Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 564

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Сэлэнгэ,

улсын яллагч Н.Ням-Очир,

шүүгдэгч М.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ___ овогт М-н А-т холбогдох эрүүгийн ____ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ______

 

Шүүгдэгч М.Ань архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэмүүлэл” хотхоны 102 дугаар байрны 00 тоотод өөрийн эхнэр Б.Аг хардалтын улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Амэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч М.Аын өгсөн:

            “...Тухайн өдрөөс хэзээ гэдгээ мартсан байна. Би БГД-н Тэмүүлэл хотхоны 102 байрны 00 тоотод гэртээ байсан. Гэртээ байхдаа 300 грамм архи ганцаараа уусан. Тэгээд байж байхад эхнэр А оройтож ирээд би уурлаад бид хоёр маргалдсан. Эхнэр Атай барьцалдаад авсан тэгээд толгой руу нэг удаа, баруун шанаа руу нэг удаа цохисон. Би эхнэрээ зодож гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-н 35, 43-44/,

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Б.Агийн өгсөн:

            “...2018 оны 4 дүгээр сарын 15-ны орой ажлын эгч надруу яриад Дарь Эх рүү хамт яваад өгөөч гэсэн юм. Тухайн үед нөхөр гэртээ байсан. Би оройн хоолоо хийчихээд ажлын эгч Дтэй хамт Дарь Эх рүү явсан. Дарь Эхэд бид хоёр айлд очоод удсан юм. Тэр айл нь Д эгчийн бэр нь байгаа юм. Тэнд оройтоод Д эгчийн хүү нь ирээд авна гэхээр нь хүлээгээд байж байсан. 00 цагт хүү нь ирээд Д эгч бид хоёрыг гэрт хүргэж өгсөн. Д эгчийн гэр нь Тэмүүлэл хотхоны зүүн талд 7 А байранд байдаг юм. Д эгч намайг гэрт оруулж өгсөн. Гэрт нөхөр хэвтэж байсан. Д Аг хүргэж өглөө шүү сайхан амраарай гээд гараад явсан. Гэрт байхад нөхөр намайг орой ирлээ гээд уурлаад байхаар нь би гэрлээ унтраагаад хэвтээд хөнжлөө толгой дээрээ нөмрөөд хэвтэж байхад нөхөр намайг гөлөг, танайхан гөлөг гээд байхаар нь хөлөөрөө нөхрөө өшиглөсөн юм. Би босож ирээд нөхөртэйгээ барьцалдаад авсан. Тэгээд нөхөр миний баруун шанааруу цохисон, тухайн үед би найтаахад нүд хавдаад эхэлсэн. Миний нүдрүү цохиогүй юмаа. Гэрлэлтийн баталгаа байхгүй, 10 жил болж байгаа, дундаасаа 2 хүүтэй. Манай 2 хүү байсан. 6-7 насны хоёр хүүхэд байсан өөр хүн байгаагүй. А миний толгойруу цохисон, баруун  хацар луу нэг цохисон. А архи уухаараа агсан тавиад байдаг. Зодож байгаагүй. А 100гр архи уусан байх. Нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй. Шүүх хуралд оролцохгүй...” гэх мэдүүлэг /хх-н 27/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн шинжээчийн ___ тоот: 

1. Б.А-н биед дух баруун зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хоёр,шуу, шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 30/,

 

- Хохирогч Б.Агын хүсэлт /хх-н 50/

 

Шүүгдэгч М.Аын хувийн байдалтай холбоотой:

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 39/,

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 45/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч М.Ань архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн эхнэр Б.Аг хардалтын улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч М.Аын “...эхнэр Аг оройтож ирээд би уурлаад бид хоёр маргалдсан. Эхнэр Атай барьцалдаад авсан тэгээд толгой руу нэг удаа, баруун шанаа руу нэг удаа цохисон. Би эхнэрээ зодож гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

 

            хохирогч Б.Агийн “...2018 оны 4 дүгээр сарын 15-ны орой ажлын эгч надруу яриад Дарь Эх рүү хамт яваад өгөөч гэсэн юм. ...нөхөр намайг орой ирлээ гээд уурлаад байхаар нь би гэрлээ унтраагаад хэвтээд хөнжлөө толгой дээрээ нөмрөөд хэвтэж байхад нөхөр намайг гөлөг, танайхан гөлөг гээд байхаар нь хөлөөрөө нөхрөө өшиглөсөн юм. Би босож ирээд нөхөртэйгээ барьцалдаад авсан. Тэгээд нөхөр миний баруун шанааруу цохисон... А миний толгойруу цохисон, баруун  хацар луу нэг цохисон...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дугаар сарын 19-ны өдрийн шинжээчийн 5176 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас М.Ат холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч М.Аыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Б.А нь “...надад одоо гомдол санал байхгүй, бид хоёр сайн дураараа эвлэрсэн надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч М.Аыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх торгуулийн ял оногдуулах боломжтой гэж үзэн дээрх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хор уршигийн хэмжээ, гэмшиж байгаа хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч  М.Ат 450 нэгжээр торгох ял оногдуулж уг торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 3 сараар тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч М.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

                        Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй,  шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ___ овогт М-н А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.Аыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар М.Аын торгох ялыг биелүүлэх хугацааг 3 сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар авагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Ат авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ц.МӨНХ-ЭРДЭНЭ