| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 2305041130800 |
| Дугаар | 2026/ДШМ/136 |
| Огноо | 2026-01-29 |
| Зүйл хэсэг | 17.4.2.2., |
| Улсын яллагч | Б.Солонго |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 2026/ДШМ/136
Т.Б-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Солонго,
хохирогчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг,
шүүгдэгч Т.Б-, түүний өмгөөлөгч С.Уламбаяр,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/2550 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Солонгын бичсэн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 33 дугаар эсэргүүцэл болон хохирогчийн өмгөөлөгч М.Алтанцэцэгийн гаргасан давж заалдах гомдлоор Т.Б-т холбогдох 2305041130800 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Д овгийн Т-ийн Б, 1976 онд Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүрэгт оршин суух, (РД:...), урьд:
-Сүхбаатар дүүргийн шүүхийн 1999 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 8 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар,
-Баянзүрх дүүргийн шүүхийн 1999 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 614 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар,
-Төв аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 172 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан;
Шүүгдэгч Т.Б- нь Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Ю (Yu)-д “Монгол Улсад уул уурхайн салбар маш их хөгжиж байгаа, хүнд машин механизмын моторын тос, товууд зэргийг Солонгос улсаас Монгол улс руу оруулж ирэхэд маш их ашигтай, хурдан зарна, Солонгост үнийн хувьд хямд байна, хамтран ажиллая, би Монгол дахь бүх борлуулалт зэргийг хариуцна, та моторын тос нийлүүлэх хэрэгтэй, мөнгийг тухай бүрд нь шилжүүлнэ” гэж итгэл төрүүлэн хуурч, компани байгуулан төөрөгдөлд оруулж хохирогч Ю-ийн Солонгос улсаас явуулсан 162,656,023 төгрөгийн моторын тос, товуудыг 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Улаанбаатар хотын гаалийн газраас бүрдүүлэлт хийж, өөртөө шилжүүлэн авч залилсан,
мөн хохирогч Ю-д “моторын тос зарах ачааны машин хэрэгтэй байна” гэж хуурч, төөрөгдөлд оруулан түүний Солонгос улсаас явуулсан “Kia Motors Bongo 3” загварын 13,374,219 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Улаанбаатар хотын гаалийн газраас бүрдүүлэлт хийж өөртөө шилжүүлэн авч залилсан,
мөн хохирогч Ю-д “Монголд моторын тос зарахын тулд гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулах хэрэгтэй, хувь хүн ямар нэгэн эд зүйлийг компанид зарж болохгүй, 100,000 ам.доллар шилжүүлэх шаардлагатай байна” гэж итгэл төрүүлэн хуурч, 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр гадаадын хөрөнгө оруулалттай хамтарсан компани байгуулах гэрээ байгуулан, Ю-ийн шилжүүлсэн 100,000 ам.доллароос 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 62,170 ам.долларыг буцаан шилжүүлж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 37,830 ам.доллар буюу 100,136,010 төгрөгийг өөртөө шилжүүлэн нийт 276,166,252 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газар: Т.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Т.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөвтгөн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2.2 дахь заалт болгон өөрчилж,
шүүгдэгч Т.Б-ийг “их хэмжээний хохирол учруулж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 18,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэн, уг ялыг 2 жилийн хугацаанд биелүүлэхээр тогтоож,
шүүгдэгч Т.Б-оос 111,960,069 төгрөг гаргуулан хохирогч Ю-д олгохоор шийдвэрлэжээ.
Прокурор Б.Солонго бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлага болон хэргийн бодит байдалтай нийцээгүй.
“Залилах” гэмт хэрэг нь гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг. Түүнчлэн, бусдын эд хөрөнгө, эсхүл түүний өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух, бусдыг төөрөгдөлд оруулах зэрэг тодорхой үйлдэл хийсэн нь тогтоогдвол залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үздэг. Харин “Хөрөнгө завших” гэмт хэрэг нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгодог.
Шүүгдэгч Т.Б- нь Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Ю-д итгэл төрүүлэн өөртөө итгүүлж, хохирогчийн хөрөнгийг компанийн үйл ажиллагаанд бус өөртөө, өөрийн компанийн үйл ажиллагаанд ашиглах зорилгоор, буцааж хохирогчид мөнгө өгөхгүй, ашиг орлогоосоо хувь өгөх зорилгогүйгээр 276,166,252 төгрөгийн өртөгтэй бараа бүтээгдэхүүнийг үргэлжилсэн үйлдлээр өөртөө шилжүүлэн авч залилсан болох нь хэрэгт цугларсан хохирогч Ю-ийн мэдүүлэг, “Э” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Монгол-БНСУлсын хамтарсан "Э” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гэрээ, дүрэм, “Э” ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр, компанийн хувьцаа худалдах болон компанийн эрх шилжүүлэх 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн гэрээний хуулбар, “Э” ХХК-г үүсгэн байгуулсан 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 01 дүгээр тогтоол зэрэг баримтуудаар хангалттай нотлогдсон.
Мөн прокуророос шүүгдэгчийн 3 удаагийн үргэлжилсэн залилах гэмт хэргийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлтдээ тусгасан. Гэвч шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан талаар дурдахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлаагүй нь дээрх хуулийн шаардлагыг хангаагүй буюу шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэл бүхий ойлгомжтой, тодорхой, ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй.
Түүнчлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлагын зорилго, 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байхаар хуульчилсан. Шүүгдэгч Т.Б- нь гэмт хэрэг үйлдээгүй гэж маргаж, хохирогч Ю-д учруулсан 276,166,252 төгрөгийн хохирлыг төлөхгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол огт төлөгдөөгүй байхад шүүх шүүгдэгчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан торгох ялыг сонгон оногдуулах боломжтой гэж илтэд үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Хэрэгт авагдсан баримтуудаар Т.Б- торгуулийн ялыг төлөх санхүүгийн чадваргүй буюу орлогын тодорхой эх үүсвэр байхгүй, хохирол нөхөн төлөхөө илэрхийлээгүй байхад торгох ял оногдуулсан нь хуулийн зорилт, зорилгод нийцээгүй.
Нөгөөтээгүүр, эрүүгийн хариуцлагын төрлүүдээс хөнгөн буюу торгох ялыг сонгон оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “дүгнэлт нь ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байдал”-д хамаарч, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй.
Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Б-ийн үйлдлийг залилах гэмт хэргийн шинжгүй, харин завших гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчлэлийг өөрчилсөн нь үндэслэлгүй. Т.Б- нь эхнээсээ ашиг олно гэж итгэл төрүүлж, хуурч мэхэлж, гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулах шаардлагатай гэж 100,000 ам.долларыг гаргуулан 37,830 ам.долларыг хувьдаа хуурч авч ашигласан. Компани байгуулахад аль аль тал нь хөрөнгө оруулдаг байхад ганцхан Ю-ээр хөрөнгө гаргуулсан. Тос тосолгооны материал зараад 40-50 хувийн ашиг байтлаа, тос тосолгооны материал авсан үндсэн мөнгөө огт өгөөгүй байгаа нь илтэд хуурч, ашиг сайн олно гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авч, эд хөрөнгийг анхнаасаа буцаан өгөхгүй, хариу төлбөр төлөхгүй 6 жил болж байгаа нь залилах гэмт хэргийн шинжтэй юм.
Мөн анхан шатны шүүхээс 37,830 ам.доллар буюу 100,136,010 төгрөгийн хохирлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хохирогчийн хууль ёсны эрх ашгийг хохироосон. Гаалийн татварт төлсөн 28,478,143 төгрөгийг Ю гаргаж, Т.Б- очиж тушаасан. Ажилчдын цалин хөлсөнд 16,8 сая төгрөг зарцуулсан (3хх 21-37), аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлан, татварын тооцооллоор 1,353,570 төгрөг (3хх 6-18) материалуудыг нөхөж дараа хийсэн баримтууд юм. Учир нь, компанийн тамга, санхүүгийн тамга өнөөдрийг хүртэл Т.Б-т байгаа бөгөөд шүүхэд гаргаж өгсөн зарлагын баримтууд нь дандаа нөхөж, шинээр бичсэн нь илтэд мэдэгдэж байгаа.
Хэрэгт татварын албаны тайлан болон нийгмийн даатгалын газраас гаргасан баримтууд байгаа бөгөөд дандаа “X” тайлан байдаг ба Т.Б- прокурорт гаргасан хүсэлтдээ “2019 онд хамтарсан компани байгуулсан. Энэ хугацаанд ковид илэрч үйл ажиллагаа доголдон ажил хийх боломжгүй байсан” талаар дурдсан. “Баталгаа” дээр “2023 оны 06 дүгээр сарын 07 өдөр тос тосолгооны материалын үнэ 100,000 ам.доллароос 39,420 ам.долларын тос авч, үлдэгдэл 60,580 ам.долларыг 2023 оны 09 дүгээр сарын 15 өдөр төлж барагдуулна” гэж бичиж өгсөн. Мөн Баянгол дүүргийн Цагдаагийн 2 хэлтэст “уг компанид 100 сая төгрөгийг 2024 оны 01 дүгээр сарын 20 төлөх боломжтой” гэсэн. Т.Б- гэрчээр “Би ковидын 3 жил ажил хийгээгүй, ажил хийгээд надаас тос авсан компаниуд нь надад мөнгө бүрэн өгөөгүй, би мэнгээт тусаад уушгины хагалгаанд орсон” гэж мэдүүлсэн.
Үйл ажиллагаа явуулаагүй талаар Т.Б-ийн болон гэрчүүдийн мэдүүлэг, мөн X тайлан гаргасан байдлаас үзэхэд, 100,136,010 төгрөг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан талаарх баримт хэрэгт байхгүй байхад хийсвэрээр дүгнэж хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Өмгөөлөгч миний Монгол улсын татварын ерөнхий газарт “Э.Ж” ХХК нь 132,000,000 төгрөгийн түрээсийн төлбөр авсан эсэх 20 сая төгрөг, 40 сая төгрөгийг түрээсэнд авсан талаар шалгалт оруулах хүсэлт гаргахад 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 07/3436 дугаар хариу албан бичигт Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.4-т заасны дагуу татварын төлөлт, ногдуулалтын байдалд эрсдэл тооцож, татварын хяналт шалгалтад хамруулахаар Хан-уул дүүргийн татварын хэлтэст шилжүүлснийг мэдэгдсэн. Мөн байрны түрээсийн гэрээ хийсэн төрийн бус байгууллагыг татварын ерөнхий газарт гомдол гаргасан, хариу өнөөдрийн байдлаар ирээгүй байна. Шүүхэд хуурамч нотлох баримт бүрдүүлсэн учраас өмгөөлөгч миний дээрх баримтуудыг шалгуулахаар гомдлуудыг гаргасан. Хохирогчийн хүүгийн байрны түрээсийг төлсөн мэтээр хуурамч баримт үйлдсэнийг “Түрээсийн 900,000 төгрөгийг бөөндөө өөрөө төлсөн” талаарх 2 дугаар хавтаст хэргийн 86 дахь хуудсанд гэрчээр өгсөн мэдүүлгээр няцаагдана.
Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд Т.Б- гэм буруутай үйлдэл дээрээ маргадаг, хохирогчид нэг ч төгрөгийн хохирол төлөөгүй байхад 18,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь ял хөнгөдсөн. Т.Б- нь хохирогчтой 2 удаа хохирлын тооцоо нийлж, зардлаа хасаж тос тосолгооны материалын үнэ 60,580 ам.доллар төлөх “Баталгаа бичиг” үйлдсэн. Гэтэл үнэлгээгээр 98,585,850 төгрөг гарсан бөгөөд зөрүү 100,000,000 төгрөгөөр хохирч байхад дахин 100,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь хохирогчид илтэд хохиролтой шийдвэр гарсан. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Т.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2019 онд Солонгос улсад очиж, хөрөнгө оруулагчтай хамтран ажиллах гэрээ байгуулж, гадаадын хөрөнгө оруулалтын хуулиар Монгол Улсад компани байгуулсан. Хөрөнгө оруулалт орж ирсний дараа компани байгуулаагүй. Компани байгуулсны дараа хөрөнгө оруулалтын хуулиар моторын тос оруулж ирсэн. 100,000 ам.доллар оруулж ирсэн боловч 60,000 гаруй ам.долларыг нь буцааж шилжүүлсэн. 37,000 ам.долларын хувьд, үүнд түрээсийн мөнгөний урьдчилгаа, үйл ажиллагаа, гаалиас барааг хүлээж авах зардал, гааль дээр ажиллах хүмүүсийн цалин зэрэг багтсан. Би үйл ажиллагааг хэвийн явуулж байсан. Манайхаас тос тосолгооны материал зээлээр авсан компаниуд мөнгөө өгөхгүй удаасан. Одоо 8 нэрийн дэлгүүрийг ч 4,000,000 төгрөгөөр түрээслэхгүй байгаа. Би 400 м.кв-ыг хамгийн хямдаар эхнэрийн дүүг гуйгаад 4,000,000 төгрөгөөр түрээсийн гэрээ байгуулсан. 4 жил болоход түрээсийн мөнгө 194,000,000 төгрөгөөс 60,000,000 төгрөгийг л өгсөн. Үлдэгдэл мөнгийг намайг төл гээд орхисон. Намайг татварын өрнөөс гадна өөр бусад бүх зүйлд өрөнд оруулаад явсан. Хохирогчийн өмгөөлөгч манай компанид өөрөө ажиллаж байсан мэт намайг гүтгэж ярьж байна. Би ойлгохгүй байна. ...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Уламбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Т.Б- анхнаасаа Солонгос улсын иргэнтэй хамтарч ажиллах гэрээ байгуулж, үйл ажиллагаа явуулсан. Үйл ажиллагаанд ямар хэмжээний мөнгө зарцуулсан талаарх баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Өмгөөлөгчийн зүгээс шинжээч томилж, санхүүгийн дүгнэлт гаргуулах хүсэлтүүдийг удаа дараа гаргасан боловч хүсэлтийг хангаагүй. Ковидын үед тослох материалын үйлчилгээг хязгаарлаагүй, үйл ажиллагааг хэвийн явуулж байсан. Т.Б- үйл ажиллагааг явуулж байсан гэдгээ хэлдэг. Залилах гэмт хэрэг үйлдэх санаа зорилготой байсан тохиолдолд мөнгийг буцааж өгөхгүйгээр бүгдийг залилах байсан. 62,170 ам.долларыг буцааж хохирогчид шилжүүлсэн. Үйл ажиллагаа явуулж байх хугацаанд доголдол гарсан, түрээсийн байр түрээсэлсэн асуудлууд гарсан. Үйл ажиллагаа огт явуулаагүй юм шиг зүйл яриад байна. Тос тосолгоо материалыг тээвэрлэхэд зөөгч, ачигч, тээврийн хэрэгсэл хэрэгтэй. Т.Б-ийн хувьд тухайн үед борлуулалт хийсэн зарим газруудаас өр, авлагаа авч чадаагүй асуудал байгаа. Үүнийг огт дурддаггүй. Иймд анхан шатны шүүх хэргийг зөв шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын бичсэн эсэргүүцэл, хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Прокуророос Т.Б-ийг Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Ю (Yu)-д итгэл төрүүлэн хуурч, компани байгуулан төөрөгдөлд оруулж, түүний Солонгос улсаас явуулсан 162,656,023 төгрөгийн моторын тос, товуудыг 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр,
үргэлжилсэн үйлдлээр хохирогч Ю-д “моторын тос зарах ачааны машин хэрэгтэй байна” гэж хуурч, төөрөгдөлд оруулан түүний Солонгос улсаас явуулсан “Kia Motors Bongo 3” загварын 13,374,219 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр тус тус Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Улаанбаатар хотын гаалийн газраас бүрдүүлэлт хийж өөртөө шилжүүлэн авч залилсан,
мөн хохирогч Ю-д “гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулах 100,000 ам.доллар шилжүүлэх шаардлагатай” гэж итгэл төрүүлэн хуурч, 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр гадаадын хөрөнгө оруулалттай хамтарсан компани байгуулах гэрээ байгуулан, Ю-ийн шилжүүлсэн 100,000 ам.доллароос 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 62,170 ам.долларыг буцаан шилжүүлж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 37,830 ам.доллар буюу 100,136,010 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч, нийт 276,166,252 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Б-ийн үйлдлийг залилах бус, итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийн шинжтэй хэмээн дүгнэж, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар өөрчлөн, тухайн зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт заасан залилах, хөрөнгө завших гэмт хэргүүд нь бусдын эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг шунахай сэдэлтээр, шууд санаатай, хууль бусаар, үнэ төлбөргүйгээр өөртөө болон бусдын өмчлөлд бүр мөсөн шилжүүлэн авч хууль ёсны өмчлөгчид хохирол учруулсан шинжтэй байдгаараа өөр хоорондоо ижил төсөөтэй боловч гэмт санаа, зорилгоо хэрэгжүүлэхдээ урьдаас сонгон авсан арга, мөн тухайн эд юмс, түүний эрхийг гэмт этгээд ашиглах, захиран зарцуулах эрхтэй байсан эсэх, эдгээр нь хэний эзэмшил, өмчлөлд байсан зэргээрээ ялгагддаг.
“Завших” гэмт хэрэг нь албан ажлын үүрэг, гэрээ болон бусад тусгай даалгавраар тодорхой эд хөрөнгийг эрхлэн хариуцах эрхийг эдэлж байгаа этгээд энэ эрхээ ашиглан эзэмшилдээ байгаа хөрөнгөөс хууль бусаар, үнэ төлбөргүй өөрийн мэдэлд шилжүүлж ашиглахыг хэлнэ.
Ингэхдээ хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж хэрэгждэг.
Энэ гэмт хэрэг нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, гэрээ хэлцэл зэргээр тогтоон олгогдсон албаны бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд бусдын өмчийг итгэмжлэн хариуцах болон эргэлтэд оруулах үүрэг хүлээсэн этгээд уг эд хөрөнгө, түүний эрхийг өмчлөгчид нь тогтоосон хугацаанд буюу хяналт шалгалтгүйгээр буцаан өгөхгүй байх, үнэ хөлсийг нь төлөөгүй, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоож, өөртөө хууль бусаар авсан үйлдлээр илэрдэг.
Итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгоно.
Харин “Залилах” гэмт хэрэг нь гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг.
Өөрөөр хэлбэл, энэ төрлийн гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авсан үйлдэл байна.
“Хуурч мэхлэх” гэдэг нь гэм буруутай этгээд эд хөрөнгө хариуцагч буюу эзэмшигчийг үгээр буюу үйлдлээр үнэн байдлыг гуйвуулж буюу нуун дарагдуулж, төөрөлдүүлснээр уг эд хөрөнгийг авах эрхтэй гэж хууртагдсан этгээд эд хөрөнгийг сайн дураараа шилжүүлэн өгсөн,
“итгэлийг эвдэх” нь гэм буруутай этгээд бусдын эд хөрөнгийг авахын тулд талуудын итгэлд үндэслэн тодорхой гэрээний харилцааг ашиглах буюу эд хөрөнгийг хариуцагч, эзэмшигч зохих баримт бичиг бүрдүүлэлгүй буюу тогтсон журмыг мөрдөлгүйгээр шилжүүлснийг ашиглан түүнийг өөрийн өмчлөлд шилжүүлэх үйлдлээр тус тус илэрнэ.
Мөн хууль ёсны өмчлөгчөөс тогтоосон албаны бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд тухайн эд хөрөнгө, түүний эрхийг ашиглах, захиран зарцуулах, хамгаалах үүргийг хүлээгээгүй этгээд өөрийн албаны чиг үүрэг, эрх мэдлийг ашиглан бусдын эд хөрөнгийг өөрийн ба бусдын мэдэлд шилжүүлснээс гадна түүнийг ирээдүйд захиран зарцуулах эрхийг олж авсан тохиолдолд залилах гэмт хэрэг гэж үзнэ.
Түүнчлэн, хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг буцаан өгөхгүйгээр өөртөө хууль бусаар бүр мөсөн шилжүүлэн авч, ашиглаж, захиран зарцуулах гэмт санаа хэзээ үүссэнээр нь Эрүүгийн хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Залилах”, “Завших” гэмт хэргүүдийг ялган зүйлчилдэг.
Тодруулбал, “Залилах” гэмт хэргийн тухайд, эхлээд дээрх гэмт санаа төрсний улмаас бусдын өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгийг өөртөө авахын тулд хуурч мэхлэх, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулах, итгэлийг урвуулан ашиглах аргаар үйлдэгддэг.
Харин эд хөрөнгийг нь хууль бусаар өөртөө авах санаа зорилго байгаагүй боловч хууль, гэрээ хэлцэлд заасны дагуу эд хөрөнгийг итгэмжлэн хариуцах эрх үүссэний дараа дээр дурдсан гэмт санаа үүсэж, улмаар шилжүүлэн авсан үйлдэл нь “Завших” гэмт хэрэгт тооцогдоно.
Тиймээс гэмт этгээдээс өөрийн санаа зорилгыг хэрэгжүүлэх үүднээс сонгон авсан, Эрүүгийн хуульд заасан тодорхой үйлдлийн илрэх хэлбэр болох аргыг мөн хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнд өөр өөрөөр хуульчилсан байдаг бөгөөд энэ нь гэмт хэргийн шинжийг болон түүний нийгмийн аюулын түвшнийг тодорхойлох, ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал болдог тул үүнийг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоосон байх ёстой.
Иргэний хуульд заасны дагуу гэрээ байгуулсан, түүний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст аливаа эрсдэлд орсны улмаас үүссэн маргааныг, өөрөөр хэлбэл, гэрээний эрсдэлийг залилах гэмт хэрэгт тооцохгүй боловч гэрээ байгуулагдсаны дараа элдэв шалтаг заан гэрээний үүргээ биелүүлээгүй үйлдэл нь залилах гэмт хэрэгт тооцогддог.
Хэдийгээр шүүгдэгч Т.Б- нь хохирогчтой тохиролцсоны дагуу гадаадын хөрөнгө оруулалттай хамтарсан компани байгуулж, хохирогчийн Солонгос улсаас Монгол Улс руу явуулсан хүнд машин механизмын моторын тос, товууд зэрэг 4 контейнер бүтээгдэхүүнийг хүлээн авч, талбай түрээслэн, тодорхой хэмжээгээр зарж борлуулсан боловч “төлбөрийг удахгүй шилжүүлнэ” гэх зэргээр өөр шалтаг шалтгаан дурдаж, хохирогчид огт мөнгө өгөөгүй нь Т.Б-ийн хувьд, анхнаасаа ямар санаа зорилготой байсан талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.
Хохирогчид итгэл төрүүлэх тодорхой үйлдлүүд хийсэн боловч хохирогчтой гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцоогүй, өөрөөс нь үл шалтгаалах хүчин зүйл үүсээгүй байхад гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх талаар тодорхой арга хэмжээ аваагүй, үүнд чиглэсэн идэвхтэй үйлдэл хийгээгүй зэргээр бусдын эд хөрөнгийг буцааж өгөлгүй ашиглах нь “Завших” гэмт хэргийн шинжээс ялгаатай юм.
Иймд анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг өөрчлөн шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нь бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарах тул прокурорын бичсэн эсэргүүцэл, хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Эсэргүүцэл болон давж заалдах гомдлын дээрх үндэслэлтэй холбоотой хэсгийг хангаж, бусад хэсгийг хэлэлцэхгүй орхисон болно.
Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/2550 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор Б.Солонгын бичсэн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 33 дугаар эсэргүүцэл болон хохирогчийн өмгөөлөгч М.Алтанцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хангасугай.
2.Шүүгдэгч Т.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН