Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/00936

 

Б.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Н.Батзориг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 104/ШШ2022/00154 дугаартай шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Н-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч С ХХК-д холбогдох,

 

Орон сууц захиалан бариулах гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 31,000,000 төгрөг, алданги 3,571,200 төгрөг, нийт 34,571,200 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: Б.Н- нь С Т ХХК-тай 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 20/63 тоот орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, уг гэрээгээр Налайх дүүргийн 2 дугаар хороонд баригдах Хулан хотхон төслийн орон сууцны зүүн блокийн 5 давхарт 59.91 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1 метр квадратын үнэ 1,600,000 төгрөгөөр тооцон нийт 95,856,000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцсон. Гэрээ байгуулмагц Hino dutro маркийн 2005 онд үйлдвэрлэсэн, 2020 онд орж ирсэн, улсын дугаараа аваагүй ачааны автомашиныг 31,000,000 төгрөгөөр тооцож хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн. Үлдэгдэл төлбөрийг байр ашиглалтад орсны дараа төлөхөөр харилцан тохиролцсон боловч гэрээний 1.2, 1.3-т тус тус заасан 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор гэсэн хугацаанд орон сууц ашиглалтад ороогүй байна.

Гэтэл тус компани нь өнөөдрийг хүртэл орон сууцыг ашиглалтад оруулаагүй, ашиглалтад оруулахгүй байгаа хүндэтгэн үзэх шалтгаан нөхцөлөө тайлбарлаж нотлоогүй, гэрээгээр тохирсон 1 метр квадрат талбайн болон нийт үнэ нь гэрээний хугацаанд хөдөлбөргүй байна гэснийг зөрчиж, нийт үнийг нэмэгдүүлсэн гэсэн үндэслэлээр урьдчилгаа төлбөрийг дахин нэмэхийг шаардсан. Гэрээнд заасан эрхийнхээ дагуу барилгын явцтай танилцах гэхээр оруулдаггүй, урьдчилгаа төлбөрөө нэм эсхүл байраа буцааж болно гэсэн. Иймд нэхэмжлэгч талаас гэрээнээс татгалзах тухайгаа хариуцагч талд удаа дараа албан бичгээр мэдэгдсэн боловч хариу өгөөгүй тул Хариуцагчаас мөн л 14 хоногт шийдвэрлэж хариу өгнө гэсэн боловч ямар ч хариу өгөөгүй тул гэрээний 5.9-д заасны дагуу шүүхэд хандсан. Хариуцагч тал Иргэний хуулийн 343 дугаар зүйлийг 343.1 дэх хэсэг болон гэрээний 1.2, 1.3-т заасан үүргээ хугацаандаа биелүүлээгүй. Нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2 дахь хэсэгт зааснаар нэмэлт хугацааг хангалттай олгосон боловч гүйцэтгэгч нь гэрээний хугацааг хэтрүүлсэн зөрчлийг одоо болтол арилгаагүй байна.

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчтай байгуулсан 20/36 тоот орон сууц захиалан бариулах гэрээнээс татгалзаж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.2.2, 219 дүгээр зүйлийн 219.1, 222 дугаар зүйлийн 222.4 , 222.7, 227 дугаар зүйлийн 227.1, гэрээний 4.1-д тус тус зааснаар С Т ХХК-аас урьдчилгаа төлбөр 31,000,000 төгрөг, хугацаа хэтэрсний алданги 3,571,200 төгрөг, нийт 34,571,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын хариу тайлбарын агуулга: Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан болон гэрээний урьдчилгаа төлбөр 31,000,000 төгрөгт автомашин тооцож авсандаа маргахгүй. Харин алданги нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, нэхэмжлэгч талаас гаргаж байгаа тайлбараас үзвэл, гэрээнээсээ татгалзаж байна. Энэ тохиолдолд алданги нэхэмжлэх эрхгүй, өгсөн, авснаа буцаана. Гагцхүү өөрт хохирсон хохирлоо нэхэмжлэх эрхтэй. Иймд алданги 3,571,200 төгрөг нэхэмжилж байгааг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.2.1, 232 дугаар зүйлийн 232.1 -д заасныг баримтлан хариуцагч С Т ХХК-аас 31,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Н-т олгож, нэхэмжлэлээс 3,571,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Н-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 331,000 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч С Т ХХК-аас 312,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Н-т олгож шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а.Талууд үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор орон сууц захиалан бариулах гэрээний 5.1-д үүргээ биелүүлээгүй хугацаа хожимдсон тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0.03 хувийн алдангийг буруутай тал төлнө гэж харилцан тохиролцсон. Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй буюу 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн тул нэхэмжлэгч нь гэрээгээр харилцан тохиролцсон алдангийг нэхэмжилсэн, гэтэл шүүх алдангийг учирсан хохиролтой холбож, гэрээнээс татгалзаж байгаа тал алданги нэхэмжлэх эрхгүй гэж үзсэн нь хуульд нийцэхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас хугацаа хэтрүүлсний алданги 3,571,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талаас тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

2.Нэхэмжлэгч Б.Н- нь хариуцагч С ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзсантай холбогдон үүргийн гүйцэтгэлд шилжүүлсэн 31,000,000 төгрөгийг буцаан гаргуулж, үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй алдангид 3,571,200 төгрөг, нийт 34,571,200 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагаас 31,000,000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

3.Талууд 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Орон сууц захиалан бариулах гэрээ нэртэй гэрээ байгуулж, гүйцэтгэгч С ХХК нь Налайх дүүргийн 2 дугаар хороонд баригдах орон сууцны зориулалттай барилгын зүүн блокийн 5 давхарт 59,91 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцыг захиалагч Б.Н-т хүлээлгэн өгөх, захиалагч нь гэрээ хийгдмэгц урьдчилгаа 31,000,000 төгрөг төлж, түлхүүр гардан аваад үлдэгдэл төлбөрийн 5 хувийг буюу 5,000,000 төгрөг, орон сууц ашиглалтад орсны дараа лизингээр 64 хувь буюу 59,856,000 төгрөг төлөх нөхцлийг харилцан тохиролцсон байна. /хх-.../

Гэрээний дагуу Б.Н- нь Хино дөтро /Hino dutro/ маркийн автомашиныг 31,000,000 төгрөгт тооцон өгсөн, С ХХК-ийн хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас Б.Н- нь гэрээнээс татгалзсан болох нь талуудын тайлбараар тогтоогдсон, энэ талаар маргаангүй. /хх-.../

Нэхэмжлэгч Б.Н- нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсан учир мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэг талуудад үүсчээ.

Нэхэмжлэгч тал үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар бус мөнгөөр шаардсаныг хариуцагч зөвшөөрч, маргаагүй.

Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг хэргийн нотлох баримтад үндэслэн зөв тогтоож, хариуцагч С ХХК-аас 31,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцсэн, энэ шийдвэрт зохигчид гомдол гаргаагүй болно.

4.Нэхэмжлэгч Б.Н- нь гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй гэх үндэслэлээр хариуцагч С ХХК-аас 3,571,200 төгрөгийн алданги гаргуулахаар нэхэмжилжээ. Хариуцагч тал гэрээнээс татгалзсан учир алданги шаардах эрхгүй гэх үндэслэлээр татгалзаж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Талууд гэрээний 5 дах хэсэгт үүрэг гүйцэтгэлийг хангуулах зорилгоор анз тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Анз нь үүргийн гүйцэтгэлийг хангах аргын нэг бөгөөд үүрэг гүйцэтгэгчийг гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготой, үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд хүлээсэн үүргийн төлөө мөнгөн төлбөр төлүүлж хариуцлага тооцох хэлбэр юм.

Талууд гэрээнээс татгалзсанаар тэдгээрийн хооронд үүссэн гэрээний үүрэг дуусгавар болсон тул алданги тооцон шаардах хуулийн үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.6 дахь хэсгийн заалтыг зөв хэрэглэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас алдангид 3,571,200 төгрөг гаргуулах нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй тул гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсгийг баримталсан нь оновчгүй боловч хэргийн шийдэлд нөлөөлөхгүй тул өөрчлөлт оруулах шаарлагагүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 104/ШШ2022/00154 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,100 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Ч.ЦЭНД