Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 333

 

Ч.О-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор О.Мөнхбаатар, шүүгдэгч Ч.О, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 63 дугаар цагаатгах тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 23 дугаар магадлалтай, Ч.О-д холбогдох 1918006650470 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1979 онд төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, орчуулагч, инженер мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Ч.О  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

 Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ч.О-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Ч.О-г цагаатгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагаатгагдсан этгээд нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас хохирол учирсан гэж үзвэл уг хохирлоо арилгуулах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ шүүхэд цагаатгах тогтоолыг гардан авснаас хойш 10 жилийн дотор нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ч.О  гаргасан гомдолдоо “Магадлалыг эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна. Тус магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй бөгөөд хууль буруу тайлбарлаж, хэрэглэсэн. Учир нь 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 832 дугаар дүгнэлтээр хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон, 2020 оны 01 дүгэзр сарын 30-ны өдрийн 184 дүгээр бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн зэрэг тогтоогдоогүй байдаг. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр миний бие Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-6, 15-д зааснаар хохирогч гэх миний охин О.Х нь гэмтэл аваагүй эргэлзээтэй байсан тул шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах хүсэлт гаргаж шүүх хүсэлтийг хангасан. Ингээд бүрэлдэхүүнтэй шинжээч томилогдож миний охины биед гэмтэл учраагүй байдаг. Шүүх нь 2 шинжээчийн дүгнэлтийн алийг нь үнэлэх нь бүрэн эрх хэмжээний асуудал юм. Ингээд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн зарчмын дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан буюу цагаатгасан. Тиймээс цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэсэн байна.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд ахлах прокурор О.Мөнхбаатар гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Ч.О-д холбогдох хэргийг хянан хэлэлцсэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хэргийн бодит байдалд нийцэж, үндэслэл бүхий гарсан гэж дүгнэхээр байна. Өөрөөр хэлбэл хохирогч О.Х-н зүй бус харилцаа, үснээс татсан үйлдэл зэргийг таслан зогсоох үүднээс түүнийг зүүн хойш татаж, баруун хэсэгт цохисны улмаас хохирол учраагүй болох нь шинчээжийн дүгнэлтээр тогтоогдсон. Уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй юм. Анхан шатны шүүх нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж хууль, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон дотоод итгэлээр үнэлж хэргийг шийдвэрлэсэн байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн Ч.О-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Прокуророос Ч.О-г 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 6 дугаар хороолол, 7-18 тоотод төрсөн охин 17 настай О.Х-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Ч.О-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж шийдвэрлэхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн бөгөөд энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

Анхан шатны шүүхийн ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх хэмжээ хязгаарыг тогтоосон хэм хэмжээнд нийцсэн байна.

 

Анхан шатны шүүх шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж, уг баримт, шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдсэн эсэхийг шалгаж, тэдгээр дүгнэлтүүдийн ач холбогдол, үр дагаварыг тусгаж, өөрийн дотоод итгэлээр үнэлсний эцэст хэргийн үйл баримтыг тогтоон Ч.О-г цагаатгаж шийдвэрлэхдээ нотлох баримтыг шалгаж үнэлэх тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн шаардлагыг баримталж, 36.9 дүгээр зүйлд заасан цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт тавигдах шаардлага бүхий үндэслэлийг бүрэн тусгасан байна.

 

Гэтэл давж заалдах шатны шүүх “цагаатгах тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг тодорхой заагаагүй, ...хохирогчийн эмчид үзүүлсэн баримтуудтай адилтгаж дахин шинжилгээ хийлгүүлэхээр явуулсан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, гэмтэл учирснаас хойш 2 сарын дараа дахин үзүүлэхэд хөнгөн зэргийн гэмтэл нь арилж үгүй болох нь ойлгомжтой байсныг анхаараагүй” гэсэн үндэслэлүүдээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

 

Анхан шатны шүүх шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 822 дугаартай “гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт, 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 832 дугаартай “хөнгөн зэргийн гэмтэл болно” гэх дүгнэлт, 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 184 дугаартай “гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт болон бусад нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, шинжээчийн 184 дугаартай дүгнэлтийг цагаатгах тогтоолын үндэслэл болгож, Ч.О-г цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Учир нь компьютер томографикийн шинжилгээ нь рентген аппарат, соронзон резонанст томографи зэрэг бусад шинжилгээ, оношлогооноос илүү гэмтлийн үе дэх гавал тархины болон биеийн бүхий л хэсгийн ясны хугарал, цууралт, мултралт, тархин дахь цус хуралт зэрэг гэмтэл, согогийг нарийвчлан оношлоход чухал ач холбогдолтой бөгөөд дүрс оношилгооны мэргэжлийн эмч нарын “КТГ” зургийг үндэслэн уншсан шинжээчийн 184 дугаартай дүгнэлт нь хэрэгт авагдсан бусад шинжээчийн дүгнэлтээс илүү шинжлэх ухааны үндэслэлтэй, итгэл үнэмшил төрүүлэхүйц бодитой гэж үзнэ.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогч нарын зүгээс шинжээчийн дүгнэлттэй холбоотой хүсэлт гаргасан, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай гэж үзвэл шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэх эрхтэй бөгөөд шинжээчийн дүгнэлт тодорхойгүй, бүрэн биш, эргэлзээтэй, эсхүл шинжилгээтэй холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон  тохиолдолд шүүх, прокурор нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх эрхтэй болохыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар бүлэгт нарийвчлан зохицуулсан тул анхан шатны шүүхийн шүүгчийн шинжилгээ хийлгэх тухай захирамжийг үгүйсгэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох тухай Ч.О-н  гаргасан гомдлыг хүлээн авч магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 63 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 23 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.

                        

                                            ДАРГАЛАГЧ                                                      Б.ЦОГТ

                                            ШҮҮГЧ                                                               Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                       Ч.ХОСБАЯР

                                                                                                                       Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН