| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2018/0740/Э |
| Дугаар | 793 |
| Огноо | 2018-06-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 793
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч П.Даваасүрэн,
Нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,
Шүүгдэгч Д.Ө нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журамаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Өд холбогдох эрүүгийн 1806025750775 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Үйлдсэн хэргийн талаар:
Д.Ө нь 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт Х.Даваасүрэнг зодож биемахбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Өд холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1806025750775 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалхад Д.Ө нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Х.Даваасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2018 оны 03 сарын 08-ны өдөр ажилаа тараад хамт ажилдаг хүмүүстэйгээ эмэгтэйчүүдийн баяр тэмдэглэх гэж караокед 23 цаг өнгөрч байхад орж суусан. Ажилаас гарахаас өмнө хамтран амьдарч байсан Ө надтай утсаар ярьж уулзана, очиж авна гэхээр нь би зөвшөөрөөд ажилыхнаасаа салаад би хэлэе гэхэд найзындаа байж байна гэж хэлсэн. Тухайн караокед сууж байхад Ө надруу байн байн залгаад байсан. Утсаа аваад ярихаар өөр хүнтэй байна гээд байхаар нь би тийм өөр хүнтэй байна гээд хэлчихсэн. Би байгаа газраа утсаар Өд хэлсэн 01 цагийн үед ирчилээ гэж надруу Ө өөр утаснаас ярихаар нь хоёулаа манай ажлынхантай хамт сууж байгаад явья гэхэд хамт суухгүй шууд явья гэж хэлсэн. Гадаа уулзахад Ө такситай ирчихсэн нилээн согтуу байсан. Би ороод цүнхээ аваад ирэе гэж хэлэхэд хамт орно гэхээр нь байж бай гэж хэлсэн чинь Ө чи өөр хүнтэй явж байна гээд агсарч эхэлсэн. Би Өийн эгч Соёлмааруу залгаж дүү чинь агсан тавиад байна гэхэд наадхаа цагдаад өг гэж хэлсэн. Би ороод цүнхээ аваад ирэе гэж хэлчээд караоке руу орж цүнхээ авч гарч ирэхэд намайг дагаж манай хамгаалагч Хонгороо гарч ирсэн. Хонгороог харчаад энэ хэн юм гээд асуугаад байсан. Намайг түлхэж унагаад хувцаснаас зуураад байхаар нь хоёулаа больё хария гэж хэлээд таксинд суугаад Цагаан давааны тэнд байдаг Өийн гэрт очсон. Гэрт ороод намайг түлхээд хана мөргүүлсэн. Өлзийгийн ээж Цэцэгмаа орж ирээд боль гээд Өг болиулсан. Өийн эгч Соёлмаа орж ирээд дүүгээ алагдаад байсан. Намайг хэрүүл хийлээ гэж хэлээд хоёр удаа нүүрэн тус газарт алагдаад авахаар нь би гэрээс гарч урд талын ээжийнх нь гэрлүү орсон. Соёлмаа эгч орж ирээд намайг хөөгөөд байхаар нь би тэдний гэрээс гараад цагдаагийн хэлтэс дээр ирж өрөгдөл өгч шүүх эмнэлэгт үзүүлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 25/
Гэрч Д.Соёлмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2018 оны 03-р сарын 08-ны өдөр шөний 01 цаг өнгөрч байхад бэр Даваасүрэнгийн утаснаас надад дуудлага ирсэн. Утсаа аваад ярихад би ажлынхантай нэг газар сууж байхад Ө ирээд хардаад хэрэлдээд байна гэж хэлсэн. Ямар ядаргатай юм шөнө хүн унтуулахгүй өөрсдөө учираа ол гэж хэлээд утсаа салгасан. Хэсэг хугацааны дараа дахин хэд хэдэн удаа залгасан би утсаа аваагүй. ОЗ цагийн үед залгахаар нь утсаа авахад бид хоёр учираа олчлоо харьж унталаа гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа дахиад залгахаар нь утсаа авахад гэртээ ирчихсэн байна. Эгчээ хүрээд ирээч гэж Даваасүрэн хэлсэн. Яасан бэ гэхэд намайг зодоод байна миний нүүр аймар болчихлоо гэж хэлсэн. Би нөхөрөө сэрээгээд бид хоёр Өийн гэрлүү явсан. Нөхөр замаараа дүү Манлайбаатарын гэрлүү орсон. Би Өийн гэрт явж ороход Өлзий. Даваасүрэн хоёр халамцуу байсан. Юу болоод байгаа юм гэхэд юу ч хэлээгүй. Өг босоод ир чи муу архи уусан юм уу гэхэд жоохон уусан гэж хэлсэн. Би зүгээр байна шдээ аниа яах гэж ирсэн юм гэж хэлсэн. Та хоёр чинь хүн амьтан унтуулахгүй шөнө дунд утасдаад байх юм гэхэд Өлзий би таньруу залгаагүй гэхэд эхнэр чинь залгаад байсан гэж хариулсан. Таньруу яагаад залгасан юм гэж Ө эхнэрээсээ асуухад нь би нүүр ам нь аймар болчилоо гэж хэлсэн шдээ гэж хариулсан. Би зодоогүй бид хоёр маргалдаж хэрэлдсэн дээ гэж хэлсэн. Даваасүрэнгийн нүүр аймар болсон гэсэн харая гээд Даваасүрэнг татаад харахад зүгээр байсан. Чи муу давараад архи уулаа гэж дүү Өг хэд хэд цохиж авсан. Даваасүрэнд хандаж уур хүрээд чи салсан байж хэзээдээ хүрээд ирсэн юм гэж хэлсэн. Даваасүрэн юу ч хэлэхгүй чимээгүй зогсоод байсан. Хэсэг харж зогсож байгаад Даваасүрэн гараад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 3423 дугаартай
Х.Даваасүрэнгийн биед хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, эгэмд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох хурмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алталтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30/,
Шүүгдэгч Д.Өгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2018 оны 03-р сарын 07-ны өдөр миний эхнэр Даваасүрэн ажилынхантайгаа эмэгтэйчүүдийн баяр тэмдэглэнэ гэж байсан.19 цагийн үед ажил дээрээ хүлээн авалт хийсэн. Утасруу залгаад хэд гээд тарах юм гэхэд 21 цагийн үед тарчих байх гэж хэлсэн. Би гэртээ эмэгтэйчүүдийн баяр тэмдэглэх юм бэлдчээд тарахаар нь очоод авая гэж хэлэхэд тараад манай ажлынхан бааранд орж магадгүй гэж хэлсэн. Би гэртээ юм бэлдээд хүлээгээд байна шдээ гэж хэлчээд утсаа салгасан. 23 цагийн алдад эхнэрлүү утсаар залгаж ярихад ажлынхаа хажууд байдаг Ноёд нэртэй караокед байна гэж хэлсэн. Би гэрээс гараад 23 цаг 30 минутын үед тухайн караокены гадна такси бариад очоод эхнэрлүү залгаж гадаа чинь ирчихсэн байна гэж хэлсэн. Удалгүй эхнэр тухайн караокенээс гарч ирсэн. Араас нэг залуу гарч ирээд хаачих гээд байна гэж хэлсэн. Би тэр залууд эхнэртэйгээ уулзаж болохгүй юу гэхэд нөгөө хүн чимээгүй зогсож байгаад буцаад орсон. Эхнэр ороод цүнхээ аваад ирэе гээд орчоод эргэж гарч ирсэн. Би эхнэр Даваасүрэнгээс энэ хэн юм гэж асуухад эхнэр дуугарахгүй байсан. Дуугарахгүй байхаар нь явья гэхэд би ажлынхантайгаа баймаар байна гэж хэлсэн. Би такси бариад явья гээд эхнэрийн гараас бариад замруу дөхөөд таксины хаалгыг онгойлгох гэхэд явахгүй би ажлынхантайгаа баймаар байна гэж надад хэлсэн. Би явья гээд гараас татахад намайг өвтөгөөд байна гэж хэлсэн. Тэгээд таксинд суугаад гэрлүүгээ явсан. Замд явж байхад Өлзий намайг зодоод байна гэж эгчрүү утсаар ярьж байсан. Эгч надруу залгаад чи одоо яагаад байгаа юм гэж намайг загнасан. Гэрт харьчаад гарч ирсэн хүн чинь хэн юм гэхэд хариулахтүй байсан. Бид хоёр маргадаж байгаад гарч би тайвширлаа гэхэд намайг гаргахгүй байхаар нь би түлэхсэн чинь Даваасүрэн байшингийн хана толгойгоороо мөргөсөн. Даваасүрэн газар унаад уйлсан би гараад гадаа сууж байгаад гэртээ орж ирэхэд гаднаас эгч Соёлмаа орж ирсэн. Соёлмаа эгч намайг загнаж надруу ууралсан. Та хоёр байнга хэрэлдэж байх юм гэж хэлсэн.Тэр үед Даваасүрэн гэрээс гараад гүйгээд явсан гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Хавтаст хэргээс: зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 5-6/,
Д.Өгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 32-35/, шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 48/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй байх ба тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Д.Өг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Ө нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Д.Өгийн иргэн Х.Даваасүрэнгийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Д.Ө нь уг гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна.
Хохирогч Х.Даваасүрэн нь нотлох баримтаар хохирол нэхэмжлээгүй байх тул Д.Өг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, ажил эрхлэлтийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Өг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Өг дөрвөн зуун жаран нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Өд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.Ө нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ