Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 2026/ДШМ/01

 

 

 

 

 

 

 

 

                              

                             

 

 

 

 

 

 

                                                                                                                                                                

                                                                                   2026/ДШМ/01

 

 

        

Э.Б, Х.О, Ж.Н нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

 А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч В.Ц даргалж, шүүгч Ч.Энхтөр, шүүгч Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор: Т.Алтанзул

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Б.Алтанчимэг, Ц.Бат-Эрдэнэ, Э.Мөнх-Эрдэнэ, Г.Энхбаяр

Шүүгдэгч: Э.Б, Х.О, Ж.Н

            Нарийн бичгийн дарга: Г.Гүн-Эрдэнэ нарыг оролцуулан

 

А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2025/ШТЦ/300 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Ж.Нгийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Э.Б, Х.О, Ж.Н нарт холбогдох 2512002120175 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч ерөнхий шүүгч В.Цийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

 

1. Монгол Улсын иргэн, 1900 оны 0 дугаар сарын 0-ний өдөр А аймгийн И суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 0 эхнэр, 0 хүүхдийн хамт, А аймгийн Э сумын 0 дүгээр баг, Б 0-0 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000  төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Б овогт Эын Б /РД:0000000000/

 

2. Монгол Улсын иргэн, 190 оны 0 дугаар сарын 0-ны өдөр А аймгийн Э суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “Г” ХХК-д ачигч ажилтай, ам бүл 0, эхнэр, 0 хүүхдийн хамт А аймгийн Э сум 0 дугаар баг А 0-0 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Х овогт Хын О /РД:000000000000/

 

3. Монгол Улсын иргэн, 190 оны 0 дугаар сарын 0-ны өдөр Ө аймгийн Б суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 0 эхнэр, 0 хүүхдийн хамт А аймгийн И сумын Х багийн Б даваа гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Р овогт Жийн Н /РД:0000000000

 

      Шүүгдэгч Э.Б, Х.О, Ж.Н нар нь бүлэглэж, 2023 оны 08 дугаар сарын 20-ны үед А аймгийн И сумын Х багийн нутаг дэвсгэрээс хохирогч М.Цийн 13.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий олон тооны мал болох 10 тооны сарлагийн үхрийг, үйлдлээ хөнгөвчлөн түргэтгэх зорилгоор Ж.Нгийн эзэмшил, өмчлөлийн улаан өнгийн мотоциклийг машин механизм зориулалтаар ашиглан, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар тууварлан явж, өөрсдийн захиран зарцуулах эрхэнд бүрэн шилжүүлэн авч хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

  А аймгийн Прокурорын газраас Э.Б, Х.О, Ж.Н нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

  А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/300 дугаартай шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б овогт Эын Б, шүүгдэгч Х овогт Хын О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Б овогт Э Б, шүүгдэгч Х овогт Хын О нарыг “бүлэглэж, бусдын олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Р овогт Жийн Нг “бүлэглэж, бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Э.Бийг 2 /хоёр/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Х.Оыг 2 /хоёр/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар        шүүгдэгч Ж.Нг 2 /хоёр/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд оногдуулсан 2 /хоёр/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Х.Оод оногдуулсан 2 /хоёр/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ж.Нд оногдуулсан 2 /хоёр/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б, Х.О, Ж.Н нарын цагдан хоригдсон 6/зургаа/ хоногийг шүүгдэгч нарын эдлэх хорих ялд тус тус оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Э.Бөөс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уналга нас нийлсэн морины үнэ 900,000 /есөн зуун мянга/ төгрөгийг, шүүгдэгч Х.Ооос гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уналга нас нийлсэн морины үнэ 900,000 /есөн зуун мянга/ төгрөгийг,  шүүгдэгч Ж.Нгээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл “Taco choss” маркийн мотоциклийн үнэ  2,200,000 /хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлж, Шүүгдэгч Э.Б, Х.О, Ж.Н нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарт хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.Б, Х.О, Ж.Н нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга тус тус  хэмжээг хэвээр  үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

            Шүүгдэгч Ж.Н давж заалдах гомдолдоо ... тухайн  гэмт хэрэг үйлдэгдэх үед буюу 2023 оны 08 дугаар сарын 20-ны үеэр би хөх даваа гэх газраас үхрээ бөөгнүүлж харчхаад буцаж гэр лүүгээ явж байсан. Улаан өнгийн мустанг-5 маркын мотоциклтой тухай үед мотоциклийн гэрэлд хоёр морьтой хүн хэдэн үхэр туучихсан орж ирсэн. Тэгээд би яваад очтол манай нутгийн дүү болох Э.Б түүний хүргэн дүү болох Х.О нар байсан юм. Тэгэхээр нь би мэнд ус мэдчихээд гэр лүүгээ явсан. Энэ явдлаас хойш хоёр хоногийн дараа Э.Б, Х.О түүний эхнэр тэр гуравтай таарсан тэр үед Э.Б надад хандаж дээрийн тууж явсан үхэр хулгайн үхэр байсан шүү хүнд битгий хэлээрэй гэж 1.900.000 төгрөг бэлнээр өгсөн. Тэр мөнгийг авсан нь үнэн. Энэ явдлаас хойш хойтон хавар нь 2024 оны 04 дүгээр сарын 10-ны үеэр Э.Б над руу өөрийн эзэмшлийн 95010881 дугаараас залгаж Х.О бид хоёрын хулгай хийсэн үхрийг эзэн нь мэдээд цагдаад өгөх гээд байна. Нөгөө чамд өгсөн 1.900.000 төгрөгийг өгөөч гэж хэлсэн. Тухайн үед би банкны зээлтэй байсан учраас хэд хоногоос өгий гэж хэлсэн. Тэрнээс Э.Бтэй холбоо бариагүй. Тэр явдлаас хойш 2025 оны 03 сарын 15-ны үеэр Э.Б хоёр цагдаагийн хамт манай хөдөө гэр болох Х багийн Баруун хөх даваа гэх газар ирсэн. Тэгээд тэр хоёр цагдаа хоёр гурав хоногийн дараа байцаалтаа А аймагт ирж өгөөрэй гээд явсан. Тэгээд Э.Б надад хандан Х.О бид хоёр чамайг нөгөө авсан 1.900.000 төгрөгөө өгөхгүй болохоор чинь цагдаад хэлээд хэрэг хамаар татчихлаа гэж хэлсэн. Хохирогч болох М.Цтэй тохирчихсон нотариатаар баталгаажуулсан энэ хэргийн цагдаа дээр нам дарна гэж хэлсэн. Одоо зүгээр хохирлоо барагдуулмаар байна бид хоёрт мөнгө олдохгүй байна чи барагдуулчих буцааж бид хоёр мөнгийг чинь төлөөд өгнө гээд гуйгаад байсан. Тэгэхээр нь би хохирлоо барагдуулаарай гээд 1.900.000 төгрөг өгсөн. Би цагдаад мэдүүлэг өгөхдөө би тэр хоёртой хамт яваагүй үхрээ харчхаад харих замдаа таарсан гэдгээ үнэнээр нь хэлсэн. Э.Б цагдаад мэдүүлэг өгөхдөө надтай хамт морьтой яваад тэр хулгайн үхрийг тууж Х.Оод аваачиж өгсөн гэж худал мэдүүлэг өгсөн байдаг. Харин Х.О цагдаад мэдүүлэг өгөхдөө өөрийн ах болох Э.Бтэй байж байтал нутгийн ах Ж.Н өөрийн эзэмшлийн улаан өнгийн кросс мотоциклтэй ирээд бид гурав хамтдаа хулгай хийх гэж явсан гэж худал мэдүүлэг өгсөн байдаг. Тухайн үед тэр хоёртой таарах үед буюу 2023 оны 08 сарын 20-нд би улаан өнгийн мустанг-5 маркийн мотоциклтой байсан. Э.Б, Х.О  нар энэ хийсэн хэргийнхээ хохирол төлбөрийг надаар төлүүлэх зорилгоор хэрэг хамаар татсан. 2025 оны 11 сарын 13-ны өдөр анхан шатны шүүх хурлаар орохдоо хохирол төлбөрийг барагдуулчихвал шоронд явахгүй юм байна гэж бодоод хохирогч болох М.Цт 4.333.344 төгрөгийн хохирол төлж барагдуулсан. Энэ хэргийн нийт хохирол болох 13.000.000 болсон байдаг. Эхлээд Э.Бд өгсөн 1.900.000 төгрөгтэй нийлээд миний бие Ж.Н нь хулгай хийгээгүй мөртөө 6.233.334 төгрөгийг төлж барагдуулсан байдаг. Би шүүх хуралд орохдоо маш их айж сандран өөрийгөө хамгаалж үг хэлж чадаагүй. Би бага байхаасаа сургуульд суугаагүй бичиг үсэг мэдэхгүй 2006 онд авто аваарт орж толгой хүзүүний хүнд гэмтэлтэй болж эмчийн хяналтад байдаг. Би бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй мөртөө хоёр жил дөрвөн сарын хорих ялаар шийтгүүлсэндээ гомдолтой байна. Иймд эрхэм шүүгч прокурор надад оногдуулсан 2 жил 4 сарын ялыг хүчингүй болгож үнэн зөвөөр нь Э.Б, Х.О нараас асууж шийдвэрлэж өгнө үү ... гэжээ.

           

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ  ... Гомдолд би тухайн хэргийг үйлдээгүй, мэдээгүй. Э.Б, Х.О нар хулгай хийсэн. Би харсан, мөнгийг нь хамт ашиглаж хэрэглэсэн. Гэхдээ би хулгайн гэмт хэрэг үйлдээгүй гэсэн утга агуулга бүхий гомдлыг гаргасан байдаг. Хэрэгт авагдсан нотлох баримт буюу Э.Б, Х.О нар нь сэжигтнээр тогтоогдож 2025.05.02-ны өдөр мэдүүлэг өгөхдөө Э.Б, Х.О, Ж.Н нар нь бүлэглэж үйлдсэн гэдэг, мөн Ж.Н нь өөрөө 2025.05.04-ний өдөр, сая шүүхийн хэлэлцүүлгийн үед уншиж танилцуулсан сэжигтний мэдүүлэгтээ би гэмт хэрэг үйлдсэн,  харсан, харсныхаа дагуу хамт туулцаж ирсэн. Туулцсанаас хойш 4-5 хоногийн дараа надад 1.900.000 төгрөг өгсөн гэдгийг өөрөө сэжигтний мэдүүлэгтээ ойлгомжтой тодорхой мэдүүлсэн байдаг. Мөн авсан мөнгөө хэрэглэсэн,  1.900.000 төгрөг авсан, тухайн үед улаан өнгийн мотоцикл ашигласнаа мэдүүлсэн байдаг. Улаан өнгийн мотоцикл эвдэрсэн учраас одоо тэр мотоцикл хог дээр  байгаа гэдгийг ойлгомжтой, тодорхой байдлаар сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ хэлсэн байдаг. Дээрх нотлох баримтуудаас авч үзэхээр шүүгдэгч нарын яллагдагчаар болон сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ болсон үйл явдлыг ойлгомжтой тодорхой ярьсан байгаа нь харагддаг. Ийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал тогтоогдсон байна гэж үзэж байна. Мөн хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдал хангалттай тогтоогдсон нөхцөл байдал үүсээд шүүгдэгч нар хохирлын мөнгийг төлсөн байдаг. Ц.Бат-Эрдэнэ өмгөөлөгч прокурорын шатанд Ж.Н болон Х.О нарын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхтэй холбогдуулаад хүсэлт гаргасан байдаг. Тэр хүсэлт дээрээ Ж.Н нь гэмт хэрэг үйлдсэн тухайгаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа тийм учраас миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргаагүй асуудал зэргийг дурдсан байдаг боловч яагаад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлээгүй вэ гэхээр 1-т Э.Бөөс хүсэлт гарч ирээгүй. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч тухайн цаг хугацаанд зэрэгцээд хүсэлт өгсөн байдаг. Хохирлоо бүрэн барагдуулаагүй, төлөөгүй гэдэг хүсэлтийг гаргасан байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь өөрөө 2-8 жилийн хорих ялтай байдаг. Тус гэмт хэрэгт хохирлыг бүрэн гүйцэт төлсөн тохиолдолд тэрийг хэрэглэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой юм байна гэж харсан учраас мөрдөн шалгах ажиллагааны явц болон прокурорын шатанд хүсэлтийг хүлээж авахаас татгалзаж шийдсэн байгаа. Ийм учраас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон бусад нотлох баримтуудын хүрээнд авч үзэхэд, Х.О, Ж.Н, Э.Б нар нь бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай тогтоогдож байна гэж үзэж байна. Ийм учраас анхан шатны шүүхийн 2025.11.13-ны өдрийн 300 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна ... гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа ...  Э.Б сая Ж.Нгийн яриад байгаа үнэн байна гэж хэлж байна. Тэгэхээр Ж.Н нь хулгайн гэмт хэрэгт оролцоогүй байна гэж үзэх боломжтой болж байна гэж харж байна. Ер нь бол хулгайн гэмт хэрэг үйлдэгдээд төгссөний дараа уулзаад байгаа. Хулгай хийгээд байна уу, үгүй юу гэдэг нь эндээс эхэлж харагдана. Суурь гэмт хэргийг хэн үйлдээд байна. Тэрнээс олсон орлогыг хэн ашиглаад байна гэж харагдана. Тийм учраас хулгайн гэмт хэргийг үйлдээгүй, мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн. Тэр нь бол шунахайн сэдэлтэй санаатай үйлдэл мөн байна. Гэмт хэрэг үйлдсэн үү үйлдсэн. Гэхдээ хулгайн гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэсэн зүйлчлэлийг өөрчилж, мөнгө угаах гэмт хэрэг буюу хуулийн 18.6 дахь хэсгээр зүйлчлэн ял шийтгэлийг хөнгөрүүлж оногдуулж өгнө үү гэсэн саналыг оруулж байна ... гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа ... Эрүүгийн хуульд зааснаар хэргийн бодит байдлын талаар шүүхийн шатанд талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно. Миний үйлчлүүлэгч Ж.Нгийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хүсэлт, гомдол гаргаж явж байсан. Хэдий тэгж гаргаж явж байсан боловч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх байр сууринаас прокурорт хүсэлт гаргасан. Хүсэлтийг прокурорын шатнаас татгалзсан, татгалзсан үндэслэл сая тодорхой дурдагдлаа. Миний үйлчлүүлэгчийн хувьд холбогдсон хэргийн зүйлчлэлийн асуудал дээр, холбогдоод байгаа гэм буруу, үйл явдал дээр маргахгүй байгаа. Харин энэ хүний гаргасан гэм буруутай үйлдэлд нь, гэм буруутайд тооцоод байгаа зүйлчлэл дээр маргаад байгаа. Тийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг заасан энэ нөхцөл байдал Ж.Нгийн үйлдэл холбогдол тогтоогдоод байгаа учраас шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж, тухайн шийтгэх тогтоолд зүйлчлэлийг хөнгөрүүлж, өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн саналтай байна ... гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-эрдэнэ давж заалдах шатны шүүх хуралд гаргасан саналдаа ... Би сая өөрийн үйлчлүүлэгч Х.Оын гэмт хэрэгт хандаж байгаа хандлага, гэмшиж байгаа байдлыг тодорхой ярьсан. Ийм учраас А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд боломж байдал зохих өөрчлөлт оруулж, 2 жил 4 сарын  хорих ялыг хөнгөлж өгнө үү гэсэн хүсэлтийг оруулж байна. Яагаад энэ асуудлыг тавьж байна гэхээр Эрүүгийн хуульд заасан гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, өөрийн үйлдлийн хор уршиг, үр дагаврыг ухамсарлан, гэмт этгээдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлж буй хүсэл зоригийн илэрхийлэл гэж Улсын дээд шүүхээс тайлбарлаж, тогтоож шийдвэрлэсэн байна. Энэ нөхцөл байдлыг харгалзаж үзээд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх эрх хэмжээ шүүхэд байгаа учраас аль болох ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн хүсэлттэй байна ... гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Алтанчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа ... Э.Бд оногдуулсан эрүүгийн хариуцлага 2 жил 4 сарын хорих ял байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар хөнгөлж өгнө үү гэсэн хүсэлтийг оруулж байна. Э.Б нь хулгайн гэмт хэргийг анх удаа үйлдсэн байдаг. Э.Б нь бага насны 3 хүүхэдтэй, бусдад төлөх төлбөргүй байгаа зэргийг харгалзаж эрүүгийн хариуцлагыг хөнгөлж өгнө үү ... гэв.

 

Шүүгдэгч Ж.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Х.О эд нар үнэнээр нь хэлээсэй гэж бодож байна. Би яваагүй байдаг юм ... гэв.

 

Шүүгдэгч Э.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Н яваагүй. Хэлсэн нь үнэн ... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

 

Хэргийн үйл баримтыг тогтоосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Э.Б, Х.О, Ж.Н нар нь бүлэглэж 2023 оны 08 дугаар сарын 20-ны үед А аймгийн И сумын Х багийн нутаг дэвсгэрээс хохирогч М.Цийн олон тооны мал болох 10 тооны сарлагийн үхрийг, үйлдлээ хөнгөвчлөн түргэтгэх зорилгоор морийг уналга, Ж.Н нь өөрийн эзэмшил, өмчлөлийн улаан өнгийн мотоциклийг машин механизм зориулалтаар ашиглан, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар тууж мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь Хохирогч М.Цийн ... Манайх 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр А аймгийн И сумын Х баг Хануйн гол гэх газраас өөрийн өмчлөлийн 10 тооны сарлагийн үхрээ хулгайд алдсан. Тэгж байтал 2023 оны 12 дугаар сарын сүүлээр манай нутгийн залуу болох Эын Бийн эхнэр У гэх эмэгтэй над руу залгаад танайх 2023 оны 08 дугаар сарын 20-ны үед шар ээмэгтэй, ягаан будагтай 10 тооны сарлагийн үхрээ хулгайд алдсан уу манай нөхөр Б, нутгийн залуу болох О нар танай алдсан гэх 10 тооны сарлагийн үхрийг хулгайлаад борлуулсан гэж хэлсэн. Манай алдсан 10 тооны сарлагийн үхрийг хулгайлчхаад хохирлоо дутуу хагас төлсөн ... гэсэн мэдүүлэг, гэрч С.Уийн ... манай нөхөр Б, өөрийн хүргэн дүү болох О руу утсаар холбогдоод энэ айл чинь нүүх гээд байна шүү гэж ярьж байгаад намайг гэрт орж ирэхэд утсаа салгасан. Тэгэхээр нь би нөхөртөө хандан чи битгий айлаас хулгай хийчихээрээ гэж хэлсэн. Тэгтэл нөхөр за за гэж байсан. Тэгээд нэлээн удаан хугацааны дараа манай нөхөр Б нэлээн хэмжээний мөнгөний талаар хүргэн Отой ярилцаж эхэлсэн. Энэ үед манай ойролцоо 2-3 км зайд нутагладаг Ц гэх айл 10 тооны сарлагийн үхрээ алдсан байсан. Тэгээд би нөхрийгөө гэнэт мөнгөтэй болсон гэж мэдээд чи Ц гуайн алдсан 10 тооны сарлагийн үхрийг хулгайлсан юм уу гэж асуутал тиймээ гэж хэлсэн.Би яг хэдэн төгрөгийн хохирол барагдуулсныг нь нарийн мэдэхгүй байна. Гэр бүлдээ нэг ч төгрөг зарцуулаагүй ... гэсэн мэдүүлэг, гэрч Д_Мын ... Би нэг айлаас 10 үхэр хулгай хийгээд авчихсан юм аа, одоо нөгөө айл нь надаас мөнгөө нэхээд байна. 3.000.000 төгрөг хэрэг болоод байхаар нь асууж байна гэсэн. Би ийм зүйл тайлбарлахаар нь аргагүй болоод гуйж байгаа юм байна гэж бодоод дахиад 1.500.000 төгрөг өмнө нь мөнгө явуулсан данс руу нь шилжүүлж өгсөн. Ингээд нийтдээ надаас 3.000.000 төгрөг зээлж авсан. Үүний дараа Б манай малыг харж өгөөд 3.000.000 төгрөгийг нь цалинд нь бодоод дууссан юм. Тухайн үед буюу 2024 оны хавар манай нутгийн Н улаан өнгийн уралдааны кросс шиг загвартай, спорт мотоцикл шиг нэг улаан мотоциклтой байсан. Н тэр улаан кросс мотоциклоо мал ахуйдаа унадаг байсныг бол би санаж байна ... гэсэн мэдүүлэг, шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 34 дугаартай, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 48 дугаартай дүгнэлтүүд, Э.Бийн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг  хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.

 

Шүүгдэгч Ж.Нгийн бүлэглэн, бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтуудаар  тогтоогдсон, мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан, харин шүүгдэгч Э.Б, Х.О нарын … машин механизм ашигласан … гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, морийг уналга болгон ашигласан энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд тэдгээрт холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэсэн нь зөв байна.

 

  Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулан шүүгдэгч Э.Б, Х.О нарын  “бүлэглэж, бусдын олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн үйлдэлд, шүүгдэгч Ж.Нгийн “бүлэглэж, бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн үйлдэлд тус тус үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, хэргийг зөв зүйлчилсэн байна.

 

  Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн.

 

 Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Э.Бийг 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Х.Оыг 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Ж.Нг 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын хувьд тэдгээрийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тус тус тохирсон байна.

          

   Мөн морины үнэ болох 900.000 төгрөгийг шүүгдэгч Э.Б, Х.О нараас, “Taco choss” маркийн мотоциклийн үнэ 2.200.000 төгрөгийг шүүгдэгч Ж.Нгээс тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасантай нийцсэн.

 

              Шүүгдэгч Ж.Н … Би бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй мөртөө хоёр жил дөрвөн сарын хорих ялаар шийтгүүлсэндээ гомдолтой байна. Иймд надад оногдуулсан 2 жил 4 сарын ялыг хүчингүй болгож үнэн зөвөөр нь Э.Б, Х.О нараас асууж шийдвэрлэж өгнө үү ... гэсэн агуулга бүхий гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргажээ.

 

 Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч нар үйлдлээрээ нэгдэж уг гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон, анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, тэдгээрт тус бүрт нь эрүүгийн хариуцлагыг ялгамжтай оногдуулсан нь үндэслэлтэй тул шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй, шүүгдэгч нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж, тэдгээрт оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлгүй.      

 

  Иймд А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/300 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Нгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.            

       

   Шүүгдэгч нар нь хэрэг давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэх хугацаанд 63 хоног цагдан хоригдсон болох нь тогтоогдсон, уг цагдан хоригдсон хоногийг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

  

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1  дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/300 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.-Нгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын цагдан хоригдсон 63 хоногийг тэдгээрийн ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцсугай

 

3.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор  шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      В.Ц

 

                            ШҮҮГЧИД                                      Ч.ЭНХТӨР

 

                                                                                    Д.БАЙГАЛМАА