Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 562

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,

улсын яллагч Н.Энхболд,

шүүгдэгч Ж.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ______ овогт Ж-н М-д холбогдох _________ дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___

 

Шүүгдэгч Ж.М нь 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд түр оршин суух гэртээ өөрийн найз охин А.Зыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.М мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ж.Мгийн өгсөн:

            “...Шинжээчийн 6588 дугаартай дүгнэлт дээрхи гэмтлүүдийг 2018 оны 5 дугаар сарын 11-ний орой би А.Зыг цохиж учруулсан. Ийм зүйл хийсэндээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-н 30/,

 

            Мөрдөн байцаалтад хохирогч А.Зын өгсөн:

            “...Би 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Өргөө кино театрын ар талд түрээсийн байранд найз залуу Мтэй хамт байхад маргалдаад тэр намайг орой 21 цагийн орчим зодсон. Миний зүүн талын нүд хөхөрсөн бөгөөд өмнө нь гэмтсэн байсан хамар дахин гэмтэж хавдсан. Мөн гар хөлийн зарим хэсгээр хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-н 7-8/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн ____ тоот: 

1. А.З-н биед зүүн нүдний зовхи, шанаа, зүүн бугалга, гуянд цус хуралт, зүн шилбэнд зулгаралт, цус хуралт, баруун сарвууны 4-р хурууны хумсан доорх цусан хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалт тогтонгид нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 9/,

 

- Хохирогч А.Зын хүсэлт /хх-н 36/

 

Шүүгдэгч Ж.Мгийн хувийн байдалтай холбоотой:

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 33/,

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 34/ ,

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 25/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

        

          Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

          Улсын яллагчийн зүгээс яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт “... хохирогч А.Згэж бичсэнийг хохирогч А.З...” болгон зөвтгөн өөрчлүүлэх  санал гаргасан ба хохирогчийн нэрийг буруу бичсэн байх тул А.З гэж зөвтгөн өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ж.М нь 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр өөрийн найз охин А.Зыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Ж.Мгийн “...Шинжээчийн 6588 дугаартай дүгнэлт дээрхи гэмтлүүдийг 2018 оны 5 дугаар сарын 11-ний орой би А.Зыг цохиж учруулсан. Ийм зүйл хийсэндээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

 

            хохирогч А.Зын “...Би 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Өргөө кино театрын ар талд түрээсийн байранд найз залуу Мтэй хамт байхад маргалдаад тэр намайг орой 21 цагийн орчим зодсон. Миний зүүн талын нүд хөхөрсөн бөгөөд өмнө нь гэмтсэн байсан хамар дахин гэмтэж хавдсан. Мөн гар хөлийн зарим хэсгээр хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн ___ тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Ж.Мд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Ж.Мг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирогч А.Заас “...Ж.Мтэй сайн дураар эвлэрсэн нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй...” гэх хүсэлтийг /хх-н 36/ Баянгол дүүргийн Прокурорын газарт гаргасан байх тул шүүгдэгч Ж.Мг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Ж.Мд холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос Ж.Мд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх торгуулийн ял биелүүлэх хугацааг 2 сараар тогтоож шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч Ж.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

                        Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй,  шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ___ овогт Ж-н М-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ж.Мгийн торгох ялыг биелүүлэх хугацааг 2 сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар авагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Мд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ц.МӨНХ-ЭРДЭНЭ