Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 566

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Сэлэнгэ,

улсын яллагч Н.Ням-Очир,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ц.Амар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ______ овогт Б-н Б-д холбогдох эрүүгийн _________ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ________

 

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 2 дугаар сарын 11-ний өдөр 20 цагийн орчим Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн эмч ажилтай Н.Сийн гар утсыг нууцаар хүч хэрэглэхгүйгээр хулгайлан 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Бгийн өгсөн:

            “...Би сар өдрөө сайн санахгүй байна. Хамгийн сүүлд найз болох Штай хамт Яармагийн гудамжинд архи уусан. Тэгээд Шаас салаад гэр лүүгээ явах замдаа ухаан алдаад унасан юм байна лээ. Тэгээд нэг мэдэхэд Гэмтлийн эмнэлэгт сэрээд нэг өрөөнөөс гар утас авсан санагдаж байна, тэгээд өрөөнөөс гарч яваад нэг эмчид баригдаад эмч нь буцаагаад утсаа авч удалгүй цагдаа хүрч ирж намайг Гэмтлийн эмнэлгээс авч явсан. Би хийсэн хэрэгтээ их харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-н 39-40/,

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Н.Сийн өгсөн:

            “...Би 2018 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Гэмтэл Согог судлалын эмнэлэгт хүлээн авах яаралтай тусламжийн үзлэгийн 2 тоот тасагт их эмчээр ажиллаж жижүүртэй байсан юм. Тэгээд орой 103 дуудлагаар нэр, гэрийн хаяг тодорхойгүй 30-35 орчим насны их хэмжээний согтолттой хүн хүргэгдэн ирсэн. Тэгээд энэ хүнийг ирэхээс өмнө би өөрийн эзэмшлийн Айфоне 6 маркийн гар утсаа өөрийн суудаг ширээнийхээ доор цэнэглээд орхиж цэгцэлгээний өрөөнд орж өвчтөнд оёдол тавиад гараад иртэл миний гар утас алга болсон байсан. Тэгээд би өөрийнхөө утас руу залгахад нэг эрэгтэй хүн авахаар нь утсаа авмаар байна гэтэл юун утас гээд тасалсан. Дахин өөрийнхөө утас руу залгахад миний сууж байсан өрөөний зүүн коридорт миний утасны хонхтой адилхан дуу гарахаар нь тэр зүгт яваад очтол хар өнгийн куртиктэй, цэнхэр өнгийн өмдтэй, эрэгтэй хүн зогсож байсан. Ингээд түүний халаасанд дугарахаар нь гараа оруулаад авсан. Би гар утсаа 2017 онд 1.400.000 төгрөгөөр Мобикомоос худалдаж авч байсан. Надад учирсан хохирол байхгүй, би өөрийн гар утсаа буцааж авсан болохоор гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 10-11/,

 

            - Эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт /хх-н 16/,

            - Хохирогч Н.Сийн хүсэлт /хх-н 45/,

 

Шүүгдэгч Б.Бгийн хувийн байдалтай холбоотой:

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 28/

- АСАП сангийн лавлагаа /хх-н 30-31, 41-44/,

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 53/,

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 200 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 56-57-58/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Б нь Н.Сийн гар утсыг нууцаар хүч хэрэглэхгүйгээр хулгайлан 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Б.Бгийн “...Би сар өдрөө сайн санахгүй байна. ... нэг мэдэхэд Гэмтлийн эмнэлэгт сэрээд нэг өрөөнөөс гар утас авсан санагдаж байна, тэгээд өрөөнөөс гарч яваад нэг эмчид баригдаад эмч нь буцаагаад утсаа авч удалгүй цагдаа хүрч ирж намайг Гэмтлийн эмнэлгээс авч явсан. Би хийсэн хэрэгтээ их харамсаж байна...” гэх мэдүүлэг,

 

            хохирогч Н.Сийн “...Би 2018 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Гэмтэл Согог судлалын эмнэлэгт хүлээн авах яаралтай тусламжийн үзлэгийн 2 тоот тасагт их эмчээр ажиллаж жижүүртэй байсан юм. ... өөрийнхөө утас руу залгахад миний сууж байсан өрөөний зүүн коридорт миний утасны хонхтой адилхан дуу гарахаар нь тэр зүгт яваад очтол хар өнгийн куртиктэй, цэнхэр өнгийн өмдтэй, эрэгтэй хүн зогсож байсан. Ингээд түүний халаасанд дугарахаар нь гараа оруулаад авсан...” гэх мэдүүлэг, Эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Бг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

            Хохирогч Н.Сийн “..Надад учирсан хохирол байхгүй, би өөрийн гар утсаа буцааж авсан болохоор гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 10-11/, хүсэлт /хх-н 45/ зэргийг харгалзан шүүгдэгч Б.Бг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

            Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан нөхцөл байдлууд тогтоогдож байгаа тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх саналыг тус тус гаргалаа. Дээрх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хор уршигийн хэмжээ, гэмшиж байгаа хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Бд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тэнссэн хугацаанд засарч хүмүүжих үүрэг хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

                        Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй,  шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч _____ овогт Б-н Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, засарч хүмүүжих үүрэг хүлээлгэсүгэй.

 

3. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ