2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 192/ШШ2026/02082

 

 

 

 

 

2026 02 24 192/ШШ2026/02082

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн ...дүгээр хороо, ...дугаар байрны ...тоот хаягт оршин суух, .... овогтой У /РД:..../,

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ...дугаар хороо, ... дугаар байрны ...тоот хаягт оршин суух, ...овогтой Б /РД:..../ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ...дугаар хороо, Энгельс гудамж, .... дугаар байрны ...тоот хаягт оршин суух, ...овогтой Ү /РД:..../-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж 79,418,354 /далан есөн сая дөрвөн зуун арван найман мянга гурван зуун тавин дөрвөн/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.У , Л.Б , нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ц.М , хариуцагч Д.Ү, хариуцагчийн өмгөөлөгч Ө.З нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Жанар хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл:

1.1. Ц.У , Л.Б бид 2024 оны 12 дугаар сард Д.Үтэй тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээг аман хэлбэрээр хийж, түүнээс ***ДОУ улсын дугаартай HYUNDAI UNIVERSE маркийн, цагаан алаг өнгөтэй, хот хоорондын автобусыг 90,000,000 төгрөгөөр худалдаж авахаар, төлбөрийг хувааж төлж дуусгахаар тохиролцсон ба төлбөр төлж дууссаны дараа өмчлөлийг шилжүүлэхээр тохиролцсон.

1.2. Бид нийт төлбөрөөс 51,500,000 төгрөгийг Д.Үт төлөх, үлдэгдэл төлбөрийг тухайн тээврийн хэрэгслийг барьцаалсан банк бус санхүүгийн байгууллагын зээлийн төлбөрийг графикийн дагуу төлж дуусгах тохиролцоо хийгдэж, автобусыг өөрийн эзэмшил ашиглалтдаа шилжүүлж авсан. 2024.12.05-ны өдөр 13,000,000 төгрөгийг бэлнээр, 2024.12.25-ны өдөр 17,000,000 төгрөгийг Ц.У ийн дансаар, 2024.12.30-ны өдөр 8,000,000 төгрөг, 2024.12.31-ний өдөр 3,500,000 төгрөг, 2025.01.15-ны өдөр 10,000,000 төгрөгийг тус тус Л.Б ийн дансаар Д.Үт төлж үүргээ биелүүлсэн.

1.3. Гэтэл 2025.04.02-ны өдөр гэрээний зүйл болох автобус эвдэрч, 2025.04.06-ны өдөр Д.Үт үзүүлэхэд буцаагаад худалдаж авъя гэсэн. Ийнхүү худалдагч автобусыг буцаан худалдаж авах хүртэлх хугацаанд гуравдагч этгээд сарын 3,000,000 төгрөгөөр түрээслэхээр болсон боловч Д.Ү үнийг буцааж төлөх хүртэл сарын 3,000,000 төгрөгөөр түрээслэе гээд автобусыг 2025.04.06-ны өдөр эзэмшилдээ авсан. Энэ хугацаанаас хойш 5 сарын хугацаанд бидний эзэмшил, ашиглалтад байх ёстой автобусыг хариуцагч эзэмшиж, ашиглаж байгаа учраас тухайн хугацааны түрээсийн төлбөр 15,000,000 төгрөгийг нэхэмжилж байна.

1.4. Нэхэмжлэгч Ц.У нь тээврийн хэрэгслийн төлбөрийг төлөхдөө *** ББСБ ХХК-иас зээл авч төлсөн. Хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, буруутай үйлдлээс болж энэхүү зээлийн хүүгийн төлбөр, алдангийг нэхэмжлэгч төлж хохироод байна. Иймд уг зээлийн хүү 4,670,445 төгрөг, алданги 8,247,909 төгрөг, нийт 12,918,354 төгрөгийг нэхэмжилж байна. Хэрэв хариуцагч эд хөрөнгийн доголдолтой автобус нэхэмжлэгч нарт зараагүй бол ийм хэмжээний хохирол учрахгүй байсан.

1.5. Иймд гэрээний үүрэгт төлсөн 51,500,000 төгрөг, тээврийн хэрэгслийн түрээсийн төлбөрт 15,000,000 төгрөг, учирсан хохирол буюу зээлийн хүү 4,670,445 төгрөг, алданги 8,247,909 төгрөг, нийт 79,418,354 төгрөгийг хариуцагчаас шаардаж байна. Худалдаж авсан автобусыг Д.Үийн олж өгсөн хүнээр жолоодуулж байсан ба тэр хүн осолд оруулж эвдсэн. Ингээд би автобусыг нь хариуцаж чадахгүй юм байна гэхэд Д.Ү буцааж авахаар болсон. Энэ асуудал үүссэнээс хойш хариуцагч их бага хэмжээгээр мөнгө шилжүүлээд байгаа. Автобусанд учирсан гэмтэл Д.Үийн олж өгсөн жолоочийн буруутай үйлдлээс болж үүссэн. Үүнийг Д.Ү хүлээн зөвшөөрөөд тодорхой хэмжээний эд хөрөнгийн доголдол бий болсон ч, буцааж аваад өөр хүнд түрээслүүлээд, төлбөрийг дуусгавар болгохоор түрээсийн гэрээний харилцаа дахин үүссэн.

1.6. Гэрээ цуцалсантай холбоотой Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д заасан эд хөрөнгийн доголдолтой холбоотой гэрээнээс татгалзаж, үүнээс үүдэлтэйгээр Ц.У ийн банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хохиролд тооцон шаардаж байгаа. Ц.У автобусыг худалдаж авах зорилгоор энэ зээлийг авсан болох нь тогтоогдож байгаа. Иймд Д.Үийн буцааж төлсөн төлбөрүүд Ц.У ийн зээлийн хүүгийн төлбөрт тооцогдсон тул автобусны төлбөрөөс хасагдахгүй. Харин төлбөрт тооцож өгсөн Приус машиныг 79,418,354 төгрөгийн нэхэмжлэлээс хасагдахаар байна. Бусад төлбөр нь хасагдах боломжгүй...гэв.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын үндэслэл:

2.1. Д.Ү миний бие Ц.У ийг танихгүй, түүнтэй автобус худалдах, худалдан авах гэрээ хэлцэл ямар нэг байдлаар хийгээгүй. ***ДОУ дугаартай автобусыг надаас худалдаж аваад буцааж өгсөн хүн бол миний найз Л.Б юм. Бид найзууд учраас амаар яриад гэрээ хийгдсэн. Урьдчилгааны 50,000,000 төгрөгийг авсан. Л.Б автобусыг арчлаад явуулж чадахгүй нь ээ, чи өөрөө явуулах уу гэхээр нь найз учраас буцаагаад авсан. Л.Б төлсөн төлбөрийн 24,000,000 төгрөгт тооцож Приус маркийн автомашин өгсөн. Түрээсийн төлбөр, зээлийн хүү алдангид төлөх мөнгө гэж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Л.Б д 2024 оны 12 дугаар сард ямар ч асуудалгүй, биет байдлын доголдолгүй автобусыг хүлээлгэж өгсөн. Харин 2025 оны 04 дүгээр сард эвдрэлтэй машин хүлээж авсан. Би таньдаг найзаа жолоочоор өгөөд явуулсан учраас автобусанд учирсан эвдрэл дээр маргаан үүсгэхгүй байгаа. Засварлахад 7,000,000 гаруй төгрөгийн зардал гарсан. Мөн би гуравдагч этгээдэд түрээслүүлнэ гэж яриагүй.

2.2. Л.Б , Д.Ү нарын хооронд тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ аман байдлаар хийгдсэн. Гэрээний явцад Л.Б 51,500,000 төгрөг төлснийг зөвшөөрч байгаа. Хэрвээ машиныг анх хүлээж авахад доголдолтой байсан бол тэр үедээ мэдэгдэх ёстой. Гэтэл ямар нэг эвдрэл, доголдолгүй байсан нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон. Харин ажилд явж байхдаа жолоочийн хариуцлагагүй үйлдлээс болж үүссэн ослын улмаас машинд гэмтэл учирсан байна. Жолоочийг Д.Ү олж өгсөн боловч цалин өгч ажиллуулж байсан хүн нь Л.Б учраас жолоочийн буруугаас учирсан эвдрэл Д.Үт хамааралгүй. Энэ нь гэрээний зүйлд учирсан биет байдлын доголдол биш, харин худалдан авагчаас хамааралтай эвдрэл үүссэн байна. Өөрийн худалдаж авсан тээврийн хэрэгслийг хэнээр жолоодуулахыг Л.Б шийдвэрлэх бөгөөд өөрийн шийдвэрээр ажиллуулсан хүний үйлдлээс учирсан хохирлын улмаас Д.Үтэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан гэж байгаа нь үндэслэлгүй байна.

2.3. Худалдагч талаас шалтгаалсан гэрээний зүйлийн биет байдлын доголдол бий болоогүй учир хохирол шаардах эрх нэхэмжлэгч талд үүсэхгүй. Мөн автобусыг худалдаж авахдаа зээл авахыг Д.Ү шахаж шаардаагүй, Ц.У тэй тохиролцоо хийгээгүй учир түүний бусдаас авсан зээлийн хүү, алдангийг төлөх үүргийг Д.Ү хүлээхгүй. Хариуцагч автобусыг буцааж авснаас хойш Ц.У ийн дансанд 7,740,000 төгрөг, Л.Б ийн дансанд 1,000,000 төгрөг, нийт 8,827,000 төгрөг шилжүүлж, Л.Б д 24,000,000 төгрөгт тооцон Приус-30 маркийн автомашин хүлээлгэн өгч, нийт 32,800,000 төгрөгийг буцааж төлсөн байна. Өнөөдрийн байдлаар Л.Б д буцааж төлөх 18,700,000 төгрөг байгааг төлөхийг хүлээн зөвшөөрч байна...гэв.

3. Нэхэмжлэгч талын гаргасан баримтууд: Ц.У , Л.Б нарын Хаан банк дахь харилцах дансны хуулга /хх-4-10, 73-74/, Ц.У ийн *** ББСБ ХХК-тай 2024.12.25-ны өдөр байгуулсан Цахим зээлийн гэрээний хуулбар /хх-11-16/

4. Хариуцагч талын гаргасан баримтууд: Д.Үийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-19/, Д.Үийн Хаан банк дахь харилцах дансны хуулга /хх-58-63/, Л.Б ийн үйлдсэн 2028.11.04-ний өдрийн гар бичмэл баримтын эх хувь /хх-64/

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Б ийн зарим шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Ц.У ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

1. Нэхэмжлэгч Ц.У , Л.Б нар хариуцагч Д.Үт холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд төлсөн 51,500,000 төгрөг, тээврийн хэрэгслийн түрээсийн төлбөр 15,000,000 төгрөг, гэрээнээс учирсан хохирол 12,918,354 төгрөг, нийт 79,418,354 төгрөг гаргуулахаар шаардсан.

1.1. Нэхэмжлэлийн үндэслэлийг Л.Б нь Д.Үтэй тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах аман хэлцэл хийж, түүнээс Hyundai Universe маркийн ***ДОУ улсын дугаартай автобусыг 90,000,000 төгрөгөөр хувааж төлөх нөхцөлтэйгөөр худалдан авахаар тохиролцож, Л.Б автобусны мөнгийг Ц.У ээс авч Д.Үт өгсөн. Ц.У уг гэрээний төлбөрт зориулж банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан. Тээврийн хэрэгсэл эвдэрсний улмаас буцааж өгсөн, гэрээний дагуу төлсөн байсан 51,500,000 төгрөгийг буцааж өгөөгүй ба мөнгө өгөх хүртлээ автобусыг сарын 3,000,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсоныг мөн өгөөгүй, зээлийн хүүг хохиролд тооцон шаардана гэж тодорхойлсон.

2. Хариуцагч Д.Ү нэхэмжлэлийн шаардлагаас 18,700,000 төгрөгийг нэхэмжлэгч Л.Б д төлөхийг хүлээн зөвшөөрсөн ба бусад нэхэмжлэлийг эс зөвшөөрөн маргаж, татгалзлын үндэслэлээ Худалдах, худалдан авах гэрээг Ц.У тэй хийгээгүй, түүнийг танихгүй. Харин гэрээг Л.Б тэй хийсэн. Гэрээний дагуу авсан мөнгийг Л.Б төлж байна гэж ойлгосон. Автобусны эвдрэл нь биет байдлын доголдол биш, харин Л.Б ашиглах явцад ослын улмаас үүссэн эвдрэл учраас би хохирол төлөх үндэслэлгүй. Автобусыг түрээслэх тохиролцоо болоогүй, би түрээслэнэ гэж хэлээгүй, бусдаас авсан зээлийг би хариуцахгүй гэж тайлбарласан.

3. Хэргийн үйл баримт:

3.1. Л.Б , Д.Ү нар найз нөхдийн харилцаатай бөгөөд 2024 оны 12 дугаар сард Л.Б нь Д.Үөөс ***ДОУ улсын дугаартай Hyundai Universe маркийн автобусыг 90,000,000 төгрөгөөр хувааж төлөх нөхцөлтэйгөөр худалдаж авахаар аман хэлцэл хийжээ.

3.2. Нэхэмжлэгч Ц.У , Л.Б нар хамтын амьдралтай байсан гэх бөгөөд дээрх хэлцлийн дагуу Л.Б ийн данснаас 21,500,000 төгрөг, Ц.У ийн данснаас 17,000,000 төгрөг, бэлнээр 13,000,000 төгрөг, нийт 51,500,000 төгрөгийг 2024.12.05-2025.01.15-ны хооронд Д.Үт төлж, хэлцэл хийсэн үеэс тээврийн хэрэгслийг Л.Б хүлээн авсан байна.

3.3. Л.Б автобусыг эзэмшилдээ аваад бусдаар жолоодуулан ашиглаж байх явцад 2025.04.02-ны өдөр зам тээврийн осолд орж, улмаар Л.Б нь автобусыг ашиглах боломжгүй, үлдсэн төлбөрийг төлж чадахгүй болсон зэрэг шалтгаанаар 2025.04.06-ны өдөр автобусыг Д.Үт хүлээлгэн өгч, Д.Ү мөнгийг буцаан төлөхөөр тохиролцсон болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон.

3.4. Нэхэмжлэгч Ц.У 2024.12.25-ны өдөр *** ББСБ ХХК-иас хувийн хэрэглээний зориулалтаар 19,770,000 төгрөгийг сарын 2,6 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай зээлж, зээл авсан өдөртөө 17,000,000 төгрөгийг автобусны урьдчилгаа гэх гүйлгээний утгаар Д.Үт шилжүүлсэн болох нь дансны хуулга, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

3.5. Хариуцагч Д.Ү гэрээний зүйлийг буцаан авснаас хойш 7,947,000 төгрөгийг Ц.У ийн данс руу, 4,080,000 төгрөгийг Л.Б ийн данс руу тус тус шилжүүлж, 24,000,000 төгрөгт тооцож Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг Л.Б д өгсөн болох нь тэдний дансны хуулга, Л.Б ийн гар бичмэл баримтаар тус тус тогтоогдсон.

4. Талууд гэрээний хүчин төгөлдөр байдал, төлөгдсөн болон буцаан төлөгдсөн мөнгөний хэмжээ, гэрээний зүйл биет байдлын доголдолгүй байсан, худалдагч талд буцаан өгөхөд ослын улмаас эвдрэл үүссэн байсан зэрэг үйл баримтын талаар маргаагүй. Харин нэхэмжлэгч Ц.У худалдах, худалдан авах гэрээний дагуу хохирол шаардах эрхтэй эсэх, Л.Б , Д.Ү нарын хооронд автобус түрээслүүлэх гэрээ хийгдсэн эсэх талаар маргаантай байна.

5. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

5.1. Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй болохыг хуульчилсан Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэг, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасны дагуу Л.Б , Д.Ү нар хүсэл зоригоо илэрхийлэн, худалдах худалдан авах гэрээг амаар хийж, Л.Б нь Д.Үөөс тээврийн хэрэгслийг 90,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон байна. Иймд тэдний хооронд хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, худалдагч тал биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчид шилжүүлсэн байх бөгөөд худалдан авагч тал гэрээний дагуу төлөх төлбөрийн зарим хэсгийг биелүүлжээ.

5.2. Харин энэ гэрээний харилцаанд нэхэмжлэгч Ц.У оролцсон гэж үзэх боломжгүй. Учир нь тэрээр тээврийн хэрэгсэл худалдах гэрээний гол нөхцөлийг Д.Үтэй тохиролцоогүй бөгөөд Л.Б , Д.Ү хоёрын хооронд үүссэн худалдах, худалдан авах гэрээний дагуу Л.Б ийн төлөх төлбөрт зориулан зээл авч, мөнгийг Д.Үт шилжүүлснээр уг гэрээний оролцогч болохгүй. Ц.У , Д.Ү нарын хооронд Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан хэлцэл хийгдээгүй байна. Иймд Ц.У нь Д.Үөөс худалдах, худалдан авах гэрээний дагуу төлбөр, гэрээнээс учирсан хохирол шаардах эрхгүй байх тул түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

6. Тээврийн хэрэгслийг жолоодож явсан гуравдагч этгээдийн буруугаас шалтгаалан гэрээний зүйлд эвдрэл үүссэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон ба Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт Гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжинэ гэж заасны дагуу Д.Ү биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг Л.Б д хүлээлгэн өгч, 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн худалдсан эд хөрөнгийг ашигласны үр дүнд оллсон үр шим, устаж гэмтсэний эрсдэл нэхэмжлэгч Л.Б д шилжсэн байна.

7. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж заасныг үндэслэл болгож байгаа талаар тайлбарласан.

7.1. Гэвч гэрээний зүйлийг худалдан авагч тал хүлээн авснаас хойш үр шим буюу эрсдэл худалдан авагчид шилжих учир ашиглалтын явцад үүссэн гэмтлийг худалдагч хариуцахгүй, мөн гэрээнээс үүдэлтэй буюу худалдагч доголдолтой хөрөнгө шилжүүлсэн гэж үзэхгүй тул түүнд гэрээнээс татгалзах үндэслэл бий болоогүй бөгөөд Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1, 255.1.3 дахь хэсэгт тухайн эд хөрөнгийн доголдол нь худалдан авагч түүнийг тээвэрлэх, хадгалах, ашиглах журам зөрчсөнөөс ... үүссэн бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана гэж заасан байна.

7.2. Хэдийгээр нэхэмжлэгч Л.Б гэрээнээс татгалзах шаардлага гаргах эрхээ алдсан боловч талууд харилцан тохиролцсоноор Л.Б ийн гэрээнээс татгалзсаныг Д.Ү хүлээн зөвшөөрч, тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг шаардахгүйгээр урьдчилгаа төлбөрийг буцаан төлөхөөр болжээ.

7.3. Дээрх тохиролцоог шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасанд нийцсэн гэж дүгнэн, буцаан төлөх 51,500,000 төгрөгөөс 24,000,000 төгрөгт тооцон шилжүүлсэн Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл, дансаар шилжүүлсэн 8,947,000 төгрөг, нийт 32,947,000 төгрөгийг хасаж, үлдэх 18,553,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Л.Б д олгож шийдвэрлэлээ.

8. Гэрээний зүйлийг хариуцагчид буцаан өгснөөс хойш 5 сарын хугацааны түрээсийн төлбөрт тооцож 15,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна. Учир нь талуудын хооронд эд хөрөнгө түрээслэх тохиролцоо хийгдсэн гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нэхэмжлэгч тал баримтаар нотлоогүй болно.

9. Шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын тэмдэгтийн хураамжид төлсөн 555,045 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хангагдсан нэхэмжлэл болох 18,553,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн 250,715 төгрөгийг хариуцагч Д.Үөөс гаргуулан нэхэмжлэгч Л.Б д олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Үөөс 18,553,000 /арван найман сая таван зуун тавин гурван мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Б д олгож, нэхэмжлэлээс Ц.У ийн нэхэмжлэл болон 60,865,354 /жаран сая найман зуун жаран таван мянга гурван зуун тавин дөрвөн/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 555,045 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Үөөс 250,715 төгрөг нэхэмжлэгч Л.Б д олгосугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА