Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/00935

 

 

 

 

 

 

 

 

 

С.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Н.Батзориг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2021/00651 дугаартай шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

С.Э- ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2020/01555 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад С.Б-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206045004 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Тайм скүэр 504 дүгээр байрны 702 тоот хаягт байршилтай, 165.1 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг хураан авч, үнэлгээний санал авахад тухайн хороололд борлогдож буй зах зээлийн үнэлгээ 1,634,490,000 төгрөгөөр үнийн санал өгсөн. Гэтэл Нийслэлийншүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 4-146/16024 дугаар албан бичгээр шинжээч 777,762,986 төгрөгөөр үнэлсэн гэж мэдэгдсэн. Энэ нь 776,128,496 төгрөгийн зөрүүтэй, зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур байна. Сэлэнгэ эстимэйт ХХК үнэлгээ гаргахдаа Unegui.mn сайтад байршсан тухайн хотхоны 4 өрөө орон сууцны үнэлгээтэй харьцуулж /5 өрөө байрны зар байсаар байтал/ үнэлгээ тогтоосон нь хэт нэг талыг барьсан байна. Гэтэл Unegui.mn сайтад тавигдсан үл хөдлөх эд хөрөнгө борлуулах зард тухайн хотхоны 1 дүгээр ээлжийн барилга болох Ривер гарденд 190 м.кв талбай бүхий 5 өрөө байр 1,250,000,000 төгрөг, 180 м.кв талбай бүхий 5 өрөө байр 1,500,000,000 төгрөг, харин 2 дугаар ээлжийн барилга болох тухайн хотхонд 165 м.кв талбай бүхий 5 өрөө байр 914,000.000 төгрөгийн үнэ ханштай байна.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч талын хариу тайлбарын агуулга: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2020/01555 дугаартай шийдвэрийн төлбөрийн үүргийг С.Б-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-1216045004 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Тайм скүэр хотхон 504 дүгээр байрны 702 тоот, 5 өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 20291161/140 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 20291161/02 дугаар тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талууд харилцан тохиролцож үнийн саналаа 2021 оны 08 дугаар сарын 13-ны дотор шийдвэр гүйцэтгэгчид ирүүлэх мэдэгдлийг төлбөр төлөгч С.Б-эд 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 4-140/14143 дугаар албан бичгээр биечлэн өгсөн. Төлбөр төлөгч С.Б- нь заасан хугацаанд үнийн саналаа ирүүлээгүй, төлбөр авагч Д.Д ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золзаяа шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь зааснаар хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгох хүсэлтийг 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр ирүүлсэн.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхэд С.Б-ийн өмчлөлийн дээрх орон сууцыг 777,762,986 төгрөгөөр үнэлсэн. Үүнийг 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 4-140/16024 дугаар албан бичгээр талуудад баталгаат шуудангаар мэдэгдсэн. Ингээд анхны албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдлийг 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 4-140/17324 дугаар албан бичиг, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 10/36 дугаар тогтоолыг тус тус 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар анхны албадан дуудлага худалдаанд 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр шинжээчийн үнэлсэн 777,762,986 төгрөгийн 70 хувь буюу 544,434,090 төгрөгөөр оруулахад үнийн санал ирээгүй.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний орлого болон өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж зохицуулан заажээ. Хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний орлого болон өртгийн, зах зээлийн хандлагын аргаар тус тус үнэлж, хөрөнгийн үнэ цэнийг илүү бодитой илэрхийлнэ гэж зах зээлийн харьцуулалтын үнэлгээг сонгон авч тухайн барилгын бүтэц, хийц, төвийн шугам сүлжээ, ашиглалтад орсон он, гадна, тохижилт, байршилтай, ойролцоо, худалдахаар зарлагдаж байгаа байрнуудтай харьцуулах замаар зах зээлийн үнэлгээг тогтоосон байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болсон баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Нэхэмжлэгч тал шинжээчийн үнэлгээг хэт доогуур үнэлсэн болохыг баримтаар нотолж чадаагүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан байх тул үнэлгээтэй холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Дошт даймонд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золзаяагийн хариу тайлбарын агуулга: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч С.Б-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206045004 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Тайм скүэр 504 дүгээр байрны 702 тоот хаягт байршилтай, 165,1 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч харилцан тохиролцож үнийн саналаа 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр тус газрын 317 тоотод шийдвэр гүйцэтгэгч ахлах дэслэгч Ц.Баянчимэгт бичгээр ирүүлэхийг мэдэгдсэн. Гэтэл нэхэмжлэгч тал заасан хугацаанд үнийн саналаа ирүүлээгүй ба төлбөр авагчийн зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу хөндлөнгийн шинжээчийг үнэлгээ тогтоолгож битүүмжилсэн хөрөнгийг яаралтай дуудлага худалдаанд оруулах хүсэлтийг шийдвэр гүйцэтгэгчид гаргасны дагуу барьцаа хөрөнгийн үнэлгээ хийлгүүлсэн. Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн шинжээч С.Отгонбаяр нь үнэлгээ хийж хөрөнгийн үнэлгээний тайлангаа 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр явуулсан. Хариуцагч байгууллага мэдэгдлийг нэхэмжлэгч талд 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр мэдэгдсэн байхад 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэл гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Иймд үнэлгээтэй холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар 55.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Тайм скүэр хотхон 504 дүгээр байрны 702 тоот хаягт байршилтай, 165,1 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг 777,762,986 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч С.Б-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг үнэлж чадаагүй. Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн үнэлгээ нь зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, 5 өрөө орон сууцыг 4 өрөө орон сууцтай харьцуулан үнэлсэн гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд хариуцагч талаас хариу тайлбар гаргаагүй болно.

 

6.Давж заалдах гомдолд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золзаяагийн тайлбарын агуулга: Давж заалдах гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгохоор 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206045004 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Тайм скүэр 504 дүгээр байрны 702 тоот хаягт байршилтай, 165.1 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг 777,762,986 төгрөгөөр үнэлсэн. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар үнэлгээний тайланг хуульд нийцсэн үнэлгээ гэж үзэх бүрэн боломжтой. Мөн Ү-2206045004 дугаарт бүртгэлтэй орон сууцны үнэлгээг тодорхойлсон арга аргачлал зэргийг дүгнэхдээ тодорхой дурдаж, холбогдох фото зургуудыг хавсаргасан үнэлгээний тайлан нь хуульд нийцсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явагдсан. Мөн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн шинжээч С.Отгонбаярыг гэрчээр оролцуулж үнэлгээг хэрхэн хийсэн талаар тайлангаа бүхэлд нь танилцуулсан. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт өөрийн шаардлага, татгалзлын үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй. Иймд анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хязгаарлахгүйгээр хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч С.Б- нь хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан С.Э- ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж тайлбарлан маргасан байна.

3. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болох Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2020/01555 дугаар шийдвэр, 183/ГХ2020/00890 дугаартай гүйцэтгэх баримт бичиг зэргийг үндэслэн мөн оны 09 дүгээр сарын 25-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2-т заасанд нийцсэн байна. /хх 75-79, 86-89/

 

4.Талууд барьцаа хөрөнгүүдийг битүүмжилсэн, хураан авсан, хөрөнгөд үнэлгээ хийлгэхээр шинжээч томилсон ажиллагаанд маргаангүй, харин үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн шинжээчийн үнэлгээ бодитой эсэх нь маргааны зүйл болжээ.

 

5. Шинжээч С.Э- ХХК эд хөрөнгөд үнэлгээ хийхдээ өртгийн, орлогын болон жишиг үнийн аргыг ашигласан байна. Тодруулбал, жишиг үнийн аргыг ашиглан 1 хотхонд байршилтай 3 үл хөдлөх эд хөрөнгийн 1 м.кв талбайн дундаж үнийг харьцуулан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206045004 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Тайм скүэр 504 дүгээр байрны 702 тоот хаягт байршилтай, 165.1 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцны 1 м.кв-ыг 4,710,560 төгрөгөөр тооцож, зах зээлийн үнэ цэнийг 777,762,986 төгрөгөөр үнэлсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн заасанд нийцжээ. /хх 96-119/

 

5.а. Нэхэмжлэгч нь дээрх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах гомдлын үндэслэлээ нотлохоор Unegui.mn сайтад тавигдсан зар болох Ривер гарден хотхоны 190 м.кв талбай бүхий 5 байр 1,25 тэрбум төгрөг, 180 м.кв талбай бүхий 5 өрөө байр 1.5 тэрбум төгрөг, харин 2 дугаар ээлжийн барилга болох тухайн хотхонд 165 м.кв талбай бүхий 5 өрөө байр 914,0 сая төгрөгийн үнэ ханштай байна гэх баримтууд/хх 9-11/-ыг шүүхэд гаргаж өгчээ. Уг баримт нь иргэд өөрсдийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулахаар нийтэд тавьсан үнийн санал тул хуульд заасан журмын дагуу харьцуулалт хийж гаргасан мэргэжлийн үнэлгээчний үнэлгээг бодит бус гэж үзэх үндэслэлгүй.

 

6.Нэхэмжлэгч С.Б- нь маргааны зүйл болох орон сууцны зах зээлийн үнийг 1,634,490,000 төгрөг байгаа гэдгийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

 

7. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглэжээ. Харин шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх заалтыг баримтлаагүй нь буруу байна. Гэхдээ хэргийн шийдэлд нөлөөлөхгүй тул шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2021/00651 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Ч.ЦЭНД