| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргал Батзориг |
| Хэргийн индекс | 2306016522627 |
| Дугаар | 2026/ДШМ/133 |
| Огноо | 2026-01-29 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | Л.Төгсжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 2026/ДШМ/133
2026 01 29 2026/ДШМ/133
О.Тд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Л.Төгсжаргал,
хохирогч Н.Д, түүний өмгөөлөгч С.Номиндалай,
шүүгдэгчийн О.Тийн өмгөөлөгч Ш.Мягмарсүрэн,
нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/2636 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Н.Дгийн өмгөөлөгч С.Номиндалайн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн О.Тд холбогдох эрүүгийн 2306 01652 2627 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
..................... овгийн ...................ын Т, ............. оны .... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, ................., ............... боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Ү Х” ХХК-д гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл ..., эхнэр, хүүхдүүдийн хамт ......................... дүүргийн .... дугаар хороо, ....................... дугаар байрны ... тоотод оршин суух хаягтай боловч ..................... дүүргийн ... дугаар хороо, ................... хотхоны ... дугаар байрны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:............................/;
Шүүгдэгч О.Т нь “Ү Х” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа үйлдвэрлэлд ашиглаж байсан тоног төхөөрөмжийг зохих байгууллагын зөвшөөрөл, гэрчилгээгүй ашиглах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаарх мэдлэг олгох сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэх зэргээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь заалтыг зөрчсөн, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т заасан Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна”-д заасны дагуу үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилтийг хангуулах үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас Н.Д нь 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “T E S” сургуулийн гал тогоонд төмс бутлагч төхөөрөмжид хуруугаа оруулж, эрүүл мэндэд нь баруун 2-5-р хуруу бүрэн тасарч тайрагдсан гэмтэл бүхий хүнд хохирол учирсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: О.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч О.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч О.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Цайны газар, кофе шоп, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хүнсний бөөний болон жижиглэнгийн худалдааны гүйцэтгэх удирдлагаар ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2.800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч О.Тд оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тд оногдуулсан эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, хохирогч Н.Д нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлүүд болон энэ гэмт хэргийн улмаас цаашид эмчилгээ хийлгэсэн нотлох баримтаа хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч О.Т, иргэний хариуцагч Б.Ж нараас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.
Хохирогч Н.Дгийн өмгөөлөгч С.Номиндалай давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хөдөлмөрийн тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-т “Ажил олгогч нь ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үр дүнтэй, шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлнэ” гэж заасан байдаг.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Д “Ү Х” ХХК-ийн захирал О.Тийн Б/07 дугаартай Н.Дг ажилд авах тухай тушаалд /хх 76/ нэг сарын цалин хөлс 1.000.000 төгрөг болох нь тогтоогдож байх тул хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалинг гэмт хэрэг гарсан үеэс шүүхийн шийдвэр гарах хүртэл /2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр/ 32 сарын цалин болох 32.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн эмнэлгийн хагалгааны зардал болох 140.000.000 төгрөгийн бодит хохирлыг хангаагүй нь анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй гэж үзэж байна. Шүүх дүгнэхдээ Н.Д “Ү Х” ХХК хоёрын хоорондын хөдөлмөрийн харилцаатай баримтууд дутуу, тухайлбал нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн баримт байхгүй, хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон эсэх нь тодорхойгүй гэдэг үндэслэлээр хохирогчид учирсан бодит хохирлыг хангаагүй нь үндэслэлгүй байна. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/2636 дугаар тогтоолд өөрчлөлт оруулж хохирогч Н.Дд учирсан бодит хохирлыг гаргуулж өгнө үү.” гэв.
Хохирогч Н.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн байгууллагад би ажиллаж байх хугацаанд үйлдвэрлэлийн осолд орсон. Сайн дураараа осолд ороогүй. Надад өөрөөсөө мөнгө гаргаад хуруугаа хийлгэх ямар ч боломж байхгүй. Би нэг хүүхэдтэйгээ түрээсийн байранд амьдарч байгаа. Надад ямар ч орлого байхгүй. Сардаа 432.000 төгрөг авч байгаа. Гэвч хаанаа ч хүрэхгүй байна. Зах зээлийн ханш ямар аймар өсөж байгаа билээ. Хуруугаа хийлгэхийн тулд надад гуйлга гуйхаас өөр арга алга. Ажиллаж байсан байгууллагаасаа миний гар хурууг бүтэн болгож өгөөч гэж гуймаар байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.Дгийн өмгөөлөгч С.Номиндалайн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
1. Шүүгдэгч О.Т нь “Ү Х” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа үйлдвэрлэлд ашиглаж байсан тоног төхөөрөмжийг зохих байгууллагын зөвшөөрөл, гэрчилгээгүй ашиглах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаарх мэдлэг олгох сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэх зэргээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь заалтыг зөрчсөн, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т заасан Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна”-д заасны дагуу үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилтийг хангуулах үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас Н.Д нь 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “T E S” сургуулийн гал тогоонд төмс бутлагч төхөөрөмжид хуруугаа оруулж, эрүүл мэндэд нь баруун 2-5-р хуруу бүрэн тасарч тайрагдсан гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хэргийн газарт үзлэг хийсэн тухай 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл /хх 26-29/,
хохирогч Н.Дгийн “...би махны машинд юм хийх гэж байгаад тостой байсныг нь мэдэхгүй төмс машиндах гэж байгаад гар халтираад махны машинд баруун гар маань орсон. Би өмнө нь тухайн махны машинтай ажиллаж байгаагүй. Махны машинтай харьцдаг хүн нь байхгүй байсан болохоор намайг тэнд ажил гэж хэлсэн. ...надад аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй...” /хх 32-33/,
гэрч О.Тын “...Д махны машин дээр төмс машиндах ажил дээр байсан. Гэнэт Д орилохоор нь сандраад бид нар харсан чинь махны машинд баруун гараа хийчихсэн байхаар нь би махны машиныг залгуураар салгаад зогсоосон...” /хх 35-36, 41-43/ гэх мэдүүлгүүд,
“Ү Х” ХХК-ийн тогооч нарын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны заавар /хх 44-47/,
“Ү Х” ХХК-ийн Аюулгүй ажиллагааны зааварчилгаатай танилцсан ажилтан гэсэн тэмдэглэл /хх 45-52/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 3988 дугаартай “...Н.Дгийн биед баруун 2-5-р хуруу бүрэн тасарч тайрагдсан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ...” гэх шинжээчийн дүгнэлт /хх 57-58/,
Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн тухай акт /хх 64-65/,
“Ү Х” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 03/14 дугаартай Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид гэж хаягласан албан бичиг /хх 66/,
“Ү Х” ХХК-ийн 6680682 регистрийн дугаартай, 000221742 дугаарын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 67/,
Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тухай яаралтай мэдэгдэх хуудас /хх 69/,
О.Т, Ц.Б, Л.Н, Н.Д нарын тайлбар /хх 70-73/,
“Ү Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Тийн Б/07 дугаартай тушаал /хх 76/,
“Ү Х” ХХК-ийн туслах ажилтны ажлын байрны тодорхойлолт /хх 77-79/,
“Ү Х” ХХК-ийн орон тооны бус байнгын комиссын хурлын тэмдэглэл /хх 95-103/,
Шинжээч М.Уын 2025 оны 02 дугаар сарын 04-ний ХАБ2025/01 дугаартай “...“Ү Х” ХХК-ийн ажил олгогч нь үйлдвэрлэлд ашиглаж байсан тоног төхөөрөмжийг зохих байгууллагын зөвшөөрөл, гэрчилгээгүй ашигласан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 машин механизм, тоног төхөөрөмжийг суурилуулах, их засварын дараа ашиглалтад оруулахдаа улсын байцаагчаар хянуулж зөвшөөрөл, гэрчилгээ авсан байх/, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаарх’ мэдлэг олгох сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлсэн нь 28 дугаар зүйлийн 28.1.8 /аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/-д заасныг тус тус зөрчсөн байна. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Сургалтын зохион байгуулалт. Үндсэн дүрэм MNS 4969:2000 стандартын 4.16-д /Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө./ гэж заасны дагуу ажил эхлэхийн өмнө аюулгүй ажиллагааны өдөр тутмын зааварчилгааг бичгээр өгч, гарын үсэг зуруулахдаа хохирогчид гүйцэтгэх үүрэгтэй нь холбогдуулан аюулгүй ажиллагааны зааварчилгааг тогтмол өгдөггүй, зааварчилгааны дэвтэрт бусдаар гарын зуруулдаг зөрчил байнга давтагддаг гэж үзэж байна. Тус компанийн ажил олгогч нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/-д заасны дагуу үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилтийг хангуулах үүрэг хүлээнэ...” гэх дүгнэлт /хх 154-155/ зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд О.Тд холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
2. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч О.Тийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч О.Тийг “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.
Шүүгдэгч О.Тийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн асуудлаар маргаагүй болно.
3. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд гагцхүү Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор ял оногдуулах ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үздэг.
Анхан шатны шүүх шүүгдэгч О.Тийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Цайны газар, кофе шоп, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хүнсний бөөний болон жижиглэнгийн худалдааны гүйцэтгэх удирдлагаар ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2.800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.
4. Хохирогч Н.Дгийн өмгөөлөгч С.Номиндалай “...хохирогч Н.Дд учирсан бодит хохирлыг гаргуулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд, анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Төөс хохирогч Н.Дд 4.100.000 төгрөгийг хохирол төлбөрт төлсөнд тооцож, харин нэхэмжилсэн бусад ажилгүй байсан хугацааны цалин хөлс, “Д” гар сарвууны эмнэлэгт эмчилгээ хийлгэх төлбөр, сэтгэл санааны хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.
Учир нь, хэрэгт “Ү Х” ХХК-ийн захирал О.Тийн Б/07 дугаартай Н.Дг ажилд авах тухай тушаал /хх 76/ авагдсанаас бусдаар Н.Дгийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой баримт болох цалин хөлс авдаг байсан, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг байсан, ажил олгогчтой хийсэн хөдөлмөрийн гэрээ эсхүл хөлсөөр ажиллах гэрээ, цаашлаад хөдөлмөрийн чадвар алдагдсан хувь хэмжээг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүхээс уг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.
Мөн хэрэгт авагдсан “Д” гар сарвууны эмнэлгийн баримт /хх 34-36/ нь тухайн эмнэлэгт хийгдэх боломжтой эмчилгээний танилцуулга, гарын авлага авагдсан байх бөгөөд хохирогч Н.Дд ямар эмчилгээг, ямар арга замаар хийх талаар тодорхойлсон тайлбар, аргачлал зэргийг тусгасан баримтгүй байх тул мөн тус нэхэмжлэлийг хангах нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Түүнчлэн, сэтгэцэд учирсан хор уршгийн хохирол нэхэмжлэх, түүнийг буруутай этгээдээс гаргуулж шийдвэрлэх эрх зүйн хэм хэмжээг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль батлагдсан хугацаа буюу 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэглэж байгаа ба мөн хугацаанаас хойших хугацаанд үйлдэгдсэн гэмт хэрэгт хуулийн хэм хэмжээг хэрэглэдэг эрх зүйн онол, зарчмыг баримталдаг. Анхан шатны шүүхээс энэ байдлыг хамаатуулан дүгнэж 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэрэгт сэтгэцэд учирсан хохирол шийдвэрлээгүй нь хууль зүйн үндэслэлтэй болно.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Н.Дгийн өмгөөлөгч С.Номиндалайн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/2636 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Н.Дгийн өмгөөлөгч С.Номиндалайн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ