Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2018/0436

 

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2018/0436

Улаанбаатар хот

 

 

 

 

Т.Бгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, Г.Билгүүн шүүгч, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ч.Ж нарыг оролцуулан хийж Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 24 дүгээр шийдвэртэй, Т.Бгийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Орот холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн н нутгийн өмчийн газарөмгөөлөгч Ж.Э давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 24 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удридлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3 “г”, 20 дугаар зүйлийн 20.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Бгийн “Дархан-Уул аймгийн орон нутгийн өмчийн газрын 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Аймгийн нэгдсэн эмнэлгийн нярайн өлгий худалдаа эрхлэх 25.5 м2 бүхий өрөө тасалгаанд үйл ажиллагаа эрхлэх түрээслэгчийн сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлтийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э давж заалдах гомдолдоо: “ ... Нэхэмжлэгч Т.Б нь аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй түрээсийн гэрээ байгуулж нярайн хэрэглэл худалдах худалдааны үйл ажилллагаа явуулаад 6 жил болж байгаа бөгөөд түрээсийн гэрээний үүргээ цаг тухайд нь биелүүлсээр ирсэн байна. Гэтэл аймгийн Орон нутгийн өмчийн газар хуучин турээслэгчид мэдэгдэлгүйгээр 2018 оны 04 дүгээр сарын 20-нь өдөр уг талбайд сонгон шалгаруулалт явуулж “Б б” ХХК-г ялагчаар зарлаж улмаар иргэн Т.Бд түрээсийн байрыг 2018 оны 05 дугаар сарын 15-ны чөлөөлөх мэдэгдлийг гэнэт өгсөн байна.

Нэхэмжлэгч Т.Б нь тус байранд үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд хувиасаа 12 000 000 төгрөгийн зардал гаргаж засвар үйлчилгээ хийж тохижуулан ажиллаж байхад нь гэнэт өөрт нь мэдэгдэлгүй сонгон шапгаруулалт зарласан явдалд гомдолтой байна.

Нийслэлийн болон бусад газрын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан сонгон шалгаруулалтын журамд “өмнөх түрээслэгчид сонгон шалгаруулалтын талаар 30-с доошгүй хоногийн дотор мэдэгдэнэ” гэж заасан байхад Дархан-Уул аймгийн орон нутгийн өмчийн газар түрээслэгчийн эрхийг зөрчиж сонгон шалгаруулалт зарласан байх тул Дархан-Уул аймгийн орон нутгийн өмчийн газрын 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Аймгийн нэгдсэн эмнэлгийн нярайн өлгийн худалдаа эрхлэх 25.5 м2 бүхий өрөө тасалгаанд үйл ажилллагаа эрхлэх түрээслэгчийн сонгон шалгаруулалтын комиссийн дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглэлгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Т.Б нь Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчтэй 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс түрээсийн гэрээ байгуулж, тус эмнэлгийн барилгын 25.5 м2 хэмжээтэй өрөөнд нярайн өлгий худалдаа эрхлэх үйл ажиллагаа явуулж, гэрээг 2015, 2016 онд тус бүр нэг жилийн хугацаатай, 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаагаар шинэчлэн байгуулжээ.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Орон нутгийн өмчийн газар нь гэрээний хугацаа дуусахаас өмнө 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр уг өрөөг түрээслэгчийг сонгон шалгаруулахаар шийдвэрлэж зар гаргасан боловч нэг ч оролцогч материалаа ирүүлээгүйгээс 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр дахин зарлаж уг шалгаруулалтад “Б б” ХХК ганцаараа санал ирүүлсэн гэх үндэслэлээр гэрээ байгуулах эрх олгожээ.

Хариуцагч нь сонгон шалгаруулалт явуулах шийдвэр гаргахдаа орон нутгийн өмчийн өмнөх түрээслэгч Т.Бд мэдэгдэж 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан гэрээний 11.5-д “Гэрээний биелэлтийг хангалттай гэж дүгнэсэн нөхцөлд 1 жилээс илүүгүй хугацаагаар 2 удаа сунгаж болно” гэж заасны дагуу гэрээгээ дүгнэж уг гэрээг сунгах эсэхээ шийдвэрлэх, мөн ямар болзолтойгоор хөрөнгө оруулалт, засвар үйлчилгээ хийсэн, түүнийг хэрхэн тооцох эсэхийг тохиролцолгүй шууд шинээр түрээслэгчийг сонгон шалгаруулах шийдвэр гаргаж, хэрэгжүүлэн өөр этгээдтэй түрээсийн гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачилгаар, оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж тус тус заасныг зөрчсөн байна.

Гэтэл анхан шатны шүүх түрээсийн гэрээний хугацаа дууссан, цахим хуудсанд сонгон шалгаруулалтын зарыг тавьсан, хариуцагч нь түрээслэгчид мэдэгдэх үүрэггүй гэж буруу дүгнэжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 80 дугаар зүйлд “Орон нутгийн өмчийг эзэмших, захиран зарцуулахтай холбогдсон харилцааг энэ хуулийн тавдугаар бүлэгт заасны дагуу зохицуулна” гэж, 6 дугаар бүлгийн 28 дугаар зүйлийн 3-д “Түрээсийн гэрээнд Иргэний хуулийн 105 дугаар зүйлд заасан нөхцөлөөс гадна эд хөрөнгө түрээслүүлэх хугацаа, төлбөр, нөхцөл, хугацаанаас өмнө цуцлах үндэслэл, үүсэх үр дагавар, түүнийг арилгах журмыг заавал тусгана.” гэж заасны дагуу түрээсийн гэрээг байгуулсан атлаа  уг гэрээнд заасны дагуу биелэлтээ дүгнэж, гэрээнд зааснаар сунгахгүй бол түүнийгээ түрээслэгчид мэдэгдэж сонсох ажиллагаа явуулах үүрэгтэй.

Учир нь хэдийгээр орон нутгийн өмчийн хөрөнгийг захиран зарцуулах, түрээслэх бүрэн эрхийг аймгийн Орон нутгийн өмчийн газар хэрэгжүүлэх боловч урьд нь энэ эрхээ хэрэгжүүлж иргэн, хуулийн этгээдтэй түрээсийн гэрээ байгуулж, тодорхой эрх, үүрэг бий болгон эрх зүйн харилцаанд оролцуулсан нөхцөл байдлаа өөрчлөх, түүний эрх, ашиг сонирхлыг хөндөх шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлэх үүрэгтэй гэж үзнэ.

Хариуцагч нь түрээслэгчийг сонгон шалгаруулах шийдвэр гаргаснаар өмнөх түрээслэгч Т.Бгийн гэрээгээ сунгаж аж ахуйн үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэн эрхлэх ашиг сонирхол нь хөндөгдөхөөр байх тул захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагааг зохицуулсан Захиргааны ерөнхий хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлээгүй байна.

Түүнчлэн сонгон шалгаруулалтын зарыг нээлттэй, ил тод явуулсны үндсэн дээр захиргааны байгууллагын сонгон шалгаруулалтын зорилго биелэгдэх бөгөөд зөвхөн цахим хуудсаар зарласныг дээрх зорилгод нийцсэн гэж үзэхээргүй байна. Учир нь Дархан-Уул аймгийн иргэн бүр Дархан-Уул аймгийн цахим хуудсыг хэрэглэх боломжтой байсан гэж үзэхгүй.

Үүний улмаас нэхэмжлэгчийн сонгон шалгаруулалтад оролцох ашиг сонирхол нь мөн зөрчигдсөн байна. Хариуцагч Дархан- Уул аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 40 дүгээр тогтоолоор батлагдсан “Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг түрээслэгчийг сонгон шалгаруулах журам”-ыг баримталсан гэх боловч уг хэм хэмжээ тогтоосон шийдвэр нь зохих журмаар бүртгэгдэж нийтэд хэвлэгдээгүй, өөрөөр хэлбэл иргэд Дархан-уул аймгийн цахим хуудсанд зар тавигдсанаар нийтэд нээлттэй зарласан гэж үзэх талаар мэдэх боломжтой байсан гэж үзэхээргүй байна.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “Нэхэмжлэгч Т.Б нь тус байранд үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд хувиасаа 12 000 000 төгрөгийн зардал гаргаж засвар үйлчилгээ хийж тохижуулан ажиллаж байхад нь гэнэт өөрт нь мэдэгдэлгүй сонгон шалгаруулалт зарласан явдалд гомдолтой байна” гэснийг хүлээн авч нэхэмжлэлийг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Харин өмнөх түрээслэгч Т.Бтай байгуулсан гэрээний биелэлтийг дүгнэж, хууль, тогтоомжид заасан үндэслэлээр гэрээг сунгахгүйгээр сонгон шалгаруулалт явуулах шийдвэр гаргах ажиллагаанд сонсох ажиллагаа явуулж, зохих журмын дагуу бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүйгээр ил тод, нээлттэй явуулахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй гэж үзлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2, 121.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 80 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3, 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Аймгийн нэгдсэн эмнэлгийн нярайн өлгий худалдаа эрхлэх 25.5 м2 бүхий өрөө тасалгаанд үйл ажиллагаа эрхлэх түрээслэгчийн сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлтийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3, 50 дугаар зүйлийн 50.3, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Бгийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн Орон нутгийн өмчийн газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс буцаан олгосугай.

                   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ