Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 847

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,

Улсын яллагч О.Багшбаяр,   

Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журамаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Мт холбогдох эрүүгийн 1806036770938 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

    

 

 Үйлдсэн хэргийн талаар:

Б.М нь 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо "Амозон" бааранд С.Оюун-Эрдэнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                   /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Мт холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалхад Б.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч С.Оюун-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

   2018 оны 04 дүгээр сарын 21-ний шөнө 01 цагийн үед би Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байдаг "Амозон" нэртэй бааранд хоёр найзын хамт ороод бүжиглэж байсан чинь үл таних согтуу эмэгтэй урдуур орж ирээд хөндөлсөөд байхаар нь түлхсэн уурлаад миний нүүрийг самардаж майжсан. Маргааш нь эвлэрч хохиролд 200.000 төгрөг авсан учир гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг   /хх-ийн 8/

 

Гэрч Б.Даваасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 4 сарын 21-ны өдөр Касбаланкаа бааранд тавуулаа орсон. Тэгээд 1 шил 0,75л архи ус захиалж ууж байгаад хоёр нь яваад би, Оюун-Эрдэнэ, Бизъяа бид гурав үлдсэн. Ингээд шөнө 01 цаг өнгөрч байхад бид нар бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад С.Оюун-Эрдэнэ эгч бүжиглэх явцдаа холбогдогчийн дундуур орохоор нь түлхсэн тэгэхээр нь би манай эгч согтуу байна гэж уучлалт гуйгаад аваад явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа хохирогч хамт явсан хүмүүсдээ шивнэж юм яриад инээлдээд байхаар нь С.Оюун-Эрдэнэ эгч тэр хүмүүс инээлдэж өдөөд байна гэсэн. Би маргаад хэрэггүй гэж хэлээд тоогоогүй. Тэгээд би ширээндээ сууж байгаад нэг харсан чинь ширээний хажууд С.Оюун-Эрдэнэ эгч нөгөө хүүхэн чинь нүүр маажлаа гэж байсан. Тэгээд С.Оюун-Эрдэнэ эгч дайраад байхаар нь тэвэрч аваад ойртуулалгүй цагдаа дуудсан. Ингээд цагдаа ирсэний дараа холбогдогчийн ширээний хажууд "эгчийн нүүрийг маажиж соривтой болгосон байна гэж хэлсэн чинь босч ирээд хамран тус газар цохиж цус гаргасан. Гэхдээ миний хамранд учирсан гэмтэл байхгүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, надад  гомдол санал байхгүй. Холбогдогч  хүүхэн цагдаа нарын өөдөөс хэрэлдээд зүгээр байхгүй байсан.Тухайн үед бүжгийн талбай дээр холбогдогчийг залуутай бүжиглэж байхад С.Оюун-Эрдэнэ эгч бүжиглэх явцдаа дундуур нь орсоноос болж асуудал үүссэн гэх мэдүүлэг /хх-ийн 13/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 сарын 25-ны өдрийн 5282 дугаартай

С.Оюун-Эрдэнийн биед баруун нүдний зовхи, хамрын нуруу, зүүн хацарт зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтлүүд байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох хурмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алталтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 10/,

 

Шүүгдэгч Б.Мийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 4 сарын 21-ний өдөр 02:00 цагийн үед кино үйлдвэрийн касабланкаа бааранд орсон.Тэгээд хүн тус бүр 2 шил пиво ууж байгаад бид гурав танихгүй залуутай бүжиглэж байхад үл таних махлаг биетэй эмэгтэй уг залуутай хардаж дундуур орж ирээд өдөөд байхаар нь эхлээд юм хэлээгүй тэгтэл дахиж дундуур орж ирээд өдөөд байхаар нь яагаад байгаа юм бэ гэж асуухад битгий хуц гэж хэлээд дайраад ирэхээр нь нүүрэн тус газар нь нэг удаа самардаж маажсан. Уг залуугаас асуухад надад хамаагүй хүүхэн гэж хэлсэн.Тэгээд тэр хүүхэн цагдаа дуудаж би согтуу байсан учраас саатуулагдсан. Сонсгож байгаа зүйл хэсгийг хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх-ийн 25/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс: зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 2-3/,

Б.Мийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 19, 28, 30/,  хохирогч, шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 32-33/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй байх ба тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл  прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Б.Мийн иргэн С.Оюун-Эрдэнийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Б.М нь уг гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна. 

 

Хохирогч С.Оюун-Эрдэнэ нь нотлох баримтаар хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч нь хохиролд 200.000 төгрөг төлсөн байх тул Б.Мийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, ажил эрхлэлтийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Мийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.М нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БААСАНБАТ