Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2026/ДШМ/101

 

2026           01            21                                                                               2026/ДШМ/101

 

Б.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Бамбадорж,

шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Г.Төгөлдөр, Д.Батсүх,

нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/2515 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-ий өмгөөлөгч Г.Төгөлдөрийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Б-д холбогдох 2406 05916 2116 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.   

Б- овгийн Б-ын Б-, ......., ял шийтгэлгүй, /РД: Б-/;                        

Шүүгдэгч Б.Б- нь 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б- УЕЕ улсын дугаартай “Lexus JS-300” загварын тээврийн хэрэгслээ хохирогч М.М-д “М- УБГ улсын дугаартай “Nissan X-trail” загварын тээврийн хэрэгсэл болон 10.000.000 төгрөгөөр харилцан солилцоно” гэж итгүүлэн хохирогчийн автомашин болон мөнгийг нь урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг ашиглан, хууран мэхэлж авч, 28.926.250 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Б-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, бусдын өмчлөгчийн эд хөрөнгийг авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Б- нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарлаж, шүүгдэгч Б.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч Б.Б-ий өмгөөлөгч Г.Төгөлдөр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэг: Миний үйлчлүүлэгчийг буруутгаж байгаа үндэслэл болон хэрэгт цугларсан зарим нотлох баримтын талаар:

1.1. Шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болгосон нотлох баримтын талаар. Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцох үндэслэл болгосон нотлох баримтуудаас хохирогч М.М-, гэрч Г.О- нарын мэдүүлгийг үндэслэж Б.Б- нь М.М-ыг залилсан гэж дүгнэсэн. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар М.М-, Б.Б-, Ө.Б- нарын хооронд “...2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Б.Б-, О.Б- нарын гэр бүлийн дундын эд хөрөнгө болох Б- УЕЕ улсын дугаартай “Lexus JS-300” маркийн тээврийн хэрэгслийг, М.М-ын өмчлөлийн М- УБГ улсын дугаартай “Nissan X-trail” маркийн тээврийн хэрэгслээр арилжих гэрээ байгуулагдаж, арилжааны зүйлийн зөрүүд М.М- нь 10.000.000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна. Тэдний хооронд үүссэн энэхүү харилцаа нь Иргэний хуульд заасан арилжааны гэрээнд хамаарах иргэний эрх зүйн харилцаа юм. Тус гэрээний дагуу М.М- нь Б- УЕЕ улсын дугаартай “Lexus JS-300” маркийн тээврийн хэрэгслийг гэрээ байгуулсан өдрөө өөрийн эзэмшилд шилжүүлэн авч 2024 оны 5 сарын 19-ний өдөр хүртэл хугацаанд эзэмшиж, ашиглаж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Тээврийн хэрэгсэл нь гэрчилгээгүйгээр замын хөдөлгөөнд оролцох боломжгүй байдаг бөгөөд машиныг хүлээлгэн өгөх үед тээврийн хэрэгслийн гэрчилгээг мөн хүлээлгэн өгсөн. Хохирогч болон зарим гэрчийн мэдүүлгээр миний үйлчлүүлэгч Б.Б-ыг ББСБ-ын барьцаанд байгааг нуусан хожим олж мэдсэн гэх агуулга бүхий тайлбар, мэдүүлэгт хэт автаж хэргийг шийдвэрлэсэн. Дээр дурдсан үйл баримтаар М.М- нь Б- УЕЕ улсын дугаартай “Lexus JS-300” маркийн машиныг эзэмшилдээ авах үедээ “Б-” ББСБ-ын байгууллагын нэр дээр бүртгэлтэй байсан болохыг мэдэж байсан, мэдэх боломжтой байсан болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр нотлогдож байгаа. Б.Б-ий нөхөр Ө.Б- нь дээрх “Lexus JS-300” маркийн тээврийн хэрэгслийн банк бус санхүүгийн байгууллагын зээлийн эргэн төлөлтийг 2023 оны 12 дугаар хүртэл хугацаанд төлж байсан. Энэ хугацаанд М.М-, Ө.Батчимэг нар Б.Б-, Ө.Б- нарт холбогдуулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэж гомдол мэдээлэл гаргасан эсхүл “Lexus JS-300” маркийн тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлэхийг шаардсан ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Гэвч Ө.Б- нь 2023 оны 12 дугаар сараас хойш архи согтууруулах ундааны зүйл тогтмол хэрэглэж улмаар ажил хөдөлмөр огт эрхлэхгүй орлого олохоо больсон төдийгүй архины хамаарлаас болж гэр бүлээсээ тусдаа амьдарч Б.Б- нь 11, 5, 4 настай гурван хүүхдийн хамт өрх толгойлсон эмэгтэй болж хоцорсон. Энэ нөхцөл байдлын улмаас Ө.Б-, М.М- нарт арилжааны зөрүүнд өгсөн Лексус маркын тээврийн хэрэгслийн зээлийн төлөлтийг төлөх боломжгүй болсон. Анхан шатны шүүх хохирогч, гэрчийн мэдүүлгүүд нь зөрүүтэй, эргэлзээтэй болж өнгөрсөн үйл явдлын бодит байдал болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар үгүйсгэсэн гэж үзэх дараах үндэслэлүүд байна.

1.2. М.М-ын 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн мэдүүлэгтээ “... “Lexus JS-300” маркийн тээврийн хэрэгсэл худалдаж авахаар 45.000.000 төгрөгөөр тохирсон... ” мөн “...би банк бусын машин гэдгийг нь мэдээгүй. Дараа нь бичиг баримтаа үзтэл банк бусын машин байхаар нь Б- рүү залгаад асуухад удахгүй 7 хоногийн дараа шилжүүлж өгнө... “ гэж мэдүүлдэг. Ө.Б-ийн 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн мэдүүлэгт “...би машинаа Б-ий нэр дээр шилжүүлээд... хэзээ миний нэр дээр шилжүүлэх вэ гэтэл удахгүй 7 хоногийн дараа шилжүүлнэ гэж хэлж байсан тухайн өдрөөсөө хойш нэрээ шилжүүлж өгөөгүй... ” гэх мэдүүлэг. Б.Б- рүү М.М- машины төлбөрийн зөрүүнд 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 16 цаг 07 минутад 10.000.000 төгрөг шилжүүлсэн. М.М- мөнгө шилжүүлсэн өдрийнхөө орой нь Б-, Б.Б- нарын гэрээс ирж “Lexus JS-300” маркийн тээврийн хэрэгслийг авч явсан харин маргааш нь буюу 2025 оны 08 дугаар 19-ний өдөр “Nissan X-trail” маркийн тээврийн хэрэгслийг Б.Б- тэдний гэрээс очиж авч 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Б.Б- “Nissan X-trail” маркийн тээврийн хэрэгслийг Да хүрээ зах дээр Б.Б-ээс нэр лүүгээ шилжүүлсэн. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд Б.Б- “Lexus JS-300” маркийн тээврийн хэрэгслийг банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байсныг нууж өгсөн гэж хохирогч, гэрчийн мэдүүлээд байгаа нөхцөл байдал үгүйсгэгдэж байна. Өөрөөр хэлбэл, М.М-, Ө.Б- нар нь “Nissan X-trail” маркийн тээврийн хэрэгслийг Да хүрээ зах дээр Б.Б-ий нэр дээр шилжүүлж өгөх үедээ түүнээс арилжааны зөрүүнд авсан Лексус маркийн тээврийн хэрэгслийг банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байсныг мэдэж байсан нь тодорхой байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ....яллагдагч...-ийн гэм буруутай эсэхэд, ....эргэлзээ гарвал түүнийг.... яллагдагч, ...-д ашигтайгаар шийдвэрлэнэ” гэх үндэслэлд хамаарч байхад тэдгээр хохирогч, гэрчийн мэдүүлгийг шийтгэх тогтоолын үндэслэл болгосон нь мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт заасантай нийцээгүй байна. Дээр дурдсан үндэслэлтэй холбоотой асуудлыг миний бие анхан шатны шүүх хуралдаан дээр гаргасан дүгнэлтдээ маш тодорхой дурдаж, дүгнэлтээ бичгээр гарган өгсөн атал анхан шатны шүүх өмгөөлөгч миний гаргасан дүгнэлттэй холбоотой ямар няцаан үгүйсгэсэн үндэслэлийг огт дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3 дахь заалтыг зөрчсөн.

Хоёр: Миний үйлчлүүлэгчийг буруутгаж байгаа хууль зүйн үндэслэлийн талаар Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэгт буруутгаж байгаа ба энэ гэмт хэргийн үндсэн шинжийг “Хуурч, ... эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, ... бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж...” гэж хуульчилсан. Бодит байдал дээр Ө.Б-, Б.Б- болон Ө.Б-, М.М- нарын хооронд харилцан санал бодол, хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн тохиролцож, арилжааны гэрээ байгуулагдсан. Улмаар гэрээний үүргийн биелэлтийн талаар талуудын хооронд маргаан үүссэн байх бөгөөд энэ талаар М.М- нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. ... Тухайн гэмт хэрэгт гэм буруугийн санаатай хэлбэрийг тогтоохдоо субьект өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулыг ухамсарласан байдал болон түүнийг хүсэж үйлдсэн байдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-д заасан шаардлагын дагуу нотолсон байх шаардлагатай. Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт нийгэмд аюултай тодорхой үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж, Эрүүгийн хуульд заасан обьектив болон субьектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийг шийдвэрлэхдээ гэм буруугийн сэдэл, санаа зорилго, түүнийгээ хэрэгжүүлсэн арга хэрэгсэл, гэм буруутай хүн болон хохирогчийн хувийн байдал, тэдгээрийн хоорондын харилцааны түүх зэрэг нөхцөл байдлуудад зөв дүгнэлт хийж, яллах болон цагаатгах нотлох баримтыг нэгэн адил цуглуулан, хэргийг бүх талаас нь шалгаж бүрэн бодитой тогтоох шаардлагатай.

              Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бүхий л нотлох баримтуудаар улсын яллагч нь Б.Б-ийг хохирогч М.М-ыг залилсан гэх үйл баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зарчмын дагуу тогтоогдоогүй байхад Б.Б-ийг “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна.

              Гурав: Дээр дурдсан тайлбар, үндэслэлүүд болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалт, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтыг тус тус үндэслэн Б.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Б-ий өмгөөлөгч Д.Батсүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурор яллахдаа “Б- нь хохирогчийг хуурч мэхлэх замаар Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн үндсэн шинжүүдийг агуулсан үйлдэл хийсэн” гэж буруутгасныг шүүх гэм буруутайд тооцсон. Ингэхдээ хохирогч М-, гэрч Б- нарын мэдүүлгийг л үндэслэл болгосон байна. Гэтэл эдгээр хүмүүс “автомашин банк бус санхүүгийн байгууллагад барьцаатай байсныг мэдээгүй” гэж мэдүүлж байгаа боловч тэд мэдэх бүрэн боломжтой байсан нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдоно. ... Машиныг хөдөлгөөнд орохоос өмнө хамгийн түрүүнд гэрчилгээг үзэх нь бодит амьдрал дээрх хэвийн үйлдэл юм. ... Нөхрийн дүү, нөхөртэй хамаарал бүхий ах дүүсийн хооронд тээврийн хэрэгслийг харилцан солилцох арилжааны гэрээ байгуулагдсан гэж үзэж байна. ... Өөрөөр хэлбэл, Иргэний хуульд заасан иргэний эрх зүйн харилцааны хүрээнд гэрээ байгуулагдсан. Банк бус санхүүгийн байгууллагын зээлийг төлж дуусгавал тээврийн хэрэгслийг шилжүүлэх боломжтой байсан. Б.Б-ий хувьд анхнаасаа эд хөрөнгийг шилжүүлэхгүй, төлбөр төлөхгүй гэсэн субьектив санаа зорилго байгаагүй нь харагддаг тул түүний үйлдэлд хууран мэхэлсэн гэх залилах гэмт хэргийн шинж үгүйсгэгдэж байна. ... Улсын Дээд шүүхийн 2006 оны 21 дүгээр тогтоолд “бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийг иргэний эрх зүйн гэрээний харилцаанаас үүссэн маргаанаас ялгаж шийдвэрлэх”-ийг тайлбарласан байдаг. Уг тогтоолд гэмт этгээд нь анхнаасаа эд хөрөнгийг буцааж өгөхгүй, хариу төлбөр хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байсан эсэх нь чухал гэж заасан. Б-, түүний нөхөр Б- нар нь гэрээ байгуулснаас хойш дөрвөн сарын хугацаанд банк бусын зээлийн төлөлтийг хэвийн төлж байсан нь залилан мэхлэх санаа зорилго байгаагүйг нотолж байна. Мөн Улсын Дээд шүүхийн 51 дүгээр тогтоолын 8-д талуудаас үл шалтгаалах, урьдчилан тооцоолох боломжгүй нөхцөл байдлын улмаас гэрээний үүрэг биелэгдээгүй бол залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй гэж тайлбарласан. Б-ын архинд донтох өвчин сэдэрч, төлбөр төлөх боломжгүй болсон нөхцөл байдал нь урьдчилан таамаглах боломжгүй байсан бөгөөд үүний улмаас гэрээний үүрэг биелэгдэх боломжгүй болсон нь хэрэгт авагдсан баримтаар харагдаж байна. ... Гэм буруугийн санаа зорилго, хэрэгжүүлсэн арга хэрэгсэл, Б.Б- болон хохирогч нарын хоорондын харилцааны түүх, төрөл садны холбоо зэрэг нөхцөл байдлыг нухацтай үнэлэх ёстой. Б.Б- нь 35 настай, олон улсын харилцааны мэргэжилтэй, цаашид ажил хөдөлмөр эрхлэх, төрийн болон бусад байгууллагад ажиллах боломжтой хүн. Гэтэл гэмт хэрэгт холбогдсон гэх энэ шийдвэр нь түүний эрх зүйн байдлыг ноцтой дордуулах нөхцөл байдал үүсгэж байна. Мөн Б.Б- нь 4-11 насны гурван хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй бөгөөд нөхрийнх нь өвчний байдал сайжраагүй, улмаар гэрлэлт нь цуцлагдсан хүнд нөхцөл байдалтай амьдарч байна. Иймд дээр дурдсан бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсанаар хэргийг шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би анхнаасаа залилах зорилгоор ийм үйлдэл хийгээгүй. Б-, М- нар бол манай нөхрийн төрсөн дүү нар. Манай нөхөр тухайн үедээ ажил хөдөлмөрөө хийж, банк бусын зээлийг цаг тухайд нь төлөөд явж байсан. Харин дараа нь архинд донтох эмгэг нь сэдэрч, улмаар зээлийн төлбөрөө төлөх боломжгүй болсон. Үүнээс болоод асуудал хүндрээд эхэлсэн. Би энэ бүхнийг залилах зорилгоор хийгээгүй. Анхнаасаа ах дүүс хоорондоо ярилцаад, дүүгийнхээ машиныг сайжруулж өгье, оронд нь машиныг нь солих гэсэн зорилгоор л энэ гэрээ хийгдсэн. Өөрөөр хэлбэл, ах дүүсийн хоорондын ойлголцол, харилцан тохиролцооны үндсэн дээр, машиныг сайжруулах зорилгоор хийсэн харилцаа байсан. Түүнээс биш залилах зорилготой, хуурч мэхлэх ямар нэгэн санаа зорилго надад огт байгаагүй. ...” гэв.

Прокурор М.Бамбадорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Б.Б-ий үйлдэл нь анхнаасаа урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар хийгдсэн гэж үзэж байна. Тэрээр өөрийн гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хохирогч М-д өөрийн “Lexus JS-300” маркийн автомашиныг өгч, дээрээс нь хохирогчийн “Nissan X-trail” маркийн автомашин болон 10 сая төгрөг авахаар харилцан тохиролцсон. Ингэж харилцан тохиролцох явцдаа өөрийн автомашиныг “Б-” банк бус санхүүгийн байгууллагад хэдэн төгрөгийн, ямар барьцаанд тавьсан талаарх бодит байдлыг нууж, залилан мэхлэх аргаар тухайн автомашиныг өөрийн өмчид шилжүүлэн авсан. Үүний дараа уг автомашиныг маргааш нь зарж борлуулан, орлогыг өөрийн дансаар авсан, мөн 10 сая төгрөгийг өөрийн дансаар хүлээн авсан байна. Үүний улмаас хохирогч бодит байдлыг мэдээгүйн улмаас төөрөгдөлд орж, “Б-” банк бус санхүүгийн байгууллагаас тухайн автомашиныг хураан авсан. Ингэснээр хохирогчид нийт 28 сая төгрөгийн хохирол учирсан. Энэ нөхцөл байдал нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч болон гэрч О-ын мэдүүлэг, хохирогч М-ын Хаан банк дахь дансны лавлагаа зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Иймд шүүхээс Б.Б-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг залилан мэхэлж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглан нийт 28 сая төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн” гэж дүгнэж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Өмгөөлөгчийн хүсэлтийг хангаагүй, хариу тайлбар бичээгүй гэх асуудлын тухайд шүүхийн шийтгэх тогтоолд тодорхой дурдсан. ... Мөн өмгөөлөгчийн зүгээс “хэргийн бодит байдалтай нийцэхгүй” гэж маргаж, Улсын Дээд шүүхийн тайлбаруудыг дурдсан байна. Б.Б- нь хамаатан садны харилцааны явцад үүссэн итгэлийг урвуулан ашиглаж, банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьсан автомашины талаарх бодит нөхцөл байдлыг нууж, уг автомашиныг зарж борлуулсан. Мөн банк бус санхүүгийн байгууллага автомашиныг хураан авсны дараа уг автомашиныг Тэмүүжин гэдэг хүнд худалдсан, хохирогчид ямар нэгэн хариу төлбөр олгоогүй зэрэг нь бодит байдлыг нуун, бусдыг төөрөгдүүлсэн үйлдэл болохыг харуулж байна. ... Иймд өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Б.Б- нь 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б- УЕЕ улсын дугаартай “Lexus JS-300” загварын тээврийн хэрэгслээ хохирогч М.М-д М- УБГ улсын дугаартай “Nissan X-trail” загварын тээврийн хэрэгсэл болон 10.000.000 төгрөгөөр харилцан солилцоно” гэж итгүүлэн хохирогчийн автомашин болон мөнгийг нь урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг ашиглан, хууран мэхэлж авч, 28.926.250 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч М.М-ын “... Би 2023 оны 08 сард Б- овогтой Б- гэх хүнтэй “Lexus JS-300” маркийн тээврийн хэрэгсэл худалдаж авахаар 45.000.000 төгрөгөөр тохироод өөрийнхөө унаж яваа “Nissan X-trail” маркийн машинаа өгөөд дээр нь 10.000.000 төгрөг өгөөд ав гээд тохиролцсон. Тэгээд өөрийн данснаас Б.Б-ий Б- данс руу 10.000.000 төгрөг шилжүүлсэн дээр нь нэмээд эхнэрийн нэр дээр байдаг “Nissan X-trail” маркийн машинаа өгөөд “Lexus JS-300” маркийн машинаа аваад явсан. Хэд хоногийн Б- “машиныхаа нэрийг шилжүүлж авъя” гээд эхнэрийн нэр дээр байдаг “Nissan X-trail” маркийн машинаа Б-ий нэр дээр Да хүрээ зах дээр авто тээврийн газар шилжүүлж өгсөн. Б-ээс авсан “Lexus JS-300” маркийн машины нэрийг шилжүүлж аваагүй “удахгүй шилжүүлж өгнө” гээд яваад байсан. Тэгээд 2024 оны 05 дугаар сарын 19-ний өдөр “Б-” нэртэй банк бус санхүүгийн байгууллагаас намайг хөдөө явсан хойгуур ирээд грашаас аваад явсан байсан. ...” /хх 19-20/,

гэрч Ө.Б-ийн “...тухайн өдөр намайг яаруулаад миний машин болох “Nissan X-trail” загварын тээврийн хэрэгслийн нэрийг өөр дээрээ шилжүүлээд аваад явсан... Би машинаа Б.Б-ий нэр дээр шилжүүлээд “Lexus JS-300” загварын тээврийн хэрэгслийг аваад “хэзээ миний нэр дээр шилжүүлэх вэ” гэтэл удахгүй 7 хоногийн дараа шилжүүлнэ гэж хэлж байсан тухайн өдрөөс хойш нэрээ шилжүүлж өгөөгүй... ” /хх 138/

гэрч Г.О-ын “... Манай зээлдэгч Б.Б-, хамтран зээлдэгч Г.С- нар 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Б- УЕЕ улсын дугаартай ЖС-300 маркийн машиныг зах зээлийн үнэлгээ 52.000.000 төгрөг байхад урьдчилгаа 10.400.000 өгөөд 41.600.000 төгрөгийн зээлийг сарын 3.2%-н хүүтэй 36 сарын хугацаатай авсан. Зээл авснаас хойш удаа дараа хугацаа хэтэрсний улмаас 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тэгээд нэхэмжлэл гаргачихсан шүүх хурал хойшлогдоод явж байтал Б.Б-тэй холбоотой байх үед тээврийн хэрэгслийг Б.Б- нь манай нөхрийн ах аваад явсан зарсан гэж хэлж байсан. Тэгээд зээлийн хугацаа төлөгдөхгүй байгаа болохоор барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж Б.Б-д хэлж байсан. Б.Б- нь “нөхөртэйгөө холбоогүй байгаа, та нар машинаа олж аваад хурааж ав” гэх зүйл ярьсан. 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр манай байгууллага тухайн машиныг модны 2 дунд замын хойд талд байрлах орон сууцны хорооллын гражид байхад нь хурааж авсан. 2 хоногийн дараа М- гэх эрэгтэй ирээд машины түлхүүрийг өгөөд автомашин дотор байсан эд зүйлээ аваад явсан. ... Б.Б- үүргийн гүйцэтгэлийг биелүүлэхгүйгээр дур мэдэж бусдад дамжуулсан байсан. 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 33.719.530 төгрөгөөр тухайн машиныг Б.Б- нь худалдахаар болсон гээд итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-гийн хамт ирээд дээрх зээлийн үлдэгдлийг манай данс руу хийгээд тухайн тээврийн хэрэгслийг Н.Т- гэх иргэний нэр лүү шилжүүлээд манай байгууллагатай хийсэн гэрээ дуусгавар болоод, манай байгууллагаас шүүхэд гаргасан байсан нэхэмжлэлээсээ татгалзсан...” /хх 92-93/ гэсэн мэдүүлгүүд,

хохирогч М.М-ын ХААН банкны Т- тоот данснаас 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Б.Б-ий Б- тоот данс руу 10.000.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга /хх 21/, “Дамно үнэлгээ” ХХК-ийн “Nissan X-trail” маркийн тээврийн хэрэгслийг 18.926.250 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хх 106-110/, “Б-” ББСБ-ын зээлийн гэрээ, зээлийн гэрээний үүргийг хангуулсан тухай баримтын хуулбарууд /хх 24-43/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-ийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, бусдын өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байх ба түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Харин шүүгдэгч Б.Б-д холбогдуулан прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн байтал анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамласан  мэтээр техникийн шинжтэй алдаа гаргасныг мөн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн атлаа тогтоох хэсэгтээ энэ талаар дурдаагүй орхигдуулсныг тус тус зөвтгөв.

Шүүгдэгч Б.Б-ий өмгөөлөгч Г.Төгөлдөрөөс “...Б.Б-, О.Б- нарын гэр бүлийн дундын эд хөрөнгө болох “Lexus JS-300” маркийн тээврийн хэрэгслийг, М.М-ын өмчлөлийн “Nissan X-trail” маркийн тээврийн хэрэгслээр арилжих гэрээ байгуулагдаж, арилжааны зүйлийн зөрүүд М.М- нь 10.000.000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон, тэдний хооронд үүссэн энэхүү харилцаа нь Иргэний хуульд заасан арилжааны гэрээнд хамаарах иргэний эрх зүйн харилцаа байна. Тээврийн хэрэгсэл нь гэрчилгээгүйгээр замын хөдөлгөөнд оролцох боломжгүй, тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгөх үед гэрчилгээг хүлээлгэн өгсөн. Б.Б- нь машиныг ББСБ-ын барьцаанд байгааг нуусан, хожим олж мэдсэн гэх агуулга бүхий хохирогч, зарим гэрчийн тайлбар, мэдүүлэгт хэт автаж хэргийг шийдвэрлэсэн, Б.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй. 

Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авч, бусдын эд хөрөнгийг буцаан төлөх болон хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа иргэний эрх зүйн харилцаанаас ялгагддаг.

Шүүгдэгч Б.Б- нь “Lexus JS-300” загварын тээврийн хэрэгслийг “Б-” ББСБ-ын нэр дээр байгааг мэдсээр байж хохирогч М.М-той садан төрлийн холбоотой буюу урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “Nissan X-trail” загварын тээврийн хэрэгсэл болон 10.000.000 төгрөгөөр харилцан солилцоно гэж итгүүлэн, хохирогчийн эхнэр Ө.Б-ийн нэр дээрх “Nissan X-trail” загварын тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч улмаар 17.000.000 төгрөгөөр худалдан борлуулсан ба уг борлуулалтаас “Lexus JS-300” загварын тээврийн хэрэгслийг “Б-” ББСБ-ын өр төлбөрөөс хасуулах, чөлөөлүүлэх үйлдэл огт хийгээгүй, цаашлаад өөрийн “Lexus JS-300” загварын тээврийн хэрэгслийг М.М-той тохиролцсон ёсоор түүний нэр дээр шилжүүлэн өгөлгүй “Б-” ББСБ-ын үлдэгдэл төлбөр болох 33.719.530 төгрөгт уг тээврийн хэрэгслээ Н.Т- гэх хүнд худалдан борлуулсан бөгөөд  түүний уг үйлдлийг бусдын эд хөрөнгийг буцаан төлөх болон хариу төлбөр хийгүйгээр өөрийн болгож байгаа залилах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан гэж үзэхээр байна.

Дээрх хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан хохирогч М.М-ын “... Б- машиныхаа нэрийг шилжүүлж авъя гээд эхнэрийн нэр дээр байдаг “Nissan X-trail” машинаа Б.Б-ий нэр дээр Да хүрээ зах дээр авто тээврийн газарт очиж шилжүүлж өгсөн. ... Дараа нь бичиг баримтаа үзтэл банк бусын машин байхаар нь Б- рүү залгаад асуухад удахгүй 7 хоногийн дараа шилжүүлж өгнө, хэдхэн сая төгрөгийн өртэй байгаа гэж хэлсэн...” /хх 20/ гэсэн, гэрч Ө.Б-ийн “... Би машинаа Б.Б-ий нэр дээр шилжүүлээд “Lexus JS-300” загварын тээврийн хэрэгслийг аваад “хэзээ миний нэр дээр шилжүүлэх вэ” гэтэл удахгүй 7 хоногийн дараа шилжүүлнэ гэж хэлж байсан тухайн өдрөөс хойш нэрээ шилжүүлж өгөөгүй... ” /хх 138/ гэсэн мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон бичгийн бусад нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон ба хэргийн уг үйл явцыг иргэний эрх зүйн харилцааны шинжтэй үйлдэл гэж үзэх хууль зүйн боломжгүй байна.  

Түүнчлэн, Б.Б- нь хохирогч М.М-оос машины зөрүүнд авсан 10.000.000 төгрөг болон “Nissan X trail” машиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан өдрөө худалдан борлуулсан 17.000.000 төгрөгийг тус банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байгаа “Lexus JS-300” машины төлбөрийг огт хийлгүйгээр өөрийн өр төлбөр болон хувийн хэрэгцээнд зарцуулсан байдал нь хохирогчид тухайн тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгөх зорилго агуулаагүй болохыг нотолно.

Иймд энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байх тул шүүгдэгч Б.Б-ий өмгөөлөгч Г.Төгөлдөрийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/2515 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...” гэснийг “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...” гэж,

тогтоох хэсгийн 5 дахь заалтын “Шүүгдэгч Б.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, ...” гэснийг “Шүүгдэгч Б.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй ...” гэж тус тус өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-ий өмгөөлөгч Г.Төгөлдөрийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                                             П.ГАНДОЛГОР

 

 

            ШҮҮГЧ                                                                             Н.БАТСАЙХАН

   

 

                        ШҮҮГЧ                                                               М.АЛДАР