| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Сарантуяа |
| Хэргийн индекс | 192/2025/07631/И |
| Дугаар | 192/ШШ2026/00075 |
| Огноо | 2025-12-24 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 192/ШШ2026/00075
2025 12 24 192/ШШ2026/00075
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Хүннү-2222 хотхон, ... байрны ....тоот хаягт оршин суух, ...ургийн овогт С.Х /РД:.../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-13 хаягт байрлах, хуулийн этгээдийн ...регистртэй **** /цаашид **** ОНӨААТҮГ гэх/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Х , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл:
1.1. С.Х миний бие 2019 оноос **** ОНӨААТҮГ-т мэдээлэл технологийн мэргэжилтнээр ажиллаж, 2024 оны 09 дүгээр сараас тус байгууллагын харьяа Сэлбэ дулааны станцад Техник удирдлагын системийн програмист инженерээр ямар нэгэн сахилгын зөрчил, алдаа дутагдалгүй ажиллаж ирсэн. Гэтэл ээлжийн амралттай байх хугацаанд Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Д.Д нь намайг байгууллагаараа Архангай аймаг руу явах амралт зугаалгад ажлын автомашиныг жолоодож явахыг санал болгосон ба 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гарч тэр өдрөө Өвөрхангай аймагт очосон. Энэ үед ямар нэгэн архи дарс амсаагүй, хариуцлагатайгаар хүргэж өгсөн.
1.2. Маргааш нь би машин бариагүй ба Өвөрхангай аймгийн Орхоны хүрхрээ явах замд ажлын хамт олонтойгоо 2 пиво ууж явахад Д.Д дарга нийт ажилчид руу архи пиво уухгүй бол үхлээ юу гэж загнахад нь би үхлээ гэж хэлсний төлөө намайг маргааш нь ажил дээр очоод хална гэж сүрдүүлсэн. Би Д.Д биед хүрэх, хараалын үг хэлэх, айлгах зүйл огт болоогүй бөгөөд машиндаа орж суусан. Энэ үйл явдал болоод өнгөрсний дараа 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр миний халагдах тушаалыг гаргаж, 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр мэдэгдэж өгсөн.
1.3. Тус тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.3, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.2.3, Хөдөлмөрийн гэрээний 8.3 дугаар зүйлийн 8.3.8 гэсэн ор үндэслэлгүй заалтаар халах тушаал гарсан. Миний бие ажиллах хугацаандаа ямар нэгэн байгууллагын өмч хөрөнгө сүйтгэсэн, зориулалтын бусаар ашигласан, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байх болон сахилгын шийтгэл нэг ч удаа хүлээж байгаагүй болохоо хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
1.4. Би халагдах тушаалаа аваад захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Ингээд Хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх гурван талт хороонд хандах шаардлагагүй гэж үзээд шууд иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн өдөр надад үүрэг даалгавар өгөөд, өөрөө хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан гэж тайлбар дээрээ бичсэн байсан. Гэвч хурлын тэмдэглэл болон үүрэг даалгавар өгсөн гэх баримт дээр миний ямар ч гарын үсэг байхгүй. Ямар нэг бичлэг устгасан гэх баримтад ч гарын үсэг зураагүй. Өмнөх бичлэг нь устсан ч зүйл байхгүй, багтаамж нь дүүрчихсэн хэрэг. Мөн хадгалах хугацаа нь богинохон байсан. Үүнийг шалгалт хийж байхдаа бүгд харсан байх, тэрнээс биш өмнөх мэдээллийг устгасан зүйл байхгүй...гэв.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын үндэслэл:
2.1. **** ОНӨААТҮГ-ын даргын 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн С.Х ын хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Б/164 дугаартай тушаал нь хуульд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй тушаал бөгөөд С.Х нь Сэлбэ дулааны станцын технологи удирдлагын системийн програмист инженерээр ажиллаж байхдаа камерын бичлэг хадгалдаг хард дискийг санаатайгаар устгаж, байгууллагаас орох, гарах хөдөлгөөнийг хянах боломжгүй болгосон нь 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ажлын хэсгийн шалгалтын явцад илэрсэн. Камерын хяналт хийх боломжгүй болсон учир тухайн зөрчлийг яаралтай арилгах хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Өгсөн үүрэг даалгаврыг өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан нь баримтаар нотлогдож байна.
2.2. Тухайн хугацаанд өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах ноцтой зөрчилд тооцож, байгууллагын дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.2.3 дахь заалтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээнд дурдсан ноцтой зөрчил гаргасан гэж үзэн, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож хариуцлага тооцсон нь үндэслэлтэй гэж үзэж байна.
2.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш хуульд заасан хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хэрэв байхгүй бол маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй. Гэтэл С.Х нь ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж шийдвэрлүүлээгүй нь урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй гэж үзэхээр байна.
2.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийг талууд хүлээх бөгөөд нэхэмжлэгч С.Х ын гаргаж өгсөн материал нь хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж заасныг тус тус зөрчсөн байна.
2.5. 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хийсэн хяналт шалгалтын үеэр гарсан зөрчлүүдийг танилцуулаад, тухайн үед нь үүрэг даалгавар өгч байсан. Сэлбэ дулааны станцын даргын танилцуулсан бичигт дурдсанаар С.Х т зөрчлийг мэдэгдсэн гэж байгаа. Мөн С.Х нь 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн хяналт шалгалтын үеэр та байхгүй байсан, миний нэрийг доор нь нэмж бичсэн гэдэг асуудлыг тавьж байсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс асуухад, өөрөө байсан гэдэг нь тэмдэглэлд тусгагдсан гэж хэлдэг. Мөн хариуцагчаа буруу тодорхойлсон байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү...гэв.
3. Нэхэмжлэгч талын гаргасан баримтууд: Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн ... дугаар захирамж /хх-3-4/, С.Х ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-5/, С.Х ын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-6-8/, С.Х ын хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай **** ОНӨААТҮГ-ын даргын тушаал /хх-9/, Хөдөлмөрийн гэрээ /хх-10-12/, Хөдөлмөрийн дотоод журмын хуулбар /хх-13-36/, Хамтын гэрээний хуулбар /хх-37-41/, фото зургууд /хх-61-71/, Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 4615 дугаар захирамжийн хуулбар /хх-101-103/
4. Хариуцагч талын гаргасан баримтууд: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-45/, Сэлбэ дулааны станцын хяналтын камерыг шүүсэн тухай 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн хурлын тэмдэглэлийн хуулбар /хх-56-57/, Дотоод хяналтын ажилтан Н.О Сэлбэ дулааны станцын камерын хяналтын системд үзлэг шалгалт хийсэн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн тэмдэглэлийн хуулбар /хх-58/, Сэлбэ дулааны станцын дарга Ч.Д **** ОНӨААТҮГ-ын дарга Л.Б гаргасан хүсэлтийн хуулбар /хх-59/,
5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс бүрдүүлсэн баримтууд: Нэхэмжлэгч С.Х ын эзэмшлийн гар утас дахь Телеграм чат, фото зургуудад үзлэг хийж тэмдэглэл үйлдсэн. /хх-79-88/
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
1. Нэхэмжлэгч С.Х нь хариуцагч Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны харьяа **** ОНӨААТҮГ-т холбогдуулан, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлийг Хөдөлмөрлөх явцдаа алдаа дутагдал, сахилгын зөрчил гаргаж шийтгүүлж байгаагүй. Гэтэл ажил олгогч үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн, ээлжийн амралттай байх хугацаанд хөдөө орон нутагт хамт олноороо явж байхад дарга Д.Д зөрчилдсөний улмаас ажлаас хална гэж сүрдүүлсний дараа ажлаас халагдсан. Байгууллагын эд хөрөнгийг гэмтээгээгүй, ямар нэг хохирол учруулаагүй байхад ажлаас халсанд гомдолтой байна гэж тодорхойлсон.
2. Хариуцагч тал нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлийг С.Х удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, байгууллагын эд хөрөнгө болох камерын бичлэг хадгалдаг хард дискийг санаатайгаар устгасан нь ажлын хэсгийн шалгалтаар илэрсэн, камерын хяналт хийх боломжгүй болгосон, тухайн зөрчлийг яаралтай арилгах хугацаат үүрэг даалгавар өгснийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан боловч биелүүлээгүй тул хөдөлмөр эрхлэх харилцааг цуцлах ноцтой зөрчилд тооцож ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцсэн. Нэхэмжлэгч шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журам зөрчиж хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх гурван талт хороонд гомдол гаргаж шийдвэрлүүлээгүй, хариуцагчийг буруу тодорхойлсон, гаргаж өгсөн нотлох баримтууд нь хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй гэж тайлбарлан маргаж байна.
3. Хэрэгт цугларсан бичмэл баримтууд, зохигчдын тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч С.Х 2019 оноос эхлэн хариуцагч **** ОНӨААТҮГ-т мэдээлэл технологийн мэргэжилтнээр ажиллаж байгаад 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ шинэчлэн байгуулж, **** ОНӨААТҮГ-ын Сэлбэ дулааны станцын Технологи удирдлагын системийн програмист инженерээр ажиллаж эхэлсэн байна.
3.2. **** ОНӨААТҮГ-ын дарга Л.Б гаргасан 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/164 дугаар тушаалаар С.Х ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.3, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.2.3, Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3.8 дахь заалтыг тус тус үндэслэн Сэлбэ дулааны станцын технологи удирдлагын системийн програмист инженерийн үүрэгт ажлаас 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.
3.3. С.Х ажил олгогчийн дээрх шийдвэрийг хүлээж аваад 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШЗ2025/4615 дугаар захирамжаар түүний нэхэмжлэлийг шүүхийн харьяалал зөрчсөн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, улмаар 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 192/ШЗ2025/... дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй гэх үндэслэл заан татгалзаж, дахин 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаснаар шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн байна.
3.4. Хөдөлмөрийн гэрээ цуцлагдахаас өмнө 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Сэлбэ дулааны станцын удирдах шитэн дэх камерын хяналтын бичлэгт ажлын хэсэг үзлэг шалгалт хийж тэмдэглэл хөтөлсөн байх бөгөөд уг ажиллагаанд Газрын дарга Л.Б , ерөнхий инженер Б.О , захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Д , станцын дарга Ч.Д , станцын ерөнхий инженер О.Э, нягтлан Э.Б, тэмдэглэл хөтөлсөн ажилтан Г.Б нар оролцож гарын үсэг зурсан байна.
Уг үзлэгээр гэнэтийн шалгалт хийж ..камерын шүүлт хангалтгүй, 4 өдрийн бичлэг хадгалж байгаа, үйлдвэрийн байгууламжид хангалтгүй, хамгаалалтын ажилтнуудын рапортын дэвтрийг барьж үзэх шаардлагатай байгаа зэрэг дутагдлыг дурдаж, газрын даргын зүгээс ТЭЗҮ-с эхлэн бүх төрлийн гэрээ хэлцлийг шалгаж хаана, ямар алдаа зөрчил үүссэнийг тодорхойлж, холбогдох хүмүүст арга хэмжээ авах, цаашид төлөвлөгөө хөтөлбөр гаргаж үргэлжлүүлэн шалгалт хийх, нэгдсэн станцын төвтэй болж сервер үүсгэх шаардлагатай чиглэл өгч, станцын даргаас гадна талбайд мэдрэгчтэй камер суурилуулах шаардлагатай гэх санал гаргасан байх бөгөөд тухайн үзлэг, шалгалтаар тодорхой шийдвэр гаргаагүй байна.
3.5. Сэлбэ дулааны станцын дарга Ч.Д 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Газрын дарга Л.Б хүсэлт гаргаж, уг хүсэлтээр С.Х т 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш өгч байсан 4 төрлийн үүрэг даалгаврыг жагсаан бичиж, өгсөн үүрэг даалгаврын биелэлт хангалтгүйгээс хяналтын камерын үйл ажиллагаа доголдолтой болж, удаа дараа өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй учир С.Х т арга хэмжээ авахыг хүсжээ.
3.6. Станцын даргын хүсэлтээс хойш 2025 оны 06 дугаар сарын 16-22-ны өдрүүдэд байгууллагын дотоод хяналтын ажилтан Н.О Сэлбэ дулааны станцын камерын хяналтын системд үзлэг шалгалт хийж, шалгалтаар станцын харуулын байрны камерын хяналтын дэлгэц эвдэрсэн, камерын хяналт дотоод сүлжээгүй байснаас камерын хяналтгүй болж станцын аюулгүй байдалд саад учирсан, 35 камераас 13 камер ажиллаж станцын камерын өрөөний дэлгэц дээр гарч байсан зэрэг дутагдлууд илэрснийг засварлаж, нийт 30 камер ажиллаж, харуулын байрнаас камерын хяналт хийж станцын аюулгүй байдлыг бүрэн хянадаг болсон талаар тэмдэглэл үйлдсэн байна.
3.6. Нэхэмжлэгчийн гар утсанд үзлэг хийхэд 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн станцын хяналтын камеруудын ажиллагаатай холбоотой болон хард дискүүдийн фото зургийг гар утсаар авсан, Сэлбэ дулааны станцын хяналтын камер хүлээн авагч болон дагалдах хэрэгсэл худалдан авах, суурилуулах төсөл, Сэлбэ дулааны станцын хяналтын камерын багтаамж сайжруулалтын тайлан зэргийг ерөнхий инженер О.Эт телеграм аппликейшний чатаар явуулж байсан болох нь тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч С.Х нь 2025.05.15-ны өдрөөс ээлжийн амралттай байсан бөгөөд түүний ээлжийн амралтын хугацаа ажлын 15 хоног байсан, үйлдвэрийн үйл ажиллагаа 06 дугаар сард зогссон байдаг, мөн 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гэнэтийн шалгалт болсон зэрэг үйл баримтын талаар зохигчид маргаагүй.
4.1. Харин нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал хууль зөрчсөн эсэх, нэхэмжлэгч хариуцагчаа буруу тодорхойлсон эсэх, шүүхэд нэхэмжлэл гаргахдаа урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн эсэх, С.Х ыг ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй эсэх талаар өөр өөрийн үндэслэл заан маргаж байна.
5. Шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн эсэх тухайд:
5.1.Хариуцагч талаас нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт заасныг зөрчиж шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж маргасан ба нэхэмжлэгч үүнийг эс зөвшөөрч хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс болон дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах шаардлагагүй гэж үзээд шууд шүүхэд хандсан гэж тайлбарлаж байна.
5.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр маргаан таслах комисст, байхгүй бол дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах эрхтэй. Хуулийн энэ заалт нь ажилтанд шүүхэд хандахаас өмнө урьдчилан шийдвэрлүүлэхээр хандах эрх олгож, шийдвэрлүүлэх хугацааг нарийвчлан заасан зохицуулалт юм.
5.3. Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн эрхийн маргаануудыг шүүх шууд хянан шийдвэрлэх ба 158.2.2-т зааснаар ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлэх боломжтой.
5.4. Нэхэмжлэгч С.Х нь хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзээд шүүхэд нэхэмжлэл гаргасан тухай тайлбарласан учир дээрх үндэслэлээр С.Х ыг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.
5.5. Хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон ажил олгогчийн гаргасан 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн шийдвэрийг С.Х хүлээж аваад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр гаргасныг шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн захирамжаар хүлээн авахаас татгалзаж, дахин Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэл гаргасныг 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авахаас татгалзсан ба шинээр 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр гаргасан нэхэмжлэлд 08 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн.
Нэхэмжлэгч С.Х ын шүүхэд гомдол гаргах хуульд заасан 30 хоногийн хугацаа нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасны дагуу дээрх байдлаар тасалдсан байх тул гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчийг хариуцагчаа буруу тодорхойлж, **** ОНӨААТҮГ-ыг бус, харин Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Д гэж бичсэн гэж маргасан.
6.1. Нэхэмжлэлд хариуцагчийг Нийслэлийн ***харьяа **** ОНӨААТҮГ-ын захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Д гэж бичсэн боловч байгууллагыг хариуцагчаар татсан гэж тодорхойлж тайлбарласан, шүүх тус нэхэмжлэлд байгууллагыг хариуцагчаар татсан ба нэхэмжлэлийг тус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч гардан авч, тушаалтай холбоотой нэхэмжлэлийг эс зөвшөөрч хариу тайлбар гаргаж маргасан. Иймд хариуцагчийг буруу тодорхойлсон гэх хариуцагч талын татгалзал үндэслэлгүй байна.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийн гаргасан баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан эх хувь байх, нотариатаар гэрчлүүлсэн хуулбар байх зэрэг шаардлагыг хангаагүй, байгууллагын хуулбар үнэн тэмдэг дарагдсан учир нотолгооны ач холбогдолгүй гэж тайлбарласан.
7.1. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргах нотлох баримтууд эх хувь, эсвэл нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар байхаах хуулийн дээрх зохицуулалтад заасан. Түүнчлэн Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээдээс хэрэгт гаргах бичмэл нотлох баримтыг байгууллагын архивын "хуулбар үнэн" гэсэн тэмдэг дарж баталгаажуулах талаар мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан байна.
7.2. Хуулийн дээрх заалтуудаар хэргийн оролцогч төрийн болон төрийн бус байгууллагын архивын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан нотлох баримт гаргах, тус баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлж болохгүй талаар хуульчлаагүй. Харин хэргийн оролцогч өөрөө тухайн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулж буй төрийн болон төрийн бус байгууллага бол шүүхэд гаргах нотлох баримтууд нь мөн хуулийн 44.2-т заасан шаардлага хангасан байвал зохино.
7.3. Нэхэмжлэгч С.Х ын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан баримтууд нь хариуцагч байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам, Хамтын гэрээ болон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх баримтуудаас Хөдөлмөрийн дотоод журмыг үндэслэн тайлбар гаргаж, хэрэгт нотлох баримтаар судлуулсан. Түүнчлэн хариуцагч талаас нотлох баримтаар гаргасан Н.О тэмдэглэл, Ч.Д ын хүсэлт зэрэг баримтууд хариуцагч байгууллагын хуулбар үнэн тэмдэг дарагдсан байна.
7.4. Иймд шүүх талуудын гаргасан баримтуудыг аль алийг нь нотлох баримтын шаардлага хангасан гэж үзээд, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосныг дурдах нь зүйтэй.
8. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэрийн үндэслэлүүдийг тодруулахад:
- Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг цуцлах,
- Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгох үндэслэл,
- Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4 Захирал дараах эрх үүрэгтэй: ... 4/ үйлдвэрийн газрын захиргааны бүтцийг тогтоож, албан тушаалтныг томилох, чөлөөлөх, эрх бүхий байгууллагаас тогтоосон цалингийн бүдүүвч сангийн хэмжээнд багтаан цалинг тогтоох,
- Хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.2.3-т Байгууллагын өмч хөрөнгийг санаатай буюу санаатай бусаар эвдэлж сүйтгэсэн, зөвшөөрөлгүй зориулалтын бусаар ашигласан бол Хөдөлмөрийн гэрээнд дурдсан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах,
- Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3.8-д Өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлэхгүй байх тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлах бөгөөд ноцтой зөрчилд тооцох зэрэг заалтыг үндэслэл болгосон байна.
8.1. Ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгчийг ..байгууллагын хяналтын камерын бичлэг хадгалдаг хард дискийг санаатайгаар устгасан, энэ нь байгууллагаас орох, гарах хөдөлгөөнийг хянах боломжгүй болгосон болох нь 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн шалгалтаар илэрсэн, уг зөрчлийг яаралтай арилгах хугацаатай үүрэг даалгавар өгснийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан боловч биелүүлээгүй зэрэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцсэн гэж тайлбарлан, гэнэтийн шалгалтын тэмдэглэл, дотоод хяналтын ажилтны шалгалтын тэмдэглэл, станцын даргын хүсэлт зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан.
8.2. Харин нэхэмжлэгчийн зүгээс ..үүрэгт ажлаа хариуцлагатай биелүүлж байсан, ажиллах хугацаандаа сахилгын зөрчил гаргаж байгаагүй, байгууллагын эд хөрөнгийг санаатай болон болгоомжгүйгээр устгаагүй, удирдлагын зүгээс хугацаатай үүрэг даалгавар өгөөгүй, ээлжийн амралтын үеэр хамт олноор хөдөө аяллаар явах үед Захиргаа удирдлагын хэлтсийн дарга архи пиво уухгүй бол үхлээ юу гэж загнахад үхлээ гэж хэлсний төлөө ажлаас хална гэж сүрдүүлсний дагуу удалгүй ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн гэж тайлбарлан, өөрийн гар утсанд үзлэг хийлгэж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, хамтын гэрээ, өөрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт зэргийг нотлох баримтаар гаргасан байна.
8.3. Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчтэй эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй болох нь зохигч талуудын тайлбараар тогтоогдсон.
8.4. Түүнчлэн, ажил олгогчийн шийдвэрт нэхэмжлэгчийг хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох ямар ноцтой зөрчил гаргасан талаар тусгаагүй бөгөөд шүүхэд хариу тайлбар, татгалзлаа нотлохоор гаргасан баримтуудаар С.Х ыг хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох ноцтой зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй байна.
8.5. Учир нь: хариуцагч тал татгалзлын үндэслэлээ болгож буй 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн хурлын тэмдэглэлд ...камерын шүүлт хангалтгүй, 4 өдрийн бичлэг хадгалж байна, үйлдвэрйин байгууламж байж хангалтгүй байна, гэж дурдан, ...Л.Б : ТЭЗҮ-с эхлээд бүх төрлийн гэрээ хэлэлцээрийг шалга. Хаана ямар алдаа зөрчил үүссэнийг тодохойлъё. Холбогдох хүмүүст арга хэмжээ ав. Өнөөдөр бол анхны гэнэтийн үзлэг хийлээ, цаашид төлөвлөгөө хөтөлбөр гаргаад үргэлжлүүлээд шалгалтаа хийгээрэй. Мэдээж бидний хамгийн гол ажил бол халаалтын улирлаа амжилттай дуусах, Станцын дарга эхнээсээ үйлдвэрлэлийн үйл ажиллагааг сайжруул, хяналт удирдлага чангатга, Ерөнхий инженер зөвлөл хоёр үйлдвэрлэл, эх үүсвэрүүдийн түлшний зарцуулалт, үнсний гарцын хэмжээг тодорхойл... ...Л.Б : камерын ажиллагааг дахин нягтал, баримтжуулалт сайн хийж заншаарай... гэх зэргээр үүрэг даалгавар өгч, нэхэмжлэгч С.Х ыг байгууллагын эд хөрөнгийг санаатайгаар устгасан талаар дурдаагүй, тус хурлаар С.Х т хугацаатай үүрэг даалгавар өгөхөөр шийдвэрлээгүй байна.
8.6. Харин байгууллагын Дотоод хяналтын ажилтан Н.О тэмдэглэлээр 2025 оны 06 дугаар сарын 20-ны байдлаар засвар хийснээр Сэлбэ дулааны станцын нийт 30 камер ажиллаж, харуулын байрнаас камерын хяналт хийж станцын аюулгүй байдлыг бүрэн хянадаг болсон... гэж тэмдэглэн, Зөрчил, дутагдал хэсэгт: камерын дэлгэц эвдэрсэн, камерын хяналт дотоод сүлжээгүй байснаас хяналтгүй болсон, 35-с 13 камер ажиллаж байсныг засаж, сүлжээний тохиргоо хийсэн... гэжээ.
Дээрх баримтуудыг харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгч С.Х байгууллагын эд хөрөнгийг санаатай устгасан, удирдлагаас өгсөн хугацаатай үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэх хариуцагчийн тайлбар үгүйсгэгдэж байна.
8.7. Станцын дарга Ч.Д ын гаргасан хүсэлтэд бичигдсэн С.Х тай холбоотой зөрчлүүдийг хэрэгт авагдсан өөр баримтуудаар нотлох боломжгүй, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр үйлдэгдсэн уг баримтын хуулбарыг 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хуулбарласныг хариуцагч тал хэрэгт нотлох баримтаар гаргасан байгаа нь хожим үйлдсэн байх магадлалтай, нэг талын баримт байх бөгөөд тухайн хүсэлтэд дурдагдсан алдаа зөрчлүүдийг С.Х гаргасан болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
9. Ажилтан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох ноцтой зөрчил гаргасан болох нь баримтаар тогтоогдоогүй, зөрчил гаргасан гэх хугацаанд шууд удирдлага болох Ерөнхий инженерт гүйцэтгэж буй ажлаа тайлагнаж байсан болох нь тэдний харилцсан чатаар тогтоогдсон, хариуцагч уг баримтыг нотлох баримтаар няцаагаагүй байх тул хариуцагч **** ОНӨААТҮГ нь нэхэмжлэгч С.Х ыг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэж дүгнэн, түүний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, С.Х ыг эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
10. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасны дагуу С.Х ын ажилгүй байсан хугацаа болох 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх 125 өдрийн цалинтай тэнцэх олговорт 12,295,659 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
10.1. Цалинтай тэнцэх хэмжээний олговрыг тооцоолохдоо Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу нэхэмжлэгчийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор сүүлийн 3 сарын хугацаанд олгогдсон цалингийн нийлбэрээс нэг сард олгогдох дундаж цалин 1,934,517 төгрөг, нэг хоногийн 98,365.27 төгрөгөөр тооцож гаргасан болно.
11. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт зааснаар ажил олгогч нь ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэг хүлээх тул С.Х ын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагч **** ОНӨААТҮГ-т даалгах нь зүйтэй.
12. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч **** ОНӨААТҮГ-аас ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлд тооцогдох улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, цалинтай тэнцэх олговорт тооцогдох улсын тэмдэгтийн хураамж 211,681 төгрөг, нийт 281,881 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Х ыг хариуцагч Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны харьяа **** ОНӨААТҮГ-ын Сэлбэ дулааны станцын технологи удирдлагын системийн программистын ажилд эгүүлэн тогтоож, С.Х ын ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 12,295,659 төгрөгийг хариуцагч **** ОНӨААТҮГ-аас гаргуулан нэхэмжлэгч С.Х т олгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч **** ОНӨААТҮГ-аас 281,881 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА