулалтаар ашиглан, түрээсийн төлбөрт сар бүр 8,500,000 төгрөг төлж, 17,000,000 төгрөгийг барьцаа болгон Ө ... банкинд дахь ... тоот дансанд шилжүүлэхээр тохиролцон түрээсийн гэрээ байгуулан ажилласан. Иргэн Б.Ө байгуулсан 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 330 м.кв талбай бүхий паб, караокег түрээслэх гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэсэн хуулийн шаардлага хангаагүй, мөн архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 15-р зүйлийн 15.6-д заасан Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг зөвшөөрлийг бэлэглэх, худалдах, барьцаалах, түрээслэх зэргээр бусдад шилжүүлэх болон энэ хуульд зааснаас бусад тохиолдолд үйл ажиллагаа явуулах байршлыг өөрчлөхийг хориглоно гэснийг зөрчсөнөөс гадна уг тусгай зөвшөөрөл нь "Ө” ХХК-д олгогдсон байсан бөгөөд тус тусгай зөвшөөрлөөр "Ө” ХХК-ний нэрийн өмнөөс иргэн Б.Өн гэдэг хүн бусадтай түрээсийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бусад тооцогдох гэрээ байна гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байгаа тул 56.4,5,6-д заасны дагуу хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаваруудыг арилгуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Хүчин төгөлдөр бус гэрээний гэрээний үр дагаваруудыг шийдвэрлүүлэн 2024 оны 01 дүгээр сараас 2025 оны 6 дугаар сарыг дуустал 18 сарын хугацаанд төлсөн 153,000,000 төгрөг, барьцаа болгож төлсөн 17,000,000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлагын тухайд миний зүгээс 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гэрээ байгуулснаас хойш түрээсийн төлбөрийг цаг тухай бүрд нь төлж байсан бөгөөд сар болгоны түрээсийн төлбөрийг өмнөх сарын мөн өдөр урьдчилан төлдөг учраас дараагийн сард буюу 2025 оны 6 дугаар сард үйл ажиллагаа явуулахын тулд 5 дугаар сарын 24-ний өдөр түрээслүүлэгч Ө дансанд хийсэн байсан боловч 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс хойш тус объектод үйл ажиллагаа явуулаагүй юм. Иймд 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр иргэн Б.Ө байгуулсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, хүчин төгөлдөр бус гэрээний гэрээний үр дагаваруудыг арилган 2024 оны 01 дүгээр сараас 2025 оны 6 дугаар сарыг дуустал 18 сарын хугацаанд төлсөн 153,000,000 төгрөг, барьцаа болгож төлсөн 17,000,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү. Намайг тус пабыг түрээслэн ажиллуулж эхлэх үед буйдангуудын бүрээс халцарч урагдсан, мөн шалны зарим нэг плита хагарч цуурсан байдалтай байсан тул түрээслүүлэгчтэй ярилцан тохиролцоод нийт 14 ш буйдангийн бүрээсийг засварлуулахад 2,160,000 төгрөг, цуурсан плитануудыг солиулахад 928,000 төгрөг зарцуулсан ба энэ мөнгийг Ө ах түрээснээс суутгаад хэрэггүй би тэгж байгаад чамд төлчихнө, төлбөр тооцоог нь хийчих... гэсэн болохоор нь дээрхи зардлуудыг би төлсөн. Гэвч Ө дээрхи засварт зориулсан 3,088,000 төгрөгийг надад өгөөгүй учраас Б.Ө гаргуулж өгнө үү. Түрээслүүлэгч Б.Ө нь ахад нь мөнгөний хэрэгцээ гараад байнаа, ахдаа посын орлогоороо зээл аваад өгөөч, тэгээд эргэн төлөлтийн графикийн дагуу сар болгоны түрээсээ хасаад тооцож байя, тэгэх үү... гэхэд нь би зөвшөөрч 2024 оны 11 дүгээр сарын өдөр ... банкнаас 12,500,000 төгрөгийн зээл аваад дээр нь 3,500,000 төгрөг нэмээд нийт 16,000,000 төгрөгийг Б.Ө өөрийнх нь ...ахруугаа шилжүүлэхдээ зээл гэж битгий бичээрэй, ахынх нь дансанд зээлтэй гэсэн утга байж болохгүй, тиймээс “өрөм ажлын хөлс" гэж бичээрэй... гэж гуйснаар ... банкинд дах тоот дансруу нь тэр өдөртөө шилжүүлсэн юм. Гэтэл уг зээлийн 6,7-р сард төлөх ёстой байсан нийт 2,316,000 төгрөгийг өгөхгүй байгаа ба би зээлийн муу түүхтэй үлдэхгүйн тулд тухайн саруудын зээлийн эргэн төлөлтийг өөрөөсөө төлсөн юм. Харин үлдсэн 8, 9, 10, 11-р саруудын үлдэгдэл болох 4,452,727 төгрөгийг 2025 оны 8 дугаар сарын 11-ний өдөр "буцаалт” гэсэн гүйлгээний утгатайгаар миний ... банкинд дах ... тоот дансруу шилжүүлсэн юм. Иймд Посын орлого барьцаалж авахуулсан зээлийн эргэн төлөлтөд графикийн дагуу төлөөгүй 2 316 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. ...-ийн засаг дарга 2025 он 5 дугаар сарын 12-ны өдөр “Өн цаг” пабын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн захирамж гаргаснаар бид 5 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Гэтэл Ө ах ...та нар тайван байж бай, ахдаа 2,000,000 төгрөг зээлчих, наад асуудлыг чинь зохицуулаад өгье... гээд 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 2,000,000 төгрөг зээлж авсан мөртлөө асуудлыг ч цэгцлээгүйгээр үл барам гэрээгээ цуцалж намайг түрээсийн объектоос хөөж гаргасанд маш их гомдолтой байгаа. Иймд 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр иргэн Ө байгуулсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, хүчин төгөлдөр бус гэрээний гэрээний үр дагаваруудыг шийдвэрлүүлэн 2024 оны 01 дүгээр сараас 2025 оны 6 дугаар сарыг дуустал 18 сарын хугацаанд төлсөн 153,000,000 төгрөг, барьцаа 17,000,000 төгрөг, Түрээсийн эд хөрөнгөд засварын ажил хийсэн зардалд 3,088,000 төгрөг, Посын орлого барьцаалж авахуулсан зээлийн эргэн төлөлтөд төлөөгүй 2,316,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдөр зээлж авсан 2,000,000 төгрөг, нийт 177,404,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан авах тухай нэхэмжлэлийг хүлээн шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

2. Хариуцагч хариу тайлбартаа: “Б.А тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийг хүлээн аваад эс зөвшөөрч дараах тайлбар гаргаж байна. Б.А бид хуульд заасан журмын дагуу харилцан тохиролцож миний өмчлөлийн 330 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэхээр болсон. Уг үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө нь паб, караокены зориулалтаар үйл ажиллагаа явуулахаар тохижилт, тоног төхөөрөмжөөр хангагдсан, тогтвортой үйл ажиллагаа явуулдаг газар байсан. Бид харилцан тохиролцож 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр түрээсийн гэрээ байгуулсан. Уг түрээсийн гэрээний хугацаа нь 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд буюу нэг жилийн хугацаатай, Түрээсийн төлбөрийг нэг сарын 8,500,000 төгрөг байхаар мөн 17,000,000 төгрөгийг барьцаа байршуулахаар тус тус тохиролцсон. Б.А нь үл хөдлөх эд хөрөнгийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр эзэмшилдээ хүлээн аваад 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдөр буцаан хүлээлгэн өгсөн. Түрээсийн төлбөрийг хамгийн сүүлд 2025 оны 5 дугаар сарын 24-ний өдөр төлсөн бөгөөд 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацааны түрээсийн төлбөр төлөөгүй. Нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэг, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1,1.8-д заасны дагуу түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж түрээсийн төлбөр болох 153,000,000 төгрөг, барьцаа 17,000,000 төгрөгийг буцаан шаардсан байна. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд талууд гэрээг чөлөөтэй байгуулах түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй, мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийн тус тус хүлээнэ, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон бол гэж заасан бөгөөд миний зүгээс гэрээ, хэлцлийн дагуу хэвийн үйл ажиллагаа явуулж байсан, явуулах боломжтой үл хөдлөх эд хөрөнгө буюу үйлчилгээний талбайг бүх тоног төхөөрөмж, үйлчилгээ явуулахад ямар нэг саад болох нөхцөл байхгүй байдлаар хүлээлгэн өгсөн. Б.А нь үйлчилгээний талбай хүлээн аваад өөрийн бизнесийг өөрийн хүслээр, өөрийн бизнес төлөвлөгөөний дагуу явуулж үр шимийг нь хүртэж, ашиг хувиа олж авчаад гэрээ дуусгавар болсон, эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн, авсаны дараа буюу гэрээний эрх үүрэг дуусгавар болсны хойно, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал буюу эд хөрөнгийг хүлээн авахад үүссэн төлбөрийг төлөхгүй байх зорилгоор мөн бизнесийн ёс зүй, нийтээр дагаж мөрддөг хэм хэмжээг үл тоож хүний эд хөрөнгийн үнэ төлбөргүй ашиглаж, ашиг хонжоо олох зорилгоор үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

Миний зүгээс түрээсийн гэрээнд заасан 17,000,000 төгрөгийг 2025 оны 8 сарын 12-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөрт суутган тооцсон ба 2,000,000 төгрөгийн тухайд эд зүйлийг хүлээн авахад дутсан болон эвдэрсэн эд зүйлийг нөхөн талсан тохиолдолд өгнө гэдгээ хэлсэн байгаа. Иймд Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж маргажээ.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, түрээсийн гэрээ, Б.А ... банкны дансны хуулга, фото зураг, 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн түрээсийн гэрээ, 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн түрээсийн гэрээ, 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн түрээсийн гэрээ, 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн түрээсийн гэрээ, 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн түрээсийн гэрээ баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

           ҮНДЭСЛЭХ нь:

4. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

5. Нэхэмжлэгч нь түрээсийн гэрээг бүртгүүлээгүй, тусгай зөвшөөрлийг түрээслэх зорилгоор ашигласан тул түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 170,000,000 төгрөг гаргуулах, түрээсийн эд зүйлийг засварласны 3,088,000 төгрөг, зээлийн төлбөрт 4,316,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, барьцаа 17,000,000 төгрөгийг 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх түрээсийн төлбөрт суутгасан ба 2,000,000 төгрөгийг эд зүйлийг эвдрэлгүй бол өгнө гэж маргажээ.

            6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

            Нэхэмжлэгч Б.А болон хариуцагч Б.Ө нар 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 330 м.кв талбай бүхий паб, караоке/заал, гал тогоо, агуулах өрөө, 5 вип өрөө, нийтийн 00, түүнд хамаарах тоног төхөөрөмж, тохижилт, эд хогшил/-г сарын 8,500,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцжээ./хэргийн 7-10/

            Энэхүү гэрээгээр 17,000,000 төгрөгийн барьцаа байршуулсан ба түрээсийн тухайн сарын төлбөрийг сар бүрийн 22-ны өдрийн дотор түрээслүүлэгчийн дансанд урьдчилан төлөхөөр тохиролцсоноос гадна гэрээг 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл байгуулжээ. Зохигч түрээсийн сарын төлбөр 8,500,000 төгрөг болон нэхэмжлэгч түрээсийн төлбөрт 153,000,000 төгрөг төлсөн, 17,000,000 төгрөгийг барьцаалсан талаар маргаагүйгээс гадна Ө ХХК-ийн караоке, паб /архи согтууруулах ундаа зарах/ тусгай зөвшөөрлийг 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн талаар маргаагүй болно.

           660 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Б.Ө бүртгэгдсэн болох нь үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаагаар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч эд хөрөнгөд 3,088,000 төгрөгийн засан сайжруулалт хийсэн, түрээсийн зүйлийг ердийнхөөс илүү элэгдүүлж, хорогдуулсан, зээлийн гэрээ байгуулсан гэснээ, хариуцагч нь тусгай зөвшөөрөл нэхэмжлэгчийн буруугаас шалтгаалан түдгэлзсэн, тусгай зөвшөөрөлгүйгээр нэхэмжлэгч 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүртэл үйл ажиллагаа явуулсан болохыг баримтаар нотлоогүй байна.

7. Зохигч нь 330 м.кв талбай бүхий паб, караоке/заал, гал тогоо, агуулах өрөө, 5 вип өрөө, нийтийн 00, түүнд хамаарах тоног төхөөрөмж, тохижилт, эд хогшил/-г сарын 8,500,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон тул талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.” заасан түрээсийн гэрээ байгуулагджээ.

Энэхүү гэрээ нь бичгээр байгуулагдах хуулийн шаардлага хангасан тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй. Иргэний хуульд үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээг бичгээр байгуулж, эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэхээр заасан хэдий ч үл хөдлөх эд хөрөнгийн зарим хэсгийг буюу 3 давхар барилгын 2 дугаар давхрыг түрээслэх тохиолдолд түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлага тавигдахгүй.

 

            Түүнчлэн Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсэгт “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг зөвшөөрлийг бэлэглэх, худалдах, барьцаалах, түрээслэх зэргээр бусдад шилжүүлэх болон энэ хуульд зааснаас бусад тохиолдолд үйл ажиллагаа явуулах байршлыг өөрчлөхийг хориглоно.” зааснаар өн цаг үйлчилгээний төвийн тусгай зөвшөөрөл нь түрээсийн гэрээний нэмэлт нөхцөл болсон байна.

 

            Мөн Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт ”Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 15.7-д заасан тусгай зөвшөөрлийн тоонд нийцүүлэн аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсэд чөлөөт бүсийн захирагч энэ хуулийн 151 дүгээр зүйлд заасны дагуу олгож, сунгаж, түдгэлзүүлж, сэргээж, хүчингүй болгоно.”, 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл хүссэн хуулийн этгээд тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад, эсхүл чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт чөлөөт бүсийн захирагчид Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1, 5.4 дүгээр зүйлд зааснаас гадна дараах баримт бичгийг цахимаар хүргүүлнэ” тус тус зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуулийн этгээд байх шаардлагатай тул Б.Ө өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг түрээслэхдээ Ө үйлчилгээний төвийн тусгай зөвшөөрлийг ашиглуулсныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл”, 56.1.8-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” тус тус зааснаар түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлгүй тул талуудын хоорон байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр үлджээ.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт “Эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно.” зааснаар зохигчийн байгуулсан 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээг цуцлах талаар талууд санал гаргаагүйгээс гадна 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүртэл нэхэмжлэгч үргэлжлүүлэн ашигласаар байгааг тодорхой бус хугацаагаар сунгагдсан гэж үзнэ.

           

8. Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээх ба түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчлэхийг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.5 дахь хэсгүүдэд заасан.

 

Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 288 дугаар зүйлийн 288.1.1, 289 дүгээр зүйлийн 289.1.2 дахь хэсгүүдэд зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаанд хөлслүүлэгч нь гэрээний үргэлжлэх хугацаанд хөлслөгчид гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан тодорхой эд хөрөнгийг бодит эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, үүний хариуд хөлслөгч нь тухайн эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр тусгай зөвшөөрөл түдгэлзүүлснээс хойш нэхэмжлэгч түрээсийн зүйлийг зориулалтын дагуу ашиглаж байсан байдал тогтоогдсонгүй.

 

Гэрээний 1.2-т “түрээслэгч нь түрээсийн обьектыг үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлд зааснаар гагцхүү зориулалтын дагуу буюу паб бар, караокены зориулалтаар, зохих стандарт, хууль тогтоомжийн шаардлагын дагуу, аливаа зүй бус үйл ажиллагаа, ашиглалтгүйгээр түрээсэлж үйл ажиллагаагаа гэрээний хугацаанд тогтвортой явуулна” зааснаар гэрээний нэмэлт нөхцөл болох тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн тохиолдолд хариуцагчийг буруутгах, түрээсийн гэрээний зүйлийг зориулалтын дагуу ашиглах боломжтой байсан гэж үзэж барьцаа 17,000,000 төгрөгийг түрээсийн төлбөрт тооцох үндэслэлгүй юм.

 

9. Мөн Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.3-т “хөлслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгө болон түүний хийц, зохион байгуулалтыг өөрчлөх буюу засахгүй байх” 289.1.6-т “хөлслөн авсан эд хөрөнгөд доголдол илэрсэн буюу гэнэтийн нөхцөл байдал бий болсноор эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах зайлшгүй арга хэмжээ авах шаардлага гарсан бол энэ тухай хөлслүүлэгчид нэн даруй мэдэгдэх” тус тус зааснаар нэхэмжлэгч Б.А нь түрээслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгөд засвар хийхгүй байх үүрэгтэй бөгөөд зайлшгүй засвар хийх шаардлага гарсан  гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, хариуцагчаас зөвшөөрөл авсан байдал тогтоогдоогүй учир 3,088,000 төгрөгийн засварын зардлыг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.

Иймээс түрээсийн зүйлийн ердийн элэгдэл хорогдлыг түрээслүүлэгч зөвшөөрдөг бол түрээсэлсэн хугацааны засан сайжруулалтаа түрээслэгч өөрөө хариуцах тул нэхэмжлэгч нь түрээсийн зүйлийг түрээслэгч ердийнхөөс илүү хэмжээгээр элэгдүүлсэн, хорогдуулсныг нотлоогүй нөхцөлд 2,000,000 төгрөгийг суутгах үндэслэлгүй юм.

10. Түүнчлэн шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзсэнгүй. Нэхэмжлэгч түрээсийн төлбөрөөс өөр төлбөр хариуцагчид шилжүүлсэн гэдэг тогтоогдоогүй ба үүнийгээ үндэслэл бүхий баримтаар нотолж, нотлох баримт бүрдүүлэх талаар хүсэлт гаргах эрхээ хэрэгжүүлээгүй байна.   

11. Иймээс хариуцагч Б.Ө 19,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.А олгож, үлдэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, 158,404,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,195,920 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 252,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Ө 19,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.А олгож, үлдэх түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, 158,404,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,195,920 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 252,950 төгрөгийн  гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.З