| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 131/2025/00003/И |
| Дугаар | 303/ШШ2026/00007 |
| Огноо | 2025-12-23 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 303/ШШ2026/00007
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж, Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл, шүүгч Ч.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч:******* овогт *******ийн *******,
Гуравдагч этгээд: Баянхонгор аймгийн Прокурорын газар,
Хүсэлтийн шаардлага: Сэтгэл санааны хохирол 20,000,000 төгрөг, өмгөөллийн зардал 2,500,000 төгрөг, нийт 22,500,000 төгрөгийг гаргуулах тухай хүсэлтийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Хүсэлт гаргагч Р.*******, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр, гуравдагч этгээдийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Ариунболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Р.******* төрийн байгууллага албан тушаалтны учруулсан сэтгэл санааны хохиролд 20,000,000 төгрөг, өмгөөллийн зардал 2,500,000 төгрөг, нийт 22,500,000 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргын тамгын газрын даргаар 2014 оноос эхлэн ажиллаж байна. 2019 онд ажил үүргээ гүйцэтгэж байх явцад манай сумын Засаг даргаар ажиллаж байсан ******* гэх хүний тэтгэмжийн зардал Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлагдаж, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсээр хянагдаж манай сумын төсөвт суусан байсныг зориулалтын дагуу зарцуулсны төлөө Авлигатай тэмцэх газарт шалгагдаж, Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд зааснаар яллагдагчаар татан 2021 оны 7 сард шүүхэд шилжүүлж, үүнээс хойш анхан болон давж заалдах шатны шүүхэд нийт 6 удаагийн шүүх хуралдаанаар шүүгдсэн. Хамгийн сүүлд тус хэргийг 2024 онд шийдвэрлэж дууссан бөгөөд 5 жилийн хугацаанд хуулийн байгууллагын дуудсан цагт ирж бие болон эдийн засаг сэтгэл санаагаараа хохирсоор ирсэн. Түүнчлэн энэ хэргийн улмаас өмгөөлөгч 2500000 төгрөгөөр хөлслөн авсан. Хамгийн анх Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/51 дугаар шийтгэх тогтоолоор нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн. Тус шийдвэрт давж заалдах гомдол гаргаж, Баянхонгор аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2022 оны 05 сарын 12-ны өдрийн 2022/ДШМ/41 дугаар магадлалаар 2022 оны 03 сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/51 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцаасан. Түүнчлэн Баянхонгор аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/12 өдрийн шийтгэх тогтоолоор нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар зөрчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсэн. Тус шийдвэрт давж заалдах гомдол гаргаж, Баянхонгор аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 сарын 30-ны өдрийн 2024/ДШМ/30 дугаар магадлалаар Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/12 өдрийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, цагаатгасан. Түүнийг Улсын дээд шүүхээс хэвээр үлдээсэн. Энэ шүүх, цагдаагаар шүүгдэж явсан 5 жилийн хугацаанд сэтгэл санааны хохирол маш их амссан. Шүүх хурал болох бүрд сэтгэл түгшиж , айдастай байдаг байсан. Шүүх хуралдаан бараг 20 удаа хойшилсон. Энэ хугацаанд Эрдэнэцогт сумаас байнга ирж очих унааны зардал ч их гарч байсан. Баянхонгор аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Б.Бат-Оргил, Авлигатай галтай тэмцэх газрын мөрдөгч н.Батбаатар нар утсаар ярьж, ойр ойрхон ирэхийг шаардаж тухай бүрд очиж байсан. Корона өвчин дэлгэрч би эмнэлэгт 2 удаа хэвтсэн. Эмнэлэгт байх хугацаанд ч гэсэн одоо эдгэсэн, хурдан ир гэх зэргээр прокурор Б.Бат-Оргил байнга ярьдаг байсан ба очихоор хэргээ хүлээчих, шүүхээр шийдүүлэхгүй хялбаршуулсан аргаар шийдүүлэхийг зөвлөж байна, үнэнээ хэл, албан тушаалаа урвуулан ашиглан даргадаа давуу байдал үүсгэсэн байна. Бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн, гарын үсгээ зур гэх зэргээр хандаж сэтгэл санааны хүнд байдалд 5 жилийг өнгөрөөсөн. АТГ-ын мөрдөгч н.Батбаатартай утсаар ярьж, аймгийн ИТХ-аар төсөв нь батлагдаж, Санхүү төрийн сангийн хэлтсээс хянан төсөвт орж ирсэн мөнгө би эрүүгийн гэмт хэрэг үйлдээгүй гэхэд тийм сүрхий юм бол шүүхээр хэрэгсэхгүй болоод гараарай гэж бассан байдалтай инээж хэлсэн. Олон удаа Баянхонгор аймаг орж байцаагдах, мэдүүлэг өгөх, шүүх хуралд суухаар ирсэн. Замын зардал их гарсан боловч би тухайн үед баримтжуулж байгаагүй, баримтгүй байгаа тул нэхэмжлэхгүй. Ажил хэргийн нэр хүндэд их нөлөөлсөн. Би төрийн албанд 28 жил тасралтгүй ажиллаж байсан. Энэ хугацаанд төрөөс 100 төгрөг ч өөртөө завшилгүй үнэнч шударга ажилласан байхад миний ажиллаж амьдардаг Эрдэнэцогт сум болон Баянхонгор аймгийн ЗДТГ, бусад сумдад хэргийн талаар янз бүрээр гэмт хэрэгтэн мэт ярьж байсан нь ажлын нэр хүндэд их нөлөөлсөн. Мөн шүүх хуралдааны улмаас ажлын шугамаар хийгдсэн олон уулзалт, арга хэмжээг тасалсан. Би насаараа ажиллаад эцэст нь хэрэгт холбогдож байсан нэртэй тэтгэвэрт гарах боллоо. Энэ асуудалд сэтгэл санаа их хохиролтой, маш их гомдолтой байна. Иймд хууль бусаар үндэслэлгүйгээр намайг хэрэгт холбогдуулж, төрийн нэрийг барьж яллан хохирол учруулсан тул дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: Өмгөөллийн зардалд төлсөн 2,500,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 20,000,000 төгрөг, нийт 22,500,000 төгрөгийг төрөөс нэхэмжилж байгааг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Төрийг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон прокурор ******* шүүх хуралдаанд оролцож хүсэлтийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэж байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаа явж эхэлсэн нь иргэдийн гомдол мэдээллийн дагуу хууль хүчний байгууллагынхан хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж, мөрдөн шалгах ажиллагааг мөрдөгчөөс эхлүүлж прокурор хяналт тавьж эхэлсэн. Тийм учраас гэмт хэрэгт холбогдуулан шалгагдсаны хохирлыг төр хариуцан арилгах үүрэг хүлээхгүй. Гэм хорын хохирол нэхэмжлэх эрх үүсэх гол хууль зүйн үндэслэл Эрүүгийн хэрэг хянан шийдэх тухай хуулийн 45 дугаар бүлэгт тодорхойлоод хуульчилчихсан. Энэ бүлэгт заасан шаардах хохирол нөхөн төлүүлэх эрх үүсэх эд хөрөнгийн хохирол нөхөн төлөх, эд хөрөнгийн бус сэтгэл санаанд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэл, нэхэмжлэл гаргах хугацаа зэрэг нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан нотлох баримтаар тогтоогдсон байх ёстой. Харин нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтуудаар Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, 511 дүгээр зүйлд заасан гэм хорын хохирлыг гаргуулах баримт хавтаст хэрэгт бүрэн цуглаагүй байна гэж прокурорын зүгээс үзэж байна. Мөн дээрээс нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1.1-д заасан хууль бус ажиллагааны улмаас цагдан хоригдсон тохиолдол хамаарч байгаа. Өмгөөлөгчийн хөлсний тухай ярьж байна. Шүүх хууль зүйн туслалцаа авах гэрээ байгуулахад мөрдөж байсан хуулийн баримтын хохирлыг гаргуулах эсэхийг шийдвэрлэнэ. Харин 2013 онд батлагдсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 32, 2019 онд батлагдсан Өмгөөллийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.3-д зааснаар хууль зүйн туслалцаа үзүүлсэн төлбөрийг дансаар авах хэлбэрийг зөрчин бэлнээр авсан бол төр хохирлыг арилгахгүй гэсэн байгаа. Мөн дараагийн тухайд сэтгэл санааны хохирлын үр дагаврыг арилгах. Энэ тал дээр бол Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар эдийн бус гэм хорыг хянан шийдвэрлэхэд шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтуудыг баримтална. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-д заасан эдийн бус гэм хорыг арилгах зохицуулалт, зөвхөн бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан ойлголтыг ойлгоно гэж байгаа. Ингэхээр нэхэмжлэгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан мөрдөгч, прокурорын зүгээс хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байсан. Процессын эрх зүйн зохицуулалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдэх тухай хуулийн 45.4 дүгээр зүйлийн 1 болон Иргэний хэрэг хянан шийдэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан эдийн бус гэм хорын хохирол гаргуулахаар шүүхэд хандах эрхтэйг журамласан явдал нь тухайн нэмж нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэл болохгүй. Дараагийн тухайд нэхэмжлэгч нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар өөрөө бүрдүүлэх үүрэгтэй. Р.*******гийн гаргасан нэхэмжлэлд өмгөөлөгчийн зардал 2,500,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 20,000,000 төгрөгийг нэхэмжлээд байгаа юм. Сэтгэл санааны хохирол гаргуулах эрүүгийн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан албан тушаалын байдлыг урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэг хамаарахгүй. Мөн нэмэлтээр дахиад нэг зүйл хэлэхэд хууль хүчний байгууллага хүний эрхийг зөрчиж, хүний эрхийг хязгаарлаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй. Хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж, мөрдөгч нь мөрдөн шалгах ажиллагаагаа явуулж, прокурор нь хэрэгт хяналт тавьж, шүүгч гагцхүү хуульд зааснаар хэргийг шийдвэрлэж байгаа. Тийм болохоор нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.
3. Хүсэлт гаргагч Р.*******гаас иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/51 дүгээр шийтгэх тогтоол, Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/12 дугаар шийтгэх тогтоолын хуулбар, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ДШМ/41 дүгээр магадлал, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ДШМ/30 дугаар магадлал, Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 12 дугаар эсэргүүцлийн хуулбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Баянхонгор аймгийн Прокурорын газраас 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1/265 дугаар болон 2025 оны 6 дугаар сарын 06-ний өдрийн 1/1290 дугаартай шүүхэд төлөөлөх итгэмжлэлүүдийг өгсөн.
4. Шүүхээс хүсэлт гаргагч Р.*******гийн хүсэлтээр Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн ЕГ0825/3027 дугаар шинжээчийн дүгнэлтийг бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хуульд заасан журмаар хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Хүсэлт гаргагч Р.******* шүүхэд хандаж, төрийн байгууллага албан тушаалтны учруулсан гэм хорын хохиролд 22,500,000 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргаж, үндэслэлээ ...Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд зааснаар яллагдагчаар татан хэргийг 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд шилжүүлж түүнээс хойш анхан болон давж заалдах шатны нийт 6 удаагийн шүүх хуралдаанд шүүгдсэн. Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/12 дугаар шийтгэх тогтоолыг Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ДШМ/30 дугаар магадлалаар хүчингүй болгож цагаатгах шийдвэрийг гаргасан ба хууль бусаар эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгагдаж, яллагдагчаар татагдсаны улмаас сэтгэл санааны хохирол 20,000,000 төгрөг, өмгөөллийн зардал 2,500,000 төгрөг, нийт 22,500,000 төгрөгийн хохирол учирсан хэмээн тодорхойлжээ.
3. Баянхонгор аймгийн Прокурорын газраас Р.*******...нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлснийг Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/12 дугаар дугаар шийтгэх тогтоолоор нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэм буруутайд тооцож, Р.*******г нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэснийг Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ДШМ/30 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгон ...Р.*******г цагаатгаж шийдвэрлэсэн байна.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 2.2-т Тухайн хүнийг цагаатгасан шүүхийн шийдвэр гарсан бол хохирлыг нөхөн төлүүлэх эрх үүснэ. гэж, мөн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг төр хариуцна. гэж хуульчилсан бөгөөд Р.*******д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан учир хүсэлт гаргагч нь хууль бусаар эрүүгийн хэрэгт татагдсаны улмаас өөрт учирсан гэм хорын хохирлоо шаардах эрхтэй байна.
4.1. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1-д Дараахь эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлнө:, 1.1-д хууль бус ажиллагааны улмаас хүний аваагүй цалин хөлс болон амьжиргааны үндсэн эх үүсвэр болж байсан хөдөлмөрийн бусад орлого, 1.2-т хуулийн этгээдийн орлого, 1.3-т хууль бусаар хорих ял шийтгүүлсний улмаас зогсоосон тэтгэвэр, тэтгэмж, 1.4-т шүүхийн шийдвэрээр хураасан, улсын орлого болгосон болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллагын гаргуулсан эд хөрөнгө, орлого, эд зүйл, 1.5-д шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлж гаргуулсан мөнгөн төлбөр, хүн, хуулийн этгээдээр төлүүлсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон бусад зардал, 1.6-д хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс гэж тус тус зохицуулжээ.
5. Хүсэлт гаргагч Р.******* нь өөрт учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг тооцуулахаар дараах байдлаар нэхэмжилсэн.
5.1.1.Өмгөөллийн хөлсөнд төлсөн 2,500,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Хүсэлт гаргагчаас эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа хууль зүйн туслалцаа авах гэрээг өмгөөлөгч П.Өлзийбаяртай байгуулж, гэрээгээр тохиролцсоны дагуу өмгөөлөгчид Р.*******д холбогдох эрүүгийн дугаартай хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон, хууль зүйн туслалцаа авах хөлсөнд өмгөөлөгч П.Өлзийбаяртай хууль зүйн туслалцаа үзүүлэх хөлсийг 2,500,000 төгрөг гэж тохиролцсон гэрээг баримтаар нотлогдож байх боловч тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1.6-д хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс гэж зааснаар Р.******* хууль зүйн туслалцаа авахад төлсөн 2,500,000 төгрөгийн хөлсийг эд хөрөнгийн хохиролд тооцуулан төрөөс шаардах эрхтэй, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, 510 дугаар зүйлийн 510.1-д заасантай нийцэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1.6-т зааснаар өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах хөлсийг 2,500,000 төгрөгөөр тохиролцсон талаар хүсэлт гаргагч Р.******* нь шүүхэд тайлбар гаргасан, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг нотлох баримтаар гаргасан ч тухайн гэрээ нь хэзээ байгуулагдсан нь тодорхойгүй, он, сар байх хэдий ч өдөр тодорхойгүй, үнийн дүнг нь тодорхойлсон ч бэлнээр эсхүл дансаар төлсөн эсэхийг баримтаар нотлоогүй, мөн хүсэлт гаргагч Р.*******гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах тул заавал өмгөөлөгч авах зохицуулалтгүй мөн түүнчлэн өмгөөлөгч хөлслөх гэрээний үнэ, хөлсийг талууд харилцан тохиролцдог байдлуудыг харгалзан төрөөс өмгөөллийн хөлсний 2,500,000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
5.1.2. Сэтгэл санааны хохирол 20,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн бус хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гаргана гэж хуульчилсан.
Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах ба хилсээр шалгагдсан этгээдийн сэтгэл санааны хохирлыг үнэлэх тухай хуулийн тусгайлсан зохицуулалт байхгүй тул Р.*******гийн сэтгэл санааны хохирлыг мөнгөөр тооцон гаргуулах үндэслэлгүй байна.
Мөн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргуулах гэмт хэргүүдийг заасан байх бөгөөд тус гэмт хэргийн ангилалд Эрүүгийн хуулийн 22 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг ороогүй болно.
Мөн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг/Хүний амьд явах эрхийн эсрэг/, Арван нэгдүгээр бүлэг/Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг/, Арван хоёрдугаар бүлэг/Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг/, Арван гуравдугаар бүлэг/Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг/, 14.1 дүгээр зүйл /Ялгаварлан гадуурхах/, 14.2 дугаар зүйл /Мэдээлэл хайх, хүлээн авахад саад учруулах/, 14.3 дугаар зүйл /Үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдах/, 14.4 дүгээр зүйл /Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг хэрэгжүүлэхэд саад учруулах/, 14.8 дугаар зүйл /Cонгуулийн үеэр илт худал мэдээлэл тараах/, Арван тавдугаар бүлэг/Эрүүл мэндийн эсрэг/, Арван зургадугаар бүлэг/Хүүхдийн эсрэг/, 17.1 дүгээр зүйл /Хулгайлах/, 17.2 дугаар зүйл /Дээрэмдэх/, 17.3 дугаар зүйл /Залилах/, 17.6 дугаар зүйл /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/, 17.8 дугаар зүйл /Эд хөрөнгө устгах, гэмтээх/, 17.10 дугаар зүйл /Нотариатч, улсын бүртгэгч өмчлөгчийн эрхийг зөрчих/, 17.12 дугаар зүйл /Мал хулгайлах/, 20.11 дүгээр зүйл /Аюултай хог хаягдал, химийн хорт, аюултай бодисыг хаях/, 20.12 дугаар зүйл /Эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдах, түгээх/, 20.13 дугаар зүйл /Чанар муутай барилга байгууламж ашиглалтад оруулах/, 20.14 дүгээр зүйл /Хууль бусаар эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх/, 20.16 дугаар зүйл /Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах/, 21.5 дугаар зүйл /Гэрч, хохирогч, шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль бусаар нөлөөлөх/, 21.12 дугаар зүйл /Эрүү шүүлт тулгах/, 21.13 дугаар зүйл /Гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчих/, 24.1 дүгээр зүйл /Байгаль орчныг бохирдуулах/, 24.3 дугаар зүйл /Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах/, 24.7 дугаар зүйл /Ой, хээрийн түймэр тавих/, 27.3 дугаар зүйл /Төмөр замын, агаарын, усан замын тээврийн хөдөлгөөний ба ашиглалтын аюулгүй байдлын журам зөрчих/, 27.7 дугаар зүйл /Агаарын хөдөлгөөний аюулгүй байдалд халдах/, 27.8 дугаар зүйл /Агаарын хөлгийг авч зугтаах/, 27.10 дугаар зүйл /Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/, 28.3 дугаар зүйл /Дарга, захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх/, 28.4 дүгээр зүйл /Бие биедээ захирагдахгүй цэргийн алба хаагчид харилцахдаа дүрмийн заалт зөрчих/, 28.10 дугаар зүйл /Байлдааны машин жолоодох, ашиглалтын журам зөрчих/, 28.11 дүгээр зүйл /Байлдааны, сургуулийн нислэг хийх, түүнд бэлтгэх журам зөрчих/, 29.4 дүгээр зүйл /Дайны үед хориглосон арга, хэрэгсэл хэрэглэх/, 29.5 дугаар зүйл /Төрлөөр устгах/, 29.7 дугаар зүйл /Олон улсын хамгаалалтад байдаг хүнд халдах/, 29.8 дугаар зүйл /Террорист үйлдэл хийх/-д заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана. гэж хуульчилсан байх бөгөөд тус гэмт хэргийн ангилалд хүсэлт гаргагч Р.*******гийн шалгагдаж шүүхээр шийдвэрлүүлж байсан Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэрэг багтаагүй болно.
Тухайлбал, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар эдийн бус гэм хорыг хянан шийдвэрлэхэд шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг баримтална гэж зохицуулсан ба Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ. гэж заасан боловч 511.4-т Гэмт хэргийн улмаас бүтэн өнчин болсон бага насны хүүхдийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг насанд хүрсэн хүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж тогтооно. 511.5-д Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно. гэж тус тус тусгажээ.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т заасан хууль бусаар яллагдагчаар татагдсаны улмаас сэтгэл санаанд учирсан хохирол буюу эдийн бус гэм хорыг хэрхэн арилгуулах талаар Иргэний хуульд тухайлсан зохицуулалт байхгүй тул шүүх энэ талаарх шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэв.
6.Иймд дээрх үндэслэлээр хууль бусаар эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгагдаж, яллагдагчаар татагдсаны улмаас өмгөөллийн зардал 2,500,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 20,000,000 төгрөг, нийт 22,500,000 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүх хуралдаанд томилогдсон иргэдийн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар зохигчийн зөвшөөрлөөр иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулсан болохыг дурдав.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар хүсэлт гаргагч Р.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хүсэлт гаргагч Р.*******гийн өмгөөллийн зардал 2,500,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 20,000,000 төгрөг, нийт 22,500,000 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулах хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Р.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ
ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА