| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2018/0757/Э |
| Дугаар | 807 |
| Огноо | 2018-06-05 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ба.Эрдэнэбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 807
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,
Улсын яллагч Ба.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч Р.Б, түүний өмгөөлөгч Р.Сэргэлэнбат нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журамаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Р.Бд холбогдох эрүүгийн 1806031830876 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Үйлдсэн хэргийн талаар:
Р.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 07-ны согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Баяндөхөм цэргийн булагийн задгай тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр А.Золбаярыг автомашины дугуйн дорцовоор цохин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Р.Бод холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1806031830876 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалхад Р.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч А.Золбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн өглөө 11 цагийн үед Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг цэргийн булаг 00 тоот гэрт Бат-О намайг гэртээ хоносонгүй гадуур хонолоо гэж хардаж уурлаад над руу хутга бариад "чамайг алмаар байна" гэхээр нь би уучлаарай гэж хэлсэн. Б хониндоо явлаа гээд гэрт байсан 7000 төгрөгийг аваад гарсан. 14 цагийн үед над руу залгаад “юу хийж байна, би чамайг цусыг чинь нааж ална” гэж хэлэхээр нь гэрээс гараад хажууд байх хадам ээж Хоролжавын гэрт ороод хадам ээжид Б намайг ална гээд байна гэж хэлсэн. Б ирж байгаа харагдахаар нь би айгаад арын үхрийн хашаанд ороод нуугдсан. Б хашаа руу орж ирэхдээ мод барьчихсан "Золоо чи хаана байна, чамайг ална аа" гээд гэж орж ирсэн. Б намайг хайж олонгуутаа гар гэхээр нь би хадам ээжийнхээ гэрт гүйгээд орсон чинь араас Б орж ирээд чи яахаараа нуугддаг юм, чамайг ална гээд над руу дайрахад хадам ээж Хоролжав бид хоёрын дундуур орсон чинь хадам ээжийг холдуулж байгаад намайг ор руу түлхээд гараараа 2 удаа толгой руу цохисон. Б 3 тоолохын дотор гар гэхээр нь би хадам ээжийн гэрээс гарсан чинь гэрийн гадаа Б миний нуруу руу 1 удаа өшиглөөд, модоор миний хоёр хөл рүү гуя, шилбэ рүү хэд хэдэн удаа цохисон. Би бүх хувцасаа аваад зайл гэхээр нь би хувцасаа аваад гэрээс гараад доошоо явсан. Б намайг булгийн хажууд явж байхад миний араас машинтай ирсэн. Б машинаасаа дорцов бариад бууж ирээд над руу дорцов шидсэн чинь зүүн өвдөгний доохно оноход би газар унасан. Намайг босгоод Б зүүн нүд рүү гараараа 2 удаа цохисон. Гэрт хадам ээж Хоролжавын хажууд хөл рүү модоор цохисон, булгийн тэнд зодоход ямар нэгэн хүн хажууд байгаагүй. 2017 оны 1 дүгээр сард Б намайг хардаад ажил дээр ирж зодож байсан. Энэ асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж шийдсэн. 2017 оны 7 дугаар сард бил үү 8 дугаар сард мөн намайг хардаад гэртээ зодсон. Тэгэхэд миний нүүр хавдаж хөхөрсөн. Одоо зүгээр болсон. Тэр үед цагдаад хэлж шалгуулаагүй өнгөрсөн. Ингэж зодоход хажууд хүн байгаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/
Гэрч Т.Тунгалагын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 15 цагийн үед миний төрсөн охин Золбаяр гэртээ ирэхдээ нүүр, хөл нь хөхөрсөн ирсэн. Золбаяраас би “яасан, юу болсон” гэж асуухад Золбаяр “Б зодсон, Б чамайг ална гээд машины дорцов шидсэн” гэж хэлсэн. Золбаяр надад юунаас болсон талаар яриагүй. Золбаярын биеийг харахад зүүн нүд нь хөхөрсөн, баруун гуя, шилбэ, зүүн шилбэ нь хөхөрч хавдсан, зүүн өвдөг нь шархтай байсан. Золбаяр хэлэхдээ зүүн өвдөг рүү дорцов шидсэн гэж хэлсэн. 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Б нь охин Золбаярыг зодоод цагдаагаар шалгагдаж шийдэгдсэн. 2017 оны 11 дүгээр сард Золбаярыг Б гэртээ зодсон байсныг би дараа нь мэдсэн. Энэ үед Золбаярын нүүр нь хавдсан байсан ба цагдаа хуулийн байгууллагаар шалгуулаагүй. Б ширүүн зантай, надтай хүртэл хэрэлдэж байсан, хүмүүжилгүй, архи уудаг, архи уусан үедээ догшин зантай, yypaap бүгдийг шийддэг хүн гэх мэдүүлэг /хх-ийн 14/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 сарын 18-ны өдрийн 4867 дугаартай:
А.Золбаярын биед тархины доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун гуя, шилбэ, зүүн өвдөг, шилбэний зөөлөн эдийн няцралт, цус хуралт, шарх гэмтэл учирсан нь тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17/,
Шүүгдэгч Р.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2018 оны 04-р сарын 06-ны өдөр Золбаяр архи уугаад гэртэй ирээгүй, маргааш нь буюу 2018 оны 04-р сарын 07-ны өглөө 09 цагийн үед Улиастайн клонкоос Золбаярыг авсан. Золбаяраас архи үнэртэж байсан. Энэ байдлаас болж Золбаяр бид хоёр муудалцаад гэртээ Баянзүрх дүүргийн 20-р хороо Баян дөхөм цэргийн булаг задгайд очсон. Гэрт байж байхдаа бид хоёр маргалдаж байгаад би гэрээс гарч яваад 1 шил пиво аваад ганцаараа уусан. Би хонио хариулж явж байгаад 16 цагийн үед гэртээ ирсэн чинь Золбаяр хамаг хувцасаа цүнхэнд хийчихсэн хашаан дотор нуугдаж байсан. Би түүнийг хараад ээжийн гэрт дагуулаад орсон. Ээж Хоролжав ганцаараа байсан ба Золбаяр руу түлээний жижиг мод аваад шидсэн чинь оноогүй. Би Золбаярыг 3 тоолохын дотор гар гэсэн чинь Золбаяр гэрээс гарсан. Би гэрийн гадаа Золбаярын нуруу руу 1 удаа өшиглөсөн. Тэгээд Золбаяр бид хоёр гэрт орсон. Золбаяр цүнхтэй хувцасаа аваад гэрээс гарч явсан. Би 20-30-аад минутын дараа Золбаярын араас гарсан. Золбаяртай булагийн тэнд таараад миний уур хүрээд машины дроцов шидсэн чинь зүүн хөлийг нь оносон. Зүүн нүд рүү нь 1 удаа гараараа цохисон. Өөрөөр зодоогүй. Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилилаа. Миний учруулсан гэмтэл мөн байна.
Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна. Би үйлдсэн хэргээ ойлгож буруугаа хүлээж байна. Дахиж ийм алдаа гаргахгүй гэх мэдүүлэг /хх-ийн 12, 40/
- Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 3/
- хохирогчийн аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 7/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс: Р.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Баянзүрх дүүргийн 20-р хорооны тодорхойлолт /хх-ийн 19-21/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй байх ба тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Р.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Р.Б нь гэр бүлийн хамаарал бүхий хүний эсрэг хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн талаараа мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Р.Бийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн харилцаатай хүн болох эхнэр А.Золбаярыг зодож бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Р.Б нь гэмт хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хохирогч нотлох баримтаар хохирол нэхэмжлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд, шүүх хуралдааны оролцогч нарын дүгнэлтийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргасан 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах талаарх дүгнэлт нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруутай байдалд тохирсон байна.
Мөн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хуулийн шаардлага хангагдсан байх ёстой. Прокурор дээрх хуулийн заалтыг хангасан гэж үзэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байх ба шүүгдэгч Р.Б нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг болох нь нотлох баримтаар тогтоогдсон, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам, түүний улмаас үүсэх үр дагварыг өөрөө хүлээн зөвшөөрсөн, улсын яллагчийн зүгээс санал болгосон эрүүгийн хариуцалгын төрөл хэмжээг хүлээн зөвшөөрсөн байна.
Ийм учир шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан доод хэмжээгээр торгох ял оногдуулах тухай саналыг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй болно.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Р.Бийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Быг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Бд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг таван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Р.Б нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нотлох баримтаар хохирол нэхэмжлээгүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ