| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 2016 01000 223 |
| Дугаар | 2026/ДШМ/102 |
| Огноо | 2026-01-21 |
| Зүйл хэсэг | 263.2., |
| Улсын яллагч | Ц.Шагдар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 2026/ДШМ/102
2026 01 21 2026/ДШМ/102
Б.Ж-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Шагдар,
цагаатгагдсан этгээд Б.Ж-, түүний өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ, Ц.Дэлгэрням, Г.Буянбадрал,
нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ЦТ/2322 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор А.ЭнхЖ-ын бичсэн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 111 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцлээр Б.Ж-д холбогдох 2016 01000 223 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Ж- овгийн Б-ийн Ж-, ........., /РД: Б-/;
Цагаатгагдсан этгээд Б.Ж- нь Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Б- хяналт бүртгэлийн газрын дарга болон Зам тээврийн яамны агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3-д “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэж заасныг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдал болон Төрийн бичгийн даргын 2013 оны 2 дугаар сарын 21-ний өдөр №59 тоот тушаал, 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн №351 тоот тушаалаар тус тус олгосон бүрэн эрх зэргийг албаны эрх ашгийн эсрэг урвуулан ашиглаж, “Б-” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээсээ 4.615.470.307 төгрөгийн тоног төхөөрөмж, программ хангамж, тавилга, хэрэгсэл, 343.418.940 төгрөгийг үйлчилгээ үзүүлсэн буюу нийт 4.958.889.247 төгрөгийн “Б-” ХХК-д төлөх ёстой байтал гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн мэтээр 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдөр №01, 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр №02, 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр №03, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр №04 дугаартай тоног төхөөрөмж хүлээн авсан акт үйлдэж улмаар Тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын нэгдсэн системийн тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, туршилт, тохируулгын ажил гүйцэтгэх 45/А дугаартай гэрээний үнийн дүн болох 5.954.703.626 төгрөгийг бүрэн хүлээж авах нөхцөл боломжийг бүрдүүлэн “Б-” ХХК-д давуу байдал бий болгосны улмаас төрд 995.814.379 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Б.Ж-ын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2022 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ж-д холбогдох эрүүгийн “2016010000223” дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдсан 7.62х39мм сум 777 ширхэг, 7.62х54мм 14 ширхэг сум, 7.62х25мм 490 ширхэг сум, 9x18мм 15 ширхэг сум, ногоон өнгийн төмөр хайрцагтай сум /задраагүй/ зэргийг Авлигатай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа дээрх эд мөрийг Б.Ж-д буцаан олгохыг Нийслэлийн Прокурорын газарт даалгаж, Зам тээврийн яам нь төрд учруулсан гэх хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.
Прокурор А.ЭнхЖ- бичсэн эсэргүүцэлдээ: “... Цагаатгах тогтоол нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж дүгнэхээр байх тул дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
1. Шүүхийн Б.Ж- нь акт үйлдэх эрхтэй байсан эсэх дээр хийсэн дүгнэлтийн тухайд: Шүүх цагаатгах тогтоолдоо “Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод газрын даргын эрх үүрэг нь Зам тээврийн салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төсөл, олон улсын гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийн явцад хяналт шинжилгээ хийж, үр дүнд нь үнэлгээ өгөх, дүгнэлт зөвлөмж гаргаж, гүйцэтгэлийн удирдлагыг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх үндсэн зорилтыг хангаж ажиллана” гэж заасан байна. Харин Зам, тээврийн хяналт бүртгэлийн газрын даргын эрх, үүргийг авч үзвэл яамны зорилт, чиг үүргийг ханган биелүүлэхэд чиглэсэн салбарын хууль тогтоомж, стандарт, норм норматын хэрэгжилтэд хяналт, шалгалт хийх, үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, хэрэгжилтэд нь хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, Б.Ж-ын гүйцэтгэж байсан ажил албан тушаалаар олгогдсон эрх, үүрэг нь тухайн А/45 дугаартай Тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын нэгдсэн системийн тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, туршилт, тохируулгын ажил гүйцэтгэх гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, шалгалт хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх бүрэн эрхтэй байсан гэдэг нь тогтоогдож байна. ... Мөн түүнчлэн Зам тээврийн яамны эрх бүхий албан тушаалтнаас буюу Төрийн нарийн бичгийн даргын 2013.02.21-ний өдрийн №59 тоот тушаалаар 2015.09.21-ний өдрийн №351 тоот тушаалаар тус тус ажлын хэсэг байгуулж, тухайн ажлын хэсэгт 45/А дугаартай гэрээний захиалагчийн хэрэгжүүлэх тодорхой эрхүүдийг ажлын хэсэгт шилжүүлсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. ... Үүнээс харахад Б.Ж-ын удирдсан ажлын хэсэг эцсийн шийдвэрийг гаргадаггүй, гаргасан шийдвэр, тэмдэглэл, актыг эрх бүхий удирдах албан тушаалтанд танилцуулах үүрэгтэй гэдэг нь нотлогдож байна. ... Өөрөөр хэлбэл, ажлын хэсэг нь 1 дугаартай актыг үйлдэх эрх байсан юм бол энэхүү актыг Төрийн нарийн бичгийн даргад танилцуулахад ажлын хэсгийг өөрийн тушаалаар байгуулсан Төрийн нарийн бичгийн дарга нь Б.Ж-д болон ажлын хэсгийн гишүүдэд “акт үйлдэх эрхгүй” талаар танилцуулах тус актыг хүчингүйд тооцох гэх мэт олон үйлдэл хийх боломжтой байсан талаар шүүгдэгч тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна...” гэж дүгнэжээ. Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяагийн 2013 оны 2 дугаар сарын 21-ний өдөр 59 дугаартай тушаалаар байгуулсан ажлын хэсгийн чиг үүрэг нь “Тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын нэгдсэн системийн тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, туршилт, тохируулгын ажил гүйцэтгэх 45/А дугаартай гэрээ байгуулсан “Б-” компанийн гэрээний үүргийн биелэлтэд хяналт тавих”, мөн Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнийн 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 351 дугаартай тушаалаар байгуулсан ажлын хэсгийн чиг үүрэг нь “Зам тээврийн яам Болгар улсын “Б-” компанитай байгуулсан 45/А тоот гэрээний хэрэгжилтэд дүгнэлт гаргах, ажлын гүйцэтгэлд үүссэн асуудлыг эцэслэн шийдвэрлэх, гэрээний үүргийн биелэлтийг хянаж, цаашид авах арга хэмжээний талаар санал дүгнэлт гаргах” эрхтэй байжээ. Өөрөөр хэлбэл, Б.Ж-ын гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд эрхэлж байсан албан тушаал, түүний ажлын чиг үүрэг болон дээрх байгуулагдсан 2 ажлын хэсгийн зорилгод аль алинд нь 45/А дугаартай гэрээний гүйцэтгэлийг хүлээн авч акт үйлдэх эрх олгогдоогүй байна. Энэ талаар дээрх 2 тушаалаар байгуулагдсан ажлын хэсэгт орж ажилласан ажлын хэсгийн гишүүд болон Зам тээвэр хөгжлийн яамны төсвийн хөрөнгө оруулалт хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Б-ы гэрчээр өгсөн мэдүүлгээр хүлээн авах комисс шинээр байгуулагдаж, гэрээгээр хүлээсэн гүйцэтгэлийг хүлээн авах акт тусдаа үйлдэгдэх ёстой байсан болох нь нотлогдон тогтоогдсон байхад шүүх Б.Ж-ыг 45/А дугаартай гэрээний гүйцэтгэлийг хүлээн авч акт үйлдэх эрхтэй байсан мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Б.Ж- нь уг гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж, 2 талын хооронд байгуулагдсан гэрээний хүрээнд тоног, төхөөрөмж, системийг нийлүүлж, түүний угсралт, суурилуулалт, туршилт, тохируулгын ажлыг зохих түвшинд гүйцэтгэж байгаа эсэх дээр зөвхөн хяналт тавьж, үүссэн асуудлын талаар дүгнэлт гаргах эрхтэй байсныг анхаарч үзээгүй байна. Мөн түүнчлэн Сангийн сайдын 2012 оны 290 дугаар тушаалаар батлагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх журмын дагуу тоног төхөөрөмжийг хүлээн авсан комиссын актыг үндэслэн санхүүжилтийг олгуулахаар сангийн яамд уламжилж шийдвэрлүүлдэг байсан бөгөөд Б.Ж-ын үйлдсэн 1, 2, 3, 4 дугаар актууд нь энэхүү нөхцөл боломжийг бүрдүүлсэн болохыг дурдах нь зүйтэй бөгөөд шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлтийг хийжээ.
2. Шүүхийн Б.Ж-ын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан эсэх дээр хийсэн дүгнэлтийн тухайд: Цагаатгах тогтоолд “...хавтаст хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд прокуророос Б.Ж-ыг ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа эрх мэдлээ хэтрүүлэн акт үйлдэж, ажлын үр дүнг хүлээн авсан гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй, Б.Ж- нь яаж, ямар хэлбэрээр эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан эсэх нь нотлогдон тогтоогдохгүй байна...” гэж дүгнэжээ. Дээрх 2 ажлын хэсгийн үйлдсэн актаар хүлээн авсан тоног, төхөөрөмж нь 45/А дугаартай гэрээнд заасан үнийн дүнгээс өндөр, мөн гэрээнд заасан системийг бүрэн суурилуулж, туршилт, тохируулгын ажлыг бүрэн хийж гүйцэтгээгүй буюу тээврийн хэрэгслийн хяналтын систем, чиглэл ба цагийн хуваарийн удирдлагын систем, нөөцийн удирдлагын систем, зорчигчдод мэдээлэл хүргэх систем, билет бичилтийн систем, үндсэн хяналтын системүүдийг серверт байршуулсан боловч тээврийн хэрэгслийн хяналтын системээс бусад программ хангамжид туршилт, тохируулгын ажлыг хийж гүйцэтгээгүй ба Тээврийн хэрэгслийн бүртгэл мэдээллийн нэгдсэн систем болон Авто үйлчилгээний байгууллагын нэгдсэн системийг серверт байршуулаагүй байсан болох нь холбогдох гэрч, шинжээчийн дүгнэлт зэргээр хөтөлбөргүй тогтоогдсон. Гэвч Б.Ж- нь дутуу гүйцэтгэлтэй ажлыг бүрэн мэтээр “Хүлээн авсан акт” үйлдэж гэрээний санхүүжилтийг “Б-” ХХК-д шилжүүлэх боломжийг бүрдүүлсэн үйлдлийг өөрийн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг урвуулан ашигласан гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүх дээрх нотлох баримтуудыг нягт нямбай анхаарч үзэлгүй орхигдуулж Б.Ж- нь яаж, ямар хэлбэрээр эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан эсэх нь нотлогдон тогтоогдохгүй гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ. 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл болон Б.Ж-ын үйлдэл хоёрыг хооронд харьцуулан жишихэд Б.Ж-ын үйлдлийн улмаас “Б-” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй байхдаа санхүүжилтийг бүрэн хүлээн авах нөхцөл бүрдэж, энэ нөхцөл байдлын улмаас төрд 995.814.379 сая төгрөгийн буюу их хэмжээний хохирол учирсан үйл баримт хоорондоо гарцаагүй шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон байхад шүүх энэ талаар хэрхэн дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй, илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.
3. Шүүхийн энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулсан, гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив талын шинж нь бүрэн хангагдаагүй гэж үзсэн дүгнэлтийн тухайд: Шүүхээс 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан гэрээний үнэ болон 2013 оны 06 сар, 10 сар, 12 сард тус тус нийлүүлсэн бараа, ажил, үйлчилгээтэй нийлүүлсэн асуудлыг тухайн цаг хугацааны үнэ цэнээр нь тогтоох нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдалд шууд хамааралтай. Бодит үнэ цэнэ нь хэчнээн төгрөгийн эд хөрөнгө, бараа, ажил үйлчилгээ нийлүүлсэн гэдгийг мөрдөгч, прокурор тогтоож чадаагүй, энэ талаар баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. ... Шүүгдэгч Б.Ж-ын холбогдсон 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд заавал хохирол шаардаж бусдад их хэмжээний хохирол учруулснаар төгсдөг гэмт хэрэг төдийгүй, энэ утгаараа, гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангахгүй, нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулсан, гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив талын шинж нь бүрэн хангагдсан гэж үзэхэд эргэлзээтэй байна...” гэж дүгнэжээ. Гэвч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тодорхойлсон 12 дугаар хавтаст хэргийн 134-173-р талд авагдсан “Б-” ХХК-ийн 2019 оны 2 дугаар сарын 25-нд өдрийн 56 дугаартай шинжээчийн дүгнэлтийг ямар үндэслэлээр үгүйсгэж, энэ талаар баримт байхгүй гэж дүгнэсэн нь тодорхойгүй, ойлгомжгүй байна. Дээрх шинжээчийн дүгнэлтээр “...гүйцэтгэгч байгууллагаас Зам тээврийн яаманд нийлүүлсэн тоног төхөөрөмж, программ хангамж, тавилга, хэрэгслийн тухайн үеийн зах зээлийн бодит үнэ цэнэ 4.615.470.307 төгрөг, үзүүлсэн үйлчилгээний зардал 343.418.940 төгрөг, бүгд 4.958.889.247 төгрөг нийлүүлэх ёстой гэрээний буюу гүйцэтгэгчийн үнийн санал 5.954.703.626 төгрөгөөс хасвал 995.814.379 төгрөгийн илүү төлөлттэй...” болох нь тогтоогдож, прокуророос энэхүү шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудад үндэслэн учирсан хохирлыг тогтоосон байхад шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзэх үндэслэлийг бий болгож байна. Иймд дээрх үндэслэлүүдээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй .дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2322 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.
Прокурор Ц.Шагдар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Энэ хэрэгт шүүгдэгч нь акт үйлдэх эрхтэй байсан эсэх талаар дүгнэлт хийсэн. Мөн шүүгдэгч нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан эсэх, сөрөг үр дагавар, санаа зорилго байсан эсэх, учирсан хохирлыг хэрхэн тогтоосон талаар шүүх дүгнэлт хийсэн. 2013 онд гэрээ байгуулагдан хэрэгжсэн төсөл юм. Тухайн үед Зам тээврийн хянан шалгах хэлтсийн даргаар ажиллаж байсан Ж-ыг төслийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэйгээр томилсон Төрийн нарийн бичгийн даргын тушаал гарсан. Уг тушаалаар нийт 8 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилогдон ажилласан. Б.Ж- нь чиг үүрэг, олгогдсон эрхийн хүрээнд хяналт тавих үүрэгтэй байсан болохоос тоног төхөөрөмж, программ хангамжийг хүлээж авах акт үйлдэх эрх түүнд олгогдоогүй. Гэтэл Б.Ж- нь 4 удаагийн акт үйлдсэн бөгөөд эдгээр нь тоног төхөөрөмж, программ хангамжийг хүлээн авсан гэсэн агуулгатай актууд гаргасан. Энэ нь түүний ажлын байрны чиг үүрэг, Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар олгогдсон эрхийн хүрээнээс давсан үйлдэл гэж прокурорын зүгээс үзэж байна. Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан эсэх асуудлын тухайд, шүүх нь дээрх нөхцөл байдлыг дурдахдаа шүүгдэгчийг акт хүлээж авах эрхтэй мэтээр дүгнэсэн. Гэвч шийдвэрийн тодорхойлох хэсэгт шүүгдэгч нь хүлээж авах эрхгүй байсан гэсэн агуулгыг өмнө нь дурдсан атлаа, Төрийн нарийн бичгийн дарга тухайн актыг болиулах, хүчингүй болгох боломжтой байсан гэх үндэслэлээр шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдээгүй мэтээр дүгнэсэн нь ойлгомжгүй, зөрчилтэй дүгнэлт болсон. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нь албан тушаалын байдлаа ашиглан 4 удаагийн акт үйлдэж, тоног төхөөрөмж, программ хангамжийг бүрэн хүлээж авсан мэт баримт бичиг үйлдсэн нь “Б-” ХХК зэрэг гүйцэтгэгч компанид үлдэгдэл төлбөрийг бүрэн шилжүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн гэж прокурорын зүгээс буруутгаж байгаа юм. Эдгээр акт нь бодит байдал дээр гэрээний үүрэг бүрэн биелэгдээгүй байхад тоног төхөөрөмж, программ хангамжийг бүрэн хүлээн авсан мэтээр үйлдэгдсэн бөгөөд Төрийн сангаас төлбөр шилжүүлэх эрх зүйн үндэслэл болсон баримт бичиг болсон. Иймд шүүгдэгч нь зөвхөн хяналт тавих үүрэгтэй байсан атлаа өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж, албан тушаалын байдлаа ашиглан албан хэргийн ашиг сонирхлын эсрэг үйлдэл хийсэн гэж үзэж байна. Учирсан хохирлыг хэрхэн тогтоосон талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлгүй. Шийдвэрийн тодорхойлох хэсэгт хохирол тогтоосон баримт байхгүй талаар дурдсан. Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтэд нийт 5.9 тэрбум төгрөгийн өртөг бүхий төслөөс 4.9 тэрбум төгрөгтэй холбоотой систем, программ хангамж, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслийг нийлүүлсэн, харин үлдэгдэл 995 сая төгрөгийн ажил гүйцэтгээгүй үлдсэн гэж тогтоосон. Үүнийг үндэслэн прокурорын зүгээс дээрх хэмжээний хохирол учирсан гэж үзсэн. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хэргийн бодит нөхцөл байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж үзэж байх тул хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэнийг дэмжиж байна. ...” гэв.
Цагаатгагдсан этгээд Б.Ж- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие уг хэрэгт 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гэрийн үүднээс баривчлагдсанаар шалгагдаж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл 9 жил 1 сарын хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд миний нэр хүнд, хувийн амьдралд ноцтой хохирол учирч, ихээхэн сэтгэл санааны дарамт, стрессийг туулсан. ... Өмгөөлөгч нарын тайлбартай санал нэг байна. Би өмгөөлөгч авах санхүүгийн боломж байгаагүй тул мөрдөн байцаагчид удаа дараа бичгээр хүсэлт, гомдол гаргаж, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой асуудлуудыг шалгаж өгнө үү гэж хүссэн боловч нэгийг нь ч шалгаагүй. Хавтаст хэрэгт миний гэм буруутайд тооцож буй асуудлаар надаас нэг ч удаа мэдүүлэг аваагүй. Яллах дүгнэлттэй танилцах үедээ л намайг юунд буруутгаж байгааг анх удаа мэдсэн. Уг хэрэг нь хамтын шийдвэрийн шинжтэй байхад намайг ганцаараа буруутган яллах оролдлого хийсэн. Шүүх хуралдаанд хохирогчоор оролцсон яамны холбогдох албан тушаалтан нь программ хангамжууд бүрэн байгаа, мөнгөн хохирол байхгүй гэдгийг мэдүүлсэн байхад одоо хүртэл программ хангамж байхгүй мэтээр намайг буруутгасаар байна. 2016 онд анх намайг буруутгахдаа төлбөрийн даалгаврыг хуурамчаар үйлдсэн гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн боловч уг буруутгал нь шалгалтын явцад өөрчлөгдөн, эцэст нь яллах дүгнэлттэй танилцах үед л тодорхой болсон. Ажлын хэсгийн акттай холбоотой маргаан нь актад заасан “хяналт тавина” гэсэн заалтыг буруу тайлбарласнаас үүдэлтэй. Тоног төхөөрөмж, программ хангамжийг нийлүүлж, суурилуулалт, туршилт тохируулгын ажил хийгдсэний дараа системийг ашиглалтад өгөх үе шаттай холбоотой ойлголцлын зөрүүг эрүүгийн хэрэг болгож, миний удирдсан ажлын хэсгийн актыг буруугаар тайлбарласан. Гэрээний хэрэгжилттэй холбоотой санхүүжилтийн шатлал, ялангуяа 10 хувийн эцсийн төлбөрийг системийг бүрэн ашиглалтад өгсний дараа шилжүүлэх нөхцөлийг буруу ойлгосноос үүдэн, хариуцлагыг над руу шилжүүлсэн. ... Хохирогчоор тооцогдсон Зам, тээврийн яам нь хохиролгүй, бүх тоног төхөөрөмж, программ хангамж бүрэн байгаа талаар мэдүүлж, гомдол гаргаагүй. ... Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Цагаатгагдсан этгээд Б.Ж-ын өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Г.Буянбадрал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Цагаатгагдсан этгээд Б.Ж-ын өмгөөлөгч Ц.Дэлгэрням тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурор болон дээд шатны прокуророос гаргасан эсэргүүцэл нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь, 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан гэрээний үнэ, мөн 2013 оны 6, 10, 12 дугаар сард нийлүүлсэн бараа, ажил, үйлчилгээний бодит үнэ цэнийг тухайн үеийн байдлаар тогтоох нь гэмт хэргийн нөхцөл байдалтай шууд хамааралтай байхад мөрдөгч, прокурор уг үнэлгээг бодитой тогтоогоогүй. Мөрдөгч, прокурор нь хуульд заасан хэргийг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж, яллах болон цагаатгах, хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нотлох баримтыг жигд цуглуулах үүргээ биелүүлээгүй. Ингэснээр шүүгдэгчийн нэр төр, алдар хүндийг гутааж, хамтын шийдвэрийн шинжтэй асуудлыг ганцаараа үйлдсэн мэтээр ял тулгасан нь хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон. Шүүгдэгч нь тухайн ажлыг гүйцэтгэхдээ өөрийн мэдлэг, чадвар, цаг хугацаа, эрүүл мэндийг бүрэн зориулж ажилласан бөгөөд уг үйл ажиллагаанаас ямар нэгэн мөнгөн ашиг хүртээгүй нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогддог. Хэрэгт авагдсан Б-, Б- нарын гэрчийн мэдүүлгүүдээр Батболд, БатЖ-, Бямбацогт нар нь ашиг сонирхлын зөрчил үүсэхээс зайлсхийх зорилгоор өөр этгээдийн нэр дээр компани байгуулуулж, тухайн компаниар дамжуулан гадаадын компанийн санхүүжилтийг авч, мөнгөн хөрөнгийг Б-од шилжүүлсэн нөхцөл байдал тодорхой тогтоогдсон. Дээрх нөхцөл байдлыг үл харгалзан, гэмт хэрэг үйлдээгүй Б.Ж-ыг хэрэгт татан яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх нотлох баримтуудыг бодитой үнэлж, шүүгдэгч гэм буруугүй болохыг тогтоон цагаатгах тогтоол гаргасан нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Цагаатгагдсан этгээд Б.Ж-ын өмгөөлөгч Г.Буянбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Цагаатгах тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. ... Прокурорын эсэргүүцэлд нийт гурван үндэслэлийг дурдсан. Нэгдүгээрт, Ж- гэдэг хувь хүн дангаараа акт үйлдээгүй. Тухайн ажлын хэсэг нь найман гишүүнтэй бөгөөд долоон гишүүний санал шаардлагатай, нэг нь нарийн бичгийн даргын чиг үүрэгтэй. Ажлын хэсгүүд нь Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Б- болон Б-ийн тушаал, шийдвэрүүдийн дагуу байгуулагдсан. Нийт дөрвөн удаагийн актын асуудал яригддаг бөгөөд эдгээр нь огноо, дугаартай байх ёстой. Тодруулбал, эхний акт 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдөр, хоёрдугаар акт 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр, гуравдугаар акт 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр, дөрөвдүгээр акт 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тус тус үйлдэгдсэн. Нэгдүгээр актаас дөрөвдүгээр акт хүртэлх хугацаа нь 2 жил 6 сарын зөрүүтэй байгаа нь уг дөрвөн актын талаар яригдаж байгааг харуулж байна. Тухайн ажлын хэсгийг байгуулсан, дарга, нарийн бичгийн даргыг томилсон Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нар нь мэдүүлэг, тайлбар өгөхдөө уг ажлын хэсэг акт үйлдэх эрхтэй байсан талаар мэдүүлсэн. Ялангуяа Төрийн нарийн бичгийн дарга Ж.Б-э нь 2015 оны 09 дүгээр сард ажлын хэсгийг байгуулахдаа “байгаа ажлыг байгаа чигээр нь хүлээж авъя, гүйцэтгэлийг нь нягталж, хэрэв ажил дууссан бол мөнгийг нь өгье, дутуу бол дутуу чигээр нь тооцоог нь гаргая, 2012 оноос хойш явж байгаа энэ төсөл урагшлахгүй байна, үүнийг нэг шийдвэрлэх хэрэгтэй” гэсэн агуулгаар байгуулсан талаар өөрөө мэдүүлдэг. 2013 онд Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Б- нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн боловч шүүх хуралдааны шатанд тогтоогдож байгаа үйл баримтуудтай холбогдуулан, түүний зөвлөхөөр ажиллаж байсан Б-, Зам, тээврийн яаманд мэргэжилтнээр ажиллаж байсан Батболд, мөн Б-ын үүсгэн байгуулсан компанид гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан БатЖ- нартай холбоотой асуудлаар асуухад “хэрэв намайг сэжиглэн шалгаж байгаа бол би өмгөөлөгчийн хамт мэдүүлэг өгнө” гэж хэлээд гарч явсан. Энэ хүнээс 2016-2025 оныг хүртэлх хугацаанд мөрдөн байцаалтын шатанд нэг ч удаа нэмэлт мэдүүлэг аваагүй бөгөөд шүүх хуралдаанд гэрчээр дуудаж оролцуулсан. ... Ажлын хэсгийн акт нь дангаараа санхүүжилт шилжүүлэх үндэслэл болдоггүй. Санхүүжилт олгох процесс хэрхэн явагддаг, ямар дарааллаар мөнгө шилждэг талаар мөрдөн байцаалтын шатанд бүрэн тогтоогоогүй. ... Санхүүжилт олгоход ганц акт бус, дөрөв, таван баримт бичиг шаардлагатай атал эдгээр бусад баримт бичиг, эрх бүхий этгээдүүдийн шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой асуудлаар дүгнэлт хийгдээгүйд гомдолтой байна. 2013 оны 06 дугаар сард ажлын хэсэг акт үйлдэх эрхгүй байсан бол уг актыг тухайн үед нь таслан зогсоох боломжтой байсан. Харин шалгалтын ажиллагаа 2016 онд эхэлсэн бөгөөд хэргийн дугаараас харахад ч 2016 оны дугаартай хэрэг болох нь харагддаг. Комиссын актыг үндэслэн санхүүжилт олгуулах нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж байгаа боловч уг процесс нь олон баримт бичиг шаарддаг тул энэхүү үндэслэл нь тохирохгүй гэж үзэж байна. Хоёрдугаарт, гүйцэтгэгч компани ажлаа бүрэн дуусгаагүй байхад ажлыг бүрэн дууссан мэтээр акт үйлдсэн, эрх мэдлээ хэтрүүлсэн гэж прокурор тайлбарлаж байна. ... Гэвч 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дөрөвдүгээр актад ажлыг 100 хувь бүрэн дуусгасан, бүрэн хүлээн авсан гэх агуулга, үг хэллэг байхгүй. Мөн үлдэгдэл санхүүжилтийг олгох, эсхүл хохиролд дурдагдаж байгаа 995 сая төгрөгийг олгох тухай нэг ч үг, нэг ч мөнгөн дүн тусгагдаагүй. Ажлын хэсэг нь тухайн үед гүйцэтгэсэн ажлыг байгаа байдлаар нь хүлээж авсан, гэрээг дүгнэх зорилготой ажлын хэсэг байсан гэдгийг Төрийн нарийн бичгийн дарга Б-э өөрөө тодорхой мэдүүлдэг бөгөөд шүүх хуралдаанд ч мөн адил мэдүүлсэн. Иймд ажлын хэсэг нь дутуу ажлыг дутуу чигээр нь хүлээн авч акт үйлдсэн бөгөөд Ж- энэ дутуу ажлыг хүлээн авсан гэдгийг мэдэж байсан. Учир нь, ажлын хэсэг өөрөө дутуу ажлыг хүлээн авах чиг үүрэгтэйгээр байгуулагдсан ажлын хэсэг байсан. Үүнтэй холбоотойгоор 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Зам, тээврийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж- нь 08/5730 дугаартай албан тоотыг өөрийн ажил, албан тушаалын тамга тэмдэгтэйгээр албан ёсоор үйлдэж, “Б-” ХХК-ийн захиралд хүргүүлсэн. Уг албан тоотын хуулбарыг Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэст мөн хүргүүлсэн байдаг. Энэхүү албан тоотод 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 45 дугаартай гэрээний хүрээнд 8 систем, холбогдох тоног төхөөрөмжийг 1, 2, 3, 4 дүгээр актуудын дагуу хүлээн авсан бөгөөд дээрх гэрээг эцэслэн дүгнэх шаардлагатай тул гэрээ дүгнэх өдрийг яаралтай мэдэгдэхийг хүссэн агуулга тусгагдсан. Өөрөөр хэлбэл, ажлыг бүрэн дууссан эсэх, систем ажиллагаатай эсэх асуудлыг тодорхой болгох зорилготойгоор албан ёсоор мэдэгдсэн байдаг. Гэтэл уг албан тоот Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэст ирж, Төрийн нарийн бичгийн даргад танилцуулагдсан байхад, гэрээ эцэслэн дүгнэгдээгүй, тооцоо нийлээгүй нөхцөлд санхүүжилт шилжүүлэгдсэн үйл баримт бий болсон. Энэ нь сэжигтэй нөхцөл байдал үүсгэж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар Ж-ын оролцоо тогтоогддоггүй. Тухайлбал, 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Ж- нь Зам, тээврийн яаманд ажиллаагүй байсан. Мөн 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Зам, тээврийн яамны мэргэжилтэн Б- нь “Б-” ХХК-ийн ажилтан Б.Э-тэй тооцоо нийлж, Зам, тээврийн яамны тамга тэмдгээр баталгаажуулан 1 тэрбум 950 сая 100 мянган төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болохыг баталгаажуулсан баримт хавтаст хэрэгт авагдсан. Энэ үйл баримтын үед ч Ж- нь Зам, тээврийн яаманд ажиллаагүй, мөн Төрийн нарийн бичгийн дарга Ж.Б-ийн ажлын хэсэг байгуулах тухай тушаал гараагүй байсан. ... Эдгээр үйл баримтуудын алинд нь ч Ж-ын үйлдэл, оролцоо тогтоогддоггүй. ... Прокурорын зүгээс хохирол, хор уршиг тодорхойгүй байсан ч эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашигласан гэмт хэргийн бүрдэл хангагдана гэж тайлбарладаг. Гэтэл уг хөрөнгийн үнэлгээний дүгнэлтэд “Б-” ХХК-ийн гүйцэтгэсэн ажил, нийлүүлсэн тоног төхөөрөмж, системийн зах зээлийн үнэ цэнийг тодорхойлсон бодит үнэлгээ байхгүй. ... Ийм байдлаар хөрөнгийн үнэлгээ нь бодит нөхцөл байдалтай нийцээгүй, үндэслэлгүй гарсан. Иймээс улсын яллагчийн дурдсан 995.814.379 төгрөгийн хохирол учруулсан гэх тооцоо тогтоогдох боломжгүй. Шүүх хуралдаанд Зам, тээврийн яамны төлөөлөгчид 297.737.693 төгрөгийн санхүүжилт шилжээгүй үлдсэн талаар мэдүүлсэн нь Зам, тээврийн яамнаас Авлигатай тэмцэх газарт ирүүлсэн албан тоотоор нотлогддог. Иймд прокурорын эсэргүүцэл нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар няцаагдаж байгаа тул эсэргүүцлийг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Ж-ын гэм бурууг хянан хэлэлцээд, түүний үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн байх бөгөөд цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.
Прокуророос Б.Ж- нь Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Б- хяналт бүртгэлийн газрын дарга болон Зам тээврийн яамны агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3, 7.1.6-д заасныг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдал болон Төрийн бичгийн даргын 2013 оны 2 дугаар сарын 21-ний өдөр №59 тоот тушаал, 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн №351 тоот тушаалаар тус тус олгосон бүрэн эрх зэргийг албаны эрх ашгийн эсрэг урвуулан ашиглаж, “Б-” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээсээ 4.615.470.307 төгрөгийн тоног төхөөрөмж, программ хангамж, тавилга, хэрэгсэл, 343.418.940 төгрөгийг үйлчилгээ үзүүлсэн буюу нийт 4.958.889.247 төгрөгийн “Б-” ХХК-д төлөх ёстой байтал гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн мэтээр 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдөр №01, 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр №02, 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр №03, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр №04 дугаартай тоног төхөөрөмж хүлээн авсан акт үйлдэж улмаар Тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын нэгдсэн системийн тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, туршилт, тохируулгын ажил гүйцэтгэх 45/А дугаартай гэрээний үнийн дүн болох 5.954.703.626 төгрөгийг бүрэн хүлээж авах нөхцөл боломжийг бүрдүүлэн “Б-” ХХК-д давуу байдал бий болгосны улмаас төрд 995.814.379 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэж үзэж, түүнд холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой бүхий л нөхцөл байдлуудыг бүрэн шалгасан байх ба анхан шатны шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр Б.Ж-ыг төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоогдоогүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Зам тээврийн яамны эрх бүхий албан тушаалтнаас буюу Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №59 тоот тушаалаар, 2015.09.21-ний өдрийн №351 тоот тушаалаар тус тус ажлын хэсэг байгуулж, тухайн ажлын хэсэгт А/45 дугаартай гэрээний захиалагчийн хэрэгжүүлэх тодорхой эрхүүдийг ажлын хэсэгт шилжүүлсэн ба уг тушаалаар “Б-” ХХК-ийн гэрээний үүргийн биелэлтэд хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар Б.Ж-, нарийн бичгийн дарга Д.Э-, гишүүд Н.Б-, С.Б-, Д.Н-, Б.А-, С.Б-, Б.М- нарыг томилж, хяналт тавих, шаардлагатай тохиолдолд яамны удирдлагад шилжүүлэх, холбогдох шийдвэр гаргуулах эрхийг олгосон байна.
Түүнчлэн, “Б-” ХХК болон Зам тээврийн яам хооронд байгуулагдсан “Тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын нэгдсэн системын тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, туршилт тохируулгын ажлын гэрээ”-ний дагуу 1 дүгээр актыг 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдөр, хоёрдугаар актыг 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр, гуравдугаар актыг 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр, дөрөвдүгээр актыг 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тус тус үйлдсэн бөгөөд 2 жил гаран хугацааны туршид энэ ажиллагаа хийгдсэн. Гэтэл энэ хугацаанд ажлын хэсгийн явуулсан үйл ажиллагаанд Төрийн захиргааны төв байгуулагын эрх бүхий удирдах албан тушаалтны зүгээс хяналт тавихдаа буруутгасан, эсрэг санал, дүгнэлт гаргаагүй.
Төрийн албаны тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд “Төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх” зарчмаас гадна ... 7.1.8 дахь хэсэгт “...захирах, захирагдах ёсыг баримтлах.” гэж заажээ.
Өөрөөр хэлбэл, ажлын хэсгийн дээрх хүлээн авсан актуудыг хүлээн зөвшөөрөх эсэх, хуульд нийцүүлэн гаргахад хяналт тавих үүрэг бүхий удирдах албан тушаалтнуудаас зөрчил, дутагдлыг гаргуулахгүй байх, арилгуулах, таслан зогсоох зэрэг ажиллагааг огт хийлгүй, ажлын хэсгийн ахлагчийг буруутгах нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд удирдах албан тушаалтны гаргасан шийдвэрийг хэрэгжүүлснийг нь албаны эрх ашгийн эсрэг урвуулан ашигласан гэж дүгнэх боломжгүй юм.
Тухайлбал, нөхцөл байдлыг Төрийн нарийн бичгийн дарга Ж.Б-э “... Би Б.Ж-ын ажлын хэсгийг гүйцэтгэгч компанийн хийсэн ажлыг хүлээн авч, акт үйлдэх эрхтэй байсан гэж хэлнэ. Миний гаргасан 351 дугаартай тушаал дээр эцэслэн шийдвэрлэх гэсэн үг орсон байгаа. Тэгэхлээр гүйцэтгэгчийн хийсэн ажлыг эцсийн байдлаар хүлээж авах, дутуу ажил байвал гүйцээж хийлгэх, уг төслийг нэг мөр дуусгах, аль эсхүл гэрээ цуцлах гэх мэтчилэн ямар нэгэн байдлаар шийдвэрлэхэд оршиж байсан ... ” /5 хх 51-56/ гэж мэдүүлснээс үзэхэд прокурорын эсэргүүцэлд дурдсан “хүлээн авах комисс шинээр байгуулагдаж, гэрээгээр хүлээсэн гүйцэтгэлийг хүлээн авах акт тусдаа үйлдэгдэх ёстой байсан болох нь нотлогдон тогтоогдсон” гэсэн нь үгүйсгэгдэж байна.
Нөгөөтэйгүүр, Зам тээврийн яамны Төрийн бичгийн даргын 2013 оны 2 дугаар сарын 21-ний өдөр №59 тоот тушаалаар “...Тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын нэгдсэн системын тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, туршилт тохируулгын ажил гүйцэтгэх 45/А дугаартай гэрээ байгуулсан "Б-" ХХК-ийн гэрээний үүргийн биелэлтэнд хяналт тавих үүрэг бүхий...”, 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн №351 тоот тушаалаар “...тээврийн бүртгэл, хяналтын нэгдсэн системын тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, туршилт тохируулгын ажил гүйцэтгэх 45/А дугаартай гэрээ байгуулсан "Б-" ХХК-ийн гэрээний хэрэгжилтэд дүгнэлт гаргах, ажлын гүйцэтгэлд үүссэн асуудлыг эцэслэн шийдвэрлэх үүрэг бүхий...” ажлын хэсэгт тус тус олгосон бүрэн эрх нь ажлын хэсгийн нийт гишүүдэд хамаарах бөгөөд гагцхүү ажлын хэсгийн ахлагч Б.Ж- ямар шалгуураар дээрх тушаалуудаар хүлээсэн үүргийг дангаараа хариуцах болсон нь ойлгомжгүй байна.
Түүнчлэн, Б.Ж- нь буруутгагдаж буй 4 удаагийн акт үйлдэгдэх үед, мөн төлбөрийг Сангийн яамнаас “Б-” компанид шилжүүлсэн цаг хугацаанд Зам, тээврийн хяналт бүртгэлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр болон Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байтал прокуророос түүнийг Зам тээврийн хяналт бүртгэлийн газрын дарга болон Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн даргын албан тушаалд ажиллаж байхдаа гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаж байгаа нь агуулгын хувьд хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэс тогтоогдсонгүй.
Хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудаас үзэхэд Б.Ж-ыг гэмт хэрэг үйлдсэн эсэхэд эргэлзэх эргэлзээ бүхий бодит үндэслэл бий болсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд прокурор А.ЭнхЖ-ын бичсэн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 111 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/2322 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Анхан шатны шүүхийн ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” заасантай нийцсэн боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан 18 хавтас, 4085 хуудас бүхий хэргийг мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “....Давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянана.” гэсэн эрх хэмжээний хүрээнд хянах явцад энэ хэрэгт сэжигтнээр тооцогдон шалгагдаж байсан Ж.Б-, Т.С-, Т.БатЖ-, Ж.Б- нарын хамаарал бүхий байж болзошгүй 250.000 ам.долларын асуудлын талаар мөрдөн шалгах болон хяналт тавих байгуулллага хангалттай шалгах ажиллагааг явуулсан эсэх нь эргэлзээ бүхий байгааг тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ЦТ/2322 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор А.ЭнхЖ-ын бичсэн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 111 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Л.ГАНДОЛГОР
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ М.АЛДАР