| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Зүмбэрэл |
| Хэргийн индекс | 192/2025/07885/И |
| Дугаар | 192/ШШ2026/01472 |
| Огноо | 2026-02-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 192/ШШ2026/01472
| 2026 02 02 | 192/ШШ2026/01472
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.З даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э.Б,
Хариуцагч: П ХХК,
Хариуцагч: Г.Б
130,787,079 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З, түүний өмгөөлөгч Э.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х, гэрч Б.С, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Б.Ө нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Монгол улсын иргэн Э.Б миний бие нь П ХХК-ийн хүсэлтээр тус компанид 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 60,000,000 төгрөгийг нэг сарын 4 хувийн хүүтэй зээлсэн. Тухайн 60,000,000 төгрөгийг ... банк ХК дахь П ХХК-ийн ... тоот данс руу 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр өөрийн ... тоот данснаас 5,000,000 төгрөгөөр, ... тоот данснаас 10,000,000 төгрөгөөр, 35,000,000 төгрөгөөр, мөн Э ХХК-ийн ... банкны ... тоот данснаас 5,000,000 төгрөгөөр 2 удаа гүйлгээ хийж, нийт 60,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Энэхүү зээлийн нэг сарын хүү 2,400,000 төгрөгийг сар бүрийн 08-ны өдөр төлөхөөр тохирсон бөгөөд 2025 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацааны 18 сарын хүүгийн төлбөр /18 сар х 2,4 сая/ 43,200,000 төгрөгөөс 2024 оны 3 дугаар сарын 08-ны өдөр 8,000,000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 2,353,562 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 4,000,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 5,000,000 төгрөг, нийт 25,353,562 төгрөгийг төлсөн. Үндсэн төлбөр 60,000,000 төгрөг, хүүгийн төлбөр 17,846,438 төгрөг, нийт 77,846,438 төгрөгийг төлөөгүй байна. П ХХК нь 60,000,000 төгрөг зээлснээс хойш эхний 4 сарын хүүгээ тогтвортой бөгөөд найдвартай төлж байсан тул дахин 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 35,000,000 төгрөгийг зээлээч гэснийх нь дагуу зээлсэн. Энэхүү 35,000,000 төгрөгийг нэг сарын 3 хувийн хүүтэй зээлсэн. Тус зээлийн үндсэн төлбөр 35,000,000 төгрөг болон 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх 14 сарын хугацааны хүүгийн төлбөр 17,940,641 төгрөг нийт 52,940,641 төгрөгийг огт төлөөгүй байна. Бид зээлийн гэрээний дүн, хүүгийн хэмжээ, хугацааг харилцан санал солилцсоноор тохиролцсон бөгөөд тухайн тохиролцоог 2024 оны 06 дугаар сарын 01-ний огноотой зээлийн гэрээнд бүрэн тусгасан. Гэрээнд тусгасан данс руу зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн. Мөн зээлийн хүүг зээлсэн мөнгөө эргэн төлөх хүртэлх хугацаанд тооцох талаарх тохиролцоог гэрээний 1.2.1, 2.6-д тусгасан. Мөн зээлийн гэрээний 3.1-д зээлдүүлэгч зээлтэй холбоотой аливаа төлбөр тооцоо, бүртгэлийг үнэн зөв гүйцэтгэж зээлдэгчтэй тогтмол баталгаажуулж байх үүрэгтэй гэж тохиролцсоны дагуу миний бие нь П ХХК-ийн санхүүгийн менежер Б.С имэйлээр харилцаж, төлбөр тооцоог баталгаажуулж байсан болно. Энэ талаарх цахим шууданг нэхэмжлэлд хавсаргасан болно. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1. зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээнэ гэж заасныг үндэслэн, мөн талуудын байгуулсан Зээлийн гэрээний 4.5-д зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр, хүүг гэрээнд заасан хугацаанд буцаан төлөх үүрэгтэй гэж тохиролцсоныг тус тус үндэслэн П ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 95,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 35,787,079 төгрөг, нийт 130,787,079 төгрөгийг гаргуулж, Э.Б надад олгож өгнө үү.” гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: “Би, П ХХК-ийн хувьцаа эзэмшигч Г.Б нь 2023 оны 3 дугаар сарын 18-ны өдөр тус компанийн бараа материалын тооллого хийж, тухайн үед ажиллаж байсан гүйцэтгэх захирал Б.Э бүх бараа материалыг хүлээлгэн өгсөн болно. Үүнээс хойш 2025 оны 3 дугаар сар хүртэл хугацаанд компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцоогүй болно. Миний оролцоогүй хугацаанд буюу 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гүйцэтгэх захирал Б.Э нь Э.Б компанийн нэрийн өмнөөс эхний удаад 60,000,000 төгрөгийн, хоёр дахь удаад 35,000,000 төгрөгийн нийт 95,000,000 төгрөгийн зээл авчээ. Уг зээлд холбогдох мэдээлэл надад мэдэгдээгүй бөгөөд би уг зээлийн гэрээ байгуулаагүй, зөвхөн цахим шуудангаар харилцсан нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Зээлийн хүү анх 4 хувь, дараа нь 3 хувь гэж заагдсан нь үл ойлголцол үүсгэсэн. Хэрэв компанид зээл авах шаардлага үүссэн бол би хувь хүнийхээ зүгээс 1.5 хувиас 1.7 хувийн хүүтэй нөхцөлөөр бусад эх үүсвэрээс зээл авах боломжтой байсан тул 3 хувиас 4 хувийн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байсан болно. Э.Б нь намайг сайн мэддэг байхад уг зээлийн талаар надтай нэг ч удаа холбоо бариагүй, ямар ч мэдээлэл өгөөгүй нь ойлгомжгүй байна. 2025 оны 4 дүгээр сард би компанийн үйл ажиллагааг шалгахад дараах зөрчил илэрсэн. Компанийн дансанд мөнгө байхгүй, агуулахад бараа материал үлдээгүй, татвар, нийгмийн даатгал, бараа бүтээгдэхүүний өр үүссэн. Б.Э уулзахад тэрээр 95,000,000 төгрөгийн зээлийн хүүг, нэг удаагийн хүү гэж тайлбарласан. Одоогийн байдлаар би хөндлөнгийн аудитын шалгалт оруулж, Э.Б авсан зээлийн зарцуулалтыг шалгуулж байна. Хэрэв уг мөнгө компанийн албан бус үйл ажиллагаанд зарцуулагдсан нь тогтоогдвол би уг зээлийн төлбөрийг хүлээхгүй болно. Харин компанийн албан ёсны үйл ажиллагаанд зарцуулсан нь нотлогдвол өмнө төлөгдсөн 22,000,000 төгрөгийг суутган, үлдэгдэл 73,000,000 төлбөрийг хуваан төлөх боломжтой гэж үзэж байна. Мөн нэрийн дэлгүүрийн худалдагч Ү нь Э.Б шууд удирдлаганд ажилладаг байсан. Ү болон буусад ажилтнууд 42,000,000 төгрөгийг хувьдаа завшсан нь хөндлөнгийн аудитын урьдчилсан дүнгээр тогтоогдсон байна. Иймд компанийн дансыг битүүмжлэхийг эсэргүүцэж байна. Учир нь компани татвар, нийгмийн даатгалын өртэй бөгөөд би хувьцаа эзэмшигчийн хувьд үйл ажиллагааг тогтворжуулж, өр төлбөрийг барагдуулах чиглэлд ажиллаж байна. Хэрэв дансыг битүүмжилбэл компанийн үйл ажиллагаа бүрэн зогсож, дампуурах эрсдэл үүсэх тул үүнийг хууль ёсны үндэслэлгүй гэж үзэж байна. Э.Б болон Б.Э нартай олон жил хамтран ажилласан боловч тэд уг зээл болон зээлийн хүүгийн талаар надад мэдэгдээгүйд гүнээ харамсаж байна.” гэж маргажээ.
3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, .... банкны депозит дансны хуулга, ... банкны дансны хуулга, зээлийн гэрээ, итгэмжлэл, хариуцагчаас хувьцаа эзэмшигчийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ... дугаар шийдвэр, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэлийн авлага барагдуулах гэрээ, итгэмжлэл, татварын албаны тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, шилжүүлгийн мэдээлэл тус тус шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Б.С асуусан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
4. Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
5. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт 130,787,079 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, хүү тохиролцоогүй гэж маргажээ.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Э.Б нь 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн хооронд 95,000,000 төгрөгийг зээлсэн бөгөөд хариуцагч П ХХК нь 2024 оны 3 дугаар сарын 08-ны өдрөөс 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хооронд 25,353,562 төгрөг буцаан төлсөн нь зохигчийн дансны хуулга, талуудын энэ талаар мараагүй тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч хүү тохиролцсон болохоо, хариуцагч гүйцэтгэх захирлын байгуулсан зээлийг хариуцахгүй гэснээ баримтаар нотлоогүй байна.
7. Хариуцагч П ХХК нь нэхэмжлэгч Э.Б дансаар 95,000,000 төгрөг зээлсэн үйл баримтаас үзэхэд тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээ байгуулагдсан байна. Хуульд зээлийн гэрээг бичгээр байгуулах шаардлага тавигдаагүй тул гэрээний талууд амаар зээлийн гэрээ байгуулсан, энэхүү гэрээ хүчин төгөлдөр байна.
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх тул нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэг шаардахын тулд хариуцагч гэрээний үүргийг зөрчсөн буюу зохих ёсоор гүйцэтгээгүй байх ёстой.
Хариуцагч компани нь 95,000,000 төгрөгийн зээлээс 25,353,562 төгрөг төлсөн тул түүнээс зээлийн гэрээний үүрэгт 69,646,438 төгрөг гаргуулах үндэслэлтэй болжээ.
8. Харин зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болох ба хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдахыг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зохицуулжээ.
Нэхэмжлэгч хүү тооцож гэрээний төсөл илгээсэн боловч хариуцагч компанийн гүйцэтгэх захирал зөвшөөрч байсан, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гэрээнд гарын үсэг зураагүй гэсэн боловч хүүг төлөхөөр бичгээр тохироогүй учир хүү авах эрхээ алджээ. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт “Бичгээр хийх хэлцлийг дараах тохиолдолд хийсэн гэж үзнэ” заасан шаардлагыг хангахгүй байна. Тухайлбал, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т ”талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан” заасан тохиолдолд хэлцлийг бичгээр хийсэнтэй адилтан үзэх бөгөөд гэрчийн мэдүүлгээр зээлийн хүүг бичгээр тохиролцсон гэх үндэслэл тогтоогдсонгүй.
Иймээс хэлбэр заасан хүсэл зоригийн илэрхийллийн хувьд хүлээн авсан тухай хариу нь хуульд заасан бичгийн хэлбэрээр буюу захидал, цахилгаан, албан бичиг, телефакс, эдгээртэй адилтгах бусад баримт бичгийн хэлбэрээр нөгөө талдаа хүрсэн байх ёстой тул зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй байна.
Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дэх хэсэгт зааснаар зээлийн хүү гаргуулахаар шаардах эрхгүй болжээ.
9. Нэхэмжлэгч нь хариуцагч Г.Б зээлийн төлбөр шилжүүлээгүй бөгөөд Г.Б нь компанийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд хувьцааны хэмжээгээр саналын эрхтэй оролцохоос бус компанийн өрийг хариуцах үүрэггүй байна. Иймд түүнд холбогдох шаардлага үндэслэлгүй болжээ.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 811,886 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас 506,182 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасныг баримтлан П ХХК-иас 69,646,438 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Б олгож, үлдэх 61,140,641 төгрөгийн шаардлага болон Г.Б холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 811,886 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 506,182 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.З