| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргал Батзориг |
| Хэргийн индекс | 2509011020905 |
| Дугаар | 2026/ДШМ/134 |
| Огноо | 2026-01-29 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ж.Энхбат |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 2026/ДШМ/134
2026 01 29 2026/ДШМ/134
Б.Бд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ж.Энхбат,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Төвшинтөгс,
нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/2790 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б болон түүний өмгөөлөгч Б.Төвшинтөгс нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.Бд холбогдох эрүүгийн 2509 01102 0905 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
.................. овгийн ......................ын Б, ..... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эмэгтэй, ........... боловсролтой, ........................ менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт амьдардаг, ................. дүүргийн .... дугаар хороо, ................... хотхон ... дүгээр байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч .................... дүүргийн ... дугаар хороо, .............. хороолол .... тоотод оршин суух хаягтай, /РД:..................................../;
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 877 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн.
Шүүгдэгч Б.Б нь шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор хуурамч бичиг баримт ашиглаж “И Б АББСБ”-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан “И Б АББСБ”-тай 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн БГ-а473 дугаартай зээлийн барьцааны гэрээ, ЗГ-АЗ73 дугаартай зээлийн гэрээг байгуулж 60.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн хаан банкны 5429382293 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,
мөн үргэлжилсэн үйлдлээр шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор хуурамч бичиг баримт ашиглаж “И Б АББСБ”-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан “И Б АББСБ”-тай 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн БГ-А524 дугаартай зээлийн барьцааны гэрээ, ЗГ-А524 дугаартай зээлийн гэрээг дахин байгуулж, 60.000.000 төгрөгийн зээлийг ихэсгэж буюу 100.000.000 төгрөгийн зээл болгон өөрчилж, 35.734.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн худалдаа хөгжлийн банкны 460018974 тоот дансаар шилжүүлэн авч залилсан буюу хохирогч байгууллага болох “И Б АББСБ”-д нийт 95.734.000 төгрөгийн буюу бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.Бг “үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Бд 02 жил 06 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Бгаас 95.734.000 төгрөгийг гаргуулж “И Б А” ББСБ-ын хууль ёсны төлөөлөгч Ц.Ат олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2205002040 дугаар хуурамч гэрчилгээг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Гэр бүлийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.3, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Бгийн хүүхдүүд болох 2008 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн А овогт П-ийн Т /РД:................../, 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төрсөн А овогт П-ийн Г /РД:...................../, 20106 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн Г овогт Ц-ийн Б-т /РД:..................../ нарын асрамжийн асуудлыг асран хамгаалагч томилох, асран хамгаалах үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг Баянгол дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 5 хүүхдийн ээж, өрх толгойлсон эмэгтэй. Хохирлыг төлөх чин эрмэлзэлтэй ч эрүүл мэндийн шалтгаан болон бусад зүйлсээс шалтгаалан төлж чадахгүй явсаар шийтгүүлсэн билээ. Одоо хүүхдүүдийн аав болон найз нөхөд минь хамжин дэмжиж хохирол төлбөрийг барагдуулж байгаа болно.
Иймд миний гэм буруугаа хүлээж, цаашид дахин алдаа дутагдал гаргахгүй байх дээр анхаарч, хохирогчоос албан ёсоор уучлалт гуйж байгааг минь болон өндөр настай ааваас минь өөр харгалзах хүнгүй үлдсэн хүүхдүүдийг минь бодолцож хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Төвшинтөгс давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн;” бол эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцохоор хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л үе шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 95.734.000 төгрөгийг цагдан хоригдож байх хугацаандаа буюу 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “И Б А ББСБ” ХХК-д бүрэн төлж барагдуулан, хохирогчийг гомдол саналгүй болгосон билээ. Мөн шүүгдэгч Б.Б нь насанд хүрээгүй 4 хүүхдийн хамт амьдардаг өрх толгойлсон ганц бие ээж бөгөөд үр хүүхдээ асран хамгаалахын зэрэгцээ 80 гаруй насны хэвтэрт байдаг аавыгаа асардаг нэгэн. Цаашид түүний гэр бүлд буюу насанд хүрээгүй 4 хүүхдэд эх хүний хайр халамжгүйгээр өсөж торниход маш хэцүү байгаа тул хүүхдүүдийн эцэг, эхийн хайр халамжид өсөж торних хууль ёсны эрх ашгийг хамгаалан шүүгдэгч Б.Бгийн хувийн байдал, хохирол төлсөн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшин гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэж заасны дагуу анхан шатны шүүхээс оногдуулсан шийтгэлийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулж өгнө үү.” гэв.
Прокурор Ж.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Б “И Б АББСБ”-т учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулж чадалгүй орсон. Хэргийг шийдвэрлэхэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зүйл байхгүй. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байх тул шүүгдэгчээс гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Мөн хохирогчийн зүгээс хохирлоо төлж барагдуулсан үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хорих ялыг сольж, 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг гаргаж байгаа юм байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б болон түүний өмгөөлөгч Б.Төвшинтөгс нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
1. Шүүгдэгч Б.Б нь шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор хуурамч бичиг баримт ашиглаж “И Б АББСБ”-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан “И Б АББСБ”-тай 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн БГ-а473 дугаартай зээлийн барьцааны гэрээ, ЗГ-АЗ73 дугаартай зээлийн гэрээг байгуулж 60.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн хаан банкны 5429382293 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,
мөн үргэлжилсэн үйлдлээр шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор хуурамч бичиг баримт ашиглаж “И Б АББСБ”-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан “И Б АББСБ”-тай 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн БГ-А524 дугаартай зээлийн барьцааны гэрээ, ЗГ-А524 дугаартай зээлийн гэрээг дахин байгуулж, 60.000.000 төгрөгийн зээлийг ихэсгэж буюу 100.000.000 төгрөгийн зээл болгон өөрчилж, 35.734.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн худалдаа хөгжлийн банкны 460018974 тоот дансаар шилжүүлэн авч залилсан буюу хохирогч байгууллага болох “И Б АББСБ”-д нийт 95.734.000 төгрөгийн буюу бусдад их хэмжээний хохирол учруулсан болох нь:
гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 14-16/,
2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 00177 дугаар эвлэрлийн гэрээ /хх 178/,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 102/Ш32024/10484 дугаар захирамж /хх 179/,
2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 01258 дугаар гүйцэтгэх хуудас /хх 180/,
Ү-2205002040 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ /хх 40-51/,
Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10-2/102 дугаартай улсын бүртгэлийн Ү-2205002040 дугаартай орон сууцны хувийн хэргийн хуулбар, лавлагаа /хх 42-154/,
“И Б А” ББСБ-ын 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн БГ-А521 дугаартай зээлийн барьцааны гэрээ, ЗГ-А524 дугаартай зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх 161-166/,
үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ Ү2205055890 /хх 205/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ЕГ0125/1624 дугаар “...Шинжилгээнд ирүүлсэн “Үл хөдлөх, эд хөрөнгө, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ” гэх зүйл шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцэх “Үл хөдлөх, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ” гэх зүйлс хуурамч байна. Шинжилгээнд ирүүлсэн “Үл хөдлөх, эд хөрөнгө, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ” гэх зүйлийг бүхэлд нь энгийн хэрэглээний өнгөт төхөөрөмж ашиглан хэвлэж үйлдэгдсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн “Үл хөдлөх, эд хөрөнгө, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ” дээрх тэмдэг, гарын үсэг нь шингэн хортой ердийн хэрэглээний өнгөт төхөөрөмж ашиглан хэвлэсэн хуурамч байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх 197-203/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Аийн “...Тухайн үед манай байгууллагад ажиллаж байсан зээлийн эдийн засагч П.Б нь зээлийн гэрээг ...танилцуулсны дагуу би тухайн гэрээтэй танилцаж гарын үсэг зурсан. ...Би гэрээтэй танилцсаны дараа Б.Бгийн үл хөдлөх хөрөнгийн лавлагаа орж ирсэн бөгөөд би лавлагаатай ч танилцсан. Гэхдээ тухайн лавлагаа Б.Б өөрөө гаргаж өгсөн байсан юм. Тэгээд Б.Б нь зээлээ төлөхгүй байсаар шүүхийн шийдвэр гарсан бөгөөд манай шүүхийн шийдвэрийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэгч Билэгтмаа гэх хүн хариуцсан юм. Гэтэл Б.Бгийн барьцаа хөрөнгө нь дуудлага худалдаагаар зарагдаад худалдаж авсан хүний нэр рүү шилжүүлэх гэсэн боловч Б.Бгийн нэр дээр ямар ч үл хөдлөх хөрөнгө бүртгэлгүй байна гэсэн хариуг хэлсэн. Тэгээд манай байгууллага Б.Б гэх хүнд залилуулсан гэдгээ мэдсэн. Эхлээд нэг гэрээгээр 60.000.000 төгрөгийг зээлсэн юм. Харин дараа нь хоёр дахь гэрээг байгуулж 40.000.000 төгрөгийг нийт 100.000.000 төгрөгийн зээл авсан. Б.Б нь тухайн зээлээсээ нэг ч төгрөгийн эргэн төлөлт хийгээгүй. Би П.Б гэх хүнтэй хамтарч ажиллаад 3 жил болсон бөгөөд П.Бын өмнө гаргасан зээлүүд ямар ч асуудалгүй байсан бөгөөд ганцхан Б.Бтай байгуулсан гэрээ нь дээр үл хөдлөх хөрөнгийн тамга даруулаагүй байсан...” /хх 20/,
гэрч П.Цийн “...Би тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгч, эзэмшигч мөн бөгөөд би 2014 онд ипотекийн 8 хувийн зээлээр анхны эзэмшигч болсон. Тухайн орон сууцанд манай хүү н.Төрболд 2016 оныг хүртэл амьдарч байгаад Австрали улс руу явсан. Тэгээд 2018 онд Б.Б гэх эмэгтэй хүүхэд болон хадам ээжийн хамт манай байрыг түрээсэлж суух болсон юм. Б.Б нь 2018 оноос хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй манай байранд түрээсэлж амьдарч байгаа юм. Тэгсэн 2025 оны эхээр Ц.А гэх хүн шүүхийн шийдвэрийн нэг хүнтэй цуг манайд ирээд надад “Б.Б гэх хүн танай байрны гэрчилгээг хуурамчаар үйлдээд зээл аваад одоо зээлээ төлөхгүй байгаа” гэсэн утгатай зүйлийг хэлсэн. Тэгээд би энэ асуудлын талаар Б.Бд хэлэх үед тэр надад “харин нэг тийм асуудал байгаа учраас би таны байрыг заавал худалдаж аваад гэрчилгээг өөрийн нэр дээрээ шилжүүлж авах хэрэгтэй байна” гэж надад хэлж байсан. Би 2014 онд гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж авснаас хойш өөр хүний нэр дээр шилжүүлсэн зүйл байхгүй. Би тухайн байрыг барьцаалж зээл авч байсан зүйл байхгүй. Тухайн гэрчилгээ надад л хадгалагдаж байсан. Би Б.Бд өгч байсан зүйл байхгүй...” /хх 24/,
гэрч П.Бын “...нэг найзын хамт манай дээр зээл судлуулахаар ирж байсан. ...2 дахь удаагаа манай байгууллага дээр орж ирэхдээ Б.Б үл хөдлөх хөрөнгийн зээл авахаар орж ирж байсан, 60 сая төгрөгийн зээл авахаар тухайн үед ...үл хөдлөх хөрөнгийнх нь гэрчилгээ ламинатордчихсан байсан. Тухайн үед манай дээр 2 харилцааны менежер, нягтлан бодогч болон гүйцэтгэх захирлууд бүгд байсан. Бүгд гэрчилгээг эргүүлж тойруулж харсан. Ламинатордсан учраас ийм асуудал үүсэж байгаа юм байна. За юу ч гэсэн и-монголиагаараа ороод үл хөдлөх хөрөнгийн лавлагаа эсвэл ТҮЦ машинаасаа ороод үл хөдлөх хөрөнгийн лавлагаа аваад ир гээд зээлийг нь судалсан. ...бүх материалууд болон дансны хуулга, бизнесийн үйл ажиллагаатай холбоотой материалуудыг гүйцэтгэх захирал Ц.Ат бүгдийг нь танилцуулж, материал нэг бүрээр нь үзүүлж хянуулсан. Тэрний үндсэн дээр захирлын шийдвэрээр зээл олгосон. ...2 дахь удаагаа манайхаас зээлийн үнийн дүнг нэмж зээл авахдаа хүүхэд нь үсэглэлийн баяртаа орох гэж байгаа ...яараад байна, энэ лавлагаа арай ороогүй юм шиг байна, яаралтайгаар хийлгэчихсэн чинь, би хүүхдийнхээ үсэглэлийн баяр луу явж байгаад тэр хоорондоо явуулчихъя гээд надад болон манай хамт ажиллаж байсан харилцааны менежер, манай гүйцэтгэх захирлуудад хэлж байсан. Бүртгэл хийлгэсэн болохоор нөгөө лавлагаа дээр бүртгэгдсэн барьцаалбарт барьцааны гэрээ бүртгэгдсэн гэж гардаг байхгүй юу. Уг нь бол намайг асуудалтай байж магадгүй гэж сэрдэж байгаа шалтгааныг ерөнхийдөө бол ойлгосон. Тухайн үед бол би анзаараагүй байна лээ. Гэхдээ ялт ч үгүй гэрээн дээр тамга бол дарагдаагүй байсан байна лээ. ...Тухайн үед бол лавлагааг нь холбогдох ажилтнууддаа ч гэсэн харуулж байсан. ...Ерөөсөө тэрийг ямар нэгэн улсын бүртгэлийн гэрчилгээнд асуудал байгаа гэж ерөөсөө тийм бодол төрөөгүй. ...Баянгол дүүргийн нэг цэгийн үйлчилгээ дээр очоод тэгээд үүднийх нь үйлчлэгч эгчээр гуйлгуулаад ингээд өдөрт нь гаргуулахаар гуйчихсан байгаа юм гэж ярьж байсан. Ер нь бол яаралтайгаар ажлын 8 цагт гардаг байсан ч сүүлд шинэчлэгдээд яаралтай гэсэн юм байхгүй, ажлын 3 хоногийн дотор барьцааны гэрээ бүртгэдэг болсон байхгүй юу. Эхний авсан 60 саяын зээр дээр 3 сарын турш зээлийн эргэн төлөлт, 3 сарын хүү ерөөсөө орж ирээгүй. ...Зээл авах үед нөхрийнхөө болон нөхрийнхөө гэр бүлийн эрчим хүчний зөвшөөрөл авдаг тэр ажлын гэрээтэй байсан. ...Харилцагч байгууллагынхаа хүмүүстэй уулзчихсан байна, төрийн сан дээр мөнгө нь удаад байна гэх мэтчилэн шалтгаанууд хэлээд л байдаг байсан. ...4 сард авсан зээл хүртлээ нэг сард авсан зээлээ ерөөсөө эргэн төлөлт хийгээгүй. Б.Бгийн тэр нэг сард авсан зээл болон 3 сарынх нь хүүг нэмээд нэмсэн дүнгээр зээлээс чөлөөлсөн. Манай захирлууд өөрсдөө зээлийг нь чөлөөлөөд буцаагаад шинэ зээлийн гэрээ байгуулаад барьцаа хөрөнгө дээр зээл олгосон гэсэн үг. Анх гэрээ байгуулахаар ирэхдээ дансны хуулга, тэр нөгөө компанийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, нөхрийнх нь бичиг баримт байсан. ...дансны хуулгаар нь тухайн үед бензиний түлш, гэрээний хөлс гэсэн мөнгөнүүд их орж ирсэн байсан. ...Тэгээд ер нь бол сардаа хамгийн багадаа 1, 2 сая хавьцаа орж ирдэг юм байна гэж тухайн үед би гүйцэтгэх захиралдаа хэлж байсан...” /хх 35-38/,
гэрч Р.Бын “...Би Ү-2205002040 улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 23а байрны 142 тоот хаягтай тухайн орон сууцыг эзэмшдэг. 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр өөрийн эзэмшилд үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниар дамжуулан хувь хүнээс 126.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тухайн орон сууцыг худалдаж аваад л өөр хүнд 1 жилийн хугацаатай түрээсэлсэн. Тэгээд 2023 онд манай охин гэр бүлтэй болоод өнөөдрийг хүртэл манай охин н.Г нь амьдарч байгаа. Орон сууцны гэрчилгээ нь миний нэр дээр байдаг, харин манай охин амьдардаг. Тухайн орон сууцны гэрчилгээг өөр хүн шилжүүлсэн зүйл байхгүй. Болд Б гэж хүнийг танихгүй...” /хх 26/,
гэрч С.Оын “...Би Б.Б гэх хүнийг огт танихгүй, харж байгаагүй. Би тухайн үед Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст улсын бүртгэгчээр ажиллаж байсан. Уг гэрчилгээг харахад миний гарын үсэг биш байх ба тухайн гэрчилгээ нь ламинатордсон байх ба ямар нэгэн нууцлалгүй байна. Харваас илэрхий хуурамч гэрчилгээ байна. Улсын бүртгэгч хуурамч гэрчилгээ дээр гарын үсэг зурах ойлголт байхгүй...” /хх 28/ гэх мэдүүлгүүд зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Б.Бд холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
2. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Бгийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн түүнийг үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.
Шүүгдэгч Б.Бгийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн асуудлаар маргаагүй болно.
3. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон этгээдэд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хууль зүйн дүгнэлтийг хийдэг.
Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Бд 02 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар буюу хуульд заасан төрөл, хэмжээний дотор ялыг оногдуулжээ.
4. Шүүгдэгч Б.Б болон түүний өмгөөлөгч Б.Төвшинтөгс нар “...хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг хуулиар шүүхэд олгосон.
Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд, шүүгдэгч Б.Бд оногдуулсан хорих ялыг торгох ялаар дүйцүүлэн сольсноор ялын биелэлт хангагдах нөхцөл байдал тогтоогдохгүй буюу түүнд торгох ялыг биелүүлэх орлогын эх үүсвэр баримтаар нотлогдохгүй байх тул давж заалдах гомдлуудыг хүлээн авах боломжгүй байна.
Харин давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.Бгийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор гаргуулахаар шийдвэрлэсэн 95.734.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй /хх 106/ гэсэн болон түүний хувийн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар түүнд оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял болгон багасгах боломжтой гэж үзлээ.
Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Б.Б болон түүний өмгөөлөгч Б.Төвшинтөгс нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Б.Бгийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 52 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/2790 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
- 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Бд 02 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Бд 1 /нэг/ жил 03 /гурав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй...” гэж,
- 3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 02 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 01 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй...” гэж,
- 6 дахь заалтын “...20106 оны...” гэснийг “...2016 оны...” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Б.Б нь хохирогч “И Б АББСБ”-д 95.734.000 /ерэн таван сая долоон зуун гучин дөрвөн мянга/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бгийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 52 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ