| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2024/05904/И |
| Дугаар | 192/ШШ2026/01794 |
| Огноо | 2026-02-10 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 192/ШШ2026/01794
| 2026 оны 02 сарын 10 өдөр | Дугаар 192/ШШ2026/01794 | Улаанбаатар хот |
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Энхзаяа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ***********нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******************* холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 78,759,105 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *************
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ************
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***************,
Шүүх хуралдааны нарын бичгийг дарга С.Болормаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:
************" ХХК нь “Т************ ХХК-тай 2023 оны 10-р сарын 31-ний өдөр "Бараа материал /Барилгын хэв хашмал/" түрээслэх гэрээг байгуулсан. Гэрээний дагуу "*********” ХХК нь барилгын хэв хашмалыг****** аймаг, **********р сум, Үйлдвэр технологийн паркийн төмөр зам хаягт байрлах Вагоны нам тавцан хийхэд зориулан "************” ХХК-д түрээслүүлэхээр, "******" ХХК нь түрээсэлсэн барилгын хэв хашмалыг гэрээгээр тохиролцсон хугацаа дуусахад бүрэн бүтэн хүлээлгэн өгөх, гэрээгээр тохирсон төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон.
Гэрээний 2.1-д заасны дагуу Түрээсийн хугацаа нь 2023 оны 10 сарын 31-ээс эхлэн 2023 оны 11 сарын 06 хүртэл 7 хоног байхаар талууд тохиролцсон боловч хариуцагч "*************” ХХК нь 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр түрээсэлсэн барилгын хэв хашмал, сапудыг буцааж өгсөн. Ийнхүү буцааж өгөхдөө 1 ширхэг хэв хашмалыг дутуу хүлээлгэж өгсөн.
Нэхэмжлэгч ***********” ХХК нь хариуцагчаас гэрээнд заасан үүргээ удаа дараа биелүүлэхийг шаардаж байсан. Хариуцагч нь удаа дараа тооцоо нийлсэн актыг хүлээн зөвшөөрч төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлж байсан бөгөөд оронд бартераар цемент өгнө гэж хэлсэн боловч одоог хүртэл аливаа байдлаар төлөөгүй байна.
Хариуцагч нь манай компанид хандан түрээсийн төлбөрийг өвлийн саруудад чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлт тавьж байсан боловч тус хүсэлтийг манай компани хүлээж аваагүй, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүй.
Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гэрээний үүрэгт нийт 78,759,105 төгрөгийг нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 3,000,000 төгрөгөөр багасгаж, 75,759,105 төгрөг нэхэмжилсэн.
Иймд гэрээний зүйл болох 100 ширхэг сапуд, /1 сапудыг хоногт 220 төгрөг/ 434 ширхэг хэв хашмал /1 ширхэг хэв хашмалыг хоногт 550 төгрөг/-ийн түрээсийн төлбөр нийт 63,889,540 төгрөг, алданги 11,819,565, дутуу өгсөн 1 ширхэг хэв хашмалын үнэ 50,000,000 нийт 75,759,105 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************ нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Хариуцагч нь Эрдэнэтэд барилга барихдаа нэхэмжлэгчтэй түрээсийн гэрээ байгуулж, хэв хашмал болон сапудыг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр түрээсээр авч ашиглаж байгаад хэв хашмалыг 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр, сапудыг 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр тус тус хүлээлгэж өгсөн байдаг. Тухайн үед нэхэмжлэгчтэй өвлийн улирлын түрээсийн төлбөрийг тэглэхээр тохирсон гэж тухайн ажлыг хариуцаж байсан *********** хэлдэг тул 2023 оны 11 сар, 2024 оны 4-9 сарын түрээсийн төлбөрт 28,644,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрнө. Өөрөөр хэлбэл 2023 оны 12 сараас 2024 оны 04 дүгээр сар хүртэл хугацааны төлбөр төлөх ёсгүй. Мөн 1 ширхэг сапуд дутуу хүлээлгэж өгснөө хүлээн зөвшөөрнө. Харин түрээсийн гэрээг хариуцагчийг төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан тул алдангийн талаар талууд бичгээр тохиролцоогүй гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч нь алданги шаардах эрхгүй гэв.
4. Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4/, хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар /хх-5/, итгэмжлэл /хх-6-9/, түрээсийн гэрээний тооцооны /хх-10/, бараа материал түрээслэх гэрээ, хавсралт /хх-11-12/, "Т**********” ХХК-ийн Төлөөлөгч Ерөнхий инженер ********ын иргэний үнэмлэх хуулбар /хх-13/, түрээсийн гэрээний дагуу 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн нэхэмжлэх №1 /хх-14/, түрээсийн гэрээний дагуу тооцоо нийлж гарын үсэг зурж баталгаажуулсэн акт, нэхэмжлэх 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №2 /хх-15-16/, түрээсийн гэрээний дагуу тооцоо нийлж гарын үсэг зурж баталгаажуулсэн акт, нэхэмжлэх 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн №3 /хх-17-18/, түрээслүүлэгч "***********г” ХХК-иас 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн №24/85 дугаартай төлбөрөө төлөх тухай албан бичиг, тооцооны акт /хх-19-20/, түрээслүүлэгч "**********” ХХК-иас 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн №24/98 дугаартай шүүхэд нэхэмжлэх гаргах болсон тухай мэдэгдэл, тооцооны акт /хх-21-22/, "********" ХХК-ийн Opendata-ы авсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл /хх-23-24/ зэрэг нотлох баримтуудыг хэрэгт өгсөн байна.
5. Хариуцагч талаас итгэмжлэл хэрэгт өгсөн байна.
6. Хэргийн оролцогчийн хүсэлтийн дагуу шүүхийн журмаар үзлэг хийж, гэрч асуусан тэмдэглэл зэргийг үйлдсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “********г” ХХК нь хариуцагч “***************” ХХК-д холбогдуулан 78,759,105 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед нэхэмжлэлийн шаардлагаа 3,000,000 төгрөгөөр багасгаж, хариуцагчаас 75,759,105 төгрөгийг нэхэмжилж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
1.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...хариуцагч нь 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгчтэй түрээсийн гэрээ байгуулж, 434 ширхэг хэв хашмал, 100 ширхэг сапуд түрээслэсэн бөгөөд тус түрээсийн төлбөр болох 63,889,540 төгрөгийг төлөөгүйгээс гадна 1 ширхэг хэв хашмалыг хүлээлгэн өгөөгүй тул хариуцагчаас түрээсийн төлбөрт 63,889,540 төгрөг, алданги 11,819,565 төгрөг, 1 ширхэг хэв хашмалын үнэ 50,000 төгрөг, нийт 75,759,105 төгрөгийг нэхэмжилсэн гэж тайлбарласан.
2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, маргаж байх бөгөөд үндэслэлээ ...хариуцагч нь нэхэмжлэгчтэй гэрээ байгуулж, 100 ширхэг сапуд, 434 ширхэг хэв хашмалыг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн түрээсэлж байгаад хэв хашмалыг 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр, сапудыг 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр тус тус хүлээлгэж өгсөн байдаг. Талууд түрээсийн төлбөрийг өвлийн саруудад чөлөөлөхөөр харилцан тохиролцсон тул 2023 оны 11 сар, 2024 оны 4-9 сарын түрээсийн төлбөрт 28,644,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрнө. Мөн 1 ширхэг сапуд дутуу хүлээлгэж өгснөө хүлээн зөвшөөрнө. Харин түрээсийн гэрээг хариуцагчийг төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан тул нэхэмжлэгч нь алданги шаардах эрхгүй гэх агуулгаар тайлбарлаж мэтгэлцсэн.
3. Хэрэгт авагдсан бичгийн баримтууд, гэрчүүдийн гэрчээр асуугдсан тэмдэглэл болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1 Талууд 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Бараа материал түрээслэх гэрээ байгуулж, хариуцагч нь нэхэмжлэгчээс 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл 7 хоногийн хугацаатайгаар 434 ширхэг хэв хашмал, 100 ширхэг сапудыг түрээслэхээр харилцан тохиролцсон байх бөгөөд хариуцагч нь 1 ширхэг хав хашмалыг хоногийн 550 төгрөг, 1 ширхэг сапудыг хоногийн 220 төгрөгөөр тооцож, түрээсийн төлбөр төлөхөөр тохиролцсон байна.
3.2 Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч нь 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хариуцагч талд 434 ширхэг хэв хашмал, 100 ширхэг сапудыг хүлээлгэн өгсөн байх ба хариуцагч нь гэрээний барьцаанд 2,544,860 төгрөгийг төлсөн байна.
3.3 Хариуцагч нь нэхэмжлэгчид түрээсийн зүйлийг буцаан өгөхдөө 1 ширхэг хэв хашмалыг дутагдуулсан байна.
4.Талууд дээрх үйл баримтын талаар маргаагүй, харин хэв хашмалыг буцаан хүлээлгэн өгсөн хугацааны талаар болон өвлийн саруудад түрээсээс чөлөөлсөн эсэх талаар маргаантай байна.
Тухайлбал: Талууд гэрээний зүйл болох хэв хашмалыг буцаан хүлээлгэн өгсөн хугацааны талаар маргаагүй харин нэхэмжлэгч нь сапудыг 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авсан гэж тайлбарласан бол хариуцагч нь сапудыг 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээлгэн өгсөн гэж тайлбарлан маргаж байхаас гадна түрээсийн зүйлийг өвлийн сарууд болох 2023 оны 12 сар, 2024 оны 01, 02, 03 дугаар саруудад түрээсээс чөлөөлөх талаар тохиролцсон эсэх талаар маргаж байна.
5. Нэхэмжлэгч нь хариуцагчаас дутуу хүлээлгэж өгсөн гэх 1 ширхэг хэв хашмалын үнэд 50,000 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч хүлээн зөвшөөрч маргаагүй.
Мөн хариуцагч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээнд хариуцагч талыг төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан гэж тайлбарлаж байх боловч хариуцагч байгууллагын Эрдэнэт баригдаж байгаа барилгыг ********* хариуцан ажиллаж байсан бөгөөд ******* нь нэхэмжлэгчээс маргааны зүйл болох хэв хашмал, сапудыг түрээслэн авч, компанийн үйл ажиллагаанд ашигласан болохыг хүлээн зөвшөөрч маргаагүй.
6. Дээрх үйл баримтаас дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Иргэний хуулийн 318.1 дэх хэсэгт түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.
Иймд нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.
Нэхэмжлэгч түрээсийн зүйл болох хэв хашмалыг хариуцагч талд 2023 оны 10 сарын 31-ний өдөр хүлээн өгч, 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авсан үйл баримтын талаар талууд маргаагүй.
Харин нэхэмжлэгч гэрээний зүйл болох сапудыг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хариуцагчид хүлээлгэн өгч, 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авсан гэж тайлбарласныг хариуцагч тал эс зөвшөөрч, сапудыг нэхэмжлэгч талд 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээлгэн өгсөн гэж маргасан бөгөөд энэхүү үндэслэлээ нотлохоор гэрч ******, ********** нарыг гэрчээр асуулгасан боловч гэрчийн мэдүүлэг нь бусад нотлох баримтаар нотлогдохгүй байна.
Иймд гэрч нарын мэдүүлгийг үндэслэн хариуцагчийг түрээсийн зүйл болох сапудыг 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээлгэн өгсөн гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрсөн хугацаагаар буюу 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хариуцагчийг түрээсийн зүйл болох сапудыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн гэж үзэв.
Хариуцагч нь нэхэмжлэгчтэй амаар харилцан тохиролцож, түрээсийн төлбөрийг өвлийн саруудад чөлөөлөхөөр харилцан тохиролцсон гэж тайлбарлан, энэхүү тайлбараа нотлохоор гэрчээр Ч.Сандаг-Очирыг асуулгасан.
Гэрч ********* мэдүүлэхдээ ...нэхэмжлэгч компанийг төлөөлж, бидэнтэй уулзсан нь хүмүүс түрээсийн гэрээний төлбөрийг өвлийн саруудад чөлөөлөх талаар бусдадаа танилцуулаад хариу өгье гэсэн боловч хариу өгөөгүй гэх агуулга бүхий мэдүүлэг өгснөөс гадна нэхэмжлэгчээс хариуцагчид хүргүүлж байсан Шаардлага хүргүүлэх тухай албан бичгүүд болон нэхэмжлэхүүдэд түрээсийн зүйлийн төлбөрийг өвлийн саруудад түрээсээс чөлөөлөөгүй үнийн дүнгээр тооцон шаардсаныг хариуцагч тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан байна.
Дээрх үйл баримтаас дүгнэвэл талууд түрээсийн зүйлийг өвлийн саруудад түрээсээс чөлөөлөхөөр харилцан тохиролцон гэх үйл баримт тогтоогдоогүй, хариуцагчийн татгалзлыг үндэслэлгүй гэж үзэхээр байна.
8.Иймд хариуцагч нь түрээсийн гэрээний үүрэгт 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 09-ний түрээсийн төлбөрт нийт 63,889,540 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж үзлээ.
9.Харин талуудын хооронд 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан гэх Бараа материал түрээслэх тухай гэрээнд хариуцагч талыг төлөөлөх эрхтэй этгээд гарын үсэг зураагүй байх тул уг гэрээг үндэслэн нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардаж байгаа нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан анзын гэрээг бичгээр хийнэ гэсэнтэй нийцээгүй байна.
Иймд нэхэмжлэгчид хариуцагчаас алданга шаардах эрх үүсээгүй гэж үзэв.
10.Дээрх үндэслэлээр хариуцагчаас түрээсийн төлбөрт 63,889,540 төгрөг, дутуу хүлээлгэн өгсөн хэв хашмалын төлбөрт 50,000 төгрөг, нийт 63,939,540 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,819,565 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйл 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч **********” ХХК-аас 63,939,540 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “********” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,819,565 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 551,746 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “********” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 477,650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “**********” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах шатны журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА