| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2022/05134/И |
| Дугаар | 192/ШШ2026/01258 |
| Огноо | 2026-01-28 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 192/ШШ2026/01258
2026 01 28 192/ШШ2026/01258
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн ...дүгээр хороо, Нацагдоржийн гудамж, ЮуБи март худалдааны төвийн ...тоот хаягт байрлах О ХХК /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн ...дүгээр хороо, .... дугаар байрны ....тоот хаягт оршин суух, ......ургийн овогт ...овогтой Э /РД:..../-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: С.Э 100,000,000 /нэг зуун сая/ төгрөг гаргуулах тухай О ХХК-ийн үндсэн нэхэмжлэл, О ХХК-иас 264,865,796 /хоёр зуун жаран дөрвөн сая найман зуун жаран таван мянга долоон зуун ерэн зургаан/ төгрөг гаргуулах тухай С.Э сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.У , хариуцагч С.Э , хариуцагчийн өмгөөлөгч Д.Жаргал нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл:
1.1. С.Э нь О ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн ..дугаар хороо, ...дугаар хороололд байрлах *** блок барилгын ...тоот орон сууцыг компаниас олгосон зөвшөөрлийн дагуу 2018.04.30-ны өдөр барьцаалж иргэн Д.Н 150,000,000 төгрөгийг зээлж, уг мөнгөнөөс 100,000,000 төгрөгийг О ХХК-д, 50,000,000 төгрөгийг иргэн н.Ж өөрийн дураар шилжүүлсэн байсан. Бид С.Э авсан 100,000,000 төгрөгийг 2018.05.30-ны өдөр С.Э д бүрэн төлж барагдуулсан.
1.2. Гэтэл С.Э нь н.Ж шилжүүлсэн 50,000,000 төгрөг болон манай компанийн төлсөн 100,000,000 төгрөгийг Д.Н т өгөөгүйгээс зээлийн барьцааны зүйл болох орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Д.Н нэр дээрээ гаргуулсан. Үүнийг манай компани мэдээд Д.Н , С.Э нарт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж, О ХХК, Д.Н нарын 2019.01.30-нд байгуулсан Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын шинэчилсэн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, гэрээний дагуу шилжүүлсэн орон сууцыг өмчлөх эрхийг О ХХК-д шилжүүлэн бүртгэл хийхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгах, С.Э д холбогдуулан 50,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан. Шүүхээс 2022.03.25-ны өдрийн 102/ШШ2022/...дугаар шийдвэр, 2022.05.23-ны өдрийн 210/МА2022/... дугаар магадлал гарч, манай компанийг С.Э гаар дамжуулан Д.Н ын зээлийн төлбөрт төлсөн 100,000,000 төгрөгийг төлөөгүй гэж үзэж, Д.Н т манай компаниас 105,000,000 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн. Иймд бид Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар С.Э үндэслэлгүйгээр олж авсан 100,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж байна.
1.3. Хариуцагч хариу тайлбартаа Л ХХК-ийн 49 хувийн хувьцааг О ХХК-ийн захирал Д.Г шилжүүлж авахдаа маргаан бүхий 100,000,000 төгрөгийн өр тооцогдсон гэжээ. Тухайн компанийн 49 хувийн хувьцааг шилжүүлж авахдаа нэхэмжлэлийн шаардлагад дурдсан өр төлбөр тооцогдоогүй ба үүнийг нотлохоор 2019.02.19-ний өдрийн Хувьцаа эзэмшигчдийн гэрээний эх хувийг нотлох баримтаар гаргасан. Энэ талаар гэрээний 3.1, 3.1.1, 3.2-т заасан байгаа...гэв.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
2.1. Нэхэмжлэлд хавсаргасан шүүхийн шийдвэрт Д.Н 41,500,000 төгрөгийг, мөн Вива сити хотхоны 45,000,000 төгрөгт тооцож хүлээн авснаа зөвшөөрдөг ба үүнээс үзвэл нийт 86,500,000 төгрөгийг Д.Н т буцаан төлөгдсөн гэж үзэхээр байна.
2.2. Нэг талаас гүйцэтгэгчээр С.Э , Т.У , нөгөө талаас О ХХК нарын хооронд 2019.01.25-ны өдөр хийсэн Өглөг авлага барагдуулах гэрээний гүйцэтгэгч Т.У нь үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Гэрэлт гэр төслийг хэрэгжүүлэгч Л ХХК-ийн 100 хувь хувьцаа эзэмшигч байсан. Энэ гэрээний 1.1.1 дүгээр заалтаар Д.Н авсан зээлийн төлөгдөөгүй төлбөрийг 100,000,000 төгрөг, ...1.1.1-1.1.6-д заасан бүх төлбөрт нийт 1,595,589,000 төгрөг болсон ба уг төлбөрт Т.У ын Л ХХК-ийн хувьцааны 60 хувийг эзэмших, төслийг бүхэлд нь барьцаанд авах, хамтран үүрэг гүйцэтгэгч нар төлөлт хийсэн тохиолдолд төслийг хэсэгчлэн барьцаанаас чөлөөлөх талаар О ХХК-тай гэрээгээр тохирсон юм. Энэ гэрээг үндэслэн Л ХХК-ийн 49 хувийн хувьцааг О ХХК-ийн захирал Д.Г өөрийн нэр дээр авахаар Т.У тай 2019.02.20-ны өдөр Компанийн эрх шилжүүлэх гэрээ, Компанийн хувьцаа шилжүүлэх гэрээг тус тус байгуулсан.
2.3. С.Э , Т.У нарын нийт өр авлагыг тооцоод 1,595,589,000 төгрөг гэж гэрээ байгуулан, Т.У ын компанийн хувьцааг өөр дээрээ шилжүүлж авчихаад дахин надаас 100,000,000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. С.Э д холбогдуулж гаргасан 100,000,000 төгрөгийг Т.У Гэрэлт гэр төслийг хэрэгжүүлэгч Л ХХК-ийн хөрөнгө оруулалт болсон гэдгийг нэхэмжлэгч компанийн захирал Д.Г өөрөө сайн мэддэг. Иймд би 100,000,000 төгрөгийг өөртөө захиран зарцуулаагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.
2.4. О ХХК-ийн нэхэмжлэлдээ хавсаргасан төлбөрийн баримтуудад Х.З гэдэг нэртэй хувь хүний данснаас С.Э данс руу шилжигдэн орж, бэлнээр авсан баримт байдаг. Эндээс О ХХК өөрөө зээлийг буцаан төлсөн гэдэг нь нотлогдохгүй байна. Хэрэв энэ мөнгө тус компанийн мөнгө байсан бол анхан шатны баримт бүрдүүлэх ёстой байсан. Санхүүгийн орлого, зарлагын баримтууд байх шаардлагатай. Үүнийг үндэслэж байж банкнаас гүйлгээ хийгддэгийг Х.З гэрчээр хэлсэн байдаг. 2-р хх-80-89 дүгээр хуудаст авагдсан баримтуудын анхан шатны баримтыг гаргуулахаар шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгч тал баримтыг гаргаагүй. Зээлийг төлөхөөр мөнгө хүссэн өргөдлийг гаргадаг байсан ч уг баримтыг нэхэмжлэгч тал гаргаагүй байгаа учраас нотлогдох боломжгүй гэж үзэж байна. Мөн 2022 оны шүүхийн шийдвэр гарахад О ХХК өөрөө С.Э д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан ба Д.Н т 100,000,000 төгрөг төлсөн гэх баримтаа гаргаж өгөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй...гэв.
3. Хариуцагч С.Э сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл:
3.1. Миний бие 2018 оны 09 дүгээр сараас О ХХК-ийн санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж байсан ба энэ хугацаандаа 2018.05.30-ны өдөр Хай апартмент төслийн барилгаас 199 м.кв орон сууцыг худалдан авахаар тохиролцсон байсан. Тухайн үед би О ХХК-ийн үйл ажиллагаанд өөрийн оруулсан хувь хөрөнгө, барилгын материал худалдан авах, цахилгаан тог, ус дулааны мөнгө төлөх, иргэн аж ахуйн нэгжүүдээс авсан зээлийн эргэн төлөлтийг өөрийн мөнгөнөөс хийж байсан. Намайг ажлаас гарах хүртэл О ХХК-ийн санхүүгийн албатай тооцоо нийлж, өглөг авлагаа тодруулъя гэхээр санхүүгийн албаны хэн нь ч надтай харьцахгүй, Д.Г захирал хүлээж авч уулзаагүй. Иймд миний бие 2018.11.27-ны өдрөөс 2019.08.06-ны өдрийг хүртэл О ХХК-ийн өмнөөс бусдад төлөх ёстой ажил гүйцэтгэх гэрээний хөлс, цахилгааны төлбөр, Начин заан ломбард болон хувь иргэнээс авсан зээлийн төлбөрт төлсөн нийт 264,865,796.70 төгрөгийг О ХХК-иас гаргуулахаар шаардаж байна.
3.2. Хөдөлмөрийн гэрээг талууд 2018.12.21-ний өдөр байгуулж, төд удалгүй ажлаас чөлөөлсөн байдаг. Үүнээс өмнө ч хөдөлмөрийн гэрээгүйгээр ажиллуулж байсан ба гэрээ байгуулахгүйгээр 2017.11-2019.03 хүртэл ажилласан. Энэ хугацаанд 2018.06 сараас эхлээд байгууллагын өглөг, авлагын асуудлыг өөрөө дур мэдэн шийдэж байгаагүй, нэхэмжлэгч компанийн хүсэлтийн дагуу бусад харилцагч нарт төлбөр төлж байсан, үүнийгээ гаргуулахаар шаардаж байна...гэв.
4. Сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар, татгалзлын үндэслэл:
4.1. С.Э сөрөг нэхэмжлэлд дурдсанаар манай компанийн өмнөөс барилгын материал худалдан авах, цахилгаан тог, ус дулааны мөнгө төлөх, иргэн аж ахуйн нэгжээс авсан зээлийн эргэн төлөлтийг төлж байсан талаар дурдсан байна. Гэвч компанийн өмнөөс төлсөн асуудал байхгүй, компанийн удирдлагын зүгээс төл гэсэн үүрэг өгөөгүйгээс гадна санхүү эрхэлсэн орлогч захирлын ажил үүргийн хуваарьт үүрэг болгоогүй. Иймд хүлээн зөвшөөрөх боломжгүй.
4.2. С.Э өмнө нь О ХХК-д холбогдуулан байрны мөнгө, засвартай холбоотой мөнгө шаардаж нэхэмжлэл гаргаж байсан. Тэр хугацаанд одоо гаргаж байгаа нэхэмжлэлээ гаргах боломжтой байсан ч гаргаагүй. Энэ сөрөг нэхэмжлэл нь манай гаргасан үндсэн нэхэмжлэлтэй хамааралгүй байна. Мөн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. С.Э тай байгуулсан Орон сууц захиалгын гэрээ нь төлбөр төлөгдөөгүй учраас цуцлагдсан ба уг гэрээтэй холбоотой маргаан шүүхэд иргэний хэрэг үүсээд, шүүх засвар хийсэнтэй холбоотой 119,000,000 төгрөгийн талаар дүгнэлт өгч шийдвэрлэсэн байдаг.
4.3. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой бус байна. Анхан шатны санхүүгийн баримтууд болох кассын зарлага болон бэлэн мөнгөний тайлангаар С.Э бараа материал, бусад зардалд төлсөн мөнгийг компани бүрэн төлсөн. Сөрөг нэхэмжлэлд хавсаргасан С.Э дансны хуулгыг харахаар 2018.06.15-ны өдрөөс эхэлсэн байдаг ба нэхэмжлэлийн шаардлага нь 2018.11.27-ны өдрөөс эхлэн гарсан зардлыг шаардана гэдэг. Сөрөг нэхэмжлэл нотлохоор гаргасан баримтуудаас 242,747,826 төгрөг баримтаар харагдаж байна. Шүүхэд энэ зардлыг гаргуулахаар шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан бөгөөд үндсэн нэхэмжлэлтэй холбоогүй байгаа учир сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү...гэв.
5. Нэхэмжлэгч талын гаргасан баримтууд: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрмийн хуулбар /1-р хх-4/, мөнгө шилжүүлсэн төлбөрийн баримт /1-р хх-8-11/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.03.15-ны өдрийн 00901 дугаар шийдвэрийн хуулбар /1-р хх-13-20/, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.05.23-ны өдрийн 00988 дугаар магадлалын хуулбар /1-р хх-21-26/, Л ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн 2019.02.19-ний өдрийн гэрээний эх хувь /1-р хх-38-41/, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.02-ны өдрийн 01473 дугаар шийдвэрийн хуулбар /1-р хх-140-143/, О ХХК, С.Э нарын 2021.03.23-ны өдөр байгуулсан Төлбөр барагдуулах гэрээний хуулбар /2-р хх-23/, О ХХК-ийн бэлэн мөнгөний зарлагын баримтуудын хуулбар /2-р хх-80-89/, Х.З ажилд томилох тухай О ХХК-ийн захирлын 2017.11.06-ны өдрийн Б/80 тоот тушаал /3-р хх-28/, мөн компанийн нягтлан бодогчийн үйлдсэн С.Э Дараа тооцоогоор авсан мөнгө-ний жагсаалт /3-р хх-29/, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2021.03.29-ний 240 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолын хуулбар /2-р хх-30-31/, О ХХК-ийн бэлэн мөнгөний гүйлгээний тайлангийн хуулбарууд /3-р хх-111-131/, Фискал аудит ХХК-ийн гаргасан аудитын тайлангуудын хуулбар /3-р хх-75-99/, О ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк ХК дахь харилцах дансны хуулга /3-р хх-107-110/, О ХХК-ийн кассанд байгаа бэлэн мөнгө гэх жагсаалт /3-р хх-132-135/,
6. Хариуцагч талын гаргасан баримтууд: Л ХХК, Д.Г нарын байгуулсан Компанийн эрх шилжүүлэх болон Компанийн хувьцаа шилжүүлэх гэрээнүүдийн хуулбар /1-р хх-33-36/, Хаан банкны орлогын баримт /1-р хх-57/, С.Э Хаан банк дахь харилцах дансны хуулга /1-р хх-58-110/, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.12-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн хуулбар /хх-111-118/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.01.18-ны өдрийн 00795 дугаар Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж /1-р хх-119/, мөн шүүхийн 2022.04.04-ний өдрийн 01230 дугаар шийдвэр /1-р хх-120-125/, О ХХК, С.Э нарын байгуулсан 2018.09.27-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний хуулбар /1-р хх-149-153/, О ХХК, С.Э нарын байгуулсан 2018.05.21-ний өдрийн 01/395 дугаар Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний хуулбар /1-р хх-154-157/, Байрны засварын зардлын тооцооны хуулбар /1-р хх-158-162/, С.Э , М.М нарын 2018.05.25-ны өдөр байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний хуулбар /1-р хх-163-164/, Орлого, зарлагын баримтуудын хуулбар /1-р хх-165-175/, С.Э үйлдсэн Хөрөнгө оруулалтын орлогын мэдээлэл бүхий хүснэгтийн хуулбар /1-р хх-176-177/, Сүхбаатар дүүргийн шүүхэд 2019.08.23-ны өдөр гаргасан гэрч асуулгах тухай хүсэлтийн хуулбар /1-р хх-178/, Т.У ыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрчээр асуусан 2019.08.23-ны өдрийн тэмдэглэлийн хуулбар /1-р хх-179-182/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.11.05-ны өдрийн 12273 дугаар захирамжийн хуулбар /1-р хх-183-185/, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн Хөрөнгө үнэлсэн тухай 2020.02.19-ний өдрийн 050 тоот дүгнэлтийн хуулбар /1-р хх-186-197/, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.09.06-ны өдрийн шийдвэрийн хуулбар /2-р хх-39-44/, О ХХК-ийн бэлэн мөнгөний зарлагын баримтууд /2-р хх-160-164, 223/, О ХХК, С.Э нарын 2021.03.23-ны өдөр байгуулсан Төлбөр барагдуулах гэрээ /2-р хх-165-166/, О ХХК-ийн Д.Н тай байгуулсан 2018.04.30-ны өдрийн 01/391 тоот Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ /2-р хх-167-169/, О ХХК-ийн С.Э тай 2017.03.20-ны өдөр байгуулсан 01/340 тоот Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ /2-р хх-170-171/, Хаяг тодорхойгүй туслан гүйцэтгэгч компаниудын жагсаалт гэх хүснэгтэн баримт /2-р хх-173-178/, Хурлын тэмдэглэл /2-р хх-179/, Төслийн багийн хурлын тэмдэглэлүүд /2-р хх-184-202/, С.Э Э.А байгуулсан 2018.11.30-ны өдрийн зээлийн гэрээ /2-р хх-203/, Хаан банк ХК-ийн гаргасан Б.И дансны тодорхойлолт /2-р хх-204/, Б.И Хаан банк дахь харилцах дансны хуулга /2-р хх-205-215/,
7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс бүрдүүлсэн баримтууд: Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс ирүүлсэн О ХХК-ийн 2018.10.01-2019.03.31 төлбөрийн баримтын жагсаалт /1-р хх-204-205/, Нийслэлийн Татварын газраас ирүүлсэн О ХХК-ийн борлуулалтын падааны жагсаалт /1-р хх-218-224/, Татварын ерөнхий газраас ирүүлсэн О ХХК-ийн цахим төлбөрийн баримтын худалдан авалт, борлуулалтын мэдээлэл /1-р хх-229-250, 2-р хх-1-10/, Т.У ыг гэрчээр асуусан тэмдэглэл /2-р хх-140-143/, Хариуцагч С.Э гар утсанд хадгалагдаж буй фото зурагт үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хх-11-19/, Х.З гэрчээр асуусан шүүх хуралдааны тэмдэглэл /3-р хх-46-57/,
ҮНДЭСЛЭХ нь:
О ХХК-ийн С.Э д холбогдуулж гаргасан үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, С.Э О ХХК-д холбогдуулж гаргасан сөрөг нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгч О ХХК нь хариуцагч С.Э д холбогдуулан 100,000,000 төгрөг гаргуулахаар шаардаж, нэхэмжлэлийн үндэслэлийг С.Э нь О ХХК-иас Д.Н т зээлийн төлбөрт төлүүлэхээр шилжүүлсэн 100,000,000 төгрөгийг төлөөгүйгээс энэ хэмжээгээр зээлийн гэрээний үүрэгт төлбөр төлөхөөр шүүхийн шийдвэр гарсан учир С.Э 100,000,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөнийг буцаан гаргуулахаар шаардана гэж тодорхойлсон.
2. Хариуцагч С.Э нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлийг уг 100,000,000 төгрөг нь Д.Н т төлөх зээлийн төлбөрт зориулагдаагүй, тухайн зээлийн төлбөр байсан гэдгийг нэхэмжлэгч нотлоогүй, уг мөнгийг Л ХХК-ийн хувьцааг худалдаж авах төлбөрт тооцсон гэж тайлбарлан маргаж байна.
3. Хариуцагч С.Э нь нэхэмжлэгч О ХХК-д холбогдуулан 264,865,796 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг нэхэмжлэгч байгууллагад санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж байхдаа компанийн бусдад төлөх өр төлбөр, ажил гүйцэтгэх гэрээний хөлс, цахилгааны төлбөр, компанийн захирлын бусдаас авсан зээлийн төлбөрийг өөрийн мөнгөөр төлж байсныг гаргуулахаар шаардана гэж тодорхойлсон.
4. Нэхэмжлэгч О ХХК-иас сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлийг сөрөг нэхэмжлэлээр шаардсан мөнгөн төлбөрийн цаг хугацаа болон төлбөрийн дүн зөрүүтэй, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн, үндсэн нэхэмжлэлд хамааралгүй, мөн компаниас хариуцагчид урьдчилж мөнгө олгогдсоны үндсэн дээр төлбөрүүдийг төлдөг байсан нь бэлэн мөнгөний зарлагын баримтуудаар нотлогдоно гэж тайлбарлан маргаж байна.
5. Хэргийн үйл баримт:
5.1. О ХХК, С.Э нар Хөдөлмөрийн гэрээг аман болон бичгийн хэлбэрээр байгуулж, С.Э нь тус компанийн санхүү, бүртгэл эрхэлсэн захирлаар ажиллаж, энэ хугацаанд талууд Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан, С.Э О ХХК-ийн хэрэгжүүлж байсан Хай апарт төслөөс орон сууц захиалж, хамтран ажиллаж байсан байна.
5.2. Хариуцагч С.Э хамтран ажиллах хугацаандаа О ХХК болон компанийн захирал Д.Г өмнөөс бусдад төлбөр төлөх, зарим төлбөрийг О ХХК-иас С.Э д урьдчилж олгодог байсан болох нь зохигчдын тайлбар, гэрч Х.Золжаргалын мэдүүлэг, мөн компанийн бэлэн мөнгөний зарлагын баримтууд, бэлэн мөнгөний зарлагын тайлан зэргээр тогтоогдож байна.
5.3. О ХХК нь С.Э гаар дамжуулан, түүний танил гэх иргэн Д.Н тай аман хэлцэл хийснээр 100,000,000 төгрөгийг 2018.04.30-ны өдөр зээлж, мөн хэмжээгээр 2018.05.30-ны өдрийн дотор С.Э д дансаар болон бэлнээр буцааж өгсөн бөгөөд С.Э Д.Н т уг 100,000,000 төгрөгийг өгөөгүйн улмаас О ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 105,000,000 төгрөг гаргуулан Д.Н т олгохоор шийдвэрлэсэн болох нь О ХХК-ийн дансны хуулга, бэлэн мөнгөний зарлагын баримт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, уг шийдвэрийг хянасан Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар тус тус тогтоогдсон. /1-р хх-8-11,13-26/
5.4. Дээрх шүүхийн шийдвэр, магадлалаар зээлийн гэрээний үүргийн маргааныг шийдвэрлэхээс өмнө О ХХК, С.Э нар 2021.03.23-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээ бичгээр байгуулж, уг гэрээний 1.4-т О ХХК нь С.Э шилжүүлж авсан 100,000,000 төгрөгийг 2018.05.30-ны өдөр С.Э д бүрэн төлж барагдуулсан болохыг дурдаж, С.Э зээлийн төлбөрийг Д.Н т түүний Хаан банкны дансаар 59,500,000 төгрөг шилжүүлж, 45,000,000 төгрөгөөр тооцож Вива сити 1/16 байр 2-1 тоот дахь орон сууцыг шилжүүлснээр Д.Н т нийт 104,500,000 төгрөгийн зээлийг төлж барагдуулсан талаар гэрээнд тусгажээ. /2-р хх-165/
5.5. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт дээр дурдсан гэрээг үндэслэн Д.Н авсан зээлийн төлбөрийг буцааж төлсөн гэх дүгнэлтийг шүүх хийгээгүй, харин зээлийн төлөлт хийгдээгүй учир зээлдэгч О ХХК-иас 105,000,000 төгрөг гаргуулж Д.Н т олгуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагч С.Э улмаар Д.Н т шилжүүлсэн 59,500,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /2-р хх-39-44/
5.6. Хариуцагч талын зүгээс уг зээлийн төлбөр 100,000,000 төгрөгийг нэхэмжлэгч О ХХК-ийн захирал Д.Г Л ХХК-ийн 49 хувийн хувьцааг шилжүүлэн авах үнэд тооцохоор тохиролцсон гэх агуулгаар тайлбарлаж, түүний тайлбарыг няцаахаар нэхэмжлэгч талаас Л ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Г , Т.У нарын 2019.02.19-ний өдрийн гэрээг нотлох баримтаар гаргасан.
О ХХК-ийн захирал Д.Г нь иргэн Т.У тай 2019.01.25-ны өдөр байгуулсан Өглөг авлага хаах, барагдуулах гэрээг үндэслэн, түүний 100 хувийн хувьцааг эзэмшдэг Л ХХК-ийн 49 хувийн хувьцааг шилжүүлж авахаар 2019.02.19-ний өдөр харилцан тохиролцож, шилжүүлэн авах хувьцааны төлбөр 1,595,589,000 төгрөг байхыг гэрээнд тусгаж, шилжүүлэгч Т.У ын өглөгөөс төлбөр төлөгдөх тутамд хувьцаанд ногдох хэсгээр хувьцааг нь буцаан шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна. /1-р хх-35/
Улмаар Л ХХК-ийн 49 хувийн хувьцаа эзэмшигч Д.Г , 51 хувийн хувьцаа эзэмшигч Т.У нар 2019.02.19-ний өдөр Хувьцаа эзэмшигчдийн гэрээ-г бичгээр байгуулж, гэрээний 3.1.1 дэх хэсэгт талууд ...О ХХК-ийн иргэн Д.Н т зээлийн барьцаа болгон шилжүүлсэн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, ..дугаар хороолол, ..байрны ..тоот орон сууцанд хамаарах зээлийн төлбөр 100,000,000 төгрөгийг зээлийг зуучлагч С.Э д О ХХК нь төлсөн тул энэхүү төлбөртэй холбоотой мөнгөн дүн 49 хувийн хувьцаанд үл хамаарах хөрөнгө болохыг зөвшөөрч байгаа талаар тусгажээ. /1-р хх-39/
5.5. О ХХК, С.Э нар 2018.05.21-ний өдөр 01/395 дугаар Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, захиалагч С.Э д Б блок, 16 давхрын 100 тоот 183,4 м.кв талбай бүхий орон сууцыг гүйцэтгэгч О ХХК 2018 оны 06 дугаар сард ашиглалтанд оруулах, төлбөр 857,395,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн байна.
Уг гэрээ биелэгдээгүй буюу О ХХК-иас гэрээг цуцалсны улмаас С.Э Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэл гаргаж, О ХХК-иас санхүүжүүлсэн урамшуулал 66,649,849 төгрөг, барилгын гүйцэтгэлийн урамшуулал 71,233,500 төгрөг, дотоод засал болон тавилгын үнэ 119,651,690 төгрөг, нийт 257,353,039 төгрөг гаргуулахаар шаардаж, шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 119,651,690 төгрөгийг ханган, бусад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр тухайн гэрээтэй холбоотой маргаан дуусгавар болжээ. /1-р хх-140-143/
5.6. Хариуцагч С.Э нь нэхэмжлэгч О ХХК-д ажиллаж, тус компанийн захирал Д.Г той хамтран ажилласан 2018.06.15-2019.02.03 өдрийг хүртэлх хугацаанд өөрийн мөнгөөр компанийн бусдад төлөх төлбөрт төлсөн нийт 264,865,796 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж, өөрийн дансны хуулга, О ХХК-ийн бэлэн мөнгөний зарлагын баримт, туслан гүйцэтгэгчдийн жагсаалт болон мөнгө шилжүүлж байсан иргэний дансны тодорхойлолт, дансны хуулга зэргийг нотлох баримтаар гаргаж, Т.У ыг гэрчээр асуулгасан.
Харин нэхэмжлэгч талын зүгээс сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч, компанийн өмнөөс төлж байсан төлөлтүүдийг С.Э нь урьдчилж компаниас бэлнээр болон дансаар авдаг байсан гэх агуулгаар тайлбарлаж, татгалзлын үндэслэлийг нотлохоор О ХХК-ийн бэлэн мөнгөний зарлагын тайлан, бэлэн мөнгөний зарлагын баримтуудыг нотлох баримтаар гаргаж, Х.З гэрчээр асуулгасан болно.
6. О ХХК, С.Э нар хөдөлмөрийн гэрээний дагуу болон аман хэлбэрээр харилцан тохиролцож, Баянзүрх дүүрэгт баригдаж байсан Хай апарт төсөл дээр хамтран ажиллаж байсан, хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагын санхүү, бүртгэл хариуцсан захирлаар ажиллах хугацаандаа компанийн болон захирал Д.Г бусдад төлөх төлбөр, худалдан авч буй бараа материалын зардал зэргийн заримыг компаниас бэлнээр болон дансаар урьдчилан авснаар төлж байсан, иргэн Д.Н зээлсэн 100,000,000 төгрөгийг С.Э О ХХК-д дансаар шилжүүлж, О ХХК нь С.Э д 2018.05.03-ны өдөр 20,000,000 төгрөг бэлнээр, 2018.05.21-ний өдөр 80,000,000 төгрөгийг дансаар тус тус өгсөн, тухайн зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан талаар зохигчид маргахгүй.
Харин шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр шийдвэрлэгдсэн мөнгөн төлбөрийг О ХХК нь С.Э шаардах эрхтэй эсэх, нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн дээрх 100,000,000 төгрөг нь тухайн маргаан бүхий зээлийн төлбөр мөн эсэх, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлд тооцогдох эсэх, С.Э шаардаж буй сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх талаар хэн аль нь тодорхой үндэслэл заан маргаж мэтгэлцэв.
Үндсэн нэхэмжлэл:
7. О ХХК нь С.Э г 100,000,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн буюу тус компанийн өмнөөс зээлдүүлэгч Д.Н т өгөхөөр авсан 100,000,000 төгрөгийг өгөөгүйн улмаас О ХХК-иас Д.Н т зээлийн төлбөр 100,000,000 төгрөг гаргуулахаар шүүхийн шийдвэр гарсан гэх агуулгаар нэхэмжлэлээ тодорхойлсон.
Хариуцагч энэхүү нэхэмжлэлийг эс зөвшөөрч, О ХХК-иас шилжүүлсэн 100,000,000 төгрөг нь Д.Н ын зээлийн төлбөрт зориулагдаагүй, уг зээлийн төлбөрийг Л ХХК-ийн 49 хувийн хувьцааны төлбөр буюу тус компанийн хөрөнгө оруулалт болсон гэж тайлбарлан маргаж байна.
7.1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсэгт зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдтэй аливаа үүрэг үүсээгүй, үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр болсон бол буцаан шаардах эрхтэй.
С.Э нь тайлбар, татгалзлаа нотлохоор Л ХХК-ийн эрх болон хувьцаа шилжүүлэх гэрээнүүдийг нотлох баримтаар гаргасан боловч түүний тайлбарыг нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргасан Л ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн байгуулсан 2019.02.19-ний өдрийн гэрээ үгүйсгэж байна.
Хариуцагч С.Э 100,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардах О ХХК-ийн шаардах эрх нь хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болох Л ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээ, О ХХК-ийн бэлэн мөнгөний зарлагын баримт, дансны хуулга зэрэг баримтуудаар тогтоогдохын зэрэгцээ хүчин төгөлдөр болсон Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар тус тус тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлох шаардлагагүй байна.
7.2. Хариуцагч С.Э өөрийн гар утсанд үзлэг хийлгэж, гар бичмэл бүхий баримтын фото зурагт үзлэг хийлгэсэн. Уг баримтад Э төлж байсан мөнгөнүүдийг худалдаж авч байсан байрны төлбөрт тооцоод, үлдэгдлийг банкаар гаргуулах боломжтой гэж бичигдсэн гэх агуулгаар хариуцагч тайлбарлаж үзлэг хийлгэсэн. Тухайн баримтад нэхэмжлэгч О ХХК-ийн захирал Д.Г болон хариуцагч С.Э хэн аль нь гарын үсэг зураагүй, хэлцэл гэж үзэх боломжгүй буюу Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасан бичгээр хийх хэлцлийн шаардлага хангаагүй байна.
Иймд үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч С.Э г О ХХК-ийн өмнөөс зээлдүүлэгч Д.Н т өгөхөөр тус компаниас хүлээн авсан 100,000,000 төгрөгийг өгөлгүйгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэн, хариуцагчаас 100,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
8. Сөрөг нэхэмжлэлээр хариуцагч С.Э нь нэхэмжлэгч О ХХК-д санхүү хариуцсан захирлаар ажиллаж байхдаа нийт 147 удаагийн гүйлгээгээр тус компанийн иргэд, аж ахуйн нэгжид төлвөл зохих ажил гүйцэтгэх гэрээний хөлс, цахилгааны төлбөр, ломбард болон хувь иргэнээс авсан зээлийн төлбөр зэрэгт нийт 264,865,796.70 төгрөг төлснийг О ХХК-иас гаргуулахаар шаардсан.
8.1. Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, сөрөг нэхэмжлэл нь О ХХК-ийн гаргасан үндсэн нэхэмжлэлд тооцогдохгүй, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хэрэгт авагдсан баримтуудаар зардлыг компаниас С.Э д урьдчилж төлж байсан гэх агуулгаар тайлбарлан маргаж байна.
9. С.Э гаргасан сөрөг нэхэмжлэл нь О ХХК-ийн гаргасан үндсэн нэхэмжлэлд тооцогдох эсэх тухайд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ гэж заасан.
С.Э г үндэслэлгүй олж авсан 100,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан О ХХК-ийн үндсэн нэхэмжлэл, тус компанийн бусдад төлөх өр төлбөрийг өөрийн мөнгөөр төлснөөр О ХХК төлбөрийн үүргээс чөлөөлөгдсөн учир бусдын зардлаар өөрийн хөрөнгийг хэмнээр аргаар хөрөнгөжсөн гэх 264,865,796.70 төгрөгийг гаргуулах тухай С.Э сөрөг нэхэмжлэл нь хоорондоо харилцан холбоотой байх бөгөөд тэдгээрийг хамтатган шийдвэрлэх нь маргааныг түргэн шуурхай, үнэн зөв шийдвэрлэхэд ач холбогдолтой эгж үзэхээр байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт заасан бусад тохиолдолд сөрөг нэхэмжлэлийг хамаарна гэж үзээд үндсэн нэхэмжлэлтэй хамтруулан шийдвэрлэлээ.
10. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн эсэх тухайд:
10.1. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2 дахь хэсгүүдэд зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох ба хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүснэ.
10.2. С.Э өөрийн эрх зөрчигдсөн гэдгээ компанийн төлбөрийг бусдад төлж, төлбөрийг компаниас аваагүй үеийг ойлгож болох бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчээс гэрээний үүрэг шаардаагүй, харин тус байгууллагыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх ерөнхий буюу 10 жилийн хугацаа хамаарна.
10.3. Иймд нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлгүй бөгөөд эрх зөрчигдсөн талаар мэдэх боломжтой 2018 оноос хойш сөрөг нэхэмжлэл гаргасан 2022 оны хооронд хуульд заасан шаардлага гаргах 10 жилийн хугацаа дуусаагүй байна.
11. Нэхэмжлэгч О ХХК-иас сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой бус, хэрэгт авагдсан баримтуудаар зардлыг компани урьчдилж төлж байсан болох нь тогтоогдсон гэх агуулгаар татгалзлаа тодорхойлсон.
11.1. С.Э Хаан банк ХК дахь харилцах дансны хуулгаар 2018.06.15-2019.02.22 өдрийг хүртэлх хугацаанд ажлын хөлс, Г О , Зээл төлөв О , зээлийн хүү төлөв О , О гүйцэтгэл, ажлын хөлс, Г гэрээ 1797/02, Г 1797/02, 5062029, 4730, О 2747804, О , хэнх цу арбай, тээврийн хөлс, ажлын хөлс О , О материалын үнэ, О ххк гэх зэргээр 146 удаагийн цахим гүйлгээ, 1 удаагийн шилжүүлгийн баримтаар нийт 264,865,974 төгрөгийн зардлыг С.Э хийсэн болох нь тогтоогдож байна. /1-р хх-58-110/
11.2. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шийдвэрлэгдсэн С.Э нэхэмжлэлтэй О ХХК-д холбогдох орон сууцны засвар, захиалгатай холбоотой зардлыг шаардаагүй гэж тайлбарласан ба тус компанид ажиллах хугацаандаа компанийн болон захирлын өмнөөс бусдад төлөх төлбөрийг төлж байсан гэж тайлбарласан.
Харин нэхэмжлэгч талаас хариуцагчид компанийн үйл ажиллагааны зардал болон дараа тайлан гэх утгаар бэлэн мөнгөний зарлагын баримтуудыг өөрийн компанийн дансны хуулга, С.Э г дараа тооцоогоор авсан мөнгөний тооцоог тус тус нотлох баримтаар гаргаж, О ХХК-иас 2017.06.16-ны өдрөөс 2019.10.29-ний өдрийн хооронд нийт 440,960,948 төгрөг авсан гэж тайлбарлаж байна. /2-р хх-80-89, 3-р хх-29, 107-135/
11.3. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргасан Бэлэн мөнгөний зарлагын баримт болон Бэлэн мөнгөний гүйлгээний тайлан гэх баримтуудаас 2018.12.29-ний өдрийн 270,000 төгрөгийн баримтад Идэрзориг гэх хүн гарын үсэг зурж мөнгийг хүлээн авсан, 2018.12.17-ны өдрийн 3,000,000 төгрөгийн баримтад түр зээл олгов гэх утгаар олгогдсон нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болон өөр зүйлд зарцуулагдсан гэж үзэхээр байна. Мөн 2018.05.03-ны өдрийн 10,000,000 төгрөг нь үндсэн нэхэмжлэлд хамаарах 100,000,000 төгрөгийн зээлийн төлбөрийн нэг хэсэг байх тул нийт 13,270,000 төгрөг болж байгааг О ХХК-иас С.Э д бэлэн мөнгөний зарлагын баримтаар олгогдсон нийт 160,449,242 төгрөгөөр хасаж, үлдэх 147,179,242 төгрөгийг компанийн бусдад төлөх төлбөрт зориулан урьдчилж төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна. /3-р хх-131, 2-р хх-85/
12. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэж заасан үндэслэлд хариуцагч С.Э гаргасан сөрөг нэхэмжлэл хамаарч байна.
Сөрөг нэхэмжлэлд дурдсан 2018.06.15-ны өдрөөс 2019.02.03-ны өдрийг хүртэлх хугацаанд С.Э нь О ХХК-иас бэлнээр болон дансаар 147,179,242 төгрөгийн урьдчилан авч, өөрийн Хаан банк ХК дахь харилцах дансаар болон нэг удаагийн бэлэн төлөлтөөр нийт 264,865,796 төгрөгийг иргэд аж ахуйн нэгжүүдэд О ХХК-ийн төлөх ёстой төлбөрт тооцон шилжүүлж байсан нь түүний дансны хуулга, бэлэн мөнгөний зарлагын баримтуудаар тус тус тогтоогдож байх тул О ХХК-ийн төлөөгүй төлбөрийн зөрүү 117,686,554 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж, хариуцагчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
13. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргасан бэлэн мөнгөний зарлагын баримтуудад дурдагдсан мөнгийг хариуцагч хүлээж аваагүй, нотлох баримтын шаардлага хангаагүй гэх зэргээр тайлбарлан маргах боловч тайлбар татгалзлаа баримтаар нотлоогүй, нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасанд нийцүүлэн шүүхэд нотлох баримтаар гаргасан байгаа учир нотлох баримтаар үнэлэгдэнэ. /3-р хх-111-131/
14. Шүүх О ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, С.Э сөрөг нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 657,950 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 1,482,279 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч С.Э 657,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгч О ХХК-иас 747,383 төгрөг гаргуулан хариуцагчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугааар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Э 100,000,000 /нэг зуун сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч О ХХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О ХХК-иас 117,686,554 /нэг зуун арван долоон сая зургаан зуун наян зургаан мянга таван зуун тавин дөрвөн/ төгрөг гаргуулан хариуцагч С.Э д олгож, сөрөг нэхэмжлэлээс 147,179,242 /нэг зуун дөчин долоон сая нэг зуун далан есөн мянга хоёр зуун дөчин хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 657,950 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 1,482,279 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч С.Э 657,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О ХХК-д, нэхэмжлэгч О ХХК-иас 747,383 төгрөг гаргуулан хариуцагч С.Э д олгосугай.
4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА