| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Энхзаяа |
| Хэргийн индекс | 192/2025/12786/И |
| Дугаар | 192/шш2026/02061 |
| Огноо | 2026-02-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, Санхүүгийн түрээс /лизинг/, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 192/шш2026/02061
| 2026 оны 02 сарын 24 өдөр | Дугаар 192/ШШ2026/02061 | Улаанбаатар хот |
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Энхзаяа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ********** /РД*************/,
Хариуцагч: ************* /*****/ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 36,226,498 төгрөг 41 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****,
Хариуцагчийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *************,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Болормаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “********” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн ****** овогтой******* (РД: ******) болон ****** овогтой *** (РД: ******) нар нь 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр “******" ХХК-тай 2412-0090 дугаартай “Санхүүгийн түрээсийн гэрээ”-г байгуулж, ************ У** улсын дугаартай Chery-Jetour маркын автомашиныг түрээслэсэн. Түрээслэгч нар нь 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр “Худалдах, худалдан авах гэрээ”-ээр 65,000,000 төгрөгөөр дээр дурдсан автомашиныг худалдан авсан бөгөөд үнийн дүнгээс 6,500,000 төгрөгийг худалдагч талд өөрсдөө хариуцан төлж, үлдэх 58,500,000 төгрөгийн төлбөрийг манай байгууллагаар төлүүлж, улмаар тухайн тээврийн хэрэгслээ түрээслэн авч, сар бүр үндсэн үнийн дүнгийн үлдэгдэл тутамд 2,9 хувийн хүү төлөх нөхцөлтэйгөөр, түрээсийн төлбөрийг 2029 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн дотор төлж дуусгах график гарган төлөхөөр талууд тохиролцсон. Түрээсийн төлбөр бүрэн төлөгдөж дуусах хүртэл хугацаанд тээврийн хэрэгсэл нь Түрээслүүлэгчийн нэр дээр бүртгэлтэй байхаар гэрээний 2.5 дахь хэсэгт заасан бөгөөд Түрээслэгч тал нь өөрсдөө тухайн автомашиныг ашиглаж, эзэмших эрхтэй байхаар тохиролцож энэ талаар гэрээнд тодорхой тусгасан. Түрээслэгч нар нь нэхэмжлэх гаргах өдрийн байдлаар үндсэн төлбөрт 24,364,903.59 төгрөг, хүүгийн төлбөрт 16,477,746.41 төгрөг, хуваарьт төлбөрийг хоцроосны алдангийн төлбөрт 27,350 төгрөг буюу нийт 40,870,000 төгрөгийг төлсөн.
Түрээслэгч талаас 2412-0090 дугаартай “Санхүүгийн түрээсийн гэрээ"-д заасны дагуу төлбөрөө төлж чадахгүй болсон тул шүүхэд шилжүүлэн асуудлаа шийдвэрлүүлэхийг хүссэн тул дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:
Хариуцагч ******овогтой ******** /РД:**********/ болон ******* овогтой ***** /РД: *****/ нараас 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр "*******" ХХК-тай байгуулсан 2412-0090 дугаартай "Санхүүгийн түрээсийн гэрээ" дагуу үндсэн төлбөрийн үлдэгдэл 34,135,096.41 төгрөг, гэрээний 1.8 дахь хэсэгт заасныг үндэслэн хүүгийн төлбөрт 2,091,402 төгрөг буюу нийт 36,226,498.41 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******н нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Хариуцагч нар нь ********** ХХК-аас ****** У******** улсын дугаартай "Chery Jetour" маркийн тээврийн хэрэгслийг худалдан авч, автомашины үнийг тус компанийн санал болгосны дагуу “*******" ХХК-аас зээл авч төлсөн. Ийнхүү нэхэмжлэгч компанитай Иргэний хуулийн 451, 452 дугаар зүйлд заасны дагуу зээлийн гэрээ байгуулж, тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор фидуцийн гэрээ байгуулж, автомашинаа нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж өгсөн.
Хариуцагч нар нь тухайн автомашиныг худалдан авахдаа Сайн интернешнл ХХК-д урьдчилгаанд 6,500,000 төгрөгийг төлж, нэхэмжлэгч талаас 58,500,000 төгрөгийг зээлсэн бөгөөд бид зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэгч талд нийт 40,870,000 төгрөгийг төлсөн.
Гэтэл нэхэмжлэгч тал нь барьцаа хөрөнгө болох автомашиныг 2025 оны 08 дугаар сарын дундуур хураан авсан бөгөөд машиныг ба 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр худалдан борлуулсан байдаг.
Иймд хариуцагч нарын зээлийн үүрэг барьцаа хөрөнгийг хураан авснаар хангагдсан гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
3. Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, зээлдэгч ****** овогтой ***** (РД: УХ02302913) болон ******* овогтой ***** (РД: УХ04320718) нарын 2024 оны 12-р сарын 06-ны өдөр “*********" ХХК-тай байгуулсан ******-****** дугаартай "********- ний нотариатаар батлуулсан хуулбар /хх-4-8/, 2024 оны 12-р сарын 06-ны өдөр “Худалдах, худалдан авах гэрээ”-ний хуулбар /хх-9/, 38-62 УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-10/, зээлдэгч нарын Хур системээс авсан иргэний үнэмлэхний лавлагаа /хх-13/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-14/, компаний гэрчилгээний хуулбар /хх-17/, итгэмжлэл /хх-18/ зэрэг нотлох баримтуудыг хэрэгт өгсөн байна.
4. Хариуцагч талаас итгэмжлэл /хх-26/, хариу тайлбар /хх-27/ зэрэг нотлох баримтуудыг хэрэгт өгсөн байна.
5. Шүүх зохигчийн хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 192/ШЗ2026/06164 дугаар захирамжийн дагуу нэхэмжлэгч талаас ирүүлсэн баримтууд /хх-36-47/ зэрэг нотлох баримтуудыг цуглуулсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч "*******" ХХК нь хариуцагч ************** нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 36,226,498 төгрөг 41 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч нар нь ******* ХХК-аас ****** У* улсын дугаартай Chery-Jetour маркын автомашиныг худалдан авсан. Тус автомашины үнэд төлөх 58,500,000 төгрөгийг манай байгууллагатай 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 2412-0090 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээг байгуулж, төлүүлсэн. Хариуцагч нар нь тухайн гэрээний үүрэг зөрчиж, санхүүгийн түрээсийн төлбөрөө төлөхгүй байгаа тул талуудын хооронд байгуулагдсан гэрээг 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс цуцалсан. Иймд гэрээний үлдэгдэл төлбөрт 36,226,498 төгрөг 41 мөнгийг төлөх үүрэгтэй гэх агуулгаар тайлбарласан.
3. Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргаж байх бөгөөд үндэслэлээ ...нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ болон фидуцийн гэрээ байгуулж, 58,500,000 төгрөгийн зээл авч, ******* ХХК-аас худалдан авсан Chery-Jetour маркын автомашиныг үнийг төлж, авто машиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч нь биднээс авто машиныг хураан авч, худалдан борлуулсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэх агуулгаар тайлбарлаж, мэтгэлцсэн.
3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1 Хариуцагч нар нь 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ******** ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Chery-Jetour маркын автомашиныг 65,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, урьдчилгаа төлбөрт 6,500,000 төгрөгийг төлжээ.
3.2 Улмаар хариуцагч нар нь дээрх автомашины үлдэгдэл төлбөр болох 58,500,000 төгрөгийг төлөх зорилгоор 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгч "********" ХХК-тай Санхүүгийн түрээсийн гэрээ гэх гэрээг байгуулж, 58,500,000 төгрөгийг сарын 2,9 хувь, жилийн 34,8 хувиар тооцон хүү төлөх нөхцөлтэйгээр зээлэхээр харилцан тохиролцсон, зээлдүүлэгч нь зээлийн гэрээний төлбөр болох 58,500,000 төгрөгийг ************ ХХК-руу хариуцагч нарын авсан гэх машины үнэд төлсөн байна.
3.3 Хариуцагч нар нь ******* ХХК-аас худалдан авсан Chery-Jetour маркын автомашинд ***** У***** улсын дугаар авч, нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгүүлсэн байна.
3.4 Хариуцагч нар нь нэхэмжлэгчтэй байгуулсан дээрх гэрээний үүрэгт нийт 40,870,000 төгрөгийг төлсөн бөгөөд хариуцагч нарын эзэмшилд байсан ****** У***улсын дугаартай Chery-Jetour маркын автомашиныг нэхэмжлэгч нь 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хураан авч, бусдад худалдан борлуулжээ.
4. Зохигч дээрх үйл баримтын талаар маргаагүй, харин талуудын хооронд байгуулагдсан гэрээний төрлийн талаар, болон нэхэмжлэгч нь хариуцагчаас 36,226,498 төгрөг 41 мөнгийг шаардах эрхтэй эсэх талаар маргаж байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь талуудын хооронд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт заасан Санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд хариуцагч тус гэрээний үүрэг зөрчсөн тул 2025 оны 12 дугаар сарын 03-ний өдөр гэрээг нэхэмжлэгч талын санаачилгаар цуцалж, гэрээний үлдэгдэл төлбөрийг шаардсан гэж тайлбарлаж байгаа бол,
Хариуцагч нар нь талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа болон мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ тус тус байгуулагдсан бөгөөд нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох автомашиныг хариуцагч нараас 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хураан авснаар зээлийн гэрээний үүрэг шаардах эрхгүй гэх агуулгаар тайлбарласан.
5. Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт зааснаар Санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 312.2-т түрээслүүлэгч нь түрээслэгчийн хүсэлт, зааврын дагуу гэрээний зүйл болох эд хөрөнгийг өөрөө үйлдвэрлэх буюу гуравдагч этгээдээр үйлдвэрлүүлэх, эсхүл худалдан авах үүрэгтэй гэжээ.
Дээрх хуульд зааснаар хариуцагчийн ашиглалтад шилжүүлсэн гэх автомашиныг нэхэмжлэгч нь өөрөө үйлдвэрлэх буюу гуравдагч этгээдээр үйлдвэрлүүлэх, эсхүл худалдан авсан байх учиртай.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох автомашиныг өөрөө үйлдвэрлэсэн, гуравдагч этгээдээр үйлдвэрлүүлсэн, эсхүл худалдан авсан гэх байдал тогтоогдоогүй.
6.Харин хариуцагч нь *******ХХК-аас худалдан авсан Chery-Jetour маркын автомашины үлдэгдэл төлбөрийг "**********" ХХК-аас зээлэн авч, төлсөн бөгөөд уг зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн гэж үзэхээр байна.
7.Нэхэмжлэгч *******” ХХК нь санхүүгийн тайлан баланс бэлтгэн гаргах, түүнтэй холбоотой зөвлөгөө өгөх, санхүүгийн түрээсийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд байх бөгөөд хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.
8. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний шинж, гэрээний зүйл, талуудын эрх, үүрэг зэргээс дүгнэвэл зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байхаас гадна уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ тус тус байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний зүйл болох 58,500,000 төгрөгийг ********** ХХК-руу хариуцагч нарын тус компанитай байгуулсан худалдах худалдан авах гэрээний үүрэгт шилжүүлснийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлж, зээлдэгчийн өмчлөлд зээлийн гэрээний зүйл болох 58,500,000 төгрөгийг шилжүүлсэн гэж үзнэ.
Хариуцагч нар нь дээрх зээлийн гэрээний үүрэгт нийт 40,870,000 төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл төлбөрийг хугацаандаа төлөөгүй тул фидуцийн гэрээний зүйл болох автомашиныг 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хураан авсан байна.
9.Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар үүрэг хүлээгч үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно гэж заажээ.
Иймд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор байгуулагдсан “Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ”-ний дагуу зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн ***** У***** улсын дугаартай Chery-Jetour маркын автомашиныг 2025 оны 12 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгч нь бодитоор хураан авснаар хариуцагч нарын зээлийн гэрээнд заасан үүрэг дуусгавар болно.
10.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч “******” ХХК нь хариуцагч нартай байгуулсан зээлийн гэрээний үүргийг хариуцагч нараас шаардах эрхгүй байх тул нэхэмжлэгч “*********г” ХХК-ийн хариуцагч ******* нараас 36,226,498 төгрөг 41 мөнгө гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйл 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ********нараас зээлийн гэрээний үүрэгт 36,226,498 төгрөг 41 мөнгө гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч “********* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ********** ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 339,082 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА