Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 209

 

“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн Засаг даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:          Ч.Тунгалаг

            Шүүгчид:                         Г.Банзрагч

                                                    М.Батсуурь

                                                    П.Соёл-Эрдэнэ

            Илтгэгч шүүгч:                Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

            Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн А/562 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0834 дүгээр шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 136 дугаар магадлалтай,

            Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, Д.Н, Б.П, Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нарыг оролцуулж,

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б-ын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0834 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь заалтыг тус тус баримтлан нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “нийслэлийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн А/562 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай “Н” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 136 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 834 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... шүүхүүд Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2, 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд, давж заалдах шатны шүүхийн магадлалд “хариуцагч нийслэлийн Засаг дарга нь нэхэмжлэгчийн “Ц”ХХК-иас 2009 онд шилжүүлэн авч эзэмшиж байсан газрыг ... “ногоон байгууламж бүхий нийтийн эдэлбэрийн газар” гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй байна” гэжээ.

4. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д “нийтийн эдэлбэрийн газар” гэж зохих журмын дагуу нийтээр ашиглахаар тогтоогдсон төрийн өмчийн газрыг ойлгоно гэж заасан. Улсын дээд шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн “Газрын тухай хуулийг шүүхийн практикт нэг мөр ойлгож, зөв хэрэглэх тухай” зөвлөмжийн 3-т “... нийтийн эдэлбэрийн газар болох нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр баталгаажсан, зураглал, төлөвлөгөө, түүний техник эдийн засгийн үндэслэл, газар зохион байгуулалтын зураг, төсөл, газрын кадастрын зураглалд тусгагдсан эсэхийг шүүх анхаарч үзэх нь зүйтэй ...” гэснээс үзэхэд тухайн газрыг нийтийн эдэлбэр газар болохыг тогтоосон эрх бүхий этгээдийн шийдвэр гарч, мэдээллийн санд бүртгэж байж уг газар нь нийтийн эдэлбэр газарт хамаарах газар болохоор байна.

5. Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т зааснаар нийтийн эдэлбэр газарт иргэн, аж ахуй нэгж байгууллагын эзэмшлийн газар хамаарахгүй нь тодорхой байна. Дагаж мөрдөж буй Газрын тухай хуулиар зохицуулсан “нийтийн эдэлбэрийн газар”-ын талаарх зохицуулалт нь 1994 оны Газрын тухай хуулийн зохицуулалттай ижил байгаа бөгөөд уг хууль үйлчилж байх үед ч нэхэмжлэгчийн эзэмшиж байгаа газрыг нийтийн эдэлбэрийн газарт хамааруулсан шийдвэр гарч, газрын мэдээллийн санд бүртгэгдэж байсан талаарх үйл баримт тогтоогдохгүй байгаа болно.

6. Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд “нийтийн эдэлбэр газар”-ын байршил, хэмжээг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоож байна. Ингэхдээ дүүргүүдээс ирүүлсэн санал, бусад нөхцөл байдлыг харгалзан Нийлслэийн газар зохион байгуулалтын албанаас төслийг боловсруулан нийслэлийн Засаг даргын зөвлөлөөр хэлэлцүүлж, улмаар нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барьж батлуулдаг. Гэтэл маргаан бүхий газрыг нэхэмжлэгчээс өмнө нь эзэмшиж байсан хугацаанд нь захиргааны байгууллагаас уг газрыг нийтийн эдэлбэр газарт хамааруулсан шийдвэр гаргаж байсан баримт байхгүй байхад шүүх өөрөө шууд уг газрыг нийтийн эдэлбэрийн газар гэж тодорхойлж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

7. Шүүхүүд Газрын тухай хуулнйн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 227 дугаар тогтоолд “Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг хэрэглэх үндэслэл нь “төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйлдэл Газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байхын зэрэгцээ бусад газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн нөхцөлд тухайн шийдвэрээ хүчингүй болгох эрхтэй байх” гэж тайлбарласан байна.

8. Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар албан тушаалтан хууль бус шийдвэрээ хүчингүй болгохдоо нэгдүгээрг, хууль зөрчиж газар эзэмшүүлсэн байх, хоёрдугаарт, бусдын хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх урьдчилсан нөхцлүүдийг нэгэн зэрэг шаарддаг байна. “Ц”ХХК-аас нэхэмжлэгчид газрын эзэмших эрхийг шилжүүлэхийг зөвшөөрсөн шийдвэр нь хууль зөрчөөгүй буюу Монгол Улсын аж ахуйн нэгж хооронд явагдсан, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан “газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх” харилцааны зохицуулалтад бүрэн нийцсэн шийдвэр байсан төдийгүй, уг шийдвэрийн улмаас бусад газар эзэмшигч, ашиглагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн зүйл байхгүй юм.

9. Түүнчлэн, нийслэлийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/532 дугаар захирамжаар нэхэмжлэгч “Н” ХХК-ийн газар эзэмших эрхийн зориулалтыг “үйлчилгээ” гэж байсныг “үйлчилгээтэй орон сууц” гэж өөрчлөн, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгасан шийдвэр нь мөн л Газрын тухай хууль, Газрын харилцаа геодизи зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам” болон нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх, хугацааг сунгах, газрын зориулалтыг өөрчлөх үйл ажиллагааны журам”-д нийцсэн үйл ажиллагаа байсан.

10. “Т”ХХК-аас иргэн Г.Г-т, иргэн Г.Г-өөс “Ц”ХХК-д газар эзэмших эрхийг шилжүүлэхийг, “Ц”ХХК-ийн газар эзэмших эрхийн талбайн хэмжээг нэмэгдүүлэхийг зөвшөөрсөн шийдвэрүүд нь хууль бус юм бол тэрхүү шийдвэрүүдийг хууль бус гэдгийг нэхэмжлэгч мэдээгүй, мэдэх боломжгүй байсан. Учир нь нэхэмжлэгч “Н” ХХК нь хүчин төгөлдөр гэрчилгээ бүхий газрын эзэмших эрхийг “Ц”ХХК-аас хуулийн хүрээнд “шударга”-аар шилжүүлж авсан ба энэ тохиолдолд нэхэмжлэгчийн хувьд газар эзэмших эрх олгосон захиргааны актыг хууль ёсны гэдэгт итгэх итгэл үнэмшил бүр илүү байх нь жам ёсны зүйл юм.

11. Өөрөөр хэлбэл, захиргааны актаар нэгэнт олгогдсон хүчин төгөлдөр газар эзэмших эрхийг захиргааны байгууллагын зөвшөөрснөөр шилжүүлж авсан нэхэмжлэгч “Н” ХХК-ийн нөхцөл байдлыг уг газрыг эзэмших эрхийг анх олж авч байгаа этгээдийн нөхцөл байдалтай шууд харьцуулан үзэж дүгнэх боломжгүй.

12. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь хэсгийн зохицуулалт нь энэхүү маргаанд хэрэглэгдэх эсэх тухайд, хэдийгээр хариуцагч нь маргаан бүхий газар дээр нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгож нийтийн ашиг соиирхлыг зөрчсөн гэж А/532 дугаар захирамжийг хүчингүй болгосон ч хариуцагч дараагийн захирамж гаргахдаа өмнөх захирамжаа хүчингүй болгож байснаас үзэхэд энэ нь хэлбэр талаасаа өмнөх захирамжийн эрх зүйн үйлчлэл дуусгавар болсон гэж үзэж болох ч, захиргааны актын эрх зүйн үйлчлэлийн буюу агуулга талаас нь үзэхэд нэхэмжлэгч “Н” ХХК-д газар эзэмших эрх олгосон анхны захирамжийн эрх зүйн үйлчлэл нь (хариуцагч уг захиргааны актыг хүчингүй болгосон ч гэсэн) дараа дараагийн захирамж (захиргааны акт)-аар үргэлжилж байгааг харуулж байна.

13. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий газар дээр нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон эрх зүйн харилцаа буюу захиргааны акт нь Захиргааны ерөнхий хууль хэрэгжиж эхлэхээс өмнө гарсан байсан. Гэтэл хариуцагч захиргааны байгууллага маргаан бүхий актыг Захиргааны ерөнхий хуулийг буцаан хэрэглэж гаргасан, шүүх уг шийдвэрийг зөвтгөсөн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

14. Эрх зүйн онолын үүднээс авч үзвэл, хуулийн буцах үйлчлэл буюу хууль буцаан хэрэглэх тухай эрх зүйн ойлголт нь хуулиуд хүчин төгөлдөр болох хугацаанаасаа өмнөх хугацаанд үйлчлэх эсэх тухай эрх зүйн асуудал гэж үздэг. Хуулийн цаг хугацааны ба орон зайн үйлчлэх хүрээний үндсэн хуулийн эрх зүйн материаллаг шаардлагаас урган гардаг.

15. Хуулийн буцах үйлчлэл нь ардчилсан Үндсэн хуулиар бэхжүүлсэн нэг суурь нөхцөл болох эрх зүйн аюулгүй байдлын зарчим (хуулийн тодорхой, тогтвортой байдлын зарчим)-тай зөрчилддөг бөгөөд зарчмын хувьд зөвшөөрөгддөггүй гэж үздэг. Энэ онолын үзэл баримтлал иргэний ба захиргааны эрх зүйн хууль тогтоомжид нэгэн адил үйлчилнэ. Хэн бүхэн өөрийнх нь хуулийн дагуух үйл ажиллагаа хожим нь өөрт нь сөргөөр нөлөөлөхгүй байна гэдэгт итгэж чаддаг байх ёстой гэсэн хууль ёсны итгэл хамгаалах зарчмын агуулга энд мөн яригддаг.

16. Хуулийн буцах үйлчлэлийг онолын хувьд хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим хийгээд эрх зүйн аюулгүй байдлын зарчмыг үндэслэн зөвшөөрдөггүй. Учир нь, аливаа хууль батлагдсанаар иргэн, хуулийн этгээд болон захиргааны байгууллагын аль аль нь ийм хүрээнд ажиллаж болох юм байна, ийм эрх, үүрэгтэй байх юм байна гэсэн хууль ёсны итгэл үүсдэг. Нөгөө талаас тухайн хууль нь тодорхой бөгөөд тогтвортой байх ёстой гэсэн зарчмын шаардлага тавигддаг. Ийм нөхцөлд тодорхой хугацааны дараа шинээр батлагдсан хууль нь өмнөх хуулийн үйлчлэлийн хүрээн дэх эрх зүйн харилцаанд шууд буцаж үйлчлэх боломжгүй гэж үздэг байна.

17. Дээрхээс авч үзвэл, хуулийн буцах үйлчлэлийг авч үзэхдээ буюу хуулийг буцаан хэрэглэхдээ тухайн шинээр батлагдсан хуульд тус хуулийг буцаан хэрэглэж болохоор заасан эсэх нь зайлшгүй харгалзан үзэх нөхцөл байна. Түүнчлэн, тухайлсан ямар эрх зүйн харилцаанд нь шинэ хууль буцаж үйлчлэх ёстойг заасан байхыг шаарддаг байна. Иймд Захиргааны ерөнхий хуульд уг хуулийг буцаан хэрэглэж болох талаар ерөнхий болон тухайлсан байдлаар аль алиныг нь заагаагүй болно. Тиймээс уг хуулийг буцаан хэрэглэх нь хууль зүйн хувьд зөвшөөрөгдөхгүй гэж үзнэ.

18. Шүүхийн практикаас үзвэл: Улсын дээд шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 152 дугаар тогтоолоор “иргэн, хуулийн этгээдийн зүгээс Захиргааны ерөнхий хууль үйлчилж эхлээгүй байх үед гарсан захиргааны актыг хүчингүй болгохоор захиргааны хэргийи шүүхэд иэхэмжлэл гаргасан тохиолдолд шүүх Захиргааны ерөнхий хуулийг хэрэглэж уг маргааныг шийдвэрлэхгүй” болохыг баталгаажуулсан байна. Мөн Захиргааиы ерөнхий хууль хэрэгжихийн өмнө гарсан захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийи 47.1.6-д заасан “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэдгээр илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхээс Захиргааны ерөнхий хуулийг буцаан хэрэглэхгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон цөөнгүй шийдвэрүүд гарсан. Үүний нэгэн адилаар захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хууль хэрэгжиж байгаагүй үед гарсан захиргааны актыг Захиргааны ерөнхий хууль үйлчилж эхэлсний дараа уг хуулийг баримталж хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

19. Эцэст нь тэмдэглэж хэлэхэд нэхэмжлэгчийи зүгээс маргаан бүхий газрыг нийгмийн зайлшгүй шаардлага, нийтийн ашиг сонирхлын үүднээс буцаан авах явдлыг үгүйсгээгүй бөгөөд гагцхүү хариуцагч энэхүү үйл ажиллагаагаа хууль ёсны дагуу нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэх ёстой гэж үзэж байгаа болно.

20. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0834 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 136 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            21. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр, “хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн” гэж үзэж, захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлсэн өөрчлөлтийг шүүхийн шийдвэр, магадлалд орууллаа.

            22. Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/562 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, 28.1.3, 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь заалтуудыг тус тус баримтлан, “... ногоон байгууламж бүхий нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглаж байгаа 2194 м.кв газрыг “Н” ХХК-д үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчих нөхцөл байдал үүсгэсэн” гэх үндэслэлээр “Н” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, нийслэлийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/532 дугаар захирамжийн “Н” ХХК-д холбогдох хэсгийг “хүчингүй болсонд тооцож” шийдвэрлэсэн, нэхэмжлэгчээс “... газар эзэмшигч хууль зөрчөөгүй, ... хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох ... /хуульд заасан/ үндэслэл бүрдээгүй, ... газар эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн” гэж маргажээ.

            23. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, анх нийслэлийн Засаг даргын 2000 оны 433 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, орон сууцны 16 дугаар байрны урд талд байршуулан 0,08 га газрыг “зочид буудал, үйлчилгээний” зориулалтаар “Т” ХХК-д эзэмшүүлж, 2004 оны 30 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг иргэн Г.Баттөмөрт, 2007 оны 06 дугаар захирамжаар “Ц”ХХК-д тус тус шилжүүлсэн, мөн даргын 2008 оны 463 дугаар захирамжаар “Цаст когстракшн” ХХК-ийн эзэмшил газрын хэмжээг 2194 м.кв болгон нэмэгдүүлж, 2009 оны 671 дүгээр захирамжаар “Н” ХХК-д газар эзэмших эрхийг шилжүүлэхдээ газрын хэмжээг 1970 м.кв болгон багасгаж, 2010 оны 204 дугаар захирамжаар “Н” ХХК-ийн эзэмшил газрын хэмжээг дахин 2194 м.кв болгож нэмэгдүүлсэн, 2015 оны А/677 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 2 жилээр сунгаж, 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/532 дугаар захирамжаар эзэмшил газрын зориулалтыг “үйлчилгээтэй орон сууц” болгож, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгаж тус тус шийдвэрлэсэн байна.

            24. Түүнчлэн, “Н” ХХК маргаан бүхий газар дээр 15 давхар үйлчилгээтэй орон сууцны барилга барихаар төлөвлөсөн, уг газрын ард байрлах Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны 120 мянгатын 15, 16 дугаар байрны оршин суугчдаас “... газар эзэмшүүлэхдээ иргэдийн эрх ашгийг хохироосон, ... эрүүл аюулгүй орчинд амьдрах, цэвэр агаараар амьсгалах, нар үзэх эрхээ хамгаалахын тулд “Н” ХХК-тай олон жил тэмцэж байгаа, ... иргэдийн тарьж ургуулсан /олон тооны/ мод, ногоон байгууламж устаж үгүй болоход хүрсэн ... /тул/ “Н” ХХК-ийн үйлчилгээтэй орон сууц барихыг эсэргүүцэж, нийслэлийн Засаг даргын 2017 оны А/532 дугаар захирамжийг хүчингүй болгохыг шаардсан” гомдол хүсэлтийг нийслэлийн Засаг даргад удаа дараа гаргасан, үүний дагуу нийслэлийн Засаг даргаас маргаан бүхий газрыг “нийтийн эзэмшлийн ногоон байгууламжаар үлдээх” зорилгоор маргаан бүхий актыг гаргасан нь хэрэгт авагдсан хариуцагчийн тайлбар, бусад баримтуудаар тогтоогджээ.

            25. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэх”-ээр заасан, нэгэнт олгогдсон газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг хуульд заасан үндэслэлээр хүчингүй болгох ёстой, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлүүдийг тоочин заасан, маргаан бүхий захиргааны актаар газар эзэмшигч “Н” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо эдгээр үндэслэлүүдийн аль нэгийг заагаагүй,  газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуульд заасан аль нэг үндэслэл бий болсон талаар хариуцагч маргаагүй байна.

            26. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхүүд “... газрыг 2009 онд шилжүүлэн авснаас хойш зориулалтын дагуу огт ашиглаагүй ... /тул/ газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох Газрын тухай хуульд заасан үндэслэл бүрдсэн”, “...нэхэмжлэгч нь 2009 онд бусдаас шилжүүлэн авснаас хойш зориулалтын дагуу газраа ашиглаж, газар эзэмших эрхээ хэрэгжүүлээгүй, актын эерэг нөлөөллийн үр шимийг хүртээгүй /байх тул/ газар эзэмших эрхийг хүчингүй болгосноор ... нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй” гэж Газрын тухай хуулийн “газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” зохицуулалтыг буруу хэрэглэсэн, маргаан бүхий захиргааны актын үндэслэлийг өөрийн үзэмжээр тайлбарлаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болох дүгнэлтүүд хийсэн нь буруу.  

            27. Түүнчлэн, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсоох”-оор заасныг маргааны үйл баримтад холбогдуулан авч үзвэл, маргаан бүхий 2194 м.кв газар нь анхнаасаа бусдын эзэмшил, ашиглалтад олгохыг хориглосон, хязгаарласан газар байсан, эсхүл өөр бусад байдлаар газрын тухай хууль тогтоомж зөрчиж аж ахуйн нэгжид газар эзэмшүүлсэн тохиолдолд эрх бүхий албан тушаалтан уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгох эрх олгосон зохицуулалт бөгөөд энэ тохиолдолд, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т заасан “эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгох” зохицуулалт давхар хэрэглэгдэх юм.

            28. Маргааны үйл баримтуудаас үзвэл, хариуцагч нийслэлийн Засаг дарга 2000 оноос үүссэн маргаан бүхий газар эзэмших эрхийг “анхнаасаа хууль зөрчиж олгосон” талаар болон 2004, 2007, 2008, 2009, 2010, 2015 онд уг газар эзэмших эрхийг баталгаажуулж гаргасан захирамжуудын “хууль ёсны эсэх”, “хүчин төгөлдөр байдал”-ын талаар маргаагүй тул шүүх Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан үндэслэл бүрдсэн гэж дүгнэх боломжгүй.

            29. Гэхдээ, Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “... иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч /байх/”-аар, 6 дугаар зүйлийн 6.1-д “...газрыг ... аж ахуйн нэгж байгууллага эзэмшиж, ашиглах”-аар, 20 дугаар зүйлийн 20.2.1-д “... /Засаг дарга/ нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах”-аар, 21 дүгээр зүйлийн 21.2.3-т нийслэлийн Засаг дарга нь “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх”-ээр, 21.2.4-т “хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон тухайн жилийн газар зохион байгуулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу энэ хууль ...-д заасан газар эзэмшүүлэх, ашиглуулах ажлыг зохион байгуулах”-аар тус тус зааснаас үзэхэд төрийн өмчийн тодорхой нэг газрыг бусдын эзэмшил, ашиглалтад тодорхой хугацаа, болзолтойгоор, гэрээний үндсэн дээр олгох эсэх, эсхүл бусдын эзэмшил ашиглалтад олгогдсон газрыг цаашид “нийтийн эзэмшил”-д ашиглахаар шийдвэр гаргах төр, түүнийг төлөөлөн эрх хэрэгжүүлэгч этгээдийн бүрэн эрхийг шүүх үгүйсгэх боломжгүй, хариуцагч нийслэлийн Засаг дарга Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, орон сууцны 15, 16 дугаар байрны урд талд байршилтай 2194 м.кв газрыг цаашид “Н” ХХК-нд эзэмшүүлэхгүйгээр “нийтийн ашиг сонирхол”-ын үүднээс уг газрыг нийтийн эдэлбэрт, нийтээр ашиглахаар шийдвэр гаргах эрхтэй гэж шүүх үзлээ.

            30. Өөрөөр хэлбэл, “нийтийн ашиг сонирхол”-ыг хамгаалах зорилгоор эрх зүйн зөрчилтэй болон зөрчилгүй захиргааны актыг хүчингүй болгох, цуцлах боломжийг Захиргааны ерөнхий хуулиар олгосон, тухайн тохиолдолд, хамгаалагдах “нийтийн ашиг сонирхол” байгаа гэж хариуцагч маргасныг шүүх үгүйсгэхгүй,  энэ үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхилоо.

            31. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2-т “хот, тосгон, бусад суурины нийтийн эдэлбэрийн газар .../-ыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглах”-аар заасан нь “нийтийн эдэлбэрийн газрыг нийтээр ашиглах” хуулийн зохицуулалт бөгөөд, харин бусдын эзэмшил, ашиглалтад нэгэнт олгогдсон газрыг “нийтийн эдэлбэрийн газар болгох” зохицуулалт нь тусдаа, Газрын тухай хуулийн 42, 46 дугаар зүйлээр тус тус нарийвчлан зохицуулагдсан байна.

            32. Хариуцагчаас төрийн өмчийн газрын эзэмшил, ашиглалтын асуудлыг шийдвэрлэх эрхийн хүрээнд шийдвэр гаргахдаа “2008 онд анх бусдын эзэмшилд олгогдох үед уг 2194 м.кв газар нь “нийтийн эдэлбэр газар”-т хамаарахаар төлөвлөгдсөн байсан бөгөөд нийтийн эзэмшил газрыг хууль зөрчин бусдын эзэмшилд олгосон эсэх”, “бусдын эзэмшил, ашиглалтад нэгэнт олгогдсон газрыг нийтийн эзэмшилд ашиглахаар шийдвэрлэж байгаа эсэх” талаар болон    Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд заасан “хууль бус захиргааны актыг цуцлах”, эсхүл 49 дүгээр зүйлд заасан “эрх зүйн зөрчилгүй захиргааны актыг цуцлах” үндэслэлүүдийн аль нь тухайн тохиолдолд хамаарч байгаа талаар тодруулах шаардлагатай, эдгээр асуудал нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул хариуцагч уг асуудлыг судласны үндсэн дээр дахин захиргааны акт гаргах нь зүйтэй байна.

            33. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасныг энэ тохиолдолд шүүх хэрэглэх боломжтой,  хяналтын шатны шүүхээс шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж,  захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0834 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 136 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2,  21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг тус тус баримтлан энэ шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дахин шинэ акт гаргах хүртэл нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/562 дугаар захирамжийг зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчлөн, 2 дахь заалтад “хариуцагч шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/562 дугаар захирамжийг хүчингүй болохыг дурдсугай” гэж нэмэн, шийдвэрийн 2, 3 дахь заалтын дугаарыг 3, 4 болгон өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан “Н” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ч.ТУНГАЛАГ

             ШҮҮГЧ                                                                  Д.МӨНХТУЯА