Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00943

 

 

 

 

 

 

 

 

 

Б ХХК, Б.Б нарын

нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2022/00649 дугаартай шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б ХХК, Б.Б нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид холбогдох,

 

Гэм хорын хохиролд 131,182,734.5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, түүний өмгөөлөгч А.Даваажаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, тайлбарын агуулга: Б.Б нь Б ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал бөгөөд Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд байрлах 1990 м.кв талбайтай газар дээр вакум цонхны үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эрхэлж, Нийслэлийн засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 340 дугаартай захирамж, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/993 тоот шийдвэрийн дагуу эзэмшиж, ашиглаж ирсэн.

Гэтэл 2016 оноос эхлэн Зэвсэгт хүчний 065 дугаар ангиас газрыг чөлөөлж өгөхийг шаардсан албан бичгийг удаа дараа ирүүлэн, уг газар улсын тусгай хэрэгцээний газар, газрын гэрчилгээ тань илт хууль бус шийдвэрээр олгогдсон гэсэн тул Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Тус маргааныг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шат шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2019/0020 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 221/МА2019/0207 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 239 дүгээр тогтоолоор тус тус Б.Б д олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Улмаар Б ХХК болон иргэн Б.Б нарт хохирол учирсан. Үүнд:

Б.Б тус газрыг эзэмшиж, Б ХХК-иар үйл ажиллагаа явуулахаар 225 м.кв талбайтай вакум цонхны үйлдвэрийн барилгыг 48,000,000 төгрөгөөр барьсан боловч 2020 оны 06 дугаар сарын 24-нд Улсын Дээд шүүхийн 239 дүгээр тогтоолоор захиргааны хэрэг эцэслэгдэн шийдвэрлэгдсэнээр үйл ажиллагааг зогсоож, барилга нураах, тоног төхөөрөмж нүүлгэх, шилжүүлэх ажиллагаа явуулснаар 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр шилжүүлэн барьж дууссан. Барилгыг нурааж, тоног төхөөрөмж тээвэрлэх, ачих, хашаа нураах, газраа чөлөөлөхөд гарсан зардал нийт 22,614,900 төгрөг болно. Б ХХК-иар үйл ажиллагаа явуулж 2018 оноос 2019 оны хооронд ажиллахдаа нийт 434,271,338 төгрөгийн орлого олсон. Уг орлогыг 12 сарын хугацаанд хувааж үзвэл 1 сард дунджаар 36,189,278 төгрөг болж байна. Харин 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл барилга нураах, дахин барих ажил хийгдсэн ба нийт 3 сар ажиллаж чадаагүй. Иймд Нийслэлийн Засаг даргын илт хууль бус шийдвэрийн улмаас учирсан гэм хорын хохирол 131,182,734 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

.

2.Хариуцагч талын хариу тайлбарын агуулга: Нийслэлийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 340 тоот захирамжаар иргэн Б.Б д аж ахуйн зориулалтаар 5 жилийн хугацаатай газар эзэмшүүлсэн ба 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Б.Б нь зориулалт өөрчлөх тухай хүсэлт ирүүлсний дагуу Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/993 дугаар захирамжаар тус газрын зориулалтыг орон сууц болгон өөрчилж 5 жилийн хугацаатайгаар иргэн Б.Б д олгосон байна.

Дээрх маргаан бүхий захиргааны актыг Захиргааны хэргийн шүүхээс 2019 онд илт хууль бусад тооцсон бөгөөд иргэн Д.Батжаргалын нэхэмжилж байгаа вакум цонхны үйлдвэрийн барилгыг 2018 онд нураасан үйлдэлд захиргааны байгууллагаас захиргааны илт хууль бус шийдвэр гэж хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Б ХХК-д ямар захиргааны актын улмаас хохирол учруулсан нь тодорхойгүй.

Уг газрыг анх 2004 онд Хурдан загал ХХК-д эзэмшүүлэх шийдвэр гаргахад Нийслэлийн кадастрын мэдээллийн санд давхцалтай гэх тэмдэглэл байгаагүй ба Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар хүсэлт гаргасан газар нь бусдын ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна. Үндэслэл нь Захиргааны хэргийн шүүхэд Батлан хамгаалах яам болон Зэвсэгт хүчний 065 дугаар ангиас ирүүлсэн маш нууцалттай баримтуудаар нотлогдсон: Д.Батжаргалд маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/993 дугаар захирамж бусад хуулийн этгээдээс шилжүүлж, эзэмшүүлсэн захиргааны акт юм.

 

Б.Б нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн. Засаг даргад хандаад өөр газар эзэмших боломжтой байхад хандахгүйгээр зардал гаргаад одоо нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд уг асуудлыг шийдвэрлэх боломжтой байсан. Мөн газрыг давхцаагүй гэдэг баримтыг Б.Б өөрөө гаргаж өгсөн бөгөөд үүнийг Нийслэлийн Засаг дарга мэдэх боломжгүй байсан. Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газрын гаргаж өгсөн буруу мэдээллээс ийм нөхцөл үүссэн тул дээрх байгууллагаас хохирлоо нэхэмжлэх нь зүйтэй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв. гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас 22,614,900 төгрөг гаргуулж, Б.Б д олгож, 108,567,834 төгрөг гаргуулах Б ХХК-ийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 813,870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас улсын тэмдэгтийн хураамжид 271,024.5 төгрөг гаргуулж, Б.Б д олгож шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 20 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 207 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 239 дугаартай тогтоолоор тус тус Б.Б д газар эзэмших эрх олгосон 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/993 дугаар захирамжийн холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасны дагуу илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байх тул нэхэмжлэгч Б.Б ыг газар эзэмших эрхгүй гэж үзэж байна.

4.а.Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө, 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна гэж тус тус заасан тул барилгыг нурааж, тоног төхөөрөмж тээвэрлэх, ачих, хашаа нураах, газраа чөлөөлөхөд гарсан зардал болох 22,614,900 төгрөг нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасан төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас бусдад учруулсан гэм хорын хохиролд хамаарахгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Захиргааны хэргийн 3 шатны шүүхээр тогтоогдсон үйл баримтыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтын талаар дахин тогтоох шаардлагагүй. Тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч газар олгосон гэрчилгээ хууль ёсны дагуу олгогдсон гэсэн байр суурьтай байсан. Гэтэл давж заалдах журмаар гомдол гаргахдаа барилга байгууламж барих зөвшөөрөл олгоогүй, олгосон бол газрыг чөлөөлөхтэй холбоотой мэдэгдэл өгч, тухайн газрыг чөлөөлөх арга хэмжээг авах ёстой гэдэг. Газрыг чөлөөлөхтэй холбоотой арга хэмжээ авсан болох нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдоогүй. Давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа дуусгавар болсон байхад гомдол гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэр 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр гарч, 14 хоногийн дараа албажсан. Талууд шүүх хуралдаанд оролцсон учир 14 хоногийн дотор ирж гардан авах үүрэгтэй. Гэтэл уг үүргээ биелүүлэлгүй 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр шийдвэрийг гардаж авсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасан гомдлыг хүлээж авах боломжгүй үндэслэлд хамаарч байгаа. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлы хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу явуулж, хэргийн нотлох баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг үндэслэн маргааны үйл баримтыг тогтоож, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглэсэн байна.

2.Нэхэмжлэгч Б.Б , Бестдрийм ХХК нар хариуцагч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид холбогдуулан гэм хорын хохиролд 131,182,734 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

3.Хэргийн 19-30, 157-167 дахь талд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2019/0020 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 221/МА2019/0207 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 239 дугаартай тогтоол авагджээ. Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/993 дугаартай захирамжийн Б.Б д холбогдох хэсгийг илт хууль болохыг тогтоосон байна.

4.Нэхэмжлэгч Б.Б нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдийн байр сууринаас оролцсон байх тул захиргааны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг иргэний хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой дахин нотлох шаардлагагүй гэж үзнэ. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасанд нийцжээ.

5.Хэргийн баримтаар хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/993 дугаартай захирамжаар нэхэмжлэгч Б.Б эзэмших эрх олгогдсон газар дээр баригдсан вакум цонх, хаалганы үйлдвэрийн барилгыг буулгаж, нүүлгэн шилжүүлэх, барих ажлыг Ньюфосс ХХК-аар гүйцэтгүүлж, ажлын хөлсөнд 22,614,900 төгрөг төлсөн болох нь тогтоогдсон байна. /1хх 120/ Уг зардлыг хохиролд тооцон хариуцагчаас гаргуулах нэхэмжлэгч Б.Б ын нэхэмжлэлийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь дээрх хуулиар тогтоосон нотлох баримт үнэлэх журамд нийцжээ.

Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэгт зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн тохиолдолд эрх бүхий этгээдээс газар чөлөөлүүлэх арга хэмжээ авч, холбогдох зардлыг тухайн буруутай этгээдээс гаргуулахтай холбоотой зохицуулалт байна.

Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

6.Нэхэмжлэгч Бестдрийм ХХК нь хариуцагч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид холбогдуулан гэм хорын хохиролд 108,567,834 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

Анхан шатны шүүх тус компанийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үзээд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Энэ шийдвэрт зохигч талууд давж заалдах гомдол гаргаагүй учир давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийхгүй байх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимд нийцнэ гэж үзлээ.

7.Хариуцагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр баталгаат шуудангаар хүлээн аваад мөн оны 05 дугаар сарын 09-ны өдөр давж заалдах журмаар гомдол гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгийн заасан журмыг зөрчөөгүй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2022/00649 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Ч.ЦЭНД